Thursday, January 12, 2012
ХОЛЛИВУДЫНХНЫ ШИВНЭЭ
“Алдартнууд хоорондоо чухам юун тухай ярилцдаг бол” гэсэн бодол танд төрж байсан уу? Шоу бизнесийн ертөнцийн алдартнуудыг шүтэн биширдэг, хүндэлдэг хүмүүст ийм бодол төрөх нь цөөнгүй. Тиймдээ ч нэр хүндтэй сэтгүүл, сонинууд Холливудын жүжигчид, хөгжмийн ертөнцөд дуулиан дэгдээгчдийг сэтгүүлчээр ажиллуулах тохиолдол цөөнгүй.
Инээдмийн киноны чадварлаг жүжигчин Женнифер Анистон “Оскар”-ын шагналт жүжигчин, өөрийнх нь хүндлэн биширдэг Николь Кидманаас ярилцлага авчээ.
Би Николь Кидмантай танилцаж байснаа одоо ч тод санадаг. Бид 2005 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үдэшлэг дээр танилцаж билээ. Холливудын сонгодог түүх болох туслахынхаа тусламжтай танилцсан хүмүүсийн нэг нь бид. Нуруулаг сайхан бүсгүй аав, ээжийнхаа хамт үдэшлэгт ирсэн байлаа. Оддын өвчин туссан би чадах хэрээрээ гоёчихсон, харин Николь эелдэг зан инээмсэглэлээс өөр ямар ч илүү дутуу маяггүй явж байсан. Тэр романтик инээдмийн кинонуудын минь нэгийг үзсэнээ хэлээд, намайг их магтаж билээ.
Женнифер Анистон: Би саяхан таны тоглосон “Туулайн нүх” киног үзсэн. Тэгээд л “Эхнэрийн минь дүрд тогло” киноны Адам Сандлерт тэврүүлсэн хэсэгт ядах юмгүй тоглосныг чинь ойлголоо. Та яаж хүүхдээ алдсан эхийн дүрийг тийм сайн бүтээсэн юм бэ?
Николь Кидман: Мэдэхгүй юм даа. Зураг авахуулах хугацаа дөхөх тусам би эмээдэг байлаа. Гэхдээ ухамсарт бүхий л амьдралаа кино урлагт, тэр дундаа жүжиглэхэд зориулсны хувьд би энэ дүрд тоглохыг их хүсэж байсан. Гэхдээ би хийж байгаа бүх зүйлдээ анхаарал хандуулж, чухал ач холбогдол өгдөг. “Эхнэрийн минь дүрд тогло” киноны Хавай дахь зураг авсан хэсэг ч амаргүй ажил байсан.
-Та бол Холливудын эмэгтэй жүжигчдийг манлайлагч. Таны бүтээсэн дүрүүдийг харахаараа ямар хөгжилтэй хүн болохыг тань мартах шахдаг.
-Намайг хөгжилтэй хүн гэж дүгнэдгийг чинь би мэднэ. Гэхдээ надад хэзээ ч инээдмийн кинонд тоглох санал ирж байгаагүй юм шүү. Түүний оронд “Туулайн нүх” гэх мэт драмын кинонд тоглох санал л хөвөрдөг байлаа. Харин Адам Сандлертай хамт телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцсоны дараа тэр надад “Би нэг л өдөр танд инээдмийн кинонд тоглох урилга явуулна аа” гэж билээ.
-Бид хоёр хула бүжигтэй хэсгийг ердөө л 15 минут сургуулилсныг та санаж байна уу?
-Бид их залхуурсан шүү.
-Та сургуулилтын үеэр яг л сайн сурагч шиг хула бүжгийг сурч байсан. Харин миний хувьд бүжиг суръя гэхээс илүүтэй киноны тэр хэсгийг хэрхэн инээдэмтэй болгох тухай л бодож байлаа.
-Хүлээгээрэй, хүлээгээрэй! Бүжиглэдэг хэсгийг инээдтэй болгоход миний оролцоо ч бас бий шүү.
-Ямар үед таны анхаарал илүү төвлөрдөг вэ. Сайн дүр бүтээх нууцаа хуваалцаач.
-Ихэвчлэн их хүний санаанд багтамгүй хачирхалтай нөхцөлд анхаарал илүү төвлөрдөг. Ялангуяа ер бусын онцгой, этгээд сонин, түгшүүртэй үед л би их сайн ажилладаг.
Бүр жаахан охин байхаасаа л хийхэд хэцүү, ярвигтай зүйлст илүү дурладаг байлаа. Охид гэр бүлийнхнээ, амьтан, нар, сар, од зурдаг байхад би их этгээд, сонин зүйлсийг л зурдаг байв. Ээж, аав хоёр минь яг тийм хүмүүс. Ээж минь үргэлж л биднийг хүнд хэцүү бүхнийг хийлгэхийг, тэгэхдээ тэр ажлаа бусдын адил биш, өвөрмөцөөр хийхийг хүсдэг байв. Тиймээс би хамгийн хүнд нөхцөлд дүрээ сайн гаргаж чаддаг. Барьцгүй, хэцүү дүрүүдэд би их сайн тоглосон байдаг. Хамгийн сайн ажил маань болсон байх нь ч бий. Ажлыг амарчлахыг би огт хүсдэггүй. Харин ч хэцүү ярвигтай дүрийн санал ирэх бүрт ажлаа эхлүүлэхийг тэсэж ядан хүлээдэг.
Мэдээж энэ бүх хүнд хэцүүг даван туулахад амьдралд түшиг тулгуур болж яваа хүний үүрэг их байдаг. Дэргэд байгаа хүний хайрлаж халамжлахын хэрээр ажил нь бүтэмжтэй байж, мөрөөдөл зорилгодоо хүрэхийг нь төдөлгүй хардаг шүү дээ. Би шагнуулах бүртээ түүнийгээ ээждээ өгдөг. Учир нь бүхнийг хийж чадна гэсэн итгэлийг ээж минь л надад өгсөн. Цөхөрч, арга барагдах үед ээж минь хамгийн сайн сонсогч болдог. Намайг урамшуулж, зоригжуулдаг хүн бол ээж минь. Тиймээс талархлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм л даа.
-Би их муу сэтгүүлч юм шиг байна аа. Та Нэшвил дэх гэр бүлийнхнийхээ тухай яриач. Кэйт, Сандей Рөүз та гурав тэнд хэр удаан амьдарч байгаа билээ?
-Таван жил.
-Би өмнөд Жоржиад саяхан очсон. Зурагчдаас, хүмүүсийн анхаарлын төвөөс хол яг л диваажин шиг санагдсан. Нэшвил рүү нүүр санааг Кэйт та хоёрын хэн нь гаргасан бэ?
-Цаг хугацаа нь их сайхан таарсан л даа. Кэйттэй танилцаж байх үед би тогтсон орон гэргүй байлаа. Чемоданаа чирээд л очсон газраа өөрийн гэр болгож явсан үе. Тиймээс дотроо хэн нэгэнтэй танилцах сан гэж боддог байлаа. Тэгээд Нью-Йорк, Лос-Анжелест л биш бол өөр хаана ч хамаагүй амьдардаг хүнтэй танилцаж, дотносоод байгаа газар руу нь нүүнэ гэж төлөвлөж байв. Хэрэв тийм хүнтэй учрахгүй бол Орегон руу нүүхээр шийдээд байлаа.
-Орегон гэнэ ээ? Сайхан газар шүү. Яагаад тийм шийдвэр гаргасныг тань сайн ойлгож байна.
-Би олны хөлийн газраас холхон амьдрахыг л хүсэж байсан. Би амьдралынхаа дийлэнх хугацааг Лос-Анжелест өнгөрүүлсэн болохоор тэнд амьдрахыг хүсэхгүй байв. Аз болоход Кайт Теннесид амьдардаг байлаа. Тэр намайг Нэшвиллийн ойролцоох Лейперс Форк гэх зэлүүд газар аваачсан. Охид ирээдүйн нөхрөө дүрслэн бодож, мөрөөддөг шүү дээ. Би яг л тэдний нэг. Өнөөх бодол, мөрөөдөл минь тэр чигээрээ биеллээ олоход өөрийн эрхгүй уулга алдаж билээ.
-Таныг усан дээгүүр алхаж байгаа мэт зөөлөн алхахыг тань хараад л дурласан гэж Кэйтийн ярихыг сонссон. Кэйтийн догдолж байсан шиг сэтгэгдэл танд ч бас төрсөн үү?
-Би түүнтэй уулзсан даруйдаа “Бурхан минь та намайг ийм л залуутай учруулах юм бол үлдсэн амьдралаа түүний төлөө зориулна гэдгээ амлаж байна” гэж дотроо бодож байлаа. Түүнтэй эсвэл түүнтэй яг адилхан залуутай учруулж өгөхийн хүсэн залбирч байснаа одоо ч тод санадаг.
-Тэр тун сайн залуу. Зоогийн газар танд хэрхэн халамж тавьж байхыг нь би харсан. Шоу бизнесийн барьцгүй далайд та завиа гайхалтай залахын зэрэгцээ гэр бүлээ нэгтгэж яваа хүн. Би энэ байдлыг тань хараад бахархаж, өөрийн эрхгүй ийм л амьдралтай болох сон гэж хүсдэг. Хориод настай байхдаа хүүхэд асрах, 40 гаруй настай болсон хойноо хүүхэд асрах хоёр их ялгаатай биз?
-Изабелийг өргөж авч байх үед би 25 настай, харин Коннорыг манайд ирэх үед 27-той байлаа. Одоо бол би харьцангуй туршлагатай ээж болсон ч, бие махбодийн хувьд эрч хүч багассан байна. 20 гаруй настай байхдаа хүүхдүүд хөлнөөс зүүгдсэн байсан ч ажлаа амжуулж, гүйж харайгаад л явдаг байсан. Харин одоо бол тэгж чадахаа больсон байна. Гэхдээ илүү гэр бүлсэг болсон. Оюуны эрч хүч нэмэгдэж, биеийнх суларсан шиг санагддаг.
-Хүүхдүүдээ шилжилтийн насанд хүрэхэд ямар асуудалд нь илүү сэтгэл зовнидог байв?
-Тэд юунд илүү сэтгэл хангалуун байгааг олно гэдэг л хамгийн хэцүү. Хүн өөрийн аз жаргалыг юунаас эрж хайхаа мэддэг болсон үедээ л жаргалтай болдог. Би тэднийгээ ч бас өөрийг нь жаргалтай, баяр хөөртэй байлгаж чадах зүйлсийг олоосой гэж хүсдэг.
-Та бүр жаахан байхаасаа л жүжигчин болохыг хүсдэг байв уу?
-Тийм гэж бодож байна. Харин чиний хувьд?
-Тийм ээ, би ч бас багаасаа мөрөөддөг байсан. Гэр бүлийнхэн маань ч үүнд багагүй нөлөөлсөн. Тэдний ажлаа хийж байгаа нь надад их хөгжилтэй санагддаг байлаа.
-Харин миний хувьд жүжиглэх нь ажил гэж огт бодогддоггүй. Учир нь надад ажлаа хийх нь их хөгжилтэй байдаг. Би их мэдрэмтгий хүүхэд байсан.
-Жүжигчин байхын хамгийн хэцүү тал нь таны бодлоор юу вэ?
-Нэр алдар. Мэдээж нэр алдар гэдэг хүн олон давуу тал олгодог зүйл л дээ. Тиймээс хүмүүс биерхүү гориллатайгаа бүжиглэж байгаагаа огт хүлээн зөвшөөрдөггүй юм.
-Тийм шүү. Алдар нэрээс л болж шидэт дагинаас Мөсөн хатан болж хувиран удалгүй дахиад л шидэт дагиана болон шаардлагатай болдог.
-Олонх жүжигчид их мэдрэмтгий байдаг. Аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, ул суурьтай хүн байсан ч тэр мэргэжил маань мэдрэмтгий байхыг шаарддаг болохоор тэр. Гэтэл нэр хүнд бидний сэтгэлийн хатыг сорьдог. Нэгэн нэгэн зэрэг мэдрэмтгий эмзэг атлаа хатуу чанга байх хэрэгтэй болж байгаа биз.
-Хүмүүс миний талд байснаа хормын дотор л миний эсрэг болчихдог.
-Тиймээс бид дэндүү хачирхалтай ертөнцөд оршдог юм.
-Үнэн үг. Таны бие урлагийн бүтээл л гэсэн үг.
-Харин та усны хувцастай зураг авахуулж байхдаа 20 настай бүсгүй шиг л харагдаж байсан.
-Вазелин, бас камерын дуран нөлөөлсөн байх л даа.
-Та байгалийн онцгой бүтээл шиг л харагддаг. Миний уулзаж байсан бүсгүйчүүдээс хамгийн сайхан галбиртай нь та шүү дээ.
-Би чинь жийнсэн өмд, богино ханцуйтай цамцнаас салддаггүй хүн шүү дээ. Аавын хувцаслалтаас хол зөрөхгүй. Гэтэл Нью-Йорк гудамжаар яваа бүсгүйчүүдийг харахаар уулга алдмаар болдог. Та ч бас гайхалтай сайхан хувцасладаг хүн.
-Хөвгүүд шиг хувцасладаг эмэгтэйчүүд надад таалагддаг. Надад загварын ямар ч мэдрэмж байдаггүй. Харин юу өмсөх дуртайгаа бол сайн мэднэ шүү. Нэг нь улиг болж, шинэ зүйл хүч түрэн орж ирж байгаа гэдэгт би итгэдэггүй. Дуртай хувцасныхаа жагсаалтыг би амьдралынхаа турш мөрдсөөр л ирсэн. Салхины аясаар өөрчлөлт хийхийг би хүлээн зөвшөөрдөггүй. Байгаа байдалтайгаа зууралдсаар байдаг хүмүүсийн нэг шүү дээ.
-Та “L'Wren Scott”-ын хувцсыг ихэвчлэн өмсдөг байх аа?
-“L'Wren Scott”-ын хувцаснууд миний өмсөж чаддаг зүйлсийн нэг л дээ. Би бүр 20-иод настай байхаасаа л өмсдөг болсон. Өөр шинийг хайх хангалттай цаг зав надад байдаггүй юм.
-Гэхдээ танд өөр зүйл өмсөх сөн гэх хүсэл төрдөггүй гэж үү?
-Рене Зилвегер загвар зохион бүтээгчдийн өөрт нь зориулж урласан даашинзанд төдийлэн ач холбогдол өгдөггүй гэж ярьж байсан. 40 гаруй настай хүнд тэгж гоёж гангалахад анхаарлаа хандуулах үе биш шүү дээ.
-Нэшвил таны хувцаслалтын хэв маягийг эвдсэн үү?
-Үгүй дээ.
-За хэлчих л дээ. Та ковбой малгай шүүгээндээ хадгалдаг л биз дээ?
-Би ковбой малгай өмсдөггүй ээ. Их хөөрхөн л дөө. Гэхдээ л би усны хувцас өмсчихсөн байхдаа ганц нэг удаа толгой дээрээ тавьж байсныг эс тооцвол тийм малгай өмсдөггүй. Харин охиндоо өмсүүлэх дуртай.
-Кэйт танд хувцас худалдан авч өгдөг үү?
-Тэр надад дотуур хувцас бэлэглэдэг.
-Өөрийн таашаадаг зүйлстээ түүнийг уруу татаж байгаа хэрэг үү?
-Би түүнийг юунд ч уруу татаагүй ээ. Түүнийг өөрийнхөөрөө байхад нь би илүү дуртай.
-Таны хувьд хайр дурлал хамгийн чухал зүйл үү?
-Би хүмүүсээс гайхалтай сайхан хайр дурлал, амжилтанд хүрсэн карьер хоёрын алийг нь сонгох вэ гэж асуудаг юм. Зарим хүн карьер гэж хариулдаг нь намайг их гайхашруулдаг.
-Яагаад тийм сонголт хийдгийг нь би мэднэ. Тэд чинь тархи нь ажилладаггүй хүмүүс. Би л тэдний оронд байсан бол насны хайраа сонгоно.
Цахим сүлжээний ноёнтон Зукерберг
“Time” сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорсон гэдгээс илүүтэй долоохон жилийн хугацаанд юу ч үгүй хоосноос 100 тэрбумтан болсон гэх амжилт нь түүнийг тодорхойлдог. Тиймдээ ч түүний намтрыг хүмүүс сонирхож, эл эрэлтэд нийцүүлэн “Columbia Pictures” кино бүтээсэн биз. Залуу тэрбумтан Зукербергийг уншигчдадаа танилцуулахаар BBC агентлагийн сурвалжлагч Чарльз Миллерийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Марк Зукербергийн ажлын нэгэн өдөр өндөрлөлөө. Силикон Валли дахь ямар ч хаяг, тэмдэггүй оффисийн байрнаасаа гарахад үүдэнд нь түүнийг хэдэн арван жуулчид бүчин авах нь тэр. “Facebook”-ийн бэлгэ тэмдгийн өмнө хамт зургаа авахуулж болох уу?” хэмээн шуугилдах олонд Зукерберг найрсгаар талархлаа илэрхийлээд, машиндаа суув. Мэдээж түүний эл үйлдэл хамт патиараа татуулах найдвар үлдээгүйг жуулчдад ядах юмгүй ойлгуулж дөнгөсөн.
Ярьж хэлж, алхаж гишгэж байгааг нь харахад Зукерберг өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн “The Social Network” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жессе Айсенбергтэй огтхон ч төсгүй аж. Хамгийн гол нь нөгөө дэлгэцнээ харуулаад байсан түүний даруу төлөв зан нь бүхэлдээ өөрчлөгдчихөж.
“Нинжа” Зукерберг
“Facebook”-д зочилсон анхны өдрөө бид Зукербергийн барааг хараагүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Эсвэл бид огт анзаараагүй ч байж болох. Гэхдээ шантарсангүй. Маргааш нь дахиад л Силикон Валли дахь албаны газруудыг зорилоо. Азаар энэ удаад Марк яг бидний араас орж ирж таарсан. Хачирхалтай нь түүний ирэхийг хүлээн “Facebook”-ийн албаны байрын үүдийг сахидаг жуулчид байтугай түүнтэй уулзах гэж бүтэн өдөр алдчихсан бид ч Зукербергийн орж ирснийг анзаарсангүй. Хүлээн авагч бүсгүй л “Захирал яг ард чинь явна. Санаа зоволтгүй ээ. Иймэрхүү явдал байнга л гардаг юм. Тэр яг л нинжа шиг хэнд ч анзаарагдалгүй орж, гарахдаа сурамгай юм” гэж билээ.
Олон нийтийн харилцааны сүлжээнүүдээс хамгийн өчүүхэн гэж болох зүйлийг ч нарийвчлан илэрхийлдгээрээ ялгардаг “Facebook”-ийг үндэслэгчийг Дэвид Киркпатрик ч нарийн тодорхойлжээ. Тус компаний тухай өгүүлэх “The Facebook Effect” номондоо тэр ““Номын” хэмээгддэг бүлгийнхнийг илэрхийлэх хамар дээрээ нүдний шил тохсон төрх, ном сугавчилсан байдал, эв дүйгүй хөдөлгөөний аль нь Зукербергт байхгүй. Харин ч тэр цаг үргэлж найз нөхдөөр хүрээлүүлж байдаг нэгэн. Тэр нийтэч, хөгжилтэй, “номын” гэж хэлэх аргагүй дэндүү нээллтэй хүн” гэсэн байдаг.
Харин Харвардын их сургуульд хамт суралцаж байсан өрөөний найз Жое Грин нь түүнийг “Марк ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй байж чаддаг” хэмээн тодорхойлсон байдаг. Ердөө “хөлд орж буй” “Facebook” компанийнх нь ажилд туслахаар Грин 2006 оноос хамтран ажиллах болсон байна. Тухайн үед “Yahoo” тэдний компанийг нэг тэрбум доллараа худалдан авах санал тавьсан боловч Зукерберг зөвшөөрсөнгүй. Хачирхалтай эл шийдвэрээ тэр “Намайг тэрбум доллар биш цахим сүлжээ нь л илүү олон найз нөхөд, танилтай холбож чадна” хэмээн тайлбарласан байна. Грин тэр үеийг “Тэр үед хүн бүр л “Бид энэ сүлжээг тэрбум долларын үнэд хүргэлээ шүү дээ. Зарчихъя л даа. Чи чинь яг яачихаад байгаа юм бэ” гээд л Марк руу давшилж эхэлсэн. Өөртөө итгэлтэй байдал нь түүнийг шуурган дунд орчихсон мэт хэцүү байдалд оруулж билээ” хэмээн дурссан.
15 тэрбумын санал
“Технологийн гайхалтай сайн компаниуд бий. Бас олон нийтийн харилцааны сайн сүлжээ ч олон бий. Харин энэ хоёрыг хоёуланг нь хослуулсан нь үгүй” Марк Зукерберг.
Гэхдээ тэрбум долларын саналаас татгалзах шийдвэр гаргах нь Зукербергт ч амархан байсан юм биш. “Сүлжээг маань худалдан авах санал ирэх үед би бизнесийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тиймээс компаниа ямар үнэд хүрэхийг ч тооцоолж мэдэхгүй байв” хэмээн тэр эрсдэлтэй алхам хийснээ хүлээн зөвшөөрсөн. Түүний шийдвэрийг сонссон даруй цөөнгүй ажилтан нь сайн дураар ажлаасаа гарч, компаниа орхин одсон байдаг.
Энэ явдлаас жилийн дараа олныг гайхашруулсан санал “Microsoft” компанийн удирдлагууд тавьжээ. Тэд компанийг нь 15 тэрбум доллараар худалдан авахыг хүсэв. Харин энэ удаа шийдвэр гаргах тийм ч хэцүү байсангүй. Тэр уг саналаас татгалзахдаа “Бид хэдийнэ шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Бид компаниа худалдах биш, өөрсдийн гараар хөгжүүлэх болно” гэж байж.
Харвардад суралцаж байхдаа тэр компьютерийн шинжлэх ухааныг судлахыг зэрэгцээ сэтгэл зүйг ч сонирхож суралцсан аж. Тиймээс ч “Facebook” сүлжээ бусдаас хоёр зүйлээр давуу. Энэ тухайгаа тэр “Технологийн гайхалтай сайн компаниуд бий. Бас олон нийтийн харилцааны сайн сүлжээ ч олон бий. Харин энэ хоёрыг хоёуланг нь хослуулсан нь үгүй” гэсэн. Түүнчлэн “Бид “Facebook”-ыг нээлттэй индэр гэж үздэг” хэмээн компанийнхаа сүлжээг тодорхойлсон юм.
Зукерберг компьютерийн донтон уу?
Виртуал ертөнцөд оршсон, ганцаардмал зожиг компьютерийн донтон болох уу, олон талын чадвартай, өөртөө итгэлтэй хувь болох уу гэсэн сонголт түүнд байсан. Өөртөө итгэлтэй байдал нөхөрсөг занг хослуулж чадсан учраас л түүний анхны ажил өнөө хэр амжилттай яваа биз. 27 насандаа нөлөө бүхий бизнесмэн болсон учраас амжилттай яваа гэдэг үг багадаж ч мэдэх юм.
Технологийн сэтгүүлийн тоймч Жесси Хемпел “Дэлхийн нөлөө бүхий хамгийн залуу хүн бол Зукерберг гэдэгтэй маргах аргагүй” гэж байсан удаатай. Гэсэн ч тэр энэ бүхэндээ сэтгэл үл ханана. Тэр хоёр хөл дээрээ бат зогсож байхын тулд, элдэв цуу ярианд үл сатааран компанийнхаа хувьцааны үнийг тогтвортой байлгахад анхаарлаа хандуулан бүх хүчээ дайчлан ажилласаар л…
Хэрэв та Зукербергийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байвал “Facebook” дэх хуудсаар нь зочлоход л болно. Тэнд “Загалмайлсан эцэг”, “Матрикс” зэрэг түүний дуртай киноны жагсаалт, минимализмийн урлаг, зохион бүтээх зэрэг зүйлст чөлөөт цагаа зарцуулдгийг, тэр ч байтугай найз бүсгүй Приссилла Чаных (Тэд 2003 оны арваннэгдүгээр сарын 7-ноос буюу “Facebook”-ийг үндэслэхээс жилийн өмнө болзож эхэлсэн) нь тухай мэдээлэл ч бий.
Зукерберг юуны тухай ярих дургүй вэ?
Компанийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийж “Манай компанийн гол зорилго бол дэлхий нийтийг илүү нээлттэй, нэгдмэл болгох” гэж тодорхойлсон хэдий ч хувийн амьдралаа танилцуулахаас татгалзсан.
Гэхдээ л бид түүний тухай багагүй мэдээлэл цуглуулж чадлаа. Зукерберг жил бүр шинэ зүйл сурч, мэдэхийг эрмэлздэг нэгэн аж. Тиймдээ ч нэг жил Мандарин хэл сурч байж. Харин энэ жил тэр идэх хоолныхоо ангилалд илүүтэй анхаарал хандуулж, амьтдын эрх ашгийг хамгаалсан нийгэмлэгүүдийн ятгалганд автсан.
Харин түүний эл хачирхалтай үзэл бодлыг Жесси Хемпел дэмжиж “Гүйцэтгэх захирал хүн олон талын хообийтой байна гэдэг сайн хэрэг шүү” гэсэн байна.
Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард тавьсан илтгэлийнхээ үеэр сарлагийн мартай бургер зэргийг хэрхэн хийдгийг тэмдэглэсэн өөрийн тэмдэглэлийг танилцуулжээ. Эцэст нь тэр хэчнээн амттай болохыг нь сануулахаа ч мартсангүй.
Үүний зэрэгцээ Зукерберг 800 сая ажилтантай компанийг удирдаж, зөвхөн хувьдаа гэхэд л 17 тэрбум долларын хөрөнгө эзэмшиж байна. Тэгэхээр түүнийг сайн бизнес эрхлэгч хэмээн дүгнэхээс аргагүй.
Бруно Марс: Элвис шиг охидын зүрхийг эзэмдэгч болохыг хүсдэг байлаа
Бруног бүр жаахан байхаас нь л хүмүүс олонд нэр хүндтэй уран бүтээлч болно гэдгийг нь олоод харчихдаг байж. Дөрвөн настай жаалхүүг эвлэгхэн бүжиглэн, дуулахыг нь хараад “Хамгийн бяцхан “Элвис”, рокнроллын ирээдүйн хаан” гэж байсан удаатай гэдэг.
-Та твиттер дэх хуудсандаа “2010 он миний хувьд гайхалтай жил болсон гэж боддог байлаа. Гэтэл 2011 он амьдралын минь хамгийн сайхан жил болж өнгөрлөө” гэж бичсэн байсан. Яагаад тэр вэ?
-Энэ их олон шалтгаантай. Би өнгөрсөн жил дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийлээ. Би мөрөөдөж ч байгаагүй газраа очин дуунуудаа дуулж, цомгийнхоо баярыг хийлээ. Бас гайхалтай сайхан саналууд хүлээн авсан. Ээждээ байшин худалдан авч өгсөн өдрөө твиттер хуудсандаа энэ талаар бичсэн хэрэг.
-Ээждээ байшин худалдан авч өгсөн байх нь ээ?
-Тийм ээ. Үүний төлөө фэнүүддээ талархал илэрхийлэх нь зүйтэй.
-Нэг томоохон мөрөөдлөө биелүүлчихэв үү?
-Яг тийм. Ээж минь өдийг хүртэл намайг хайрлан халамжилж ирсэн. Харин одоо ээжийгээ амрааж, халамжлах миний ээлж ирлээ.
-Хатагтай Хернандез бэлгийг тань хэрхэн хүлээж авсан бэ?
-“Яасан жижигхэн байшин бэ. Надад илүү томыг авч өг” гэж хэлсэн. (инээв) Тэр бүр баярласандаа нулимс унагасан. Тиймээс бидний хувьд их онцгой жил болсон.
-Таны амжилтад хүрсэн зам тийм ч шулуун дардан байгаагүй юм билээ. Өрсөлдөгч ихтэй. Тэгэхдээ бүр танаас ч залуухан өрсөлдөгч олон байсан. Харин та 18 насандаа Холливудад хөл тавьж, “Motown” рекордстой гэрээ байгуулснаар төдөлгүй нэр гарсан. Харамсалтай нь “Motown” удалгүй гэрээгээ цуцлахаар шийдсэн. Тухайн үед танд ямар бодол төрж байсан бэ?
-Энэ бол нэг алхам ухарсан явдал болсон. Урьд нь “Би “Motown” рекордсын дуучин Бруно Марс байна” гэж өөртөө итгэлтэй хэлдэг байсан бол, одоо бол тус рекордсынхонд гологдсон уран бүтээлч болж хувираад байна. Ингэснээр би надад туслах томоохон хүчийг төдийгүй, надад итгэсэн хүмүүсийн итгэлийг ч алдсан.
-Тэд танд энэ шийдвэрээ хэрхэн мэдэгдсэн бэ?
-Бид чамтай ахин хамтран ажиллахыг хүсэхгүй байна гэх утгатай зүйл хэлсэн.
-Их харгис ханджээ.
-Үгүй дээ харгис хандсан юм биш. Энэ бол тэдний биш, миний буруу байсан. Би дэндүү балчир байсан болохоор энэ гэрээ ямар чухал болохыг ойлгохгүй байж.
Хэдийгээр би сайн дуулж чаддаг байсан ч, шоу бизнесийн ертөнцөд амжилт олохын тулд түүнээс их зүйлийн суралцах хэрэгтэй болдог. Хамтлагуудтай хамтран дуулж, ганц нэг тоглолтод оролцдог төдий л байсан болохоор үнэндээ би рекордсын дуучин ямар нөхцөлд ажилладгийг огт мэдэхгүй байлаа.
-Тэдний шийдвэрийг сонсоод чи ямар хариу өгсөн бэ?
-Би уйлсан байх аа.
-Тухайн үед надад дуулах ур чадвар байхгүй юм байна даа гэж бодогдож байв уу?
-Тийм байдалд орохоор өөрийн эрхгүй зориг мохдог юм билээ. Жаахан өөртөө итгэлгүй болсон ч би бууж өгөхийг хүсээгүй. Тиймээс гэртээ харихгүй гэж шийдсэн.
-Тэгээд энэ бүхнийг юу өөрчилж, галт тэргийг чинь зөв замд нь буцаан оруулсан юм бэ?
-Цаг хугацаа л гэж бодогддог. Өсөж томрох тусам би дуучин биш, жинхэнэ уран бүтээлч болж байлаа. Өдөр бүр дуу зохиож, удалгүй продюсерээр ажилладаг болсон. Хүнд хамгийн их хэрэгтэй зүйл бол туршлага. Би өнгөрсөн хугацаанд олон арван аймшигтай муухай дуу зохиож байлаа.
-Таны зохиосон дуунуудаас хамгийн аймшигтай дуу аль нь вэ?
-Би хэлмээргүй байна. Энэ чинь CNN-ийн нэвтрүүлэг шүү дээ.
-Дэлхий дахинаа цацагдаж буй CNN телевизийн нэвтрүүлгээр дамжуулан нэрийг нь хэлэхээс ч ичмээр муу дуу тань тэгээд ямар нэртэй юм бэ дээ?
-Найз Филтэй хамтран зохиосон “Унтлагын өрөөний дээрэмчин” гэдэг дуу.
-Ямар үгтэй болоод нэрийг нь дурсах төдийд хар хөлс тань цутгаад байгаа юм бэ?
-Гэхдээ бид студид дуугаа бичүүлж байхдаа энэ дуугаа “Грэмми”-ийн шагнал дор хаяж 18 төрлөөр авна гэж бодож байлаа. Харин дараагийн өдөр нь “Бид яаж тэгж төсөөлж чадав аа” гэсэн бодол эрхгүй төрсөн.
-Би таны тухай их сайхан түүх олж уншсан. Та “Элвисийг тайзан дээр гармагц хүмүүс айдаг. Учир нь тэр их хүчтэй, охидыг яг л самар шиг бяцлах чадалтай. Тиймээс түүнийг ханхүү эсвэл цагдаа гэж нэрлэсэн ч болно. Тэнд цугласан хүмүүс шоу үзэхэдээ яаж аяглах ёстойг сайн мэддэг юм. Би тэднийг харж, тэднээс суралцах дуртай. Би ч бас Элвисийн фэн юм чинь” гэж хэлсэн байдаг. Элвис Прэслигийн нэг тоглолтыг зурагтаар үзээд тэгж хэлсэн байх, тийм үү?
-Милтон Берлегийн шоуг үзэж байсан юм. Гэтэл охид түүний гараас барих гэж зүтгээд л… Шууд нэвтрүүлэг эсвэл эвлүүлэг байсан эсэхийг би мэдэхгүй байна л даа. Гэхдээ л түүнийг дуулж эхэлмэгц хүмүүс бүхнээ мартчихдаг. Бага байхдаа би түүний тоглолтыг үзээд яг л түүн шиг болохсон гэж бодож байснаа тод санаж байна. Би охидыг яг л түүн шиг хашгируулахыг хүсдэг болсон.
-Одоо бол тэд чиний төлөө хашгирч байгаа шүү дээ, Бруно.
-Тийм шүү. Роб чи сонсов уу?
-Охидын сэтгэлийг эзэмдэгч байх сайхан уу?.
-Би өөрийгөө тийм хүн гэж бодохгүй байна.
-Өглөө толинд хараад…
-Чи бол миний уулзаж байсан залуусаас хамгийн сайхан нь гэж хэлдэг. Гэхдээ тэр үгийг надаас өөр хүн хэлээгүй шүү дээ.
-Сайхан бүсгүйчүүд чамайг шүтэн биширч орилоход ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Хорвоо дээрх хамгийн сайхан мэдрэмж. Та ч үүнийг үгүйсгэж чадахгүй байх. Гэхдээ тэр олон хүмүүс дунд эмэгтэйчүүд байгаа эсэхийг нь би нарийн мэдэх аргагүй шүү дээ.
-Та яг л бяцхан Элвис шиг байж, тийм үү?
-Үнэндээ би тэр үеийг санадаггүй юм аа.
-Аав, ээж хоёр тань таныг бусад хүүхдүүдтэй адилгүй байсан гэдэг юм билээ. Хүүхдүүд олон хүний өмнө гарахаасаа ичдэг бол харин та эсрэгээрээ бүр дуртай байж.
-Би их нүүрэмгий байсан л даа.
-Та бяцхан Элвис болохыг хүсдэг байсан гэсэн. Тэр тухайгаа ер нь санадаг уу?
-Тоглолтод оролцох ёстой нэгэн үдэш би халуурсан юм. Тэр үед тав билүү зургаан настай байсан санагдана. Халуурч байсан учраас ээж тоглолтод оролцохыг зөвшөөрөөгүй. Харин би түүнд нь их гомдож, оройжин өрөөндөө хашгичиж билээ. Тэгээд хувцсаа өмсөж чадахгүй гэж бодохоор өөрийн эрхгүй уйлаад л байсан. Миний санаж байгаа ганц зүйл л тэр.
-Хавай дахь амьдрал тань ямар байсан бэ?
-Хавай их сайхан газар. Бага насаа дурсахаар гэр бүлийнхэнтэйгээ далайн эрэг дээр тоглож байсан үе л хамгийн түрүүнд санаанд ордог.
-Гэр бүлийнхний тань танд зааж сургасан зүйлсээс хамгийн үнэ цэнэтэй нь юу вэ?
-Гэр бүл бол бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл. Аав, ээж хоёр минь намайг хайрлаж, халамжилж, бүх зүйлийг зааж сургаагүй бол би өнөөдөр энд ингээд сууж байхгүй л байсан. Хөгжмийн ертөнцөд дурлахад нөлөөлсөн хүн бол миний аав. Тэр л намайг Жеки Уилсон, Жеймс Броун нартай танилцуулсан.
-Аав тань шоу бизнесийн талаар сайн мэддэг хүн. Тэр танд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Аав минь сайн удирдагч хүн. Тэр бүр 1950-иад онд хөгжимд дурласан. Өөрийнхөө сайн дуучин биш гэдгээ ч мэддэг байж. Гэхдээ сайн дуучныг таних чадвартай байсан учир тэдний тайзнаа гаргах гэж хамаг амьдралаа зориулсан хүн. Тиймээс аав минь удирдан зохион байгуулах чадвар сайтай. Түүнийгээ ч надад сургасан.
-“Time” сэтгүүл оны нөлөө бүхий 100 хүний жагсаалт гаргасан. Уг жагсаалтад Ерөнхийлөгч Барак Обама, Марк Зукерберг, Жастин Бибер бас таны нэр бичигдсэн байна билээ. Энэ бол таныг зөвхөн дуучин биш гэдгийг баталсан явдал. Гэрийнхэн тань үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Тэд надаар бахархсан байх. Ялангуяа аав, ээж хоёр минь. Тэдний хувьд би чинь үргэлж балчир Бруно байх болно.
-Их хэмжээний мөнгө, эмэгтэй хүн хоёрын нэгийг нь сонго гэвэл алийг нь өөртөө үлдээх вэ?
-Мэдээж бүсгүйг. Энэ чинь ямар учиртай асуулт вэ, Пирс?
-Сайхан хариулт байна. Гэхдээ мөнгийг чинь, машин, байшинг чинь авна гээд бод л доо, Бруно.
-Тэгсэн ч би зүгээр ээ.
-Гэхдээ чамд би тэрбумтан болохыг хүсэж байна гэсэн утгатай дуу байдаг шүү дээ.
-Үнэндээ шүлгийг нь сайн сонсох юм бол жинхэнэ утга нь тэрбумтан болоход биш гэдгийг ойлгох болно
-Аз жаргалын тухайд чи ямар бодолтой байдаг вэ?
-Аз жаргал гэдэг амьдралын хамгийн энгийн зүйлс шүү дээ.
-“Grenade” цомгоороо та “Грэмми”-ийн зургаан төрөлд нэр дэвшсэн. Канье Уэстийн амжилтыг эвдэж, Аделегийнхийг давтсан байна.
-Канье, Аделе нартай мөр зэрэгцэнэ гэдэг сайхан хэрэг. Би Каньегийн шүтэн бишрэгч. Түүний гаргасан цомог бүр надад бий.
-Шоу бизнесийн ертөнцийнхнөөс хэнийг нь илүү бахаддаг вэ?
-Аделег. Тэр гайхалтай сайхан дуу зохиодог. Цахим хуудаснаас дуу авчихаж болдог болсон цагт цомог борлуулалт ашиггүй болсон гэж хүмүүс бодож байх үед түүний цомгууд хэдэн сая хувь борлогдсон.
-Та ихэвчлэн хайрын тухай дуулдаг. Хэдэн удаа дурлаж байсан бэ?
-Би жинхэнэ хайртайгаа учраагүй л явна. Дараагийн асуулт.
-Тийм гэж үү?
-Мэдээж би хүнд дурлаж байсан.
-Жинхэнэ хайр байсан уу. Тэгээд таны зүрх шархалсан байх нь ээ?
-Би одоо ч ганц бие байгаа шүү дээ.
-Гэхдээ боломж байна.
-Тийм ээ.
“Их утаат манан” давтагдахаас урьтаж…
1943 оны долдугаар сарын 26. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лос-Анжелес хот халдлагад өртлөө. Гэхдээ энэ халдлага харийн түрэмгийлэгчдийнх биш, дотоодынх. Тэгэхдээ бүр Лос-Анжелесчуудын өөрсдийнх нь тарьсан хэрэг байж. Чулуун нүүрс, дизелийн замбараагүй хэрэглээ, хогоо ил задгай шатаах гэх мэт тэдний үйлдэл утаат манан үүсгэж, гурван байшингийн цаадах зүйлс харагдахгүй болтлоо бүүдийж, иргэдийнх нь хоолой хорсон, нүд нь аргаж өнжсөн байдаг. Зуны дунд сард болсон аймшигт манан Калифорни мужийн удирдлагуудад утаатай тэмцэх цаг болсныг сануулж, аюулын харанга дэлдсэн байна. Тэр цагаас хойш тус муж утаатайгаа хагас зуун жил тэмцэж байна.
Гэхдээ хүн төрөлхтний утаатай хийх тэмцэл дөнгөж XX зуунд эхэлсэн юм биш. Бүр XIV зуунаас эхэлсэн болохыг түүхэн сурвалж бичгүүд баталдаг. 1306 онд Английн хаан Эдвард чулуун нүүрсний хэрэглээг хориглосноор энэ дайн эхэлсэн гэдэгт түүхчид санал нэгддэг. Гэхдээ л энэ шийдвэр он цаг улирахын хэрээр мартагдаж, хариуг нь Лондончууд 1952 онд эмгэнэлтэйгээр нь хүртэх нь тэр.
1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Их утаат манан” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн утаат манан Лондоныг бүрхэн авах нь тэр. Үйлдвэржилт эрчээ авч, хүнд үйлдвэрүүд бүтээгдэхүүний зэрэгцээ агаарын бохирдол үйлдвэрлэж байх үед иргэдийн замбараагүй нүүрсний хэрэглээ ч үүнд нэрмээс болж. Хөгшин Европын томоохон хотуудын нэгийг бүхэлд нь нөмрөн авсан энэ утаат манан таван өдөр үргэлжилж, энэ үеэр тус хотын 4000 гаруй иргэн амь үрэгдсэн нь түүхэн дэх хамгийн их балаг тарьсан утаатай манан болсон байна. Гэхдээ утааны уршиг үүгээр зогссонгүй. Манангийн үеэр утаанд хордож уушги нь үрэвсэн эмнэлэгт хэвтсэн хэдэн мянган лондончууд ар араасаа үйлдвэржилтийн эриний золиос болсоор байв. Удалгүй их манангийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 12 мянга болж өслөө. Золгүй золиос бологчдын олонх нь хүүхэд хөгшчүүд, архаг өвчин хуучтай хүмүүс байсан бөгөөд тэдний дунд ганц нэг хүн үл үзэгдэх орчин үүссэний улмаас голд унаж амь эрсэдсэн залуус ч байсан хэмээдэг.
Дэлхийн түүхэнд хараар бичигдэж, Лондон төдийгүй Европ тивийнхэнд мартагдашгүй сануулга өгсний дараа л британичууд утаатай эрчимтэй тэмцэж эхэлжээ. Угтаа агаарын бохирдол, утаат манангийн асуудал гэнэтхэн үүсчихсэн юм биш. Бүр XIX зуунд Европын хотуудад сануулга өгөөд л байж. 1892 онд Лондонд болсон утаат манангийн үеэр 1000 хүн амь үрэгдсэн ч, хотын удирдлагууд утаатай тэмцэх дорвитой алхам хийсэнгүй. 1930 онд Бельгийн нэгэн хотод мөн л утаат манан болж 60 хүн нас баран, мянга мянган хүн эмнэлэгт хэвтлээ. Энэ мэтчилэн Европ болон Хойд Америкийн хотууд удаа дараалан халдлагад өртсөөр л байв. Эцэст нь арайхийн ухаарсан англичууд утааны эсрэг дайнд зарлан, ялалт байгуулсан байна.
1956 онд баталсан агаарын бохирдлын эсрэг “Цэвэр агаар” акт ёсоор Лондонд утаагүй бүс тогтоон, тус бүсэд чулуун нүүрс түлэхийг хориглож, шатдаг хий гэх мэт бусад утаагүй шатах түүхий эдээр нүүрсийг орлуулах болсон нь хамгийн их үр дүн өгсөн арга болов. Гэхдээ иргэдээс чулуун нүүрс түлэхгүй байхыг гуйх биш шаардаж, уг тогтоолыг зөрчсөн иргэдийг торгох, цаашилбал хотоос хөөх хүртэл арга хэмжээ авч чадсанаар утааны асуудлыг ихээхэн хөнгөлсөн байна. Мэдээж агаарын бохирдол үйлдвэрлэгч хүнд үйлдвэрүүдэд ч энэ шаардлага хамаарна. Удалгүй тухайн үед цэцэглэж байсан үйлдвэрүүдэд тавих хяналтаа чангатгаж, ирэх онуудад барихаар төлөвлөөд байсан ихэнх үйлдвэрийн төслийг цуцалж, хот дотор байрлах дулааны цахилгаан станцуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Асуудлыг тэр даруй шийдэж чадсан англичуудын жишгээр хөгшин Европын манантсан хотууд утааны эсрэг тэмцэн үр дүнд хүрсэн байна.
Харин хойд америкчууд утаа хэмээх аймшигт гамшигтай арай өөр аргаар тэмцэж эхэлжээ. Дээр дурдсан ёсоор тэдний тэмцэл Европчуудынхаас хожуу эхэлсэн ч үр дүн багатай, үргэлжлэх хугацаа урттай болсон гэж эрдэмтэд дүгнэдэг. Америкчууд төдийгүй Канад, Мексикийн эрх баригчид ч “Цэвэр агаар” акт баталж, агаарын бохирдолтой өөр өөрсдийн аргаар тэмцэж эхэлсэн. Тэд агаарын бохирдлын шалтгааныг тогтоох судалгааны байгууллагууд байгуулж, судалгаа ёсоор хүн төрөлхтний бүтээсэн гамшигтайгаа дайтжээ. Юуны өмнө үйлдвэрүүдэд хяналт тавихын зэрэгцээ иргэдийг ил задгай хогоо шатаахыг хориглож, хотын хогийг устгах асуудалд анхаарал тавьсан байна. Мөн агаарын бохирдолд нэмэр болж буй автомашинуудын утаанд хяналт тогтоожээ. Шаталт бага, утаа тортог ихтэй дизель түлшний хэрэглээг багасгаж, том оврын тээврийн хэрэгслүүдэд шинэчлэлт хийв. Тэмцэл үүгээр зогссонгүй. Автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, этилгүй шатахуунаар ажилладаг машин зах зээлд нийлүүлэн, цаашид цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэх үүрэг даалгавар өгчээ. Мэдээж их тэмцэл тодорхой нөлөө үзүүлсэн ч төлөвлөж байсан шиг амжилтад хүрсэнгүй.
1956 онд 1000 хүн, 1962 онд 750 хүний аминд хүрсэн утаат манан дахиад л дэгдсэн хэдий ч 1960-аад оноос эрчимтэй хэрэгжүүлсэн Утаагүй бүс төслийн ачаар дахин үхлийн уршигтай манан Европын хотуудад үүссэнгүй.
Харин Америкт байдал улам л хурцдав. Нью-Йорк хотыг 1953 онд бүрхэн авсан манан 260 хүнийг хөнөөж, 1966 онд агаарын бохирдлыг улмаас 168 нью-йорчууд нас баржээ. Нью-Йорк хотноо удаа дараалан 1963, 1966 онд болсон утаат манангийн үеэр хүмүүс хэдэн зуугаараа амь үрэгдэв. Экологийн асуудал дэлхий дахины сэтгэлийг түгшээх болж, үйлдвэржүүлэлтэд биш байгаль орчны асуудалд анхаарал хандуулах болсноор гамшигт манангийн асуудал хөгжингүй орнуудад дахин айлчилсангүй. Харин одоо эл асуудал Зүүн Ази дахь буурай орнуудын толгойн өвчин болоод байна. Гэхдээ л Хойд Америк утаа, агаарын бохирдлын асуудлаас бүрэн ангижирч чадсангүй. Ялангуяа Калифорни муж, Мексикийг энэ асуудал зовоосоор л байна. Утаагаараа алдартай Лос-Анжелес хотод гэхэд л жил бүр 9600 хүн агаарын бохирдлоос болоод хорвоог орхиж байгааг тус хотын агаарын чанарын албаныхан мэдээлжээ. Сонирхолтой нь Улаанбаатар шиг утааны асуудалд нь газарзүйн байршил, агаарын солилцоо муутай нь нөлөөлдөг тус хотод жил бүр машины ослоос болж 3200 хүн нас бардаг гэнэ. Тэгэхээр утаат манангийн аюулаас аврагдсан ч, агаарын бохирдол чимээгүй дайн хийсээр л байгааг тоо баримт нотолж байна.
Автомашины түлшийг шинэчилж, ил задгай хог шатаахыг хорьсон төдийхнөөр агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй болсныг америкчуудын тавин жилийн “дайн” бидэнд анхааруулж байна.
Нөгөөтэйгүүр хүн амын нягтшил агаарын бохирдолд шууд нөлөөлдгийг агаарын бохирдолтой тэмцэгч эрдэмтэд сануулах болсон. Тиймдээ ч хөгжингүй орнууд, ялангуяа хэдэн саяар тоологдох хүн амтай томоохон метрополис хотын удирдлагуудад агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн амын тоо, нягтшилд анхаарах ёстойг сануулах болсон. Хагас зуун жилийн турш утаатай нөхөрлөж буй Лос-Анжелес хотыг ч өндөр уулсаар хүрээлэгдсэн гэх шалтгаанаас гадна жил бүр хэдэн зуун мянгаар нэмэгдэж буй хүн амын тоо нь агаарын бохирдолд ихээр нөлөөж байгаа гэнэ.
Зуун жилийн өмнө британчуудыг ч энэ асуудал зовоож байж. Хүн амын өсөлт эдийн засагт шууд нөлөөлдөг сайн талтай ч, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж, цаашилбал агаар, ус, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байсныг соргог эрдэмтэд анзаарчихаж. XIX зууны эхээр Британийн хүн амын 20 хувь нь нийслэл хотдоо оршин сууж байсан бол хэдхэн жилийн дотор нийслэл рүү хөлхөх нүүдэлчдийн цуваа үүсэж, 1851 онд хийсэн тооллогоор тус улсын хүн амын тал хувь нь Лондонд шавааралдан суух болжээ. Бас л яг Улаанбаатар шиг. Тус хотын агаарын бохирдлын шалтгаан олон зүйлээрээ манай нийслэлтэй адилхан. Газар зүйн хувьд нам дор газар байрладаг тул, салхи багатай, тэр агаарын солилцоо муу, нөгөөтэйгүүр чулуун нүүрсний замбараагүй хэрэглээ, ДЦС-уудын утаа хотыг утаж байж. Ингээд л хотын удирдлага утаа бүс тогтоож, тэнд чулуун нүүрс хэрэглэсэн хүмүүсийг хотоос хөөх хүртэл арга хэмжээ аван асуудлыг шийдчихэж. Тэгэхдээ бүр иргэдийн нийслэл рүү чиглэсэн их нүүдэл болон орчны бохирдол гэх хоёр ч туулайг нэг сумаар буудсан хэрэг.
Тэгэхээр хүн төрөлхтний хэдийнэ даван туулсан түүх, арга туршлагаас харахад бидэнд хоёр л зам үлдэж. Утаатай тэмцэх нэрийдлээр энэ хэвээр илсээр байх уу, эсвэл “Их утаат манан” давтагдахаас урьтаж, хөгшин Европын жишгээр хүн төрөлхтний үүсгэсэн гамшигтай зоригтойгоор дайтах уу?
Бидэнд цөмийн эрчим хүч хэрэгтэй юу
Дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүчний цахилгаан станцуудын нэг болох Фүкүшима Дай-Ичид болсон ослоос хойш атомын цахилгаан станцын талаарх үзэл бодол дахиад л өөрчлөгдөв. Энэ нь үйлдвэржилтийн үе эхэлсэн 1950-аад оноос хойш гурав дахь удаагаа болж буй өөрчлөлт гэдгийг дурдах нь зүйтэй.
Атомын төхөөрөмжүүдийн сүйрлээс айх айдас, эрчим хүчний хэрэгцээгээ хангах гэсэн хүслийн дунд хүн төрөлхтөн цаашдаа ямар шийдвэр гаргахаа шийдэж ядан, тээнэгэлзэж, гацчихаад байна. Хирошимад болсон явдал, Хүйтэн дайны тухай аймшигт дурсамж биднийг улам л цөмийн эрчим хүчнээс болгоомжлоход хүргэж байсан бол Фүкүшимад болсон осол Зөвлөлт холбоот улсын үед гарсан Чернобил дэх дэлбэрэлтийн талаарх дурсамжийг эргэн сануулна.
Японд болсон гамшгаас авсан бидний хамгийн эхний сургамж бол цунами гэдэг замдаа дайралдсан юуг ч, тэр байтугай атомын цахилгаан станцыг ч сүйрүүлэх чадалтай байгалийн гамшиг.
Атомын цахилгаан станцуудын аймшигтай дэлбэрэлтээс өмнө энэ үйлдвэрийн талаарх бидний ойлголт арай өөр байж. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах хамгийн ухаалаг гарц бол атомын цахилгаан станц гэсэн ойлголт түгээмэл байсан нь нууц биш. Хүн төрөлхтний толгойн өвчин болсон дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж буй нүүсний цахилгаан станцтай харьцуулахад атомынх хамгийн хөнөөл багатай гэх зохиомол үнэнд итгэж байж.
Учир зүйн ухаан судлаачид энэ асуудлыг хялбархан шийдэж, ямар ч зүйлд сайн, муу гэсэн хоёр тал байдгийг сануулах байх. Харин дэлбэрэлт болсон тэр аймшигт үйл явдлын үеэр учир зүйн талаас нь асуудалд хандах ухаан хэнд ч төрөхгүй байсан.
Тэр ч бүү хэл Герман, Швейцарь гэх томоохон орнууд цөмийн энергийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт хийж, цөмийн эрчим хүчийг ухаалаг гарц хэмээн үзэж байсан бодлоосоо няцаж, эдийн засагт нь нааштай нөлөө үзүүлсэн атомын цахилгаан станцууддаа яаралтай реактор нэмж барих ажлаа ч түр хойшлуулсан юм.
Атомын бөмбөгөөр л хязгаарлагдаж байсан хүн төрөлхтний цөмийн талаарх ойлголт атомоос эрчим хүч гарган авах технологи бий болсноор анх өөрчлөгдөж байжээ. Иргэд төдийгүй улстөрчид ч эрчим хүчний эх үүсвэрийн шинэ технологийн асуудлыг талархан хүлээж авч, өртөг, хор хөнөөл багатайг нь бахдан шагшиж байсан. Тиймээс тэр даруй хэдэн зуун станц барих ажилд яаравчлан оржээ. Ашигтай эрчим хүчний үүсвэр гэдгийг 2010 он гэхэд л дэлхий даяар сүндэрлээд байсан 400 гаруй атомын станц батлах биз.
Сөрөг үр дагаваргүй эрчим хүчний эс үүсвэр байхгүй гэдгийг баталсаар байхад л шинэ технологийн ололтыг сурталчилсаар л байв. Цөмийн реакторуудыг хамгийн аюулгүй, найдвартай хэмээгээд л…
Сурталчилгаа хэдий ч байсан ч 1960-аад оны сүүлчээр хүрээлэн буй орчинд анхаарал хандуулах болсноор цацраг идэвхит бодис алдагдах вий гэсэн түгшүүр нийтийн дунд бий болж, улс төрчдийн байр суурь эргэсний жишээ нь 1970 онд Америкт батлагдсан Цэвэр агаар тогтоол юм.
Удалгүй агаар мандал болон хэрэглээний усыг цэвэршүүлэх ажил өрнөж, энэ үеэр цөмийн энергийг хэрэглээнээс хасах саналтай экологичдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ үеэс эхлэн хүн төрөлхтөн цөмийн энергиэс дахин нүүр буруулсан юм. Цөмийн энергийг эсэргүүцэх үзэл 1979 онд болсон хоёр дэлбэрэлтээс хойш бүр ч гүнзгийрсэн байна. Америкийн Пенсилвани мужид болсон дэлбэрэлтийн тухай Жейн Фондын тоглосон “Хятад синдром” нэртэй кино хүртэл хийсэн байдаг.
Олон нийтийн энэ үзлээс болоод цөмийн энергийн үйлдвэрлэл зах зээлээс шахагдаж эхлэв. Эдийн засгийн хямралын үеэр байгалийн шатах хийн үнэ унасан нь бүр нэрмээс болох нь тэр. Магадгүй эдийн засгийн хямрал дэлбэрэлтээс ч илүү атомын цахилгаан станц шахагдахад нөлөөлсөн биз.
Цөмийн энергийн талаарх айдас түгшүүр эргэлзээ эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн бодлыг ч дарж чадсан. Энэ үеэр Сиэрра клуб тэргүүтэй экологийн байгууллагууд цөмийн эрчим хүчний станцыг нүүрснийхээс илүү хөнөөл багатай хэмээн сануулах болов. Харин тухайн үед энэ нь ямар ч үндэслэлгүй суртал ухуулга мэт сонсогддог байж. Хэдийгээр үнэмшилгүй сонсогдох боловч ерөнхийд нь авч үзвэл атомын цахилгаан станц нүүрснийхээс аюул багатай нь үнэн юм. Гэхдээ 1986 онд Чернобилд болсон дэлбэрэлтийн улмаас энэ тайлбарыг сонсох сөхөөтэй хүн байсангүй.
Яагаад атомын цахилгаан станц сөрөг үр дагавар багатай гэж? Нүүрсээр ажилладаг станцаас хөнөөл багатай байж чадах уу?
Бид дулааны цахилгаан станц дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж буй нүүрсхүчлийн давхар исэл ихээр ялгаруулдгийг бид мэднэ. Харин атомын цахилгаан станц ямар ч давхар исэл ялгаруулдаггүй. Өнөөдөр экологичид дэлхий дээрх бүх атомын цахилгаан станц дэлбэрсэн ч агаар мандал, дэлхийн цаг уурт дулааны цахилгаан станц шиг аюул учруулахгүй гэж үзэх болсон байна. Хамгийн аюултай нь НАСА-ийн сансар судлалын хүрээлэнгийн захирал Жеймс Хансений өгүүлж буйгаар “Цолмон гаригийн синдром” буюу дэлхийн дулаарлаас болоод далайн ус ууршиж, усны уур агаар мандалд хүрэхдээ хүлэмжийн хий болж байгаа гэнэ. Ингэснээр усны уур бороо болон буух мөчлөг алдагдаж, дэлхий дээрх амьдрал мөхөх аюултай юм.
Өдгөө дэлхий нийтээр нүүрсхүчлийн хий ялгаруулалгүйгээр хангалттай эрчим хүч үйлдвэрлэдэг технологи гарган авахад анхаарлаа хандуулж байна. Одоогийн байдлаар энэ шаардлагыг хангах цорын ганц технологитой станц нь атомын цахилгаан станц. Учир нь түүхий эдийнхээ 90 хувь нь эрчим хүч болдог цорын ганц эх үүсвэр юм. Тэгэхээр нэг реактор 1000 мегаваттын түлшнээс 900 мегаваттын цахилгаан гарган авдаг гэсэн үг. Харин хор хөнөөлгүй хэмээгддэг нарны болон салхины эрчим хүчний станц тийм ч өндөр гарцтай биш. Элсэн цөлд байгуулсан станц гэхэд л ердөө 20 хүрэхгүй хувийг эрчим хүч болгох чадвартай бол, салхин цахилгаан станц 30 орчим хувийг эрчим хүч болгон үйлдвэрлэдэг.
Тэгэхээр атомын болон дулааны, шатах хийн станц шиг их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж чаддаггүй гэсэн үг. Тиймээс эдийн засгийн хямралд өртөөд буй хэрэглээ багатай Энэтхэг, Хятадаас өөр улс орны эрчим хүчний хэрэглээг хангах чадваргүй тааруухан технологи байж таарах нь. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар америкчууд хамгийн их эрчим хүч зарцуулдаг үндэстнээр тодорчээ. Тэд жилд дунджаар 6700 ватт эрчим хүч хэрэглэдэг бол францчууд 3500 ватт, харин хятад хүн ердөө л 1400 ватт, африк тивийнхэн 650 ватт эрчим хүч хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
Сүүлийн жилүүдэд Хятад болон дундад Ази, Африкт эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай зүйл юм. Учир нь дулаацаж, гэрэл гаргахын тулд нүүрс, мод түлэн амьдарч байгаа ядуу иргэд жил бүр хэдэн зуугаараа нас барж, нүүрс, модны хөө тортгоос болоод хэдэн мянгаараа өвдөж байна.
XXI зуунд эрчим хүчний асуудал дэлхийн дээрх үндэстэн бүрийн толгойг өвтгөсөн асуудал болоод байна. Үндэстэн бүр орчин үеийн хэв маягаар амьдардаг болчихвол эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос дөрөв дахин өсөх болохоор тэр. Станцуудын хүчин чадлыг нэмснээр станцын тоо цөөрөх хэдий ч, үйлдвэрүүдийн хэрэглээ ч өсөх магадлалтай. Жирийн америк хүн дунджаар 1500 ватт цахилгаан зарцуулдаг гэж тооцвол цахилгаанаар ажилладаг машин, галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслийн тоо энэ хэвээр нэмэгдэл эрчим хүчний хэрэглээ долоо дахин өснө гэсэн урьдчилсан тооцоо бий.
Эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг юм бэ?
Газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн далай, тэнгисийн усны асар том давалгааг Япон хэлэнд цунами гэдэг. Байгалийн энэ гамшгийг яагаад заавал япон хэлээр нэрлэсэн юм бэ гэж үү? Энэ улс мянган жилийн турш цунамид нүдүүлсэн арвин их туршлагатай болохоор тэр. Японы эрэг орчим амьдрах нь олон давуу талтай ч, үерийн аюул байнга заналхийлж байдаг аюултай бүсэд тооцогддог. Тэд цунамигийн аюулыг сайн мэднэ. Тиймдээ ч инженерүүд нь сургууль, эмнэлэг, орон сууцнуудаа, тэр ч байтугай атомын цахилгаан станцаа цунамид тэсвэртэй байхаар бодож, барьжээ.
Фүкүшима Дай-Ичигийн барилгын хувьд орчин үеийн атомын станцуудтай харьцуулахад тэсвэрлэх чадвар багатай, 5.7 метр цунамиг л тэсвэрлэх чадвартай аж. Харин энэ онд болсон цунами 29 метр өндөр, яг л 1933 онд болсон аймшигтай цунамитай адил байж л дээ.
Бидний мэдэж байгаагаар Фүкүшимад болсон цунамигийн үеэр атомын станцын хөргөлтийн систем гэмтсэний улмаас дэлбэрсэн. Атомын цахилгаан станц бол сургууль, эмнэлэг шиг гамшгийн үед нүүлгэн шилжүүлж болдоггүй зүйл, бас цунамид тэсвэртэй станц барих боломжгүйг энэ цунами бидэнд сургасан.
Харин германчууд энэ үеэр огт өөр сургамж авчээ. Германд цунамигийн аюул нүүрлэхгүй боловч тус улсын Засгийн газар өнгөрсөн зун долоон реакторын үйл ажиллагааг 2022 он хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Тэд арван жилийн өмнө цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан ч бүрмөсөн татгалзахаар төлөвлөөгүй байсан юм. Харамсалтай нь бүх реактороо зогсоочихвол нүүрстөрөгчийг багасгах оролдлого нь бүтэлгүйтэх болов уу. Мэдээж тэд огт өөр гарц олж салхи, эсвэл нарны эрчим хүчийг ашиглахаар шийдэж болно л доо. Хүчин чадал өндөртэй томоохон станц барьсан ч шөнийн цагаар, салхигүй тогтуун үед Франц, Польш, Орос гэх мэт гаднын орнуудаас эрчим хүчээ экспортолно гэсэн үг үү. Атомын станцаас зугтахдаа эрчим хүчээ гадаадаас худалдан авна гэдэг оновчтой шийдвэр мөн гэж үү?
Герман бол өндөр хөгжилтэй орон учир нь иргэд нь нарны эрчим хүч ашиглаж байгаагийнхаа төлөө илүү татаас өгч мэдэх л юм. Гэхдээ мөнгө бол цөмийн эрчим хүчнээс татгалзсаныхаа төлөө өгөх олон зүйлийн ердөө л нэг нь. Хэрэв тэд атомын цахилгаан станцаас бүрмөсөн татгалзвал нүүрсхүчлийн хий дэлбэрэлтээс ч аймшигтай аюул авчирч мэднэ. Гэхдээ тэр аюул нь зөвхөн Герман төдийгүй бусад орны экологид ч нөлөөлнө. Тэдний сонголтын үр дагавар зөвхөн өөрсдөд нь хамаатай биш гэдгийг тэд ойлгох байх гэж найдъя.
Бид хэрэглээ болон айдсынхаа алийг нь дагахаа мэддэг болчихвол ирээдүйд цөмийн эрчим хүчийг сонгох эсэхээ хялбархан шийдэж чадна. Одоохондоо германчуудын хувьд нүүрсхүчлийн хий арай аюул багатай санагдаж байх шиг байна.
Гэхдээ сүүлийн хэдэн сарын туршид Бразил, Өмнөд Африк, Саудын Арабын улсууд атомын цахилгаан станц барих шийдвэр гаргаад байна. Бүр тэдний 16 нь зөвхөн Саудын Арабад баригдах юм. Тэднээс гадна Энэтхэг, Хятад тэргүүтэй орнууд цөмийн энергийг чулуун нүүрс шатааснаас хөнөөл багатай хэмээн үзэж, хэрэглэсээр байхаа мэдэгдээд байна.
Эзэнт гүрний сэрэлт
Монголын томоохон компанийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор тус улсад долоо хоногт саатах боломж надад тохиосон юм. Аяллын маань явцад Монгол орны тухай төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцахаар шийдэж, ийн бичиж байна. Олонх хүн Монгол улсын тухай бүдэг бадаг төсөөлөлтэй байдаг болохоор тэр. Саяхныг хүртэл би бас л тэдний нэг байсан.
Хэдийгээр газар нутгийн хувьд харьцангуй том ч хоёр том гүрний дунд байрладаг нь тус улсын эдийн засаг зах зээлийн зарчмаар хөгжилгүй хэдэн арван жилийг ардаа үдсэний гол шалтгаан гэж бодогддог. Тэд тус улсын эдийн засаг, улс төрийн байдлыг бүхэлд нь хянаж байж.
Тиймээс би Монголыг нойрсож буй гоо бүсгүйтэй зүйрлэмээр байна. Тэд 70 жилийн турш их гүрний эрхшээлд унтаж байсан хэдий ч саяхнаас зовхио өргөн, нүдээ нээж хүчирхэг шинэ Монголыг хөгжүүлэх суурийг тавьж байгаа юм.
Монгол гэж хэлмэгц Эзэнт гүрэн, Чингисийн тухай бодол эрхгүй төрдөг. Түүхэн дэх хамгийн том газар нутаг эзэлж байсан хүчирхэг гүрэн учраас тэр. Тэд хуурай газрын 22 хувийг эзэлж байсан гэдэг.
Нэгэн цагт дэлхийг эзэгнэж байсан Монгол 1924 онд Бүгд найрамдах Монгол ард улс хэмээн улсаа тунхаглаж, Зөвлөлт улсын эрх мэдэлтнүүдэд захирагдах болжээ. Саяхнаас буюу дөнгөж 1991 онд л тэд Зөвлөлтийн хараанаас гарч, өөрийн замаар зүтгэх болсон байна. Ингэхдээ олон арван жил мөрдөж байсан тогтолцоогоо бүхэлд нь өөрчилж, зах зээлийн нийгэмд шилжсэн боловч харамсалтай нь эдийн засаг, улс төр гээд бүхий л салбар нь уналтад орсон гэдэг.
Харин арван жил эрчимтэй хөгжсөний ачаар 2009 онд тус улс хөл дээрээ боссон хэмээн шинжээчид дүгнэдэг. Тэр ч байтугай хүний гар хүрээгүй эрдэс баялаг, цэцэглэж буй эдийн засаг нь Монголыг дараагийн Азийн бар улс болгоно хэмээн шинжээчид онцолж байсан удаатай. Өнгөрөгч зун Хятад, Япон зэрэг Азийн орнуудаар айлчлал хийсэн Америкийн дэд Ерөнхийлөгчийн Биден Монголд саатсан нь нэгийг өгүүлж байгаа биз.
Бас хэдэн зуун жилийн турш хоёр их гүрний дунд хавчуулагдаж байгаа ч, өөрийн газар нутаг, тусгаар тогтнол, тэр ч бүү хэл эдийн засгийн хувьд бүрэн хараат бус оршиж, дэлхий дахин өөрсдийн дуу хоолойг хүргэсээр байгааг ч санахад илүүдэхгүй. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн нь хамгийн эрчимтэй нэмэгдэж буй улс бол мөн л Монгол.
Хүн амынх нь тэн хагас нь нийслэл хот Улаанбаатардаа бужигнаж байгаа хэдий ч тэр хэрээр эдийн засаг нь ч нэмэгдэж байна. Нэгэн Техас найзын маань хэлснээр дэндүү олон дугуй өнхрөх атал, тэдэнд зориулсан зам хангалтгүй юм. Зөвлөлтийн өнгө төрх, хийц маягтай барилгуудаас орчин үеийн тэнгэр баганадсан барилгатай болон аажмаар өөрчлөгдөж буй хот бол Улаанбаатар.
Бидний төсөөлдгөөс тэс өөр зүйл тэнд цөөнгүй бий. Хэрэв та Улаанбаатарын гудамжаар алхвал иргэдийнх нь баян чинээлэг, бас чамин ганган төрхийг нь хараад гайхах биз. Хотын гудмаар сүүлийн үеийн машинууд сүлжилдэж, дэлгүүрийнх лангуун дээр өрсөн бараа нь Нэгдсэн улс дахь зарим нэг дэлгүүрийнхээс ч сонголт арвинтай, тэр ч байтугай их дэлгүүрүүд нь худалдан авагчдаар дүүрэн байдаг юм билээ.
Миний оролцосн нэгэн хурлын үеэр брэнд бүтээгдэхүүний ач холбогдлын талаар ч хэлэлцэж байсан гэхээр эдийн засаг нь хэрхэн хөгжсөн нь илэрхий биз. Би уулзсан цөөн хэдэн хүнээс санаанд орсон автомашины нэр хэлэхийг хүсэхэд олонх нь “Toyota”, “Hyundai”-г л нэрлэх байх гэж бодтол “Mercedes”, “BMW”, “Bentleys”-гийн нэр ч дурсагдсан юм.
Монголын тухай сэтгэгдэл
Нью-Йоркоос Улаанбаатар руу очих нислэг дэндүү урт, залхмаар. Бүр бизнес ангиллын тусгай хэсэгт суудалд тухалсан байсан ч ядарсан шүү. Гэхдээ энэ тохиолдолд үнийн хувьд харьцангуй өндөр юм билээ.
Онгоцны буудлаас гармагц хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол хүйтэн. Арваннэгдүгээр сарын 13 гэхэд хэдийнэ 0 хэмийн хүйтэн болчихсон байлаа. Цельс эсвэл фаренгейтийн хэдэн хэм байх нь хамаагүй, юутай ч их хүйтэн гэдэг нь л юун түрүүнд анзаарагдсан юм. Хачирхалтай нь долоо хоногийн сүүлч гэхэд би энэ хүйтэн нөхцөлд хэдийнэ дасчихсан байсан. Цаг агаарын ийм эрс тэс нөхцлийг давсан үндэстэн амьдралын болон түүхийн олон арван нугачааг туулах тэсвэртэй байхаас ч яах билээ хэмээн эрхгүй бодогддог юм билээ.
Хоёрдугаарт төрсөн сэтгэгдэл гэвэл агаарын бохирдол. Гэхдээ эндэхийн агаарын бохирдол зүүн Европ, Өмнөд Америк, Азийн бусад хотуудынхтай адилгүй. Өвөрмөц тэр үнэр нь нүүрсний угаар болохыг би хожим нь мэдсэн. Хотын ихэнх нутгийг хамрах гэр хорооллын оршин суугчид байшингаа дулаацуулах гэж нүүрс түлдгээс энэ их агаарын бохирдол үүсдэг гэнэ.
Газар зүйн байрлал нь ч үүнд нөлөөлдөг биз. Өндөр уулсаар хүрээлүүлсэн учир хүчтэй салхилахгүй л бол утаа униарыг туугдахааргүй шинжтэй. Яг л Лос-Анжелес шиг.
Дараа нь хүмүүсийнх нь харилцаа миний анхаарлыг татсан юм. Ачаагаа хүлээн онгоцны буудалд зогсох үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид үзэгдэх. Англи, Канад, Америк, Германы иргэд ч харагдана. Тэдний олонх нь ажил хэргээр яваа нь илт. Гэхдээ тэднээс илүү найрсаг, эелдэг зантай монголчууд анхаарлыг минь татаж байлаа. Ачаагаа хүлээж зогсохдоо би сэтгэл зовнин, ачаа маань бүрэн байгаа гэж зовнихоос илүүтэй нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, сэтгэл хангалуун байгаа хүмүүсийг олж харсан.
Надад төрсөн хамгийн хүчтэй, сэтгэл хөдөлгөсөн сэтгэгдэл бол хүмүүсийнх нь найрсаг, дотно, хөдөлмөрч, ухаалаг зан чанар. Харин би тэдэнд нэг лектор шиг л санагдсан байх. Гэхдээ би дахин Монголд очно оо.
Эцэст нь Улаанбаатар надад бүх талаараа Парисын эсрэг хот шиг л санагдсан. Парис надад таалагддаг. Харин хүмүүсийнх нь байдал, харилцаа нь огт сэтгэлийг минь татдаггүй. Гэтэл улаанбаатарчуудын найрсаг зан намайг соронздон татаж, харин дэд бүтцэд нь жаахан өөрчлөлт шинэчлэл хиймээр санагдлаа. Автомашины зам нь байнга л түгжирч байдаг. Гэтэл Сан Паолод бол зөвхөн гэрлэн дохионы хэсэгт л улаан гэрэл асмагц багахан түгжрэл үүсдэг. Гэхдээ Улаанбаатар Сан Паолог бодвол харьцангуй амар тайван, аюулгүй газар.
Хамгийн гол бэрхшээл нь дэд бүтцийн асуудал. Өдрөөс өдөрт эдийн засаг нь өсөж, иргэдийнх нь амьдрал элбэг хангалуун болж байгаа ч энэ хөгжлөөс дэд бүтэц нь л хоцроод байга бололтой. Бороо, цас, салхинаас болоод элгэдэн, эвдэрч сүйдсэн замын хэсэг энд хаа сайгүйг хараад дахин хэзээ ч Нью-Йоркийн замыг энхэл донхолтой байна хэмээн гомдоллохооргүй болсон.
Дэд бүтцийнх нь хөгжлийг хойш нь татаж байгаа зүйл бол мэдээж цаг агаарын эрс тэс байдал. Хэдийгээр шинээр барьж буй олон арван барилга хотод нь сүндэрлэх ч тэнд ажиллаж байгаа нэг ч ажилчныг би олж хараагүй. Аргагүй шүү дээ, тэг хэмийн хүйтэнд хэрхэн барилга барих билээ. Энд бүр намар гэхэд л барилгын ажил зогсож, хавар түүнийгээ үргэлжлүүлдэг аж. Цемент болон бетон цутгалтад агаарын хэм нөлөөлдөг учраас тэр.
Улаанбаатараас хөдөлж байхдаа би сонирхолтой, хүний хөл татардаггүй метрополис хот юм даа хэмээн бодож байлаа. Дэлгүүр, зоогийн газар, үзвэр үйлчилгээний газрууд гээд л энд өнгөрсөн болон орчин үеийн барилгууд зэрэгцэн оршино. Харамсалтай нь надад дэлгүүр хэсэж, дурсгалт газруудыг нь үзэж сонирхох хангалттай цаг байгаагүй юм. Гэхдээ би хоол нь их сайхан гэдгийг баталж чадна шүү. Энэ хотод Монгол, Япон, Герман, Солонгос, Франц гээд бараг бүхий л үндэстний хоолны газар бий. Амт муутай хоолтой газар лав таараагүй. Магадгүй хоол нь биш, хамт хооллон суугаа хүмүүс нь надад юу юунаас илүү таалагдаж байсан болохоор тэр биз.
Wednesday, January 11, 2012
Мөнхийн залуу Хефнер
Дэлхийн хоёрдугаар дайны дараа төрөлт эрс нэмэгдэж, Америкийн хүн амын өсөлт 40 хувиар нэмэгдсэн байдаг. Тиймээс 1946-1964 оныг “их тэсрэлтийн үе” хэмээж, энэ үед төрсөн “нялхсыг” мөнхийн залуу үеийнхэн гэх нь ч бий. “Их тэсрэлтийн үеийн нялхас”-ын хамгийн залуу нь гэхэд л 100-ийн талыг насалсан ч, эрүүл энх, урт удаан амьдарсаар л байна. Тэдний нэг болох мөнхийн залуу Хью Хефнерийн эрүүл, урт насалж байгаагийн нууцыг “New York Times” дэлгэжээ. Тэрбээр Лос-Анжелес дахь харшдаа тус сонины сэтгүүлч Адам Нагорниг урьсан байна.
Нас ахих тусам бид өдрөөс өдөрт гундаж буй гадаад төрхөндөө сэтгэл зовж, гутарч эхэлдэг. “Та хөгширч байгаадаа сэтгэлээр унаж, гутардаг уу?” гэсэн эхний асуултад минь нас сүүдэр хэдийнэ 85 хүрсэн ярилцагч маань “Хэдийгээр нүүрэнд минь үрчлээ сууж, би хөгшин харагдах болсон ч сэтгэлээр унадаггүй” гэж хариулсан юм. “Playboy”-г үндэслэгч Хефнер гутарч суухын оронд twitter.com сүлжээ цахим хуудаснаа “жиргэж”, амьдралын сонин хачинд илүү дурлах болсон гэлээ. Тэгээд тэр асуултыг минь амандаа давтан хэсэг бодолхийлснээ “Насаар ялгаварлах тухайд бол миний сексийн амьдрал руу хэт хошуу дүрж, болох, болохгүйг миний өмнөөс шүүн хэлэлцэж байгаа явдлыг би тэсээд л өнгөрөөдөг. Ихэвчлэн хэвлэлийнхэн намайг ач охин шигээ бүсгүйтэй болзож болохгүй гэдэг юм. Гэхдээ бид чинь чөлөөт нийгэмд амьдарч байна. Аливаа бүх асуудалд шүүмжлэлтэй ханддагаа больё л доо” гэв.
Нэг гартаа “Pepsi”, нөгөө гартаа “Playboy”-ын бэлгэ тэмдэг болсон туулайтай цэвэр ус барьчихаад тэр яриагаа үргэлжлүүллээ. “100 хол давсан настай хүн цаашид их олон болно. Би их олон жилийн турш ялгаварлагчидтай тэмцсээр ирлээ. Эхлээд хүйсээр ялгаварлагчид намайг гадуурхаж байсан бол удалгүй арьс өнгөөр ялгаварлагчид, харин одоо насаар ялгаварлах үзэлтнүүд надад тээг болж байна”.
Торгомсог унтлагын хувцасныхаа гадуур хатгамалтай хүрэм өмссөн Хефнер Холмби Хиллс дэх харшынхаа номын санд сууна. Мөнхийн залуу эрийн дөчин жилийн амьдралын түүхийг хадгалсан байшингийн хана дурсамж зургуудаар дүүрэн. Хананд нь багын найзууд, эхнэр, найз бүсгүйчүүд болон олон арван хагас нүцгэн бүсгүйчүүдийн зураг өлгөөтэй. Бас Мэрилин Монрогийн зургаар чимсэн “Playboy” сэтгүүлийн анхны дугаар ч харагдана. Бас Билл Клинтон, Кевин Спэси, Дорис Дэйгээс Мик Жаггэр хүртэлх алдартнуудын гэрэл зураг байна. Мэдээж тэдний дэргэд Хефнерийн гаанс зуусан залуугийнх нь хөрөг зургийг жаазлан хаджээ. Элдэв зургаар гоёсон өрөөндөө тэр тоглоомын ширээний ард суух бөгөөд ард нь залуу үеийнх нь амраг Барби Бентоны цээж баримал байлаа.
Түүний амьдралын өдрүүд огт өөр хэв маягаар үргэлжилдэг гэнэ. Гэхдээ ар араасаа урсах тэдгээр өдрүүд ажлын цаг урттайгаараа ижилхэн. Харин Хефнер энэ ерийн бус амьдралаа тун удахгүй эцэслэчихнэ гэж бодохгүй байгаа аж.
“Playboy Enterprises” компаниа саяхан өөрийн мэдлийн болгож, төв байраа Чикагогоос Лос-Анжелес руу нүүлгэсэн тул түүнд хийх ажил бишгүй их. Түүний хажуугаар сэтгүүлийн өдөр тутмын ажилд ч гар бие оролцсоор байгаагаа тэр хэлсэн. Тэр өглөө бүр редакцийн хурал хийдэг гэнэ. Гэхдээ үүнээс өмнө 10.00 юм уу 11.00 цагийн үед унтлагын өрөөндөө өглөөний ундаа ууж, дараа нь хувцсаа солин хуралдаа бэлтгэдэг аж.
Сэтгүүлийнхээ ажлын тухайд “Би мөр бүрийг нягтлан уншиж, хянаж, засварладаггүй. Гэхдээ дугаар бүрийн нүүр хуудасны болон дотор хуудсуудад орох зураг сонгох ажилд оролцож, дугаар бүрийн төлөвлөгөөг ерөнхий гаргах, уншигчдаас ирсэн захидал, үдэшлэгийн тухай егөө нийтлэлийг хянадаг” гэв. Эцэст нь хөгширнө гэдэг үхсэн гэсэн үг биш гэдгийг тэр дахин сануулсан. Гэхдээ л энэ нь түүнийг хөгшрөлтийн үр дагаврууд тойрсон гэсэн үг биш. Түүний алхаа удааширч, зургаа авахуулахын тулд таван минутаас удаан цэх зогсож чадахаа байж. Нуруу нь өвддөг учраас тэр. Бас сонсгол нь муудан, холестрол болон цусны даралт тогтворжуулдаг эм байнга хэрэглэх болжээ.
Нас ахиж буйтайгаа эвлэрсэн нэгэн шийдвэр бол гаансаа орхисон явдал. Саа өвчин туссаныхаа дараа буюу 1985 онд тэр тамхиа бүр мөсөн хаяжээ. Гэхдээ л “Jack Daniels”, “Coca Cola”-нд дурласан хэвээр. “Дурлалынх” нь тухай асуултад тэр “Миний анд Jack уу” хэмээн дуу алдан хариулаад, харин хоолны дуршил муудаж, хоолны цэсэнд төдийлэн анхаарал хандуулахаа больсныг дурдав.
“100 наслахыг хүсэж байна уу” гэсэн асуултад минь тэр давхийн цочсон боловч сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. “Хэрэв царай зүс, гадаад төрх минь муухай болчихгүй бол асуух юу байх вэ. Хүсэлгүй яах вэ. Харин мөнх амьдрах тухай бол эсрэг бодолтой байна. Дуусахгүй бол энэ амьдрал дэндүү уйтгартай болчихно шүү дээ” гэсэн юм.
Одоо харин түүний мөнхийн залуу байгаагийн нууцыг задалъя. Хөгширсөн атал өөртөө сэтгэл хангалуун байгаагийн нууц нь тэтгэвэрт гарахгүй байх явдал гэнэ. Тэр энэ талаар “Ажиллаж бас, амарч зугаацаж байгаа болохоор л би урт удаан насалж, бас түүндээ сэтгэл хангалуун байгаа юм. Тэтгэвэрт гарна гэдэг төгсгөлийн эхлэл юм шиг л санагддаг. Би их бие бялдрын хувьд ч тэр, оюун санааны хувьд ч тэр их эрч хүчтэй хүн. Тэр идэвхтэй байдал л урт наслахын нууц байх” гэсэн.
Тэгэхээр Хефнер урт наслахын тулд дасгал хийж, ямар ч дэглэм баримталдаггүй байх нь.
Үүнийгээ ч “Манайд биеийн тамирын танхим бий л дээ. Гэхдээ би тэр өрөөг огт ашигладаггүй юм. Теннисний ширээ байдаг ч би тэр ширээн дээр теннис тоглож байгаагүй. Усан сангаа ч ашиглаж байгаагүй” гэх яриагаараа баталсан.
Тэр бас гадуур төдийлэн гардаггүй. Хомбли Хиллстээ өөрт хэрэгтэй бүхнийг цогцлоосон бяцхан ертөнцийг байгуулчихаад л тэндээ хоёр найз бүсгүйн хамт амьдардаг гэнэ. “Би надад хэрэгтэй бүхнийг багтаасан тэр л ертөнцийг бий болгож чадсан. Тиймээс гадагшаа гарах шаардлага бараг л гардаггүй” гэсэн юм. Тэр жижигхэн үзвэрийн танхимдаа баасан, бямба гаригуудад зочдын хамт сонгодог кино үзэж, харин ням гаригт шинээр нээлтээ хийж буй киног сонирхдог гэсэн. Тэр ч байтугай энэ бяцхан ертөнцөд амьтны хүрээлэн ч бий. Үнэн шүү. Тэнд нь ягаан фламинго, Африкийн тогоруу зугаалж, сармагчингууд модны мөчир дамжин дүүлж байдаг юм билээ. Хэрэв зугаалахыг хүсвэл эдлэнд нь агуй, хуучны хөгжмийн хайрцаг, пинболл тоглоомын ширээтэй тоглоомын өрөө ч бий.
Гэхдээ Хефнер өдрийнх ихэнх цагийг хоёр давхарт байрлах унтлагын өрөөндөө өнгөрүүлдэг. Ном, сонин сэтгүүл ширээ, шүүгээ, шал бүр орон дээр нь хөглөрсөн унтлагын өрөө. Харин энэ замбараагүйтлээ тэр “Энэ чинь залуусын өрөө шүү дээ” хэмээн эвтэйхэн тайлбарлачихсан. Бүх хөшгөө татсан хэдий ч унтлагын өрөө нь яг л Лос-Анжелесийн гудамж шиг гэрэлтэнэ. Орныхоо чанх дээр дэлгэц болон хувирдаг толь байрлуулчихаж. Харин дэлгэцэнд залгасан кабелийн нөгөө үзүүрт байгаа тоглуулагчийн дэргэд элдэв янзын кинонууд хөглөрнө. Дунд нь насанд хүрэгчдэд зориулсан кино ч байж л байна.
“Playboy”-ын эзэн нас бол ердөө л тоо гэж үзэгчдийн нэг. Түүнийг нас барсан гэх цуу тараах ч боломжгүй байх. Учир нь түүний Твиттер дэх хуудасны мэдээлэл 900 мянган хүнд очдог. Тэгэхээр тэр дор нь худал мэдээллийг няцаан, “жиргэчих” юм байх.
Хамт амьдардаг Кристал Харристаа гэрлэх санал тавьсан боловч сэтгэл нь хувирсан сүйт бүсгүйгээсээ болоод эцсийн мөчид бодлоо өөрчилснийг нь ч хүмүүс тэр дор нь л мэдчихсэн. Нөгөөх нь Твиттерийн ачаар.
Тэр үхлийн талаар огтхон ч бодохгүй байгаагаа дахиад л санууллаа. Амьдралынхаа ес дэх арван жилтэй золгох гэж байгаа ч түүнд энэ талаар бодох хүсэл байхгүй бололтой. Хөгшрөлтийн талаар тэр “Амьдралд өгөө аваа их бий. Нэг талаас хөгширнө гэдэг сайхан. Өнгөрсөн жилүүдэд тарьсан тариалангаа одоо л хураан авч байна. Гэхдээ тэр хэрээр бас муу үр дагавар ч бий. Хөгшрөлттэй мөнхөд хамт байдаг цөөн хэдэн өвчнийг амсаж байна” хэмээн бодлоо илэрхийллээ.
Одоо бол тэр хэний ч ёжилсон инээдийг тэсээд өнгөрч чадна. Учир нь тэр өөрийн гэсэн өв хөрөнгийг бүтээгээд амжсан. Тэр ч байтугай тэр хийсэн бүтээсэн зүйлс нь нийгмийг өөрчилснөө “Playboy” дөнгөж гарч эхэлж байх үед залууст гэрлэхээсээ өмнө хамт амьдарна гэсэн ойлголт байдаггүй байлаа. Нөхөрт гараагүй байж жирэмсэн болох нь амьдралаа сүйтгэлээ л гэсэн үг. Эцэггүй хүүхдийн талаар бүр санах ч хэрэггүй. Харин тэр явцуу ойлголтыг би эвдэж чадсан. Америкчуудын тэр ядмаг ойлголтыг өөрчилж чадсан эр өмнө чинь сууж байна. Тиймээс би өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна” хэмээн сонирхууллаа. Ингээд л бидний яриа өндөрлөсөн юм. Түүнийг доод давхар байх галын өрөөнд хамтран амьдардаг хоёр бүсгүй нь хүлээж байлаа.
Subscribe to:
Posts (Atom)