Tuesday, February 26, 2013

Зуун дамнасан шударга ёс сахиулагчид


Буун дуу гарсан зүгт мордож, гэмт хэрэгтнүүд, оргодол босогчдын араас шил даран хөөдөг эдгээр ковбойчууд бол зэрлэг өрнийн Маршалын албанынхан. Аризона, Нью Мехико, Монтана болон бусад мужуудад хамгийн эрэлхэг эрчүүд энэ албанд зүтгэж байсан гэдэг. Харин тэднийг бүр 200 гаруй жилийн өмнөөс шүүх засаглалын шударга ёсны төлөө тэмцсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Анхны конгресс 1789 онд Шүүх эрх зүйн акт баталснаар тус алба байгуулагдсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Жорж Вашингтоны тэргүүлж байсан конгресс хууль баталж байсан боловч түүнийг нь орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжүүлэх байдал хангалтгүй байж. Хуулийн хэрэгжилтийг хянах хүчний байгууллага үгүйгээс хууль тогтоомж зөрчих байдал энгийн л үзэгдэл мэт байгааг анзаарсан тэрбээр тэр даруй Шүүх эрх зайн акт батлах санаачилга гаргажээ.

Маршалын алба тэргүүтэй хэд хэдэн хууль сахиулах байгууллага байгуулснаар л иргэд, аж ахуй нэгжээс орлого болон татвар, торгууль, шимтгэл хураах асуудлыг шийдвэрлэгджээ. Мэдээж байдал эрс сайжирсан ч шийдэх асуудлууд дууссан гэвэл өрөөсгөл болно.

Тиймдээ ч Маршалын алба анх байгуулагдахдаа цөөнгүй үүрэг хүлээж байсан гэдэг. Холбооны шүүх болон конгресс, эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эдлэх байдлах хангахаас гадна  шүүхэд зарлан дуудах болон батлан даах, баривчлах, хоригдогчдыг хянах зэрэг үүргийг тус албаны маршалууд болон тэдний туслахууд хоёр зуун жил хариуцан ажиллаж байв.

XVIII, XIX зууны үед тэдний үүрэг шүүхийн байгууллагын ажилчдын цалинг тараах, шүүх ажиллагаа болон өмгөөлөгчид, шүүх төлөөлөгчид, гэрчид зарцуулах мөнгийг хариуцах үүрэг ч давхар ногдож байсан аж. Шүүх ажиллагаа болох өрөөг түрээсэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд оролцох хүмүүсийг хөлслөх гэх мэт өнөө цагт хүний нөөц, нягтлан, няравын хариуцдаг ажлыг ч түүртэлгүй түвэггүй гүйцэтгэдэг байж. Тэдний үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Хоригдлуудыг хянах, шүүх төлөөлөгчид ирсэн эсэх, гэрчүүд цагтаа ирэх эсэхийг шалгах нь мөн л тэдний үүрэгт ажлын хуваарьт бичээстэй байж.

Харин өнөө цагт тэдний үүрэг шүүхийн тогтолцоог шударга, хараат бус, аюулгүй байлгахад голчилон чиглэгдэж, шүүхийн ажилтнууд болон барилгын аюулгүй байдал, шүүх ажиллагаанд холбоотой бусад асуудлын аюулгүй байдлыг хангахаас гадна хоригдогсдыг зөөх, батлан даагчдыг харгалзах, оргодлуудыг эрэн сурвалжлах ажлыг хариуцаж байна.

“Шударга ёс, үнэнч байдал, үйлчилгээ” бол тэдний уриа. Тэдний баатарлаг туульс зэрлэг өрнөдөд амнаас ам дамжин хэлцэгдэж, хожмоо дэлгэцийн урлагт мөнхөрсөн нь ч бий. Өнөө цагт эрэлхэг баатрын элдэв төрхтэйгөөр дүрслэгдэх болсон маршалууд XIX зуунд бол Зэрлэг өрнөд гэх ойлголтоос төдийлэн хэлбийхгүй байлаа.

Үнэхээр л өрнөдийн сонирхолтой түүхийг өгүүлсэн кинонд гардаг шиг тухайн үеийн маршалууд энгэртээ таван хошуу бүхий мөнгөлөг тэмдэг хатгаж, гэмт хэрэгтнүүдийн араас мөшгиж, үргэлж ялалт байгуулдаг байж. Уран сайхны бяцхан хэтрүүүлэгтэй ч энэ бол уран зөгнөл биш бодит түүхийн уран илэрхийлэл юм.

FBI буюу мөрдөх товчоо хүчээ авсан XX зуунд зэрлэг өрнө ч номхорсноос Маршалын алба харин хүндхэн байдалд орсон байдаг. Дэлхийн нэгдүгээр дайны үед тэдний онцгой эрх уламм бүр хумигдаж, иргэдийн орон гэрийг хамгаалах төдий л болж. Энэ байдал 1950 онд шүүхийн шийдвэр хэрэгжүүлэгчдийн үүргээр солигдож, 1970-аад онд  Гэрчийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр тэдний үнэ цэнэ дахин нэмэгдэх нь тэр.

Өдгөө шүүх засаглалын аюулгүй, хараат бус байдлыг ханган ажилладаг тус албаныхны үүрэг есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш агаар аюулгүй байдлыг ч давхар ханган ажиллахаар нэмэгдсэн байдаг. Түүнчлэн зөвхөн зэвсэгт хамгаалалт, баривчлах ажиллагаа төдийгүй маршалын туслахууд холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлыг ч ханган ажиллаж байна.

Алдарт таван хошуу бүхий тэмдэг нь хамгийн урт настайд тооцогддог тус албаныхан өдгөө 94 маршал болон, 3953 туслахтайгаар 94 дүүрэгт үүргээ гүйцэтгэж буй. Баялаг түүхээрээ бахархдаг Америкийн маршалын албыг дэлхий нийтээр шилдэг хэмээн хүлээн зөвшөөрч, зуун дамнасан түүхээс нь суралцан, өдгөө баримталж буй зарчим, зохион байгуулалт, бүтцийг хамгийн оновчтой нь хэмээн өөрийн орны хөрсөнд нийцүүлэн буулгах нь олонтаа.

Хамгийн нэр хүндтэй маршалын албаны маршалуудыг багаар бодоход дөрвөн жил бэлтгэж, мэргэжил эзэмшүүлэн, бакалавр зэрэгтэй болсон үед л тус албанд хүлээн авах эсэх талаар хэлцдэг бол туслахууд нь Жоржиа мужийн Глинко хот дахь Холбооны хууль сахиулагчдыг бэлтгэх төвд 17 долоо хоногийн сургалтад сууж бэлтгэгддэг аж.

Виржиния мужийн Арлингтон хотноо төвтэй тус алба дуулиант 15 оргодлын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулан Холбооны мөрдөх товчооныхноос ч дутахгүй чухал үүрэгтэй хүмүүс гэдгээ харуулж байсан бол уран зохион, телевиз, кинонд дүрслэгддэг сэтгэлд хоногшсон дүрүүд Маршалын албаныхны хийж бүтээсэн бүхэн иргэдийн амьдралд ямар чухал нөлөө үзүүлснийг баталдаг.

Луйз Мастерсоны үзэглэсэн 83 номны 15-д нь Морган  Кэйн гэгч маршалын тухай өгүүлдэг бол маршал болон банк дээрэмдэгчийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх “Кареныг таньсан нь” зохиол мөн л тус албаны маршалуудыг магтан дуулдаг. Түүнчлэн 1958-1960-аад онд үзэгчдийг байлдан дагуулж байсан “Нэгдэн улсын маршал” цуврал, 1955-1961 онд дэлгэцнээ гарсан “Виарп Ийрпийн домог” гээд тоочвол арав гаруй цувралд онцгой үүрэгт албаныхны түүхийг өгүүлдэг. “Нэгдсэн улсын маршал Кахилл”, “Зэрлэг өрнө”, “Халловин II”, “Босуул” гээд олон арван дэлгэцийн бүтээлийг дурдаж болно. Массачусетсын эрэг орчмын нэгэн арал дээр алга болсон оргодлуудыг эрэн сурвалжлахаар очсон залуугийн түүхийг өгүүлэх “Хараагдсан арал” (2010 он) мөн л маршалын албаны хүнд бэрх, зовлон жаргалыг өөр нэгэн өнцгөөс үзэгчдэд тайлагнан харуулсан байна. Жүжигчин Леонардо де Каприо орчин цагийн маршалын түрхийг бүтээсэн нь тэр.
Урлаг төдийгүй видео тоглоомноо ч маршалын эр зоригийг харуулах нь бий. 2006 онд худалдаанд гарсан “Prey” болон энэ онд тоглоом сонирхогчдын гар дээр очсон “Prey 2”-т Килан Самуэлс маршалыг гол дүрээ болгон оруулсан байдаг.

СЭРЭЭСЭН БААТАР ТАРБОЗАВР БАТААР

Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж Монголын тамирчид нэрээ цуурайтуулахаас ч өмнө, монгол хөгжимчид урлагийн олимпын медаль хамахаас ч урьтаад дэлхийн тавцнаа хүч сорьсон монгол тодотголтнууд бол музейн үзмэрүүд. Бүр 1997 онд хилийн дээс давж, уригдаж залагдан Өмнөд Солонгосыг зорьсон музейн үзмэрүүд эх орондоо эргэн залраагүй гэх мэдээллийг эх сурвалжууд дуулгадаг. Тэгэхээр нас нэмэх тусам үнэ цэнэ нь өсдөг хүн төрөлхтний хуулиас хөндлөн онцлогтой түүхийн дурсгалт зүйлс шилжилтийн үе, ганзагын наймаачидтай зэрэгцээд л гадаад, дотоодоор “аялсан” байх нь. Тэр хэрээр эртний эдлэлийн гэх шинэ бөгөөд ашиг өндөртэй, хууль зөрчиж, нэг хэсэг иргэдийн бус нийт ард түмний эрх ашгийг хохироодог “даяаршлагдсан” зах зээлийн хонжоо хайгчдын сонирхлыг татах болж. Хараа хяналт султайн дээр баялаг түүхийн үнэт дурсгалаар арвин манай орны байдал тэдэнд бэлэн хоол мэт санагдсан нь гарцаагүй. Тиймдээ ч бид тэр бүр хаалгыг нь татдаггүй атал гаднынхан манай орны музейн үйл ажиллагаа, үзмэрүүдэд анхаарал хандуулах нь их. 
Энэ оны эхээр хуучнаар БСШУЯ музейн үзмэрүүдийн цахим каталоги гаргаснаа танилцуулж байхад, түүнээс даруй хоёр жилийн өмнө Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд манай музейн үзмэрүүд тавигдсан байх юм. Ази, Европын музейн сүлжээ олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн “Виртуал цуглуулга” төслийн хүрээнд эл санг байгуулсан бөгөөд манай Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Театрын музей, Чойжин ламын музей, Уран зургийн галерейн 58 бүтээл цахим музейн сан хөмрөгт багтжээ.
Түүнчлэн 2009 оноос эхлэн Америкийн хотуудаар хоёр жил аялсан “Чингис хаан” үзэсгэлэнгийн үзмэрүүдийг манай орны музейн үзмэрүүд төдийгүй Хьюстоны байгалийн шинжлэлийн музей, Вахид Корос, Готуако, Шин Шуань зэрэг хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдүүлсэн байх юм. XI-XX зууны эд өлгийн зүйлс багтсан музейн үзмэрүүд дунд В.Корост хадгалагдаж буй Юанийн үеийн төгрөг хэлбэртэй пайз, Сан Францискогийн иргэн Шуй Шуанийн цуглуулгаас түр авсан Их Юанийн үеийн хүрэл зоос болон хүрэл тамга байсан гэх. Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд хэдэн зуугаар нь цутган хэрэглэж байсан зоосоо харийн нутагт үлдээсэн байлаа гэхэд, өнөөгийнх шиг толгойтой бүхэн хэрэглэдэггүй байсан үеийн тамга хэрхэн харийн хүний цуглуулгыг чимэх болов гэдэг нь бас л анхаарч үзүүштэй асуудал. “Чингис хаан” гэх урт удаан настай тойрон аялагч үзэсгэлэнгийн үзмэрүүд дэх ховор сонин бүрэлдэхүүнийг харийнхны өврөөс найр тавин байж түрээсэлсэн явдал хачин жигтэй хар төрүүлнэ. 
Гэсэн ч энэ бүхнийг өнгөрөгч хаврын хавсаргатай хамт өрнөсөн Тарбозавр батаарын дуулиан өрнөхөөс өмнө анзаарах, анхаарах сөхөөтэй хүн бараг л байсангүй. Өлгий нутгаас минь олдсон үлэг гүрвэлийн яс хүний нутагт дамын наймаанд үнэ хаялцуулан худалдагдах гэж байна гэсэн мэдээлэл хэвлэлийнхний чихийг сортойлгож, тэр дагуу хүчний байгууллагынхнаас улсын Ерөнхийлөгч хүртэл хэлж ярьж, тэмцэж зүтгэж явсны хүчинд өөрийгөө ашгийн төлөө ажилладаг палентологич хэмээн тодорхойлох үлэг гүрвэл, өндөгний наймаачин Эрик Прокович гэгч этгээдийн гараар орж, хил дамнан “зугаалсныг” тогтоосон. 
Монголын цагдаагийн байгууллагын ажилтнуудын шуурхай ажиллаж, илрүүлсэн баримт нотолгоог үндэслэн Эрик Прокопиг өнгөрөгч аравдугаар сард баривчилж, Монгол болон Хятадаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс хил давуулан наймаалсан хэрэгт буруутгасан юм. Харин тарбозавр батаарыг эх оронд нь илгээх эсэх асуудал шүүхийн шийдвэрээс хамаарах юм. 
Нью-Йорк хотын дүүргийн шүүхэд аравдугаар сарын 24-нд болсон анхан шатны шүүхээр Эрик Прокопиг гурван зүйл ангиар ялласан байна. Түүнийг хулгайлагдсан түүх дурсгалын үнэт өвийг хадгалж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зүйл ангиар таван жил, Америкийн хилээр хориотой зүйл нэвтрүүлснийх нь төлөө 20 жил, хулгайлагдсан үнэт зүйл худалдсаных нь төлөө 10 жил хорих, 250 000 доллараар торгох ял төлөвлөөд байсан аж. 
Харин палентологичийн өмгөөлөгч хуулиндаа түүх дурсгалын өвөө худалдан борлуулахыг хориглосон байдаг атал Байгалийн түүхийн музейдээ үлэг гүрвэлийн яс зарж байдаг нь Монгол улсад хууль хэрэгждэггүй, баталсан хууль тогтоомжийн хувьд ч эргэлзээтэй хэмээн сануулж, тэр ч байтугай тарбозавр батаарыг Монгол руу буцаах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа ч мэдэгдээд амжсан юм. Хэдийгээр дэлхийн олон орны эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор Монголоос өөр улсын нутаг дэвсгэрээс олддоггүйг батлаад байгаа боловч шүүхийн эцсийн шийдвэрээс батаарыг эх нутагт нь буцаах эсэх асуудал хамаарах юм. 
Гэхдээ Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэн судлаачид, эртний эдлэлийн наймаачдын чихийг сортойлгосон эл дуулиан хэд хэдэн эерэг үр дүн үзүүлээд амжсан. Музейн үзмэр, түүхийн дурсгалт зүйлсийн талаар бараг л мартаад байсан иргэд, холбогдох албан тушаалтнуудыг тархин дундуур татаад авсан дуулианы ачаар музейгээс бараг өдөр бүр алдагддаг хэний ч сонорт хүрэлгүй хийсэн замхардаг байсан мэдээлэл тухай бүртээ хэвлэлийн хуудаснаа гарч, олныг анхаарлыг мартагдаж орхигдсон салбар руу эргүүлж дөнгөсөн. 
Зөвхөн музейн үзмэрүүдийг чимээгүй алга болдог асуудал төдийгүй хадгалалт хамгаалалт, музейн байрны чанарын асуудал ч үүнтэй зэрэгцэн сөхөгдөж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан нийслэлийн 15, орон нутгийн 21 музейд шалгалт хийж, Үндэсний болон Монгол цэргийн музей л зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолоо. Ингээд МАН-д алдсан Лениний музей тэргүүтэй музейн зориулалттай хэрнээ өөр зорилгоор ашиглаж буй барилгуудыг нэхэх, шинээр музей барьж байгуулах гээд энэ салбарыг тойрсон түмэн сэдэв ар араасаа сөхөгдлөө. Бүр XXI зуун гарсаар нэг арваныг ардаа үдчихээд байхад цэвэр усны шугамд холбогдоогүй Богд хааны ордон музей, Эрдэнэ зуу музейн асуудлыг сөхөж эхлэх нь тэр.  
Тарбозаврыг эх орондоо эргэн авчрах үед хаана хадгалж хамгаалах талаар асуудал хэлцэгдэж, үлэг гүрвэлийн музейтэй болох талаар яригдаж эхэлсэн тухай ч яамны сайд нь ярилцлагадаа “Харин Тарбозавр Батаарын асуудлыг сөхөснөөр музейтэй болох тухай ч ярьж байгаа. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэгчээр үлэг гүрвэлийн араг ясыг Монголд авчрахад байр, савны асуудлыг шийдчих болов уу гэж найдаж байна” хэмээн дурдсан байх юм. 
Юутай ч ул болон мартагдаж орхисон салбарыг сануулж, үүх түүх, үнэт өвөө хайрлан хамгаалахыг анхааруулан сэрээсэн баатар нь тарбозавр батаар болж таарах нь. 

Wednesday, February 13, 2013

Гэрийн ажил VS Секс


Зөвхөн нүүдэлчид гэлтгүй аль ч соёлын уламжлалд гэрийн дотоод ажилд эрчүүд төдийлэн оролцдоггүй байж. Амьдралын эл хэв маяг энэ цагт эвдэгдэж, орчин цагийн гэр бүлийн олонх нь хоол, угаалга, цэвэрлэгээ хийх гээд гэрийн дотоод ажлыг хамжин хийх болсон. Хачирхалтай нь эл өөрчлөлт эрчүүдийн бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд саяхан баталжээ. 

Хуучны бүдүүлэг уламжлал шиг санагдаж болох боловч эрт цагийн амьдралын хэв маягийг өнөө хэр хадгалж, эр хүнийг гэрийн аар саар ажилд хутгалдуулахаас татгалздаг гэр бүлийн сексийн амьдрал гэрийн ажлаа хамждаг хосуудынхаас хэд дахин илүү идэвхтэй байдаг гэнэ.
Америкийн Вашингтоны их сургуулийн социологчдын баг гэрийн ажил хосуудын сексийн амьдралд нөлөөлдөг эсэх талаар судалгаа хийжээ. Тэд хосуудын анх хэрхэн гэрлэсэн болон өдгөө гэрийн дотоод ажлын хуваарилалт нь ямар байдаг, өрхийн тэргүүн хоол, цэвэрлэгээ хийх зэрэг ажилд оролцдог эсэх гээд олон хүчин зүйлийг тусган, дүгнэлт гаргасан бөгөөд судалгааны үр дүн цөөнгүй хүнийг гайхашруулсан байна.
Тэд бүр судалгаанд оролцогчдыг санал асуулга, ярилцлагын үеэр өрхийн тэргүүнийг гэрийн ажилд оролцуулахгүй байлган туршиж үзсэн байна. Халамжтай нөхөртэй хосууд судалгаанд хамрагдахаас өмнө сард 5 удаа загас наадуулдаг байсан хэмээн мэдэгджээ. Харин судалгааны үеэр эмэгтэйчүүдийн ажилд оролцохоо больсноор эрчүүдийн бэлгийн идэвх 1.6 дахин нэмэгдсэн байх юм. Гэхдээ энэ нь эрчүүд гэр орны ажилд огт оролцохгүй байснаар хосуудын бэлгийн амьдрал сайжирна гэж ойлгож болохгүй. Эхнэр нь гэрийн дотоод ажил төдийгүй төлбөр тооцоо хийх, машинаа засуулах гээд эрчүүдийн үүрэх ёстой хариуцлагыг ч нуруундаа үүрдэг хосуудын бэлгийн амьдрал харьцангуй идэвхгүй байдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тэдний сард хийдэг сексийн тоо гадаад асуудлыг өрхийн тэргүүн хариуцаж, дотоод ажлыг эхнэр нь хийдэг хосуудынхаас 0.7 дахин бага байна.
Түүнчлэн уламжлалт ёс жаягийг үгүйсгэж, эрчүүдийн гэр ажилд туслуулдаг гэр бүл сард 4.85 удаа секс хийдэг бол эхнэрийнхээ хийх ёстой бүхий л ажлыг ганцаар хийдэг гэр бүл сард ердөө 3.3 удаа хурьцал үйлддэг байна.
Харин өрхийн тэргүүн эрчүүдийн хариуцах ёстой ажлаа гүйцэтгэдэг гэр бүл сард 4.7 удаа бэлгийн ажил хийдэг бол нөхрийнхөө өмнүүр орж бүхий л ажлыг хийдэг хосууд сард 4 удаа л секс хийдэг аж.
Хосууд долоо хоногт дунджаар 34 цагийг гэрийн ажилд зарцуулдаг. Үнэндээ түүний тал нь буюу 17 цаг нь эрчүүдийн хийх ёстой ажилд зарцуулагддаг. Таван хос тутмын нэг нь нөхрийгөө гэрийн ажилд туслуулдаг байхад судалгаанд оролцсон хосуудын талаас илүү хувь нь эрчүүд өөрсдийн хийх ёстой ажлыг гүйцэтгэдэг.
Гэхдээ энэ тал дээр бүр огт өөр үр дүн гаргасан судалгаа ч байдаг. 4500 хосын дунд явуулсан судалгааныхаа эцэст Үндэсний гэр бүл судлалын төвийнхөн нөхөр нь гэр орны ажилд оролцох тусам бэлгийн идэвх сайжирдаг гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Гэхдээ эл дүгнэлт “Америкийн социологийн тойм” судалгааг хийсэн Жули Брайнсын хийсэн дүгнэлттэй нийцэхгүй л болов уу. Түүний ахалсан судалгааны багийнхан гэрийн ажлаа хамтарч хийх нь гэр бүлийн бусад асуудалд эерэг сөрөг аль ч талаар нөлөөлөхгүй гэнэ.
Брайнсын таамаглаж буйгаар секс болон гэрийн ажил нь ямар нэг учир байдлаар бие биедээ нөлөөлөхгүй. Энэ нь зөвхөн тухайн гэр бүлийн гишүүдийн байр суурь, үзэл бодлоос л шалтгаалах гэнэ. Хүйсийн тэгш эрхтэй холбоотой асуудлаас үл хамаарч сексийн тухай баримтлал олон зуун жилийн турш мөрдөгдөж ирсэн тэр хэвээр орших болно хэмээн тэр таамаглалаа тайлбарласан байна.
Харин гэр бүлийн гишүүдийн үүрэх ёстой хамгийн чухал хариуцлагын талаар судалгаанд хэрхэн тусгагдсан юм бол. Судалгаанаас харахад хүүхэд асрах нь гэрийн аар саар ажилд хамаарахгүй аж. Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ үүргийг хариуцдаг хэдий ч сүүлийн үед хүүхэд асрах ажилд оролцох эрчүүдийн оролцоо эрс нэмэгдсэн. Тоон үзүүлэлт гэр бүлийн гишүүдийн хэн нь хүүхэд харах нь хосуудын харилцаанд нөлөөлдөггүй болохыг баталжээ. Мэдээж Брайнсын өгүүлсэнчлэн хүүхдээ хардаг нөхрүүд бэлгийн ажилдаа илүү идэвхтэй гэж дүгнэх аргагүй.
Үндэсний статистикийн төвийн 1992-1994 онд хийсэн судалгаанаас харахад тухайн үед гэрийн ажлын хуваарилалт хосуудын бэлгийн амьдралд нөлөөлдөггүй байсан бол орчин цагт энэ хамаарал өөрчлөгдсөн байх юм. Судлаач Брайнс ч үүнийг хүлээн зөвшөөрч буй. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд өөрчлөгдсөн бас нэг зүйл бол аавууд хүүхдүүдээ асрах ажилд илүү оролцох болсон явдал. Энэ нь орчин цагийн гэр бүлд байх ёстой хэвийн үзэгдэл мэт болтлоо өөрчлөгдсөн байх юм.
Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн судалгааны дүн цөөнгүй эрчүүдэд таалагдаж байгаа нь гарцаагүй. Харин тэдэнд хандаж судлаач Брайнс “Судалгааны үр дүнг харчихаад гэртээ хөл жийн суух гэх хэрэггүй. Хэрэв хоол хийх, гэр цэвэрлэх ажлаас хол байх нь бидний харилцаанд эергээр нөлөөлнө хэмээн ажлаас зугтах гэж байгаа бол үүний үр дүнд багагүй төлөөс төлж мэднэ” хэмээн сануулжээ.
Мэдээж сексийн харилцаа сайхан байна гэдэг бүх асуудлыг шийднэ гэсэн үг биш. Түүнчлэн өөр нэг судалгаа оройн хоолыг халуун ам бүлээрээ ширээ тойрон идэхийг төдийлэн чухалчилдаггүй гэр бүлийн харилцаанд зөрчил маргаан их байдаг аж. Мөн гэрийн ажлаас зугтдаг нөхөртэй хосуудын харилцаанд ч ийм сөрөг үр дүн ажиглагддаг. Мэдээж тэр хэрээр сексийн харилцаанд нь нөхрийн залхуу хойрго байдал сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Sunday, January 6, 2013

Төөрөлдсөн төрсөн өдөр



Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал төрсөн өдрийн баярыг онцгойлон тэмдэглэх нь хүүхдийг өөрийн гэр бүлдээ ямар чухал хүн болохыг нь мэдрүүлж, тэр хэрээр өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, бие хүн гэх ойлголтыг нь бататгаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах байдалд нь ч эерэг нөлөө үзүүлдэг гээд хүмүүжлийн хувьд ч олон давуу талтай. Тиймдээ ч бид хүүхэд хөгшдийнхөө төрсөн өдөр, насны ой зэрэг тэмдэглэлт баяруудыг чухалчилж, хүндэтгэл ёслол, баяр наадмын байдалтай өнгөрүүлдэг болсоор уджээ. Харин албан байгууллага,  хамтлагуудын төрсөн өдрийг жил бүр тэмдэглэх нь ямар ач холбогдолтой юм бол?
Албан байгууллагуудын хувьд ойн баяраараа багагүй төсөв гаргаж, ажилчид, харилцагчдадаа бэлэг барьдаг тул тэр бүр тэмдэглэх гэж улайрдаггүй. Үйлчилгээний байгууллагууд харин эл өдрийг овжин ашиглаж, менежментийн нэг хэлбэр болгон өөрт ашигтайгаар урвуулах нь түгээмэл. За тэр асуудлыг авч хэлэлцэхээ түр азная. Эл ойн ачаар хэрэглэгчид ч хөнгөлөлт, урамшуулал эдлэн сэтгэл хангалуун үлддэг бол үйлчилгээний байгууллагууд баяраа нэр хүндтэй бөгөөд ашигтай тэмдэглэн магнай тэнэгэр хоцордог аль алиндаа ашигтай баяр. Харин шил шилээ дарах хамтлагуудын төрсөн өдөр зах замбараагаа алдаж, өнөөх баярлах, баярлуулах үндсэн чигээс хэлбийж, зөвхөн өөрт ашигтай байдалд урвуулах өөдгүй хэлбэрт шилжээд байх шиг.
Зургадугаар сарын 24-ний өдрийг цээжинд хадагдаж, чихэнд хоногштол дуулж, төрсөн өдрөө хуанли дээр тэмдэглүүлэх дөхсөн “Камертон”-ыхны төрсөн өдрөөс эл баяр эхлэлтэй гэж хэлж болно. Цөөнгүй жил шил дарааллуулан тоглолт зохион байгуулж, “Үнэнч фэнүүдтэйгээ, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэхээр шийдлээ” гэх найрсаг тодотгол нь өнөөх өөрт ашигтай хувилбарыг өнгөлөн далдлах хамгийн ухаалаг шийдэл болж. Төрсөн өдөр хэмээн нэрийддэг нь ч учиртай. Үнэндээ байгуулагдсаны ойн баяр гэвэл зохих эл баяраа хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр байдаг төрсөн өдрийн баяртай нь уялдуулан холбох нь өнөөх өнгөлөн далдлалтын бас нэгэн хэлбэр. Камертончуудын эл ухаалаг менежментийг урлагийнхан өдгөө толгой дараалан хэрэглэдэг болж. Гэхдээ хуулбарлахдаа нэмж засварлан, сайжруулах биш, нэрийг нь ашиглах төдийгөөр бүр ч дордуулчихаж. Энэ онд гэхэд л “Номин талст”, “Sweetymotion” хамтлагуудын 15 жилийн ойн баяр нүсэр болж, араас нь “Киви” найман насны төрсөн өдрөө тэмдэглэнэ л гэнэ. “Lumino” тун удахгүй болох ойгоо угтсан 14 жилийн ойн парти зохион байгууллаа л гэнэ. Ойрын хэдэн жил ор сураггүй алга болсон “Ice top” ч өнгөрөгч онд 15 жилийн ойн баяраа хийчихсэн байх юм.
1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр “Boyz 2 men”, “Take That”-аас санаа авч “Салхи”, “Сүнс” гэх монголжуу содон нэртэй хамтлагууд төрж, тэдний араас “Камертон”, “Номин талс”-ынхан ч нэгджээ. Тэр ч байтугай өнөөх “East 17”, “U2” зэрэг нэрнийхээ аль нэгэн хэсэгт тоо оруулах моодноос ч монголчууд хоцроогүйн нэг баталгаа нь “Гайз 666”. Шоубизнесийн ертөнцийн төв дэх эргэлтүүдийг давтах үзэгдэл өдгөө ч Монголд үргэлжилсээр байна уу гэлтэй. “Spice Girls”, “Take That”, “Backstreet Boys”, “New Kids On The Block”-ийн эргэн нэгдэл, ойн баярыг онцгой тоглолтууд түүний тод жишээ нь.
Харамсалтай нь, тэд дахин нэгдэхийн давуу тал, ашиг хонжоог нь урьтал болгосноос биш үүрэг хариуцлага гээчийг нь гээгдүүлчихсэн бололтой. “Камертон”-ыхон гэхэд л эргэн нэгдэж шинэ дуу гаргана хэмээн дуншсаар өнөөх л “18 нас”, “Зүүд”, “Нулимсаа арч” гэх хуучны хитүүдээ л дахин дуулсан. Тэдний хажууд шоу бизнесийн өрсөлдөгч нарынхаа дунд эргэн нэгдсэн хэрнээ хамгийн залхуу хойргод тооцогдож буй “Spice Girls”-ынхон хуучны дуунуудаа дахин дуулсан “Greatest Hits” цомгоо гаргаад амжчихсан байх юм. Өнгөрөгч онд хоёр арваныг ардаа үдсэн рок попын ахмадуудын нэг гэдгээ ойн баяр-тоглолтоороо сануулаад амжсан “Сүнс”-ийнхэн ч таг чиг. Угтаа тэд тоглолтынхоо товыг гаргаж, зарыг тараахдаа “Энэ бол манай хамтлаг рок попын ертөнцөд эргэн ирж буйгаа харуулж буй нэг хэлбэр” хэмээн зарлаж түүнийг нь ч цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллага уламжилсан байх юм.
Өнөөх хип хоп парти хийнэ хэмээн амлаж, 14 жилийн ойн баяраа тэмдэглэсэн Lumino-ынхонд ч хамтлагийн ахлагчийнх нь хоёр жилийн өмнө гаргасан цомгууд, номыг нь эс дурдвал сүүлийн хэдэн жилд шинээр туурвисан бүтээл гээд нэр цохоод дурдчихаар зүйл үгүй. Тоглолтын хувьд ч парти гэх орчин цагийн чамин нэрээр чимсэн, зохион байгуулалт муутай цэнгээн болоод өнгөрсөн. Үзэгчдийнх нь дунд үнэнч фэнүүдээс нь илүүтэй өнөөх баасан, бямбын үдшийн соёлтой зугаа цэнгээнээ арай өөр хэлбэрээр өнгөрүүлчих гэсэн стресээ тайлагчид олон харагдсан. Бүр хэл мэдэхгүй, зүс хөндлөн харийнхан ч хаа сайгүй харагдах. Хөгжингүй оронд суралцаж, харийн соёлтой танилцсан хамтлагийнхны үзэл бодол, уран бүтээлд шимтэж ирээгүй нь шар толгойтнуудын биеэ авч яваа авир байдал, дэргэдүүр нь өнгөрсөн дэгжин охидтой “Сайн уу?” хэмээн хазгай муруйхан мэндчилэх байдлаас нь илэрхий.
Хамтлаг нь тарж бутарсан хэмээн цуу яриа дэгдэж, тэрийгээ ч батлах гэсэн мэт гишүүд нь ч тус тусын уран бүтээлээ хөөгөөд хоёр гурван жил өнгөрчихөөд байхад “Киви” бас л ойн тоглолт хийх гэнэ. Гэхдээ бүр тав, арав биш найман жилийн ойн тоглолт. Ойн баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал урлагийнханд байдаг ч рок попынхон шиг 8, эсвэл 14-өөр биш бүр гурав, тавыг ч алгасч “Backstreet Boys”-ынхон ирэх онд 20 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөж байх юм. Тэд эргэн нэгдсэнээс хойш ч зүгээр суугаагүй. 2003 оноос хойш “Never Gone” (2005), Unbreakable (2007), This Is Us (2009), TBA (2013) цомог, таван ч аялан тоглолт хийгээд амжчихсан байх юм.
Харь холынхныг тоодоггүй юмаа гэхэд хажуудах томчуудаас суралцах зүйл бидэнд их бий. “Инээмсэглэл” хамтлагийнхан гэхэд л жил бүр төрсөн өдөр гэж ташууралгүй 20 гаруй жил завсарласны эцэст 1980-аад онд дууг нь сонсож, даган дуулж, бишрэн хүндэтгэж явсан сонсогчдодоо жинхэнэ гэнэтийн бэлгийг барьсан. Тиймдээ ч үзэгчид нь бүтэн цагийн өмнө суудлаа эзэлж, үе үехэн алга ташиж тэднийг тэвдүүлэн, бас өөрсдөө ч суудал дээрээ өндөлзөн догдлон хүлээж байсан биз. Угтаа уран бүтээлчдийн, ялангуяа хамтлагийн ойн тоглолт гэдэг ийм л байх учиртай.
Өнөөх үе үехэн цуглаж, өгөх нэр олдохгүй болдгоос уу, үзэгчдийн татах овжин заль хэрэглэдгээс үү төрсөн өдөр гэх дотно тодотголтой тоглолтоо хийхийн тулд нэг хоёрхон дуу гаргасан болчихоод л  эргэн нэгдэж буйгаа зарласан атлаа ой өнгөрмөгц мөр мөрөө хөөдөг эмгэнэлтэй дүр зураг энэ салбарынхан дунд зуршил болоод үлдчих вий дээ. Хэв маягийг нь даган дуурайдаг эргэн нэгдэгсдийн жишиг ч тийм байдаг хэмээн биеэ өмөөрөх гэж байгаа бол “Take that” 2005 онд эргэн нэгдсэнээс хойш жил бүр сонсогчдодоо шинэ уран бүтээлээр бэлэг барьж, тэр ч байтугай хөгжмийн томоохон наадмуудад өрсөлдөн, түрүүлж шагналын цуваа нь өнөөдөр ч үргэлжилж байгааг сануулъя.
Ямартай ч хүссэн цагтаа цуглаж, хүний халаас руу шургалах гэсэн хүйтэн сэтгэл урлагийнханд байх учиргүй. Дуртай үедээ ойн баяр хийж, дурамжхан байвал хувийн бизнесээ эрхлээд таг чиг суучихад хэтийдсэн зан монголын рок попын салбарт хүчин зүтгэж явсан хожуу үеийнхнээс илрээд байх шиг. Дурсамж гэх нандин зүйлийг нь сэдрээх агуу хүчтэй урлагийг дур мэдэн ашиг хонжоо харж биш, жинхэнэ тоглолт гэнэтийн бэлэг, чанартай уран бүтээл л энэ салбарынхнаас төрөн гарах учиртай.

Monday, November 26, 2012

Чулуунд шингэсэн симфони


Буурал Европын жуулчдыг соронздон татдаг уран барилга, түүхийн дурсгалуудын уламжлал, хэв маягийн хэлтэрхий Улаанбаатарын уугуул барилгуудад ч бий гэвэл та итгэх үү? Дуурь бүжгийн эрдмийн театр, Драммын эрдмийн театр, Гадаад явдлын яам, Төв номын сан, Хөрөнгийн биржийн барилгуудын багана, гадаад засал эгээ л эртний Грекийн Парфеноны сүм, Зевсийн сүмийг санагдуулам. 

Архитекторууд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан нийслэл хотыг маань Европ хэв маягтай хэмээн дүгнэдэг. Эндээс Улаанбаатар хотын уран барилгуудад Европын уран барилгын хэв маяг хэрхэн уламжилж ирсэн юм бол гэх асуулт эрхгүй урган гарч ирнэ. Социализмийн үеийн Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа хэмээн шууд хариулж болох ч уг сурвалжийг ухвал бүр огт өөр баримт гарч ирдэг аж. Дэлхийн нэгдүгээр дайны үед ялагдсан герман, унгар, чехийн олзлогдсон цэргүүд Сибирьт хоригдож, тэдгээрийн зарим нь улс төрийн орогнол эрж, Богд хаант Монгол улсад дүрвэн ирж, амьдарч байсны дунд барилгын мэргэжилтнүүд ч цөөнгүй байж. Үүнийг гэрчлэх баримт 1970-аад оны хуучнаар Бүгд найрамдах ардчилсан Герман улсын нэгэн архитектурын сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. 1942 онд ЗХУ-п амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель Дуурь бүжгийн эрдмийн театрын зураг төслийг гаргасан тухайгаа эл сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Энэ үед баригдсан барилгуудыг неоклассицизмын урсгалд хамруулж болно. Учир нь ЗХУ-ын тусламжаар барьсан 1930-аад оны үеийн барилгуудын зураг төслийн ажлыг тус улсын архитекторууд хийж байсан аж. Эртний Грек, Ромын соёлын шууд тусгал болсон неоклассицизмийн үеийн барилгуудад өнөөх л эртний Грек, Ромын хэв маяг шингэсэн нүсэр том багана, дэлгэмэл гурвалжин бүхий дээврээр хашсан нүүр, жижиг хэсэг бүр бие биеэс алтан харьцаагаар хамаарагдах зэрэг онцлогууд тусгагддаг. Гадаад явдлын яам болон МУИС-ын байр, Төрийн ордны ард байх орон сууцны барилгууд, хуучнаар “Алтай” зочид буудал байсан хотын захиргааны байр, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг барилгууд энэ урсгал чиглэлийн шууд тусгал болсон байдаг.
Сонирхолтой нь Орос болон Германд төр засгийн сүр хүчийг илтгэхэд чиглэгдсэн архитектурын урсгал олон нийтийн барилга байгууламж төдийгүй орон сууцаны барилгад ч илт давамгайлах болсон нь манай улсын барилгын салбарт ч хүчтэй нөлөөлж. Үүний тод жишээ нь “Гутлын 22” хэмээн бидний нэрлэж заншсан орон сууцны барилга, Саарал ордны арын орон сууцны барилгууд. Гадаад засал төдийгүй дотоод өрөөний зохион байгуулалт, тохижуулалтыг нь авч үзвэл уг барилгууд классициизмын урсгалд хамаардаг аж. Классицизимийн урсгалын орон сууцны барилгууд тааз өндөр, тансаг, тохитой тухлаг байдлыг голчилсон байдаг нь “Гутлын 22” барилгуудын засалд тод харагдана. Эгээ л эртний Европын язгууртнуудын шилтгээн мэт зочны өрөөний гол цонхны хэсгийг гадагш төвийлгөн зохиомжилсон нь тансаг байдлыг бий болгохын зэрэгцээ орон зайн тэлэлт хийж, гэрлийн тусгалыг ч ихэсгэж өгсөн нь классицизмийн тухлаг хэмээн хэв шинжэд яв цав нийцнэ.
Суурин соёл иргэншил төвөөс тэлдэг зарчимтай. Тиймдээ ч ихэнх хотууд өөрийн төв талбайтай байдгийн жишгээр ардын хувьсгалын 25 жилийн ойноор буюу 1946 онд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг талбайн төвд байрлуулан, эргэн тойрныг соёл урлаг, засаг захиргааны барилгаар хүрээлүүлж, уран барилгын чуулган болгох төлөвлөгөөг зөвлөлтийн мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байдаг. Энэ дагуу өнөөгийн Сүхбаатарын талбайг хамгийн оновчтой буюу 250*250 метрийн харьцаа бүхий шийдэлтэй Парисын Зөвшилцлийн талбайгаас санаа авч, төв талбайг засаж зохижуулсан түүхтэй байдаг аж.
1960-аад онд барилгын салбар, тэр дундаа уран барилгад бас нэгэн шинэтгэл гарсан нь 1956 онд ЗХУ-д архитектур зардал ихтэй элдэв чимэглэлийг халж, хүн амд хүртээмжтэй барилга байгуулах тухай шийдвэр гарсантай шууд холбоотой. Барилгын явцад гарсан өргөтгөл болон гол багануудыг чимгэлэл болгон ашигладаг конструктивизмын зарчимд тулгуурласан барилгуудын тоонд Б.Чимэдийн зохиосон “Улаанбаатар” зочид буудлын барилга, Б.Дамбийнямын төсрөлөөр барьсан Урт цагаан үйлчилгээний төв, өнөөгийн Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн барилга, “Ард” кинотеатр, Спортын ордон, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, “Баянгол” зочид буудал болон 40, 50 мянгатын орон сууцны барилгууд ч орно.
Түүнчлэн улс төрийн сүр хүчийг барилгаар илэрхийлэх, коммунист үзэл суртлын бодлого болох баялгийг тэгш хуваарилах зарчим уран барилгад ч тод илэрсэн байдаг. Хрушевийн эл үзэл суртлын даалгавраар ЗХУ-д кино бүтээгчдэд шоглуулах хүртлээ хэвлэсэн юм шиг барилгууд баригдаж байсан нь манай улсад ч нөлөөлсөн. III, IV хороолол, I болон X хорооллын орон сууцны барилгууд бол энэ үеийн үзэл суртал барилгын салбарт нөлөөлж байсны гол баримт юм. Түүнчлэн улс төрийн сүр хүч далайцтай, асар том аугаа байдгийн адилаар тухайн үеийн барилгууд ч эрс сүр хүч нэмж, олон давхар болсон нь бий. Өндөр хоршоо хэмээгдэж байсан дэлгүүр ердөө л хоёр давхар байсан бол тухайн үед цөөн хүн амтай байсан нийслэлд Улсын их дэлгүүрийг долоон давхар барилгатай байхаар барьсан нь өнөөх сүр хүчний бас нэгэн илэрхийлэл.
Техник технологийн хөгжлийг дагаад барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. 1960-аад конструктивизм шингэсэн их бүтээн байгуулалтаас хойш сонгодог уран барилгууд баригдаагүй гэхэд хилсдэхгүй. Харин технологийн шинэчлэлийг чимэглэлд ашигласан эл урсгалын барилгууд сүүлийн үед олноор төрөх болсны тодхон жишээ нь Central Tower, Bly Sky Tower юм.

Зураг.

Классицизмийн буюу сонгодог урсгал ноёлж байсан 1930-1940-өөд оны үе. Неоклассицизмийн урсгалд хамаарах барилгуудын өрөө тасалгааны зохион байгуулалт, хөвөө, хана, багана болон жижиг хэсэг бүрийн харьцаанаас эртний Грек Ромын уран барилгын шууд тусгал ажиглагдана.

Энхтайваны гүүрний гол тулгуурыг чимэглэл болгон ашигласан нь конструктивизм чиглэлд шууд хамаардаг. Чимэглэлд илүү зардал гаргахгүйгээр, барилга байгууламжийг хүртээмжтэй байлгах нь конструктивизмын гол зарчим. Энэ үеийн барилгуудад Улсын их дэлгүүр, “Ард” кинотеатр, “Баянгол” зочид буудал, Урт цагаан үйлчилгээний төв, 40, 50 мянгатын орон сууцны барилгууд хамаарна.

Барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. Шууд угсардаг, ажиллагаа багатайн дээр барилгын үндсэн хана, цонх нь илүү чимэглэл, хэсэггүй, үндсэн үүргээ хадгалахын зэрэгцээ харагдах үзэмжээ ч тодотгодог хэмнэлттэй, ажиллагаа багатай эл төрлийн барилга сүүлийн үед ноёлж буй.

Шүдний өвчлөлийн буруутан нь хэн бэ?


Шүдний ломбо тавиулчихаад гэмших сэтгэгдэл төрж байна уу? Энэ бүх үр дагавар зөвхөн таны буруугаас болоогүй ч байж мэднэ. Зүгээр л таны хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн чинь хэтэрхий зөөлөн байж болох юм. Угтаа та бид яг л өвөг дээдэс шигээ хатсан мах л зажилж суух учиртай аж. 
Хойд Кэролинд болсон эрүү болон амны хөндийн эрүүл ахуй, түүний хувьсал хөгжил сэдвээр болсон бага хурлын үеэр мэргэжилтнүүд болон судлаачид, эрдэмтэд “Бидний хооллолтын байдал элэнц хуланцын үеийнхээс огт өөр болсон. Энэ нь амны хөндийн элдэв өвчлөл, шүдний гажиг түгээмэл болох үндсэн шалтгаан болж буй” гэх дүгнэлтийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Эл дүгнэлтийг Лондоны коллежийн биоархеологийн профессор Саймон Хилсоны эртний хүмүүсийн амны хөндийн судалгаан дээр үндэслэж хийсэн байна. Тэрбээр эл судалгааныхаа тухай “Антропологийн мэдээллүүдээс харахад бидний өвөг дээдсийн шүд илүү бат бөх байсан гэх дүгнэлт гардаг. Ингэхдээ бид зөвхөн чулуужсан олдворуудад шинжилгээ хийж түүнээсээ дүгнэлт гаргасан юм биш. Бүр саяхныг хүртэл тодруулбал газар тариалан эрчимтэй хөгжихөөс өмнөх үеийнхэнтэй адилхан хооллолттой 1950-аад оноос өмнөх үеийн бушменуудын анатомийн бүтцийг судалж, дүн шинжилгээ хийсэн” гэжээ.
Анчдаас тариаланч руу шилжих үе бүр 13 000 жилийн өмнө эхэлсэн нь хүн төрөлхтөнд шүдний эмгэг гэх бас нэгэн шинэ зүйлийг өгсөн. Аж ахуй эрхлэлтийн эл өөрчлөлтийн үр дүнд бидний хүнс илүү зөөлөн болж, эрүү чилтэл зажлах шаардлагагүй болсон байдаг. Энэ нь эрүүний бүтцэд шууд шөлөөлж, хүн төрөлхтний эрүү улам бүр жижгэрсэн байна.
“Бидний хүнс ердөө л жимс жимсгэнэ, мах, ногоо, үр тариа, самар гэсэн орцтой байсан бол өдгөө хэрэглэж буй хүнсний ихэнх нь шууд хэрэглэхэд бэлэн болгож боловсруулсан чихэр ихтэй, зөөлөн болж хувирсан” хэмээн Ньюкэстл их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн профессор Жимми Стил тайлбарласан байна.
Хамгийн эмгэнэлтэй нь эл хувьслын үр дүн энэ хэвээр цааш үргэлжилбэл хүн төрөлхтний бие махбодид дахин хувьсал гарч, бид шүдгүй болж мэдэх нь гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрээд буй.

Орсгой болох
Орсгой болох нь шууд хамааралтай байдаг шүд болон эрүүний харьцаа алдагдсантай холбоотой. Үүний нэг илрэл нь шүдний зуулт буруу байх явдал. Их Британид гэхэд л 12 настнуудын гурван хүүхэд тутмын нэгийнх нь шүдний зууль буруу байна гэсэн статистик баримт бий. Мэдээж энэ бүхний гол шалтгаан нь өнөөх эрүүний дасгал болох зажлах үйл явц багассаных.
Эртний хүмүүст ийм эмгэг бараг байдаггүй бай. Эртний Египетийн Фарао Акенатон (НТӨ 1353-1333) олдсон 94 араг ясыг судлахад тэдний нэгэнд ч ийм эмгэг илрээгүй байна.
“Египетчүүд ихэвчлэн ширхэг ихтэй зажлууртай хоол хүнс хэрэглэдэг байснаас тэдний дунд шүдний өвчлөл бага байсан гэж шууд дүгнэн хэлэх боломжтой. Хоол зажлуур ихтэй байх нь хүүхдийн шүд болон эрүүний хөгжилд эергээр нөлөөлөөд зогсохгүй, орсгой болохоос ч урьдчилан сэргийлдэг” хэмээн профессор Стил өгүүлжээ.

Шүд цөөрөх
Хүн дөрвөн агт араатай, нийт 32 шүдтэй байх ёстой хэмээн анатомийн хичээл дээр бид үздэг. Харамсалтай нь орчин цагт энэ тоо дунджаар 25.7 болон буураад байгааг эрүүл мэндийн салбарынхан судалгаагаар тогтоожээ. Учир нь эрүүний хөгжил муугаас амны хөндийн зай багасч, энэ нь шүдний тоонд шууд нөлөөлсөн байх нь. Ихэвчлэн 18-25 насныханд агт араа ургадаг байсан бол орчин цагт агт араа ургах нь бүр нүдний гэм болж.
“Энэ бүхэн нь өнөөх нь зажлах үйл явцаас үүдэлтэй. Эрт үеийнхэн махаа зажилж, энэ нь эрүүний ясны хөгжлийг дэмжин, бат бөх, том болгож, тиймээс ч өнөөх байх ёстой 32 шүд бүгд ургадаг байж” хэмээн доктор Картер тайлбарласан байна.
Гэхдээ эл эмгэгийг хөхөөр хооллохоос эмэгтэйчүүд татгалздаг болсонтой холбон тайлбарлах эрдэмтэд ч байдаг. Хөхөө хөхөх нь багачуудыг буйлны өвчлөлөөс сэргийлдэг гэж тэд үздэг.
Юутай ч Хойд Америкт 1920-1940-өөд онд амьдарч байсан индианчуудын 370 хүний ясанд судалгаа хийхэд шүд дутах, эсвэл муруй байх тохиолдол илрээгүй бол орчин цагийн хүмүүсийн дунд зуулт зөрөх, шүд дутах болон бусад ясны эмгэг цөөнгүй илэрсэн байх юм.
Буйлны өвчлөл
Буйл хавдах, үрэвсэх, халдварлах нь хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл. Насанд хүрэгчдийн тал хувь нь буйлны өвчлөлтэй байдаг аж. Бас л эртний хүмүүс ийм өвчин гэдгийг бүр мэддэг ч үгүй байсан гэхэд хилсдэхгүй.
Тайваний НТӨ 1800-500 оны үед амьдарч байсан хүмүүсийн биед шинжилгээ хийхэд амны хөндий, буйлны ямар нэгэн өвчнөөс шаналж байгаагүй нь тогтоогджээ.
“Буйлны элдэв өвчлөл бий болох шалтгаан нь мөн л хатуу мах, зажлууртай ногоо хэрэглэхээ больсонтой холбоотой. Эдгээр хүнс нь байгалийн оо болдог байж” хэмээн Картер эмч тайлбарлажээ.

Хорхойтох
Нас нэмэх тусам хөгшрөлттэй хамт сэтгэл зовниулдаг бас нэг өвчин бол шүд цоорох. Харин эртний хүмүүсийн дундах эл өвчлөлийг тоолбол таны нэг гарын таван хуруу хангалттай хүрэлцэнэ хэмээн профессор Хилсон сонирхуулсан. Гэтэл байдал өнөөдөр огт өөрөөр эргэсэн.
Их Британийн насанд хүрэгчдийн 55 хувь нь нэг ба түүнээс олон цоорсон шүдтэй байна гэсэн судалгаа бий. Бүр 15-аас доош насныхан ч хэдийнэ шүдний цоорол гээчийн зовлон амссан байх юм.
“Нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь амны хөндий дэх нян үржих таатай орчныг бүрдүүлдэг. Мөн амны хөндийн хүчиллэг байдлыг нэмэгдүүлж, шүд хайлах явцыг түргэсгэдэг” хэмээн Шүдний институтын профессор Филип Марш тайлбарласан.
Гэхдээ хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол хүнсэндээ чихэр ихээр хэрэглэдэг болсон явдал. Ялангуяа 1800-аад оноос эхлэн британичууд элсэн чихэр бол тансан хэрэглээ гэж үзэх болсон байна. Үр дүнд нь шүдний цоорол хүн төрөлхтний толгойн өвчин болж.

Тэгвэл бид юу хийх вэ?
Цөөнгүй эрдэмтэд эрүүний булчинг сайн ажиллуулж, зажлах үйлдлийг дөрвөн настай байхаас нь олон давтуулдаг болсноор энэ асуудлыг шийдэж болно гэж үзэж байна. Хатуу мах, үр тариа, зажлууртай ногоо хэрэглэх нь тустай гэж үзэх ч эрдэмтэн цөөнгүй байна.
Харин Картер эмч “Бүх төрлийн хүнснийхээ найрлаганд чихрийг аль болох оролцуулахгүй, гаазтай ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн ундааг хүйтнээр уух нь шүдийг гэмтээх явцыг багасгадаг. Чихрийн хэрэглээгээ багасгаснаар багагүй үр дүнд хүрнэ” хэмээн зөвлөжээ.

Тунхаглаагүй тусгаар тогтнол



Шинэ жил, ардын хувьсгалын ой, цагаан сар, олон улсын эмэгтэйтэйчүүдийн баяр, эх үрсийн баярын өдөр, монгол цэргийн өдөр... Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэндээ бид энэ баярын жагсаалтыг наймдугаар сарын 8-ныг аавуудын өдөр болгон зарлаж, даяаршилтай хөл нийлүүлэн алхаж буйгаа мэдрүүлэх гэж Гэгээн хайрын өдөр, Сүнсний баяр, Зул сарын буюу Христийн шашинтнуудын үздэгээр Есүсийн төрсөн өдрийг ч алгасалгүй тэмдэглэх болсон. Үүн дээр үндэсний бахархлаа зарлан тунхаглах Чингис хааны мэндэлсний ойн баяр нэмэгдэх нь тэр. Хачирхалтай нь харийн болон үндэсний, хамтын болоод цөөнхийн эл олон баярын жагсаалтаас тунхаглан, бахдан зарлах учиртай Тусгаар тогтнолын баяр гээгдээд хоцорчихов уу даа. 

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт БНХАУ бүх нийтээр долоо хоног амарч, хил  гаалиа хаадаг. Элдэв төрлийн барааны хомсдлын тухайд “Хятадууд долоо хоног амарч, хилээ хаасан” хэмээн наймаачид тайлбар тавихыг та сонсож л байсан байлгүй. Харин тэд юунд ийн ажлаа алдан найрлаж цэнгэдэг юм бол гэсэн асуулт төрж байв уу? 1949 оны аравдугаар сарын 1-нд тус улс Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаж, Тиань ань мений талбайдаа ёслол төгөлдөр баяраа тэмдэглэж байж. Түүнээс хойш эл өдрийг тусгаар тогтнолын баярын өдөр хэмээн тунхаглаж, жил бүрийн энэ өдрийг бүх Хятад даяар (Хонконг, Макауд ч тэр) ёслолын буудлага хийж, тоглолт зохион байгуулан баяр ёслол, хүндэтгэлийн байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
Яг л энэ жишгээр бид орчин цагийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан төрт улсын илэрхийлэл болсон анхдугаар үндсэн хуулиа 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталснаа “Тусгаар тогтнол”-ын өдөр хэмээн нэрийдэж, тэмдэглэлт баярын өдөр хэмээн хуанлин хуудаснаа улаанаар будаж, баярлах болсоор цөөнгүй жилийг ардаа үдсэн. Өвөө эмээ нарын бага залууд төв талбайд баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, үнэ цэнэтэй эл баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд бүх нийтийн амралтын өдөр, үндэсний бөхийн барилдаанаар л төсөөлөгддөг болсон нь өдгөө бүр үгүй болж байгаа юм биш биз.
Тусгаар тогтнолын баярын тухайд үндэсний хувцасны өдөрлөг, бөхийн барилдаанаас өөр төсөөлөл ойлголт маруухан шинэ цагийн залуус Зул сарын баяр, Валентиний өдөр, Сүнсний баярын талаар харин уртаас урт мэдээлэл хүргэж чадна. Тэд эдгээр баярыг хуруу даран хүлээж, бэлэг сэлт, хувцас хунараа хэдэн сарын өмнөөс бэлдэж төхөөрөх атал Тусгаар тогтнолын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар тоймтой ойлголт ч үгүй. Угаас бид залуу үедээ тусгаар тогтнолын үнэ цэнийг тунхаглан таниулаагүйгээс, эл баярын ач холбогдлыг үлгэрлэн үзүүлээгүйн үр дүн нь тэр.
Нөгөөтэйгүүр бид баярлах дуртай атал баярынхаа ач холбогдол үнэ цэнийг бус, зугаа цэнгэл, найрлаж наргихыг л илүүд үздэгийн хор уршиг энэ. Тиймдээ ч манайхаас бусад бараг бүхий л оронд нэн тэргүүнд тавьж, ёслол төгөлдөр тэмдэглэдэг, товчхондоо хамгийн чухал баяр нь монголчуудын хувьд их ажлаас түр холдож, амсхийх энгийн нэгэн амралтын өдөр төдий болон хувираад байсан.
Эл ээдрээт байдлыг бүр ч төөрөгдүүлж орхисон бас нэгэн зүйл бол арваннэгдүгээр сарын 26-ныг тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлох нь зөв үү гэх асуудал. Үнэхээр ч түүхчдийн өгүүлж буйгаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсон хэдий ч түүнээс өмнө буюу 1911 онд тусгаар улс болсноо тунхаглан зарлаж байсан түүх бидэнд бий.
“Богд Живзундамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үр дүнд хүрч, 1911 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон. Энэ үеэр Богд Живзундамба хутагтыг Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан дарийг “Улсын эх” хэмээн өргөмжлөн, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их хүрээг улсын төв “Нийслэл хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ” гэх өгүүлбэрүүдийг та түүхийн ном товхимол, сурах бичгүүдээс уншиж л байсан биз.
Түүхчид ч эл төөрөгдлийг арилган, Бүгд найрамдах хэмээх засаглалтай улс болсноо биш, туурга тусгаарласан өдрөө албан ёсоор баярлан өнгөрүүлэх тухай асуудлыг хөндөн хэдэн жилийн өмнөөс хэлэлцэж, Ерөнхийлөгчид Тусгаар тогтнолын баярын өдрийг эл өдөрт шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байжээ. Тиймдээ ч өнгөрөгч онд эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” хэмээн онцолж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Засгийн газрын шийдвэрээр эл өдөр бүх нийтээр амарч байж.
Гэсэн ч бусад орнуудынх шиг сүрдэм ёслолын буудлага, баярын жагсаал, тоглолт, үгүйдээ л өрх айл бүр баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх эл баяр өнөөх арванхоёрдугаар сарын 25-31-нд үргэлжилдэг Есүсийн төрсөн өдөр, он солигдох баярын сүр дуулианд дарагдан өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Өнөө жил харин үндэсний бахархал эзэн Чингисийн төрсөн өдрийн хүчтэй давалгаанд өнөөх уламжлал болгон тэмдэглэж ирсэн Тусгаар тогтнолын өдөр цохигдон үгүй болох нь тэр.
Бусдын эрх мэдэл, эзэрхэг ёсноос хараат бус, эрх чөлөөт ард түмэн гэдгээ ухамсарлан ойлгож, тусгаар тогтнол, бие даасан байдлын үнэ цэнийг таниулах чухал ач холбогдолтой эл баярыг зөвхөн Азид ч бус, Америк, Австри, Аргентин, Бразил, Куба, Грек, Унгар, Энэтхэг, Солонгос, Мексик, Польш, Швед, Швейцарь тэргүүтэй дэлхийн олонх орнууд баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг.
Америкт гэхэд л Их Британийн эзэнт улсаас салан тусгаарлаж, 13 мужаа өөртөө нэгтгэн өрх тусгаарласнаа тунхаг бичигт тэмдэглэн гаргасан 1776 оны долдугаар сарын 4-нийг түүхт баярын өдөр хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Эл өдөр баярын жагсаал, галын наадам, багт наадам, үзэсгэлэн яармаг, тоглолт, бейсболлын тэмцээн, гэр бүлийн уулзалт, баярын хүндэтгэлийн хурал зэрэг олон талт арга хэмжээ салбар бүрт өрнөдөг. Тиймдээ ч америк иргэн бүр эл баярыг тэсэн ядан хүлээж, чухал ач холбогдол өгч, товчхондоо бидэн шиг илээд өнгөрөх биш, жинхэнэ ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
Хөгжингүй орныхныг даган дуурайн хөл алдаж, данхайсан төсөвтэй далайцтай тэмдэглэхгүй юмаа гэхэд ядаж афганистанууд шиг дэлхийн өнцөг булан бүрт суугаа афганчууд баярлаж, төрийн тусгай ёслол үйлддэг, Финлянд шиг төрийн өндөрлөгүүд оролцсон албан ёсны арга хэмжээ зохион байгуулж, түүнийгээ орон даяар нэвтрүүлдэг байх сан. Гол нь найрлаж, наргиж цэнгэхдээ бус, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэндээ таниулдаг, эл баярыг элдвийн чамин нэр, сүржин тодотголтой гаднын баяруудаас илүү чухалчилдаг болгон иргэдээ төлөвшүүлэх нь баярын эрхэм зорилго байгаасай.
Бүгд найрамдах ч бай, Богд хаант ч бай хараат бус, бие даасан гэдгийг тунхагласан өдрийг л нэхэн сануулах учиртай тусгаар тогтнолын өдөр суутан, гавьяатан, алдартан, түүхт нэгний төрсөн өдөрт дарагдаад, нэр дурдах төдий өнгөрдөг элээх эгэл жирийн өдрүүдийн нэг болон бүү хоцроосой.


Monday, November 5, 2012

ТӨХӨӨРӨМЖӨӨ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН УУ?


Эвдэрч, элэгдэж, алга болж, хулгайд алдсан бол утас, зөөврийн компьютер гэх мэт өдөр тутмын хэрэглээ болсон төхөөрөмжөө шинэчлэхээс өөр аргагүй. Харин загвар нь хэдийнэ хуучирч, үеэ өнгөрөөсөн ч ажиллагаа нь хэвийн төхөөрөөмжийг загвар, хэв маяг хөөж солих шаардлагатай гэж үү гэсэн эргэлзээ танд төрдөг л биз. Цаг үеэ дагаж, шинэ соргог, технологийн дэвшлийг биеэр мэдрэх гэсэн хүсэлдээ бууж өгч, хэт ойрхон, үл анзаарагдам өөрчлөлт гарсан төдийд л хуучнаа шинээр солих гэж хэтэвч рүүгээ гар явуулдаг нэгэн ч байх.
Харин хэдийд төхөөрөмжөө солих нь илүү оновчтой юм бэ?
Харин би бол хамгийн түрүүнд тухайн төхөөрөмж тань хэдий хугацаагаар таны хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжтай байлгаж чадна тэр хүртэл шинэчлэх хүслээ түр тэвчихийг хичээдэг. Харин энэ талаар Gartner технологи судалграаны компанийн шинжээч Майкл Гартенберг “Ихэнх төхөөрөмжүүд 3-4 жилд бүрэн шинэчлэгдэж байдаг” гэж зөвлөсөн байдаг.
2008 онд гэхэд л зөөврийн компьютер нимгэн, хөнгөн болж хүмүүс өдрийн турш хүссэн газар руугаа зөөж явахад дөхөм болсон хэмээн Гартенберг онцолсон. Харин дэлгэц нь өнгөрөгч оноос л өндөр нягтралтай болж, нэгэн зэрэг хэд хэдэн аппликэшнийг саадгүй ажиллуулах боломжтой болсон аж. Гар утасны хувьд 3G болон 4G сүлжээнд шилжсэнээр зураг, бичлэгээ нэгээс нөгөө рүү шилжүүлэх боломжтой болсон.
Гол нь таны төхөөрөмжөө хэр ойрхон солихоос үл хамааран санхүүгийн байдалд тань хүндрэл учруулахгүй, эдийн засгийн хувьд та сэтгэл хангалуун байх нь чухал. Шинэ төхөөрөмжийн тань үнэ цэнэ ердөө хэдхэн цаг л таны сэтгэлийг баясгана гэдгийг бүү мартаарай. Миний туршлагаас харахад үнэ ихтэй төхөөрөмжийг ойр ойрхон солихдоо бид байнга хэрэглэх эсэхээ төдийлэн тооцоолдоггүй. Яг л хааяа нэг асаадаг зурагтаа байнга шинэчилж, баяр ёслолын үеэр л гаргаж хэрэглэдэг зургийн аппаратаа байнга солихтой адил.
Бидний өдөр тутам хэрэглэгддэг жижиг төхөөрөмжүүдийн байдал цаашид хэрхэн эргэхийг харъя л даа.
УХААЛАГ УТАС
Хэрэв та утсаа зам зуур явахдаа цахим шуудангаа шалгах төдийхөнд л ашигладаг бол гурван жилд нэг удаад л шинэчлэхэд хангалттай. Харин эсрэгээр та алхам тутамдаа ашигладаг бол жил бол эсвэл 20 сар тутам шинэчилбэл тохиромжтой.
Тоо бодъё л доо. АНУ-д гэхэд л хэрэглэгчид үүрэн холбооны байгууллагуудтай хоёр жилийн гэрээ байгуулдаг. Хүсвэл 20 сар тутам гэрээгээ шинэчилсэн ч болно. iPhone 5 эсвэл Samsung Galaxy S III шиг өртөг ихтэй (үнэ нь 200 доллараас эхэлдэг) утасны хувьд дагалдах үйлчилгээ зэргийг оролцуулан 2000 хүртэлх долларын гэрээ байгуулж болно. Тэгэхээр үнийн дүнгийн 10 хувийг л төхөөрөмжинд зарцуулж байна гэсэн үг. Гэхдээ та ямар утас хэрэглэж байгаагаас үл хамаарч хэрэгцээтэй үедээ л гар утсаа шинэчилж болно.
Энэ үүднээс авч үзвэл хямд утас барьж хэдхэн долларын зөрүү гаргах нь үнэндээ тийм ч ухаалаг сонголт, хэмнэлт биш.
Технологи сонирхогчид жил бүр гар утсаа шинэчлэхийг илүүд үздэг. AT&T-ын хэрэглэгчид гэхэд л гэрээ байгуулсан үйлчлүүлэгчдийн тэн хагас нь жилийн дараа гэрээгээ шинэчилж, 200 долларын үнэтэй ухаалаг утас сонгодог. Зэвүүцмээр сонсогдож ч болох. Гэхдээ би гар утас хэрэглэж эхэлсэн цагаасаа хойш зөөврийн компьютерээс илүү утастайгаа нөхөрлөх болсон. Энэ нь 16 цагийн багцтай хэрэглээг сонгосон үед цаг тутам 10 цент үйлчилгээний хөлснөөс хэмнэж байна гэсэн үг.  Би зөвхөн утастай амьдарсан ч чадна.
Сэрэмжлүүлэх нь: Үүрэн холбооны байгууллага бүрт өөрийн гэсэн дүрэм журам, тогтсон хэв маяг, үнийн санал байдаг. Тэгэхээр юуны өмнө үйлчлүүлдэг байгууллага руугаа залгаж, утсаа шинэчилбэл ямар зардал гарах талаар лавлаж асуугаарай. Хамгийн түрүүнд мөрдөх дүрэм бол та хэн нэгний төлдгөөс хоёр дахин илүшүг утсаа шинэчлэхийн тулд төлөх шаардлагагүй.
Эцэст нь, хэрэглэж байсан утсаа зарах боломж цар хүрээ өргөн бий. Тиймээс хуучин гар утсаа цахим худалдаа ашиглан борлуулж,  шинэ утасныхаа үнийн тал хувийг ч болтугай олох боломж бийг санаарай.
ТАБЛЕТ
Унших, кино үзэхэд тохиромжтой сонирхолтой төхөөрөмж бол Таблет. Миний хувьд цөөн хэдэн шалтгааны улмаас энэ төрлийн төхөөрөмжөө шинэчлэх гэж яарсны хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.
Юун түрүүнд тэд бараг бүгд адилхан. Apple-gossip цахим хуудсыг үндэслэгч Арнольд Кимийн хэлсэнчлэн iPad-ын шинэ загвар бүр өмнөхөөс төдийлэн өөрчлөлтгүй байдаг. Анхны iPad бол тун сайн хувилбар юм шүү.
Хоёрдугаарт iPad болон Kindle Fire HD бараг л боломжийн ухаалаг утас, зөөврийн компьютертэй дүйцэхүйц 300-500 долларын үнэтэй байдгийг сана. Гэсэн атал ухаалаг утас шиг авсаархан биш, зөөврийн компьютер шиг олон үйлдэлтэй биш. Эдгээрээс хамгийн бага хэрэглэгддэг нь таблет гэдгийг би олон хүний жишээнээс харсан юм.
Эцэст нь үнийн талаар дахин ярилцъя. Хэрэв та 500 долларын iPad-ыг долоо хоногт ердөө л гурван цаг хэрэглэдэг бол цагт нэг доллар зориулсан төхөөрөмжөө гурван жилийн дараа л солих тухай бодсон нь дээр. Энэ тоо таныг бухимдуулж байж мэдэх юм. Би гэхэд л хогийн сав руу цаг тутам нэг доллар хаяж байхаар унших, кино үзэх гэх мэт хэрэгцээгээ өөр төхөөрөмж дээр хангахыг илүүд үзнэ.
ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР
Хэрэв та компьютерийн өмнө өдрийн турш суудаг сая сая хүмүүсийн нэг бол зөөврийн компьютерээ гурван жил тутам нэг удаа л сольж байгаарай. 1500 долларыг компьютер авахад зарцуулдаг бол ингэж ашигласнаар цаг тутам 15 цент л зөөврийн компьютерээ хэрэглэснийхээ төлөө өгсөн гэсэн үг болно.
Гэхдээ өөр нэг түлхүүр бий. Компьютерүүд ихэвчлэн хоёр жил тутам шинэчлэгддэг. Стандарт компьютер цөөнгүй хэрэглэгчид тухтай байх нь бий. Зарим нь төхөөрөмжийнхөө хурдыг урьтал болгож, түүнээс шалтгаалан ажил нь урагшилдаг байхад YouTube,  Facebook-ээс хэтрэхгүй хэрэглээтэй нь стандартыг илүүд үзэх жишээтэй.
Заримдаа бүхэлд нь биш эд ангиуд нь шинэчлэх шаардлага гардаг. Хурдыг нь сайжруулахын тулд хатуу дискнийх нь багтаамжийг ихэсгэх, эсвэл диск тоглуулагчийг нь шинэчлэн сайжруулах гэх мэт цөөнгүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд эргэлзэлгүй шинэчлэл хийх нь зүйтэй. Хэрэв дассан программаа илүүд үздэг бол шинэчлэх гэж яарах хэрэггүй. Хуучин программууд тань таны хэрэгцээг хангаад л байгаа бол та программын шинэчлэлээс татгалзсаныхаа төлөө 100 доллар хэмнэнэ.
ЭЦЭСТ НЬ
Хэн ч төхөөрөмжөө шинэчлэхийг хүлээн гуниглан суухыг хүсдэггүй. Бид бол шилдгийг худалдан авахыг хүсдэг хэрэглэгчид. Гэхдээ та төхөөрөмжөө шинэчлэхийн төлөө амралт зугаалгынхаа мөнгөнөөс, чанартай хувцас авах, тухтай амрах ор худалдан авах мөнгөнөөс хумслах хэрэггүй. Хэрэв төхөөрөмж тань эвдэрч, хулгайд алдагдаж, гээгдээгүй л бол шинэчлэхээ түр хойшлуулсан ч болох шүү дээ.

Шинэ цагийн нийгмийн гамшиг



Чингисийн үр удам хэмээн цээжээ дэлдэх дуртай монголчууд бид тун удахгүй бас нэг тоон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх хандлагатай байна. АНУ-ын гэр бүл судлалын төвөөс 2004 онд гаргасан судалгаагаар гэр бүл цуцлалтаар 29-т жагсаж байсан бол энэ жил эхний арав руу огцом дэвшжээ. 

Мянган хүн тутамд хэдэн гэр бүл цуцлалт ноогдож байгаагаар арав гаруй жилийн өмнө улс орнуудыг жагсаасан эл статистикт монголчууд 0,37 хэмээн хариулж байж. Харин энэ оны эхний гурван улирлын байдлаар гэхэд л энэ тоо үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд буюу 1,5 болтлоо суга өссөн байх юм. Харамсалтай нь энэ тоон үзүүлэлтийг цаасан дээр бичиглэсэн гэрээ, шүүхийн шийдвэр төдийхнөөр бус бодит амьдрал дээрх тоон үзүүлэлтээр гаргавал бүр ч өсөх нь дамжиггүй. “Хамтран амьдрагч” гэх хөгжингүй орнуудтай хөл нийлүүлж буйгаа батлах хачин маягтай нэр томъёогоор өөрсдийгөө гоодсон хосууд өнгөрөгч оны байдлаар гэхэд л найман гэр бүл тутамд нэг ногдож байх юм. Гэр бүлийн үнэт зүйлс гээчийн хэдийнэ умартаж орхиод цаасан дээр дансгүй өрх нэмчихсэн эдгээр хосуудын хэд нь нийлж, хэд нь салж байгааг бодитойгоор тооцох аргагүй. Товчхондоо гэр бүл болох, салах асуудалд хосууд гэртээ тоглон суух хүүхдүүдийн наадгай адил хандаж, өнөөх улсын үндэс хэмээгддэг гэр бүл гэх нэгж төд мөдгүй мартагдах шинжтэй.
Хосуудын хоорондын асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбон дэвэргэлээ хэмээн хойш тавих гэж байгаа бол түр азнаарай. Зөвхөн он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 415 бүртгэгдэж, хэдийнэ 41 хүний амийг авч одсон бол, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар монгол хүний гэнэтийн үхлийн шалтгааны хоёрдугаарт хүчирхийлэл, гэнэтийн осол бичигдсэн байх юм.
Хөгжингүй орнуудад халдлага, томоохон гамшиг сүйрлийн үед тэмдэглэгддэг нас барсан хүний тоо манай орны гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын тоотой дүйж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсний нэг илрэл биш гэж үү. Цаашилбал гэмт хэрэгтнүүдийн 70 хувь нь тогтворгүй гэр бүлд өссөн, нийт гэмт хэргийн 86 хувь нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалтаас үүдэлтэй байгаа гээд олон арван тоо баримт дурдаж болно. Товчхондоо гэр бүл гэгч нэгжийн асуудлыг хойш тавьсанаас гэмт хэргийн өсөлт гаарч, тэнэмэл орон гэргүй хүүхдүүдийн тоо өсөж, ирээдүйн иргэд болсон бяцхан үрсийн маань хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна.
Сайн эзэгтэйн тухай уламжлалт ойлголт, түүнийг таслан зогсоож, гэмтнүүдийг гэсгээх ёстой хуулийн заалт амьдралаас дэндүү хол хөндий байдаг нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, толгойг нь илэх гол шалтгаан болдог хэмээвэл хэтийдсэн болохгүй.
Нүүдэллэн амьдарч байх ахуйд өрхийн тэргүүн адуу малаа оторлуулах, алдсан малын эрэлд мордох гээд л гадуурх ажлаа амжуулж, эзэгтэй нар хүүхдээ асарч, хүмүүжүүлэх, сүү сааль гээд л гэрийн дотоод ажлыг хийдэг байсан хуваарилалт суурин иргэншилд шилжээд хэдийнэ гурван зууныг ардаа үдэж буй XXI зууны метрополис хэмээх сүрдмээр тодотголтой залуучуудын амьдралын хэв маягт ч амь бөхтэй зууралдсаар л байх юм. Угтаа эрчүүд, бүсгүйчүүдийн аль аль нь амьдралаа тэтгэхээр ажил хийж, нэг ёсондоо гэрийн гаднах ажилд хамтран зүтгэдэг болсон өнөө цагт гэрийн дотоод асуудалд ч ажил үүргийг тэнцүү хуваарилах нь өнөөх энэ зууны эхнээс монголчуудын дунд эрчимтэй хэлэлцэгдэх болсон тэгш эрх гээчийн бас нэгэн үзүүлэлт байлтай. Гэхдээ аргаа түшин амаржиж хэдийнээс хат суусан монгол бүсгүйчүүд гэрийн дотоод ажил төдийхэнд түүртэн хөгжингүй орнуудын цэмцгэрхэн хатагтай нар шиг ажлын хуваарилалтын тэнцвэргүй байдалд гомдоллож, энэ асуудлыг хөндөж, сөхөж байсан удаагүй. Тэр ч байтугай “Зодсон юм биш ээ. Ганц удаа л алгадсан” гээд хүчирхийллийг хүний эдлэх ёстой нэгэн үйл юм шиг санаж, хүчирхийлэгчийн үйлдлийг өмгөөлөн суух хүлцэнгүй байдлыг гэр бүл судлаачид номлож “Нөхөр нь өөр эмэгтэй дагаад явсан бол эхнэрийнх нь арчаагүйнх. Орой ирэхэд нь уурлаж, бухимдах шалтаг гаргахгүй бүхнийг жин тан, яс тас хийсэн байх нь эзэгтэй хүний үүрэг” хэмээн мунхруулах нь ердийн үзэгдэл. Нэг үгээр хэлбэл бид өөрсдөө гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, хэт даврагчдыг хөөргөдөн, эхнэр, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насанд заналхийлэх боломжийг олгодог.
Харин үр дүнд нь... Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн халдлагад өнгөрөгч онд гэхэд л 28 хүүхэд өртөж, 3 хүүхэд тутмын хоёр нь гэртээ амар тайван байж чаддаггүй байх жишээтэй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаагаар 21 аймагт хийсэн судалгаагаар хамрагдсан 1100 хүүхдийн 63.73% гэр бүл дэх хүчирхийллийн гэрч болж, талаас илүү хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон байх юм. Эмэгтэйчүүдийн хориход нөхөр эсвэл хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн 70% нь эр нөхрийн хүчирхийлэл дарамтад байснаас сэтгэл санааны дарамтад орж, гэмт хэрэг үйлдсэн байдаг гэсэн тооцоо ч бий.
Сэтгэл сэрдхийлгэм энэ олон тоо хаалга бүрийн цаана нуугдаж буй бэлгийн, биеийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн бодит тоо баримт болж чаддаггүй нь бүр ч харамсалтай. Эх хүний энэрэнгүй ууч сэтгэл, өнөөх гэр бүл судлаач гэх мундаг сэтэртэй хүмүүсийн эр нөхрийгөө дээдлэх мунхруулга, гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн тухай мэдээлэл хангалтгүйгээс тэдний олонх нь хүнд төмөр хаалганы цаана хүлээтэй, дараастай хэвээр хэнд ч мэдэгдэлгүйгээр үргэлжилсээр л байдаг.
Өнөөх бүсгүйчүүдийг бүрэн бууж өгөх ёстой гэсэн суртал ухуулга, монгол эмэгтэйн хатан ухаан гэх чамин сэтэртэй номлолоороо хүлж, баглаж хүмүүжүүлчихээд, хүчирхийлэл газар авч, хохирогчийн биед ноцтой гэмтэл учруулах хүртэл даамжруулах боломжийг олгодог нь хэтрүүлэг биш. Нэг удаагийн гар хүрэх явдлыг уучилж хэлтрүүлээд нэлээн хэд болоод, даамжирч, даврахын цагт даръя гэсэн ч боломж үгүй, зугтъя гэсэн ч газар байхгүйн гайгаар хэдэн хүнээр “тахил өргөж” байж энэ асуудалд анхаарал хандуулах ёстой юм бэ.
Суртал ухуулгад хууртаж, сэтгэлээ тайтгаруулж явсан хохирогчийн гомдол цөхрөл барагдах үед цагдаагийн байгууллага “Гэр бүлийн маргаан” хэмээн гэмтнийг оодруулах нь ч бий. Угтаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн есдүгээр зүйлд цагдаагийн байгууллага хүчирхийлэлтэй холбоотой гомдлыг хүлээн авч бүртгэхээс эхлээд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах хүртэл арга хэмжээ авах учиртай. Нөгөөтэйгүүр хохирогчийн хамгаалах сайн хөгжөөгүйгээс Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалах байранд долоо хүртэл хоног байлгаж, цаашид хэрхэхийг хувь заяанд нь даатгах тохиолдол ч түгээмэл.
Гэр бүлийн хүчирхийлэл төдийгүй замбараагаа алдсан гэр бүл төлөвлөлт, цуцлалтын асуудалд ч анхаарал хандуулж, гэр бүл гэх үнэт нэгжийн нэр хүндийг өсгөх тал дээр холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, ажил хэрэг болгох цаг хэдийнэ болсон. 18 нас хүртэлх хүүхдүүд 2006 онд 175 эрүүлжүүлэгдэж байсан бол 2011 онд 1416 болтлоо өссөн. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн тоо буурсан ч тэдний арга нарийсч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байгааг судалгаагаар гаргажээ. Түүгээр барахгүй ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн хүчин зүйлээс гадна хүүхэд багачуудын гэмт хэрэг рүү түлхэж буй хамгийн гол хүчин зүйл нь гэр бүлийн таагүй, тогтворгүй байдал гэдгийг судалгаагаар гаргачихаад байна.
Өнөөгийн гэр бүлийн тогтворгүй байдал 15-20 жилийн дараахь нийгмийн тогтворгүй эмч замбараагүй байдлыг ул үндэс нь гэдгийг хөгжингүй орнууд хэдийнэ анзаарчихаад эл асуудлыг хууль түүнийхээ бодитой хэрэгжилтээр шийдэж, зохицуулж байх юм. Ирээдүйн иргэнийг бэлтгэх хамгийн чухал орчныг амар тайван, тогтвортой байлгах нь ирээдүйд хийж буй бидний хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймдээ ч гэр бүл төлөвлөлт, түүний тогтвортой байдлыг шийдчихсэн орнуудын хөгжил харьцангуй тогтвортойгоор өсөн нэмэгдэж байна.

Sunday, October 28, 2012

Урлагийнхныг ашиглах уран арга


Нэгэн цагт болхидуухан зураглалтай хэдэн зургийн эвлүүлэг, нуршсан тайлбартай реклам төдийхнөөр төсөөлөгдөж байсан сурталчилгаа өнөөдөр пи ар, маркетинг, сурталчилгаа болон салбарлан хөгжиж тэр хэрээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагаа сурталчлах далд хэлбэр, арга өдрөөс өдөрт улам нарийсч буйн гэрч нь бид болж байгаа билээ. Харамсалтай нь дүрмээс гажих өнөөх өвөрмөц ухаан мөн л энэ салбарт бараан сүүдрээ тусгаж, үзэгч, хэрэглэгч төдийгүй зэргэлдээх салбарынхнаа ч хэлмэгдүүлэх боллоо. 

Тухайн үедээ залуусыг байлдан дагуулж байсан “The Pussyсat Dolls”  хамтлагийн дуучин Николь Шерзингер эх оронд маань ирж, ая дуугаа өргөнө гэсэн эхний мэдээ энэ шинэ маркетингийн бодлогыг эхлэлийг тавьсан. “Ирмүүн” агентлаг “Космополитан” сэтгүүлийн Монгол хувилбарыг хариуцан гаргаж, олон улсын хэмээгдэх нэр хүндтэй сэтгүүлүүд Монголд хөл тавих эхлэлийг тавьсан гавьяатнууд. Харамсалтай нь түүнийхээ зэрэгцээ үзэгчид ард иргэдийн сэтгэлийг хий хөөргөдөн, хүүгээ бэрсэд тавьж ноёныг мадлах сэргэлэн тактик хэрэглэсэн нь сийрэг толгойтнууд. Хэдийгээр тэд шоубизнесийн ертөнцөд цахиур хагалаад байсан дуучныг ирж чадахгүй болсон тухай тоглолт товлогдсон хугацаанаас хэдхэн цагийн өмнө тайлбарласан ч, үнэмшил муутайхан шалтгаан нь үзэгчдийг итгүүлж дөнгөөгүй. Тухайн жилийн цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, цочир хүйтрэлийн талаар халуун намраар эрдэмтэд зарласаар байтал гэнэтийн хүйтрэл, цасан шуурганд балмагдсан дуучин жавар тачигнаж буй Орос, Германаар дайрах нислэгээр Монголд ирэхээс татгалзсан юм байх. Бүр сонирхолтой нь тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө дуучны Facebook хуудсанд хуваарьт ажлынх нь товыг зарлахад Монголд очих талаар үг өгүүлбэр байгаагүй нь иргэдийг эргэлзүүлж, итгэлийг нь алдсан зохион байгуулагчид руу дайрч давшлахад хүргэсэн биз. Үнэндээ ч өнөөдөр төлөвлөөд л маргааш тоглочихдог гэнэтийн сюрпризээр дүүрэн ажлын хуваарь манайхаас өөр оронд үгүй. Тэр ч байтугай дэлхийн тавцанд өрсөлдөж буй эрхмүүдийн ажлын хуваарь жилийн өмнө гарчихдаг талаар мэдээлэл, мэдлэг сайтай үзэгч, хөгжим сонирхогчид хэдийнэ мэдчихээд өнөөх ирнэ гэж амлаад байсан эрхмүүдийн цахим хуудсаар зочилж, үзлэг шалгалт хийгээд үнэн мөнийг олоод амжчихсан байгаа юм.
Үймээн дэгдээсэн ирэх, ирэхгүйн талаарх мэдээллүүд үзэгчдийг талцуулж, нэг хэсэг нь Николь Шерзингерийн ямба маягийг гайхан шагшиж, нөгөө хэсэг нь “Ирмүүн”-ийнхний овсгоо самбааг гайхаад, хэл амаа билүүдээд өнгөрснөөс цаашгүй. Тоглолт ч болдгоороо болж, сэтгүүл ч хэвлэгддэгээрээ хэвлэгдэж, үр дүнд нь үзэгчид сэтгэл санаа, эдийн засгаар, дуучин нэр хүндээрээ хохироод үлдсэнээс зохион байгуулагчид томоохон сурталчилгааг багахан өртгөөр хийж, оносон уу гэхээс алдсан зүйл багатай үлдсэн. Ингээд л ямар ч хариуцлага тооцдоггүй, алдагдалгүй, асар том далайцтай сурталчилгаа болсон эл шинэлэг арга бизнес эрхлэгчдийн тархинд оч харвуулан дараагийн хувилбаруудын талаарх төсөөлөл, төлөвлөгөө гаргуулсан байхыг үгүйсгэх аргагүй.
Ингэж хардах шалтгаан ч бий. Учир нь өнгөрөгч өвлийн бас нэгэн дуулиан залуусыг цөсийг хөөргөж, бяцхан хүлээлт үүсгэж дөнгөсөн. Солонгос залуусын “Big bang” хамтлагийг Монголд урьсан, хамтлагийн гишүүн T.O.P Монголд ирэх талаар мэдээлэл хэвлэл, цахим хуудсуудад цөөнгүй гарсан боловч тэдний бараа сураг ч үзэгдээгүй. Түүний араас бас нэгэн дуулиан шуугиан. Сүүлийн үед уран бүтээлүүд нь хит болж, хип хоп сонирхогчдын анхаарлыг татах болсон рэппер Pitbull Монголд тоглох нь. Энэ удаад мөн л тоглолтын тов гарч, тасалбар нь ч худалдаалагдаад эхэлсэн. Үндэсний баяр наадмын дараахан хөгжим сонирхогчдыг Төв цэнгэлдэх хүрээлэнд цуглуулах тоглолт үндсэндээ залуусын энэ ярианы гол сэдэв болж, өнөөх жил бүр л болдог үндэсний барилдаанаас илүү донжтой хувцасладаг куба гаралтай дуучныг дэргэдээс нь харах ганц удаагийн боломж 20-иод наснынхны анхаарлыг татаад байв. Тоглолт болох өдөр ойртсоор л... Гэтэл зохион байгуулагчид алдартныг ирэх хугацаагаа хойшлуулсан хэмээн зарлах нь тэр. Тоглолтын шинэ тов гаралгүй алдарт маргаашийг ардаа гээсээр “Байгууллагаа сурталчлах гэсэн башир арга” гэх үзэгчдийн бухимдал аажимдаа дарагдаж, хичээлийн шинэ жил, ажлын ачааллын үе ихсээд асуудалдаа түүртсэн олон амлалтаа биелүүл хэмээн шаардахаа ч умартсан. Цаг хугацаа бүхнийг анагаадгийн үлгэр тэр.
Гэхдээ бас зохион байгуулагчид бүгд л үзэгчдийг даллуураар даллаж, эгээ тарвага адил хошгоруулсан юм гэвэл өрөөсгөл болох биз. Энэ сарын 20-нд Спортын ордонд тоглолтоо хийсэн “Onyx“ дэлхийн тавцанд өрсөлдөж буй уран бүтээлчид Монголын тайзыг гололгүй ирж болохыг биечлэн харуулсан. Өнгөрөгч зууны сүүлчээр хип хопчдыг байлдан дагуулж байсан алдарт рэпперүүд энэ төрлийн эрхэмлэн хүндэлж, үүх түүхийг нь судалж, үзэл суртлыг нь дэмждэг залуусын цөсийг хөөргөхөөр товлосон хугацаанд ирж, амласан тоглолтоо ч үзүүлсэн. Харамсалтай нь шинэ зуун гарсаар шинэ уран бүтээл тоотой хэд гаргаж, нэг ёсондоо үеэ өнгөрөөсөн хамтлагийн үнэ цэнэгүй хамтлагийнхныг голсноос ч тэр үү, ул болж мартагдсан хуучин хэв маягийг үл ойшоосноос болоод ч уу үзэгчид хип хопын домог хэмээгдэгчдийн сэтгэлд хүртэл цуглаж чадсангүй. Үзэгчдээ голсон рэпперүүд үг хэлээ хурцлаад, буудал руугаа буцаж мордсон талаар ч сэтгүүлчид ам булаалдан бичсэн. Тэр ч байтугай сэтгэл хөөрсөн залуусын дахиулах гэсэн алга ташилтаас залхсаных уу, зах зээл багатай оронд зам зуур буудалласандаа бухимдсанаас ч тэр үү ууж байсан усны саваа үзэгчид руу өшиглөж зүггүйтсэн талаар ч цахим хуудас, хэвлэлүүдэд гарсан сурвалжлагаас олоод уншчих боломжтой. Товчхондоо тоож ирсэн нь үеэ өнгөрөөж өнөө цагийн шоу бизнесээс шахагдсан хэрнээ хэрээ мэдэхгүй биеэ тоосон хэдэр зантай хэдэн (үнэндээ хоёрхон) рэппер байж л таарч.
Олны танил эрхмүүдийг, дэлхийд данстай оддыг тэр дундаа урлагийнхныг хэлмэгдүүлсэн энэ шинэ давалгаа бүр эртнээс эхэлсэн гэж үзэж ч болох. Гудамжнаа хаа сайгүй таарах хэзээний танил дотно зурагт хуудсууд баримт нотолгоо нь. Тэр ч байтугай алдарт жүжигчин Жет Лиг авчраад кинондоо тоглуулчихсан адтай хүмүүс, бид. Энэ мэт жишээг эрэн сурвалжлаад байх ч шаардлагагүй. Та ч бас танил дотно дүр төрхтэй таарч л явсан байх. Эцэст нь бид эзэн Чингисийнхээ нэрийг худалдаж иддэг байсан үеэ ардаа орхисон гээд давуу талыг нь бас дурдаад өнгөрөх нь зүйтэй. Түүнийхээ оронд дэлхийд данстай оддыг маркетинг, сурталчилгаандаа ашиглан, даяаршлагдах моодыг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлж буй мэдрэмжтэй иргэд гээд хөөрөгдүүлсэн ч болох.

Sunday, October 14, 2012

Хатан зоригтнууд


Хатан зоригтон гэхээр л хамгийн хүчирхэг, эрэлхэг, тэмцэгч, товчхондоо хүний дээд хэмээн төсөөлөгддөг. Алдарт жүжигчин Мел Гибсоны найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Хатан зоригтон” гэх кино ч энэ үгийн утгыг багагүй өндөрт өргөсөн биз. Өөдөсхөн үрээ бүдчин унахад нь өвдөг нь шалбараа болов уу хэмээн түгшин гүйж очдог эцэг эхчүүдтэй харьцуулахад алгын чинээхэн үрээ амь эрссэн энэ нийгэмд эр зориг, авхаалж самбаа гарган сургуульдаа очих хүндхэн даалгавар тохоон томилдог асран хамгаалагчдыг бас нэгэн төрлийн “хатан зоригтнууд” гэлтэй. 

Арваадхан алхам явахаасаа түвэгшээсний гороор алаг үрээ үүрд алдчихсан харамсалтай хэрэг энэ онд орон нутагт гарсан байх юм. Голын цаанатай байрлах цэцэрлэгт нь хүүхдээ хүргэж өгөлгүй, гол гаталгаад л ээж аав хоёр нь буцаж. “Өөрөө дэгдээд гүйчих” гэх өнөөх л хайрхамжгүй үг үрийнх нь амийг авч одно хэмээн хэн санах билээ. Цэцэрлэг тухайн өдөр ажиллаагүй тул жаал ганцаар буцахаас аргагүй болж, гэртээ харих замдаа голд живсэн аж. Тэр ч байтугай өөрсдөө дулаан хөнжилдөө дугжирч байгаад хөлд орж буй бяцхан үрээ осгоочихсон хэрэг энэ оны эхээр нийслэлд гарчээ. Ээж, аавынхаа унтаж байх үеэр жаал гэрийнхээ хаалгыг онгойлгон гартал үүд нь түгжигдчихэж. Өвлийн тэсгим хүйтэнд даарч бээрч, айж эмээсэндээ аврал эрсэн бяцхан хүүгийн дуу аав, ээжийнхээ чихэнд хүрэлгүй алсарчээ.
Нуугдаж тоглож байсан хоёр жаал гэрийнхээ гадаа хэвтэх хөргөгчинд орж түгжигдэн, ээж, аавынхаа анхаарал болгоомжгүйгээс амь эрсдэж, бүр цогцос нь үмхийрч илжирсэн байхад л олсон хэрэг Налайх дүүрэгт хэдэн жилийн өмнө гарч л байсан.
Энэ мэт тохиолдлуудыг эргэн сөхвөл уртаас урт зохиол, зузаан боть болно. Үхсэн хүн үг хэлдэггүй. Харин хохирогчийн өмнөөс амийг нь, эрүүл мэндийг нь нэхэх асран хамгаалагчид нь өөрсдөө буруутан болсон болохоор бяцхан үрсийн өмнөөс дугарах хүнлэг сэтгэлтэн өнөөдөртөө үгүй. Үүнийг цөөнгүй баримт гэрчилнэ. Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас болоод эрүүл мэнд, амь насаараа хохирсон багачуулын тоо хэд вэ гээд асуувал “Тэд” гээд баттай хэлэх нь байтугай, бүдүүн баараг тойм тоо хэлэх нэг ч хариуцлагатан байхгүй. Энэ талаар хийсэн судалгаа, статистик огт үгүй гэдгийн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагынхан бүгд батална. Товчхондоо амьд явах эрх нь зөрчигдсөн багачуулын асуудалд анхаарал тавьж, ажил хэрэг болгож буй хүн Монголд алга.
Эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхээ эдлэх боломжийг хангах ёстой ээж, аавууд тэнтэр тунтар алхах жаалхан хүү, охиноо өөрөөс нь өндөргүй ах, эгчид нь даатгачихаад гэрт нь түгжээд явчихдаг, гудамж, тоглоомын талбайд орхиод гүйчихдэг явдал бидний эргэн тойронд хаа сайгүй бий. Дөрөв таван настай хүүхдэдээ дүүгээ харах ахадсан үүрэг өгчихөөд, дөрөв таван настай хүүхэд байтугай 40, 50 хүргэсэн хашир анжгай ч ажил гэрийн хооронд шогшихдоо амьд харих баталгаагүй болсон энэ нийслэлд хөтлүүлцэн гаргасан зоригтой шийдвэр тань үрийнхээ замд үхэл бэлдсэнээс өөрцгүй шийдвэр гэдгийг тунгаан нэг бодоорой.
Эцэг эх нь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөгүйгээс, тоглоомондоо улайран өөрийн төсөөлөл дэх гэгээхэн ертөнцдөө уусан шингэчихдэг бяцхан үрсээ харж, хамгаалах хүнгүй гудамж, тоглоомын талбайд орхичихдгоос товчхондоо эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болоод өдөрт нэгээс хоёр хүүхэд автомашины осолд өртөн, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна гэсэн тоо баримт бий. Муу муухай гэсэн бүхнээс нууж өсгөсөн жаалхан үрээ санамсар болгоомжгүйгээс өөрөө дайрчихсан хэрэг ч бүртгэгдсэн байх нь бий.
Энэ оны эхний найман сарын байдлаар он гарсаар гэмт хэргийн улмаас амь эрсэдсэн бага насны 29, 8-13 насны хүүхэд 9, 14-17 насны 22 хүүхэд байх юм. Хэдийгээр Монгол улсын эрүүгийн хуулинд “Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэсэн зүйл заалт байдаг ч энэ зүйлээр шүүхэд хандсан хавтаст хэрэг сүүлийн хоёр жилд ирээгүй гэдгийг Монгол улсын дээд шүүхийн олон нийттэй харилцах албаныхан мэдээлсэн. Гэхдээ энэ нь асран хамгаалагчийнхаа хариуцлагагүй, анхаарал болгоомжгүйгээс хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохироогүй гэсэн үг биш. Ганцхан тэдэнд тооцох хариуцлага сулдаж, энэ талаарх мэдээ мэдээлэл, анхааруулга, сэрэмжлүүлэг хомсдсоных.
Сонирхолтой нь эцэг эхийн хайхрамжгүйгээс арван сартай болон хоёр настай жаахан охид гэртэйгээ хамт үнс нурам болох аюул дундуур амь өрсөн гарсан байхад өнөөх нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллагууд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөн торних эрхийг хамгаалахаар ганц ч дурсаагүйгээр үл барам хэвлэлийн мэдээллийнхэн “Энэ цагийн эгэл баатар”-аар өргөмжилж, төрөөс шударга журам медалиар шагнан, охидоо амиа өөрсдөө авар гээд хатан зориг гаргаад хаяад явсан аав М.Буянбатыг нь хүндэтгэлтэйгээр хоймортоо залж, хэвлэлийн хурал хийн магтаж сайшаасан хачирхалтай түүх бидэнд бий. Энэ онд гэхэд л жорлонд унасан дүүгийнхээ амийг аварсан тохиолдол гарч байсан ч хүүхдийнхээ амь насаар дэнчин тавьсан эцэг эхчүүдийг гэсгээх талаар бас үг цухуйлгасангүй.
Өнгөрөгч онд гэхэд л зочид буудлаас хоёр сартай хүүхдийн, Энхтайваны гүүрний дороос аманд нь малгайг нь чихэж хөнөөсөн нярайн цогцос олдсон тухай болон жорлонд хүүхдээ төрүүлчихээд хашаа давуулан шидчихсэн цэвдэг сэтгэл ээжийн тухай мэдээлэл гарч байсан. Гэхдээ хэрэг явдлын талаар дуулиан болгоод өнгөрснөөс биш, хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэж, цээрлүүлсэн тухай хэн нь дурсаагүй, дуулгаагүй. Олныг шуугиулсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, нэр хүнд, ашиг харснаас биш, сэтгэл өвдөж, санаа зовон, араас нь хөөцөлдөж, мэдээлэл хүргэн, ахиад битгий бяцхан амь эндээсэй гэсэндээ араатан сэтгэлт ээж, аавуудыг айлгах гэж бичсэн, нийтэлсэн, цацсан нэвтрүүлэг, нийтлэл хэд билээ?
Амьдралаа сайн сайхан болгох, авдаг хэдээ нэмж, хүүхдээ хүнээс дутахгүй сайхан орчин нөхцөлд өсгөх хүсэл хүн бүрийн зүрх сэтгэл бий. Гэхдээ “Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө л ингэж цаг наргүй ажиллаж байгаа юм шүү” гэж өөрийгөө хуурч, өрөөлд хүүхдээ даатгачихаад өнгөрүүлсэн цаг хором бүрт тань өөдөсхөн жаахан амь эрсдэлд орж байдаг юм шүү. Үрийнхээ үхлээс үнэтэй хөрөнгө эдлээд та сэтгэл тэнэгэр амьдарч чадах уу?

Saturday, August 18, 2012

Марион Жонс: Шоронд байхдаа хэн ч биш болсноо мэдэрсэн


Сиднейн Олимпоос таван ч медаль хүртсэн Америкийн хөнгөн атлетикч Марион Жонс 2000 оны зун спортын түүхэнд багагүй дуулиан дэгдээгээд амжсан. Тэрбээр нэгэн зэрэг таван медаль хүртсэн анхны эмэгтэй хөнгөн атлетикч болж, спорт сонирхогчид түүнийг хамгийн хурдан эмэгтэй, дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар өргөмжилж байлаа. Харамсалтай нь энэ явдлаас долоон жилийн дараа түүний талаарх таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөн. Тэрбээр Сиднейн Олимпод оролцохдоо сэргээш хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй, хуурамч мэдүүлэг өгдөг байсны улмаас зургаан сарын хорих ял сонсож байсан юм. 

-Зохион байгуулагчид түүхэн дэх хамгийн шударга тэмцээн болно хэмээн амлаж буй Лондоны Олимп болоход хэдхэн долоо хоног үлдсэн байна. Олимпийн алтан охин хэмээгддэг Марион Жонс шоронд хоригдсоноосоо хойш анх удаа ярилцлага студид маань зочилж байна. Тавтай морил, Марион. 
-Баярлалаа.
-Нэгэн цагт хамгийн нэр хүндтэй тамирчдын нэг байсан таны нэр өдгөө шорон гэх жигшүүртэй зүйлтэй холбогдох болсон нь танд хэцүү байна уу? Учир нь Сиднейн Олимпод салхи шиг л хурдан гүйж байхыг тань харсан миний хувьд энэ тухай сонсоход их хүнд байсан. 
-Хэцүү байна. Бурхан минь, надад төрж буй тэр таагүй сэтгэгдлийг хэрхэн үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Суллагдсанаас хойш хэдийнэ гурван жил өнгөрсөн хэдий ч тэр тухай эргэн санах амаргүй байгаа. Ямар байсныг нь илэрхийлэх үг одоо ч олдохгүй юм. Одоогоос арван жилийн өмнө би амьдралаа ингэж эргэнэ гэж төсөөлөх ч үгүй явлаа. Тиймээс миний түүх намтрыг эргэн сөхөх бүрт надад хэцүү санагддаг. Яг л огт өөр хэн нэгний тухай ярьж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
-Тэсэж гарахад хэцүү байсан нь лавтай. Та дэлхийн аварга, Олимпийн аваргаас гэмт хэрэгтэн болж хувирсан. Байр суурь тань ийнхүү эргэхэд хүмүүсийн хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Миний бодлоор хүмүүс таны юу мэдэрч байгааг их сайн ойлгож байх шиг байсан. 
-Хүмүүс миний мэдэрснийг биеэр амсаагүй болохоор тийм ч хэцүү санагдаагүй болов уу. Миний тухай мэдээллийг зурагтаар харж, нүүр тулан уулзаж байгаа хүмүүс “Энэ хорвоо дэлхий дээр ийм юм болдог л юм байна” гэж бодож байх шиг санагдсан. Гэхдээ энэ бүхний эцэст миний хүмүүст хандаж хэлэх гэсэн хамгийн гол зүйл бол “Хэн ч алдаа гаргадаг. Харин миний алдаа олон нийтийн өмнө ил байснаараа л онцлог”. Аз болоход би их нээлттэй хүн юм.
Ойр дотнынхон, намайг мэдэх хүмүүст энэ үйл явдлын талаар ярих их хүнд байдаг. Тэдний олонх нь энэ талаар олон зүйл ярихгүйгээр “Чамд ямар хүнд байгааг мэдэж байгаа учраас зүгээр л чамайг тэвэрмээр байна” гэдэг байсан. Тэд миний ямар замыг туулж, яагаад би зовж шаналж байгааг мэддэг болохоор тэр. Гэхдээ эцэст нь би амар тайван байж чадаж байна. Өнгөрсөн хугацаанд би олон аймшигтай сонголт хийсэн.
-Хамгийн аймшигтай мөч нь хэзээ байв? 
-Хөвгүүдийн минь төрсөн өдрөөр. Тэдний минь баяр болж байхад би тэврэх нь байтугай ярих ч эрхгүй байсан. Хүмүүсийн олонх нь  медалиа хураалгаж байсан үе гэж боддог байх. Үнэндээ миний хувьд хамгийн хэцүү нь санагдаагүй. Намайг хайрлаж, дэмжиж тусалдаг, миний төлөө алга ташдаг хүмүүсийн урмыг хугалж, сэтгэлийг нь зовоож байгаа нь л хамгийн аймшигтай байсан.
-Тухайн үед хүүхдүүд тань их жаахан байсан санагдах юм. 
-Бага нь ой хүрэх гэж байсан. Том нь дөрвөн нас хүрэх гэж байсан.
-Тэд юмыг ойлгоход дэндүү жаахан байсан. Одоо тэд тухайн үед юу болсныг ойлгож байгаа юу? 
-Ойлгож амжаагүй л байна. Бид их нээлттэй харилцаатай байдаг. Би том хүүтэйгээ бүхий л чухал асуудлаа хэлэлцдэг. Гэхдээ л тэд маань одоохондоо ойлгох арай л болоогүй байна. Тэднийг энэ асуудлыг ойлгохуйц болсон үед нь тайлбарлаж ярина гэж төлөвлөж байгаа. Ер нь би хүүхдүүддээ “Хүн бүр алддаг” гэсэн зарчмаар л хүмүүжүүлдэг.
-Та хэдэн настай байхдаа анхны медалиа хүртсэн бэ? Одоо 23 медальтай байх аа? 
-Тийм ээ. Олимпын багт би анх 15 настайдаа багтаж байсан. Шилдэг болоход хүн бүр чиний тухай ярьж, олон мөнгөний хэмжээ ч эрс ихэсч, нэг ёсондоо чухал хүн болдог.
Харин шоронд байхдаа би өнөөх номер нэг Марион Жонс хэн ч биш болсноо мэдэрсэн.
-Өөрийнхөө тухай юунд суралцав? 
-Шоронд байхдаа супер од хөнгөн атлетикийн тамирчин, сайхан инээмсэглэдэг, сэтгэл татам гэдэг бүх тодотгол миний нөр их хөдөлмөрийн л хүч юм байна гэдгийг ойлгосон. Тэр бол юу ч үгүй Марион Жонсынх биш.
Өөрийнхөө хэн бэ, яагаад ийм үйлдэл хийв, цаашид юу хийх вэ гэдгээ эргэцүүлэн боддог байлаа. Тэгээд л би буруу сонголт хийсэн боловч энэ нь бүр зүйл дууссан гэсэн үг биш. Биеэ оторлон суулгүй цааш хөдөлмөрлөвөл илүү их амжилтад ч хүрч мэднэ гэдгийг ойлгосон.
-Ээж тань энэ талаар сонсоод танд уурлаж байв уу? 
-Үгүй дээ. Тэр зөвхөн дэргэд минь байж, надаа алдаа гаргахаас сэргийлж чадаагүйдээ л уурлаж байсан.
-Ээжийн тань бодлоор таны хийсэн хамгийн муу сонголт юу бол? 
-Эрчүүдийн тухайд хийсэн сонголт маань л түүнд огт таалагддаггүй.
-Та яагаад муу залууст сэтгэл татагддаг юм бэ? 
-Мэдэхгүй юм даа. Надад хүүхэд нас гэж байгаагүй. Ээж минь ганц бие ээж байсан. Аав минь хэзээ ч бидний амьдралд оролцож байгаагүй.
-Одоо аавтайгаа харилцаатай байдаг уу? 
-Үгүй ээ.
-Таны нөхөр таныг цагдаагийнханд хүргэж өгсөн. Цагдаа нар таны эд зүйлсийг хураагаад л хорьчихсон уу? 
-Тийм ээ.
-Тухайн үед юу бодогдож байв? 
-Тэр амьдралын минь хамгийн аймшигтай, хар дарсан зүүд шиг л шөнө байсан.
-Та нэг тойрог гүйснийхээ төлөө 80.000 долларын хөлс авдаг байсан байх аа? 
-Тийм ээ.
-Гэтэл өнөөдөр гэмт хэрэгтэн гэх нэр зүүчихсэн байдаг. 
-Бага байхад минь яагаад ч юм нэр маань муу муухай шалтгаанаар цаасан дээр бичигдэнэ гэсэн зөн төрдөг байсан. Тэр нь л биелчих шиг боллоо. Гэхдээ энэ бүхнийг баримт болон цаасан дээр бичигдэн үлдэхгүй байгаасай гэж би их хүсдэг.
Олны танил байна гэдэг амаргүй. Шоронд ороход хүртэл энгийн хүмүүс хоригдож байгаагаас тэс өөр. Тэнд байгаа хүн бүр намайг танина. Нисдэг тэрэг эргэлдэж, миний зургийг авах гэсэн хүмүүс бүчиж, дотны хүмүүс минь шившигтэйгээр баригдан явааг минь зурагтаар үзэж байлаа.
Шоронд өнгөрүүлсэн зургаан сар их хэцүү байсан. Гэр бүлийнхнээ л их санасан.
-Хүүхдүүд тань танай гэр бүлийнхэнтэй хамт Барбадос руу явсан уу? 
-Тийм ээ.
-“Хэрэв сэргээш хэрэглээгүй бол…” гэсэн бодол төрдөг үү? 
-Байнга төрдөг.
-Та өдгөө Олимпын аварга хэмээгдэх байж. 
-Тийм ээ. Тухайн үед жаахан байсан болохоор “Надад юу өгч байгаа юм бэ?” гэж асуух сөхөөгүй байж. Гэхдээ би энэ бүхнийг урьдаас зөгнөж байсан болохоор энэ бол бурхны зурсан хувь төөрөг байх.
-Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч “Марион Жонс бол спортын түүхэн дэх хамгийн том луйварчин гэдгээр дурсагдах болно” хэмээж байсан удаатай. Тухайн үед олон хүн түүнтэй санал нэгдэж байсан. Тэр үед танд ямар санагдаж байсан бэ? 
-Медалиудаа буцаана гэдэг хэцүү байсан. Гэхдээ хүмүүс намайг буруугаар ойлгоно гэдэг түүнээс ч хэцүү байлаа.
-Олимп удахгүй болох гэж байна. Та сэтгэлээ барьж чадах болов уу? 
-Чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Жэйн Фонда: Би жаргалтай, илэн далангүй байж үзсэнгүй


50 гаруй жил шоу бизнесийн ертөнцөд үнэнчээр хүчин зүтгэсэн хүн түүнээс өөр бараг л үгүй. Тэрбээр 15 жилийн турш амарсныхаа дараа гэнэтхэн л Холливудын ертөнцөд эргэн ирж “Мангас ээж”, “Жоржиагийн дүрэм” гэх хоёр ч кинонд тоглож, дасгалын бичлэг бүтээх ажилдаа ч дахин ханцуй шамласан. Тиймээс л түүнийг дуусашгүй эрч хүчтэй хэмээн шүтэн бишрэгчид нь бахдан биширдэг биз. Харин энэ удаад тэрбээр өнгөрсөн амьдралаа дүгнэн, үзэгчидтэйгээ хуваалцахаар Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ. 

-Секс бэлгэ тэмдгээс “Оскар”-ын шагналтан хүртэлх амжилтын замнал, сонирхолтой хувийн амьдрал, хайр дурлалынхаа түүхийг өгүүлэхээр Жэйн Фонда студид маань ирээд байна. Холливудад ганцхан од байдаг гэвэл би түүнийг л нэрлэнэ. 
Түүний түүх эхнээсээ л бусдын анхаарлыг татсан. Удалгүй улс төрд хүч сорьж, хэдэн сая долларын бизнес эрхэлж, CNN-ийг үндэслэгчтэй амьдралаа холбосон гээд л үргэлжлэх вий. 
Тэр зогсолтгүй ажилласаар “Чухал үе” гэх номоо худалдаанд гаргажээ.  
-Баярлалаа. Тантай уулзсандаа баяртай байна.
-Та ийм гайхалтай амьдралыг туулж өнгөрүүлэхдээ аль үеийг нь амьдралын минь чухал үе байсан гэж дүгнэж байна вэ? 
-Миний бодлоор тэр чухал үе намайг 62 настай байхад л эхэлсэн болов уу. Би тэр үед гурав дахь удаагаа гэрлэлтээ цуцлуулж, ганц бие эмэгтэй болчихоод байлаа. Шударгаар хэлэхэд би өнгөрсөн хугацаанд жаргалтай, нээлттэй, илэн далангүй байж үзсэнгүй. Гэхдээ үүний тулд их хичээсэн.
-Би таны саяхны нэгэн ярилцлагыг уншиж байхад “Би хэдийгээр гайхалтай эрчүүдтэй дотноссон боловч хэнтэй ч жинхэнэ амрагийн харилцаатай байсангүй” гэж хэлсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ? 
-Хүмүүс дотно харилцаанд орохоороо өөрсдийн дутагдал, өөг нуухыг хичээдэг. Харин энэ нь харилцааг нь улам эмзэг хэврэг болгочихдог. Би өөрийн мэдэлгүй хумсаа нуусан муур шиг болчихдог хүн.
Эхний удаад би өөрөө нөхрөө сонгосон. Эмэгтэй хүн хосоо өөрөө сонгох хэрэгтэй гэсэн Кэтрин Хэпбурны үзэлтэй санал нэгддэг. Харин би яг л өөр шигээ өөрийгөө 100 хувь илэрхийлдэггүй хүнийг сонгосон байж. Харин энэ байдал намайг жинхэнэ амраг хос болохоос татгалздаг зуршилтай болгочихсон. Гэхдээ энэ нь сексийн хувьд гэсэн үг биш. Сэтгэл, дотоод ертөнцийг хэлж байгаа юм.
-Жинхэнэ харилцаа үүсгэхгүй байсан явдал нь танаас болсон гэж бодож байна уу? 
-Эргэлзээгүй надаас болсон. Би өөрөө нээлттэй байж чадсан билүү гэсэн асуулт ээрэх үе ч гардаг л байв. Харамсалтай нь энэ тухай би их хожим ухаарсан.
-Энэ бүхнээс та өөрийнхөө тухай юуг олж мэдэв? 
-Би их дуу цөөтэй, зоримог, шударга хүн гэдгээ танин мэдсэн. Хамгийн чухал нь би сониуч зангаа огт гээгээгүй. Өдөр бүр л шинэ зүйл сурахыг хүсдэг. Амьдралд илүү шунан дурлаж, залуу, цог золбоотой байгаагийн минь нэг нууц нь энэ ч байж мэднэ.
Та мэдэх байх л даа, би коллежоо төгсөлгүй, хаясан. Харин одоо бол хамгийн шилдэг оюутан болсон. Ном бичиж байгаа минь ч үүнтэй холбоотой. Надад сурахад дөхөм байдаг юм.
-Та улс төрд их идэвхтэй оролцдог. Үүнийг тань ч хүмүүс сайн мэднэ. Өнөөгийн Америкийн улс төрийн байдлын талаар та ямар бодолтой байгаа вэ? 
-Би их айж байна. Дундаж давхаргагүй дараагийн улс болох нь гэдгээс хүн бүр л эмээж байгаа болов уу. Мөнгөтэй, хүчтэй хүмүүс хууль тогтоогчдын дунд шургалан орж байна. Тэд мөрөөдлийн гүрнийг байгуулахаар тэмцэж буй бусад хүмүүсийн зоригийг мохоож байна.
Бид одоо бол яг л тэр зүг рүү чиглээд байна. Гэхдээ бидэнд цаг хугацаа бий. Энэ буруу замаас эргүүлж чадна гэж найдаж байна.
-Барак Обамагийн талаар та ямар бодолтой байна вэ? 
-Түүнийг дахин сонгогдох байх гэж найдаж байна. Миний бодлоор тэр их сайн хүн.
-“Барбарелла” кино дэлгэцнээ гарснаар та секс бэлгэ тэмдэг болж байсан. Энэ киног эргэн үзэхэд юу бодогддог вэ? 
-Би энэ киног тачаангуй биш, дур булаам, эгдүүтэй хэсгүүдтэй л гэж дүгнэдэг. Гэхдээ тухайн үед залуучууд үзээд тэгж бодсон байх нь л дээ. Залуусын сэтгэлийг гижигдсэндээ баяртай байдаг шүү дээ. (инээв) Уг нь эрчүүдийн анхаарлыг татсан хэсэг оруулахаар зохиолд огт тусгаагүй байсан юм. Нөхөр Рожер Вадим маань гэнэтхэн тэр санааг гаргаж билээ. Тухайн үед хэн ч тийм зураг оруулдаггүй байлаа. Тиймээс зураг авахуулж байх үед хөгжилтэй байсан.
-Таныг “Тийм ч тачаангуй кино биш” гэж хэлэхийг сонссон эрчүүдийн урам хугарч байгаа байх даа. 
-Тэд тухайн үед залуу байснаа санаж байгаа байх. Харин одоо харвал тийм ч тачаангуй зурагтай биш гэдгийг анзаарна.
-Секс бэлгэ тэмдэг гэсэн тодотголоос та яагаад татгалзаад байгаа юм бэ? 
-Би одоо 74 настай. Тиймээс ийм тодотгол тохиромжгүй болсон гэж бодож байна.
-Би одоо гэж хэлсэн юм биш шүү. Тухайн үед та секс бэлгэ тэмдэг болсондоо тийм ч дуртай байгаагүй юм шиг. 
-Надад тийм ч их таалагддаг байгаагүй.
-Та сая сая эрчүүдийн шүтээн болсон шүү дээ. 
-Үнэндээ би шүтээн нь байгаагүй юм. “Барбарелла” орлого сайтай байгаагүй. Цөөнхид зориулсан бүтээл болсон.
Тухайн үед эрчүүд намайг дур булаам гэж боддог байсан бол сайхан л хэрэг. Гэхдээ би ямар нэгэн цол гуншин хүртмээргүй байна.
-Таны бодлоор хамгийн тачаангуй хүн хэн бэ? 
-Ава Гарднер. Эрчүүдээс Роберт Рэдфордыг нэрлэнэ.
-Та түүнтэй хамт “Барбарелла 2”-т тоглож болох юм.
-Үгүй шүү. Түүнтэй хамт тоглохгүй. Харин Анжелина Жолитой хамтран ажиллана.
-Тоглосон кинонуудаас чинь сэтгэлд тань хамгийн тод үлдсэн нь аль нь вэ? 
-“Гэртээ харих зам”. Гайхалтай сайхан кино. Энэ киног дэлгэцнээ гарсны дараа олон хүн надад аавтайгаа уулзахаар явсан, харилцаагаа сэргээсэн тухайгаа ярьсан. Харин та алинд нь дуртай вэ?
-“Алтан цөөрөм”.  Та энэ кинонд аавтайгаа хамт тоглосон. Аав охин хоёр нэг кинонд тоглож, түүгээрээ Академийн шагнал хүртсэн тохиолдол их ховор байх. 
Тэр үеийг эргэн санахад та аавтайгаа хэр дотно харилцаатай байсан байна вэ? 
-Би их азтай хүн, Пирс. Надад аавтайгаа хамт кинонд тоглох боломж олдсон юм. Аав минь шагнал авсанаасаа хэдхэн сарын дараа өөд болсон. Түүний бие муу байгааг мэдэж байсан болохоор би энэ киног хийх гэж их хүссэн.
Киногоо одоо үзэхэд ч хэцүү байдаг. Кинон дээрх дүрүүд бидний харилцааг толины тусгал мэт буулгасан шиг санагддаг.
-Тэр ямар хүн байсан бэ? 
-Хүнийхээ хувьд тэр сайн хүн байсан. Олон сайхан зан чанар аавд минь бий. Хайр сэтгэл болон зарим жүжигчидтэй таагүй харилцаатай байсан хэдий ч энэ байдал аавыг минь их зовоож, сэтгэлийг нь чилээдэг байлаа. Би түүний охин гэдгээрээ бахархдаг.
-Би саяхан таны гурав дахь нөхөр Тэд Тюрнертэй ярилцсан. 
-Бид гайхалтай 10 жилийг хамтдаа өнгөрөөсөн. Би түүнтэй 10 жил амьдарсандаа огт харамсдаггүй. Харилцаа маань дуусах ёстой олоод л дууссан. Гэхдээ бид одоо ч дотно харилцаатай байгаа. Би өнөөдөр түүнтэй утсаар ярьж, нэвтрүүлэгт оролцох гэж буйгаа дуулгасан.
-Та амьдралдаа хэдэн удаа жинхэнэ хайртай учирсан бэ? 
-Таван удаа байх. Их тоо шүү.
-Та ярилцлагын эхэнд амьдралдаа жаргалтай байж үзээгүй гэсэн. Таны амьдралын хамгийн гайхалтай үе юу байв? 
-Яг алийг нь гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Өнгөрсөн амьдралаа би одоо л дүгнэж эхэлж байна. Мэдээж миний амьдралд гайхалтай олон үйл явдал тохиосон. Аавынхаа “Оскар”-ын шагналыг гардан авч байсан мөч, өөрөө Академийн шагналыг авч байсан үе, 4200 гаруй метр өндөр уулын оргилд гарсан гээд л мартагдашгүй мөч цөөнгүй.
Гэхдээ аль нь хамгийн сайхан гэдгийг дүгнэж чадахгүй нь. Учир нь би өнгөрснөө бодох дургүй. Яг одоо бол би өөрийгөө хэзээ ч жаргалтай байгаагүй, илэн далангүй, нээлттэй байгаагүй гэж дүгнэж байна. Гэхдээ үүнээсээ огт ичихгүй байна.

Майкл Мур: Буу биш, америкчууд өөрсдөө өөрсдийгөө хөнөөж байна

Баримтат киног боксоффист багтааж, олны анхаарлын төвд оруулсан ховорхон найруулагч бол Майкл Мур. Тиймдээ ч түүний бүтээл төдийгүй үзэл бодол, үг яриа нь ч олны анхаарлыг эрхгүй татдаг биз. Энэ удаад тэрбээр Пирс Морганы нэвтрүүлгийн хойморт заларчээ. 

- Ахлах сургуулийн сурагч сургууль дээрээ гал нээж 125 хүний аминд хүрсэн аймшигт явдлаас хойш хэдийнэ 13 жил өнгөрч. Сэтгэлийн тэнхээгүй өсвөр насныхан галт зэвсэг сургууль руугаа чиглүүлдэг байсан бол удалгүй албан газар, сүм хийд, одоо бүр кино  театрт гал нээдэг болж. Энэ хугацаанд чухам юу өөрчлөгдөв? 
(Бичлэг)
Майкл Мур: Энэ бүхний жинхэнэ шалтгаан нь юу вэ? Юуны төлөө бид 250 сая бууг гэртээ хадгалдаг юм бэ? Бид юунаас  айна вэ?
-Тэр яг арван жилийн өмнө “Оскар”-ын шагнал хүртсэн “Колумбинд зориулсан боулинг” киногоо үзэгчдэд толилуулж байсан. Түүнээс хойш олон нийтийн газар гал нээсэн явдлын талаар академийн шагналт найруулагч ярилцлага өгч байгаагүй. Тэрбээр энэ удаад зарчмаасаа хазайж “Америкчууд ба буу” гэсэн сэдвээр ярилцахаар студид маань ирээд байна. Саяхан Колорадод театрт кино үзэж байсан хүмүүс рүү гал нээсэн явдал гарлаа. Та энэ талаар юу хэлэх вэ? 
-Шулуухан хэлэхэд би үнэхээр энэ явдлыг жигшиж байна. Таны хэлснээр би “Колумбинд зориулсан боулинг”-ийг дэлгэцнээ гарснаас хойш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаар ярихаас зайлсхийдэг байсан.  Би их мэдэгч биш шүү дээ. Би шинжээч ч биш. Би энэ маргаанд оролцмооргүй байсан.
Миний бодлоор хоёр намын дэвшүүлж буй асуудлын аль алинд зөв зүйл бий. Ялангуяа консервативчуудын буу хүмүүсийг алж байгаа юм биш гэдэгтэй би санал нэг байна. Буу биш америкчууд өөрсдөө өөрсдийгөө хөнөөж байна. Хөгжингүй орнуудад гарч буй хүний аминд хүрсэн хэргүүдийн 80 хувь нь бууны суманд өртсөнөөс болж нас барсан байдаг.
Нөгөө талаас нь харвал либералчууд бууны тухай хуулийг чангатгаснаар олон арван асуудлыг шийднэ гэсэн байсан. Би харин үүнтэй санал нийлэхгүй байна. Мэдээж өнгөн дээрээ байдал өөрчлөгдөх байх л даа. Мэдээж бууны тоо багасвал тэр хэрээр хүний амины хэрэг ч багасна. Гэхдээ энэ нь асуудал шийдэгдчихлээ гэсэн үг биш. Учир нь бид их өвөрмөц соёл иргэншил дунд амьдарч байна. Бид британичууд, японууд, канадууд өөр хэн байдаг юм бусад үндэстнээс илүү ч зүйлгүй, дутуу ч юмгүй адилхан л хүмүүс. Гэтэл Японд жилд хамгийн ихдээ долоон хүн амины хэрэг гардаг. Канадад энэ тоо 200, Их Британид 40 орчим.
Канадын хүүхдүүд Детройт хотоос ердөө л нэг голын цаана л өсөж өндийж байна. Тэд манай хүүхдүүдтэй адил хүчирхийлэлтэй кино үзэж, хүчирхийлэлтэй тоглоом тоглож байгаа. Гэсэн атал тэнд жилд ихэвчлэн нэг л хүн амины хэрэг гардаг.
-Сонирхолтой л юм. Судалгаанаас харахад 2008 онд Америкт буугаар үйлдсэн аллага 12000 гарсан бол, Японд ердөө 11 гарсан. “Япончууд буу барьж, сэлэм далайхыг хориглоно” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. 
-Энэ бол Дэлхийн II дайнтай холбоотой егөө үг юм л даа. Бид япончуудыг зэвсэггүй байгаасай гэж хүссэндээ тэгж хошигнодог байсан хэрэг.
Харин одоо болоод байгаа зүйл бол огт өөр юм. Бид бусад үндэстнүүдийн шүүмжлэлийг сонсох хэрэгтэй. Зэрлэг Өрнөдийн харгис түүх бидэнд бий. Гэхдээ тийм түүх ганцхан бидэнд байгаа юм биш. Япончуудад харгис хэрцгий байсан үе бий. Германчуудад нацистын аймшигт түүх бий. Гэхдээ тэд өнөөдөр бие биенээ хөнөөхгүй л байна шүү дээ. Нэг нь нөгөө рүүгээ буу шагайхгүй байна.
Учир нь юу вэ? Энэ талаар л би мэтгэлцээн өрнүүлмээр байна.
Бас нэг жишээ дурдахад 1996 онд Австралид олон нийт рүү гал нээсэн явдал ийм хэрэг болж байсан. Олонх оронд ийм эмгэнэлт явдал гарсан байдаг. Норвегид өнгөрөгч зун гарч байсан. Шотландад мөн л ийм хэрэг гарсан.
-Тийм ээ. 
-Гэхдээ олон жилийн өмнө. Галзуу солиотой хүмүүс хаа сайгүй байдаг болохоор дэлхийн олон оронд ийм эмгэнэлт хэрэг гардаг. Харин бусад орнуудад энэ явдал олон дахин давтагддаггүйгээрээ биднээс хувь илүү юм.
-Бидэнд 250 сая буу үнэхээр тийм их хэрэгтэй юм гэж үү? Миний үзэж буйгаар… 
-Бид юунаас айгаад байна вэ?
-Колорадод гэхэд л кино театрт гарсан явдлын дараа буу эзэмшдэг хүний тоо 41 хувиар өссөн байна. Тэгэхээр америкчуудын бууны тоо цаашид улам л өснө гэсэн үг байх нь. 
-Гэмт этгээдийг хорт хий, эсвэл ямар нэг цохих зүйл, эсвэл унагаж ямар ч аргаар өөрийгөө хамгаалж болно шүү дээ. Бодит байдалтай нүүр тулвал үнэндээ энэ бол буу эзэмших жинхэнэ шалтгаан, бэрхшээл биш. Буу эзэмшсэнээр бид асуудлыг шийдэж чадахгүй. Хэргийн гол учир нь оюуны хоосрол орсон хүмүүс энэ оронд цөөнгүй байгаад оршино. Энэ чинь XXI зуун. Бид НТӨ V зуунд амьдраагүй. Бид бэрхшээлд өвдөг сөхөрсөн хүмүүст туслах учиртай юм.

Тони Блэйр: Лондоны олимпын нээлтийг Бээжингийнхтэй өрсөлдүүлэхийг хүсээгүй


Дэлхий нийтээр Лондон хотын зүг чих тавьсан эдгээр өдрүүдэд Пирс Морган ч нэвтрүүлгийнхээ сэдвийг 30 дахь зуны Олимпоор сонгосон байна. Тэрбээр Лондон хотноо айлчилж, Британийн ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзаж ярилцлжээ. 


-Пирс Морган Лондон хотоос үзэгчидтэйгээ мэндчилж байна. Олимпын үеэр тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа болон наадам, түүнтэй холбоотой эдийн засгийн байдлын талаар хэн хамгийн бодитой мэдээлэл бидэнд өгч чадах вэ. Лондонд зуны Олимп зохион байгуулахын төлөө багагүй хүчин чармайлт гаргасан ерөнхий сайд асан Тони Блэйртэй бид уулзаад байна. 
Олимпын наадмын талаарх яриагаар ярилцлагаа эхлүүлье. Олон жилийн дараа уг наадмыг Лондон хотоо дахин зохион байгуулах эрх авахад таны гүйцэтгэсэн хувь нэмэр их. Эрх авах нь Британид ямар ач холбогдолтой байсан юм бэ? Эдийн засгийн талаас нь та бидэнд тайлбарлаж өгөөч. 
-Хүн бусдын анхаарлын төвд ороход ямар давуу тал үүсдэг вэ? Яг л тэр зарчмаар Лондон төдийгүй Британид дэлхийн өмнө өөрийн нүүр царай, өнөөгийн төрх, чадвараа харуулах боломжийг олгож буй давуу талтай. Түүнийг дагаад манай улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олимпын паркийг Лондоны хамгийн муу хэсэг болох зүүн хэсэгт байгуулснаар одоо хотын тэр хэсгийг сэргээн босгож байна.
Өмнөх зуны Олимпыг зохион байгуулснаас хойш Бээжинг зорих жуулчдын тоо эрч нэмэгдсэн. Өнөөдөр ч энэ тоо өссөөр л байна.
Зарим зүйлсийг хийхэд амаргүй ч, зөв хийж чадвал улс орны хөгжлийг хурдасгадаг. Миний бодлоор олимп зохион байгуулах эрх авна гэдэг гайхалтай үйл явдал гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч, ажилдаа сэтгэл зүрхээ зориулдагт л нол нууц нь байгаа болов уу.
-Олимп зохион байгуулах эрх авсанаа мэдээд хэрхэн Бээжингийн Олимпоос илүү нээлтийн ажиллаа хийх вэ гэсэн бодол төрсөн үү? 
-Яг түүнийг бодож зогссон доо. (инээв) Бээжингийн наадмын нээлт тун сонирхолтой болсон. Бид ч нээлтийг зөв зохион байгуулсан гэж бодож байна. Бээжингийн олимпын дараа би зохион байгуулагчидтай уулзаж, энэ талаар ярилцсан л даа. Тэд бүгд л “Бээжинд наадмын нээлтийг үүнээс өөр аргаар сонирхолтой хийх боломжгүй юм. Харин бид энэ нээлттэй өрсөлдөх биш, өөрсдийнхөөр хийе” гэж хэлцгээж байсан. Хэдийгээр би өөрийн биеэр наадмын нээлтийг үзэж чадаагүй ч, үзсэн хүмүүс сүр жавхлантай нээлт болсон гэж дүгнэж байна билээ. Тэгэхээр…
-Нэгэн бичлэг үзсэний дараа ярилцлагаа үргэлжлүүлье. 
(Бичлэг)
Жорж Буш: Би найман жил орчмын өмнө Тони Блэйртэй танилцаж байлаа. Тэр хоёронтоо сонгогдоод Британийн ерөнхий сайдаар ажиллаж байсан бол би тэр үед Ерөнхийлөгчийг албыг хүлээн аваад удаагүй байлаа. Бидний анхны уулзалтын дараа сэтгүүлч “Та хоёрт ижил төстэй зүйл байна уу?” гэсэн асуултад би хошигнон “Бид хоёул “Colgate” шүдний оо хэрэглэдэг юм билээ” гэж хариулж байсан юм. (инээв)
Үнэндээ Тони Блэйртэй уулзахад надад их элгэсэг дотно хүн шиг санагдсан. Би уулзалтын дараа биднийг нэг зүйл холбож байгааг би мэдэрч байна. Бид цаашид дотно нөхөд болох байх гэж хэлж байсан.
-Америкийн улс төрийн талаар ярилцъя л даа. Одоогийн нөхцөл байдлыг нь хөндлөнгөөс танаас илүү дүгнэн хэлэх хүн үгүй болов уу. Америк, Британийн харилцаа ямархуу байгаа вэ? 
-Миний бодлоор үнэхээр найрсаг, нөхөрсөг харилцаатай байна. Энэ хоёр гүрнийг түүх, зорилго нь нэгтгэж байна. Тиймээс тун бат бөх, найрсаг харилцаатай байсаар байгаа. Цаашид ч энэ хэвээр байна гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс надаас “Та эхлээд Билл Клинтонтой нөхөрсөг харилцаатай байсан. Харин дараа нь Жорж Бушт ч нөхөрсөг хандаж байна” хэмээн гайхан асуух нь олонтаа тохиолдож байсан. Тэр бүрт нь би “Тэд өөр өөрийн онцлогтой хүмүүс. Гол нь бид Британийн ерөнхий сайд Америкийн Ерөнхийлөгчтэй харилцаж байна гэсэн үүднээс ханддаг” гэж хариулдаг байлаа.
-Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн нэлээн ширүүн байх болов уу гэж олон хүн таамаглаж буй. Та энэ талаар хэр их мэдээлэлтэй байна вэ? 
-Америкийн сонгууль бол америкчуудад л зориулсан үйл ажиллагаа шүү дээ. Бидний сонголтыг америкчууд шийдэхгүй, та нарынхыг бид нар шийдэхгүй. Хэн ялахаас үл хамааран хоёр улсын харилцаа хэвээр үргэлжлэх болно. Миний хувьд Ерөнхийлөгч Обаматай илүү дотно харилцаатай. Бид хамтран ажиллаж байсны хувьд би түүнийг хүндэтгэдэг. Хамтран ажиллахад ч таатай байдаг.
-Та түүнийг Ерөнхийлөгч болсноор ямар томоохон өөрчлөлт хийсэн гэж дүгнэдэг вэ? 
-Хариулахад амархан асуулт байна. Тэр дэлхийн санхүүгийн хямрал нүүрлээд байх үед ажлаа хүлээн авсан. Харин хүмүүсийн ойлгохгүй байгаа зүйл бол улс төрчдийн өмнө хэзээ ч хийж байгаагүй эдийн засгийн өөрчлөлтийг тэр хийсэн.
Би энд тодорхой хугацааны дараа дахин давтагддаг эдийн засгийн хямралын талаар яриагүй. Тийм хямралын асуудал улс төрчдийн оролцоогүйгээр аяндаа шийдэгдчихдэг. Харин энэ удаад 1930-аад оны их хямралтай адил зүйл болж, хүнд байдалд орсныг тэр шийдэж чадсан. Энэ бол их том өөрчлөлт.
-Америк “найтааснаас” болоод Европ “ханиад хүрчихлээ” гэж үзэх хүн цөөнгүй байна. Энэ ч бас тус тусдаа асуудал гэсэн үг үү? 
-Тийм ээ.
-Европын өнөөгийн нөхцөл байдалд хэр аюултай төвшинд байна вэ? 
-Тун аюултай. Европын холбооны үүсгэсэн томоохон хямралтай европчууд нүүр тулаад байна. Их эрсдэлтэй шийдвэр гаргахыг өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж байна. Хэрэв бид фунт стерлингээ хадгалж үлдэхийг хүсвэл нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.
-Энэ байдлаас гарах гарц бий юү? 
-Байгаа. Зохион байгуулалтыг өөрчлөх ёстой гэж хүмүүс үзэж байж болох ч, бид мөнгөн дэвсгэртээ хэвээр авч үлдэхээр төлөвлөн ажиллаж буй.
-59 настай гэхэд та сайхан галбиртай харагдаж байна. 
-Би их хичээж байгаа. Спортоор шаргуу хичээллэдэг болсон.
-Өдөр бүр үү? 
-Өдөр бүр биш ээ. Гэхдээ долоо хоногт 4-5 удаа хичээллэдэг.
-“Beyond Sport” гэх байгууллагын ажилд ч бас идэвхтэй оролцож байгаа гэсэн. 
-“Beyond Sport” бол иргэдэд спортыг сурталчилж таниулах зорилготой олон улсын байгууллага.
Би бас өөрийн нэрэмжит сангийн үйл ажиллагааг ч энэ зүгт чиглүүлж буй. Африкийн жирийн иргэдийг спортоор хичээллүүлж, дасгалжуулагчаар хангах гэх мэт ажлуудыг хийж байна. Удахгүй теннисний тэмцээнэ зохион байгуулах гэж байна. Одоогоор арав гаруй мянган хүүхэд уг тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байгаа.
-Олон хүн таныг дахин улс төрийн өндөр албан тушаалд хүч сорино гэж таамаглаж байгаа. Харин та гол дүрд дахин тоглоход бэлэн үү? 
-Би энэ талаар юу ч төлөвлөөгүй байгаа гэдгээ олон удаа хэлсэн шүү дээ.
-Хэрэв иргэд таныг чухал албан тушаалд суулгахыг хүсвэл та ямар хариу өгөх вэ? 
-Мэдээж би зөвшөөрнө. Гэхдээ тэд тэгэхгүй.
-Тэгвэл юу таныг улс төрд эргүүлэн авчрах вэ? 
-Түүнийг харж л байя. Үнэндээ би энэ тал дээр тун их эргэлзэж байгаа. Иргэд маань хэдийнэ ажлаа сайн хийж чаддаг мэдлэг, чадвартай хүнийг тохоон томилчихоод байна. Тэгээд ч би олон жилийн турш нийгмийн ажилд оролцож байна.
Улс төр, дорно дахины талаар хэлэх зүйл надад олон байна. Хүмүүс сонсохыг хүсвэл тэр ч биз. Хүсэхгүй байсан ч хамаагүй. Гэхдээ би ажил хайж анкет бөглөж байгаа хүн шиг улс төрд дахин хутгалдахыг хүсэж, итгэж хүлээж байгаа юм биш.

Tuesday, July 17, 2012

Майк Тайсон: Дэндүү хурц байжээ би


Элдэв таагүй хэрэгт орооцолдсон тухай мэдээлэл нь сонины хуудас бөглөж, шүтэн бишрэгчдийнхээ урмыг багагүй хугалж байсан “Төмөр” Майк өдгөө өнгөрсөн бүхэндээ дүгнэлт хийн, алдаа оноогоо дэнслэн сууна. Тэрбээр энэ тухайгаа Пирс Морганы нэвтрүүлгээр дамжуулан үзэгчидтэй хуваалцахыг хүсчээ.

-Майк Тайсоны хэрхэн спортод хөл тавьж байсан талаарх “Тайсон” баримтат кино 2008 онд дэлгэцнээ гарч байлаа. Гэхдээ тэр цагаас хойш их олон зүйл өөрчлөгдсөн. Боксын спорттой холбоотой бүхий л дуулиан тарьсан тухайн үеийн мэдээлэл түүнтэй холбогддог байв. Харин одоо бол тэр өрсөлдөгчтэйгөө биш, өөрийнхөө өнгөрсөн хар бараан дурсамжтай тулалдаж байна. Гэсэн ч илэн далангуй, таамаглахын аргагүй хачин үйлдлэл хийдэг зан авир нь хэвээрээ. Төмөр хочит Майк нэвтрүүлэгт маань оролцож байгаад тун баяртай байна. 
Та 1994 онд хоригдох ялаар шийтгүүлсэн. Тухайн үеийн Майк Тайсоныг хүлээн зөвшөөрдөг үү? Учир нь та өнөөдөр их өөр хүн болсон байна. 
-Яг үнэндээ би сайн хэлж мэдэхгүй байна. Намаг балчигт шигдчихсэн атлаа дэндүү хурц араншинтай. Тэр бол тухайн үеийн би.
-Таны Твиттэр дэх сэтгэгдлүүдийг уншаад тухайн үеийнхээс огт өөр, илүү тайван хүлээцтэй болсон юм шиг санагдсан. Харин танд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэж байна уу? 
-Өөрчлөгдсөн үгүйгээ би сайн мэдэхгүй юм. Магадгүй ялалтын туг өргөх бүрт тайвшралыг олдог байсан байж мэдэх юм. Гол нь энэ бүхний эцэст эхнэртэйгээ хамт байгаадаа л баярлаж байна. Одоо бол миний бүхий л анхаарал гэр бүлийнхэн рүүгээ хандаж байгаа.
-Танай эхнэр бол ер бусын гайхалтай эмэгтэй. 
-Тийм шүү. Гайхалтай бүсгүй.
-Тэр таныг хэрхэн өөрчилсөн бэ? 
-Яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байгаа зүйлсийн минь нэг энэ дээ. Би одоо хүн хэвээрээ л байгаа. Энэ бүхэн хэрхэн болж өнгөрснийг би өөрөө ч анзаараагүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж, зугаалж цагийг өнгөрөөдөг байлаа. Ялтан гэдэг ДОХ-той биеэ үнэлэгч гэсэн үг биш. Суллагдсанаас хойш эхнэр бид хоёрын харилцаанд ямар нэгэн бэрхшээл гараагүй. Харин ч бид тун дотно харилцаатай, цагийг хамтдаа өнгөрүүлдэг байв. Энэ бүхэнд нь би түүндээ талархаж байгаа. Миний хэлэхийг хүсэж байгаа үг энэ л байна.
-Таны амьдралд гэнэтийн, тэр бүр хүний амьдралд тохиогоод байдаггүй гунигтай үйл явдлууд цөөнгүй болсон. Тэдний нэг нь хэдэн жилийн өмнө охин тань нас барсан явдал. Харамсалтай энэ явдал танд хэрхэн нөлөөлсөн бэ. Энэ талаар та эргэцүүлэн боддог уу?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Хэн ч тусалж чадахааргүй тийм байдалд орохоороо хүн өөрийгөө хянах чадвараа алддаг юм билээ. Тийм нөхцөл байдлыг үгээр тайлбарлах ч боломжгүй байх. Би зүгээр л уйтгар гуниг, гашуудал маань өөрөө замрхан одохыг л хүлээдэг байлаа. Харин зарим хүн гашуудал хэзээ ч үгүй болдоггүй юм гэж хэлдэг байлаа. Би энэ явдлын дараа миний адил зовж шаналж буй эцэг эхчүүдийн клубт очдог болсон. Тэнд ирдэг хүмүүсийн олонх нь тэгж хэлдэг юм.
-Эцэг эхчүүд үр хүүхдээ алдана гэдэг зүрхийг шархлуулдаг хамгийн аймшигтай явдал байх. 
-Тийм үгүйг нь мэдэхгүй юм. Би энэ талаар дүгнэлт хийхэд дэндүү залуу байна. Хэдэн зуун жилийн өмнө хүмүүс хүүхдээрээ тахил өргөдөг байсан гэдэг. Харин эмнэлэгт байхдаа би энэ байдлыг их өөр талаас нь харж сурсан. Үр хүүхдээ алдчихсан эсвэл хүүхэд нь өнөө маргаашгүй нас барах гэж байгаа эцэг эхчүүд надтай уулзаж, харамсаж байгаагаа илэрхийлж байлаа. Харин надад тэдний хүүхдүүд ч бас нөгөө ертөнц рүү явж байна, ийм зовлонтой нүүр тулж буй цорын ганц хүн нь би биш гэсэн бодол төрсөн.
-Таны эхнэр хоёр хүүхдийн хамт өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байгаа. Та өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ? 
-Би илүү их зүйлийг ухаарч ойлгохыг хичээж байгаа. Би их муу аав. Гэхдээ сайн гэж хэлүүлэхийн тулд хичээж байгаа.
-Та хөрөнгө мөнгөтэй, элбэг хангалуун байсан үеэ үгүйлдэг үү?
-Үгүй дээ. Харин амьдрал гэр бүлийг минь, манайг сорьж байсан тэр үеийг үгүйлдэг.
-Эхнэр тань энэ талаар тантай ярилцдаг байсан уу. Тэр хэрхэн таныг тайван дөлгөөн болгосон юм бэ? 
-Би тайван дөлгөөн болсон эсэхээ мэдэхгүй л байна.
-Та одоо ч өөрийгөө огцом ууртай гэж бодож байгаа хэрэг үү? 
-Мэдээж би өөрөө өөртөө ялангуяа өнгөрсөнд хийсэн буруу үйлдэл бүртээ сэтгэл дундуур явдаг. Тиймээс өөрийн чадвартаа хэт эрдэж, бүхнийг баллачихаагүйдээ бурхандаа талархдаг. Гэхдээ чадвар минь миний хүсэж мөрөөдсөн бүхнийг, гэр бүлийг минь сүйтгэсэн гэсэн бодол толгойноос огт салдаггүй.
-Өнгөрснөө эргэн бодохоор өөрөө ичих сэтгэл төрдөг үү? 
-Ихэнхээс нь. Их таагүй дурсамж шүү.
-Таны бага нас энэ бүхэнд нөлөөлсөн болов уу? Та 13 нас хүрэхээсээ өмнө 38 удаа саатуулагдаж байсан гэдэг. 
-Мэдээж их нөлөөлсөн байгаа. Тухайн үеийн хоёр зүйлээсээ одоо ч би салж чадахгүй л яваа. Гэхдээ тэр араншин маань хүмүүст илүү таалагдаад байх шиг санагддаг.
-Хүмүүс танд хайртай. Та миний харж байсан тамирчдаас хамгийн догшин нь. Гэхдээ хүмүүс таныг тийм байдлаар тань илүү хүлээн авдаг. Магадгүй таны энэ байдал тэдэнд мөнгө олж авах нэг шинэ арга мэх болдог байсан ч байж мэдэх юм. Гэхдээ таны тэр догшин авир одоо үгүй болсон шиг байна. 
-Мэдээж би цаашид дахин тийм араншин гаргахгүй. Гэхдээ энэ бүхний эцэст хүмүүс надаас юу хүсдэг байсныг би сайн ойлгосон. Энэ бол тулаан, энтертайнмент арга хэмжээ. Тиймээс дэвжээн дээр эрч хүч, цөс хөөргөсөн үйл явдлууд л өрнөж байх ёстой.
Харин би үүнийг ойлгодоггүй байж. Зүгээр л энэ бүхний нэг хэсэг болсондоо баярлан хөөрдөг байж. Харин хүмүүс үүнийг нь аз од хэмээн хөөргөнө. Наполеон “Агуу хүмүүс бол азыг зөв ашиглан амжилт болгогчид” хэмээсэн байдаг. Би өөрийгөө агуу гэж хэлэхгүй. Харин тэр хүний аз гэдэг зүйлийг хэрхэн тодорхойлсон нь надад таалагддаг.
-Та 2009 онд дэлгэцнээ гарсан “Шарталт” кинонд тоглосон. Хүү маань таныг сайн мэдэхгүй ч энэ киног үзсэнээс хойш таныг бишрэх болсон. 
-Түүнд таалагдсанд баяртай байна.
-“Шарталт” кино таны хувьд их олон зүйл өөрчилсөн. Кино дэлгэцнээ гарснаас хойш хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү? 
-Мэдэхгүй юм. Би зүгээр л талархал илэрхийлмээр байна. Тодд Филипс болон кино багийнханд баярласнаа хэлмээр байна. Тухайн үед надад бусдын туслалцаа хэрэгтэй болчихоод байлаа. Харин яг л тийм хэрэгтэй үед найзууд минь миний амьдралыг өөрчилж, бусдын хүндлэлийг дахин олоход минь тусалсан.
-Таныг тоглосон болохоор кино багагүй орлого олсон. 
-Гол нь тэр шүү дээ, залуу минь.
-Бусдыг өвтгөхгүйгээр ашиг олдог болсон шинэ бизнес тань танд таалагдаж байна уу? 
-Би нэгэн цагт Төмөр Майк байсан. Харин одоо бол тийм байхаа больсон. Тэр залуу хаа нэгтээ нас барж, харин би цоо шинэ хүн болсон.