Sunday, January 6, 2013

Төөрөлдсөн төрсөн өдөр



Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал төрсөн өдрийн баярыг онцгойлон тэмдэглэх нь хүүхдийг өөрийн гэр бүлдээ ямар чухал хүн болохыг нь мэдрүүлж, тэр хэрээр өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, бие хүн гэх ойлголтыг нь бататгаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах байдалд нь ч эерэг нөлөө үзүүлдэг гээд хүмүүжлийн хувьд ч олон давуу талтай. Тиймдээ ч бид хүүхэд хөгшдийнхөө төрсөн өдөр, насны ой зэрэг тэмдэглэлт баяруудыг чухалчилж, хүндэтгэл ёслол, баяр наадмын байдалтай өнгөрүүлдэг болсоор уджээ. Харин албан байгууллага,  хамтлагуудын төрсөн өдрийг жил бүр тэмдэглэх нь ямар ач холбогдолтой юм бол?
Албан байгууллагуудын хувьд ойн баяраараа багагүй төсөв гаргаж, ажилчид, харилцагчдадаа бэлэг барьдаг тул тэр бүр тэмдэглэх гэж улайрдаггүй. Үйлчилгээний байгууллагууд харин эл өдрийг овжин ашиглаж, менежментийн нэг хэлбэр болгон өөрт ашигтайгаар урвуулах нь түгээмэл. За тэр асуудлыг авч хэлэлцэхээ түр азная. Эл ойн ачаар хэрэглэгчид ч хөнгөлөлт, урамшуулал эдлэн сэтгэл хангалуун үлддэг бол үйлчилгээний байгууллагууд баяраа нэр хүндтэй бөгөөд ашигтай тэмдэглэн магнай тэнэгэр хоцордог аль алиндаа ашигтай баяр. Харин шил шилээ дарах хамтлагуудын төрсөн өдөр зах замбараагаа алдаж, өнөөх баярлах, баярлуулах үндсэн чигээс хэлбийж, зөвхөн өөрт ашигтай байдалд урвуулах өөдгүй хэлбэрт шилжээд байх шиг.
Зургадугаар сарын 24-ний өдрийг цээжинд хадагдаж, чихэнд хоногштол дуулж, төрсөн өдрөө хуанли дээр тэмдэглүүлэх дөхсөн “Камертон”-ыхны төрсөн өдрөөс эл баяр эхлэлтэй гэж хэлж болно. Цөөнгүй жил шил дарааллуулан тоглолт зохион байгуулж, “Үнэнч фэнүүдтэйгээ, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэхээр шийдлээ” гэх найрсаг тодотгол нь өнөөх өөрт ашигтай хувилбарыг өнгөлөн далдлах хамгийн ухаалаг шийдэл болж. Төрсөн өдөр хэмээн нэрийддэг нь ч учиртай. Үнэндээ байгуулагдсаны ойн баяр гэвэл зохих эл баяраа хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр байдаг төрсөн өдрийн баяртай нь уялдуулан холбох нь өнөөх өнгөлөн далдлалтын бас нэгэн хэлбэр. Камертончуудын эл ухаалаг менежментийг урлагийнхан өдгөө толгой дараалан хэрэглэдэг болж. Гэхдээ хуулбарлахдаа нэмж засварлан, сайжруулах биш, нэрийг нь ашиглах төдийгөөр бүр ч дордуулчихаж. Энэ онд гэхэд л “Номин талст”, “Sweetymotion” хамтлагуудын 15 жилийн ойн баяр нүсэр болж, араас нь “Киви” найман насны төрсөн өдрөө тэмдэглэнэ л гэнэ. “Lumino” тун удахгүй болох ойгоо угтсан 14 жилийн ойн парти зохион байгууллаа л гэнэ. Ойрын хэдэн жил ор сураггүй алга болсон “Ice top” ч өнгөрөгч онд 15 жилийн ойн баяраа хийчихсэн байх юм.
1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр “Boyz 2 men”, “Take That”-аас санаа авч “Салхи”, “Сүнс” гэх монголжуу содон нэртэй хамтлагууд төрж, тэдний араас “Камертон”, “Номин талс”-ынхан ч нэгджээ. Тэр ч байтугай өнөөх “East 17”, “U2” зэрэг нэрнийхээ аль нэгэн хэсэгт тоо оруулах моодноос ч монголчууд хоцроогүйн нэг баталгаа нь “Гайз 666”. Шоубизнесийн ертөнцийн төв дэх эргэлтүүдийг давтах үзэгдэл өдгөө ч Монголд үргэлжилсээр байна уу гэлтэй. “Spice Girls”, “Take That”, “Backstreet Boys”, “New Kids On The Block”-ийн эргэн нэгдэл, ойн баярыг онцгой тоглолтууд түүний тод жишээ нь.
Харамсалтай нь, тэд дахин нэгдэхийн давуу тал, ашиг хонжоог нь урьтал болгосноос биш үүрэг хариуцлага гээчийг нь гээгдүүлчихсэн бололтой. “Камертон”-ыхон гэхэд л эргэн нэгдэж шинэ дуу гаргана хэмээн дуншсаар өнөөх л “18 нас”, “Зүүд”, “Нулимсаа арч” гэх хуучны хитүүдээ л дахин дуулсан. Тэдний хажууд шоу бизнесийн өрсөлдөгч нарынхаа дунд эргэн нэгдсэн хэрнээ хамгийн залхуу хойргод тооцогдож буй “Spice Girls”-ынхон хуучны дуунуудаа дахин дуулсан “Greatest Hits” цомгоо гаргаад амжчихсан байх юм. Өнгөрөгч онд хоёр арваныг ардаа үдсэн рок попын ахмадуудын нэг гэдгээ ойн баяр-тоглолтоороо сануулаад амжсан “Сүнс”-ийнхэн ч таг чиг. Угтаа тэд тоглолтынхоо товыг гаргаж, зарыг тараахдаа “Энэ бол манай хамтлаг рок попын ертөнцөд эргэн ирж буйгаа харуулж буй нэг хэлбэр” хэмээн зарлаж түүнийг нь ч цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллага уламжилсан байх юм.
Өнөөх хип хоп парти хийнэ хэмээн амлаж, 14 жилийн ойн баяраа тэмдэглэсэн Lumino-ынхонд ч хамтлагийн ахлагчийнх нь хоёр жилийн өмнө гаргасан цомгууд, номыг нь эс дурдвал сүүлийн хэдэн жилд шинээр туурвисан бүтээл гээд нэр цохоод дурдчихаар зүйл үгүй. Тоглолтын хувьд ч парти гэх орчин цагийн чамин нэрээр чимсэн, зохион байгуулалт муутай цэнгээн болоод өнгөрсөн. Үзэгчдийнх нь дунд үнэнч фэнүүдээс нь илүүтэй өнөөх баасан, бямбын үдшийн соёлтой зугаа цэнгээнээ арай өөр хэлбэрээр өнгөрүүлчих гэсэн стресээ тайлагчид олон харагдсан. Бүр хэл мэдэхгүй, зүс хөндлөн харийнхан ч хаа сайгүй харагдах. Хөгжингүй оронд суралцаж, харийн соёлтой танилцсан хамтлагийнхны үзэл бодол, уран бүтээлд шимтэж ирээгүй нь шар толгойтнуудын биеэ авч яваа авир байдал, дэргэдүүр нь өнгөрсөн дэгжин охидтой “Сайн уу?” хэмээн хазгай муруйхан мэндчилэх байдлаас нь илэрхий.
Хамтлаг нь тарж бутарсан хэмээн цуу яриа дэгдэж, тэрийгээ ч батлах гэсэн мэт гишүүд нь ч тус тусын уран бүтээлээ хөөгөөд хоёр гурван жил өнгөрчихөөд байхад “Киви” бас л ойн тоглолт хийх гэнэ. Гэхдээ бүр тав, арав биш найман жилийн ойн тоглолт. Ойн баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал урлагийнханд байдаг ч рок попынхон шиг 8, эсвэл 14-өөр биш бүр гурав, тавыг ч алгасч “Backstreet Boys”-ынхон ирэх онд 20 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөж байх юм. Тэд эргэн нэгдсэнээс хойш ч зүгээр суугаагүй. 2003 оноос хойш “Never Gone” (2005), Unbreakable (2007), This Is Us (2009), TBA (2013) цомог, таван ч аялан тоглолт хийгээд амжчихсан байх юм.
Харь холынхныг тоодоггүй юмаа гэхэд хажуудах томчуудаас суралцах зүйл бидэнд их бий. “Инээмсэглэл” хамтлагийнхан гэхэд л жил бүр төрсөн өдөр гэж ташууралгүй 20 гаруй жил завсарласны эцэст 1980-аад онд дууг нь сонсож, даган дуулж, бишрэн хүндэтгэж явсан сонсогчдодоо жинхэнэ гэнэтийн бэлгийг барьсан. Тиймдээ ч үзэгчид нь бүтэн цагийн өмнө суудлаа эзэлж, үе үехэн алга ташиж тэднийг тэвдүүлэн, бас өөрсдөө ч суудал дээрээ өндөлзөн догдлон хүлээж байсан биз. Угтаа уран бүтээлчдийн, ялангуяа хамтлагийн ойн тоглолт гэдэг ийм л байх учиртай.
Өнөөх үе үехэн цуглаж, өгөх нэр олдохгүй болдгоос уу, үзэгчдийн татах овжин заль хэрэглэдгээс үү төрсөн өдөр гэх дотно тодотголтой тоглолтоо хийхийн тулд нэг хоёрхон дуу гаргасан болчихоод л  эргэн нэгдэж буйгаа зарласан атлаа ой өнгөрмөгц мөр мөрөө хөөдөг эмгэнэлтэй дүр зураг энэ салбарынхан дунд зуршил болоод үлдчих вий дээ. Хэв маягийг нь даган дуурайдаг эргэн нэгдэгсдийн жишиг ч тийм байдаг хэмээн биеэ өмөөрөх гэж байгаа бол “Take that” 2005 онд эргэн нэгдсэнээс хойш жил бүр сонсогчдодоо шинэ уран бүтээлээр бэлэг барьж, тэр ч байтугай хөгжмийн томоохон наадмуудад өрсөлдөн, түрүүлж шагналын цуваа нь өнөөдөр ч үргэлжилж байгааг сануулъя.
Ямартай ч хүссэн цагтаа цуглаж, хүний халаас руу шургалах гэсэн хүйтэн сэтгэл урлагийнханд байх учиргүй. Дуртай үедээ ойн баяр хийж, дурамжхан байвал хувийн бизнесээ эрхлээд таг чиг суучихад хэтийдсэн зан монголын рок попын салбарт хүчин зүтгэж явсан хожуу үеийнхнээс илрээд байх шиг. Дурсамж гэх нандин зүйлийг нь сэдрээх агуу хүчтэй урлагийг дур мэдэн ашиг хонжоо харж биш, жинхэнэ тоглолт гэнэтийн бэлэг, чанартай уран бүтээл л энэ салбарынхнаас төрөн гарах учиртай.