Tuesday, January 31, 2012

Алтан үеийн хэв маяг ахин дэлгэцнээ


Борооны улирал хэдийнэ эхэлчихэж. Гэхдээ эл хур цас, бороо биш шагналын хур гэдгээрээ онцлогтой. Кино урлагийнхны бүтэн жилийн ажлыг дүгнэдэг томоохон наадмууд энэ үеэр болдог тул барууныхан наадмын үе, шагналын улирал хэмээдэг. Хэдхэн хоногийн өмнө “Алтан бөмбөрцөг”-үүд эздэдээ очсон бол ирэх сарын 26-нд Кино академийнхан шагналаа гардуулах гэж байна. Харин “Оскар”-т сойсон бүтээлүүдийн нэр хэдийнэ тодорчээ.
Өнгөрөгч оныг хуучны дурсамжит киноны хэв маяг ноёлсон жил болсон гэвэл хилсдэхгүй. 84 дэх удаагаа зохион байгуулж буй наадмын хамгийн олон төрөлд нэр дэвшсэн “Хюго”, “Жүжигчин” гэх бүтээлүүд кино урлагийн хөгжлийн эхэн үеийг санагдуулам дүрслэлтэй. Гэхдээ мэдээж хөндсөн сэдэв, үйл явдлын хувьд эрс ялгаатай.
11 төрөлд нэр дэвшээд буй  Мартин Скорсесийн “Хюго” кинонд 1930-аад онд Парис болсон үйл явдлыг харуулах бөгөөд найруулагч бүтээлдээ гурван хэмжээст дүрслэлийг ашигласан байна. Сонирхолтой нь Мичел Хазанавикусын “Жүжигчин” өргөн дэлгэцийн хар цагаан, дуугүй кино атал наадмын 10 төрөлд нэр дэвшиж хамгийн олон төрөлд нэр дэвшсэн киноны жагсаалтад аман хүзүүдээд буй.

Хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кинонууд
“Хюго” - 11
“Жүжигчин” - 10
“Тусламж” - 6
“Мөнгөний бөмбөг” - 6
“Дайчин хүлэг” - 6
“Залгамжлагчид” - 5
“Лууны шивээстэй охин” - 4
“Шөнө дундын Парис” - 4

“Мэрилинтэй өнгөрүүлсэн долоо хоног” кино ч бас муугүй амжилт үзүүлнэ хэмээн шүүмжлэгчид таамаглаж байна. Ялангуяа шилдэг жүжигчдийн төрөлд юм дуулгана хэмээн бүтээлчид нь ч найдаж буй. Уг кинонд тоглосон Мишел Уильямс, Кеннет Брэна нарын залуу  жүжигчид “Оскар”-ын шагналд нэр дэвшсэнээрээ Холливуд дахь нэр хүндээ хэдийнэ өсгөөд байгаа юм.
Түүнчлэн шилдэг жүжигчдийн төрөлд нэр дэвшигчдийн дунд хэд хэдэн сонирхолтой хүмүүс бий. Залуу уран бүтээлчдээс гадна энэ төрөлд нэр дэвшсэн ахмад зүтгэлтнүүд ч үзэгчдийн сонирхлыг багагүй татаж байна. Итгэхэд бэрх ч Гари Олдмэн анх удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байгаа бөгөөд түүний Британийн тагнуулч Жорж Смайлигийн дүрд тоглосныг Кино академийнхан ийнхүү үнэлжээ.
Харин түүний өрсөлдөгчөөр Жорж Клуни “Залгамжлагчид” киноны Хавайн эргийнхний богино ханцуйтай цамцнаас салдаггүй эцгийн дүрээр, Брэд Питт “Мөнгөний бөмбөг” киноны бэйсболын менежерийн дүрээр нэр дэвшиж байна. Акулуудтай өрсөлдөж буй ч хүчтэйд тооцогдож буй залуу бол франц жүжигчин Жон Дурдин.
“Алтан бөмбөрцөг” наадмыг гартаа атган зогсоо Мэрил Стрипийг хараад гайхах хүн байгаагүй болов уу. “Төмөр хатагтай” киноны Маргарет Тэтчерийн дүрээрээ тэр “Оскар”-ын наадамд ч бас шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн. Харин энэ сойлго түүний Оскарын амжилтыг ахиулж байгаа юм. Тэрбээр энэ наадамд нийт 17 удаа нэр дэвшсэн нь Катрин Хэпбурн, Жэк Николсон нарынхнаас таваар илүү юм. 1979 онд туслах эмэгтэй жүжигчний төрөлд, 1982 онд “Софигийн сонголт” киногоор шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд кино академийн шагнал хүртэж байсан түүнийг гурав дахь “Оскар”-аа гэртээ зална гэдэгт шүүмжлэгчид эргэлзэхгүй байна.
Харин үзэгчдийн огтхон ч таамаглаагүй өрсөлдөгч бол “Лууны шивээстэй охин” киноны аюултай хакерийн дүрээр нэр дэвшсэн Руни Мара.
Өнгөрсөн жил тэрбээр “Facebook”-ийг үндэслэгчийн түүхийг харуулсан кинонд жижиг дүр бүтээснээс өөрөөр дэлгэцнээ гараагүй бол 2012 оны “Оскар”-ын тэргүүн шугаманд яваа нь хүмүүсийг гайхашруулсан биз.
Ахмад жүжигчин Кристофер Пламмер туслах жүжигчний төрөлд нэр дэвшиж буй. Хэрэв тэр ялбал “Оскар”-ын шагналтнуудаас хамгийн өндөр насандаа шагнал хүртсэн жүжигчин болох юм. Жессика Танди 80 настай байхдаа шагнал хүртэж байсан бол ноён Пламмер өдгөө 82 настай. Түүнтэй Кеннет Брэна, Жона Хилл нар өрсөлдөнө.
84 дэх удаагийн наадмын бас нэгэн онцгой тохиолдол бол Брэна нэгэн зэрэг таван төрөлд нэр дэвшиж буй явдал. Тэрбээр кино зохиолч, найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, туслах эрэгтэй жүжигчин болон богино киноны төрөлд нэр дэвшээд байна.
Энэ жилийн наадмын шалгаруулалтын дүрэмд өөрчлөлт гарсан нь шилдэг зураглалтай киноны төрөлд есөн бүтээл нэр дэвшихэд хүргээд байна. Энэ төрөлд Стивен Спилбергийн “Дайчин хүлэг”,  Стефен Далдригийн “9/11”, Каннын наадмын шагналт бүтээл болох Терренс Маликийн “Амьдралын мод” болон Вуди Алений “Шөнө дундын Парис”  тэргүүтэй хатуу самрууд өрсөлдөж байна.

Урт нэртэй хууль уршиг тарих уу



Радио, телевиз, автомашин, автобус… Саяхны жишээг дурдвал твиттер, фейсбүк. Техник технологийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн монголчуудын өдөр тутмын хэрэглээнд хүч түрэн орж ирж буй харь үгсийн тоо дахин нэгээр нэмэгдэж мэдэх нь. Энэ сарын 18-ны өдөр Wikipedia  болон жижиг 7000 гаруй цахим хуудас нэг өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоон хараар “нүүрээ будсан” нь дэлхийн олон сая хэрэглэгчдийг цочирдуулж, SOPA гэх шинэ нэр томъёог судлахад хүргэсэн. Цахим ертөнц дэх зохиогчийн эрхийг хамгаалах хууль буюу SOPA-г эсэргүүцэж буйгаа тэд ийн илэрхийлсэн аж. Wikipedia дэлхийн сая сая хүний амьдралд ямар чухал үүрэгтэй, аварга ертөнц болсныг тэд ухааруулж дөнгөсөн. Хар Wikipedia-тай өнжсөн өдөр, зөвхөн хэдхэн цахим хуудасны нүүр харлаад зогссонгүй, энэ байдал олон мянган хүний ажлыг баллаж дөнгөсөн.
Цахим ертөнцөд ноёрхдог бусад томоохон компаниуд ч энэ тэмцэлд нэгдээд буй. Тэмцлийн өдөр “Google” логогоо хараар будаж, Конгресст: Цахим сүлжээнд битгий халдаач гэсэн бичиг нүүр хуудсандаа байрлуулав. Цахим ертөнцийн эрх чөлөө XXI зуунд ус агаар мэт хэрэгтэй болсныг тэд сануулж байгаа юм.

SOPA гэж юу вэ?

Зохиогчийн эрх, тэр дундаа кино болон хөгжмийн ертөнцийнхний эрх ашгийг хамгаалсан Цахим сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай хууль (SOPA) дэлхий нийтийг цочирдуулсан виртуал ертөнцийн үймээний гол буруутан.
Сонирхолтой нь SOPA, PIPA батлагдан, хэрэгжээд эхэлбэл Америкаас бусад орны сайт ажиллуулагчдад ихээхэн хүндрэл учруулна хэмээн “Forbes” сэтгүүлийн тоймч Ларри Мэжид нийтлэлдээ онцолжээ. Дэлхийн нөгөө бөөрөнд батлагдах хууль бидэнд ямар хүртээлтэй юм бэ гэж үү? Үнэндээ хамгаас их хамаатай. Дэлхийг хэрсэн интернэтийн сүлжээ бидэнд төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдэд хамаатай.
Түүнчлэн SOPA хууль ёсоор АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бүхий л интернэт түгээх үйлчилгээ үзүүлдэг компани болон, цахим сүлжээний сервер компаниуд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл бүрт нь хариуцлага хүлээх аж. Харамсалтай нь дэлхий өнцөг булан бүрт ашиглагдаж буй сая сая цахим хуудасны 67 хувь нь Америкийн “Apache” вэб хостинг компаниас эрхээ авдаг. Харин тус компани өнөөх цахим ертөнц дэх сайтуудын 67 хувийн өмнөөс хариуцлага хүлээх тул Америкт урт нэрт хууль хэрэгжээд эхэлбэл дэлхийн бүхий л улс орнуудад цахим ертөнцийн хяналт тогтоно гэсэн үг. Зөвхөн “Apache” төдийгүй ноёрхлоороо хоёр, гуравдугаарт жагсах “Internet Information Services”, “Nginx”, GWS зэрэг компаниуд ч АНУ-д үйл ажиллагаа эрхэлдэг аж. Тэгэхээр товчхондоо бол интернэт ертөнц бараг бүхэлдээ Америкийн мэдэлд байгаа гэсэн үг.
Цахим сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай хуулинд дуу хөгжим, кино төдийгүй, биет барааны зохиогчийн эрх ч яригдаж байгаа нь Америкаас бусад орны цахим худалдаа эрхлэгчдийг дампууруулж мэдэх гэнэ. Учир нь цахим сүлжээгээр дамжуулан брэнд бүтээгдэхүүнүүдийг хуулбарласан хуурамч бараа борлуулсан тохиолдолд олон улсын карт ашиглах эрхийг нь хаах арга хэмжээ авах аж. Америкчууд батлаад бусад улс хохирно хэмээхийн учир тэр.

Холливуд Силикон Валлигийн эсрэг хийсэн дайны хохирогчид нь бид

Энтертайнмент ертөнцийнхөн болон мэдээлэл технологийн салбарынны дунд булуу болсон хууль бол яах аргагүй SOPA. Тэдний тэмцэл бүр хуулийн төслийг хэлэлцэх талаар яригдаж эхлэх үед л дэгдэж. Холливудынхан оюуны өмчийг хамгаалах хуулийг дэмжиж байгаа илэрхийлээд зогсохгүй хуулийг батлахад нөлөөлөх компанит ажилд ханцуй шамлачихаж. Өнөөх оюуны өмч гэх халдашгүй зүйлийн ачаар л бүтээлээ дэлхий дахинд борлуулж, орлогоор нь мөрөөдлийн амьдралыг цогцлоож байгаа хүн хэдэн мянга байгаа учир тэгэхээс ч яах вэ. Тэд мөнгөний авдраа SOPA хэмээх өвөрмөц нохойгоор мануулах хүсэлтэй байгаа нь гарцаагүй. Харин “Google” тэргүүтэй Силикон Валли дахь мэдээллийн технологийн компаниуд хэрэглэгчдэдээ хүссэн мэдээллийг нь өгөхийг чухалчилна. Ингээд л тэдний эрх ашиг зөрчилдөх нь тэр. Хурцадмал байдал ширүүсэж, жагсаал цуглааны хэмжээнд хүрээд буй өдрүүдэд Силикон Валли дахь компаниуд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг хүндэтгэж байгаа гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд тэд асуудлыг шийдвэрлэх өөр гарц бий гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг ч сануулаад байгаа аж. Технологийн салбарын акулууд SOPA, PIPA зохиогчийн эрхийг хамгаалахаас гадна иргэдийн мэдээлэл авах, харилцах гээд мэдээллийн эрин дэх чухал хэрэгцээ болсон бусад эрхийг хязгаарлах эрсдэлтэй хэмээн эмээж байна.

Тэмцэл үр дүнд хүрсэн. Гэвч…

Бүтэн өдөр үйл ажиллагаагаа зогсоосны эцэст технологийн салбарынхан үр дүнд хүрсэн. Конгресс SOPA-г хэлэлцэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан. “Wikipedia”-ийн захиралын твиттер хуудсандаа бичсэнээр сенатчдын 35 нь PIPA-г эсэргүүцэж, 41 нь түдгэлзсэн байна. Энэ өдөр зөвхөн “Wikipedia” гэхэд л 162 сая хүнийг эсэргүүцэгчдийн эгнээнд нэгтгэсэн байна.
Шоубизнесийнхэн урт нэрт хуулиудыг батлуулахын тулд хэдийнэ таван сая долларын хөрөнгө зарцуулаад байгаа бол эсэргүүцэгчдийн компанит ажил өрнүүлэх, иргэдэд ухуулах сурталчилгаа тараах ажилд зөвхөн “Google” дөрвөн сая доллар зарчихаад байгаа гэнэ.
Гэсэн ч SOPA, PIPA-ийн асуудал ингээд дуусчихгүй гэж ажиглагчид үзэж байна. Учир нь шоубизнесийн ертөнцийнхөн оюуны өмчөө хамгаалуулахаар тэмцлээ үргэлжлүүлсээр л байна. Тэгэхээр одоо оюуны өмчийг хамгаалахын сацуу интернэтийн эрх чөлөөг хаагдуулахааргүй гарц олох нь хамгийн оновчтой сонголт болох нь.

Хиллари Дафф: Урлаг намайг гадаад ертөнцөөс тусгаарласан



Ердөө л 13-хан насандаа дэлхий дахиныг шуугиулсан од болсон цөөн уран бүтээлчдийн нэг нь Хиллари Дафф. Диснейн хит цувралуудын нэг болох “Лиззи Магуайер”-ийн гол дүрд тоглон үзэгчидтэй танилцаж байсан бяцхан охин өдгөө бокс оффисыг тэргүүлэгч кинонд тоглодог чадварлаг жүжигчин, хит дууны жагсаалтыг тэргүүлсэн дуучин, борлуулалтаараа тэргүүлэгч номын зохиогч болоод буй. Түүний хоёр дахь зохиол “Үнэнч” ном худалдаанд хэдийнэ гарчээ. Амьдралынхаа хамгийн сайхан үйл явдлыг тэсэн ядаж хүлээж буй Хиллари Пирс Моргантай уран бүтээл, хувийн амьдралынхаа өөрчлөлтийн талаар ярилцсаныг орчуулан хүргэе. 

-Студид маань тавтай морил, Хиллари. 
-Баярлалаа.
-Мөн баяр хүргэе. 
-Баярлалаа.
-Тун удахгүй хүүтэй болох гэж байгаа талаар чинь сонссон. 
-Тийм ээ.
-Ээж болно гэхээр ямар санагдаж байна вэ?
-Их сайхан мэдрэмж төрж байгаа шүү. Жирэмсний эрт үед тохиолддог бэрхшээлүүдийн талаар сонссон аймшигтай түүхүүд намайг бага зэрэг түгшээж байсан. Харин би их азтай хүн бололтой юм.
-“Лиззи Магуайер”-т тоглож үеийнхээ бичлэгийг үзэхээр ямар бодол төрдөг вэ. Өөрөөрөө бахархдаг уу, эсвэл тухайн үед огт өөр цаг үе, ертөнцөд байсан юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
-Олон л бодол төрдөг. Энэ цувралд тоглосноороо Хиллари Дафф гэж хэн болохыг харуулахад бэлэн болсон гэж бодогддог. Киноны ажил дуусмагц би өөрийгөө сорихын тулд дуулах гэх мэтээр их олон зүйлийг хийж эхэлсэн.
Цаг хугацаа өнгөрөх тусам би илүү туршлагатай болж, харин хүмүүс намайг Лиззи биш Хиллари гэдгээр нь хүлээн авдаг болсон. Тиймээс хаанаас эхлэн, өнөөдрийн цэгт хүрснээ хүлээн зөвшөөрдөг. Эл цуврал нийтэд зориулагдсан бүтээл. Тиймээс их олон хүн миний талаар ташаа төсөөлөлтэй болсон байсан л даа. Гэхдээ тэр цувралгүйгээр миний ажлын амжилт өнөөдрийнх шиг болж чадахгүй байсан. Хөгжилтэй нь олон жилийн дараа өөрийн тоглосон цувралаа дахин үзэхэд харамсах сэтгэл огт төрдөггүй ээ.
-Бүр бусдын амны зугаа болсон ч гэсэн үү. Чамайг 13 насандаа олны танил од болсон болохоор олон хүн өсөж том бололгүй тэр хэвээрээ үлдээсэй гэж хүсдэг шүү дээ. Тэдгээр хүмүүс өсөж томрон огт өөр дүрд тоглохыг чинь хараад их шүүмжилдэг. 
-Огт харамсдаггүй.
-Гэхдээ Лиззи Магуайерийн олиггүй нэр чамайг их удаан дагасан. 
-Намайг 18 билүү 19 настай болоход л хүмүүс Лиззигийн дүрээр харахаа больсон. Харин би тэдний энэ бодлыг өөрчлөхийн тулд их тэмцсэн. Заримдаа бүр бухимдмаар…
-Бага насандаа олны танил болсон хүүхдүүд 19 хүрэхээр галзуу юм шиг л авирлаж эхэлдэг. 
-Тийм ээ.
-Хар тамхи татаж, архи хэтрүүлэн хэрэглэж эсвэл найз залуу, бүсгүйгээ байн байн сольж, сексийн асуудалд орооцолддог. Харин та энэ бүхнээс холуур байсан. 
-Үнэндээ би тийм ааш авиртай хүн биш л дээ. Энэ бүхэн миний амьдралаас тэс өөр ертөнцөд өрнөдөг гэдгийг батлах гэж би их хичээсэн.
-Гэхдээ та яаж энэ бүхнээс хол байж чадсан юм бэ. Танд бусдын л адил алдар нэр, мөнгө хөрөнгө байсан. Миний бодлоор залуу хүний хувьд ийм асуудлаас холуур явна гэдэг их хэцүү. Би ч залуудаа…
-Та бас тэдний нэг байсан гэж үү?
-Гэхдээ надад алдар хүнд, эд хөрөнгө байгаагүй. 
-Би энэ тал дээр их хатуу байр суурьтай байдаг хүн л дээ. Ээж минь хэдийгээр намайг хорьж цагдаад байдаггүй ч бидний хэн хэн нь аливаа асуудалд их нухацтай ханддаг. Ажил маань хэдэн цагт эхэлж, хэдийд дуусахыг ээждээ байнга хэлдэг байсан. Харин ээж надад үлгэр жишээч биеэ авч явахыг захидаг байв. Ээж минь үргэлж л чамайг ямар нэг хариуцлагагүй үйлдэл хийж, бусдыг үл тоомсорлон, биеэ хэт дөвийлгөхөд л тун удалгүй хэдэн мянган охин чамайг даган дуурайх болно гэдгийг сануулдаг.
-Чи Холливудад бүр 9 настай байхдаа ирсэн байх аа?
-Тийм ээ. Ээж эгч хоёртойгоо.
-Ээж чинь чамайг ийм алдартай болно гэдгийг их эрт таамаглаж байсан байх нь ээ?
-Үгүй байх. Эцэг эхчүүд бүгд л хүүхдээ эгдүүтэй, хөөрхөн гэж боддог. Тиймээс ч зурагтаар гаргахыг хүсдэг. Харин эгч бид хоёр үнэн сэтгэлээсээ урлагийн хүн болохыг хүсдэг байв. Тэгээд л ээж минь “Би яаж хүүхдүүдээ хориглож зүрхлэх билээ” гээд л ийм шийдвэр гаргасан хэрэг. Энэ чинь хүүхдүүд нь спортоор хичээллэх гэж зүтгэж байгаатай адилхан шүү дээ. Спортоор хичээллэхийг эцэг эхчүүд их дэмжиж, тусалдаг.
-Урлагаас болоод олон сайхан зүйлсийг золиосолчихсон юм шиг санагдах үе гардаг уу?
-Тэгэлгүй яах вэ.
-Жишээлбэл юуг хамгийн их үгүйлдэг вэ?
-Инээдтэй гэмээр зүйлүүд дээ. Хичээл дээрээ захидал шидэлцэж, сургуулийн автобусаар хүргүүлэх гээд л бусад хүмүүсийн хувьд тэнэг гэж бодогдохоор зүйлүүдийг үзэж чадаагүй. Нэг удаа аялан тоглолтоор явж байтал амьдрал минь гадаад ертөнцөөс тусгаарлагдчихсан юм шиг санагдаж билээ. Тэр үед л ямар их зүйл алдсанаа…
-Ганцаарадсан уу?
-Яг үнэн. Би их олон найзаа алдсан. Нийтийн тоглоомын газар би очдоггүй байв. Тэгээд л цаг хугацаа их хурдан өнгөрч, удалгүй энэ бүхэн намайг огт өөр ертөнцөд аваачсан байсан. Гэхдээ би энэ бүхнийг сольж болохгүй. Надад сайхан амьдрал байна. Харьцангуй эрт би энэ бүх сайхныг амссан. Энэ тусгаарлалт надад олон сайхан зүйлийг өгсөн шүү дээ.
-Хэрэв хүү тань 8, 9 нас хүрмэгцээ…
-Үгүй дээ.
-Ээж ээ, би…
-Үгүй ээ. (инээв)
-Би жүжигчин болмоор байна гэвэл та яаж энэ бүхнийг зогсоох вэ?
-Хэцүү л дээ. Хүссэн хүсээгүй л энэ бүхэн нөлөөлдөг байх. Нөхөр маань хоккей тоглодог. Багийнхан хүүг маань төрөнгүүтээ л тэшүүрээр гулгана гэлцдэг юм. Бас олны анхаарлын төвөөс хол байлгана гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс хүү минь өөрөө хүсвэл би тэр бүхнийг зогсоох гэж хүчлэхгүй. Хүүхдүүд юу хүсэж буйгаа сайн мэддэг гэж би боддог. Тэгэхээр би зөвхөн “Хүүгийн минь хүссэн зүйл биш байгаасай” гэж залбирах байх.
-Та түүнд юунд ингэтлээ санаа зовоод байгаа юм бэ?
-Шоу бизнест хөл тавьж байхдаа би энэ ертөнцийг их өөрөөр төсөөлж байсан. Энэ салбарын хүмүүст хувийн амьдрал гэж байхгүй. Өмнө нь ч тийм байсан гэдэгт итгэлтэй байна. Тэр үед папарацциуд байж л байсан. Хүмүүсийн амьдралыг ухаж төнхөн, хүн бүрийг цочирдуулсан мэдээлэл хайгаад л… Гэтэл бид ч бас хүн шүү дээ. Тэр эрэл хайгуул нь ямар их уршиг тарьдаг билээ дээ.
-Таныг төгс гэж бодоход муу нь юу байх билээ?
-Үгүй дээ.
-Би их хайсан боловч ямар ч өө олоогүй шүү. 
-Хүмүүс намайг төгс гэж бодох нь байдлыг бүр ч дордуулдаг.
-Та бараг л төгс шүү дээ. Би мэдээллийн эх сурвалж гайхалтай сайн. Гэхдээ л би ямар ч өө илрүүлж чадаагүй. 
-Тийм гэж үү?
-Таны хувьд сахиусан тэнгэрийнх шиг гэрэлт цагариг толгой дээр чинь байдаг юм билээ. 
-Надад Фэй Данауэйгээс өс хонзонгоо авсан асуудал бий шүү дээ.
-Тэр тухайгаа яриач. Хэнээс өшөө авсан гэнэ ээ?
-Би тэр таагүй явдлын талаар дахин дурсмааргүй байна. Их олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ.
-Хэр таагүй дурсамж гэдгийг нь сонирхож болох уу?
-Та “Google”-ээс хайгаад олчихож болох байх аа.
-За тэгвэл түр завсарлаад би сахиусан тэнгэрийн өшөө авалтын тухай мэдээллийг “Google”-ээс хайж мэдчихээд ирье. 
-Та үнэхээр хайх гэж байгаа юм уу?
-Тийм ээ. “Үнсгэлжингийн түүх” кино 70 сая долларын ашиг олсон байдаг. Бага тоо биш шүү. 
-Муугүй ээ.
-Киноны зэрэгцээ дуу гаргаж, ном бичээд л олон газраас орлого олж байгаа байх аа?
-Тийм ээ.
-Та хэр баян хүн бэ?
-Ээж минь надад мөнгөний талаар битгий ярьж бай гэж байнга захидаг.
-Фэй Данауэй та хоёрын дунд болсон асуудлын талаар ярилцъя л даа. 
-Үгүй дээ.
-Таныг “Бонни Клайд хоёр” киноны шинэ хувилбарт тоглох болсныг мэдээд Фэй Данауэй “Та нар дөрөвхөн центийн үнэтэй жүжигчнээ халвал яасан юм бэ? Би жинхэнэ жүжигчнийг хайж байгаа гэж бодсон юм” гэж хэлсэн байна. Олонх залуу жүжигчид өөрийгөө түүнээс хавьгүй илүү гэж боддог. Харин та юу гэж хэлсэн билээ?
-Та утсаа цааш тавьсан нь дээр байх аа. (инээв)
-Харин та түүнд “Та бас Данауэй шиг царайтай байсан бол түүн шиг л байнга уурлах байсан” гэж хэлсэн. Надад энэ үг чинь их таалагдаж байна шүү. 
-Миний дотор нэг жижигхэн шулам бий.
-Энэ үг чинь түүнийг дуугүй болгож дөнгөсөн үү?
-Үгүй дээ. Тэр буцаж ирээд л “Би амьдралдаа ийм үг сонсож байсангүй” гээд л баахан юм ярьсан. Тэр талаар сонин хэвлэлүүдэд хангалттай бичсэн шүү дээ.
-Та одоо гэр бүлтэй, эд хөрөнгөтэй бүсгүй болсон. Эелдэг, спортын од залуу таны анхаарлыг хэрхэн татсан бэ?
-Тэр гайхалтай залуу. Түүнтэй учирснаа би одоо ч аз гэж боддог. Бид бусдын л адил харилцаатай, энгийн айлууд ямар байдаг яг л түүн шиг амьдардаг.
-Та түүнийгээ олохоосоо өмнө хэдэн мэлхий үнссэн бэ?
-Цөөхөн шүү. Бид энэ тухай өнөөдөр өглөө ярилцсан юм.
-Таны бодлоор хамгийн аймшигтай жагсаалттай нь хэн бэ?
-Түүний жагсаалт илүү урт байсан.
-Та Аарон Картер Жоел Мадден гэх хоёр ч алдартантай болзож байсан. Алдартнуудтай болзоход давуу тал бий юу. Тэд таныг циркийн манежний голд зогсож байгаа гэдгийг ойлгодог гэдгээрээ ч юм уу…
-Тийм шүү. Энэ давуу тал нь байх. Тэд амьдралын хэв маяг маань ямар хэцүү болохыг сайн ойлгодог. Магадгүй нөхөртөө татагдсан шалтгаан маань энэ байх. Спортын ертөнц өөр хэдий ч түүний алдар хүнд бие биенийхээ байдлыг ойлгоход тус болдог. Гэхдээ өдөр тутам хийдэг зүйлс нь өөр.
-Би таны хуруун дахь бөгжийг ер анзаараагүй юм байна. Хамгийн том шигтгээтэй бөгж байх, тийм үү?
-Үгүй дээ. Та Ким Кардашианыг нэвтрүүлэгтээ урихдаа бөгжийг нь анзаараагүй гэж үү. Шигтгээ нь минийхээс илүү том байх.
-Сүйн бөгж тань байх аа?
-Тийм ээ. Би одоо ч бөгжөө ширтсээр л минийх гэдэгт нь итгэж ядан байдаг. Бүр түүнийг бөгж өгөхөд нь муужирч унах шахсан шүү.

Жимми Картер: Обама түүхэн дэх хамгийн эв нэгдэлгүй конгресстэй ажиллаж байна


Энэ оны арваннэгдүгээр сарын 6-нд товлоод буй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодроод буй. Сонгуулийн компанит ажил эхэлсэнтэй холбогдуулан “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэг улстөрчдийг зочноороо урьж эхэллээ. Ерөнхийлөгчийн албаны тухай хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг болох Нэгдсэн улсын 39 дэх Ерөнхийлөгч, Нобелийн шагналтан Жимми Картер тэдний нэг аж. 

-1977-1981 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж, түүнээс хойш энх тайвныг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Жимми Картерт Нобелийн энх тайвны шагналыг гардуулж байсан. “Жимми Картертай өнгөрүүлсэн он жилүүд” номоо гаргаад буй Жимми Картер эхнэр Розалинын хамт нэвтрүүлэгт маань оролцож байна. Өөрийн төвдөө биднийг урьсанд баярлалаа. 
-Манай төвд та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна.
-Энд уулзах санал тань надад их таалагдсан шүү. Та 1977 онд Ерөнхийлөгч болсон байх аа? 
-Тийм ээ.
-Харин CNN…
-1980 онд байгуулагдсан.
-Картерийн төв хэдэн онд байгуулагдсан бэ? 
-1982.
-Ерөнхийлөгчид ажлаа хүлээлгэн өгсөний дараа өөрийн ажил хэргээ хөтлөх номын сан байгуулах нь түгээмэл. Харин танай төв их онцгой. Номын сан бол энэ төвийн ердөө нэг жижиг хэсэг нь байх юм. Танай төвийн гол зорилго юу вэ?
-Хүний эрх болон энх тайвны төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Бид саяхнаас энхийн хэлэлцээр байгуулах ажилд анхаарал хандуулж эхлээд байна. Түүнчлэн төсвийнхөө 80 хувийг Африк болон Латин Америкийн ядуу иргэдийн амьжиргаа, эмчилгээ болон өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Түүнчлэн хурцадмал байдалтай байгаа орнуудийн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Саяхны жишээ дурдахад бид Египетийн 89 дэх сонгуульд ажилагчаар оролцлоо.
-Энэ төвийг байгуулснаараа Ерөнхийлөгч байхдаа хийж бүтээснээсээ илүү үр дүнтэй ажилласан юм шиг санагддаг уу? 
-Үүрэг хариуцлага, эрх мэдэл, нөлөөгөөрөө энэ хоёр ажил огт өөр л дөө. Хэрэв би Цагаан ордонд байхгүй л бол Нэгдсэн улсын Хятадтай тогтоосон дипломат харилцаа тогтоож, Израиль, Египетийн энхийн хэлэлцээрт нөлөөлж чадахгүй. Түүний адил энэ хоёр үйл хэрэг хэдийгээр түүхэнд тэмдэглэхүйц явдал болсон ч, төвийн маань үйл ажиллагаа дэлхийн олон сая хүнд илүү ойр үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, бид өнгөрсөн жил 12 гаруй сая хараагүй иргэдийн эмчилгээг шийдэж чадсан. 3.5 сая хүн өвчилсөн гахайн ханиад хэмээн бидний нэрлээд буй халдварт өвчинтэй тэмцсэний үр дүнд халдвар авсан тохиолдол 1000-аар буураад байна.
-Ерөнхийлөгч байх хугацаандаа тийм ч сайн үүргээ гүйцэтгэж чадаагүй юм байна даа гэсэн бодол танд төрдөг үү. Ингэж асууж байгаагийн учир нь өнөөдөр Израиль Египетийн харилцаа, мөн Америк Хятадын харилцаа тийм ч сайнгүй, бүр зарим нэгний толгойг өвтгөх болсон. Гэхдээ тухайн үед тун чухал үйл явдал болсон санагдах юм. 
-Тийм ээ. Бид эх орныхоо энх тайвныг сахин хамгаалж чадсан. Энэ хэлэлцээр, дипломат харилцаа олон арван маргаан дэгдээсний зэрэгцээ бидэнд олон арван боломжийг нээж, бас сургамж болсон. Бас нэгэн дайныг эхэлж мэдэх үе тохиогоод байсан хэдий ч бид дайн өдөөгөөгүй. Хүний эрхийг дээдэлж, энх тайвныг илүүд үзсэн.
-Египетийн сонгуулийн үйл явцыг нүдээр харж байсан хүний хувьд Ойрхи Дорнодод байдал ямар байгааг сонирхуулаач. Сонгуульд исламистууд ялж, төрийн эрхийг гартаа авах нь гэсэн айдас төрөөд байна. 
-Юуны өмнө египетчүүдийн 90 хувь нь лалын шашин шүтдэг гэдгийг бид санах хэрэгтэй. Тиймээс лалын шашны намууд сонгогдоход гайхаад байх зүйлгүй. Би саяхан исламистуудын удирдлагатай уулзаж, ярилцсан. Тэд хүний эрхийг дээдэлсэн шударга засгийн газар байгуулж чадна гэдгээ харуулсан. Хамгийн гол нь Нэгдсэн улс исламистуудыг төрийн эрх барихыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
-Харин Израиль, Палестины асуудлыг та хэрхэн дүгнэдэг вэ. Миний санаж буйгаар та олон жилийн өмнөөс Палестиныг дэмжихийг эрс эсэргүүцсээр ирсэн. 
-Үгүй дээ. Би Израильд энх тайван тогтоохыг хүсэн 35 жилийн турш залбирсаар ирсэн. Мэдээж Палестинд энх тайван байдлыг тогтоохгүй бол Израиль дахь үймээн намжихгүй. Түүнчлэн Йордан, Сирийн асуудлыг ч шийдэх шаардлагатай болно гэсэн үг. Америк болон Европын холбоонд энэ үймээнийг намжаах боломж бий гэдэгт би итгэдэг.
-Хэсэг хугацааны завсарлагын дараа дахин энэ сэдвээр ярилцъя. 
(Бичлэг)
Картер: Энэ бол шинэ ертөнц. Бид энэ ертөнцийг эмхлэн байгуулахад өөрсдийн хувьд нэмрийг оруулах ёстой. Үүний тулд гадаад бодлогоо өөрчлөн шинэчилж, ёс журамд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой юм.
-Та энэ үгийг 1977 онд Нотр Дамд тавьсан илтгэлдээ дурдаж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч Обама яг л энэ зарчмаар гадаад бодлогоо шинэчлэх ёстой байх гэж бодогдох юм. 
-Тэр бол огт өөр цаг үе байсан. Тухайн үед  манай улс анхлан хүний эрхийн хэм хэмжээг тогтоож, нэг ёсондоо бусад улс орнуудад үлгэрлэж байсан хэрэг. Латин Америк дахь цэргийн дарангуйллын эсрэг тэгж тэмцэж байлаа. Удалгүй тэдгээр орнуудад ардчилсан ёс тогтсон шүү дээ.
-“Жимми Картертай өнгөрүүлсэн он жилүүд” номондоо та олон сайхан түүхийг бичсэн  байна билээ. Таныг газрын самрын фермд өссөнийг тань хүмүүс сайн мэдэх байх. Тиймээс цөөнгүй хүн энэ асуултад хариулт авахыг хүсэж байгаа болов уу. Та газрын самранд дуртай юу?
-Би газрын самар тарьсаар л байгаа. Бас идэх дуртай хэвээрээ.
-Таныг бага байхдаа 04.00 цагт босож самраа усалж, гэгээ тасрахаас өмнө самраа хурааж авахаар ажилдаа яарч, түүсэн самраа борлуулахаар хэдэн километр газар алхдаг байсан тухай дурдатгал номоос тань уншсан. 
-Тийм ээ.
-Өөрийн гэсэн эзэнт гүрнийг босгосон түүх тань өнөөгийн залууст үлгэр жишээ болох байх. Гэхдээ тэднийг буруушаан зэмлэх аргагүй юм. Орчин үеийн амьдралын хэв маяг, соёл л тэднийг ийм болгож байна. 
-Алс холын бөглүү тосгонд фермер хүү болон төрсөн маань надад бүтээлч, хөдөлмөрч сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлсэн гэж бодогддог. Гадаад ертөнцийн тухай ойлголтгүй, зөвхөн ажилдаа шамдаж, аав ээжийнхээ хайранд өлгийдүүлэн хүн болсон маань надад их тус болсон. Удалгүй би усан цэрэг болохыг хүсэх болсон.
-Ерөнхийлөгч Обама тун удахгүй иргэдэд хандан үг хэлнэ. Таны тавьсан илтгэл шиг иргэдийг зоригжуулж чадах болов уу. Өдрөөс өдөрт ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдсээр л байна. 
Гэхдээ одоо америкчууд төрийг буруутгахаас илүүтэй хувь хувьдаа хөл дээрээ дахин зогсохын тулд хичээж, өөрийн замыг эрж олоход, яг л таны бага байсан шиг эрэл хайгуулч, хөдөлмөрч, бүтээлч болох ёстой юм шиг. 
-Ерөнхийлөгч Обама хэрхэн илтгэл тавих талаар энд нурших нь илүүц биз. Тэр надаас илүү сайн илтгэгч. Миний хувьд ямар ч үед, бүр ичгүүргүй мэт санагдаж, бусдын уур бухимдлыг төрүүлэхүйц байсан ч үнэнийг хэлэх нь чухал гэж үздэг.
-Таны бодлоор Барак Обама ажлаа хэр сайн хийж байгаа вэ?
-Миний бодлоор тэр төлөвлөсөн бүх зүйлээ хийж, гүйцэтгэж чадахгүй байх шиг байна. Учир нь тэр түүхэн дэх хамгийн хагаралтай, эв нэгдэлгүй конгресстэй хамтран ажиллаж байна.
-Та Обаматай ямар харилцаатай байдаг вэ?
-Бид төдийлэн харилцаатай байдаггүй. Түүнийг ажлаа хүлээн аваад удаагүй байхад нь анх танилцаж байлаа.
-Та үүнд харамсдаг уу?
-Арай ойр дотно байхыг хүсдэг.
(Бичлэг)
Рик Санторум (Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч): Жимми Картераас хойш сонгогдсон Ерөнхийлөгчдөөс хамгийн аюултай нь Барак Обама. Тиймээс энэ удаагийн сонгууль зөвхөн эдийн засаг төдийгүй, эх орны маань аюулгүй байдлын асуудлыг шийдэх чухал мөч юм.
-Тэгэхээр Барак Обама танаас хойшхи хамгийн аюултай Ерөнхийлөгч байх нь. 
-Бид…
-Таны аюултай гэдгийг би огт мэдээгүй юм байна. 
-Харин би өөрийгөө хамгийн аюул багатай Ерөнхийлөгчдийн жагсаалтад бичигдэх байх гэж боддог.
-Та энх тайвныг тогтоосон болохоор уу? 
-Зөвхөн тэр ч биш л дээ. Бусад улс орнуудад ч энхийг сахиулсан нь бидний амжилт юм.
-Энэ үгийг сонсоод танд юу бодогдсон бэ? 
-Магадгүй тэр алдаа гаргасан байх л даа. Гэхдээ энэ илтгэл нь түүнд тус болохгүй л болов уу. Тэр Жоржиа мужид компанит ажлаа өрнүүлж байгаа юм билээ. Харин Жоржиа мужийн сонгогчдын 85 хувь нь миний төлөө саналаа өгч байсан.
-Хатагтай Картерийг нэвтрүүлэгтээ урья.  Жимми Картер дурдатгал номондоо гэр бүлийнхээ тухай олон арван хөгжилтэй түүхийг өгүүлсэн байсан. Тэр хэдэн жилийн өмнө таны төрсөн өдрийг мартаж байсан гэдэг. 
Розалин Картер: Тийм ээ.
-Тэгээд тэр гэнэтхэн санаад, сандрахаад дэлгүүр рүү гарч бэлэг худалдан авалгүй их өвөрмөц байдлаар асуудлыг шийдчихсэн гэдэг. Энэ түүхээ та өөрөө ярьсан нь дээр болов уу, Картер?
Жимми Картер: Би түүнийг оройтсоных нь төлөө дахин шүүмжлэхгүй хэмээн ам тангараг өргөсөн батламж бэлэглэсэн.
-Хатагтай Картер би таныг их зарчимч, цаг нарийн баримталдаг хүн гэдгийг мэднэ. Ийм бэлэг хүлээн авах ямар санагдаж байв?
Розалин Картер: Нэг минут хоцорно гэдэг түүний хувьд их том алдаа гаргаж байна гэсэн үг. Гэхдээ надад өгсөн бэлэг нь их таалагдсан.
-Тэр цаг барих тухайд дахин гомдоллоогүй юу?
Розалин Картер: Тийм ээ. Гэхдээ тэр удалгүй зул сарын баяраар надад бэлэг авахаа мартчихсан.
-Та ер нь хэр олон удаа ийм чухал үйл явдлыг мартсан бэ, ноён Ерөнхийлөгч өө?
Розалин Картер: Тэгээд л зул сарын бэлэгний оронд өглөө бүр надад кофе хийж өгч байхаар болсон. Түүнээс хойш амласнаа ягштал биелүүлж байгаа шүү.
-65 жилийн турш хамтдаа аз жаргалтай байгаагийн нууц нь юу вэ?
Розалин Картер: Цагаан ордноос гэр рүүгээ нүүж ирээд удаагүй байхад их хүнд байсан. Бид олон жилийн дараа өдөржин гэртээ хамт байдаг болсон нь том өөрчлөлт юм. Тэгэхэд л хүнд хувийн орон зай, цаг хугацаа хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон доо. Магадгүй энэ аз жаргалтай хамтын амьдралын нэг нууц байх.

Saturday, January 21, 2012

“Бурханд адислуулсан” дуучин

Тони Беннет гэхээр л төгөлдөр хуурын ард суугаад л уянгалаг серанада дуунуудаараа сонсогчдын сэтгэл зүрхийг анагааж буй төрх нь хамгийн түрүүнд санаанд орох вий. Хэдийнэ 50 сая хувь цомог борлуулж, хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн тэрбээр өдгөө ч их урлагтаа хүчин зүтгэсээр буй. Шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэрбээр Пирс Морганы нэвтрүүлэгт уригджээ.
-Тони 85 насандаа шилдэг цомгийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Түүний оргил өөд өгсөх зам тийм ч дардан байгаагүй гэхдээ л тэр шантралгүй өөрийн дотоод ертөнцийг хөгжмөөр илэрхийлсээр л байсан. Сайн байна уу, Тони? Амьдрал ахуй ямар байна вэ?-Үүнээс сайн байсангүй.
-Та энэ үгээ дахиад хэлсэн ч болно. Юу гэх гээд байна вэ гэхээр таны амьдралын бусдынхтай адилгүй байсан шүү дээ. -Тийм ээ, би мэднэ.
-Та энэ урт хугацаанд өнгөрснөө эргэн дурсаж, эргэцүүлэн дүгнэж байв уу? -Над шиг болохоороо та ч бас өнгөрснө эргэн харж, дүгнэж цэгнэдэг болно. Бүхнийг дахиад эхнээс нь нэг эхлэхсэн гэсэн бодол эрхгүй төрөх байх. Би гайхалтай сайхан итали, америк гэр бүлд өсөж торнисон.
-Тэр цаг хугацааг эргэн санахад хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ? -Миний хайрлаж хүндэлдэг ах эгч, авга, нагац нар л бодогддог. Тэд бүгд хөдөлмөрч, ухаалаг, сайн хүмүүс байсан. Миний төлөвшилд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол тэд. Тэд л намайг хүсэл тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлж, надад урам зориг хайрлаж байсан. Жаахан хүүхэд байхаас минь л дуулж, зураг зурах авьаясыг минь дэмждэг байлаа. Түүний ачаар сонирхол маань амьдралын минь хүсэл мөрөөдөл болон хувирсан даа.
-Гэр бүлийнхний тань танд зааж сургасан зүйлүүдээс хамгийн үнэ цэнэтэй нь юу вэ?-Тэд надад амттай хоол хэрхэн хийхийг зааж сургасан. Ээж маань сайхан хоол хийдэг хүн. (инээв) Гэхдээ миний ээж амьдралын хатуу ширүүнд их нухлуулсан. Намайг 10 настай байхад аав минь өнгөрч, ээж минь биднийг ганцаараа өсгөсөн юм. Хоол хүнсээ арайхийн залгуулж амьдардаг байсан хэдий ч ээж минь түүндээ түүртэлгүй биднийг сайхан өсгөж, хүмүүжүүлсэн. Амралтын өдрүүдэд ах, эгч нартайгаа хамт ширээ тойрон суугаад л ээждээ багахан хэмжээний тоглолт тавьж өгдөг байж билээ.
-Та тэгэхээр оройн хоолныхоо үеэр дуулдаг байсан байх нь ээ? -Тэгдэг л байсан. Гэхдээ би дуулдаг байсан гэдгээ энд ярих гэсэнгүй. Гэрийнхэн маань миний дуулахыг хараад баярлаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байсныг л дурссан юм.
-Тэднийг хөгжөөж байхдаа миний хийх ёстой ажил энэ л юм байна гэж бодож байв уу? -“Энэ чинь л би шүү дээ” гэж хэлж байснаа би өчигдрийнх юм шиг л санаж байна. Хамгаас илүү хайрладаг гэр бүлийнхэн маань намайг сайхан дуулж, сайн зурдаг гэж урамшуулдаг байлаа. Энэ урам л миний амьдралын зорилгыг тодорхойлсон доо.
-Би бас гурван хүүдээ өөрийн хүсэл мөрөөдлийг олж, түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэж хэлдэг. Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг хэзээ ч уйдахгүй, уйтгарлахгүй гэсэн үг. Хүмүүс ихэвчлэн өглөө сэрээд л “За ажилдаа явъя даа” гэж боддог. Харин та бол зураад л, дуулаад л ямар ч цагийн хуваарьт захирагдахгүй, хүссэн зүйлээ хийж байгаа хүн. Та хийж байгаа бүхэндээ дуртай биз дээ?-Зурах, дуулах гэсэн хоёр ажил маань хэзээ ч намайг уйдааж байгаагүй. Тийм болохоор надад амралт ч хэрэггүй байдаг. Тэгэхээр таны зөв өө.
-“Дуэтууд 2” цомогтоо та Лэйди Гага, Эми Вайнхаус, Нора Жонс, Майкл Бубли, Мэрайя Кэри гээд  л өнөө цагийн шилдэг дуучидтай хамтран дуулсан дуунуудаа оруулсан байна. Тэдний дунд Синатра шиг чадалтай хоолойтой уран бүтээлч байна уу?-Та мэдэх байх л даа “Дуэт 1” цомог  маань их амжилт олсон учраас дахин хоршсон дуунуудаар цомог гаргахыг “Sony Columbia” надад санал болгосон. Хамтран ажилласан залуу уран бүтээлчдийн маань юу нь илүү надад таалагдсан гээч. Розмэри Клуни бид хоёроос ялгаатай нь тэд 20 гаруй настай атал бүгд л урлагийн мэргэжлийн хичээл заалгаж эсвэл сургуулийг нь төгсчихсөн дуучид байсан.
-Тэгвэл таны олон жил хурааж хуримтлуулсан туршлага, залуу уран бүтээлчдийн мэргэжлийн хичээл залгасан хоёр үр дүнгийн хувьд адилхан гэсэн үг үү? -Тэд бүгд мэргэжлийн дуучид. Студийнхэн Лэйди Гагад энэ цомогт хамтран ажиллахыг урьсан юм. Тэр надад их таалагдсан шүү. Би түүнтэй дуу бичүүлэх үеэр танилцсан юм. Тэр дуугаа бичүүлж дуусмагц, амрахаар биш, дараагийн ажлаа хийхээр явсан. Түүнд итгэж, цомогт минь хамтран ажиллах санал тавьсан продюссерууддаа их талархаж байна.
-Тийм гэж үү?-Зөвхөн надад төдийгүй цомгийн ажилд оролцож байсан хүн бүхэнд тэр таалагдсан. Надад тун эелдэг хандсанд нь би их талархаж байна. Тэр байдал нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
-1950-1960-аад оны үеийн алдартнуудын нэг нь та. Тэр үед л та гайхалтай хит дуунуудаа сонсогдын хүртээл болгосон. -Тэр бол миний амьдралын онцгой үе. Манай гэр бүлийнхэн уг нь Бенедетто гэдэг овогтойг та мэдэх байх. Би зургуудаа ч энэ нэрээрээ овоглодог. Хөрвүүлбэл бурханд адислагдсан нэгэн гэсэн утгатай юм. 1950-аад оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд миний уран бүтээл дэлхийн бүхий л орны хөгжим сонирхогчдод хүрсэн байна.
-Үнэн гэж үү? -Ялангуяа Британид цомог маань их олон хувь борлогдсон.
-Британичууд ч танд их хайртай шүү . -Тийм ээ.
-Таны уналтын үе хэр удаан үргэлжилсэн бэ? -Зургаан сар орчим.
-Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв? -Ингээд бүх зүйл дуусаж байна гэсэн бодол огт төрж байгаагүй. Би алдаанаасаа суралцаж цааш алхахыг хүссэн. Дараагийн тоглолтоо сайн хийхэд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн.
-Таны амьдрал уран бүтээлийн тухай нийтлэлд 1970-аад он таны хувьд хамгийн таагүй үе болсон гэсэн байсан. Харин та энэ тухайгаа “Кокайн хаанаас л бол хаанаас үнэгүй олдчихдог, яг л оргилуун дарс шиг эд болсон. Эхэндээ зүгээр л зугаацах гэж хэрэглэж байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам хар тамхинаас татгалзахад улам бүр хэцүү болсоор л байв. Намайг бүхэлд нь аажмаар нөмрөн авч байсан хэрэг. Нэг удаа тунг нь хэтрүүлж хэрэглээд л өөрийгөө хүнд байдалд орсныг ойлгосон доо” гэсэн байсан. Та Холливудын бараг бүхий л алдартантай нэг тайзнаа хамт гарч үзсэн. Гэтэл сүүлийн үеийн нэр хүнд нь өсөж яваа залуу уран бүтээлчид хар тамхинд донтох хандлага таны үеийнхээс илүү нэмэгдээд байх шиг? -Би Вуди Аллений менежер Жэк Роландсаас суралцсан. Түүний хэлсэн ганцхан өгүүлбэр амьдралыг минь үндсээр нь өөрчилсөн. Тэр “Авьяасынхаа эсрэг гэмт үйлдэл хийж байна даа” гэж билээ. Ганцхан хоромд ч хүн амьдралаа өөрчлөхүйц зүйлд суралцаж болдог юм билээ. Энэ өгүүлбэр надад тийм л үнэтэй хичээл заасан. Би мансууруулах бодисонд хэт автах болсноо тэгэхэд л хүлээн зөвшөөрсөн. Бурхны өгсөн бэлгийг энэ гэмт үйлдлээрээ үгүй хийж байгаагаа ч ойлгосон.
-Хар тамхийг хаясан учраас өөрийгөө азтай гэж бодож байна уу? -Бурхны ивээлээр би үүнийг хийж чадсан. Тэр ивээл амьдралыг минь өөрчилсөн.
-Танд хар тамхинаас татгалзаж чадаагүй найз нөхөд бий юү? -Эми Вайнхаус. Миний харамсаж явдаг олон зүйлсийн нэг нь түүний сонголтыг өөрчилж чадаагүй явдал. Тэр сайн дуучин байсан. Миний дууг нь сонсож байсан залуу уран бүтээлчдээс хамгийн чадварлаг нь. Би түүнд өөрийгөө, амьдралаа үгүй хийж байгааг нь хэлээгүйдээ их харамсдаг.
-Та хоёр хамтран дуулж байсан шүү дээ. Тиймээс түүний ямар чадварлаг болохыг нь дүгнэсэн байх. Миний хувьд бол тэр шилдэг дуучин, хөгжмийн зохиолч. -Тийм шүү. Түүнтэй хамтран ажилласан маань амьдралд маань бас нэгэн өөрчлөлт хийсэн шүү. Би Фрэнк Синатрагаас 10 насаар ах юм. Гэхдээ л тэр миний багш байсан. Би түүнд хайртай. Мэдээж тухайн үед өөр гайхалтай уран бүтээлчид олон байсан л даа.
-Харин Эми тэр чадварлаг дуучдын аль хавьд жагсах бол? -Тэр шилдэг нь байсан. Миний дууг нь сонсож байсан дуучдаас хамгийн сайн нь Эми.
-Тийм гэж үү? -Тэр жинхэнэ поп жааз дуучин байсан. Тэр бүхий л урсгалыг сонсдог байсан. Тэгээд өөрт хамгийн тохирох урсгалаа сонгон авч чадсан. Юуг нь өлгөн авч сонсож, юуг нь гээхээ мэддэг бүсгүй байсан. Үүнээс гадна сайн дуучин болоход нөлөөлдөг чухал зүйлсийн нэг нь зүрх сэтгэл. Тэр чин сэтгэлээсээ илэрхийлж чадахгүй дуугаа хэзээ ч дуулж байгаагүй.
-Түүнийг нас барсан талаар мэдээллэх үед та хаана байсан бэ? -Гэртээ. Энэ явдал биднийг хамтарсан дуугаа бичүүлснээс сарын дараа болсон. Эмгэнэлт мэдээллийг сонсоод би нулимсаа ч барьж чадаагүй.

Saturday, January 14, 2012

Гүнж нарын ирээдүйг хэрхэх вэ?

Нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, нүдэндээ жаргалын оч гэрэлтүүлж басхүү ичингүйрэн өвдөг дээрээ сөхрөн суусан британи бүсгүйн төрх ихэд танил харагдана. Гэхдээ хатагтай Диана Спенсер гэж эндүүрэм энэ бүсгүй бол түүний хүү хунтайж Уильямын сүйт бүсгүй, Британийн шинэ гүнж Кэйт Мидлтон. Яг л хадам ээжийнх нь гэрлэх ёслол шиг Кэйт Мидлтоны хурим ч бас бүхнийг нарийн төлөвлөж, чамбай гүйцэтгэсэн эрхэмсэг болж, дэлхий даяар сая сая хүн энэ үйл явдалд анхаарал хандуулсан. Эдийн засгийн хямрал гээд л элдэв асуудлуудад ундууцаж, дэлбэрэх шахаад байсан сонины хуудсуудад ч шинэ гүнжийн талаарх таатай мэдээлэл нийтэлж тайвшрах боломж олдох нь тэр. Гэхдээ манай шинэ цагийн гүнж Кэйт Мидлтоны өнгөрсөн амьдралын талаарх таагүй дурсамжийг тэнд сөхөөгүй байсан байх аа. Үлгэрийн сайхан төгсгөлд итгэдэг хүн үгүй болж, хөлд нь таарах болор шаахайн эрэлд бүсгүйчүүд хатахаа больсон өнөө цагт “гүнж” гэсэн ажлын байр нийгэмд хэрэгтэй юу. 
Хэдийгээр гүнж нар охидын маань сонирхлыг татахаа больсон, тэд хүн төрөлхтний соёлт иргэншлээс арчигдан үгүй болж байна гэж үзэх аргагүй ч, орчин цагт гүнжийн талаарх ойлголт өөрчлөгдсөн гэвэл мэтгэх хүн үгүй болов уу. Бяцхан охид ердөө гурав эсвэл дөрвөн настайдаа л гүнж хүн ямар байх ёстойг гадарладаг болчихдог. Тэд титэм, гялтганасан гутал, хөвсгөртэй хормойтой даашинзтай болохыг хүснэ. Тэр ч байтугай жижигхэн хөл нь хувь заяаг нь өөрчлөх Үнсгэлжин, өөрийн угсаа гаралыг үл гадарлах гүнж Анастасия, мангасын дүрд хувирсан ханхүүг аврагч Белла гээд л “Дисней”-н гүнж нартай холбоотой бүхий л зүйлд хорхойсдог. Холливуд ч гүнжийн тухай шинэ түүх зохиож байсан. Тэд анх ахлах сургуулийн охин гүнж болох хичээлд сууж эцэст ч Женовын хатан хааж болж байгаа тухай өгүүлэх “Гүнжийн өдрийн тэмдэглэл” гэх кино бүтээж Анне Хэтавэйг гол дүрд нь тоглуулж байсан. 
Харин феминизмийн хоёр дахь давалгаа “Нойрсож буй гүнж” тэргүүтэй түүхүүдээр эхэлж, тэд бүсгүй хүний амьдрал гэрлэснээр эхэлдэг, харин гэрлэлт сайхан ханхүүгийн үнсэлтээс эхэлдэг гэх үзлээр охидыг төлөвшүүлж эхэлсэн. Саяхан нэгэн ээж “Охин минь гүнж болохын мөрөөсөл болох юм” гэж сэтгэл зовнингуй ярьж байсан нь өнөөдөр ч энэ үзэл байсаар л байгаагийн тод жишээ юм. 
Харин би түүнд санаа зовох хэрэггүйг сануулсан. Учир нь бяцхан охин нь феминизмийн хоёр дахь давалгааны буруу онолоор хүмүүжсэн хэрэг. Гэхдээ нарийн тунгаавал энэ бас ч тийм ч буруу үзэл биш. Энэ давалгаа гоё сайхан харагдах, хүлцэн байхын тухай биш, өөртөө итгэлтэй байх, сэтгэлийн хаттай байхыг сургадаг. Хөвгүүд супер баатруудыг үлгэр дуурайлаа болгож, тэднээс хүчтэй зоригтой байхыг суралцдаг шиг охид ч бас гүнж нараас үлгэр жишээ авдаг гэсэн үг. Тэднээс илүү өлмий дор нь дэлхий ертөнц бүхэлдээ байгааг үлгэр жишээчээр үзүүлэх хүн хэн байхсан билээ. Кэйт Мидлтон, Диана Спенсер нар шиг үзэсгэлэнтэй агаад сэтгэл татам, мэдрэмжтэй хэрнээ зэвсэгт хүчин удирдаж, эрдэнэсийн сан хөмрөг нээх хүчтэй байхыг сургах хүн өөр бий гэж үү. Гүнж нар хэзээ ч поп одод шиг хар тамхи хэрэглэдэггүй, тэгсэн атлаа Хиллари Клинтон, Кондолиза Райс нараас ч илүү хүчтэй, гэхдээ тэднээс илүү сайхан хувцасладаг. Гэхдээ загвар өмсөгчид шиг хэт задгай биш, ээждээ тусалсныхаа төлөө хэзээ ч гомдоллож, бухимддаггүй. Бүр хатан хаан болох байсан ч тэр. Тиймээс гүнж нараас илүү үлгэр дуурайл болох бүсгүй олдохгүй л болов уу. 
Өнөө цагийн гүнж нараас үүргээ үлгэр жишээ гүйцэтгэж байгаа хоёр хүнийг нэрлэх байна. Диана гүнж л сүйрлийн ирмэгт очоод байсан Британийн нийгмийн тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн ч, харамсалтай нь цөөн хэдэн хүнээс л талархлын үг сонссон. Учир нь тэр бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц үзэсгэлэнтэй байсан хэдий ч, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсролтой байгаагүй юм. Түүний нийтэд түгээсэн мэдээлэл ч зөнгөөрөө хийсэн үйлдэл мэт харагдсан нь ийн үл ойшооход хүргэсэн биз. Гэхдээ тэр анхааралтай нягталж, дүн шинжилгээ хийж байж дүгнэлт гаргасан гэдэгт би итгэлтэй байна. Тухайн үед анги давхаргын ойлголт өнөөгийнхөөс ч хатуу байлаа. Гэсэн ч Диана гэр оронгүй болсон иргэд, хүүхдүүд нь ажилгүй болсон хөгшдийг хүлээн авч, “өндөр боловсрол” олгодог сүмдийг цөөлж, элит гэх үзлийг халж, Элтон Жоны тоглолтыг дэмжиж байлаа. ДОХ-ын вирусын халдвар авсан иргэд адлагдаж байх үед тэр өвчтнүүдтэй хамт зургаа татуулж, хүлээн авч уулздаг байсан. Британийн муслимчууд гадуурхагдаж байх үед ч тэдэнд өгөөмөр, энэрэнгүй хандахыг уриалсан хүн нь мөн л Диана гүнж. 

Хэрэв Британийн гадаад харилцаа сайжирч, илүү нээлттэй болбол элитүүд нийгмийг өөрчлөх алхмыг эрхгүй хийнэ гэдгийг Диана мэдэж байсан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч тэр энэ өөрчлөлтөд биечлэн оролцсон биз. Тэгээд л өөрчлөгдөх дургүй нийгэмтэй ухаалаг дайн зарласан байна. Тэгэхдээ хатан хаан Элизабет I, Виктория нар шиг сүр хүчтэй байж л энэ бүхнийг хийж чадна гэдгийг ч анзаарчихаж. Хатан хаан Элизабет I цасан цагаан энгэсэг, үсийг нь толийтол хуссан дух төдийгүй даашинз гоёл чимэглэл, бараа бологчдоороо өөрийн сүр хүчийг илэрхийлж, Британийн колонийн тухай, “онгон” хатан хэмээн шоолуулсан ч нөхөрт гарах бодолгүйгээ, хууль бус үйлдэлд хатуу  арга хэмжээ авах тухай улс төрийн чухал үзэл баримтлалаа нийтэд түгээдэг байжээ. Харин хатан хаан Виктория үндэстний ээж хэмээн өөрийгөө тунхаглаж, халамжтай эхнэр, хатуу шүүгч, ард олныг энэрэгч гэсэн хэв маяг бүрдүүлж, Британийн нийгмийн тогтвортой байдал, үйлдвэржилтийн эргэлт, хаант засаглалыг хөрөнгөтнөөс ялгаварлах байдлын тухай нийтэд ухуулж байжээ. Диана язгууртан эмэгтэйчүүдийн гадаад төрх, хувцаслалтдаа анхаарах, эх орондоо элгэмсүү хандах эл уламжлалаар зэвсэг хийн улс төр рүү довтолж эхэлсэн юм. 
Харин Кэйт Мидлтон яагаад ингэж их шуугиан дэгдээж, олны анхаарлыг татаж байна вэ? Учир нь Диана гүнжийн хүсэж мөрөөдөж, бодож төлөвлөж байсан Британи дахь өөрчлөлтийг үргэлжлүүлэх шинэ үеийн төлөөлөгч гэдгийг нь хүмүүс зөнгөөрөө гадарлаж байгаа болохоор л тэр. Тэр гарал угсаагаар ялгаварлан гадуурхдаг бүх нийтээр тэгш эрхтэй Их Британийн гүнж болсон. Түүнчлэн Мидлтоныхон тууштай, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Элэнц өвөө нь чулуун нүүрсний уурхайчин байсан учир тэд Британийн нийгэм ямар хувьсамтгай болохыг Дианагаас ч илүү мэднэ. Кэйт бүхий л хүнд тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байдгаараа Диана гүнжтэй төстэй харагдах хэдий ч, хэнийг ч ялгалгүй харилцдгаараа түүнээс илүү байж ч мэднэ. Тэр ч байтугай Кэйт эгч Пиппатайгаа хамт бүхий л дэлгүүрийг самнаж, үнэтэй чамин хувцсыг, хямдхан үзэмжтэй зүйлтэй ч хослуулан өмсдөг байж. Зөвхөн хувцаслалт төдийгүй бусад олон зүйлд дээд зэрэглэлийг, дундажуудтай хослуулдаг энэ зангаа гаргадаг нь удахгүй Букингэмийн ордныхонд ч нөлөөлж мэдэх юм. Тэр цаашид ч энэ байдлаараа хадгалж, дундаж түвшнийхнийг язгууртнуудаас үл ялгаварлах чөлөөт нийгмийг бий болгох уу? Магад ч үгүй л юм. Түүний эл энгийн байдал нь дуулайн шуугиантай тэмцэл хийхээс илүү үр дүнтэйгээр өөрсдөөс нь өөр туслах хүн үгүй Британийн ажилчин ангийханд тус болж, анги давхаргын ялгааг арилгаж мэдэх юм. 
Тэгэхээр бид гүнж болохын мөрөөсөл болоод буй охиддоо санаа зовох хэрэгтэй юү? Бараг л шаардлагагүй дээ. Учир нь орчиж цагт гүнжийн талаарх ойлголт их өөрчлөгдсөн. Өнөө үед гүнж гэдэг хоолны ширээний ард тухалсан эмзэг бүсгүй байхаа больсон. Үнэндээ тэднийг хэн нэгний туслалцаагүйгээр юу ч хийж чаддаггүй хүүхэлдэй мэтээр хүлээж авах ташаа ойлголт нэмэгдэх болсон. Гэтэл “гүнж”-ийн алба гэдэг хариуцлага өндөр, ажил ихтэй тушаал. Тэд бүсгүйчүүд бидний гэр орноо авч явахаас хэд дахин том асуудалд анхаарал хандуулдаг. Яг л эзэгтэй нар нэгэн зэрэг бүхий л ажилд гар бие оролцдог шиг  тэд ч улс гүрэн, дэлхий дахины хэдэн арван асуудлыг шийдэхээр ханцуй шамлан зүтгэдэг. Тэгэхээр гүнжийг үл ойшооно гэдэг хоцрогдсон үзэл болох нь. 
Гэхдээ бид яагаад ганцхан Британийн гүнж нарын тухай л яриад байгаа юм бэ. Учир нь өдгөө цагийн гүнж нараас тэдэн шиг амжилт олж, үлгэр жишээ ажиллаж байгаа нь ховор. Японы гүнж Масако гэхэд л Харвард Оксфордын их сургуульд суралцаж, хэл шинжээчийн мэргэжил эзэмшин олон улсын худалдааны зуучлагч болсон хэдий ч өнгөрсөн найман жилийн хугацаанд ард түмний асуудалд анхаарал бараг хандуулаагүй. Харин үүнийгээ стрессээс болсон гэж хаацайлсан байгаа юм. 
Тайландын хааны ууган охин Америкийн жирийн иргэнтэй гэр бүл болж, цол хэргэмээсээ татгалзсан боловч саяхан гэр бүлээ цуцлуулан, эх нутагтаа эрхэг очсоноор богинохон үлгэр нь өндөрлөсөн байна. Гэтэл хаан ширээ залгамжлах хүүгийнх нь эхнэр томоогүйтэж төрсөн өдрийн баяраараа хагас нүцгэлэн бичлэг хийлгэснийг нь интернэтээр цацаж орхиж. Үнсгэлжингийн үлгэрээс тэс өөр байгаа биз. Саудын Арабын гүнжийн түүх хамгийн аймшигтай нь. Гүнжийн гэр бүлтэй хүнтэй амрагласан нь батлагдаж, 19 настай бүсгүйг өвөөгийнх нь тушаалаар 1977 онд цаазаар авсан байдаг. Үлгэр жишээ болохоор үйлдэл биш учир энэ мэт хэргүүдэд тэр бүр ач холбогдол өгдөггүй. 
Бүр ухамсар дорой нэгэн байсан ч гүнжийн байгаа байдал олон хүнд нөлөөлдөг учраас л тэр. Энэ бүхний эцэст “Дисней”-н гүнж нар чухам юу хийж байна вэ? Тэд өөрийн болон бусдын амьдралыг авраад тун завгүй яваа. Анастасия гэхэд л Распутин гэх чөтгөрийг дарж, Орос орныг аварч байхад, Мулан Хүн гүрний түрэмгийлэгчдээс гэр бүл, эх орноо аврахаар дайнд мордож байх жишээтэй. Белла ч шидтэнд хараагдсан ордныхныг аварч байна. “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны гүнж эмээгийнхээ тусламжтай гадаад төрхөө өөрчлөөд зогсохгүй, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр гэх дотоод хүчийг ч олж авдаг. Бүр 1950-иад оноос үзэгчдийн хүртээл болсон Үнсгэлжил хүртэл жижигхэн хөлтэйгөөс цаашгүй юм биш. Тэр энэрэнгүй сайхан сэтгэлтэй учраас л хойд эгч нарынхаа амсаагүй хувь заяаг атгасан юм. Сонирхолтой нь бүсгүйчүүдийн хүч чадал, баатарлаг байдлыг түүхийг өгүүлсэн үлгэр бүрт гол баатрыг нь хүлцэнгүй, үзэсгэлэнтэйгээр дүрсэлсэн байдаг. Тиймээс таван настай охин тань ягаан өнгийн даашинзаар гоёж эхэлбэл бүү санаа зовоорой. Тэр зүгээр л нэг өнгөнд хууртах биш, дэлхийг эргүүлэх чадварт өөрийн мэдэлгүй татагдаж байгаа юм. 

ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


Улирч буй 2011 оны онцлох үйл явдлын жагсаалтад чухал, гайхширмаар бүр тэнэг үйл явдлууд ч багтсан.
ШИНЭ УЛС ТӨРСӨН НЬ. Дэлхийн отгон улс болох Өмнөд Суданыг салан тусгаарлаж, бие даасан улс болохыг өнгөрөгч нэгдүгээр сард 99 хувийн саналаар дэмжсэн. Эл баярт үйл явдлыг тэмдэглэж Өмнөд Суданчууд нийслэл Жубадаа цуглан тэмдэглэсэн байна. Санал хуралтын дүнг тус хотод байрлуулсан том дэлгэцээр Картум хотоос шууд дамжуулан хүргэсэн аж. Отгон улсын иргэдийн олонх нь Христ болон анимист шүтлэгтэй бөгөөд, тавин жил тэмцэхдээ хоёр сая орчим хүний амийг алдсаны эцэст долдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо баталсан юм. Африк дахь иргэний дайн 2005 онд дуусаж, энхийн хэлэлцээр байгуулсаны дараа санал хураалтаар Өмнөд Суданы салан тусгаарлах асуудлийг шийдвэрлэхээр болсон билээ. Өмнөд суданчууд баялаг газрын тосныхоо нөөцийг эзэмшихээр болсон бол хойд суданчууд тээвэрлэлт, үйлдвэрлэлт болон экспортын ажлыг эрхлэхээр болжээ. Судан хуваагдахаасаа өмнө Африкийн хамгийн том орон байсан бол одоо Алжир тус тивд тэргүүлэх болсон байна.
“АРАБ ЛИГ” ГИШҮҮН ОРНЫХОО ЭСРЭГ. Ливийн ард иргэдийг М.Каддафигийн нисэх хүчний дайралтаас хамгаалахын тулд “Араб лиг” НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гуравдугаар сарын 12-нд тусламж хүсчээ. Каддафигийн засгийг газар эрх мэдлээ алдахад тус байгууллага босогчдод дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн учир “Араб лиг” анх удаа гишүүн орныхоо эсрэг шийдвэр гаргасан нь энэ. Гэхдээ тэд Аюулгүйн зөвлөлийг уг үйл явдалд оролцохоос өмнө Америк тэргүүтэй орнуудыг цэргээ татахыг хүссэн байна. “Араб лиг”-ийн эл шийдвэрийг Алжир, Сири гэх хоёр орон л хүлээн зөвшөөрөөгүй аж.
MI CASA ES SU CASA (МИНИЙ БАЙШИН БОЛ ЧИНИЙ ГЭР). Хагас зууны дараа кубачууд байшин худалдаж авах, борлуулах эрхтэй боллоо. Коммунист намын Конгрессын гишүүд дөрөвдүгээр сар эдийн засгийн далайцтай өөрчлөлт хийж, эл хуулийг баталжээ. Байшин борлуулахыг хууль бус явдал хэмээн 1960-аад оны эхээр эрх баригчид баталснаар ихэнх кубачууд байшингаа хүүхдүүдээ өвлүүлэх маягаар л амьдарч байжээ. Харин шинэ хууль ёсоор нэг иргэн нэг л байшин, эсвэл орон сууж худалдаж болох гэнэ. Энэ талаар Оттавагийн Карлетон их сургуулийн Куба судлаач Арч Риттер “Тун ухаалаг алхам боллоо. Байшин борлуулах эрх олгоно гэдэг кубачуудын хувьд асар чухал зүйл. Учир нь тэд насаараа нэг байшинд л амьдарч, тэндээ нас нөгчдөг байлаа шүү дээ” хэмээн “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
ГЭРТ ҮЙЛДВЭРЛЭСЭН РВАНДА КИНО. Рванда дахь хоморголон устгах явдлаас амьд үлдсэн хүмүүсийн тухай кино хийсэн “Саарал хэрэг” кино Трибека наадмын үеэр нээлтээ хийлээ. Киву Рухорахозагийн найруулсан эл кино түүний эх орондоо хийсэн анхны бүрэн хэмжээний бүтээл бөгөөд их бага зардлаар бүтсэн байна. Уг үйл явдлын талаар уран бүтээлчид цөөнгүй кино хийсэн байдаг ч харийн оронд төрсөн хэдий ч эх орондоо элэгтэй найруулагч Рухорахозагийнх шиг сэтгэлд хүрсэн нь цөөн байдаг. Тиймээс ч “Саарал хэрэг” кино Трибекагаас шүүгчдийн нэрэмжит болон шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авсан юм. Шүүгчид Рухорахозагийн бүтээлийг 1994 онд болсон аймшигт үйл явдлыг болон амьд үлдсэн хүмүүс хэрхэн тэмцэж байсныг тун үнэмшилтэй харуулсан хэмээн үнэлжээ.
ОРЧИН ЦАГИЙН ГҮНЖ. Их Британийн хоёр дахь угсаа залгамжлагч хунтайж Уильямын Лондоны Уэстминстер чогчин дуган дахь хуримыг дэлхий даяар 300 сая гаруй хүн интернэт болон телевизээр үзсэн. Кэмбрижийн гүнгийн гэргий Кэйт Мидлтон нь өдгөө 29 настай бөгөөд тэрбээр коллеж дүүргэсэн анхны хатан хаан болох аж. Хосууд Шотланд дахь Гэгээн Эндрьюсийн их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд Мидлтон гүнж урлаг судлаач мэргэжлээр 2005 онд төгсчээ. Хунтайж Чарльзын гэргий Камилла Паркер Боулс Парис дахь Британийн институтэд суралцаж байсан боловч сургуулиа дүүргэж, дипломоо гардан аваагүй байна. Өмнөх хатдын хувьд дунд сургуульд суралцсан хэдий ч их сургууль төгсөж, зэрэг горилсон хүн байдаггүй гэнэ. Түүнчлэн гэрлэхээсээ сүйт залуутайгаа хамт амьдарсан анхны хатан хаан нь Кэйт болох нь.
ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ БЯЦХАН МОЦАРТ. Газын зурвас дахь бүслэлтийг үл ойшоон Изралийн удирдаач Даниэл Баренбойм Моцартын 4-р симфонийг дохисон байна. Европын шилдэг найрлыг хөгжимчдийг удирдсан түүнийг тоглолтыг НҮБ зохион байгуулсан бөгөөд тоглолт Газа хотын ал-Мадха соёлын төвд тавдугаар сарын 3-нд болжээ. Энэ нь 2007 онд Израиль Газын зурваст бүслэлт хийснээс хойш тус улсад болсон анхны олон улсын соёл урлагийн арга хэмжээ аж. Харин үзэгчдийн суудалд зөвхөн дунд сургуулийн сурагчид болон тусламжийн ажилтнууд тухалсан байна. Удирдаач Баренбойм олон жилийн турш өөрийн мэргэжлээ энхийн хэлэлцээрийн байгуулахад түлхэц болгохоор ашигласан боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүйгээр үл барам Израиль түүний Газа хот дахь тоглолтыг цуцалж, энгийн иргэдийг бүслэлт хийсэн газар руу нэвтрэхийг хориглосон байна.
ЕВРОП ДАХЬ ҮХЛИЙН ЗООГ. Нэн аюултай E. coli савханцрын вирусын улмаас олон мянган хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн нь Германд урьд хожид гарч байгаагүй аюул тарилаа. Тавдугаар сард гарсан халдварт өвчний улмаас 50 хүн нас барсны 48 нь герман хүн байсан бол 4000 гаруй хүн өвдсөний дийлэнх нь тус улсынх, цөөн хэсэг нь Германд жуулчилж явсан 15 орны иргэд байсан аж. Герман, Хятадын эрдэмтдийн өгүүлснээр E. coli савханцрын вирус мутацид орж, эмэнд тэсвэртэй болсноор барахгүй хор хөнөөл нь ч улам нэмэгдсэн байна. Гэдэсний халдварт өвчний халдвар авсан олон хүний бөөр ажиллагаагүй болгосон. Тиймээс Германы эрүүл мэндийн салбарын удирдлагууд иргдэдээ өргөст хэмх хэрэглэхгүй байхыг сануулан, Испаниас нийлүүлж буй өргөст хэмхэд хориг тавьж, тус улсын газар тариалан эрхлэгчдийг буруутгасан нь Испанийн газар тариаланд ч багагүй хохирол учруулсан. Гэсэн ч ердөө сарын дараа халдварт өвчний буруутан зөвхөн испаничууд биш болохыг баталж, Египетээс нийлүүлж буй шош, буурцгаас уг вирус илэрснийг Германы засгийн газар тогтоов.
ЛЕНИНИЙ УГСАА ГАРВАЛЫН ТАЛААРХ БОДИТ ҮНЭН. Зөвлөлт холбоот улсыг үндэслэг Владимир Ленинийг еврей хүн байсан гэх цуу яриаг баталсан баримтыг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Их удирдагчаа биширсэн оросууд болон үндэс угсаагаар ялгаварлах үзэл ноёрхсоор байсан тул уг үнэнийг илчилнэ гэдэг том үймээн дэгдээж мэдэхээр байсан тул хэдэн арван жил нуусан байна. Эцэст нь 1990-ээд оны үед КГБ-ийн ажилтнуудын илрүүлсэн 111 хуудас материалыг Москва хот дахь Үндэсний түүхийн музейд тавьжээ. Уг баримтууд дунд Ленинийг нас барснаас найман жилийн дараа буюу 1932 онд эгч Анна Уляновагийнх нь Сталинд бичсэн захидал байгаа аж. Тэрбээр захидалдаа өвөө Израил Бланкыг Украйны еврей байсныг дурдаад, 1820 онд дүрвэж, анагаах ухааны сургуульд элсэн орсон тухай нь бичжээ. Мөн энэ үнэнийг нууцлах болно гэдгээ ч дурдсан байна.
ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ. Дэлхийн 100 сая гаруй гэрийн үйлчлэгч нар бусад ажилчдын адил үйлдвэрчний эвлэлээр эрхээ хамгаалуулах хүсэлтээ илэрхийллээ. Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын нэгдсэн байгууллагууд ч энэ хүсэлтийг НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагад тавьснаар зургадугаар сарын 16-нд тус эвлэлийн гишүүд санал хураажээ. Хааллттай хаалганы цаана ажилладаг үйлчлэгч нарын олонх нь цагаач охид, бүсгүйчүүд байдаг тул ажил олгогчид тэднийг хүссэнээр ажиллуулдаг байдалтай тэмцэхээр анхны олон улсын конвенци баталжээ. Ингэснээр зөвхөн гэрийн үйлчлэгчээр ажилладаг сая сая бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй Персийн булангийн орнуудад сонсогддог хүний наймаа, боолчлол гэх аймшигтай гэмт хэргүүдтэй ч тэмцэж байгаа хэрэг гэж гишүүд үзжээ. Уг конвенцид гэрийн үйлчлэгч нарын ажлын цаг, цалингийн доод хэмжээ болон илүү цагаар ажиллахад үзүүлэх өгөх хөлс, амралт, аюулгүй байдал зэргийг тусгажээ. Ингэснээр гэрийн үйлчлэгч нарын гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж, албадан хөдөлмөр эрхлүүлэх байдалд хяналт тавих боломжтой болж байгаа аж. Уг конвенцид Арабын орнуудыг нэгдэхэд уриалах ажлыг Арабын салхи хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.
ЛГБТ-ҮҮДИЙН ЭРХИЙГ ОЛОН УЛСАД ТУНХАГЛАЛАА. НҮБ-ын Хүний эрхийн хороо зургадугаар сарын 17-нд гей, лесби, трансжендер хүмүүсийн эрхийн олон улсад мөрдөгдөх хэм хэмжээ, тэдний эрхийг хамгаалах, гадуурхах байдлыг зогсоох тухай тунхаглал гаргасан. Хаалттай санал асуулгад 23 оролцсоноос 19 гишүүн зөвшөөрч, гурав нь түдгэлзсэн байна. Тунхаглал гаргах шийдвэрийг эсэргүүцэгчдийн олонх нь Оросын гишүүд байсан бол Африк Арабын цөөн орнууд ижил хүйстнээ сонирхогчдын эрх ашгийг хамгаалах шаардлагагүй хэмээн маргажээ. Гэсэн ч уг тунхаглал Өмнөд Африк төдийгүй дэлхийн бусад орнуудад ч хэрэгжиж эхлээд байна. Амнести олон улсын байгууллагын мэдэгдэж буйгаар одоогоор ижил хүйстэйнтэйгээ гэр бүл болохыг 70 гаруй орон хуулиар зөвшөөрөөд байгаа аж.
АМЕРИКИЙН ЗЭРЭГЛЭЛ БУУРСАН НЬ. Цагаан ордон багагүй эрсдэл хүлээн төсөв танах, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хэдхэн өдрийн дараа буюу наймдугаар сарын 5-нд “S&P” үнэлгээний агентлаг тус улсын зээлжих эрхийн зэрэглэлийг ААА-аас АА+ болгон бурууллаа. Энэ нь Америк түүхэндээ анх удаа ААА зэрэглэлээ алдсан явдал юм. “S&P” үнэлгээний агентлаг энэ явдлын үр дүнд Америкийн эрх баригчид болон сөрөг хүчнийнхэн хамтран ажиллаж, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх сонирхол ихэснэ гэж үзсэн байна.
ХАВДРЫН ЭС УСТГАДАГ ЭМЧИЛГЭЭ. Эмч нар хавдрын эс устгах эмчилгээний туршилт амжилттай болсон талаар мэдэгдлээ. Тэд генийн эмчилгээ хийх аргаар цагаан эсийг хөгжүүлж, цусан дахь хавдрын эсийг устгаж, дахин үүсэхээс хамгаалдаг болгох туршилт явуулсан аж. Пенсилванийн  их сургуулийн эрдэмтэд угтаа ДОХ-ын вирусын эсрэг эмчилгээний арга туршиж байсан бөгөөд дархлааны системийг хөгжүүлэх гурван шаттай эмчилгээний явцад өвчтний цагаан эс хавдрын эсийг устгах чадвартай болж буйн илрүүлжээ. Туршилтад хамрагдсан хоёр өвчтний хавдар үгүй болсон бөгөөд гурав дахийнх нь хавдрын хэмжээ багач байгаа тухай эмч нар ярьжээ. Судалгааны багийн ахлагч Карл Жүн эмч “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Эмчилгээний явцад өвчтний хариу үйлдэл үзүүлдэг тул эрсдэлтэй арга” гэжээ. Эмчилгээ эхэлснээс 10 хоногийн дараа өвчтний бие халуурч, эцэж ядран, ханиад томуутай төстэй шинж илэрдэг байна. Харин хэдхэн долоо хоногийн дараа халуун аажмаар буурч, хавдрын ул мөр ч үгүй болж байгаа гэнэ. Эмчилгээний үеэр өвчтний дархлаа сулардаг тул хавдар үгүй болсны дараа дархлаа сайжруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна.
САУДИ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ ОЛГОЛОО. “Арабын хавар”-ын шахалтаар Саудын хаан Абдулла эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрх олгохоор шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ шийдвэр 2015 онд болох сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм. Есдүгээр сарын 29-нд шийдвэр гарах хүртэл тус улсын эмэгтэйчүүд сонгуульд оролцох, машин унах, эрчүүдийн зөвшөөрөлгүйгээр зугаалах, сургуульд сурч, ажил хийх эрхгүй байсан аж. Харин есдүгээр сарын 25-нд болсон Шура зөвлөлийн нээлтийн үеэр хаан улсын тэргүүн хуврагуудтайгаа зөвлөлдсөний эцэст эл шийдвэрийг гаргажээ. Түүний шийдвэр сауд бүсгүйчүүдийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, хааны  зөвлөхөөр ажиллах боломж олгож буйгаараа чухал ач холбогдолтой хэдий ч хууль санаачлах, хэрэгжүүлэх эрхгүй байх юм. Саудын Араб энэ мэт шийдвэртэй алхам хийж, бүс нутагтаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ч хувьсгал хийхэд дарамт шахалт их байгаа аж. Энэ талаар Амнести олон улсын байгууллагын Дорно дахиныг хариуцсан дэд захирал Филип Лютер “Саудын араб их удаан урагшилж байна. Эмэгтэйчүүдэд сонгох эрх олгож байгаа орнуудын сүүл мушгина гэдэг бахадмаар зүйл биш” хэмээг АР агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БЯЦХАН МИКЕЛАНЖЕЛО. Балар эртний багачуул хурууныха хээг хаданд үлдээх аргаар аав ээждээ газарчилдаг байсан хэмээн археологичид үзэж байна. Францын өмнөд нутаг дахь 8045 метр урт үргэлжлэх Руффиньяк агуйгаас олдсон хээнүүдийг эрдэмтэд судалж байна. Аравдугаар сард Кэмбрижийн их сургуульд болсон зөвлөлгөөний үеэр Жессика Куни Лесли Ван Желдер нар дөрвөн хүүхдийн хурууны хээг судалж үзээд, одоогоос 13 мянган жилийн өмнөх буюу чулуун зэвсгийн үеийн хүүхдүүдийнх гэдгийг нь тогтоосноор барахгүй хүүхдүүд уг хээгээрээ томчуудад замчилдаг байсан хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдсэн юм. Агуйн нэг хонгилд хүүхдүүдийн хурууны хээ их олон байсан тул уг “өрөөг” тэд тоглоомын өрөө эсвэл ёслолын танхим болгон тэмдэглэсэн гэж үзэж байгаа юм. Хээний хэмжээгээр тэднийг гурав орчим настай байсныг тогтоосон байна. Ийм хээ Франц төдийгүй Испани, Австралиас ч олдсон байдаг. Харин эл таамаглалыг зарим эрдэмтэд хадны сүг зураг төдий зүйл хэмээн няцааж байгаа бол зөвлөлгөөнд оролцсон эрдэмтдийн олонх нь ямар нэг утга илэрхийлж байгаа гэж үзэж байна.
АМЕРИК ХЭВ МАЯГТАЙ ФРАНЦ УЛС ТӨР. Америк маягаар зохион байгуулах Ерөнхийлөгчийн анхны сонгуульд Николас Саркозитой өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох санал хураалт эхэлжээ. Ирэх дөрөвдүгээр сард болох сонгуульд нэр дэвшигчийг хоёр шаттай санал хураалтаар сонгох бөгөөд өрсөлдөгч намынхан нь өс санаж, тэмцэлдсэн компанит ажил явуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Аравдугаар сард бол нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад зургаан хүн өрсөлдөж, нээлтэй санал хурааснаас Франсуа Голланд 56.5 хувийн санал авч ялсан. Дараагийн шатанд гурван сая хүний дэмжлэг авна гэж таамаглаж байсан түүний горьдлого талаар болж, тэрбээр 2.7 сая хүний санал авсан байна. Есдүгээр сарын сүүлчээр Саркозигийн консервативчууд сенатад эрх мэдлээ алдсан нь 1958 оноос хойш давтагдаагүй явдал бөгөөд энэ нь өрсөлдөгчдөд нь ирэх жил болох сонгуульд ялах найдвар төрүүлээд байна.
БАСКИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙНХЭН ГАРАА ЗОГСООВ. Испанийн баскийн салан тусгаарлагч Эта байгууллага Америк, Европ дахь алан хядах үйл ажиллагаагаа зогсоож, 40 жил үргэлжилсэн сөргөлдөөнөө дуусгахаа аравдугаар сарын 20-нд мэдэгдэв. Тэд Испани, Францтай дахин хэлэлцээр хийх хүсэлтээ илэрхийлж, сөргөлдөөний үеэр амь үрэгдсэн 800 хүний төлөө харамсаж байгаагаа хэлжээ. ЕТА байгууллага 1960-аад оны сүүлчээр Испаниас салан тусгаарлах тэмцлээ эхэлж, гал нээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд буулт хийхээс татгалзаж байсан юм. Харин энэ талаар Испанийн Ерөнхий сайд Хосе Родригез Запатеро эл мэдээг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд хэлэлцээрийн асуудлыг арваннэгдүгээр сард эхлэх бүх нийтийн сонгуулийн дараа авч үзэхээр болсон билээ.
НИСЛЭГИЙН ШИНЭ ХЭЛБЭР. “Боинг”-ийн шинэ хөлөг “Dreamliner” зочигч тээврийн анхны албан ёсны нислэгээ аравдугаар сарын 26-нд хийж, Токиогоос хөөрч, Хонконгт газардлаа. Японы “All Nippon Airways” компани анхны нислэгийг хийсэн байна. Энэ нь модон онгоцноос төмөр хөлөгт шилжсэнээс хойшх хамгийн том шинэчлэл хийж буй нислэг болсноороо онцлог. Уг онгоцны эд ангиудыг ган болон хөнгөнцагааны оронд нүүрстөрөгчөөр бэхжүүлсэн хуванцраар хийсэн тул төмөр онгоцноос  илүү хөнгөн шатахуун зарцуулалтын хувьд ч ижил овор хэмжээтэй онгоцноос 20 хувиар бага аж. Түүнчлэн жин багатай болсноор зорчигчийн хэсэг илүү цэлгэр уужим болж, цонхыг нь томсгон, ачааны хэсэг ч багтаамж ихтэй болсон байна.
ДЭЛХИЙ ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ ИРГЭНЭЭ ХҮЛЭЭН  АВЛАА! НҮБ-ын Хүн амын сан дэлхийн долоон тэрбум дахь иргэн аравдугаар сарын 31-нд мэндэлсэн талаар мэдээлсэн. Гэхдээ яг аль улсад төрсөн хүүхэд долоон тэрбум дахь болон бүртгэгдэж буйг нарийн тооцоолон гаргах боломжгүй гэжээ. Гэхдээ тэдний таамаглаж буйгаар хүн амын олонх нь ядуу тарчиг хэдий ч төрөлт эрчимтэй нэмэгдэж буй Сахар орчмын Африкийн орнууд, төрөлт буурсан ч хүн амын тоо их учир мэндэлж буй нялхсын тоогоор тэргүүлдэг Энэтхэгт төрсөн байх магадлал өндөр аж. АНУ-ын Хүн амын тооллогын товчоо Европын улсууд болон Орос, Япон зэрэг хөгжингүй орнуудад төрөлт буурч, хүн амын дунд насжилт нэмэгдэх болсон тул уг үйл явдлыг 2012 оны гуравдугаар сарын 30-наас өмнө болохгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Харин НҮБ дэлхийн хүн амыг өдөрт 200 мянгаар нэмэгдэж, ялангуяа хөгжиж буй орнуудад хүн амын өсөлт их байгааг хэлсэн. Тэдний тооцоолц буйгаар дэлхийн хүн ам 2041 он гэхэд есөн тэрбум, 2081 онд 10 тэрбум болж өсөх гэнэ. Харин 1804 онд дэлхий дээр ердөө нэг тэрбум хүн амьдарч байжээ.