Wednesday, January 5, 2011

Тэнгэрийн хөгжим - Хэл хуур

Хэлбэр, хийц энгийн атал өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж өдгөө 160 гаруй оронд тархсан эл хөгжмийн зэмсэг бол хэл хуур. Хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй XXI зууны босго алхсан эл хөгжмийн зэмсэг ямар үндэстнээс үүсэлтэйг албан ёсоор тогтоогоогүй ч манай улсад зан үйлдээ хэрэглэсээр багаар бодоход хоёр мянганыг ардаа үлдсэн тул яах аргагүй Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэгт тооцдог.

Хэл хуур хэмээсний учир

Уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг нь хэл хуур. Орчин цагт хэл хуурыг аман хуур хэмээн эндүүрэх нь ч бий. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж, авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан болон ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлогоос хамаарч ангилан ялгасан нэршил аж. Төмөр хуур вааран хэлбэртэй бөгөөд чичирхийлэл үүсгэхийн тулд хэлний үзүүр хэсэгт матаастай байдаг бол хулсан хуур ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэрийн хэл нь үзүүртээ товхтой байдаг.

Онгодын хөлөг

Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой хэл хуурыг бөө, удганууд хөгжмийн зэмсэг гэхээсээ илүүтэй онгодын хөлөг хэмээн эрхэмлэдэг. Орон зайг товчлох энэ ид шидтэй зэмсгийн ачаар бөө, удганы онгод залран ирдэг хэмээн үздэгээс ийн нэрлэж, эрхэмлэн дээдэлдэг аж. Бөө, удганууд өөрсдийн онгодын хөлгийг эзэмшихийн тулд “онгодын хөлөг амилуулах” гэх тусгай зан үйл үйлдсэний дараагаар эл зэмсгээ өөрийн болгож, бусдад дамжуулахгүйгээр хэрэглэдэг онцлогтой. Гэвч хэл хуур ашиглалгүй онгодоо дууддаг бөө ч цөөнгүй.
Хэл хуур хэрхэн дэлхийн олонх оронд тархсан тухайд аман цуур судлаач Баатаржав “Өдгөө дэлхийн 100 гаруй оронд бөөгийн шашин тархсан байдаг бөгөөд хэл хуур 160 гаруй оронд тархсан нь ч үүнтэй холбоотой. Шашны зан үйлийг дагаж дэлхийн бусад орнуудад суурьшсанаас гадна хийц энгийн атал дугаралт нь дахин давтагдашгүй, тоглож сурахад цуур гэх мэт язгуур хөгжмийн зэмсгийг бодвол харьцангуй хялбар байдаг нь олон улсын урлаг соёлын салбарт нэвтрэхэд багагүй нөлөөлсөн” хэмээн ярилаа.

Үүсэл гарал нь үл мэдэгдэх тэнгэрийн хөгжим

Хэдийгээр нэн эртний түүхтэй атал дэлхийн олон оронд тархсан ч хэл хуурын үүсэл хөгжлийн талаарх таамаглал өнөө хэр нэг мөр шийдэгдээгүй л байна. Тэр ч байтугай ямар үндэстнээс үүсэлтэй болохыг ч баталсан баримт жишээ үгүй юм. Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой боловч бөөгийн шашны үүслийг ч түүхчид өнөө хэр тогтоогоогүйн дээр, хэл хуур шашны зан үйлээс үүдэлтэй эсэхийг ч тандан судалж амжаагүй байгаа.
Ямартай ч манай улсад Хүннүгийн үед буюу нарийвчилбал НТӨ (Нийтийн тооллын өмнөх) III-I зуунд монголчууд хэл хуур эдэлж хэрэглэж байсан болохыг гэрчлэх ясан хуур Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас олдсон Хүннүгийн үеийн булшнаас олдсон тухай Д.Цэвээндорж тэмдэглэсэн байдаг. Уг булшийг 1989 онд Унгар, ОХУ, Монгол улсын эрдэмтдийн хамтарсан шинжилгээний анги малтаж, судалсан байдаг.
Түүнчлэн хэл хуурыг бөө мөргөлийн зан үйлээс өмнө үүссэн гэдгийг баталж чадвал энэ хөгжмийн зэмсэг 25 мянгаас ч доошгүй настай гэж үзэж болох юм. Учир нь АНУ-ын эрдэмтэд уугуул иргэд болох индианчуудыг тус тивд очихдоо бөө мөргөлийн шашинтай байсныг тогтоосон бөгөөд Ази тивээс Берингийн хоолойгоор дамжиж ирсэн нүүдлийг 20-25 мянган жилийн өмнө болсон хэмээн тодорхойлсон байна.
Одоогоор хэл хуурын үүсэл гарлын тухайд эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгдсэн байдаг бөгөөд тэр нь төмөр хуур хүрэл зэвсгийн үеэс үүдэлтэй хэмээсэн таамаг. Хөгжим сонирхогчид хулсан хуур дэлхийн олон оронд тархсанаас үндэслэн хамгийн отгон хэл хуур хэмээн тодорхойлдог боловч хөгжим судлаачид энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Тэд ясан болон хулсан хуурыг хэл хуурын хамгийн эртний хэлбэр гэж таамагладаг аж.

Хамгийн үнэтэй нь якут төмөр хуур

Дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа хэл хуур өнгө төрх, хэлбэр хийцээ төдийлэн өөрчлөөгүй ч, вьетнам хэл хуур утсан татлагагүй байдаг онцлогтой. Энэ мэт жижиг өөрчлөлтөөс хамааран дуугарлтын хувьд ч харилцан адилгүй бөгөөд Якут, Монголын хэл хуурыг хамгийн тод дуутай хэмээдэг. Түүнчлэн ясан, төмөр, хулсан гэх гурван төрлийн хуур зэрэг хөгжиж, өнөө хэр хадгалагдсаар байгаа цорын ганц үндэстэн нь Монгол. Тиймдээ ч Монголын зарим ардын хөгжим судлаачид эл хөгжмийн зэмсгийг Төв Азиас үүсэлтэй гэх санал дэвшүүлдэг.
АНУ дахь хөгжмийн зэмсгийн дэлгүүрт ч хүрч амжсан хэл хуурын төрлүүдээс хамгийн ховор нь ясан хуур. Харин хамгийн үнэтэй нь нэг бүр нь 500 долларын үнэтэй якут хуур. Якут буюу Саха урианхайчууд ихэвчлэн төмөр хуураар хөгжимддөг бөгөөд хуураа урлаж буй гангаа ч тусгайлсан технологиор боловсруулдаг тул ийм үнэд хүрдэг гэнэ.

Tuesday, January 4, 2011

Оны шилдэг “Бүргэд”



Хэдхэн жилийн өмнө насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор шалгарч, залуучуудын хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг довтлогч, хагас хамгаалагч, тэгш тоглогчоор шалгарсан гэх амжилтын буухиа АНУ-д үргэлжилж байна. “Дуулиан 2020” тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч байсан А.Мөрөн өдгөө Америкт сурч, бас хөлбөмбөгөө ч үргэлжлүүлэн тоглосоор байна. Өнгөрөгч оны аравдугаар сард “Heart of America Athletic Conference” нэртэй коллежуудын спорт холбоо түүнийг долоо хоногийн шилдэг довтлогчоор тодорхойлсон бол “Central Methodist” их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Мөрөнг 2010 оны шилдэг тоглогчоор шалгаруулжээ. АНУ-ыг Миссури мужид байрлах тус тоглогчдыг “Бүргэдүүд” хочоор нь спорт сонирхогчид, бусад их дээд сургуулийн шигшээ багийн тамирчид анддаггүй аж. Тиймээс ч түүнийг оны шилдэг “Бүргэд” хэмээн онцолмоор санагдав.
-Хэдийнээс хөлбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-12 настай байхаасаа л хөлбөмбөг сонирхон тоглож эхэлсэн. Эхэндээ байрныхаа найзуудтай хамт бөмбөг өшиглөн, гадаа өнждөг байлаа. Удалгүй манай гэр Дамбадаржаа руу нүүхтэй зэрэгцэн тэнд хөлбөмбөгийн талбай ашиглалтад орж билээ. Тэр талбайд үндэсний шигшээ багийнхан байсхийгээд л ирж бэлтгэл хийдэг байсан. Түүнийг нь хараад л тэдэн шиг шигшээ багийн тамирчин болохсон гэх бодол төрсөн дөө. Төд удалгүй Баттөр багшийн клубт орж, дараа нь тавдугаар сургуулийн суралцаж байхдаа Шархүү багшийн удирдлаган дор тоглогдог байв.
-Хөлбөмбөгийн ачаар Америкт очсон уу?
-Тэгж ойлгож болно. “Дуулиан 2020” тэмцээнд оролцсон минь өөртөө Америк явах зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэх санаа төрүүлсэн. Уг нь уг тэмцээний шилдгийн шилдэг тоглогчийг нэг жил АНУ-д үнэ төлбөргүй суралцуулна гэж амлаж байсан юм. Тэгээд л хэдэн найзтайгаа баг бүрдүүлж, уг тэмцээнд оролцоод алтан медаль авч, би ч “Шилдгийн шилдэг тоглогч”-оор шалгарсан.
-Тэгээд л Америк руу явсан байх нь ээ?
-Зохион байгуулагчид нь алтан медаль авсан багийг 10 сая төгрөгөөр шагнана гэж байсан юм. Тэмцээн дууссаны дараа хоёр сая төгрөг өгөөд, үлдсэн найман саяар нь шилдгийн шилдгээр шалгасан багийн довтлогчийг АНУ-д нэг жил төлбөргүй сургая гэсэн боловч таг чиг болчихсон. Тэгээд сураглатал нэг жилийн сургалтын төлбөр нь 5000 орчим доллар байсан тул явж чадаагүй. Гэсэн ч Америк руу явна гэсэн хүсэлдээ хөтлөгдөн өөрөө хөөцөлдсөөр жил бүр Майамид болдог шалгаруулалтад оролцсон.
-Тэр нь ямар учиртай шалгаруулалт юм бэ?
-Уг шалгаруулалтад ихэвчлэн Латин Америк болон Европын залуу тамирчид тэтгэлэг авахаар оролцдог юм билээ. Шалгаруулалтын үеэр АНУ дахь их сургуулийн дасгалжуулагч нар ирж, ур чадвар сайтай, ирээдүйтэй гэж үзсэн тамирчнаа сонгон авч, янз бүрийн тэтгэлэг олгодог. Тэндээс би “Hannibal-LaGrange” коллежийн тэтгэлэгт шалгарч, тус сургуульд суралцахаар болсон.
-Майами дахь шалгаруулалтад олон тамирчин оролцдог уу?
-Биднийг найман баг болгон хуваагаад хооронд нь өрсөлдүүлж, тэндээс дасгалжуулагч нар сонголтоо хийсэн. Нэг баг дунджаар 15-20 гишүүнтэй байсан гэж бодохоор 100 гаруй тамирчин оролцсон болов уу.
-Энд хэр амжилт гаргаж байв?
-Хамгийн анх “Дамбын хөгжөөнт өдрүүд” тэмцээнд оролцож, багаараа алтан медаль аван, би шилдэг довтлогчоор шалгарч байсан. Түүнээс хойш залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, би шилдэг довтлогч, хагас хамгаалагч, тэгш тоглогчоор шалгарч байсан.
-Америкт ч бас багагүй амжилттай тоглож байгаа гэсэн байх аа?
-Энд төдийлэн амжилт гаргаагүй ээ. Долоо хоногт хоёр тоглолтод оролцож, гурван гоол хийсэн гээд “HAAC” гэх коллежуудын спорт холбоо шилдэг довтлогчоор шалгаруулж байсан.
-Одоо ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
-“Hannibal-LaGrange” суралцаж байтал “Central Methodist” их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч санал тавьж, одоо энэ сургуульдаа спортын менежер мэргэжлээр сурч байна. Төгсмөгцөө эх орондоо эргэж очоод хүүхдүүдэд хөлбөмбөг зааж, бас хөгжингүй орнууд руу явж суралцахад зуучилдаг болохсон гэж боддог юм.
-Гаднынхан тамирчдаа рейтингээр нь жагсаадаг шүү дээ. Танай сургууль тамирчдаа тэгж жагсааж байна уу?
-Манайх ч бас тэгж жагсаадаг юм билээ. 2010 оны шилдэг тоглогчоор намайг шалгаруулсан байсан.
-Хөлбөмбөгийн шигшээ багтаа хэдэн тамирчинтай вэ?
-Манай сургууль хөлбөмбөгийн “Varsity”, “JV” гэсэн хоёр шигшээ багтай. Нэг ёсондоо нэгдүгээр, хоёрдугаар баг гэсэн үг. Хоёр багийн нийт 34 тоглогчтой гэсэн.
-Багийн спортоор манайхан төдийлэн амжилт гаргадаггүй. Гэтэл чи багагүй амжилттай яваа юм байна. Үүнд дасгалжуулалтын онцлог нөлөөлдөг болов уу? -Нөлөөлдөг л байх. Энд ирсэнээс хойш миний бэлтгэлийн цагийн хуваарь эрс нэмэгдсэн. Монголд байхдаа долоо хоногт хэдэн удаа л цуглаж, бэлтгэл хийдэг байсан бол энд ирсэнээс хойш өдөр бүр гурван цагийн бэлтгэл хийдэг болсон. Зөвхөн нэг улиралд 25 удаа тоглодог. Тэгэхээр ачаалал эрс нэмэгдсэн. Хийж буй дасгал нь ч Монголд бэлддэг байсантай адилгүй. Эндэхийн дасгалжуулагчид хөлбөмбөгч хурдтай, хүчтэй байх ёстой гэж үздэг. Тиймээс тэр төрлийн бэлтгэл, дасгал түлхүү хийлгэнэ. Одоохондоо хүйтний улирал эхэлчихээд хөлбөмбөгийн бэлтгэл хийх боломжгүй болчихсон байгаа. Тийм болохоор бага зэрэг завтай байдаг болсон.
-Хөгжингүй орнууд сургуулийнхаа шигшээ багийнханд их ач холбогдол өгдөг үү?
-Тийм шүү. Материаллаг баазаар хангаж, наанадаж л төлбөрөөс нь чөлөөлнө. Жижигхэн коллеж ч дор хаяж хөлбөмбөгийн 2-3 талбайтай байх жишээтэй.
-Мөрөн тэтгэлэгт хамрагдчихсан болохоор хичээл, бэлтгэлдээ л анхаарал хандуулдаг давуу талтай байх, тийм үү?
-Эндэхийн зарим сургууль тэтгэлэг олгохоороо сургалтын төлбөрөөс гадна байр, хоол, хувцас, аяллын зардлыг хүртэл өгдөг юм билээ. Гэхдээ манай сургууль 100 хувийн тэтгэлэг гэхээр зөвхөн сургалтын төлбөрөөс л чөлөөлдөг. Тиймээс хичээл, бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийхээс аргагүй байдаг. Манай сургууль шинэ оюутнуудад 100 хувийн тэтгэлэг өгдөггүй дүрэмтэй юм. Би шилжиж ирээд удаагүй байгаа болохоор одоохондоо төлбөрийнхөө зарим хэсгийг өөрөө төлж байгаа. Түүнээс гадна өмнөх сургуульдаа орохын тулд төлбөрийн талыг нь хувиасаа гаргасан. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул хүнээс зээлчихээд түүнийгээ ажил хийж төлж байгаа.
-Тэгээд өдөрт хэдэн цагийг ажилдаа зарцуулж байна вэ?
-Өдөр бүр таван цаг ажилладаг. Ажлаас нь гадна хичээлдээ багагүй цаг зарцуулах шаардлагатай байдаг. Шигшээ багийн тамирчдыг хангалттай үнэлгээ аваагүй үед тоглох эрхийг нь хасдаг юм. Тиймээс ажил, хичээл, бэлтгэл гээд аль алийг нь амжуулах хэрэгтэй болдог. Одоо л энэ байдалдаа дасаж байна даа.
-Чамаас өөр АНУ-ын их сургууль, коллежид хөлбөмбөг тоглон, амжилт гаргаж байгаа залуус бий юү?
-Хөлбөмбөг тоглодог хүн байдаг гэж сонсож байгаагүй юм байна. Гэхдээ сагсан бөмбөг, каратэ, чөлөөт бөх, теннисээр багагүй амжилттай яваа залуус бий. Ялангуяа Гүен гэдэг залуу теннисээр нэлээд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа гэж сонссон.
-Хөгжингүй орны их сургуулийн шигшээ багийн тамирчин болсон болохоор дэлхийд нэр хүндтэй клубт орох боломж Монголын бусад тамирчдаас илүү чамд байгаа болов уу. Цаашдаа томоохон клубийн тамирчин болно гэсэн бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Миний өөртөө тавьж буй бас нэг зорилго байгаа юм. Монголд хамт тоглож байсан найзуудаас минь Канад, Италийн лигт тоглодог хүн бий. Тэд маань намайг сургуулиа төгссөний дараа томоохон клубуудэд оруулах талаар хөөцөлдөж өгье гэсэн.
-Итали, Канадын лиг гэнэ ээ. Тэгэхээр хөлбөмбөгөөр амжилт гаргаж яваа тамирчид өөр байдаг байх нь ээ.
-Тийм ээ. Нэг найз маань Италийн дээд лигт тоглодог. Италийн лиг “А” болон “Б” сери гэсэн ангилалтай байдаг юм. Түүний “Б” серийн нэг клубийн тамирчин.
-Чиний тоглолтыг хараад дасгалжуулагч чинь юу гэж үнэлдэг вэ. Монгол тамирчны онцлогийг дүгнэж хэлж байна уу?
-Дасгалжуулагч маань миний тоглохыг хараад монгол хүн их хүчтэй юм гэж хэлж байсан. Ер нь барууны орны тамирчдыг бодвол манайхан их хүчтэй юм шиг байна билээ. Би энд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг залуустай барилдахад их хөнгөн, хүч муутай санагдсан. Гэтэл би чинь Монголдоо очвол бөхийн тамирчидтай барилдвал нүд ирмэхийн зуур л авч шидүүлнэ шүү дээ.
-Монголчууд барууны орныхныг бодвол чац багатай. Энэ нь хөлбөмбөгийн спортод амжилт гаргахад нөлөөлдөг үү?
-Үгүй ээ. Хөлбөмбөг гэдэг тамирчнаас хурд, хүч шаарддаг спорт. Түүнээс биш биеийн өндөр, чац урт байх эсэх нь чухал биш. Надаас ч жижигхэн биетай хэрнээ дэлхийд ур чадвараараа шагшигдсан цөөнгүй тамирчин байдаг шүү дээ.
-Тэгэхээр манайхан бэлтгэл сургуулилтаа сайжруулчихвал хөлбөмбөгийн спортод амжилт гаргах магадлалтай байх нь ээ?
-Тийм боломжтой байх гэж бодож байгаа учир би энд спортын менежерийн мэргэжил эзэмшиж байгаа.
-Ажил, хичээл, бэлтгэл гээд ачаалал ихтэй байгаа болохоор унтаж амрах цаг төдийлэн гарахгүй байна уу?
-Янз бүр дээ. Ихэвчлэн 02.00 цагийн үед унтаад өглөө 08.00 гээд л босдог. Учир нь манай хичээл 08.30 цагт эхэлдэг юм. Монголд байхдаа зөвхөн хөлбөмбөгийнхөө бэлтгэлд л анхаарал хандуулдаг байсан бол энд ирснээс хойш ачаалал дааж, спорт төдийгүй хичээл, ажил гээд бүх зүйлээ амжуулж сурч байна.

Өөрийн авьяас чадвараар АНУ дахь их сургуулийн дасгалжуулагчдад тоогдон, ирээдүйн олимпийн эздийг бэлтгэж, эх орондоо хөлбөмбөгийн спортын хөгжүүлэхсэн гэх зорилго өвөрлөн яваа залуутай цахим хуудсаар холбогдон, хуучилж суухад ивээн тэтгэгчдийн туслалцаа энэ л залууд хэрэгтэй юм даа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Тиймээс ч эцэст нь “Энэ ярилцлагыг уншаад Монголын томоохон компаниуд чамайг ивээн тэтгэж, идэх хоол, өмсөх хувцас, сургалтын төлбөрөө олохын тулд зарцуулж буй цаг заваа зөвхөн хөлбөмбөгтөө хандуулж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, нэр хүндтэй клубийн тамирчин болсон анхны хөлбөмбөгч болохын тулд өөрийгээ нэг магтаач” гэсэн эцсийн хүсэлтэд минь “Монголд байхдаа л медаль авч байснаас биш, энд ирсэнээс хойш төдийлэн амжилт гаргаж чадаагүй л байна. Гэхдээ би тун удахгүй үнэнч фанатуудтай, дэлхийд нэр хүндтэй клубийн тоглогч болж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн хариуллаа.

Monday, January 3, 2011

Кристина Агулера: Бие минь хүнийх юм шиг санагддаг байж билээ


Саяхан л хөгжмийн ертөнцийн шинэ үеийнхний гол төлөөлөгчдийн нэг хэмээгдэж явсан Кристина Агулера гэр бүлийн амьдрал зохион, үрийн зулай үнэрлэж хэсэгтээ л уран бүтээлээсээ хөндийрсөн ч хөгжмийн сонирхогчдын анхаарлын төвөөс огтхон ч холдоогүй. Шинэ уран бүтээлийг нь шимтэн хүлээж суусан шүтэн бишрэгчид нь хувийн амьдралынх нь өөрчлөлтийнх нь тухай ч багагүй сонирхож байсан тул дуучны хувийн амьдрал, гэрлэлт, ээж болсон тухай нь Космополитан сэтгүүлийн сурвалжлагч ярилцжээ.
“Уучлаарай, асуултаа дахиад тавь даа” хэмээн яриагаа эхэлсэн Кристина хундагатай оргилуун дарсаа шимсэнээ “Би эрчүүдийн талаар ярихгүй шүү” гэх нь тэр. Өдгөө 29 настай поп одоос ийм үг сонсоно хэмээн төсөөлөөгүй суусан би гэнэтийн энэ ярианд цочирдох нь тэр. Тачаангуй бүжгээрээ охидыг бишрүүлж, өөртөө итгэлтэй, дур булаам төрхөөрөө үеийнхнээ атаархуулж явсан түүнийг эрчүүдийн тухай ярианд тавгүйрхэж, эмэгтэйчүүдийн тухай бол илэн далангуй хуучлахаас ч буцдаггүй нэгэн хэмээн хэн санах билээ. Тэр ч байтугай өнгөрөгч онд тэр “Нүцгэн эмэгтэй хүн эр хүнээс илүү тачаангуй харагддаг” гэж хэлж шуугиан тарьж байсан удаатай.
Харин энэ удаа тэр нэлээд цааргалсны эцэст “Заримдаа эрчүүдэд өөрсдөөс нь илүү тэвчээртэй, ухаантай хүүхнүүдийн зөвлөгөө хэрэг болдог. Тиймээс би эрэгтэй найзууддаа зөвлөгөө өгөх дуртай. Харин надад зөвлөгөө хэрэг болсон үед би хэнд ханддаг гээч. Гей найзууддаа. Тэд яг л хүүхнүүдтэй адилхан бэрхшээл туулдаг болохоор биднийг илүү сайн ойлгодог” гэж ярив. Түүнчлэн тэр өнгөрсөн хугацаанд гэрлэлт, хайр дурлал, эрчүүд болон сексийн тухай юу сурсанаа ч нуугаагүй.

Хамгийн дур булаам байдал бол өөртөө итгэлтэй байх
“Өөртөө итгэлтэй, хүсэл зорилготой, урам зоригтой байх... Миний бодлоор эдгээр нь эмэгтэй хүнийг хамгийн дур булаам болгодог зүйлс. Мэдээж бас дахин давтагдашгүй онцгой, өөрийнхөөрөө хэрнээ бие даасан байх нь хайр дурлалын харилцаанд амжилт гаргагчдын гол түлхүүр.

Гэрлэлт юуг ч өөрчилдөггүй
“Гэрлэлт хосуудыг нэгтгэж, харилцааг илүү албан ёсны болгодог. Гэхдээ юуг ч өөрчилдөггүй. Ялангуяа ажлаа тэр хэвээр авч үлдэхийг бидний хэн хэн нь хүсэж байсан. Тиймээс ч гэрлэснийхээ дараа нэг жилийн хугацаанд бүл нэмэх асуудлыг түр хойш тавьсан юм” хэмээн гэрлэлтийнхээ тухай ярьсан тэрбээр “Бид гэрлээд таван жил болсон. Энэ хугацаанд нууц бол гэрлэлтийн дараа ч харилцааг сонирхолтой байлгах гол зэвсэг гэдгийг ухаарсан. Бие биедээ гэнэтийн бэлэг барина гэдэг ч бас гайхалтай эмчилгээ болдог юм билээ. Би угаалгын өрөөнийхөө толин дээр уруулын будгаар хайртай гэдгээ илэрхийлсэн бяцхан зурвас үлдээдэг байсан. Нөхөр маань өглөө босоод хамгийн түрүүнд шүршүүрт ордог. Харин шүршүүрт орохын өмнө миний зурвасыг уншаад өдөржин сэтгэл өөдрөг явдаг байлаа. Иймэрхүү бяцхан бэлэг харилцааг хөгжилтэй болгож, насыг нь уртасгадаг” гэж нэмж өгүүллээ.

Жижигхэн боловч хамгийн нөлөө бүхий эмчилгээ нь романтик байдал “Хамтдаа хөгжиж, өсөж дэвшинэ гэдэг хайр сэтгэлийн харилцааны хувьд чухал хүчин зүйл. Энэ хамтдаа цагийг өнгөрөөх, бас биенээ илүү таньж мэдэх боломж олгодог. Ингэхдээ бас хайртдаа өөрийн гэсэн орон зайг нь үлдээж, өөрөөрөө байх боломж олгоорой. Нөхөр бид хоёр их романтик хүмүүс. Толгой өндийх завгүй ажилтай үед нөхөр минь дэрэн доогуур “Чи минь ажилсаг ээж шүү. Бүхнийг амжуулчихдаг чамаараа би чинь бахархдаг” гэсэн зурвас үлдээж, надад урам хайрладаг”

Эрчүүд төсөөлөн бодох чадвар сайтай “Эрчүүд биднийг ямар үед хамгийн дур булаам гэж боддог гээч. Тэд төсөөлөн бодох чадвар сайтай учир хайртай бүсгүйгээ нүцгэн байхад нь харахыг чухалчилдаггүй. Харин ч эсрэгээрээ жижигхэн зүйлээс ургуулан цааш төсөөлөн бодож, хайртынхаа дур булаам бүхнийг олоод харчихдаг.
Харин би өөрийгөө хөөстэй ус дүүргэсэн угаалгын онгоц руу явж байхдаа л хамгийн дур булаам харагддаг гэж боддог. Харин хөл хүнд болсноосоо хойш дур булаам харагдаж байгаа эсэхдээ анхаарал хандуулахаа больсон. Надад түүнээс илүү эрч хүч, урам зориг л мэдрэгдэх болсон. Бие минь минийх биш, хүнийх юм шиг санагддаг байж билээ.”

Гей залуус хамгийн сайн зөвлөгчид байдаг “Найзуудын минь тал нь эрэгтэй хүмүүс. Тиймээс ч эрэгтэй найзуудтайгаа үзэл бодлоо хуваалцаж, тэдэнд зөвлөгөө өгөх нь надад илүүтэй таалагддаг. Харин хамгийн сайн зөвлөгч хэн бэ гэвэл би эргэлзэлгүй гей залуус гэж хариулна. Ялангуяа сексийн талаарх зөвлөгөөг тэднээс илүү өгдөг хүн үгүй гэж бардам хэлж чадна. Хүүхнүүдтэй санал бодлоо хуваалцахад сэтгэл багагүй хөдөлж, чин сэтгэлээсээ ярилцдаг бол эрчүүдтэй ярилцах уйтгартай байдаг гэж хүмүүс ярьдаг. Харин миний хувьд эрчүүд ч, эмэгтэйчүүд ч сайн сонсогч, ярилцлагч болдог.

Хүүхнүүд эв нэгдэлтэй байвал их зүйлд хүрнэ “Нөхөртөө хууртагдсан бүсгүйчүүд хамаг бурууг нууц амрагт нь тохдогийг би хүлээн зөвшөөрдөггүй. Ийм тохиолдолд бид харин ч эрчүүдийг буруутгаж, эмэгтэйчүүдээ өмөөрөх учиртай. Бид бие биенээ илүү сайн мэддэг болохоор тэр. Хэрхэн сэтгэл хөдөлж, юу мэдэрдгийг нь эрчүүдээс илүү сайн ойлгодог хэрнээ алдааг нь уучилж чаддаггүй нь гайхалтай”

Муу залуус хэнд ч хэрэггүй “Хэрэв цаг хугацаагаар аялж болдогсон бол би 16 настай Кристина дээр очиж, “Муу залуус хэнд ч хэрэгггүй” гэж зөвлөх байсан. Хүүгээ өсвөр насанд хүрэхэд нь би бурхандаа охинтой биш, хүүтэй болгож өгсөнд нь талархах байх. Учир нь өсвөр насны охидод хөвгүүдээс халамж анхаарал хэрэгтэй болдог.”

Селин Дион: Өөр юу ч хэрэггүй юм шиг санагдаж байна


Өнгөрөгч сарын 16-нд нэвтрүүлгийнхээ төгсгөлийн дугаарыг үзэгчдэд хүргэсэн “Larry King Live” нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой ярилцлагуудыг CNN суваг давтан гаргасаар байгаа билээ. Энэ удаад “Өнөөдөр” ихрүүдийн ээж болсон дуучин Селин Дионы ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Өнгөрөгч оны аравдугаар сарын 23-нд амаржиж, ихэр хөвгүүдтэй болсон тэрбээр хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр анх удаа ярилцлага өгч буй нь энэ аж.
-Хөвгүүдийн чинь бие сайн биз дээ? -Тэд сайн. Юу гээч Ларри, гадаа хэдий хүйтэн байгаа ч хөвгүүд минь, бас гэр бүлийн хүний маань хайр халамж намайг огт жиндүүлэхгүй байгаа. Одоо надад өөр юу ч хэрэггүй юм шиг л санагдаж байна.
-Та манай нэвтрүүлэгт өнгөрөгч хоёрдугаар сард оролцсон. Тэр үед дахин хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан шүү дээ. Тэгэхээр нэвтрүүлэгт оролцсоны дараахан хөл хүнд болсон байх нь ээ? -Тийм ээ. Рене бид хоёр таван ч удаа үр шилжүүлэн суулгах гэж оролдсон боловч амжилттай болоогүй юм. Эцэст нь бурхан биднийг ивээж ихэр хөвгүүд заяасан. Хийж буй зүйлдээ итгэлтэй байж, уйгагүй зүтгэж, хичээвэл бүтэхгүй зүйл үгүй гэж боддог нэгэн. Том хүү маань 10 нас хүрэх гэж байсан болохоор удаан хугацааны дараа бурхан биднийг ивээж, нэг биш бүр хоёр хүүхэд хайрласан. Тэд минь одоо хоёр сартай ч, өнөөг хэр ихрүүдтэй болсондоо итгэж чаддаггүй.
-Таны Манделатай уулзсан нь хүүгээ Нелсон хэмээн нэрлэхэд хүргэсэн үү? -Тийм ээ, Ларри. Би хоёр жилийн өмнө Өмнөд Африкт аялан тоглолтоор очсон юм. Тэгэхдээ Нелсон Манделатай уулзахсан гэж их хүсэж байлаа. Хүсэл минь ч биелж бид уулзсан. Түүнтэй уулзахаасаа өмнө би Өмнөд Африкийн түүхийг багагүй судалсан байсан л даа. Түүнийг ямар баатарлаг хүн болохыг уншиж мэдсэн байлаа. Тиймээс Нелсон Манделатай нүүр тулан уулзсан минь намайг цочролд оруулчих шиг л болсон. Тухайн үед ээж, Рене, хүү Рене Чарльз маань ч дэргэд байсан. Түүний ямар гайхамшигтай хүн болохыг уулзаж мэдсэн тул бид хүүдээ Нелсон Манделагийн нэрийг хайрлахаар шийдсэн. Эддигийн нэр ч бас их утга учиртай. Эдди Марни гэгч Франц яруу найрагч миний франц дуутай цомгийн дуунуудын шүлгийг бичсэн юм. Тэр бүр Эдит Пиаф, Барбара Стрейсанд зэрэг алдартнуудын дуулсан дууны үгийг бичиж байсан нэгэн.
Бидний амьдралд хоёр баатар бий. Хөвгүүд маань өсөж том болсныхоо дараа хорвоо дээр ийм гайхалтай хүмүүс байдаг юм шүү гэдгийг мэдэж, бахархаасай бас ийм агуу хүмүүстэй амьдай гэдгээ мэдээсэй гэсэндээ бид тэдэнд Эдди, Нелсон гэдэг нэр өгсөн.
-Уг нь та гурван ихэр тээж байсан байх аа? -Тийм ээ. Жирэмсний эхний саруудад би гурван ихэр тээж байсан юм. Гэхдээ хувь тавилан энэ бүгдийг өөрчилсөн. Магадгүй хэвлийд минь бойжиж байсан бяцхан амьтан бусад хоёртоо эсэн мэнд үлдэх боломж үлдээх гэсэндээ өөрийгөө золиосолсон байх. Хүн гэдэг амьтан сонголт хийж, шийдвэр гаргахаас хэзээд татгалздаг шүү дээ. Ялангуяа хөл хүнд эмэгтэй сонголтоосоо эргэж буцахыг хүсдэггүй юм.
Харин эмч нар намайг хүүхдээ алдах бүрт минь “Хүүхдүүд өөрсдөө сонголтоо хийдэг юм. Энэ бол байгалийн шалгуур” гэдэг байлаа. Харин гурван ихрийн нэгийг алдах үед бид чухам ямар шалтгаанаас болоод алдсанаа сайн мэдээгүй. Тэр тухай лавлахыг ч хүсээгүй. Эмч нарын хэлснээр тэр бяцхан амьтны сонголт гэж бодоод л өнгөрсөн.
Гэхдээ л би өнгөрснөө дурсаж, гурав дахь ихрээ үгүйлэхгүй байж чаддаггүй. Хүүхдээ алдсан эх хүн бүрт л ийм мэдрэмж төрдөг болов уу.
-Та цөөнгүй удаа үр шилжүүлэн суулгуулсан боловч амжилт олоогүй. Шантраад шийдвэрээсээ няцах тохиолдол гарч байв уу? -Бид цөөнгүй удаа хүүхэдтэй болох гэж эмнэлэгт хандсан. Зургаа дахь тохиолдол нь амжилттай болсон юм. Тиймээс би үр шилжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болох бүрт “Одоо болих цаг нь болсон юм болов уу. Энэ бүхэн хэзээ дуусах юм бол” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Гурав дахь удаагаа мэс ажилбарт орсны дараа л надад “Цааш үргэлжлүүлэх шаардлагатай юу” гэх бодол төрж эхэлсэн.
Бид энэ асуултыг өөрсдөөсөө маш олон удаа асуусан. Нэгэнт л бид хүүхэд тээж төрүүлэх ёстой эмэгтэй хүн тул шантрахгүй зүтгээд л байдаг юм билээ. Нэг л өдөр энэ бүхэн төгсгөл болж, би хүссэн үр дүндээ хүрнэ гэсэн итгэл хэзээ ч бөхдөггүй.
-Таныг хөвгүүдтэйгээ хамт авахуулсан зургаа сэтгүүлийн нүүрэнд тавиулаад л хүүхдээр бизнес хийж байна гэж шүүмжлэх нэгэн байхад ихрүүдийн тань зургийг харахыг тэсэж ядан хүлээх сониуч нэгэн ч бий. Та тэдний зургийг хэр олон сэтгүүлд нийтлэх бодолтой байгаа вэ? -Би энэ асуудлыг Ренед даатгачихсан. Юуны өмнө би дэлгээтэй ном шиг хүн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Би хувийн амьдрал, уран бүтээл гээд өөрийн ажил болон ахуй амьдралын бүхий л асуудлаа нийтэд дэлгэсээр ирсэн. Энэ бүхэн уран бүтээлээ мэдэрч, мөрөөдлөө биелүүлэхэд минь тус болдог юм. Харин яг хэдэн сэтгүүлд, хэдэн хувь хэвлэхийг Рене шийднэ. Учир нь би түүнд хайртай, итгэдэг. Тэр намайг шоу бизнесийн ертөнцөд амжилт олоход тусалсан хүн төдийгүй, зүрх сэтгэлийн минь орон зайг тэр чигт нь булаан эзэлчихээд байгаа нэгэн. Тиймээс би түүний шийдвэрийг л дагах болно.
-Ихрүүд тань нэг эсийнх үү? -Үгүй ээ. Тэд төрөхдөө өөрсдийн бяцхан ертөнцөөс гарч ирсэн. Гэхдээ л би тэднийг ялгааг төдийлэн сайн олж хараагүй л байна. Ихрүүдийгээ хармагцаа л би дуу алдаж, эртхэн нэр өгдөг байж гэж билээ. Тэгээд нэр өгтөлөө “А”, “В” гэж ялгаж байлаа. Заримдаа аль нь “А” билээ гэж будилах явдал ч гардаг байв. Уг нь тэднийг малгайгаар нь ялгадаг байсан юм. Гэтэл нэг өдөр малгай нь солигдчихоод бяцхан үймээн үүсгэчихсэн.
Биб ч гэлтгүй манайхан бүгд л ихрүүдээ хооронд нь ялгахгүй будилдаг. Биднийг эмнэлгээс гарсны дараахан Рене “Нэр сонгохдоо их ач холбогдол өгөх хэрэгтэй. Тэдний нэрийг сонгоно гэдэг их хариуцлагатай ажил” гэж билээ. Тэгээд долоо хоног өнгөрсний дараа бид суугаад ямар нэр сонгох талаар ярилцсан. Эцэст нь бидний баатрууд болох Нелсон, Эдди нарын нэрийг өгөхөөр шийдсэн дээ.
-Та унтаж амарч чадаж байна уу? -Сайн унтаж амарч амжилгүй удаж байна шүү. Мэдээж огт амрахгүйгээр тэднийгээ арчилна гэдэг байж боломгүй зүйл л дээ. Ихрүүдээ хоёр цаг тутам хөхүүлдэг юм. Тиймээс сайн унтаж амрах цаг гардаггүй. Тэр хоёр цагт хоолоо идэх үү, шүршүүрт орох уу, унтаж амрах уу гээд л олон асуудал гарч ирнэ. Тиймээс зарим шөнө 25 минут дугхийх нь ч бий.
Гэхдээ л энэ өөрчлөлт надад сайхан санагдаж байна. Өдөржин унтлагын хувцастай холхиж, унтаж амрах завгүй яваа ч энэ байдалдаа би сэтгэл хангалуун байгаа.
-Рене Чарльз дүү нартаа хэр дасаж байна вэ? -Биднээс хүн бүр л ингэж асуудаг юм. Хүмүүс Рене Чарльзыг “Бурхан минь, миний дүү нар. Ээж ээ, би тэднийг тэвэрч болох уу” гээд л шалгааж байгаа гэж боддог шиг байгаа юм. Үнэндээ тэр энэ байдалд дасаагүй л байна. Одоогоор түүний харж байгаа зүйл бол ээж нь өдөр шөнөгүй ихрүүдтэй зууралдаад,сэрэхдээ ч, унтахдаа ч тэдэнтэй хамт. Тэд уйлахаас өөр зүйл хийдэггүй гэсэн ойлголттой байгаа.
Гэхдээ л Рене Чарльз нүүрээ элдвээр хувирган дүү нараа инээлгэхийг хичээдэг. Тэр бүрт нь би “Дүү нар нь одоо л өнгө ялгаж сурч байгаа” хэмээн тайлбарлаж өгдөг юм. Рене Чарльз дүү нартайгаа хамт тоглохыг л тэсэн ядан хүлээдэг байх. Одоогоор ихрүүд бэйсболл тоглож чадахгүй ч тун удахгүй ахтайгаа хамт тоглодог болно. Энэ л Рене Чарльзын сонирхлыг илүү их татаж байгаа. Гэхдээ тэр дүү нартаа анхаарал халамж тавихаа мартдаггүй. “Ээж ээ, ихрүүд зүгээр биз” гэж асууна. Хооронд нь сайн ялгадаг.
-Таны аялан тоглолт хийсэн газруудаас хамгийн сонирхолтой, бас биед амар нь Вегаст болсон байх. Тийм үү? -Бусад хотод хийсэн тоглолтоос тэс өөр байсан шүү. Үзэгчдийн эрч хүч, хүлээж авах уур амьсгал нь өөр. Дэлхийг тойрон аялж байх үед цагийн зөрүү их ядраадаг. Түүнээс гадна өмнө очиж байгаагүй газар, цоо шинэ орчинд хэдэн өдөр амьдарч, өдрийн дийлэнхийг онгоцонд өнгөрөөж, өглөө хаана байгаагаа ч сайн санахгүй сэрнэ гэдэг хэцүү шүү. Энэ бүхэн хүнийг их ядраадаг юм билээ.
Хамт олныхоо хичээл зүтгэлээр л би аялан тоглолтоо амжилттай дуусгаж чадсан. Гэхдээ аялан тоглолт дэлхий ертөнцтэй танилцах боломж олгодгоороо бусад тоглолтоос давуу. Тиймээс би надтай хамт аялсан ээж, хүүгээрээ бахархдаг юм. Тэд цоо шинэ ертөнц, шинэ амьдралтай танилцахын зэрэгцээ сафари, алдартай музейгээр аялаад амжсан. Тиймээс энэ аялал бидэнд олон арван шинэ боломж, баяр хөөр бэлэглэсэн гэж хэлж болно.
-Одоогоос 30 жилийн өмнө Жон Леннон таалал төгссөн. Та түүнийг болон “Битлз”-ийнхнийг хэрхэн дүгнэдэг вэ? -Ямар гайхалтай хамтлаг, ямар агуу уран бүтээлч вэ гэж боддог. Харамсалтай нь тэр 30 жилийн өмнө бусдад хорлогдсон. Түүний ямар агуу болохыг өнгөрснөөс нь 30 жилийн дараа та бид хоёр, бас би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад сууж байгаагаас харахад л тодорхой. Түүнийг нас барах үед би 12 настай жаахан охин байсан. Гэхдээ л түүний гайхалтай уран бүтээлүүдийг манай ах эгч нар, нөхөр маань бишрэн сонсдог. Би “Битлз”-ийнхнээс суралцдаг. Түүний 40 жилийн өмнө бүтээсэн “Imagine” нэртэй сайхан дууг би өнөөдөр дуулах гэж байгаа. Хэдийгээр Жон Леннон таалал төгсөөд 30 жил болсон ч одоо ч, хойшид ч бидний зүрх сэтгэлд оршсоор байх болно.

Tuesday, December 28, 2010

Б.Ганбат: Морин хуурын аялгуу сонсож үзээгүй хүн Монголд ч байдаг

“Би соёлын тэргүүний ажилтан гэж цоллуулах дургүй. Бас тоглолтод оролцохдоо гоцлол хөгжимчин гэж зарлуулахаас татгалздаг” хэмээн даруухан ярих тэрбээр хорь гаруйхан насандаа соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан хэмээн хамт олон нь ихэд үнэлдэг юм билээ. Дэлхийд цорын ганц хэмээгддэг Төрийн их найрлын морин хуурч Б.Ганбаттай морин хуур хөгжим болон морин хуурч гэх мэргэжлийн талаар ярилцлаа.

-Яагаад заавал морин хуурч болохоор шийдсэн юм бэ?
-Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань намайг морин хуурч болоход багагүй нөлөөлсөн. Ээж, эгч гээд манайд урлагийн салбарт ажилладаг хүн олон. Аав минь ч морин хуурч байсан. Анх аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодоод л морин хуурч болохоор шийдэж байлаа.
-Хэдийнээс морин хуур тоглож байна вэ?
-Тавдугаар ангид байхаасаа морин хуур тоглож эхэлсэн. Түүнээс хойш Хөгжим бүжгийн коллеж, СУИС-д суралцаж, ҮДБЭЧ-д ес дэх жилдээ ажиллаж байна.
-Бусап ардын хөгжмүүдээс морин хуур юугаараа онцлог вэ?
-Морин хуур бусад хөгжмийн зэмсгүүдээс ялгаатай тал олонтой. Утсан хөгжмийн төрөлд гэхэд л хялгасан хөгжим гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн олонх утсан хөгжмийн гриф буюу модон дээр нь хуруугаараа дарж тоглодог бол морин хуурыг хөндий утсан дээр өндөг, хумсны толиогоор дардаг онцлогтой. Манайхан ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд морин хуураа бүртгүүлсэн. Дэлхийд ганцхан монголчууд л морин хуур хөгжимтэй.
-Өвөрмонголчууд ч бас морин хуур тоглодог биз дээ.
-Тийм ээ. Гэхдээ тэдний тоглож буй хөгжим хэлбэр хийц, дугаралт гээд бүхий л зүйлээрээ ялгаатай. Харин манай улсад бол үлгэр туультай зэрэгцэн үүсэн бий болсон морин хуур өнөөдөр ч хөгжсөөр л байна.
-Зарим хуур урлаачид морин хуурыг сонгодог хэлбэртээ дөхсөн гэдэг билээ.
-Гэхдээ хийл шиг стандарттай болж чадаагүй л байна. Манай хуур урлаачид бүгд өөрсдийн арга барил, техникээр морин хуур хийж байна. Гэхдээ уртын дуу, хөөмийг ардын урлагийн төрөл гэдэг ч сонгодог болчихсон гэж хэлж болно. Гадаадын ямар ч мундаг дуурийн дуучин ардын болон уртын дуу дуулж чаддаггүй. Түүнд биеийн онцлог, орчин гээд бүхий л хүчин зүйл нөлөөлж байгаа. Түүнтэй адил морин хуурыг ч хар арьстай хүн бол тоглож чадахгүй.
-Яагаад?
-Хар арьстан гэлтгүй япон хүн ч хэзээ ч монгол хүн шиг морин хуур тоглож чадахгүй. Учир нь Японд говь байхгүй. Тэд тал нутаг гэж ямар байдгийг мэдэхгүй. Тиймээс тал нутгийн нүүдэлчин хүн шиг сэтгэж, морин хуур тоглож чадахгүй. Би Японд тоглолтоор явж байхдаа говийн тухай баримтат кино үзүүлж, хөгжмөө тоглож байсан. Тэр тоглолтын дараа цөөнгүй япон хүн говь үзэхээр ирж байсан шүү.
Саяхан Японд нэгэн аялал жуулчлалын компани сонирхолтой санал гаргасан байна билээ. Тэд Монголын талд хараагүй хүмүүст зориулсан жуулчны бааз байгуулах бодолтой байгаа. Хараагүй хүн хэнээр ч замчлуулалгүй өөрийн хүссэн зүгтээ алхахад тал нутаг барагдахгүй, хөлд нь торох зүйл байхгүй гэж тайлбарлахаар хүмүүс их сонирхож байна гэсэн.
-Төрийн их найралд ямар хөгжмийн зэмсгүүд байдаг вэ?
-Ерөнхийлөгчийн зарлигаар 120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Монгол Улсын төрийн их найрал” гэж байгуулагдсан. Одоо морин хуур, их хуур, дунд хуур, ятга, ёочин, лимбэ, бишгүүр зэрэг арав гаруй төрлийн хөгжмийн зэмсгээр тоглож байна. Саяхан Японы томоохон хөгжмийн үйлдвэрт захиалга өгч Гандантэгчинлэн хийдэд үлээдэг бүрээг хөг, даралттай болгон хийлгэсэн. Дандаа ардын хөгжмийн зэмсгээр тоглодог, ийм том хэмжээний чуулга дэлхийд өөр байхгүй. Хятадын найрал хөгжим гэхэд л сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй байх жишээтэй. Бидний тоглож байгаа хөгжмүүд ч бас хөгжмийн зэмсгийнхээ онцлогт тохируулсан найруулга, өнгө аястай байдаг.
-Голчлон ардын урлагийн бүтээлүүдийг тоглодог уу?
-Мөн сонгодог бүтээлүүдээс ч тоглодог. ҮДБЭЧ-ын 60 жилийн ойн тоглолтын үеэр ардын хөгжмийн тоглолт хийсэн. Уг тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл, дэлхийн сонгодгууд болон киноны хөгжим гээд төрөл бүрийн хөгжмийг өөрсдийн хөгжмийн зэмсгийн онцлогт тохируулан найруулгыг нь өөрчилж тоглолоо.
-Дэлхийн бусад орны иргэд морин хуурыг багагүй сонирхдог ч монголчууд үндэсний хөгжмөө хэр сайн мэддэг вэ?
-Энд тэнд тоглолтоор явж байхад “Хөөх морин хуур чинь ийм сайхан аялгуутай юм уу. Дэргэд нь суугаад сонсож байсангүй. Зурагтаар үзэхээс цаашгүй байлаа” гэх хүн ч цөөнгүй тааралддаг. Тоглолтын дараа утасдаад, гэртээ урьж зурагтаа унтраан, хийж буй ажлаа хойш тавин гэр бүлээрээ шимтэн сонсох хүмүүс ч гардаг. Тиймээс хөгжмийн боловсрол эзэмшүүлэх талаар удирдах албан тушаалтнууд зохих арга хэмжээ авбал зохилтой юм шиг санагддаг. Намайг Японы дунд сургуулийн хүүхдүүдэд морин хуурын тухай лекц уншиж байхад арваадхан настай хүүхдүүд их анхааралтай сонсож, хүлээн авч байсан. Дунд сургуулийн сурагчдад хичээлийн хуваарьт нь тусгайлан цаг гаргаж наанадаж үзвэр үзэх соёлын талаар ч мэдлэг олгох хэрэгтэй юм шиг санагддаг. Залуучууд нийтийн дуу санй мэддэг атлаа, ардын дуу, хөгжийн тухай мэдлэг муутай. Тэр талаар сонирхдог ч үгүй. Нийтээрээ сонирхож, нийтийн дууг сонсдог шигээ шимтдэг байх албагүй ч үндэсний урлагаа хайрлаж, эрхэмлэх ухааныг тэр хичээлээрээ дамжуулан зааж сургасан ч болох.
Япончууд хөгжмийн тоглолтыг нүдээ анин сонсдог юм билээ. Тэр бол нэг төрлийн соёл. Хөгжмийн аялгууг нүдээ анин бүхий л сэтгэл зүрхээрээ мэдрэн сонсож байгаа хэрэг. Японд анх тоглолтоор очихдоо “Өө энэ нөхдүүд чинь унтаад байгаа юм байх даа” гэж дотроо бодоод их сэтгэлээр унасан. Гэтэл сүүлд нь хүмүүсээс сонсвол унтах биш, харин ч чин сэтгэлээсээ сонсдогийг мэдсэн. Тэд бүр уртын дуучин Норовбанзад гуайн дуулахыг нь сонсоод “Газраас дээшээ хөөрөн, жингүйдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Энэ ямар агуу урлаг вэ” гэж уулга алдаж байсан гэдэг.
-Ер нь гаднын орнуудад ардын урлаг нь хэр нэр хүндтэй байдаг вэ?
-Хамгийн нэр хүндтэй тоглолт нь ардын урлагийн тоглолт л байдаг. Энэ төрлийн тоглолтын тасалбар гэхэд л хамгийн өндөр үнэтэй байх жишээтэй. Тухайн улсад ямар ч нэр хүндтэй шоу тоглолт болсон тасалбар нь ардын урлагийн тоглолтынхоос бага байх ёстой гэдгийг холбогдох хууль, дүрэмдээ заачихсан байдаг юм билээ. Манайд бол үндэсний хөгжмийн тоглолтыг найман мянгаар үзэх хүн цөөн байхад хошин урлагийн тоглолт 10 мянган төгрөгийн үнэтэй байсан ч тасалбар нь эрэлт ихтэй байдаг. Угтаа эсрэгээрээ байх ёстой юм байна л даа.
-Тэгэхээр хөгжимчид нь ч бас их нэр хүндтэй байдаг байх нь ээ?
-Тийм ээ. Хөгжимчин нь хажуудаа туслахтай байдаг юм билээ. Тэгээд тоглолт хооронд тусгайлан бэлдсэн өрөөнд орж, дараагийн тоглолтынхоо аялгууг бодож, өөр зүйлд сатааралгүй, анхаарлаа төвлөрүүлдэг. Тоглолтынх нь цаг болмогц узелиэр хөгжимчинд мэдэгдэж, тухайн хөгжимчин зөвхөн өөрийгөө л тайзан дээр авчирч байсан. Манайхан бол дараагийн тоглолт хүртэл хөшигний ард хөгжмөө тэвэрч зогсон, дараагийн зохиолын ноотоо эрэн будилж байдаг.
Уг нь хангамж сайтай бол хөгжимчин бид ч бас талхны мөнгөний төлөө энд тэнд тав арван төгрөгний төлөө тоглож суухгүй зөвхөн урдах ажилдаа анхаарал хандуулж, чанартай “бүтээгдэхүүн” гаргахыг зорино. Би хүмүүст энгийнээр тайлбарлахдаа бид бол үйлдвэрийн ажилчидтай адилхан. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол хөгжим гэдэг юм. Тиймээс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л бид ард түмний анхаарлыг илүү татаж, үндэсний хөгжмөө сурталчилна.
-Хүмүүс гоцлол хөгжимчдийг их сайн уран бүтээлч гэж боддог. Гэтэл найрал хөгжмийн бүрэлдэхүүнд байгаа хөгжимчин ч бас их чухал үүрэгтэй гэдэг юм билээ.
-Мэдээж гоцлол хөгжимчин бусдаас онцлог, ур чадвар сайтай байх ёстой. Гэхдээ тэглээ гээд найрал хөгжимчнийг ур чадвар муу, үүрэг багатай гэж ойлгож болохгүй л дээ. Нэг хөгжим үгүй болоход цогц байх ёстой хөгжмийн зохиол дутуу дулимаг болчихдог. Тиймээс хөгжимчин хүн тайзан дээр гараад суучихсан л бол бие засах, утсаар ярих эрхгүй. Тэр ч байтугай “Үхээгүй л бол ажилдаа ир” гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Урлагийнхныг хагас цэргийн зохион байгуулалттай байдаг. Өглөө ажилдаа ирээд хуураа барин бэлтгэл хийж байгаад гарахад харанхуй болчихсон байх тохиолдол ч цөөнгүй. Тийм болохоор урлагийнхан хоол ундаа цаг хугацаанд нь идэж, нойроо бүрэн авч чаддаггүй хүмүүс. Нэг ёсондоо биеэ гаргуунд нь гаргачихдаг. Гэсэн ч сэтгэлээрээ баян.
-Гэхдээ урлагийнхан тэр дундаа хөгжимчид биеэ гамнах хэрэгтэй биз дээ. Спортоор хичээллэж болохгүй гэх мэт хориглодог зүйлс олон байдаг гэсэн.
-Гар гэмтчихвэл бид хоолноосоо сална гэсэн үг. Тиймээс ямар ч спортоор хичээллэж болохгүй. Гурил зуурч, юм угаахыг ч хориглодог. Монголд тэр бүхнийг хийхгүй, зөвхөн хөгжмөө тоглоод суух аргагүй л дээ. Тэр ч байтугай тоглолт болохоос нэлээд хэдэн цагийн өмнө ирж, гараа дулаахан байлгах ёстой байдаг. Гаднаас орж ирэнгүүтээ хуураа барин тоглоно гэдэг их хүнд. Гар бээрсэн хөгжим тоглох аргагүй болдог.

Анжелина Жоли: Клинт Ийствуд байгаагүй бол би “Оскар”-ын шагнал авахгүй байсан


“Оскар”-ын шагналт жүжигчин Анжелина Жолиг муугүй дипломатч болно хэмээн Нэгдсэн улсын иргэд үздэг юм билээ. Түүний жүжигчин Жонни Дептэй хамтран тоглосон “Аялагч” кино энэ сарын 10-нд нээлтээ хийн, кино ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд буй. Энэ тухайгаа болон хувийн амьдралынхаа сониныг дуулгахаар тэр Ларри Кингийн нэвтрүүлэгт оролцжээ.
-Энэ кинонд тоглох шийдвэр хэрхэн гаргасан тухайгаас тань ярилцлагаа эхэлье. -Урьд өмнө огт тоглож байгаагүй, шинэ дүрд тоглохсон гэж бодож суутал энэ кинонд тоглох санал ирсэн юм. Зохиолыг нь унштал надад их таалагдсан. Гэгээлэг, эмэгтэйлэг бүсгүйн дүрд тоглохын тулд би Парис, Венецид хэсэг амьдрах шаардлагатай болсон нь намайг татгалзах аргагүй болгосон. Түүнчлэн өмнө нь хамтран ажиллаж үзээгүй найруулагч болон жүжигчин Жонни Депптэй хамтран ажиллах санал надад тун их таалагдсан.
-Хамтран ажилласны хувьд найруулагч Флорианы тухай бидэнд сонирхуулаач. Тэр ямар хүн бэ? -Түүнийг ер бусын гэсэн нэг үгээр тодорхойлоход хангалттай. Үзэгчдийн сайн мэдэх “Бусдын төлөө амьдар” киног тэр найруулсан. Өнөө цагт уран бүтээл туурвиж буй найруулагчдаас түүнийг шилдгүүдийн нэг хэмээвэл өрөөсгөл болохгүй. Бас дэлхий дээрх хамгийн ухаалаг эр.
Гэхдээ тун найрсаг. Гадаадын олон хэл төгс эзэмшсэн гэдгийг нь улс орнуудаар аялж байхдаа мэдсэн. Урлагийн талаар өргөн мэдлэгтэйн дээр, ажилдаа туйлын нямбай ханддаг. Түүнтэй хамтран ажиллаж байгаа хүмүүс өөрийн чадах хэрээр л хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Тэр киноны маш жижиг хэсэгт нь анхаарал хандуулан чухал ач холбогдол өгдгийг бүтээлийг нь үзэж байхдаа анзаарч болно.
-Харин та түүний шаардлагад нийцсэн жүжигчин мөн үү? -Энэ удаагийн кинонд бол би шаардлагад нь нийцсэн. Венец, Парист зургаа авахуулж, Флориан, Жонни Депп нартай хамтран ажиллаж байхдаа би бүхий л авьяас чадвараа дайчилж, жижиг зүйлд ч ач холбогдол өгч, нямбай ажиллаж чадсан гэж бодож байна.
-Та Жонни Депптэй хамтран ажиллаж үзээгүй байх аа. Аль Пачино түүнийг хамтран ажиллаж байсан эрэгтэй жүжигчдээс хамгийн шилдэг нь хэмээн тодорхойлсон. Харин та түүнийг хэрхэн үнэлэх бол? -Би Аль Пачинотой санал нийлж байна шүү. Миний хувьд ч бас хамтран ажилласан эрэгтэй жүжигчдээс хамгийн чадварлаг нь. Түүнийг тоглосон дүрүүдийг бид сайн мэднэ. Бүтээхэд амаргүй, барьцгүй зан араншинтай, содон өвөрмөц гэдгийг нь үзэгчид санаж байгаа болов уу. Хувь хүний зан араншингийн хувь ч тун бусадтай адилгүй. Би түүн шиг зураг, хөгжимд дуртай, өөрийн сонголтдоо тууштай ханддаг хүнтэй бараг л тааралдаж байгаагүй.
-Жонни Депп “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа таныг тун энгийн нэгэн хэмээсэн нь олныг гайхашруулсан. Би таныг сайн мэднэ. Тиймээс ч түүний “энгийн” хэмээн тодорхойлсонтой санал нийлнэ. Харин хүмүүс яагаад тэгж их гайхширсан юм бол? -Надтай таарсан хүн бүр л “Энэ солиотой мэт ертөнцөд түүнээс ч солиотой үйлдэл гаргаж байж л тэсэж үлддэг байх даа” гэдэг юм. Жонни намайг “Тун энгийн” хэмээн тодорхойлсон нь их хөгжилтай санагдсан шүү. Яг үнэндээ тэр ямар утгаар хэлснийг нь би сайн ойлгоогүй. Би өөрийгөө энгийн хүн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Та эх хүн болсон, бас ажлаа хийгээд л эр нөхрөө халамжлаад явж байна. Энийг тань л энгийн гэж хэлсэн болов уу. -Тийм ээ. Би сайн хүн байхыг хичээдэг. Би гайхалтай гэр бүлтэй хүн. Тэднийхээ ачаар ингээд бүхнийг амжуулж яваа тул өөрийгөө их азтайд тооцдог. Жонни ч бас сайн эцэг, хань, сайхан гэр бүлтэй нэгэн.
-Тэр бас таныг их зөрүүд гэсэн байсан. Тэр нь юу гэсэн үг вэ? -Би түүнийг тэгж хэлэхэд нь чихэндээ ч итгээгүй. Би хэзээ ч түүний хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр яагаад намайг зөрүүд гэж хэлснийг нь би ерөөсөө ойлгоогүй.
-Таны ажиллаж байсан түүх их сонирхолтой. Та хүнд дүр бүтээж, гайхалтай кинонд тоглодог. Академийн шагналыг Клинт Ийствудтэй хамтран тоглосон дүрд тань олгосон байх. Сайн бүтээл болсон гэдэгтэй нь мэтгэх хүн үгүй биз. Гэхдээ “Салт” хамгийн муу адал явдалт кино болсон гэхэд хилсдэхгүй. Танд хоёр алхам урагшилж, нэг алхам хойшлох зарчим баримталдаг юм биш биз дээ? -Магадгүй шүү. Хэрэв болдогсон бол бүх хүн хамгийн хурднаар алдрын оргилд хүрэх байсан. Гэхдээ бидэнд боломж ганц л удаа олддог тул тэр бүртээ шинийг сурч, өөр зүйл хийхийг боддог.
Харин би азтай жүжигчин. Найруулагчид, кино бүтээгчид надад бүхий л төрлийн эмэгтэйн дүрд тоглох боломж олгосон. “Орлон тоглогч” кинонд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эрсдлийг үл хайхрагч бүсгүйн дүрд тоглосон бол “Салт” гэх мэт кинонд зүгээр л хөгжилтэй эмэгтэйн дүр бүтээсэн.
-“Орлон тоглогч” их сайн бүтээл болсон. Тоглоход хэцүү байсан уу? -Амархан байгаагүй. Гэхдээ л хөгжилтэй байсан. “Орлон тоглоч” кинонд би анх Клинттэй хамтран ажилласан юм. Түүнээс өмнө танай нэвтрүүлгийн студид танилцаж байлаа. Хүлээлгийн өрөөнд хэдэн хором ярилцахдаа түүнтэй хамтран ажиллахыг туйлын их хүсэж билээ. Тэр үед би түүний тоглосон бүтээлүүдийг үзэх хэчнээн дуртайгаа хэлээд амжсан. Энэ явдлаас хэдхэн сарын дараа би “Орлон тоглогч” киноны урилгыг хүлээн авч билээ.
-Түүнтэй хамтран ажиллах санал дахин ирвэл та зөвшөөрөх үү? -Зүрх сэтгэлийнхээ угаас дахин хамтран ажиллахыг хүсэж байна. Миний бодлоор тэр энэ хорвоогийн хамгийн сайхан залуу, хамгийн сайн найруулагч. Клинт байгаагүйсэн бол би “Орлон тоглогч”-д сайн жүжиглэж чадахгүй байсан. Магадгүй “Оскар”-ын шагнал ч аваагүй суух байсан биз. Тэр надад их тусалсан. Дүрийнхээ мөн чанар, сэтгэлийн хөдөлгөөнийг нь ойлгох ухаанд тэр
-Брэд та хоёр Нью-Йоркт амьдарч байгаа юу. Танай гэр бүлийг папараццийнхны овоо хараанд байдаг гэдэг шүү дээ. Венецид ч зурагчид дагаж л байв уу? -Тэгсэн. Яг л Нью-Йоркийн гудамжинд зурагчид биднийг хэрхэн дагадаг шиг, Венецид ч байдал ялгаагүй байсан. Венец шиг жуулчид холхисон хотод нам гүм газар олно гэдэг хэцүү. Гэхдээ тэр бүхнийг үл хайхран бид тэнд тухтай байж чадсан.
Хэрэв та бусдын гэрт зочилбол гэрийн эздийн ая тухыг аль болох алдагдуулахгүй байхыг хичээдэг. Бид ч бас тэр зарчмаар кино хийж байгаа нэрийдлээр венецчүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулахыг хүсээгүй. Тиймээс ч тэр тал дээр багагүй анхаарч, шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээг авч байсан.
-Олон хүн цуглачихсан үед ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх боломж олгохгүй сөрөг талтай байх. Тийм үү? -Тийм шүү. Азаар бид бусад хотуудад зураг авахуулахдаа завь эсвэл, өрөөн дотор зураг авахуулах хэсэг олонтой байж таарсан. Гудамжинд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хэсгийн зургийг авахуулах амаргүй шүү дээ.
“Орлон тоглогч” киног бүтээж байх үед надад гудамжид уйлж, хашгиран зураг авахуулах шаардлага гарсан. Тэгэхэд папараццичид шавчихсан, их хүн байсан шүү.
-Папараццичид оддын хүүхдүүдийн зургийг авах сонирхол ихтэй байдаг. Харин та энэ асуудалд хэрхэн ханддаг вэ? -Би хүүхдүүдээ тэднээс аль болох хол байлгахыг хичээдэг. Аль болох халхалж, зурагчдын дурангаас нуудаг ч хэрэв зурагчид зургийг нь авч эхэлбэл хүүхдүүдээ “Санаа зоволтгүй ээ. ЭНэ айх зүйл биш. Тэд зүгээр л бидний зургийг авч байгаа юм. Тиймээсүгээр л зургийн аппарат руу хараад инээмсэглээрэй” гэж хэлдэг.
-Европт авсан зургуудаа папараццичид сонинд нийтлээгүй гэсэн байх аа? -Тийм ээ. Франц төдийгүй бусад орнуудаар аялж байхад авсан зургаа тэд хэвлэлд нийтлээгүй. Шаардлагатай тохиолдолд хүүхдүүдийн маань нүүрийг гаргалгүй нийтэлсэн. Тэр нь надад их сайхан санагдсан.
-Зургаан хүүхэд өсгөхийн зэрэгцээ ажлаа амжуулан, нийгмийн ажилд идэвхтэй оролцож, томоохон арга хэмжээ бүрт та нөхрийн хамт оролцдог. Яаж энэ бүхнийг амжуулдаг юм бэ? -Брэд бид хоёр их азтай хүмүүс. Би хэдэн сар толгой өндийх завгүй ажилласны дараа юу ч хийлгүй гэртээ багагүй хугацаанд амардаг юм. Миний цагийн хуваарь бусад ээжүүдийнхтэй адилгүй. Заримдаа хэний ч туслалцаагүй хоёроос гурван ажил амжуулах үе ч гардаг л юм.
Гэхдээ энэ бүхэн надад хүнд хэцүү санагддаггүй. Юуны өмнө Брэд бол тун халамжтай сайн эцэг. Бид гэр бүлийн ажлаа хамтран хийдэг. “Аялагч”-д тоглож байх үед Брэд л хүүхдүүдээ асарч байлаа. Гэхдээ ямар ч ажил гарсан бид хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Бидний хийж чадах зүйл бол энэ бүхнийг эн тэнцүүхэн амжуулах.
-Би “Найм хангалттай” гэсэн ном уншиж байснаа тод санаж байна. Та хоёрын хувьд зургаа хангалттай юу? -Мэдэхгүй юм даа. Би амьдралаа урьдчилан төлөвлөдөггүй. Бид их нээлттэй хүмүүс.
-Таны дараагийн уран бүтээлийг сонирхвол. .. -“Кунфу панда”-д дуу оруулах гэж байгаа. Би энэ хүүхэлдэйн кинонд их дуртай. Бас нэг кино найруулахаар төлөвлөж байна. Сарын өмнө зохиолоо бичиж дуусгасан. Ирэх сард би зохиолоо хянах юм.
-Ямар кино вэ? -Босниагийн дайны тухай кино. Их олон өөр дүрийг бүтээлдээ шигтгэх гэж зорьсон. Дайны үеэр хүмүүс мөн чанараа, хүн ёсоо гээхгүйн тулд хэрхэн тэмцдэг тухай өгүүлэх юм. Тэдэнд өвчин зовлонгоос илүү итгэл найдвараа алдах нь ямар хүнд тусдагийг харуулна.
-Танд кино найруулах таалагддаг уу? -Тэгэлгүй яах вэ. Би энэ ажилдаа хайртай. Зарим бүтээлд жүжигчид нэгдмэл биш, тус тусдаа зургаа авахуулаад л өнгөрдөг. Харин найруулагч хүн бол кино багийн бүхий л гишүүнтэй харилцдаг, ажлын ихэнхийг нугалдаг хүн. Тиймээс би найруулагчдыг их хүндэлдэг.
-Кино гэдэг найруулагчийн хүүхэд л гэсэн үг. Тийм үү? -Би энэ ойлголттой санал нийлдэг.

Tuesday, December 21, 2010

С.Алимаа: Төгөлдөр хуургүйгээр би хэн ч биш


“Хэдгэний нислэг”, “Тань руу нүүж явна”, “Канкан” гээд л бидний хэзээний танил аялгуунуудыг цоо шинэхэн өнгө төрх, хэв маягтайгаар хүргэж, залууст сонгодог урлагийн гайхамшгийг сурталчилж яваа эл бүсгүйг Ами нэрээр нь сонсогчид сайн танина. “UBS music awards 2009” наадамд “Шилдэг имиж бүрдүүлэлттэй клип” номинацид тэргүүлж, рок попын ертөнцөд шинэ давалгаа, хөгжмийн шинэ урсгал хүч түрэн орж ирж буйг зарласан төгөлдөр хуурч С.Алимааг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр “Түгжирсээр яваад л ирлээ” хэмээсээр оройн 19.00 цагт редакцид маань зочлохдоо гэрэл зургийн сурвалжлагчийн “Гоёлын хувцсаа өмсөөд студид зургаа авахуулах уу” гэсэн асуултад “Ганцаараа зураг авахуулаад дэмий биз дээ. Надад төгөлдөр хуурынхаа ард суугаад авахуулсан зураг бий. Түүнийгээ интернэтээр явуулчихъя. Төгөлдөр хуургүйгээр би хэн ч биш” хэмээн хариулав.
-Төгөлдөр хуурч хүнтэй ярилцаж байгаа болохоор хаан хууртай амьдралаа холбосон үеэс яриагаа эхлэх нь оновчтой болов уу. -Урлагийн гэр бүлд төрж өссөн минь намайг төгөлдөр хууртай амьдралаа холбоход хүргэсэн. Ээж минь СУИС-ын дэд профессор багш, төгөлдөр хуурч Халиунсүрэн, өвөө минь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, эмээ минь жүжигчин З.Долгорсүрэн гэж хүн бий. Тиймээс хэвлийд байхаасаа л төгөлдөр хуурын аялгууг сонсож өссөн гэж хэлж болно. Түүнчлэн бага байхдаа ДБЭТ-т өнждөг байв. Удалгүй ээж намайг Хөгжим бүжгийн коллежид шалгуулснаар төгөлдөр хуурч болох замнал маань эхэлсэн.
Манай коллежийн 2006 оноос төгсөгчдөдөө бакалавр зэрэг олгодог болсон. Би анхны төгсөгчдийнх нь нэг. Сургуулиа төгсөөд л хувиараа уран бүтээл хийх болсон.
-Одоо хаана ажиллаж байгаа вэ? -Сургуульдаа багшлахын зэрэгцээ ДБЭТ-ын зарим тоглолтод гэрээгээр оролцож байгаа.
-Яагаад бие дааж уран бүтээл хийхээр, тэр дундаа сонгодог хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулахаар шийдсэн юм бэ? -Багаасаа тоглож өссөн хөгжмийн бүтээлүүдийг зөвхөн мэргэжлийн хөгжимчид тоглоод өнгөрөх биш, олон нийтэд хүргэх, нийтийн анхаарлыг сонгодог хөгжим рүү татах зорилгоор бие даан уран бүтээл туурвиж эхэлсэн. Төгөлдөр хуурч гэхээр л даашинз өмсөн тайзнаа гарч ирж, төгөлдөр хуурын ард суун сонгодог аялгуу тоглодог гэх хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүссэн. Тиймээс ч хөгжмийн найруулгаас гадна дүрсжүүлэлт, хэв маягт багагүй анхаарал хандуулж байгаа. Сонсохоос гадна харж, хөгжмийн утга санааг дүрсээр илэрхийлэх нь илүү хүртээмжтэй байдаг. Хөгжим тоглож байгаа хүн ч бас жүжиглэлттэй, клип нь өгүүлэмжтэй байвал илүү сайхан юм шиг санагддаг.
-Одоо хэдэн клип гаргаад байгаа вэ? -Гурав. Анхны бүтээл маань Оросын нэрт хөгжмийн зохиолч Римский Косаковын “Хэдгэний нислэг”. Энэ клипийнхээ зургийг ч уламжлалт байдлаас тэс өөрөөр балгасанд өөрөө рок хэв маягаар хувцаслан авахуулсан. “N entertanment”-ийн залуусын бүтээл эл клип маань 2009 онд болсон “UBS music awards”-аас “Шилдэг имиж бүрдүүлэлттэй клип” гэсэн шагнал авсан нь надад цаашдаа олон сайхан уран бүтээл хийх урам зориг хайрласан.
-Анхны клипээ гаргачихаад хэр айж, догдолж байв? -Олон нийтийн дунд төдийлөн түгээгүй хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвих гэж байгаа тул анхны зохиолоо бодож, олон талаас нь харж байж сонголтоо хийсэн. Мэдээж миний бодож төсөөлж байснаар хүмүүс хүлээж авах уу болов уу гэж их түгшиж байтал сонсогчид харин ч их сайхан хүлээж авсан.
-Амигийн сонсогчид ихэвчлэн хэд орчим насны хүмүүс байна вэ? -Тухайн зохиолоос шалтгаалаад өөр өөр байх шиг санагдсан. “Хэдгэний нислэг”-ийг ихэвчлэн залуус, тэр дундаа 17, 18-тай хүүхдүүд сонсож байгаа нь ажиглагдсан. Энэ нь ч намайг их баярлуулсан. Өмнө би залууст сонгодог хөгжмийг хүргэх нь миний гол зорилго гэж дурдсан шүү дээ. Тиймээс зорилгодоо жаахан ч гэсэн хүрсэн тул надад их таалагдсан. Харин “Тань руу нүүж явна”-ыг бүх насныхан сонсдог юм билээ. Залуус нь “Ийм сайхан хөгжмийн зохиол байдаг юм уу” гэж хүлээж авч байхад, арай нас тогтсон хүмүүс хуучны сайхан аялгуугаа эргэн санаж байх жишээтэй. Тэгэхээр нэг талаараа Монголын хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг залууст сурталчилж байгаа юм. Цаашдаа ч Монголын хөгжмийн зохиолчдын олон сайхан аялгууг тоглох бодолтой байгаа.
-Клипнийхээ санааг өөрөө гаргадаг уу? -Хөгжмийн зохиолоо бичүүлж байх үедээ л ерөнхий санаагаа бодоод олчихдог. Эхний “Хэдгэний нислэг” болон “Тань руу нүүж явна” зохиолын клипийг “N entertainment”-ын залуустай ярилцаж байгаад хийсэн.
-Төгөлдөр хуурчийн клип хийх, дуучдын уран бүтээлийг дүрсжүүлэхээс өөр байх даа? -Дууг дүрсжүүлэхэд ам тааруулаад л болчихдог бол хөгжмийн зохиолыг дүрсжлүүлэх их хэцүү гэж клип бүтээгчид ярьдаг. Зөвхөн гарны хөдөлгөөнийг гэхэд л хэд хэдэн удаа авч, түүнийгээ эвлүүлдэг юм билээ.
-Хүмүүсийн дунд төгөлдөр хуурчийн гарын хуруу урт, нарийн байх ёстой гэсэн ойлголт түгээмэл байдаг шүү дээ. Үнэндээ хөгжимчин хүний тэр дундаа төгөлдөр хуурчийн гар ямар байх ёстой юм бэ? -Яг үнэн. Яагаад ч юм хүмүүс тэр талаар ташаа ойлголтой байдаг. Тиймээс “Төгөлдөр хуурч хүн урт нарийн хуруутай байдаг гэсэн. Алив чиний гарыг харъя” гэх тохиолдол цөөнгүй гардаг. Үнэндээ гарын харьцаа илүү чухал байдаг юм. Хэчнээн урт хуруутай байлаа ч жижигхэн алгатай бол сайн төгөлдөр хуурч болоход хэцүү. Алга том байх ёстой байдаг.
-Бас хумсаа ургуулахгүй байх ёстой юу? -Бүр будахыг ч багш нар маань хориглодог байсан.
-Тэр нь ямар учиртай юм бэ? -Хэдийгээр хөгжим тоглоход саад болохгүй ч сонгодог хөгжим тоглох нарийн дэг ёс байдаг юм. Ямар хувцас өмсөж, тайзнаа хэрхэн ёсолж, суудалдаа суух ёстойг нэг бүрчлэн заасан байдаг. Харин урт хумс даралтын завсар орох гэх мэтээр хөгжим тоглоход саад болдог учир төгөлдөр хуурчид хумсаа ургуулдаггүй. Одоо ч бүр сурчихсан. Хумсаа ургуулъя гэсэн ч чадахгүй юм билээ. Нэг л эвгүй санагдаад.
-Харахад даралт дараад л төгөлдөр хуур тоглох тийм хэцүү биш юм шиг санагддаг. Ер нь төгөлдөр хуурыг хэр удаан давтаж байж сурдаг вэ? -Дор хаяж гурван сар болж байж дөртэй болно. Сонирхогчийн хувьд бол ганц хоёр жил давтаад энгийн аялгуунуудыг тоглож сурна. Харин мэргэжлийн хөгжимчин болохын тулд хэдэн жилээр бэлддэг. Хөгжим бүжгийн коллежид байхдаа өдөрт хамгийн багадаа дөрвөн цаг, цаашилбал найм, есөн цагаар дасгал сургуулилалт хийдэг байлаа. Тэгсэн ч бэлтгэл бага хийж байна гэж багш нартаа зэмлүүлдэг байв. Сонгодог хөгжмүүдийн техникийн эзэмшихийн тулд хэдэн жил бэлддэг юм шүү дээ. Дунд нь завсарлаж болохгүй. Хөгжимчин гэдэг спортын тамирчинтай яг адилхан. Хэдэн сар бэлтгэл хийхгүй бол формоо алдчихдаг.
-Амигийн ажлын өдөр хэр ачаалалтай байдаг вэ? -Янз бүр дээ. Бичлэгийн ажил эхэлчихсэн үед хичээлээ заана, бэлтгэлээ хийнэ гээд л толгой өндийх завгүй болчихдог. Харьцангуй ажил багатай өнжих үе ч гарна. Жишээлбэл өнөөдөр ачаалал харьцангуй бага байна. Өглөө хичээлээ заачихаад өдөр МҮОНТВ-д бичлэгт орчихоод орой 17.00 цагийн үед дуусаад, наашаа ирсэн.
-Хөгжим бүжгийн коллежийн багш нарын хичээлийн цаг ердийн дунд сургуулийн багш нарынхаас харьцангуй их биз дээ? -Концертмейстер багш хичээл заахын зэрэгцээ хөгжим тоглодог. Түүнчлэн манай коллежийн хичээл ихэвчлэн ганцаарчилсан хэлбэрээр ордог тул цаг нь харьцангуй их.
-Тэгээд өөртөө цаг зав гаргаж чадаж байна уу? -Залуу хүн юм чинь өөртөө цаг гаргалгүй яах вэ. Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг л хичээдэг. Цаг зав гарвал найзуудтайгаа уулзана, спортоор хичээллэнэ. Одоогоор усан спорт, фитнесээр хичээллэж байгаа. Байнга төгөлдөр хуурын ард суудаг болохоор хөдөлгөөн их дутагддаг. Тиймээс спортоор хичээллэж түүнийгээ нөхдөг юм. Харамсалтай нь төгөлдөр хуурчдад хичээллэж болох спорт гэж бараг байхгүй.
-Гараа гэмтээчихнэ гээд хориглодог байх нь ээ? -Тийм ээ. Сагсан бөмбөгөөс эхлээд л хориотой спортын төрөл маш олон. Бараг л хөлбөмбөг, усан спортоос бусад нь хориотой. Би уг нь боулинг тоглох дуртай. Даанч гар хурууны ажиллагаа шаарддаг тул боулинг тоглох ч хориотой байдаг юм.