Monday, February 20, 2012

“Амьдралын ном” хуудсаа нээлээ


“Хэрэгтэй зүйлсийг нь харуулахаас нааш хэрэглэгчид юу хүсэж байгаагаа мэддэггүй”. Стив Жобс.  Яг л энэ зарчмыг цахилгаан бараа үйлдвэрлэгчид ягштал баримталдаг болжээ. Үүний тод жишээ нь “Fujitsu” компанийн 2013 онд худалдаанд гаргахаар төлөвлөж буй шинэ бүтээгдэхүүн. Зөөврийн компьютер хоёр жилийн өмнөөс өнгө төрхөө хувирган таблет буюу хавтгай хэлбэрт шилжсэн бол ирэх онд дахин хэв маягаа эвдэх нь. Тэгэхдээ шинэ бүтээгдэхүүний ерөнхий хэв маяг, өнгө төрх нь хэдийнэ гарчихаад, техник технологийн ертөнцийн сонин хачныг дуулгадаг цахим хуудас, сэтгүүлүүдэд нийтлэгдэх боллоо.

Амьдрал бол ажил. Ажил бол зугаа. Зугаа бол амьдрал

Хоёр мянганы заагт хавтгай зөөврийн компьютерийн ерөнхий санааг гарган, бодит бүтээгдэхүүн болгох ажил эхэлж, түүнээс арван жилийн дараа “Apple” компани Ipad-аа анх худалдаанд гаргаж байсан бол “Fujitsu”-ийн шинэ маягийн зөөврийн компьютерийн загвар өнгөрөгч онд гарч, харин бүтээгдэхүүнээ ирэх жил борлуулахаар төлөвлөж байна.
Харин шинэ бүтээгдэхүүн юугаараа ингэтлээ хүний сонирхлыг татаад байгааг та зурагнаас нь хараад л ойлгох вий. Залуусын байнгын хэрэглээ болсон гар утас, зургийн аппарат, таблет болон зөөврийн компьютерийг нэг дор багтаасан нь уг компьютерийн гол давуу тал. Тиймээс “Fujitsu”-ийн “Амьдралын ном” буюу “Lifebook”-ийн (тус компанийн зөөврийн компьютерүүд ийм нэртэй) ирээдүйд худалдаанд гарах шинэ загварын ачаар бид “Гар утсаа халаасандаа хийсэн бил үү”, “Зургийн аппаратаа гээчихээгүй байгаа”, “Ipad-ээ цүнхэлсэн л байгаа даа” гэсэн олон бодлоор толгойгоо гашилгах хэрэггүй болох нь. Түүнчлэн гар утас, компьютерийн цэнэглэгч гэх олон тэжээлийн залгуурын ч шаардлага үгүй болно.
Гэхдээ технологийн хэрэгслийг нэгтгэх санааны анхдагч нь “Fujitsu” биш. “Asus” ухаалаг гар утсыг таблеттай нэгтгэсэн “Padfone”-оо, “Lenovo”-ийн зөөври йн компьютер таблетийг хамтатгасан “IdeaPad Yoga”, “IdeaPad S2”-оо худалдаанд гаргахаар ажиллаж буйгаа хэдийнэ мэдэгдсэн.
Харин тэднээс “Fujitsu”-ийн “Lifebook 2013” өдөр тутмын хэрэглээний үндсэн дөрвөн хэрэгслийг нэг бүтээгдэхүүнд багтааснаараа хэдэн алхмаар түрүүлж байгаа юм.
Таны таблет өндөр чанартай зураг авч чадах уу? Гар утас тань компьютер шиг олон үйлдэл хийж чадах уу? MP3 тоглуулагч тань дүрс бичлэг хийх чадвартай юу? Мэдээж үгүй шүү дээ. Харин ирэх онд худалдаанд гарах “Lifebook 2013”-д таблет, зургийн аппарат, гар утас, хөгжим тоглуулагч нэг дор хосолсноороо нэг нь нөгөөгийнхөө дутууг гүйцээж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд бараг л төгс гэж хэлж болох шинэ төхөөрөмж болж буй юм.
Бүгд нэг дор цогцолсон шинэ компьютерийн ачаар зай талбай, цэнэглэгч төдийгүй санах ойд багагүй зай эзлэх элдэв хэрэгцээгүй мэдээллээс ангижрах юм. Та хөгжим тоглуулагч дахь дуу, бичлэгүүдээ компьютертээ давхар хадгалах шаардлагагүй. Бас зургийн аппаратны санах ойд буй зургууд, таблет дахь мэдээллүүдээ ч компьютерээсээ устгачихаж болно. Учир нь “Lifebook 2013”-ийн бүхий л төхөөрөмжүүд эвлүүлдэг тоглоом шиг нэг цогц болохоос гадна санах ойгоороо ч холбогдох чадвартай бүтээгдэх аж.
Ажил, хувийн амьдрал, зугаагаа гаргах гээд л таны бүхий л хэрэгцээг хангах ухаалаг хэрэглээг нэгтгэсэн нөтбүкний онцлог үүгээр хязгаарлагдахгүй. “Lifebook 2013” анхны товчлуургүй нөтбүк болох юм. Шаардлагатай үед та таблетаа компьютертээ байрлуулаад л мэдрэгч дэлгэцийг нь QWERTY товчлуур болгон ашиглаж болно. Түүнчлэн ухаалаг зургийн аппаратыг анх хэрэглээнд нэвтрүүлж буйгаараа тус төхөөрөмж бас нэгэн амжилт тогтоох бололтой. Ухаалаг буюу андройд зургийн аппараттай байхаар зохион бүтээгчид нь төлөвлөж байгаа гэнэ.
Өдөр тутмын хэрэглээ болоод буй төхөөрөмжүүдийг нэг дор цогцоор нь шийдэх мэргэн санаа хэрхэн төрсөн юм бол? Үнэндээ энэ загварыг энэтхэгийн бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч Прашант Чандра гаргасан юм. Өнгөрөгч онд “Fujitsu” Lifebook-ийнхээ шинэ загварыг гаргахаар дизайнеруудын дунд уралдаан зохион байгуулсан. Уг уралдаанд 50 гаруй орны 3500 орчим зохион бүтээгчид бүтээлээ сойсны дунд эл гайхамшигт шийдэл багтсан байжээ. “Fujitsu”-ийнхэн ноён Чандрагийн загварыг “Lifebook 2013” хэмээн нэрлээд, улам боловсронгуй болгон, ерөнхий загварыг гаргасан нь энэ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар уг төхөөрөмж албан ёсны танилцуулга хийхээс ч өмнө хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа тул “Iphone”, “Ipad”-ын амжилтыг эвдэх магадлал өндөр байгаа гэнэ.

Билл Гейтст үнэлүүлсэн дизайнер

Технологийн ертөнцийн бас нэгэн тэсрэлт болох “Lifebook 2013”-ын аав бүр жаахан байхаасаа л дизайнерийн мэргэжилд татагдах болж. Тиймээс ч тэрбээр мэргэжлийнхээ талаар “Төрөлх авьяас минь л намайг өөрийн мэргэжлээ сонгоход нөлөөлсөн” хэмээсэн биз. Гэхдээ л тэр өөрт тохирох мэргэжлээ олтлоо багагүй бэдэрч. Загварт дурлах болсон Прашант эхлээд архитекторын мэргэжлээр таван жил суралцаж 2002 онд төгссөн байна. Гэсэн ч мэргэжлээрээ ажиллахыг хүссэнгүй. Тэгээд л Дели дэх Энэтхэгийн Технологийн институтийг Бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчийн ангид элсэн оржээ. Хоёр жил суралцахдаа түүний хамгийн чухал олж сурсан зүйл бол дизайнер зохион бүтээгчийг сүйт хархүү мэт санаж, амьдралынхаа туршид нягт холбоотой ажиллах явдал. Үнэхээр ч энэ л баримтлал нь түүнийг амжилттай бүтээлүүдээ туурвихад тус дөхөж болжээ. Зохион бүтээгчдийн зааж сургаснаар тэр ямар ч ажил хийсэн хэрэглэгчийг бүтээлийн гол цөм нь гэдэг зарчим баримтална. Үүнийгээ тэрбээр “Загвар зохион бүтээгчдийн сэтгэлгээнд хязгаар үгүй. Харин тэр сэтгэлгээгээ зохион бүтээгчид, инженерүүдийн нөөц бололцоотой нарийн уялдуулж, хэрэглэгчдийн сонирхол, таашаалд нийцүүлэх нь хамгийн чухал” хэмээн тодорхойлжээ.
Хэдийгээр тэрбээр 2004 оноос л мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн “Injection Molding”, “Pressure Die Casing”, “Gravity Casting”, “Sheet-Metal fabrication”, “Extrusion”, “Drawing”, “Stamping”, “Thermoforming”, CNC тэргүүтэй олон компани түүний уран ухаанаар хийсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад буй.
Тэр ч байтугай дунд сургуулийн сурагчдад зориулсан компьютерийн загвар зохиох уралдаанд тэргүүлж “sChOOLpack” бүтээгдэхүүнийг нь Билл Гейтс үйлдвэрлэхээр шийдэж байж. Дараа жил нь Голландын Эйндховен их сургуулийн ажилтнуудад зориулсан дасгалын төхөөрөмжийн загвар гаргах “Technogym”-ээс зохион байгуулсан уралдаанд мөн л тэргүүлжээ. Гудамжны ЛЕД гэрлийн зохиогчийн эрх авсан, “Electronics For You” технологийн сэтгүүлийн шилдэг загвар зохион бүтээгчдийн жагсаалтад тэргүүлсэн, чансаагаараа 13-т жагссан гээд түүний амжилтыг бичвэл нэлээд урт жагсаалт болно.
Богинохон хугацаанд багагүй амжилт олсноо тэрбээр ажил, амьдралаа зөв хослуулсан явдал гэж дүгнэдэг. Тиймдээ ч “Амьдрал бол ажил. Ажил бол зугаа. Зугаа бол амьдрал” гэх өгүүлбэрийг уриагаа болгосон биз.

Өвдөлтийг хэн нь илүү мэдэрдэг вэ?


Өвдөлтийг хэмжих нэгж үгүй. Гэхдээ эсрэг хүйстнүүдийн хэн нь илүү өвдөлт мэдэрдэг болохыг Стэнфордын эмнэлэгт хийсэн судалгаа тогтоожээ. Судалгаанд төрөл бүрийн өвчтэй 161000 гаруй эмчлүүлэгчдийг оролцуулж, эмчилгээний цахилгаан багажаар өвдөлт хэр хүчтэй байгааг тогтоосон байна.
Судалгааны багийнхан нурууны өвчин, хавдар зэрэг 47 төрлийн өвчтэй хүмүүст 11 хүртэлх оноогоор өвдөлтийн хэмжээг тогтоож, тооцоо хийсэн байна.
Өвдөлт нь тав хүртэлх хэмжээстэй өвчтнүүд оролцогчдын дунд түгээмэл байсан нь эрдэмтдийг төдийлэн гайхашруулаагүй ч, бүсгүйчүүдийн өвдөлт эрчүүдийнхээс илүү байгааг төхөөрөмжийн дүгнэлт харуулсан талаар судалгааны багийн ахлагч, Стэнфордын анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч Атул Бютте мэдээлжээ. Түүнчлэн тэрбээр судалгааныхаа үр дүнг тайлагнахдаа “Бид өвчний өвдөлт бүр харилцан адилгүй гэдгийг таамаглаж байсан учраас нурууны өвчин сулхан хавдар аймшигтай өвдөнө, дундаж оноо нь тийм гарга гэсэн үр дүн хүлээгээгүй. Харин судалгааны эцэст эмэгтэйчүүд өвдөлтөд илүү мэдрэмтгий байдаг гэх үр дүн биднийг гайхашрууллаа. Оролцогчдын дунд 10 хүртэл хэмжээсээр өвдсөн эмэгтэй ч бий” гэдгийг онцолжээ.
Мөн судалгааны явцад өвдөлтийг тэсэж болмоор эсвэл тэсвэрлэшгүй хэмээн ангилах боломжгүй гэж үзсэн байна. Харин хүйсийн ялгаа өвдөлтөд яагаад нөлөөлдөг болохыг эрдэмтэд даавартай холбон тайлбарлажээ. Эм бэлгийн даавар болох эстроген өвдөлтийг ихэсгэхийн зэрэгцээ тэсвэрлэх чадварыг ч нэмдэг аж. Тиймээс эстроген даавар багасах үед бүсгүйчүүд илүү мэдрэмтгий болдог болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Өвдөлтийн талаарх судалгаа өөр олон нууцыг дэлгэжээ. Эр бэлгийн даавар эрчүүдэд өвчин тэсвэрлэх чадвар хайрладаггүй ч, эмэгтэй сувилагчаар сувилуулсны дараа тэд өвдөлт мэдрэх нь багасдаг болохыг ч эрдэмтэд илрүүлжээ.

Бүсгүйчүүд илүү


Машинаа зогсоолд байрлуулж буй бүсгүйчүүдийн тухай явган шог түүх болох нь. Учир нь Британийн эрдэмтдийн хийсэн судалгаа бүсгүйчүүд машинаа байрлуулахдаа илүү чадварлаг болохыг тогтоожээ. Багийнхан 700 орчим зогсоолд нууц камер байрлуулан бүсгүйчүүд болон эрчүүд хэрхэн машинаа зогсоолд тавьж буй ажиглах замаар судалгаа хийжээ. Нэг сар гаруй хугацаанд ажиглалт хийсний эцэст судлаачдын дүгнэлт олон хүнийг гайхашруулсан байна.
2500 хүн машинаа хэрхэн зогсоолд тавьж буйг 20 хүртэлх оноогоор дүгнэсэн судалгааны үр дүн бүсгүйчүүд машины зогсоолд тавьж чаддаггүй гэх түгээмэл ойлголтыг үгүйсгэж, харин ч эсрэгээр эмэгтэйчүүд машинаа байрлуулахдаа сурамгай болохыг баталсан байна.
Хэдийгээр тэд илүү хугацаа зарцуулдаг хэдий ч, машин тавих талбайн яг голд байрлуулах гэж хичээдгээс ийн илүү цаг зарцуулдаг гэнэ. Түүгээр барахгүй бүсгүйчүүд зай болон зогсоолын шугамын зайг баримжаалахдаа илүү болохыг ч баталжээ. Харин эрчүүд машинаа байрлуулахдаа өөртөө итгэлтэй, тайван байдаг нь тэднийг энэ үйлдлийг илүү чадварлаг хийдэг мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
Ажиглалтын явцад машинаа байрлуулж буй хамгийн өндөр буюу 13.4 оноо авсан хүн нь эмэгтэй байсан бол эрчүүдийн дээд амжилт 12.3 байжээ. Судалгааны багийн ахлагч Нэйл Бисон энэ талаар ITV телевизэд өгсөн ярилцлагадаа “Жолооны курст хичээл зааж байхад практик хичээлд эрчүүд илүү үзүүлэлттэй байдаг байлаа. Миний ажигласнаар дүрмийн мэдлэгээр эмэгтэйчүүд дээгүүр байх нь ажиглагддаг ч жолоодлогын хичээлд бол эрчүүд ямагт тэргүүлэгч байсан. Гэтэл судалгааны үр дүн огт өөр гарлаа. Судалгааны дүн биднийг эмэгтэйчүүдийг машинаа байрлуулж чаддаг хэмээн үнэлж сурах цаг болсныг хэлж байна. Баримт хэзээ ч худал хэлдэггүй юм” гэжээ.  
Судалгааны явцад оролцогч эмэгтэйчүүдийн 39 хувь нь машинаа зөв байрлуулж байсан бол эрчүүдийн 28 хувь нь л зохих ёсоор машинаа зогсоолд тавьсан байна. Түүнчлэн бүсгүйүүдийн 1/3 хувь нь машинаа зогсоол руу оруулахын өмнө зөв байрлал эзэлж, талаас илүү хувь нь зогсоолын шугамын яг голд машинаа байрлуулсан хэмээн судлаачид мэдээлжээ.
Харин хугацааны хувьд энэ үзүүлэлт эсрэгрээр. Эрчүүд машинаа зогсоолд тавихдаа ердөө 16 секунд зарцуулсан бол бүсгүйчүүд дунджаар 21 секунд зарцуулж байжээ.



Ялалт ойртов



2007 онд  хийсэн судалгаагаар зуурдаар нас барагсдын 13 хувь нь буюу 7.9 сая хүн хавдрын улмаас хорвоог орхисон байна. Иргэний дайнаас ч илүү их хөнөөл учруулж, эрүүл мэндийн салбарынхны толгойн өвчин болоод буй хавдартай хүн төрөлхтөн эртнээс тэмцэж ирсэн бөгөөд 1971 онд Америк хавдартай тэмцэх хууль баталсныг өдгөө хавдартай хийсэн дайны эхлэл хэмээх болжээ. 40 жил үргэлжилсэн эл дайн тун удахгүй хүн төрөлхтний ялалтаар өндөрлөх нь.
Болгосон улаан лоолин дахь бодис лабораторийн туршилтаар хавдрын эсийн өсөлтийг зогсоож, бүр түрүү булчирхайн хавдрын эсийг устгаж байсныг эрдэмтэд мэдээлжээ.
Их Британийн Портсмоут хотын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар лоолийг улаан өнгөтэй болгодог лицопен хэмээх бодис хавдрыг эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Хавдрын эсийг эмч нар цусан хангамжаар “хооллодог” хэмээдэг. Энэ нь хүний биеийн эсүүдэд сөргөөр нөлөөлдөг аж. Харин липоцен хавдрын эл чадварыг үгүй хийх онцлогтой болохыг британийн эрдэмтэд тогтоожээ.
Гэвч хавдрын эсийг дарангуйлах үйл явц зөвхөн лабораторийн нөхцөлд амжилттай болсон тул Эм зүй, био анагаах ухааны сургуулийн эрдэмтэд судалгааг үргэлжлүүлж байна. Тэд хүний бие липоценд ямар хариу урвал үзүүлэхийг турших юм.
Портсмоутын их сургуулийн судалгааны багийн ахлагч Мридула Чопрагийн өгүүлж буйгаар “Химийн урвалын хувьд липоцен хавдрын эсийн эсрэг үйлчлэл үзүүлдэг болохыг бид тогтоолоо. Харин энэ үйлчлэл лаборатори төдийгүй хүний биед ч явах эсэхийг дараагийн судалгааны үр дүн харуулна. Ингэснээр бидний судалгаа үр дүнтэй байсан эсэх нь батлагдах юм” гэжээ.
Лабораторийн судалгааны үр дүн Британийн “Journal of Nutrition” сэтгүүлд хэвлэгдсэн даруйд улаан лоолийн сүмс үйлдвэрлэгч “Heinz” компани тус судалгааг үргэлжлүүлэхийг хүссэн бөгөөд тэд хавдартай хүмүүст хагас сарын турш 400 грамм улаан лооль идүүлэх маягаар хүний бие дэх липоценийг нэмсэнээр хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх эсэхийг турших санаа гаргаад буй.
Лицопен лооль улаан өнгөтэй бүхий л ногоо, жимсэнд агуулагддаг боловч лоолин дахь агууламж хамгийн өндөр нь. Лоолийг багахан хэмжээний ургамлын тостой хамт хүнсэндээ хэрэглэх нь улаан лоолин дахь эрдэс бодисуудыг идэвхжүүлдэг аж.
Харин эл судалгааны үр дүн хавдрын эсрэг дайнд хэрхэн нөлөөлөх талаар  Их Британийн Хавдрын судалгааны төвийн мэдээллийн ажилтан Элианор Берри “Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг бодисууд цусны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг дутагдалтай. Тиймээс липоцед ямар хариу урвал үзүүлэх, өвчтөнүүдэд сөрөг нөлөөлөх эсэхийг дахин судалсны дараа эцсийн хариуг хэлэх боломжтой болно” гэжээ.


Бүүвэйлэхэд учир бий




Нью-Йорк хотын Райкерс Айланд хорих ангид бяцхан охин Эннигийн эцэг, эхийг ял эдлүүлэхээр хуваарилжээ. 70 хоногтой охиныхоо амь насанд хүрэх аюултай ямар ч үйлдэл хийгээгүй хэмээн тэд мэдүүлсэн хэдий яллагч Энниг хүчтэй сэгсрэн удаан бүүвэйлсний улмаас тархи нь гэмтэж, гавлын яс нь цуурсан нь үхлийн шалтгаан болсон гэж үзсэн аж.
Залуу эхчүүдэд хүүхдээ зургаан сар хүртэл хөхний сүүнээс хоол хүнс, шингэн огт өгч болохгүй, өдөрт наймаас доошгүй удаа хөхүүлнэ хэмээн эмч нар зөвлөдөг. Тэр ч байтугай монголчууд сүүлний годон хөхүүлж, нүд нь өвдсөн үед сүүгээр арчиж цэвэрлэ хэмээн сургах нь ч бий. Тэгсэн атал хүүхдээ сэгсчин бүүвэйлж огт болохгүй гэх зөвлөгөөг одоохондоо ямар ч эмч сувилагч, ахмад настны амнаас сонсохгүй л болов уу. Харин сүүлийн үед хэвлэгдэн гарсан зарим нэг орчуулгын ном товхимолд энэ талаар дурдсан байх нь бий. Гэтэл өнөөх хэний ч хэлж зөвлөдөггүй, хорьж цагддаггүй үйлдэл нь нярайн аминд хүрэх аюултай байж болохыг барууны эрдэмтэд тогтоож, сэгсрэлтээс үүдэлтэй синдром хэмээн нэрлээд, судалж тандах болсоор цөөнгүй жилийг ардаа үджээ.
Энэ шинэ нээлттэй холбоотойгоор шүүх танхимынханд багагүй хүндрэл тулгараад буй. Эрдэмтэд бага насны хүүхдийг хүчтэй сэгсрэн бүүвэйлэх нь тун аюултай үйлдэл гэдгийг тогтоосон боловч шууд аминд хүрэх аюултай эсэхийг батлаагүй байгаа юм. Тиймээс үрээ алдан гашуудаж буй эцэг эхчүүдийг хорих ялаар “шагнах уу”, эсвэл дараагийн золгүй явдал болохыг хүлээн зөвшөөрч шүүхэд дуудагдсан асран хамгаалагчдын хэргийг хаах уу гэх ярвигтай сонголтыг шүүгчид хийхээс аргагүй болоод байна.
Өнгөрөгч намар гэхэд л дээд шүүхэд Ширли Ри Смит гэх эмэгтэйг ач хүүгийн нь үхэлд буруутган дуудсан. Хангалттай нотлох баримт, сэгсрэлтээс үүдэлтэй шинж тэмдэг байхгүй учир хэргийг хаасан гэдэг. Сэгсрэлтээс үүдэлтэй синдром нүдний торлог бүрхэвч гэмтэн цус алдсанаас болоод нүд улайх, тархинд цус алдах, тархи хөөх гэх гурван шинж тэмдгээр илэрдэг болохыг судлаачид тогтоогоод буй. Гэхдээ эдгээр шинж тэмдэг автомашины осол, хүчтэй гэмтлийн үеэр ч илэрдэг аж. Хатагтай Смитийн 50 хоногтой хүүгийн нүдний торлог бүрхэвч гэмтээгүй, тархи нь хөөгөөгүй, зөвхөн тархины хатуу бүрхүүлийн доогуур цус алдсан шинж тэмдэг л илэрч, уг эмгэгийн гурван шинж тэмдгээс ердөө л нэг нь илэрсэн тул сэгсрэлтээс үүдэлтэй синдром хэмээн оношлоход учир дутагдалтай байжээ. Түүнчлэн олонх залуу эцэг эхчүүд зогсолтгүй уйлах хүүхдээ тайвшруулах гэж аргаа барахдаа сэгсчсэнээс шүүхийн хаалга татдаг бол ач хүүтэйгээ хамт хоносон хатагтай Смитийн өрөөнөөс хүүхдийн уйлах чимээ огт сонсогдоогүй хэмээн хөршүүд нь мэдүүлсэн байна.
Өөр нэгэн жишээ дурдахад Хятадын цагаач иргэн Ли Ханбин Ли Ен нарын хэрэг “The New York Times” сонинд ч нийтлэгдэж байв. Тэд 2007 оны наймдугаар сард Энни нэртэй охинтой болсон боловч тэр оныхоо аравдугаар сард охиныхоо үхэлд буруутгагдан шүүхийн хаалга татсан байна. Охины аавыг хүүхдээ хүчтэй сэгсрэн бүүвэйлснийх нь төлөө, харин ээжийг нь түргэн тусламж дуудаж, яаралтай арга хэмжээ аваагүйд нь буруутгаж, сэжигтнээр дууджээ. Золгүй явдал болж, охины бие муудсанаас нэг цагийн дараа залуу хос эмнэлгийнхэнд хандсан боловч охиныг аварч чадаагүй аж. Эмч нарын дүгнэлтээр охин тархиндаа цус алдаж, гавлын яс болон хавирга, хөл нь хугарсан байна. Гэсэн ч Хятадын хүмүүнлэгийн байгууллагууд Лигийн гэр бүлийг яс нь хэврэгшдэг удам дамжсан эмгэг хуучтай болохыг яллагчдад мэдэгдээд, энэ нь охины үхлийн шалтгааныг сэгсрэлтээс үүдэлтэй синдром хэмээн оношлоход хүргээд байгаа юм биш биз хэмээн сануулсан гэдэг. Хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудын өгүүлж буйгаар Лигийн удмын зургаан ч хүн энэ өвчний улмаас тэгэхдээ бүр хоёр нь бага насандаа хорвоог орхисон байна.
Хэдийгээр эдгээр тохиолдлын аль аль нь сэгсрэлтээс үүдэлтэй синдром хүүхдийн аминд хүрэх аюултай гэдгийг батлахгүй байгаа ч, шүүх байгууллагынхан хүүхдээ сэгсрэн бүүвэйлэх нь аминд халгаатай арга хэмжээ байж болохыг үгүйсгэхгүй байна. Тэд уг хоёр жишээг дурдахдаа сэгсрэлтээс үүдэлтэй синдромтой холбоотой тохиолдлууд хэдэн арваараа бүртгэгдэх болсныг анхааруулсан. Түүгээр барахгүй яллагчид ч баримт нотолгоо, шинж тэмдэг үргэлж үнэнийг өгүүлдэггүй тул эцэг эхчүүдэд анхаарал болгоомжтой байхыг сануулсан юм.
Түүнчлэн эмнэлэгт бүртгэгдсэн тоо баримтууд ч сэгсрэн бүүвэйлэхийн хор уршгийг сануулсаар байна. Эмнэлэгт хандсан 1200 гаруй нярай тутмын нэг нь сэгсрэлтээс үүдэлтэй эмгэг оноштой эмчлүүлдэг гэсэн статистик баримт бий.
Лигийн гэр бүлд тохиолдсонтой адил яс хэврэгших эмгэгийг сэгсрэлтээс үүдэлтэй синдромтой эндүүрэх тохиолдол байж болох хэдий ч генээр дамжин удамшдаг эл өвчин 20000 нярай тутам нэг удаа тохиолддог ховор эмгэг тул эндүүрэгдэх магадлал бага хэмээн эрдэмтэд үзэж байна. Харин урьдчилсан үзлэгээр тархины гэмтэл хэмээн оношилсон ослын 50 гаруй хувь нь сэгсрэлтээс үүдэлтэй эмгэг байдаг болохыг тэд анхааруулж байна.

Хосгүй хоолойтнуудын үдэш




Стэйплс төвд өнгөрөгч ням гаригт болсон арга хэмжээ бүхэлдээ өсөж яваа од Адель, харвасан од Уитни Хьюстонд зориулагдсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч дуу бичлэгийн урлаг, шинжлэх ухааны үндэсний академийн 54 дэх удаагаа зохион байгуулж буй “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын үйл явдлуудаас бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хоолойтой хоёр бүсгүйтэй холбоотой бүхэн нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод дурсамж болон үлдэх нь гарцаагүй. Энэ жилийн ёслолын арга хэмжээ нэг талаараа нэр дэвшсэн төрөл бүхэндээ ялалт байгуулсан Аделийн амжилтаар боломж гэдэг ямар хэмжээ хязгааргүй зүйл болохыг баталсан бол нөгөөтэйгүүр цаг үеийнхээ давтагдашгүй нэгэн дууч шувуу Уитни Хьюстоны ээдрээт амьдралыг нь эргэн дурссан үдэш болсон.
Грамофон буюу “Эгшигт хайрцгийн шагнал” арга хэмжээнээс 23 настай Британи дуучин бүсгүй зургаан эгшигт хайрцагтай харьсан. Шилдэг поп болон шилдгийн шилдэг шагнал хүртсэн түүний “21” цомог нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй, эдийн засгийн хямрал дуу бичлэгийн урлагт ч хар шуурга дэгдээж, уналтад оруулаад буй өнөө цагт борлуулалт нь 6 сая хүрч, алтан цомог болсон нь Адельд цомоос ч илүү нэр хүнд авчирсан.
Нэг дор зургаан “Эгшигт хайрцаг”-ийн эзэн болж, “Грэмми”-ийн амжилтаараа эмэгтэйчүүдийг манлайлдаг Бьонситой эн зэрэгцсэн Аделийн бас нэгэн ялалт бол микрофоны ард зогсож, хэдийнэ хит болсон “Rolling in the Deep” дуугаа дуулсан явдал. Халловиний баярын дараахан хоолойндоо хагалгаа хийлгэсний улмаас шинэ жилийн баяраар ямар ч арга хэмжээнд оролцоогүй нь сонсогчдынх нь сэтгэлийг түгшээгээд байсан юм. Харин тэр аюул ард хоцорсныг баталж, тайзнаа гарсан нь уг мэс заслаас хойшх анхны тоглолт нь юм.
Аделийн амжилт, их урлагт эргэн ирсэн энэ их баяр хөөртэй зэрэгцсэн зүйл бол өдгөө ч шалтгаан нь тодорхой болоогүй байгаа нэр дуучин Хьюстон хорвоог орхисонд гашуудсан уран бүтээлчид, сонсогчдын эмгэнэл. Түүнийг бие хамгаалагч нь Беверли Хилтон зочид буудлын өрөөний ваннанд нас барсан байхыг олсон бөгөөд шалгалтын эхний байдлаар хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн нь аминд нь хүрсэн гэж таамаглаж байгаа ч үхлийн шалтгааныг тогтооход долоо хоног шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.
CBS телевизээр шууд дамжуулсан “Грэмми” Брюс Спрингтин болон “E Street” хамтлагийн тоглолтоор эхэлж, хөтлөгч LL Cool J зургаан “Эгшигт хайрцаг”-ийн эзэн Хьюстонд хүндэтгэл үзүүлснээр үргэлжиллээ. Тэр “Өнөөдөр, энэ цаг мөчид энэ тухай яаж ярихаа ч мэдэхгүй байна. Гэхдээ ярихгүй байх аргагүй. Бид гэр бүлийн нэг гишүүнээ алдлаа. Миний бодлоор өнөөдрийн үйл ажиллагааг биднийг орхин одсон хайрт эгч Уитни Хьюстоны төлөөх залбирлаар эхлүүлсэн нь зөв болов уу” хэмээн нам дуугаар өгүүлсэн.
Энэ үдшийн сэтгэл хөдөлгөсөн олон арван үйл явдлын нэг нь энэ. Гунигтай, сэтгэл шимшрүүлэм мөчийн араас “Foo Fighters” тав, Кайни Уэст дөрвөн  шагнал хүртэж, дугтуй нээх үеийн догдлолыг жинхэнэ ёсоор үзэгчдэд амсуулсан. Альцгеймрийн өвчинтэйгөө тэмцэж буй кантри дуучин Глен Кэмпбеллийн тоглолт ч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол Крис Броуны бүжгийн үзүүлбэр цугласан олны цөсийг хөөргөх нь тэр. Шилдэг R&B цомгийн шагналаа гардаж авахдаа тэр “Юуны өмнө бурханд талархаж байна. Мөн эл шагналыг авч, өнөөдөр тайзнаа гарахад тус болсон бүх шүтэн бишрэгчдэдээ талархаж байна. Би та бүхэндээ хайртай шүү. Бид үргэлж цугтаа. Баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хэлсэн.
“Нэр дэвшээгүй, энд хэзээ ч ирэхгүй хүмүүст талархаж байна”. Ням гаригийн үдшийн хамгийн содон сэтгэгдлийг шинэ залуу шилдэг уран бүтээлчийн төрөлд ялалт байгуулсан Жастин Вернон хэлсэн.
Гурван цаг гаруй үргэлжилсэн ёслолын арга хэмжээний онцлох үйл явдал бол “Beach Boys” дахин бүрэн бүрэлдэхүүнээр тайзнаа гарсан явдал.  Мэдээж 1960-аад оны домог болсон Брайн Уилсон, Пол Маккартни нар тайзнаа гарсан нь үзэгчдэд барьсан гэнэтийн бэлгүүдээс хамгийн гайхалтай нь.
“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос ердөө л нэг хоногийн өмнө одсон Хьюстонд хүндэтгэл үзүүлж олон уран бүтээлч дуугаа зориулсан. Тэдний нэг болох Женнифер Хадсон “I Will Always Live You” дууг нь дуулсан нь зөвхөн энэ үдшийн төдийгүй хөгжийн ертөнцийн түүхэн дэх гайхалтай тоглолтуудын нэг болсон нь гарцаагүй. Долли Партоны 1970 онд бичсэн уг дуу Хьюстоны нэрийн хуудас болсон уран бүтээл бөгөөд “Бие хамгаалагч” киноны дуу болон үзэгчдэд хүрч байсан.
“Грэмми”-ийн олон арван төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчдийн нэрсийг дуудаж, тэр бүрт дугтуй задран шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилсээр. Эзэндээ очсон олон “Эгшигт хайрцаг”- аас үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн нь Тонни Беннетийн дуэт дуунд гардуулсан цом. Өнгөрөгч зун нас барсан Эми Вайнхаустай хамтран дуулсан дууныхаа шагналыг тэрбээр дуучны аав ээж хоёртой хамт гардан авсан бөгөөд ноён Вайнхаус “Угтаа бид биш, хайрт охин маань л энд зогсож байх учиртай” хэмээн индрээс хэлсэн.
“Грэмми”-ийн шүүгчдээс хамгийн их үнэлгээ авч, сүүлийн жилүүдэд болсон шагнал гардуулах ёслолоос хоосон буцахаа больсон дуучдын нэг нь Вайнхаус байсан. Түүний араас Нора Жонес, Алиша Кийз, Лаурин Хилл нар нэхэж байсан бол саяхнаас энэ жагсаалтыг Адель (Адель Лаури Блю Эдкинс) тэргүүлэх болсон.
Түүний хоёр дахь цомог зөвхөн Хойд Америкт гэхэд л 5.82  сая хувь борлогдож, хит болсон “Rolling in the Deep” дуу нь ч борлуулалтаараа тэргүүлж, 1997 онд хит болсон Элтон Жоны “Candle in the Wind: Princess Diana Tribute” дууны амжилтыг эвдсэн. Түүхийн хуудаснаа бичигдэх түүний амжилт үүгээр дуусахгүй. Нэг дор шилдэг цомог, бичлэг, дууны шагналыг гардаж буй зургаа дахь хүн нь Адель. Түүний өмнө “Dixie Chicks” 2006 онд, Эрик Клаптон 1992 онд, Кристофер Кросс 1980 онд, Кэроль Кинг 1971 онд, Пол Саймон 1970 онд амжилт гаргаж байсан юм.

БАЙСАН ЦИРК


13 метр диаметртэй тойрогт авьяастнууд чуулаад л… Авхаалж самбаа сорьсон тэдний үзүүлбэрийн төгсгөлд алга таших чимээ аадар борооны дусал шаагих шиг сонстох учиртай. Харамсалтай нь техник технологийн хөгжил дэвшлийн хөлд үрэгдсэн бичгийн машин, захидал тэргүүтэй олон хохирогчдын нэг нь циркийн урлаг. Үзэгчдийн хөлд дарагдаж, үзүүлбэрүүд нь хэдэн өдөртөө л ярианы гол сэдэв болдог байсан энэ урлаг нэг л мэдэхэд сонирхол татахаа байж, эрсдэл, элдэв марзан шог, илбэ шидийн ертөнцөд дурлагсдыг хөгжим, кино урлаг, телевизийн элдэв цэнгээнт нэвтрүүлгүүд зурагтынх нь ард дөнгөлчихдөг болсон үе бол 1970-аад он. Уналтын энэ үед уран арга сэдэж, үзэгчдээ болон байр сууриа алдах байх ухаан сийлсэн уран бүтээлчид циркийн уламжлалт үзүүлбэрүүдийг театрчилсан хэлбэрт хувиргаж, контемпорари хэмээх цоо шинэ төрлөөр хөгжүүлж ирсэн. Циркийн энэ хувьсал Австралт, Канад, Франц, Их Британи, Америкт хүчтэй дэлгэрч, улмаар дэлхий даяар тархжээ. Тэгэхээс ч аргагүй. Төрөхөөс үхэх хүртэлх амьдралд тохиолдож болох бүхий л этгээд хачин, содон сонирхолтой үйл явдлыг, тэр ч байтугай үнэнд нийцэхгүй үлгэрийн баатрууд, бидний дунд байхгүй хийсвэр дүрүүд, сэтгэлгээний ертөнц дэх шинэ гариг гээд үнэнийг худалтай нь, бодитыг хийсвэртэй нь гэрээсээ гаралгүйгээр өдөр бүр үздэг нүд тайлчихсан үзэгчдийг байлдан дагуулах арга ухаан ч нарийсах нь гарцаагүй. Харин өнөөх дэлхий дахины арга барилаас хоцрогдож, гээгдчихээд байгаа цөөн орнуудын нэг нь Монгол.
Тойрог манежний голд хөтлөгч зогсчихоод дараагийн үзүүлбэрийн талаар мэдээлэл өгөхдөө уртаас урт илтгэл тавих шахан уран бүтээлчдэдээ хувцас солих цаг олгодог байдал бүр өмнөх мянганых. Одоо дүрс бичлэгт түүх болон үлдсэн энэ дүр төрхийг харин манай циркийн асраас харж болохоор юм билээ. Уртаас урт улиглалынх нь үеэр уйдаж орхиод багачууд зүүрмэглэчих дөхдөг. Угтаа хөгжөөх үүрэгтэй тоглолт үзэгчдээ залхааж орхисон энэ байдал даамжирвал догдолсон эцэг эхчүүдийнхээ байдлыг хүүхдүүд нь элэглээд, үзэгчдийн суудал тоглолтын тайз болон хувирах шинжтэй. Үеэ өнгөрөөсөн эл тоглолтыг хэдийнэ халаад өнөө цагт циркийн жүжигчдийн авьяас чадварыг хөшиг нээгдэхээс хаах хүртэл үргэлжлэх содон шийдэлтэй тавилт, дуу хөгжим, гэрлийн үзүүлбэрээр амилуулж үзэгчдийн нүд хужирласан шоу хийх болсныг олон оронд уригддаг манежний мастерууд анзаарсан л баймаар.
Төрийн бодлого, хөрөнгө мөнгөний гачигдал гээд тэдний хаацайлах олон шалтаг байвч, тоглолтыг театрчилсан хэлбэрт шилжүүлэн, хөтлөгчийг халж, үзүүлбэр бүрийг нарийн уялдаа холбоотой болгон найруулж, үзэгчийг залхаах хором өгөхгүй байх гэх мэт хөрөнгө мөнгөнөөс үл хамаарах шинэчлэлийг хийчихэж болмоор. Шоу тоглолт болон хувьсгал хийснийхээ ачаар л цирк XXI зуунтай хөл золгосон гашуун үнэнийг ухаарах цаг хэдийнэ болсон.
Гудамжны хоёр уран бүтээлч санаачлан 1984 онд байгуулсан “Нарны цирк” өдгөө хамгийн алдартайд тооцогдох болсон. Тэдний нууц нь дэлхийн дээд амжилт, уралдааны тэмцээний шагнал биш жүжигчдийнхээ чадварыг өндөр сэтгэмжтэй театрчилсан тоглолтоор харуулж, гэрлийн үзүүлбэр, оркестр гээд бүхнийг цогцоор шийдсэн явдал.
Цирк хэмээх үгийг нэвтэрхий тольд “Алиалагч, акробат, сургуультай амьтад, хөгжимчин, жүжигчид, жонглёр болон бусад анхаарал татсан үзүүлбэр толилуулан нүүдэллэн явдаг байгууллага” хэмээсэн байх юм. Хэдийгээр эртний Ромын үед үүсэхдээ тодорхой нэг барилга, байгууламжинд тоглолтоо сонирхуулаг байсан ч энэ байдал удалгүй эвдэгдэж, улмаар XIX зууны үеэс очсон газар бүртээ томоохон асарт, 13 метр диаметртэй тойрог тайз засан тоглох болж. Харин манайд циркийн урлаг цэнхэр оройтой барилгаар төсөөлөгдөх болсоор олон жилийг ардаа үдлээ. Уг нь нүүдлийн хэлбэрт шилжсэн урлагийн төрөл нүүдэлчин ард түмэнд харин ч ойр баймаар. Энэ давуу талаа ашиглан эх орныхоо өнцөг булан бүрт хүрч, орон нутгийн үзэгчдийг мэргэжлийн урлаг соёлын үйлчилгээгээр хангах ёстой циркийн урлаг энэ асуудалд харин ч хойрго хандаад байх шиг. Драмын эрдмийн болон Хүүхэлдэйн театрынхан хэдийнэ эх орноо тойроод эхэлчихсэн, тэр ч байтугай тодорхой акустик орчин шаарддаг ДБЭТ-ын шинэ дуурийнхаа нээлтийг орон нутагт тавих талаар ярьж, төлөвлөж байхад нүүдлийн урлагийн таг чиг.
Цэнхэр оройтоос асарт шилжсэн эхний жилүүдэд тоглолт төдийгүй орчин үзэгчдийн сэтгэлд нийцсэнгүй. Зуны дунд сарын аагим халууныг асартаа хураачихаад, үзэгчдийн биеийн дулааныг нэмсэн тоглолт гадаадын орнуудад ч давтагдсан байх юм. Өнгөрөгч онд Абу Даби дахь Монгол циркийн тоглолтыг үзсэн сэтгэгдлээ арабчууд их л бухимдангуй илэрхийлсэн хорь гаруй мессеж тоглолтын мэдээллийн дор хадаатай харагдана. Асрын халуун, бүгчим, агааржуулалт муутайг, ариун цэврийн өрөө ажиллаагүйг анхааруулаад, “Цаг үрсэн тоглолтод очих хэрэггүй” гэсэн анхааруулга ч бичсэн байна билээ. Арабчуудын эгдүүцлийг төрүүлсэн бас нэг асуудал нь амьтдыг зовоон тарчилгасан явдал. Дэлхий нийтээр байгаль орчин, амьтны эрхийн асуудалд анхаарал хандуулах болсон цагт сургуультай амьтдын үзүүлбэрийн талаар ч дахин нэг бодууштайг арабчуудын сэтгэгдэл сануулж байна.
Нэгэн цагт дэлхийд тэргүүлэгчид хэмээн цээжээ дэлдэж байсан монгол цирк өдгөө сүүл мушгих болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Урдаа барьдаг уран нугаралт өдгөө ч дэлхийн мянга мянган үзэгчдийг бишрүүлж байгааг эс тооцвол монгол циркийн үзүүлбэрүүдэд үзэгчдийн нүд хужирлах зүйл огтхон ч үгүй болсон.
Уян налархай биеийн гайхамшгийг хятадууд хэдэн зуун жилийн турш гайхуулж ирсэн бол уран нугаралт хэмээх энэ урлаг Америк, Европын орнуудад 1900-аад оноос л хөгжиж эхэлсэн байдаг. Тиймдээ ч буддын шашнаар дамжин манай оронд хөл тавьсан уран нугаралт хөгжингүй орнуудад шагшигдахаас аргагүй. Тэгэхдээ бүр Монгол гэсэн тодотголтой амнаас ам дамжин яригдахын учир нь цамын бүжгээр дамжуулан монголчуудад уламжлагдсан уран нугаралт социализмын үед оросын уран бүтээлчдээс суралцсан сонгодог урлагтай хослон өнөөгийн хэлбэрээ олж, уран нугаралтын өөр нэгэн төрөл болон салаалсан хэрэг. Хятадын уламжлалт уран нугаралт огцом хөдөлгөөнтэй, үзэгчдийн сэтгэлийг түгшээсэн элемент ихтэй байдаг бол монгол уран нугаралтыг гадаадын судлаачид илүү тайван, бүжгэн жүжгийн хэмнэлтэй төстэй хэмээн тодорхойлдог. Тиймээс ч энэ онцгой төрлийг дэлхийн дахинаа сурталчлахаар монгол охид таван тивд хэсүүчлэх гадаадын циркийн компаниудад ажиллах болсон.
Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн хөгжингүй орнуудыг зорьсон монгол нугараач охид ихэвчлэн гадаадын циркт ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд  “Шинэ цирк” төв, “Циркус Монголиа Хадгаа” цирк, “X-Bud Roses”, “Шонхоодой” цирк, “Монгол нугаралт” төв, “Маск Мимо” хамтлаг тэргүүтэй байгууллагууд үйл ажиллагаа явуулах болсноор манай уран бүтээлчид зөвхөн уран нугаралтаар төсөөлж байсан Монгол циркийн урлагийг цогцоор дэлхий дахинаа таниулах болсон нь том ололт. Харин дараагийн алхмыг хэрхэн тавихаас энэ салбарын ирээдүй ихээхэн хамаарна.

Sunday, February 12, 2012

Рон Пол: Миний зарчимч байдал компанит ажилд маань саад болох нь бий



Түүний үзэл бодол, хэлсэн үг бүр Америкийн сая сая залууст нөлөөлдөг. Тиймдээ ч Техас мужийн конгрессийн гишүүн Рон Полыг Америкийн дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн таамаглалыг цөөнгүй улстөрч дэвшүүлсэн биз. Өдгөө 76 настай түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ. 

-Рон Пол бидний дараагийн Ерөнхийлөгч болж чадахгүй гэж үү? 
Өнөөдөр нэр дэвшигч Рон Пол миний болон таны Твиттерээр дамжуулан асуусан асуултуудад хариулах болно. Би түүнтэй уулзахаар Невадад ирээд байна. 
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй дөрвөн улстөрчид санал өгөх Невада муж дахь сунгаанд сүүл мушгисан хэдий ч залуучууд түүнийг дэмжсээр байна. Нэвтрүүлэгт маань тавтай морил Пол. 
-Баярлалаа. Тантай уулзсандаа баяртай байна.
-Хэдийгээр ичгүүргүй сонсогдож мэдэх ч, би өмнө нь яг энэ зоогийн газар Сильвестр Сталлонетэй зэрэгцэн суугаад хооллож байсан юм. Сунгаанд оролцогчдын дундах Рокки Бальбоа гэвэл таныг л хэлэх байх. Санал хураалтын үр дүнд сэтгэл дундуур байна уу?
-Би юу гэж хариулахаа ч мэдэхгүй байна. Уг нь би эерэг хариу хүлээж байлаа.
-Америкчууд ялагдагсдад илүү хайртай байдаг шүү дээ. Хэдий та ялагдсан хэдий ч залуусын хүндлэлийг хүлээсэн хэвээр байна. Та Рокки Бальбоа шиг эцсийн мөчид ялалт байгуулан хүмүүсийг гайхашруулна гэдэгтээ итгэлтэй байна уу? 
-Итгэлтэй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэсэн өрсөлдөөн их ширүүн боллоо. Олон ч хүн нэр дэвшигч болох гэж өрсөлдсөн, тэднээс цөөнгүй нь замаасаа буцлаа. Одоо бол хүмүүс зөвхөн сунгаанд олон хүн нэрээ дэвшүүлж, бас олон хүн татдаг гэдгийг ойлгосон байх. Бид анх есүүлээ өрсөлдөж байсан бол одоо дөрвүүлээ болсон.
-Та бол их зарчимч, тууштай хүн. Харин нэр дэвшигч Митт Ромнигийн үзэл бодол, зарчим эрс өөрчлөгдлөө. Энэ зөв үү? 
-Цаг хугацаа, түүх хүмүүсийн үзэл бодлыг өөрчилдөг. Би ч бас цаазын ялын тухай үзэл бодлоосоо няцаж л байсан. Хувь хүний үзэл бодол гэдэг хувиршгүй зүйл биш. Үзэл бодол байр сууриа өөрчилж, түүнийгээ улам сайжруулах боломж олгож байгаа нь ардчиллын зарчим.
-Та бол сунгааны хамгийн ахмад өрсөлдөгч. Гэхдээ л тэднээс хамгийн эрч хүчтэй, залуусын дэмжлэгийг их авч байгаа нь. Юу таны амжилтад ийн сөргөөр нөлөөлсөн юм бол? Бас танаас яаж ийм их эрч хүч гардаг юм бэ?
-Эрүүл чийрэг байхад тус болдог хүчин зүйлсийг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Мэдээж их олон зүйл бий байх. Миний бодлоор тэднээс хамгийн чухал нь оюун ухаан эрүүл байх хэрэгтэй.
-Та компанит ажлаа явуулахдаа хатуу дүрэм баримталж байгаа юу?
-Тийм ээ. Заримдаа энэ зарчимч байдал маань компанит ажилд саад болох нь ч бий. Гэсэн ч би энэ зангаасаа няцаж чаддаггүй. Би 30, 40 жилийн турш ийм байсаар ирсэн. Ялангуяа хоол хүнс, болон дасгал хийхэд зарчимч байх нь тун чухал.
-Тэгэхээр та дасгал хийх цаг гаргадаг байх нь ээ?
-Би өглөө босоод л гадагшаа дасгал хийхээр гардаг. Гэртээ зам дээр гүйж, фитнесийн дугуй унахаас илүүтэй гудамжид алхаж, дугуйгаар зугаалдаг. Ялангуяа өглөөгүүр 5-6км алхах дуртай. Энэ нь намайг тайвшруулж, нэг ёсны амралт болдог.
Эрүүл чийрэг байхын тулд эм уух биш, харин эм уухаас сэргийлэх ёстой гэж би боддог. Тийм байхыг ч хичээдэг. Азаар манайхан эрүүл чийрэг хүмүүс. Ээж аав хоёр минь их урт насалсан юм шүү.
-Хоолны дэглэмийн хувьд ямар дүрэм баримталдаг вэ?
-Нарийн баримталдаг дүрэм байхгүй. Би мах иддэг, элсэн чихэр хэрэглэдэг. Гэхдээ загасны мах түлхүү хэрэглэхийг хичээдэг.
-Тэгээд л та ийм жавхаатай харагддаг байх нь. Залуус  танаас үлгэр жишээ авч, зарчимч зангийн тань тухай ярилцдаг юм билээ. 
-Заримдаа миний өнөөх зарчимч гэсэн тодотголыг хүмүүс эрүүл мэнддээ хэт их анхаарал тавьдаг хүн гэж л ойлгоод байх шиг санагддаг. Үнэндээ ардчиллын зарчим бол залууст нээлттэй зүйл. Залуус их нээлттэй болж байна. Би ардчиллын ачаар тэднийг эмч замбараагүй үзэл бодолтой болсон гэж бодохгүй байна.
-Та сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төсвийг зарлагыг танах тухай тусгасан байсан. Энэ асуудал миний анхаарлыг их татаад байгаа юм. Та бол Барак Обамагаас тэс өөр бодолтой, Ерөнхийлөгчөөр сонгогдвол түүний хийж буй үйлдлээс тэс өөр арга хэмжээ авах нь ээ?
-Би түүний зээл их хэмжээгээр олгож байгааг буруушаахгүй. Түүний ачаар сүүлийн нэг сард олон мянган ажлын байр шинээр бий боллоо. Гэхдээ энэ өөрчлөлт бол бидний хийж чадах зүйлийн дэргэд өчүүхэн зүйл юм.
Учир нь сүүлийн нэг сард 1.2 сая хүн ажилгүй болсон. Гэтэл ердөө л 200 мянга орчим шинэ ажлын байх бий боллоо. Тэгэхээр арга хэмжээ авсан хэдий ч цаана нь сая хүн ажилгүй хоцорч байна гэсэн үг. Гэтэл тэднийг зөнд нь орхиж болохгүй шүү дээ. Өнөөдөр улстөрчид яг ийм үйлдэл хийгээд байна.
-Би ойлгож байна аа. 
-Эцэст нь ажилгүйчүүдийн хувь 11-т хүрч өссөн үзүүлэлттэй байна.
-Харин нэр дэвшигч Митт Ромней ажилгүйдэл, ядууралд тэгтлээ их санаа зовнихгүй байх шиг байна. Нэгэн бичлэг үзэцгээе. 
(Бичлэг)
Митт Ромней: Америкчуудын төлөө сэтгэл минь зовниж байгаа учраас би сунгаанд оролцож байгаа юм. Ядуурал тийм ч чухал биш. Бид аюулгүй үүрэнд амьдарч байна. Харин тэр үүрэнд жаахан засвар хэрэгтэй байгаа. Би түүнийг нь хийх болно.
-Харин одоо тэр ингэж хэлснээ эндүүрэл болсон гэж мэдэгдэж буй. Гэхдээ тэр энэ үгийг хэлсэн даруйдаа залруулга хийгээгүй. Ядуурлын тухай Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших магадлалтай хүн ингэж ярих нь аймшигтай сонсогдож байна. 
-Тийм ээ.
-Хамгийн хатуу сэтгэлтэй хүн л ингэж ярьж чадах байх. 
-Би Митт Ромнейтэй төдийлэн үзэл бодол нийлдэггүй л дээ. Би энд суугаад түүний хэлсэн үгийг зөвтгөх аргагүй ч түүнийг үнэн сэтгэлээсээ ядуурал надад хамаагүй гэж хэлсэн гэж бодохгүй байна.
-Гэхдээ тэр яг л тэгж хэлсэн шүү дээ. Хэн ч түүнийг тэгж хэл гэж шахаж шаардаагүй. Хэрэв би Ерөнхийлөгч болвол миний хамгийн гол анхаарал хандуулах асуудал ядуурал байна. Харин таных ямар асуудал байх бол?
-Хэрэв та тэгж боддог бол миний ярих зүйлийг сайн ойлгох байх. Миний хувьд зах зээлийн чөлөөт байдлыг хамгийн чухал хүчин зүйл гэж дүгнэдэг. Засгийн газар зах зээлийн асуудалд хэт их хяналт тавихгүй байж, өөрийн голдрилоор явахыг ажиглаж байх л хэрэгтэй. Хэн нэгэнд хариуцлага үүрүүлж, шийтгэх гэж яарах нь ажлын байрны хомсдлыг үүсгэдэг.
-Нэгэн бичлэг үзсэний дараа танай гэр бүлийн талаар ярилцъя. 
(Бичлэг)
Рон Пол: Бид их өргөн цар хүрээтэй аялал хийж байна. Энэ аялалд эхнэр маань ч оролцож байгаа. Гэхдээ өнөө өглөө тэр энд ирээгүй. Учир нь өнөөдөр түүний баярын өдөр. Тиймээс би түүнийг үлдэж, амрахыг хүссэн юм. Би түүнд өглөөний цай бэлдэж өгсөн. Учир нь өнөөдөр бидний гэрлэсний 55 жилийн ойн өдөр.
-Энэ долоо хоногт тэд хуримынхаа 55 жилийн ойг тэмдэглэсэн. Баяр хүргэе. 
-Баярлалаа.
-Ийм олон жил хамтдаа аз жаргалтай амьдрахыг нууц нь юу вэ?
-Хүндэтгэл болон харилцан буулт хийж байгаа цагт хосууд аз жаргалтай байдаг гэж бодогддог. Хэрэв хүн бусдыг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг бол үгүйсгэж, тэмцэлдэх бодол нь үгүй болно. Энэ зөвхөн хайр сэтгэлийн харилцаанд төдийгүй улстөрд ч хамаатай.
-Хэрэв эхнэр тань энд байсан бол таны дутагдлыг хэрэх байсан уу?
-Тэр их эелдэг хүн гэдгийг та мэдэх байх.
-Та хүүхдүүддээ гар хүрдэг байв уу?
-Үгүй дээ. Намайг бага байхад минь төдийлэн загнадаггүй, огт гар хүрдэггүй байсан. Би ч хүүхдүүддээ гар хүрч байгаагүй. Түүний оронд тэдэнд сануулчихад л болно.

Сийл: Огцом ууртай ч хайртай хүмүүс рүүгээ хашгичдаг хүн би биш


Жил бүр хуримаа хийдэг өвөрмөц уламжлалаараа дуучин Сийл олны анхаарлыг багагүй татдаг. Гэхдээ түүнийг зөвхөн шоу бизнесийн ертөнцийн үлгэр дуурайл болсон гэр бүлийн амьдрал нь л олонд таниулсан гэвэл өрөөсгөл. “Kiss from a Rose” тэргүүтэй дуунууд Их Британи төдийгүй бусад улс орны сонсогчдыг байлдан дагуулж, 20 сая цомог борлуулсан амжилттай яваа чадварлаг уран бүтээлч. Тэрбээр анх удаа гэр бүл болон гэргий Хайди Клумын тухай ярихаар “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ. 

-Сийл бол дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч. Өнгөрөгч сарын сүүлчээр тэрбээр эхнэр Хайди Клумаас салахаар шийдсэнээ зарлаж биднийг цочирдуулсан. Сийл хоёр дахь цомог “Soul 2” болон хувийн амьдралынхаа тухай ярилцахаар студид маань иржээ. Юуны өмнө урилгыг маань хүлээн авч, нэвтрүүлэгт оролцож байгаад талархсанаа илэрхийлье. 
-Таны нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Бас надад их найрсаг хандсанд тань баярлалаа. Нэвтрүүлгийн бичлэг хийж эхлэхээс өмнө та хувцас солих өрөөнд ирээд “Зүрх сэтгэлээ уудлах хэрэг үнэхээр бий юү” гэж асуусан шүү дээ. Түүнд чинь их талархаж байна.
-Та хоёрыг гэр бүлээ цуцлуулах болсныг сонсоод цочирдохыг зэрэгцээ их гунигтай санагдаж байлаа. Ердөө хэдхэн сарын өмнө эхнэр тань манай нэвтрүүлэгт оролцож гайхалтай гэрлэлтийнхээ тухай дурсаж байсан. 
Та хоёртой нэгэн арга хэмжээний үеэр танилцахад их сайхан, аз жаргалтай хос байна гэсэн бодол төрсөн. Найман жилийн турш хамт амьдарч, өдгөө ч бие биенээ хүндэтгэж байгаа хүмүүс. Хайр сэтгэлийн харилцаагаа жил бүр бататгаж, дахин гэрлэдэг шүү дээ, та хоёр. Тиймээс би ийм өдөр ирнэ гэж төсөөлж ч байсангүй. Хүмүүс ч бас яагаад ийм юм болчихов оо хэмээн надтай адилхан гайхширч байгаа болов уу?
-Пирс та яг үнэнийг хэллээ. Мэдээж эхнэр минь миний мэдэх бүсгүйчүүдээс хамгийн гайхалтай нь. Найман жилийн өмнө түүнтэйгээ танилцсандаа би одоо ч баяртай байдаг.
Эхнэр минь олон талаараа миний хүндэтгэлийг хүлээсэн хүн. Миний зүүдэндээ ч харж байгаагүй гайхамшигтай зүйлсийг, дөрвөн хүүхдийг минь надад бэлэглэсэн хүн. Гэсэн ч энэ бүхэн болчихлоо. Та шалтгааныг нь олох гэж их хичээж байх шиг байна. Гэхдээ тэр учир шалтгаан тийм амархан олдохгүй л болов уу.
Бид үргэлж л бидэнд бүх юм бий хэмээн ярьдаг байсан учир та төдийгүй бусад хүмүүс энэ шийдвэрийг цочирдон хүлээж авч байгаа байх.
Та бидний түүхийг дахин давтагдашгүй онцгой гэж хэлдэг шүү дээ. Бид найман жилийн өмнө Хайдиг нэг сартай хөл хүнд байхад нь танилцсан юм. Хайди нэг өдөр “Би хөл хүнд болчихлоо. Гэхдээ энэ бүхэн буруу гэдгийг би мэдрээд байна” гэж билээ. Харин би хариуд нь “Юмс дэндүү хурдан өрнөж байна шүү” гэхээс өөр зүйл хэлж чадаагүй. (инээв)
Харин Хайди “Чиний хүүхэд биш ээ” гэж билээ. Хэсэг хугацаанд бодсоны эцэст би түүнтэй хамт өөрсдийн гэсэн ертөнцийг бүтээхийг хамгийн их хүсэж байгаагаа мэдэрсэн. Тэгээд л “Гэхдээ энэ явдал юуг ч өөрчлөхгүй. Миний одоо мэдэрч байгаа мэдрэмжийг ч тэр. Одоо надад яг л бүхний оройд гарчихсан юм шиг сэтгэгдэл төрж байна” гэж хэлсэн.
Тэгээд л бид шаргал үс, цэнхэр нүдтэй хөөрхөн охинтой болсон. Миний сэтгэл зүрхэнд хамгийн чухал байр суурь эзэлдэг охин маань удахгүй найман нас хүрнэ. Бас надтай дэндүү адилхан учир хааяа ам муурийчихдаг хүү маань долоон нас хүрэх гэж байна.  Том хүүгийнхээ надтай дэндүү адилхан гэдгийг нь би хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч, үнэндээ бол намайг өвчөөд төрчихсөн юм шиг адилхан хүү дээ. Харин дараа нь бид бидний хэн хэнийг нь дуурайсан бяцхан хүүтэй болсон. Гэхдээ надад бол аавтай минь илүү адилхан санагддаг юм. Тэгээд бид Лоу нэртэй ийм үзэсгэлэнтэй гүнжтэй болсон. Бидэнд бүх зүйл бий.
-Хэдэн сарын өмнө Хайдигийн өгч байсан ярилцлагын хэсгээс үзье. Учир нь би чухам юунаас болоод та хоёр салахаар шийдсэнийг мэдэхийг их хүсэж байна. 
(Бичлэг)
Хайди Клум: Бид бие биедээ хайртай, хамтдаа хөгжилтэй байдаг, бие биенээ хүндэлдэг. Надад хэцүү байсан ч би түүнд өөрийн гэсэн зүйлсийг хийх боломж олгодог.
Гэхдээ би цаг хугацаа өнгөрөх тусам өөртөө зориулан цаг гаргах боломжийг хайртдаа олгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бизнес эрхэлж, байгууллага толгойлж байгаа учраас заримдаа би хэт их юм ярьчихдаг. Харин одоо бол энэ зангаа засаж сурсан. Тиймээс би түүнд өөртөө зарцуулах цаг гаргаж, Сийл ч бас намайг өөрийнхөө зүйлсийг хийх боломж олгодог. Гэхдээ бид өдрийн ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг.
-Түүнтэй ярилцаж байхдаа би бүр өөрийн мэдэлгүй ярианд нь хөтлөгдөж байсан. Тэр гайхалтай үзэсгэлэнтэй, хөгжилтэй, ухаалаг эмэгтэй. Эмэгтэй хүнд байж болох бүх сайхан зан чанар түүнд бий. 
Тэр тантай хэрхэн танилцаж байснаа, бас хэрхэн гэрлэх санал тавьж байсныг ярьсан. Тэр таны тухай ярих үедээ амь орох шиг л болдог. Тиймээс би та хоёрыг салах болсныг сонсоод…
-Тэр талаар огт төсөөлөөгүй байсан.
-Үгүй дээ. Би огт өөр зүйл бодож байлаа. Та хэзээ нэгэн цагт салалтын талаар таамаглаж байв уу? 
-Энэ талаар таамаглаж байсан эсэхээ мэдэхгүй юм даа, Пирс. Үнэнийг хэлэхэд энэ бүхэн болохоос өмнө салалтын талаар би дурсаж л байсан шүү дээ.
Хоёр хүнд бүх зүйл байна гэдэг боломжтой гэж үү. Уран бүтээлийн хувьд хоёул амжилттай явж, бие биенээ хайрлан, сайхан гэр бүлтэй, биенээ хүндэлдэг, дотно нөхөрлөдөг, шударга ханддаг байна бүтэшгүй зүйл гэж би өмнө нь ярилцлага өгөхдөө хэлж байсан.
Гэхдээ үүнийг урьдаас таамаглаж, мэдэрч байсан гэж үзэх аргагүй. Хүмүүсийн хамгийн их сонирхож буй асуудал бол бид хоёрын салсан шалтгаан. Тиймээс ч “Энэ явдалд нэг нь хохирогч байх ёстой. Эсвэл тэд үнэнийг нууц байна. Нэг бол Хайди ямар нэг алдаа гаргасан. Эсвэл Сийл буруу алхам хийсэн” гэж бодоод, сэжиглээд л байх шиг байна. Ний нуугүй хэлэхэд хүмүүсийн бодож байгаа шиг том асуудал байхгүй.
-Хүмүүсийн олонх нь Сийлийн цочмог ааш нь салалтын шалтгаан гэж үзэж байна. Бас тийм цуу яриа ч гараад байгаа. 
-Би энэ талаар цахим хуудсуудаас олж харсан. Хүмүүс намайг их омголон, догшин гэж бичсэн байсан. Гэхдээ миний тухай юу гэж бичих нь надад сонин биш. Муулж, эсвэл магтаж л байг. Бидэнд асар их хариуцлага үүрүүлсэн дөрвөн хүн бий. Бидний цорын ганц хийж чадах зүйл бол хэвлэл мэдээллийн шинэ салбарын муу муухайгаас тэднийгээ хамгаалах явдал. Би түүнд л анхаарлаа хандуулж байгаа.
Чанга чанга хашгичиж байгаа хэсэг миний нэг клипэнд байдаг юм. Харин бодит амьдралд бол би хэн нэгэн рүү тэгж хашгичих нь байтугай тэр талаар бодож ч байгаагүй.
Намайг цочмог ууртай гэж бодох болсон бас нэгэн үйл явдал Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал дээр болсон юм. Хүүгээ нэг гартаа, нөгөө гартаа охиноо тэврээд явж байтал бидний бараг 20-иод папарацци бүчиж авсан. Тэдний нэг нь камерынхаа дурангаар хүүгийн минь толгойг цохичихсон юм. Энэ тохиолдолд юу ч болоогүй юм шиг дүр эсгээд өнгөрөх нэг ч эцэг, эхийг би мэдэхгүй. Би түүнд хэдэн ширүүн үг хэлчихсэн юм. Тэгээд л ууртай, рок одын дүрд хувирчихсан даа.
-Гэхдээ ердөө л ийм шалтгаанаас болоод хүмүүс таныг ууртай гэж дүгнэсэн гэж үү?
-Би энд суучихаад танд худлаа хэлж, хүмүүсийг хуурах гээгүй юм шүү. Би зөрүүд хүн биш. Огцом ууртай хэдий ч эхнэр, хүүхдүүд рүү гээ хашгичдаг хүн бол биш. Хайртай хүмүүс рүүгээ хашгичиж байгаад гэр бүлээ үймүүлсэн гэж бичиж байгаа нь намайг их шаналгаж байгаа.
Бид хоёрын салж байгаа нь нэг хэрэг. Харин намайг муу муухай хүн болгож, энэ бүх явдлын бурууг надад тохож, гол нь хүүхдүүдэд минь тийм ойлголт төрүүлж байгаа нь намайг зовоож байна. Тэр бүхнийг хүүхдүүд маань олоод харчихвал “Ээж аав хоёр биднээс юм нууц байсан байна” гэж бодно. Гэхдээ энэ бол шоу бизнесийн ертөнцийн үндсэн зарчим юм даа. Бид өөрсдөө л энэ амьдралыг сонгосон шүү дээ.
Шоу бизнесийн ертөнц биднийг амьдралд хөл тавьж байсан үеийнхээс огт өөр болчихож. Бид одоо мэдээллийн цоо шинэ эринд амьдарч байна. Хүмүүс шуугиан тарьсан нийтлэл бичиж байж л бүтээлээ борлуулж байна. Тэгэхээр энэ бүхэнтэй зохицож амьдрахаас өөр аргагүй.
-Таны шинэ цомогт “Хамтдаа үлдэцгээе” гэсэн дуу байх юм. 
-Энэ бүхнийг засаж залруулж болохгүй юм уу гэж асуух гээд байгаа юм аа даа. Миний мэдэх бүсгүйчүүдээс хамгийн гайхалтай нь Хайди. Тэр сэтгэлийн хаттай, хатуужилтай эмэгтэй. Тэр л намагй өөрчилж, илүү сайн хүн болгосон. Би түүнээс олон зүйлийг сурсан. Түүнд өгсөн хайр минь бөхөшгүй. Би бүхий л сэтгэл зүрхээрээ түүнийгээ хайрладага.
-Тийм учраас та хоёрыг салж байгаад би их харамсаад байна л даа. 
-Найман жилийн турш аз жаргалтай хамт амьдарсан хүнээ хайрлахгүй байж болно гэж үү. Би одоо ч хуримын бөгжөө зүүсээр л байгаа. Учир нь бид албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Тэр гайхалтай бүсгүй миний эхнэр хэвээ байгаа. Нэг л өдөр “Би чамайг үзэн ядаж байна. Хуримын бөгжөө буцаагаад өг” гэдэг хүмүүсийн нэг би биш.
-Бүх зүйл дуусчихаагүй байна гэсэн үг үү?
-Та энэ бүхнийг залруулж болохгүй юм уу гэж асуусан байх аа. Хэзээ ч бүтэхгүй гэж хэзээ ч бүү хэл гэдэг байх аа.
Би энд суугаад бидний харилцаанд ямар ч бэрхшээл байхгүй гэж хэлж чадахгүй. Мэдээж бидэнд бэрхшээл бий. Бид яагаад салж байгаа юм бэ гэсэн асуултын хариуг л хүмүүс хүлээгээд байгаа. Гэхдээ энэ чинь таавар биш шүү дээ. Бидэнд бэрхшээл, олон асуудал байна. Энэ тухай бид өмнө нь ч хэлж л байсан.
Бидний буцаж нийлэх эсэхээс үл шалтгаалан бид урьдынх шигээ эв найрамдалтай, бие биенээ хүндэтгэсэн харилцаатай байх болно. Буцаад нийлэхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ би түүний өмнөөс хэлэх эрхгүй шүү дээ.
-Тэгвэл та алдаа залруулахыг хүсэж байна уу?
-Сайн мэдэхгүй байна. Хэрэв энэ бүхэн амархан шийдэгдчих асуудал байсан бол бид өнөөдөр ч цугтаа сууж байх байсан.