Sunday, January 6, 2013

Төөрөлдсөн төрсөн өдөр



Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал төрсөн өдрийн баярыг онцгойлон тэмдэглэх нь хүүхдийг өөрийн гэр бүлдээ ямар чухал хүн болохыг нь мэдрүүлж, тэр хэрээр өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, бие хүн гэх ойлголтыг нь бататгаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах байдалд нь ч эерэг нөлөө үзүүлдэг гээд хүмүүжлийн хувьд ч олон давуу талтай. Тиймдээ ч бид хүүхэд хөгшдийнхөө төрсөн өдөр, насны ой зэрэг тэмдэглэлт баяруудыг чухалчилж, хүндэтгэл ёслол, баяр наадмын байдалтай өнгөрүүлдэг болсоор уджээ. Харин албан байгууллага,  хамтлагуудын төрсөн өдрийг жил бүр тэмдэглэх нь ямар ач холбогдолтой юм бол?
Албан байгууллагуудын хувьд ойн баяраараа багагүй төсөв гаргаж, ажилчид, харилцагчдадаа бэлэг барьдаг тул тэр бүр тэмдэглэх гэж улайрдаггүй. Үйлчилгээний байгууллагууд харин эл өдрийг овжин ашиглаж, менежментийн нэг хэлбэр болгон өөрт ашигтайгаар урвуулах нь түгээмэл. За тэр асуудлыг авч хэлэлцэхээ түр азная. Эл ойн ачаар хэрэглэгчид ч хөнгөлөлт, урамшуулал эдлэн сэтгэл хангалуун үлддэг бол үйлчилгээний байгууллагууд баяраа нэр хүндтэй бөгөөд ашигтай тэмдэглэн магнай тэнэгэр хоцордог аль алиндаа ашигтай баяр. Харин шил шилээ дарах хамтлагуудын төрсөн өдөр зах замбараагаа алдаж, өнөөх баярлах, баярлуулах үндсэн чигээс хэлбийж, зөвхөн өөрт ашигтай байдалд урвуулах өөдгүй хэлбэрт шилжээд байх шиг.
Зургадугаар сарын 24-ний өдрийг цээжинд хадагдаж, чихэнд хоногштол дуулж, төрсөн өдрөө хуанли дээр тэмдэглүүлэх дөхсөн “Камертон”-ыхны төрсөн өдрөөс эл баяр эхлэлтэй гэж хэлж болно. Цөөнгүй жил шил дарааллуулан тоглолт зохион байгуулж, “Үнэнч фэнүүдтэйгээ, үзэгчидтэйгээ хамт баяраа тэмдэглэхээр шийдлээ” гэх найрсаг тодотгол нь өнөөх өөрт ашигтай хувилбарыг өнгөлөн далдлах хамгийн ухаалаг шийдэл болж. Төрсөн өдөр хэмээн нэрийддэг нь ч учиртай. Үнэндээ байгуулагдсаны ойн баяр гэвэл зохих эл баяраа хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр байдаг төрсөн өдрийн баяртай нь уялдуулан холбох нь өнөөх өнгөлөн далдлалтын бас нэгэн хэлбэр. Камертончуудын эл ухаалаг менежментийг урлагийнхан өдгөө толгой дараалан хэрэглэдэг болж. Гэхдээ хуулбарлахдаа нэмж засварлан, сайжруулах биш, нэрийг нь ашиглах төдийгөөр бүр ч дордуулчихаж. Энэ онд гэхэд л “Номин талст”, “Sweetymotion” хамтлагуудын 15 жилийн ойн баяр нүсэр болж, араас нь “Киви” найман насны төрсөн өдрөө тэмдэглэнэ л гэнэ. “Lumino” тун удахгүй болох ойгоо угтсан 14 жилийн ойн парти зохион байгууллаа л гэнэ. Ойрын хэдэн жил ор сураггүй алга болсон “Ice top” ч өнгөрөгч онд 15 жилийн ойн баяраа хийчихсэн байх юм.
1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр “Boyz 2 men”, “Take That”-аас санаа авч “Салхи”, “Сүнс” гэх монголжуу содон нэртэй хамтлагууд төрж, тэдний араас “Камертон”, “Номин талс”-ынхан ч нэгджээ. Тэр ч байтугай өнөөх “East 17”, “U2” зэрэг нэрнийхээ аль нэгэн хэсэгт тоо оруулах моодноос ч монголчууд хоцроогүйн нэг баталгаа нь “Гайз 666”. Шоубизнесийн ертөнцийн төв дэх эргэлтүүдийг давтах үзэгдэл өдгөө ч Монголд үргэлжилсээр байна уу гэлтэй. “Spice Girls”, “Take That”, “Backstreet Boys”, “New Kids On The Block”-ийн эргэн нэгдэл, ойн баярыг онцгой тоглолтууд түүний тод жишээ нь.
Харамсалтай нь, тэд дахин нэгдэхийн давуу тал, ашиг хонжоог нь урьтал болгосноос биш үүрэг хариуцлага гээчийг нь гээгдүүлчихсэн бололтой. “Камертон”-ыхон гэхэд л эргэн нэгдэж шинэ дуу гаргана хэмээн дуншсаар өнөөх л “18 нас”, “Зүүд”, “Нулимсаа арч” гэх хуучны хитүүдээ л дахин дуулсан. Тэдний хажууд шоу бизнесийн өрсөлдөгч нарынхаа дунд эргэн нэгдсэн хэрнээ хамгийн залхуу хойргод тооцогдож буй “Spice Girls”-ынхон хуучны дуунуудаа дахин дуулсан “Greatest Hits” цомгоо гаргаад амжчихсан байх юм. Өнгөрөгч онд хоёр арваныг ардаа үдсэн рок попын ахмадуудын нэг гэдгээ ойн баяр-тоглолтоороо сануулаад амжсан “Сүнс”-ийнхэн ч таг чиг. Угтаа тэд тоглолтынхоо товыг гаргаж, зарыг тараахдаа “Энэ бол манай хамтлаг рок попын ертөнцөд эргэн ирж буйгаа харуулж буй нэг хэлбэр” хэмээн зарлаж түүнийг нь ч цөөнгүй хэвлэл мэдээллийн байгууллага уламжилсан байх юм.
Өнөөх хип хоп парти хийнэ хэмээн амлаж, 14 жилийн ойн баяраа тэмдэглэсэн Lumino-ынхонд ч хамтлагийн ахлагчийнх нь хоёр жилийн өмнө гаргасан цомгууд, номыг нь эс дурдвал сүүлийн хэдэн жилд шинээр туурвисан бүтээл гээд нэр цохоод дурдчихаар зүйл үгүй. Тоглолтын хувьд ч парти гэх орчин цагийн чамин нэрээр чимсэн, зохион байгуулалт муутай цэнгээн болоод өнгөрсөн. Үзэгчдийнх нь дунд үнэнч фэнүүдээс нь илүүтэй өнөөх баасан, бямбын үдшийн соёлтой зугаа цэнгээнээ арай өөр хэлбэрээр өнгөрүүлчих гэсэн стресээ тайлагчид олон харагдсан. Бүр хэл мэдэхгүй, зүс хөндлөн харийнхан ч хаа сайгүй харагдах. Хөгжингүй оронд суралцаж, харийн соёлтой танилцсан хамтлагийнхны үзэл бодол, уран бүтээлд шимтэж ирээгүй нь шар толгойтнуудын биеэ авч яваа авир байдал, дэргэдүүр нь өнгөрсөн дэгжин охидтой “Сайн уу?” хэмээн хазгай муруйхан мэндчилэх байдлаас нь илэрхий.
Хамтлаг нь тарж бутарсан хэмээн цуу яриа дэгдэж, тэрийгээ ч батлах гэсэн мэт гишүүд нь ч тус тусын уран бүтээлээ хөөгөөд хоёр гурван жил өнгөрчихөөд байхад “Киви” бас л ойн тоглолт хийх гэнэ. Гэхдээ бүр тав, арав биш найман жилийн ойн тоглолт. Ойн баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал урлагийнханд байдаг ч рок попынхон шиг 8, эсвэл 14-өөр биш бүр гурав, тавыг ч алгасч “Backstreet Boys”-ынхон ирэх онд 20 жилийн ойн тоглолтоо хийхээр төлөвлөж байх юм. Тэд эргэн нэгдсэнээс хойш ч зүгээр суугаагүй. 2003 оноос хойш “Never Gone” (2005), Unbreakable (2007), This Is Us (2009), TBA (2013) цомог, таван ч аялан тоглолт хийгээд амжчихсан байх юм.
Харь холынхныг тоодоггүй юмаа гэхэд хажуудах томчуудаас суралцах зүйл бидэнд их бий. “Инээмсэглэл” хамтлагийнхан гэхэд л жил бүр төрсөн өдөр гэж ташууралгүй 20 гаруй жил завсарласны эцэст 1980-аад онд дууг нь сонсож, даган дуулж, бишрэн хүндэтгэж явсан сонсогчдодоо жинхэнэ гэнэтийн бэлгийг барьсан. Тиймдээ ч үзэгчид нь бүтэн цагийн өмнө суудлаа эзэлж, үе үехэн алга ташиж тэднийг тэвдүүлэн, бас өөрсдөө ч суудал дээрээ өндөлзөн догдлон хүлээж байсан биз. Угтаа уран бүтээлчдийн, ялангуяа хамтлагийн ойн тоглолт гэдэг ийм л байх учиртай.
Өнөөх үе үехэн цуглаж, өгөх нэр олдохгүй болдгоос уу, үзэгчдийн татах овжин заль хэрэглэдгээс үү төрсөн өдөр гэх дотно тодотголтой тоглолтоо хийхийн тулд нэг хоёрхон дуу гаргасан болчихоод л  эргэн нэгдэж буйгаа зарласан атлаа ой өнгөрмөгц мөр мөрөө хөөдөг эмгэнэлтэй дүр зураг энэ салбарынхан дунд зуршил болоод үлдчих вий дээ. Хэв маягийг нь даган дуурайдаг эргэн нэгдэгсдийн жишиг ч тийм байдаг хэмээн биеэ өмөөрөх гэж байгаа бол “Take that” 2005 онд эргэн нэгдсэнээс хойш жил бүр сонсогчдодоо шинэ уран бүтээлээр бэлэг барьж, тэр ч байтугай хөгжмийн томоохон наадмуудад өрсөлдөн, түрүүлж шагналын цуваа нь өнөөдөр ч үргэлжилж байгааг сануулъя.
Ямартай ч хүссэн цагтаа цуглаж, хүний халаас руу шургалах гэсэн хүйтэн сэтгэл урлагийнханд байх учиргүй. Дуртай үедээ ойн баяр хийж, дурамжхан байвал хувийн бизнесээ эрхлээд таг чиг суучихад хэтийдсэн зан монголын рок попын салбарт хүчин зүтгэж явсан хожуу үеийнхнээс илрээд байх шиг. Дурсамж гэх нандин зүйлийг нь сэдрээх агуу хүчтэй урлагийг дур мэдэн ашиг хонжоо харж биш, жинхэнэ тоглолт гэнэтийн бэлэг, чанартай уран бүтээл л энэ салбарынхнаас төрөн гарах учиртай.

Monday, November 26, 2012

Чулуунд шингэсэн симфони


Буурал Европын жуулчдыг соронздон татдаг уран барилга, түүхийн дурсгалуудын уламжлал, хэв маягийн хэлтэрхий Улаанбаатарын уугуул барилгуудад ч бий гэвэл та итгэх үү? Дуурь бүжгийн эрдмийн театр, Драммын эрдмийн театр, Гадаад явдлын яам, Төв номын сан, Хөрөнгийн биржийн барилгуудын багана, гадаад засал эгээ л эртний Грекийн Парфеноны сүм, Зевсийн сүмийг санагдуулам. 

Архитекторууд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан нийслэл хотыг маань Европ хэв маягтай хэмээн дүгнэдэг. Эндээс Улаанбаатар хотын уран барилгуудад Европын уран барилгын хэв маяг хэрхэн уламжилж ирсэн юм бол гэх асуулт эрхгүй урган гарч ирнэ. Социализмийн үеийн Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа хэмээн шууд хариулж болох ч уг сурвалжийг ухвал бүр огт өөр баримт гарч ирдэг аж. Дэлхийн нэгдүгээр дайны үед ялагдсан герман, унгар, чехийн олзлогдсон цэргүүд Сибирьт хоригдож, тэдгээрийн зарим нь улс төрийн орогнол эрж, Богд хаант Монгол улсад дүрвэн ирж, амьдарч байсны дунд барилгын мэргэжилтнүүд ч цөөнгүй байж. Үүнийг гэрчлэх баримт 1970-аад оны хуучнаар Бүгд найрамдах ардчилсан Герман улсын нэгэн архитектурын сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. 1942 онд ЗХУ-п амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель Дуурь бүжгийн эрдмийн театрын зураг төслийг гаргасан тухайгаа эл сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Энэ үед баригдсан барилгуудыг неоклассицизмын урсгалд хамруулж болно. Учир нь ЗХУ-ын тусламжаар барьсан 1930-аад оны үеийн барилгуудын зураг төслийн ажлыг тус улсын архитекторууд хийж байсан аж. Эртний Грек, Ромын соёлын шууд тусгал болсон неоклассицизмийн үеийн барилгуудад өнөөх л эртний Грек, Ромын хэв маяг шингэсэн нүсэр том багана, дэлгэмэл гурвалжин бүхий дээврээр хашсан нүүр, жижиг хэсэг бүр бие биеэс алтан харьцаагаар хамаарагдах зэрэг онцлогууд тусгагддаг. Гадаад явдлын яам болон МУИС-ын байр, Төрийн ордны ард байх орон сууцны барилгууд, хуучнаар “Алтай” зочид буудал байсан хотын захиргааны байр, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг барилгууд энэ урсгал чиглэлийн шууд тусгал болсон байдаг.
Сонирхолтой нь Орос болон Германд төр засгийн сүр хүчийг илтгэхэд чиглэгдсэн архитектурын урсгал олон нийтийн барилга байгууламж төдийгүй орон сууцаны барилгад ч илт давамгайлах болсон нь манай улсын барилгын салбарт ч хүчтэй нөлөөлж. Үүний тод жишээ нь “Гутлын 22” хэмээн бидний нэрлэж заншсан орон сууцны барилга, Саарал ордны арын орон сууцны барилгууд. Гадаад засал төдийгүй дотоод өрөөний зохион байгуулалт, тохижуулалтыг нь авч үзвэл уг барилгууд классициизмын урсгалд хамаардаг аж. Классицизимийн урсгалын орон сууцны барилгууд тааз өндөр, тансаг, тохитой тухлаг байдлыг голчилсон байдаг нь “Гутлын 22” барилгуудын засалд тод харагдана. Эгээ л эртний Европын язгууртнуудын шилтгээн мэт зочны өрөөний гол цонхны хэсгийг гадагш төвийлгөн зохиомжилсон нь тансаг байдлыг бий болгохын зэрэгцээ орон зайн тэлэлт хийж, гэрлийн тусгалыг ч ихэсгэж өгсөн нь классицизмийн тухлаг хэмээн хэв шинжэд яв цав нийцнэ.
Суурин соёл иргэншил төвөөс тэлдэг зарчимтай. Тиймдээ ч ихэнх хотууд өөрийн төв талбайтай байдгийн жишгээр ардын хувьсгалын 25 жилийн ойноор буюу 1946 онд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг талбайн төвд байрлуулан, эргэн тойрныг соёл урлаг, засаг захиргааны барилгаар хүрээлүүлж, уран барилгын чуулган болгох төлөвлөгөөг зөвлөлтийн мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байдаг. Энэ дагуу өнөөгийн Сүхбаатарын талбайг хамгийн оновчтой буюу 250*250 метрийн харьцаа бүхий шийдэлтэй Парисын Зөвшилцлийн талбайгаас санаа авч, төв талбайг засаж зохижуулсан түүхтэй байдаг аж.
1960-аад онд барилгын салбар, тэр дундаа уран барилгад бас нэгэн шинэтгэл гарсан нь 1956 онд ЗХУ-д архитектур зардал ихтэй элдэв чимэглэлийг халж, хүн амд хүртээмжтэй барилга байгуулах тухай шийдвэр гарсантай шууд холбоотой. Барилгын явцад гарсан өргөтгөл болон гол багануудыг чимгэлэл болгон ашигладаг конструктивизмын зарчимд тулгуурласан барилгуудын тоонд Б.Чимэдийн зохиосон “Улаанбаатар” зочид буудлын барилга, Б.Дамбийнямын төсрөлөөр барьсан Урт цагаан үйлчилгээний төв, өнөөгийн Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн барилга, “Ард” кинотеатр, Спортын ордон, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, “Баянгол” зочид буудал болон 40, 50 мянгатын орон сууцны барилгууд ч орно.
Түүнчлэн улс төрийн сүр хүчийг барилгаар илэрхийлэх, коммунист үзэл суртлын бодлого болох баялгийг тэгш хуваарилах зарчим уран барилгад ч тод илэрсэн байдаг. Хрушевийн эл үзэл суртлын даалгавраар ЗХУ-д кино бүтээгчдэд шоглуулах хүртлээ хэвлэсэн юм шиг барилгууд баригдаж байсан нь манай улсад ч нөлөөлсөн. III, IV хороолол, I болон X хорооллын орон сууцны барилгууд бол энэ үеийн үзэл суртал барилгын салбарт нөлөөлж байсны гол баримт юм. Түүнчлэн улс төрийн сүр хүч далайцтай, асар том аугаа байдгийн адилаар тухайн үеийн барилгууд ч эрс сүр хүч нэмж, олон давхар болсон нь бий. Өндөр хоршоо хэмээгдэж байсан дэлгүүр ердөө л хоёр давхар байсан бол тухайн үед цөөн хүн амтай байсан нийслэлд Улсын их дэлгүүрийг долоон давхар барилгатай байхаар барьсан нь өнөөх сүр хүчний бас нэгэн илэрхийлэл.
Техник технологийн хөгжлийг дагаад барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. 1960-аад конструктивизм шингэсэн их бүтээн байгуулалтаас хойш сонгодог уран барилгууд баригдаагүй гэхэд хилсдэхгүй. Харин технологийн шинэчлэлийг чимэглэлд ашигласан эл урсгалын барилгууд сүүлийн үед олноор төрөх болсны тодхон жишээ нь Central Tower, Bly Sky Tower юм.

Зураг.

Классицизмийн буюу сонгодог урсгал ноёлж байсан 1930-1940-өөд оны үе. Неоклассицизмийн урсгалд хамаарах барилгуудын өрөө тасалгааны зохион байгуулалт, хөвөө, хана, багана болон жижиг хэсэг бүрийн харьцаанаас эртний Грек Ромын уран барилгын шууд тусгал ажиглагдана.

Энхтайваны гүүрний гол тулгуурыг чимэглэл болгон ашигласан нь конструктивизм чиглэлд шууд хамаардаг. Чимэглэлд илүү зардал гаргахгүйгээр, барилга байгууламжийг хүртээмжтэй байлгах нь конструктивизмын гол зарчим. Энэ үеийн барилгуудад Улсын их дэлгүүр, “Ард” кинотеатр, “Баянгол” зочид буудал, Урт цагаан үйлчилгээний төв, 40, 50 мянгатын орон сууцны барилгууд хамаарна.

Барилгын материалын дэвшилтэт технологийг барилгын чимэглэлд ашиглах болсон нь шинэ конструктивизмын урсгалд хамаарна. Шууд угсардаг, ажиллагаа багатайн дээр барилгын үндсэн хана, цонх нь илүү чимэглэл, хэсэггүй, үндсэн үүргээ хадгалахын зэрэгцээ харагдах үзэмжээ ч тодотгодог хэмнэлттэй, ажиллагаа багатай эл төрлийн барилга сүүлийн үед ноёлж буй.

Шүдний өвчлөлийн буруутан нь хэн бэ?


Шүдний ломбо тавиулчихаад гэмших сэтгэгдэл төрж байна уу? Энэ бүх үр дагавар зөвхөн таны буруугаас болоогүй ч байж мэднэ. Зүгээр л таны хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн чинь хэтэрхий зөөлөн байж болох юм. Угтаа та бид яг л өвөг дээдэс шигээ хатсан мах л зажилж суух учиртай аж. 
Хойд Кэролинд болсон эрүү болон амны хөндийн эрүүл ахуй, түүний хувьсал хөгжил сэдвээр болсон бага хурлын үеэр мэргэжилтнүүд болон судлаачид, эрдэмтэд “Бидний хооллолтын байдал элэнц хуланцын үеийнхээс огт өөр болсон. Энэ нь амны хөндийн элдэв өвчлөл, шүдний гажиг түгээмэл болох үндсэн шалтгаан болж буй” гэх дүгнэлтийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Эл дүгнэлтийг Лондоны коллежийн биоархеологийн профессор Саймон Хилсоны эртний хүмүүсийн амны хөндийн судалгаан дээр үндэслэж хийсэн байна. Тэрбээр эл судалгааныхаа тухай “Антропологийн мэдээллүүдээс харахад бидний өвөг дээдсийн шүд илүү бат бөх байсан гэх дүгнэлт гардаг. Ингэхдээ бид зөвхөн чулуужсан олдворуудад шинжилгээ хийж түүнээсээ дүгнэлт гаргасан юм биш. Бүр саяхныг хүртэл тодруулбал газар тариалан эрчимтэй хөгжихөөс өмнөх үеийнхэнтэй адилхан хооллолттой 1950-аад оноос өмнөх үеийн бушменуудын анатомийн бүтцийг судалж, дүн шинжилгээ хийсэн” гэжээ.
Анчдаас тариаланч руу шилжих үе бүр 13 000 жилийн өмнө эхэлсэн нь хүн төрөлхтөнд шүдний эмгэг гэх бас нэгэн шинэ зүйлийг өгсөн. Аж ахуй эрхлэлтийн эл өөрчлөлтийн үр дүнд бидний хүнс илүү зөөлөн болж, эрүү чилтэл зажлах шаардлагагүй болсон байдаг. Энэ нь эрүүний бүтцэд шууд шөлөөлж, хүн төрөлхтний эрүү улам бүр жижгэрсэн байна.
“Бидний хүнс ердөө л жимс жимсгэнэ, мах, ногоо, үр тариа, самар гэсэн орцтой байсан бол өдгөө хэрэглэж буй хүнсний ихэнх нь шууд хэрэглэхэд бэлэн болгож боловсруулсан чихэр ихтэй, зөөлөн болж хувирсан” хэмээн Ньюкэстл их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн профессор Жимми Стил тайлбарласан байна.
Хамгийн эмгэнэлтэй нь эл хувьслын үр дүн энэ хэвээр цааш үргэлжилбэл хүн төрөлхтний бие махбодид дахин хувьсал гарч, бид шүдгүй болж мэдэх нь гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрээд буй.

Орсгой болох
Орсгой болох нь шууд хамааралтай байдаг шүд болон эрүүний харьцаа алдагдсантай холбоотой. Үүний нэг илрэл нь шүдний зуулт буруу байх явдал. Их Британид гэхэд л 12 настнуудын гурван хүүхэд тутмын нэгийнх нь шүдний зууль буруу байна гэсэн статистик баримт бий. Мэдээж энэ бүхний гол шалтгаан нь өнөөх эрүүний дасгал болох зажлах үйл явц багассаных.
Эртний хүмүүст ийм эмгэг бараг байдаггүй бай. Эртний Египетийн Фарао Акенатон (НТӨ 1353-1333) олдсон 94 араг ясыг судлахад тэдний нэгэнд ч ийм эмгэг илрээгүй байна.
“Египетчүүд ихэвчлэн ширхэг ихтэй зажлууртай хоол хүнс хэрэглэдэг байснаас тэдний дунд шүдний өвчлөл бага байсан гэж шууд дүгнэн хэлэх боломжтой. Хоол зажлуур ихтэй байх нь хүүхдийн шүд болон эрүүний хөгжилд эергээр нөлөөлөөд зогсохгүй, орсгой болохоос ч урьдчилан сэргийлдэг” хэмээн профессор Стил өгүүлжээ.

Шүд цөөрөх
Хүн дөрвөн агт араатай, нийт 32 шүдтэй байх ёстой хэмээн анатомийн хичээл дээр бид үздэг. Харамсалтай нь орчин цагт энэ тоо дунджаар 25.7 болон буураад байгааг эрүүл мэндийн салбарынхан судалгаагаар тогтоожээ. Учир нь эрүүний хөгжил муугаас амны хөндийн зай багасч, энэ нь шүдний тоонд шууд нөлөөлсөн байх нь. Ихэвчлэн 18-25 насныханд агт араа ургадаг байсан бол орчин цагт агт араа ургах нь бүр нүдний гэм болж.
“Энэ бүхэн нь өнөөх нь зажлах үйл явцаас үүдэлтэй. Эрт үеийнхэн махаа зажилж, энэ нь эрүүний ясны хөгжлийг дэмжин, бат бөх, том болгож, тиймээс ч өнөөх байх ёстой 32 шүд бүгд ургадаг байж” хэмээн доктор Картер тайлбарласан байна.
Гэхдээ эл эмгэгийг хөхөөр хооллохоос эмэгтэйчүүд татгалздаг болсонтой холбон тайлбарлах эрдэмтэд ч байдаг. Хөхөө хөхөх нь багачуудыг буйлны өвчлөлөөс сэргийлдэг гэж тэд үздэг.
Юутай ч Хойд Америкт 1920-1940-өөд онд амьдарч байсан индианчуудын 370 хүний ясанд судалгаа хийхэд шүд дутах, эсвэл муруй байх тохиолдол илрээгүй бол орчин цагийн хүмүүсийн дунд зуулт зөрөх, шүд дутах болон бусад ясны эмгэг цөөнгүй илэрсэн байх юм.
Буйлны өвчлөл
Буйл хавдах, үрэвсэх, халдварлах нь хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл. Насанд хүрэгчдийн тал хувь нь буйлны өвчлөлтэй байдаг аж. Бас л эртний хүмүүс ийм өвчин гэдгийг бүр мэддэг ч үгүй байсан гэхэд хилсдэхгүй.
Тайваний НТӨ 1800-500 оны үед амьдарч байсан хүмүүсийн биед шинжилгээ хийхэд амны хөндий, буйлны ямар нэгэн өвчнөөс шаналж байгаагүй нь тогтоогджээ.
“Буйлны элдэв өвчлөл бий болох шалтгаан нь мөн л хатуу мах, зажлууртай ногоо хэрэглэхээ больсонтой холбоотой. Эдгээр хүнс нь байгалийн оо болдог байж” хэмээн Картер эмч тайлбарлажээ.

Хорхойтох
Нас нэмэх тусам хөгшрөлттэй хамт сэтгэл зовниулдаг бас нэг өвчин бол шүд цоорох. Харин эртний хүмүүсийн дундах эл өвчлөлийг тоолбол таны нэг гарын таван хуруу хангалттай хүрэлцэнэ хэмээн профессор Хилсон сонирхуулсан. Гэтэл байдал өнөөдөр огт өөрөөр эргэсэн.
Их Британийн насанд хүрэгчдийн 55 хувь нь нэг ба түүнээс олон цоорсон шүдтэй байна гэсэн судалгаа бий. Бүр 15-аас доош насныхан ч хэдийнэ шүдний цоорол гээчийн зовлон амссан байх юм.
“Нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь амны хөндий дэх нян үржих таатай орчныг бүрдүүлдэг. Мөн амны хөндийн хүчиллэг байдлыг нэмэгдүүлж, шүд хайлах явцыг түргэсгэдэг” хэмээн Шүдний институтын профессор Филип Марш тайлбарласан.
Гэхдээ хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол хүнсэндээ чихэр ихээр хэрэглэдэг болсон явдал. Ялангуяа 1800-аад оноос эхлэн британичууд элсэн чихэр бол тансан хэрэглээ гэж үзэх болсон байна. Үр дүнд нь шүдний цоорол хүн төрөлхтний толгойн өвчин болж.

Тэгвэл бид юу хийх вэ?
Цөөнгүй эрдэмтэд эрүүний булчинг сайн ажиллуулж, зажлах үйлдлийг дөрвөн настай байхаас нь олон давтуулдаг болсноор энэ асуудлыг шийдэж болно гэж үзэж байна. Хатуу мах, үр тариа, зажлууртай ногоо хэрэглэх нь тустай гэж үзэх ч эрдэмтэн цөөнгүй байна.
Харин Картер эмч “Бүх төрлийн хүнснийхээ найрлаганд чихрийг аль болох оролцуулахгүй, гаазтай ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн ундааг хүйтнээр уух нь шүдийг гэмтээх явцыг багасгадаг. Чихрийн хэрэглээгээ багасгаснаар багагүй үр дүнд хүрнэ” хэмээн зөвлөжээ.

Тунхаглаагүй тусгаар тогтнол



Шинэ жил, ардын хувьсгалын ой, цагаан сар, олон улсын эмэгтэйтэйчүүдийн баяр, эх үрсийн баярын өдөр, монгол цэргийн өдөр... Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэндээ бид энэ баярын жагсаалтыг наймдугаар сарын 8-ныг аавуудын өдөр болгон зарлаж, даяаршилтай хөл нийлүүлэн алхаж буйгаа мэдрүүлэх гэж Гэгээн хайрын өдөр, Сүнсний баяр, Зул сарын буюу Христийн шашинтнуудын үздэгээр Есүсийн төрсөн өдрийг ч алгасалгүй тэмдэглэх болсон. Үүн дээр үндэсний бахархлаа зарлан тунхаглах Чингис хааны мэндэлсний ойн баяр нэмэгдэх нь тэр. Хачирхалтай нь харийн болон үндэсний, хамтын болоод цөөнхийн эл олон баярын жагсаалтаас тунхаглан, бахдан зарлах учиртай Тусгаар тогтнолын баяр гээгдээд хоцорчихов уу даа. 

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт БНХАУ бүх нийтээр долоо хоног амарч, хил  гаалиа хаадаг. Элдэв төрлийн барааны хомсдлын тухайд “Хятадууд долоо хоног амарч, хилээ хаасан” хэмээн наймаачид тайлбар тавихыг та сонсож л байсан байлгүй. Харин тэд юунд ийн ажлаа алдан найрлаж цэнгэдэг юм бол гэсэн асуулт төрж байв уу? 1949 оны аравдугаар сарын 1-нд тус улс Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдаж, Тиань ань мений талбайдаа ёслол төгөлдөр баяраа тэмдэглэж байж. Түүнээс хойш эл өдрийг тусгаар тогтнолын баярын өдөр хэмээн тунхаглаж, жил бүрийн энэ өдрийг бүх Хятад даяар (Хонконг, Макауд ч тэр) ёслолын буудлага хийж, тоглолт зохион байгуулан баяр ёслол, хүндэтгэлийн байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
Яг л энэ жишгээр бид орчин цагийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан төрт улсын илэрхийлэл болсон анхдугаар үндсэн хуулиа 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталснаа “Тусгаар тогтнол”-ын өдөр хэмээн нэрийдэж, тэмдэглэлт баярын өдөр хэмээн хуанлин хуудаснаа улаанаар будаж, баярлах болсоор цөөнгүй жилийг ардаа үдсэн. Өвөө эмээ нарын бага залууд төв талбайд баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, үнэ цэнэтэй эл баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд бүх нийтийн амралтын өдөр, үндэсний бөхийн барилдаанаар л төсөөлөгддөг болсон нь өдгөө бүр үгүй болж байгаа юм биш биз.
Тусгаар тогтнолын баярын тухайд үндэсний хувцасны өдөрлөг, бөхийн барилдаанаас өөр төсөөлөл ойлголт маруухан шинэ цагийн залуус Зул сарын баяр, Валентиний өдөр, Сүнсний баярын талаар харин уртаас урт мэдээлэл хүргэж чадна. Тэд эдгээр баярыг хуруу даран хүлээж, бэлэг сэлт, хувцас хунараа хэдэн сарын өмнөөс бэлдэж төхөөрөх атал Тусгаар тогтнолын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар тоймтой ойлголт ч үгүй. Угаас бид залуу үедээ тусгаар тогтнолын үнэ цэнийг тунхаглан таниулаагүйгээс, эл баярын ач холбогдлыг үлгэрлэн үзүүлээгүйн үр дүн нь тэр.
Нөгөөтэйгүүр бид баярлах дуртай атал баярынхаа ач холбогдол үнэ цэнийг бус, зугаа цэнгэл, найрлаж наргихыг л илүүд үздэгийн хор уршиг энэ. Тиймдээ ч манайхаас бусад бараг бүхий л оронд нэн тэргүүнд тавьж, ёслол төгөлдөр тэмдэглэдэг, товчхондоо хамгийн чухал баяр нь монголчуудын хувьд их ажлаас түр холдож, амсхийх энгийн нэгэн амралтын өдөр төдий болон хувираад байсан.
Эл ээдрээт байдлыг бүр ч төөрөгдүүлж орхисон бас нэгэн зүйл бол арваннэгдүгээр сарын 26-ныг тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлох нь зөв үү гэх асуудал. Үнэхээр ч түүхчдийн өгүүлж буйгаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсон хэдий ч түүнээс өмнө буюу 1911 онд тусгаар улс болсноо тунхаглан зарлаж байсан түүх бидэнд бий.
“Богд Живзундамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үр дүнд хүрч, 1911 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон. Энэ үеэр Богд Живзундамба хутагтыг Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан дарийг “Улсын эх” хэмээн өргөмжлөн, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их хүрээг улсын төв “Нийслэл хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ” гэх өгүүлбэрүүдийг та түүхийн ном товхимол, сурах бичгүүдээс уншиж л байсан биз.
Түүхчид ч эл төөрөгдлийг арилган, Бүгд найрамдах хэмээх засаглалтай улс болсноо биш, туурга тусгаарласан өдрөө албан ёсоор баярлан өнгөрүүлэх тухай асуудлыг хөндөн хэдэн жилийн өмнөөс хэлэлцэж, Ерөнхийлөгчид Тусгаар тогтнолын баярын өдрийг эл өдөрт шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байжээ. Тиймдээ ч өнгөрөгч онд эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” хэмээн онцолж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Засгийн газрын шийдвэрээр эл өдөр бүх нийтээр амарч байж.
Гэсэн ч бусад орнуудынх шиг сүрдэм ёслолын буудлага, баярын жагсаал, тоглолт, үгүйдээ л өрх айл бүр баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх эл баяр өнөөх арванхоёрдугаар сарын 25-31-нд үргэлжилдэг Есүсийн төрсөн өдөр, он солигдох баярын сүр дуулианд дарагдан өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Өнөө жил харин үндэсний бахархал эзэн Чингисийн төрсөн өдрийн хүчтэй давалгаанд өнөөх уламжлал болгон тэмдэглэж ирсэн Тусгаар тогтнолын өдөр цохигдон үгүй болох нь тэр.
Бусдын эрх мэдэл, эзэрхэг ёсноос хараат бус, эрх чөлөөт ард түмэн гэдгээ ухамсарлан ойлгож, тусгаар тогтнол, бие даасан байдлын үнэ цэнийг таниулах чухал ач холбогдолтой эл баярыг зөвхөн Азид ч бус, Америк, Австри, Аргентин, Бразил, Куба, Грек, Унгар, Энэтхэг, Солонгос, Мексик, Польш, Швед, Швейцарь тэргүүтэй дэлхийн олонх орнууд баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг.
Америкт гэхэд л Их Британийн эзэнт улсаас салан тусгаарлаж, 13 мужаа өөртөө нэгтгэн өрх тусгаарласнаа тунхаг бичигт тэмдэглэн гаргасан 1776 оны долдугаар сарын 4-нийг түүхт баярын өдөр хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Эл өдөр баярын жагсаал, галын наадам, багт наадам, үзэсгэлэн яармаг, тоглолт, бейсболлын тэмцээн, гэр бүлийн уулзалт, баярын хүндэтгэлийн хурал зэрэг олон талт арга хэмжээ салбар бүрт өрнөдөг. Тиймдээ ч америк иргэн бүр эл баярыг тэсэн ядан хүлээж, чухал ач холбогдол өгч, товчхондоо бидэн шиг илээд өнгөрөх биш, жинхэнэ ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг аж.
Хөгжингүй орныхныг даган дуурайн хөл алдаж, данхайсан төсөвтэй далайцтай тэмдэглэхгүй юмаа гэхэд ядаж афганистанууд шиг дэлхийн өнцөг булан бүрт суугаа афганчууд баярлаж, төрийн тусгай ёслол үйлддэг, Финлянд шиг төрийн өндөрлөгүүд оролцсон албан ёсны арга хэмжээ зохион байгуулж, түүнийгээ орон даяар нэвтрүүлдэг байх сан. Гол нь найрлаж, наргиж цэнгэхдээ бус, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэндээ таниулдаг, эл баярыг элдвийн чамин нэр, сүржин тодотголтой гаднын баяруудаас илүү чухалчилдаг болгон иргэдээ төлөвшүүлэх нь баярын эрхэм зорилго байгаасай.
Бүгд найрамдах ч бай, Богд хаант ч бай хараат бус, бие даасан гэдгийг тунхагласан өдрийг л нэхэн сануулах учиртай тусгаар тогтнолын өдөр суутан, гавьяатан, алдартан, түүхт нэгний төрсөн өдөрт дарагдаад, нэр дурдах төдий өнгөрдөг элээх эгэл жирийн өдрүүдийн нэг болон бүү хоцроосой.


Monday, November 5, 2012

ТӨХӨӨРӨМЖӨӨ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН УУ?


Эвдэрч, элэгдэж, алга болж, хулгайд алдсан бол утас, зөөврийн компьютер гэх мэт өдөр тутмын хэрэглээ болсон төхөөрөмжөө шинэчлэхээс өөр аргагүй. Харин загвар нь хэдийнэ хуучирч, үеэ өнгөрөөсөн ч ажиллагаа нь хэвийн төхөөрөөмжийг загвар, хэв маяг хөөж солих шаардлагатай гэж үү гэсэн эргэлзээ танд төрдөг л биз. Цаг үеэ дагаж, шинэ соргог, технологийн дэвшлийг биеэр мэдрэх гэсэн хүсэлдээ бууж өгч, хэт ойрхон, үл анзаарагдам өөрчлөлт гарсан төдийд л хуучнаа шинээр солих гэж хэтэвч рүүгээ гар явуулдаг нэгэн ч байх.
Харин хэдийд төхөөрөмжөө солих нь илүү оновчтой юм бэ?
Харин би бол хамгийн түрүүнд тухайн төхөөрөмж тань хэдий хугацаагаар таны хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжтай байлгаж чадна тэр хүртэл шинэчлэх хүслээ түр тэвчихийг хичээдэг. Харин энэ талаар Gartner технологи судалграаны компанийн шинжээч Майкл Гартенберг “Ихэнх төхөөрөмжүүд 3-4 жилд бүрэн шинэчлэгдэж байдаг” гэж зөвлөсөн байдаг.
2008 онд гэхэд л зөөврийн компьютер нимгэн, хөнгөн болж хүмүүс өдрийн турш хүссэн газар руугаа зөөж явахад дөхөм болсон хэмээн Гартенберг онцолсон. Харин дэлгэц нь өнгөрөгч оноос л өндөр нягтралтай болж, нэгэн зэрэг хэд хэдэн аппликэшнийг саадгүй ажиллуулах боломжтой болсон аж. Гар утасны хувьд 3G болон 4G сүлжээнд шилжсэнээр зураг, бичлэгээ нэгээс нөгөө рүү шилжүүлэх боломжтой болсон.
Гол нь таны төхөөрөмжөө хэр ойрхон солихоос үл хамааран санхүүгийн байдалд тань хүндрэл учруулахгүй, эдийн засгийн хувьд та сэтгэл хангалуун байх нь чухал. Шинэ төхөөрөмжийн тань үнэ цэнэ ердөө хэдхэн цаг л таны сэтгэлийг баясгана гэдгийг бүү мартаарай. Миний туршлагаас харахад үнэ ихтэй төхөөрөмжийг ойр ойрхон солихдоо бид байнга хэрэглэх эсэхээ төдийлэн тооцоолдоггүй. Яг л хааяа нэг асаадаг зурагтаа байнга шинэчилж, баяр ёслолын үеэр л гаргаж хэрэглэдэг зургийн аппаратаа байнга солихтой адил.
Бидний өдөр тутам хэрэглэгддэг жижиг төхөөрөмжүүдийн байдал цаашид хэрхэн эргэхийг харъя л даа.
УХААЛАГ УТАС
Хэрэв та утсаа зам зуур явахдаа цахим шуудангаа шалгах төдийхөнд л ашигладаг бол гурван жилд нэг удаад л шинэчлэхэд хангалттай. Харин эсрэгээр та алхам тутамдаа ашигладаг бол жил бол эсвэл 20 сар тутам шинэчилбэл тохиромжтой.
Тоо бодъё л доо. АНУ-д гэхэд л хэрэглэгчид үүрэн холбооны байгууллагуудтай хоёр жилийн гэрээ байгуулдаг. Хүсвэл 20 сар тутам гэрээгээ шинэчилсэн ч болно. iPhone 5 эсвэл Samsung Galaxy S III шиг өртөг ихтэй (үнэ нь 200 доллараас эхэлдэг) утасны хувьд дагалдах үйлчилгээ зэргийг оролцуулан 2000 хүртэлх долларын гэрээ байгуулж болно. Тэгэхээр үнийн дүнгийн 10 хувийг л төхөөрөмжинд зарцуулж байна гэсэн үг. Гэхдээ та ямар утас хэрэглэж байгаагаас үл хамаарч хэрэгцээтэй үедээ л гар утсаа шинэчилж болно.
Энэ үүднээс авч үзвэл хямд утас барьж хэдхэн долларын зөрүү гаргах нь үнэндээ тийм ч ухаалаг сонголт, хэмнэлт биш.
Технологи сонирхогчид жил бүр гар утсаа шинэчлэхийг илүүд үздэг. AT&T-ын хэрэглэгчид гэхэд л гэрээ байгуулсан үйлчлүүлэгчдийн тэн хагас нь жилийн дараа гэрээгээ шинэчилж, 200 долларын үнэтэй ухаалаг утас сонгодог. Зэвүүцмээр сонсогдож ч болох. Гэхдээ би гар утас хэрэглэж эхэлсэн цагаасаа хойш зөөврийн компьютерээс илүү утастайгаа нөхөрлөх болсон. Энэ нь 16 цагийн багцтай хэрэглээг сонгосон үед цаг тутам 10 цент үйлчилгээний хөлснөөс хэмнэж байна гэсэн үг.  Би зөвхөн утастай амьдарсан ч чадна.
Сэрэмжлүүлэх нь: Үүрэн холбооны байгууллага бүрт өөрийн гэсэн дүрэм журам, тогтсон хэв маяг, үнийн санал байдаг. Тэгэхээр юуны өмнө үйлчлүүлдэг байгууллага руугаа залгаж, утсаа шинэчилбэл ямар зардал гарах талаар лавлаж асуугаарай. Хамгийн түрүүнд мөрдөх дүрэм бол та хэн нэгний төлдгөөс хоёр дахин илүшүг утсаа шинэчлэхийн тулд төлөх шаардлагагүй.
Эцэст нь, хэрэглэж байсан утсаа зарах боломж цар хүрээ өргөн бий. Тиймээс хуучин гар утсаа цахим худалдаа ашиглан борлуулж,  шинэ утасныхаа үнийн тал хувийг ч болтугай олох боломж бийг санаарай.
ТАБЛЕТ
Унших, кино үзэхэд тохиромжтой сонирхолтой төхөөрөмж бол Таблет. Миний хувьд цөөн хэдэн шалтгааны улмаас энэ төрлийн төхөөрөмжөө шинэчлэх гэж яарсны хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.
Юун түрүүнд тэд бараг бүгд адилхан. Apple-gossip цахим хуудсыг үндэслэгч Арнольд Кимийн хэлсэнчлэн iPad-ын шинэ загвар бүр өмнөхөөс төдийлэн өөрчлөлтгүй байдаг. Анхны iPad бол тун сайн хувилбар юм шүү.
Хоёрдугаарт iPad болон Kindle Fire HD бараг л боломжийн ухаалаг утас, зөөврийн компьютертэй дүйцэхүйц 300-500 долларын үнэтэй байдгийг сана. Гэсэн атал ухаалаг утас шиг авсаархан биш, зөөврийн компьютер шиг олон үйлдэлтэй биш. Эдгээрээс хамгийн бага хэрэглэгддэг нь таблет гэдгийг би олон хүний жишээнээс харсан юм.
Эцэст нь үнийн талаар дахин ярилцъя. Хэрэв та 500 долларын iPad-ыг долоо хоногт ердөө л гурван цаг хэрэглэдэг бол цагт нэг доллар зориулсан төхөөрөмжөө гурван жилийн дараа л солих тухай бодсон нь дээр. Энэ тоо таныг бухимдуулж байж мэдэх юм. Би гэхэд л хогийн сав руу цаг тутам нэг доллар хаяж байхаар унших, кино үзэх гэх мэт хэрэгцээгээ өөр төхөөрөмж дээр хангахыг илүүд үзнэ.
ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР
Хэрэв та компьютерийн өмнө өдрийн турш суудаг сая сая хүмүүсийн нэг бол зөөврийн компьютерээ гурван жил тутам нэг удаа л сольж байгаарай. 1500 долларыг компьютер авахад зарцуулдаг бол ингэж ашигласнаар цаг тутам 15 цент л зөөврийн компьютерээ хэрэглэснийхээ төлөө өгсөн гэсэн үг болно.
Гэхдээ өөр нэг түлхүүр бий. Компьютерүүд ихэвчлэн хоёр жил тутам шинэчлэгддэг. Стандарт компьютер цөөнгүй хэрэглэгчид тухтай байх нь бий. Зарим нь төхөөрөмжийнхөө хурдыг урьтал болгож, түүнээс шалтгаалан ажил нь урагшилдаг байхад YouTube,  Facebook-ээс хэтрэхгүй хэрэглээтэй нь стандартыг илүүд үзэх жишээтэй.
Заримдаа бүхэлд нь биш эд ангиуд нь шинэчлэх шаардлага гардаг. Хурдыг нь сайжруулахын тулд хатуу дискнийх нь багтаамжийг ихэсгэх, эсвэл диск тоглуулагчийг нь шинэчлэн сайжруулах гэх мэт цөөнгүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд эргэлзэлгүй шинэчлэл хийх нь зүйтэй. Хэрэв дассан программаа илүүд үздэг бол шинэчлэх гэж яарах хэрэггүй. Хуучин программууд тань таны хэрэгцээг хангаад л байгаа бол та программын шинэчлэлээс татгалзсаныхаа төлөө 100 доллар хэмнэнэ.
ЭЦЭСТ НЬ
Хэн ч төхөөрөмжөө шинэчлэхийг хүлээн гуниглан суухыг хүсдэггүй. Бид бол шилдгийг худалдан авахыг хүсдэг хэрэглэгчид. Гэхдээ та төхөөрөмжөө шинэчлэхийн төлөө амралт зугаалгынхаа мөнгөнөөс, чанартай хувцас авах, тухтай амрах ор худалдан авах мөнгөнөөс хумслах хэрэггүй. Хэрэв төхөөрөмж тань эвдэрч, хулгайд алдагдаж, гээгдээгүй л бол шинэчлэхээ түр хойшлуулсан ч болох шүү дээ.

Шинэ цагийн нийгмийн гамшиг



Чингисийн үр удам хэмээн цээжээ дэлдэх дуртай монголчууд бид тун удахгүй бас нэг тоон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх хандлагатай байна. АНУ-ын гэр бүл судлалын төвөөс 2004 онд гаргасан судалгаагаар гэр бүл цуцлалтаар 29-т жагсаж байсан бол энэ жил эхний арав руу огцом дэвшжээ. 

Мянган хүн тутамд хэдэн гэр бүл цуцлалт ноогдож байгаагаар арав гаруй жилийн өмнө улс орнуудыг жагсаасан эл статистикт монголчууд 0,37 хэмээн хариулж байж. Харин энэ оны эхний гурван улирлын байдлаар гэхэд л энэ тоо үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд буюу 1,5 болтлоо суга өссөн байх юм. Харамсалтай нь энэ тоон үзүүлэлтийг цаасан дээр бичиглэсэн гэрээ, шүүхийн шийдвэр төдийхнөөр бус бодит амьдрал дээрх тоон үзүүлэлтээр гаргавал бүр ч өсөх нь дамжиггүй. “Хамтран амьдрагч” гэх хөгжингүй орнуудтай хөл нийлүүлж буйгаа батлах хачин маягтай нэр томъёогоор өөрсдийгөө гоодсон хосууд өнгөрөгч оны байдлаар гэхэд л найман гэр бүл тутамд нэг ногдож байх юм. Гэр бүлийн үнэт зүйлс гээчийн хэдийнэ умартаж орхиод цаасан дээр дансгүй өрх нэмчихсэн эдгээр хосуудын хэд нь нийлж, хэд нь салж байгааг бодитойгоор тооцох аргагүй. Товчхондоо гэр бүл болох, салах асуудалд хосууд гэртээ тоглон суух хүүхдүүдийн наадгай адил хандаж, өнөөх улсын үндэс хэмээгддэг гэр бүл гэх нэгж төд мөдгүй мартагдах шинжтэй.
Хосуудын хоорондын асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбон дэвэргэлээ хэмээн хойш тавих гэж байгаа бол түр азнаарай. Зөвхөн он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 415 бүртгэгдэж, хэдийнэ 41 хүний амийг авч одсон бол, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар монгол хүний гэнэтийн үхлийн шалтгааны хоёрдугаарт хүчирхийлэл, гэнэтийн осол бичигдсэн байх юм.
Хөгжингүй орнуудад халдлага, томоохон гамшиг сүйрлийн үед тэмдэглэгддэг нас барсан хүний тоо манай орны гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын тоотой дүйж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсний нэг илрэл биш гэж үү. Цаашилбал гэмт хэрэгтнүүдийн 70 хувь нь тогтворгүй гэр бүлд өссөн, нийт гэмт хэргийн 86 хувь нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалтаас үүдэлтэй байгаа гээд олон арван тоо баримт дурдаж болно. Товчхондоо гэр бүл гэгч нэгжийн асуудлыг хойш тавьсанаас гэмт хэргийн өсөлт гаарч, тэнэмэл орон гэргүй хүүхдүүдийн тоо өсөж, ирээдүйн иргэд болсон бяцхан үрсийн маань хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна.
Сайн эзэгтэйн тухай уламжлалт ойлголт, түүнийг таслан зогсоож, гэмтнүүдийг гэсгээх ёстой хуулийн заалт амьдралаас дэндүү хол хөндий байдаг нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, толгойг нь илэх гол шалтгаан болдог хэмээвэл хэтийдсэн болохгүй.
Нүүдэллэн амьдарч байх ахуйд өрхийн тэргүүн адуу малаа оторлуулах, алдсан малын эрэлд мордох гээд л гадуурх ажлаа амжуулж, эзэгтэй нар хүүхдээ асарч, хүмүүжүүлэх, сүү сааль гээд л гэрийн дотоод ажлыг хийдэг байсан хуваарилалт суурин иргэншилд шилжээд хэдийнэ гурван зууныг ардаа үдэж буй XXI зууны метрополис хэмээх сүрдмээр тодотголтой залуучуудын амьдралын хэв маягт ч амь бөхтэй зууралдсаар л байх юм. Угтаа эрчүүд, бүсгүйчүүдийн аль аль нь амьдралаа тэтгэхээр ажил хийж, нэг ёсондоо гэрийн гаднах ажилд хамтран зүтгэдэг болсон өнөө цагт гэрийн дотоод асуудалд ч ажил үүргийг тэнцүү хуваарилах нь өнөөх энэ зууны эхнээс монголчуудын дунд эрчимтэй хэлэлцэгдэх болсон тэгш эрх гээчийн бас нэгэн үзүүлэлт байлтай. Гэхдээ аргаа түшин амаржиж хэдийнээс хат суусан монгол бүсгүйчүүд гэрийн дотоод ажил төдийхэнд түүртэн хөгжингүй орнуудын цэмцгэрхэн хатагтай нар шиг ажлын хуваарилалтын тэнцвэргүй байдалд гомдоллож, энэ асуудлыг хөндөж, сөхөж байсан удаагүй. Тэр ч байтугай “Зодсон юм биш ээ. Ганц удаа л алгадсан” гээд хүчирхийллийг хүний эдлэх ёстой нэгэн үйл юм шиг санаж, хүчирхийлэгчийн үйлдлийг өмгөөлөн суух хүлцэнгүй байдлыг гэр бүл судлаачид номлож “Нөхөр нь өөр эмэгтэй дагаад явсан бол эхнэрийнх нь арчаагүйнх. Орой ирэхэд нь уурлаж, бухимдах шалтаг гаргахгүй бүхнийг жин тан, яс тас хийсэн байх нь эзэгтэй хүний үүрэг” хэмээн мунхруулах нь ердийн үзэгдэл. Нэг үгээр хэлбэл бид өөрсдөө гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, хэт даврагчдыг хөөргөдөн, эхнэр, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насанд заналхийлэх боломжийг олгодог.
Харин үр дүнд нь... Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн халдлагад өнгөрөгч онд гэхэд л 28 хүүхэд өртөж, 3 хүүхэд тутмын хоёр нь гэртээ амар тайван байж чаддаггүй байх жишээтэй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаагаар 21 аймагт хийсэн судалгаагаар хамрагдсан 1100 хүүхдийн 63.73% гэр бүл дэх хүчирхийллийн гэрч болж, талаас илүү хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон байх юм. Эмэгтэйчүүдийн хориход нөхөр эсвэл хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн 70% нь эр нөхрийн хүчирхийлэл дарамтад байснаас сэтгэл санааны дарамтад орж, гэмт хэрэг үйлдсэн байдаг гэсэн тооцоо ч бий.
Сэтгэл сэрдхийлгэм энэ олон тоо хаалга бүрийн цаана нуугдаж буй бэлгийн, биеийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн бодит тоо баримт болж чаддаггүй нь бүр ч харамсалтай. Эх хүний энэрэнгүй ууч сэтгэл, өнөөх гэр бүл судлаач гэх мундаг сэтэртэй хүмүүсийн эр нөхрийгөө дээдлэх мунхруулга, гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн тухай мэдээлэл хангалтгүйгээс тэдний олонх нь хүнд төмөр хаалганы цаана хүлээтэй, дараастай хэвээр хэнд ч мэдэгдэлгүйгээр үргэлжилсээр л байдаг.
Өнөөх бүсгүйчүүдийг бүрэн бууж өгөх ёстой гэсэн суртал ухуулга, монгол эмэгтэйн хатан ухаан гэх чамин сэтэртэй номлолоороо хүлж, баглаж хүмүүжүүлчихээд, хүчирхийлэл газар авч, хохирогчийн биед ноцтой гэмтэл учруулах хүртэл даамжруулах боломжийг олгодог нь хэтрүүлэг биш. Нэг удаагийн гар хүрэх явдлыг уучилж хэлтрүүлээд нэлээн хэд болоод, даамжирч, даврахын цагт даръя гэсэн ч боломж үгүй, зугтъя гэсэн ч газар байхгүйн гайгаар хэдэн хүнээр “тахил өргөж” байж энэ асуудалд анхаарал хандуулах ёстой юм бэ.
Суртал ухуулгад хууртаж, сэтгэлээ тайтгаруулж явсан хохирогчийн гомдол цөхрөл барагдах үед цагдаагийн байгууллага “Гэр бүлийн маргаан” хэмээн гэмтнийг оодруулах нь ч бий. Угтаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн есдүгээр зүйлд цагдаагийн байгууллага хүчирхийлэлтэй холбоотой гомдлыг хүлээн авч бүртгэхээс эхлээд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах хүртэл арга хэмжээ авах учиртай. Нөгөөтэйгүүр хохирогчийн хамгаалах сайн хөгжөөгүйгээс Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалах байранд долоо хүртэл хоног байлгаж, цаашид хэрхэхийг хувь заяанд нь даатгах тохиолдол ч түгээмэл.
Гэр бүлийн хүчирхийлэл төдийгүй замбараагаа алдсан гэр бүл төлөвлөлт, цуцлалтын асуудалд ч анхаарал хандуулж, гэр бүл гэх үнэт нэгжийн нэр хүндийг өсгөх тал дээр холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, ажил хэрэг болгох цаг хэдийнэ болсон. 18 нас хүртэлх хүүхдүүд 2006 онд 175 эрүүлжүүлэгдэж байсан бол 2011 онд 1416 болтлоо өссөн. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн тоо буурсан ч тэдний арга нарийсч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байгааг судалгаагаар гаргажээ. Түүгээр барахгүй ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн хүчин зүйлээс гадна хүүхэд багачуудын гэмт хэрэг рүү түлхэж буй хамгийн гол хүчин зүйл нь гэр бүлийн таагүй, тогтворгүй байдал гэдгийг судалгаагаар гаргачихаад байна.
Өнөөгийн гэр бүлийн тогтворгүй байдал 15-20 жилийн дараахь нийгмийн тогтворгүй эмч замбараагүй байдлыг ул үндэс нь гэдгийг хөгжингүй орнууд хэдийнэ анзаарчихаад эл асуудлыг хууль түүнийхээ бодитой хэрэгжилтээр шийдэж, зохицуулж байх юм. Ирээдүйн иргэнийг бэлтгэх хамгийн чухал орчныг амар тайван, тогтвортой байлгах нь ирээдүйд хийж буй бидний хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймдээ ч гэр бүл төлөвлөлт, түүний тогтвортой байдлыг шийдчихсэн орнуудын хөгжил харьцангуй тогтвортойгоор өсөн нэмэгдэж байна.

Sunday, October 28, 2012

Урлагийнхныг ашиглах уран арга


Нэгэн цагт болхидуухан зураглалтай хэдэн зургийн эвлүүлэг, нуршсан тайлбартай реклам төдийхнөөр төсөөлөгдөж байсан сурталчилгаа өнөөдөр пи ар, маркетинг, сурталчилгаа болон салбарлан хөгжиж тэр хэрээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагаа сурталчлах далд хэлбэр, арга өдрөөс өдөрт улам нарийсч буйн гэрч нь бид болж байгаа билээ. Харамсалтай нь дүрмээс гажих өнөөх өвөрмөц ухаан мөн л энэ салбарт бараан сүүдрээ тусгаж, үзэгч, хэрэглэгч төдийгүй зэргэлдээх салбарынхнаа ч хэлмэгдүүлэх боллоо. 

Тухайн үедээ залуусыг байлдан дагуулж байсан “The Pussyсat Dolls”  хамтлагийн дуучин Николь Шерзингер эх оронд маань ирж, ая дуугаа өргөнө гэсэн эхний мэдээ энэ шинэ маркетингийн бодлогыг эхлэлийг тавьсан. “Ирмүүн” агентлаг “Космополитан” сэтгүүлийн Монгол хувилбарыг хариуцан гаргаж, олон улсын хэмээгдэх нэр хүндтэй сэтгүүлүүд Монголд хөл тавих эхлэлийг тавьсан гавьяатнууд. Харамсалтай нь түүнийхээ зэрэгцээ үзэгчид ард иргэдийн сэтгэлийг хий хөөргөдөн, хүүгээ бэрсэд тавьж ноёныг мадлах сэргэлэн тактик хэрэглэсэн нь сийрэг толгойтнууд. Хэдийгээр тэд шоубизнесийн ертөнцөд цахиур хагалаад байсан дуучныг ирж чадахгүй болсон тухай тоглолт товлогдсон хугацаанаас хэдхэн цагийн өмнө тайлбарласан ч, үнэмшил муутайхан шалтгаан нь үзэгчдийг итгүүлж дөнгөөгүй. Тухайн жилийн цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, цочир хүйтрэлийн талаар халуун намраар эрдэмтэд зарласаар байтал гэнэтийн хүйтрэл, цасан шуурганд балмагдсан дуучин жавар тачигнаж буй Орос, Германаар дайрах нислэгээр Монголд ирэхээс татгалзсан юм байх. Бүр сонирхолтой нь тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө дуучны Facebook хуудсанд хуваарьт ажлынх нь товыг зарлахад Монголд очих талаар үг өгүүлбэр байгаагүй нь иргэдийг эргэлзүүлж, итгэлийг нь алдсан зохион байгуулагчид руу дайрч давшлахад хүргэсэн биз. Үнэндээ ч өнөөдөр төлөвлөөд л маргааш тоглочихдог гэнэтийн сюрпризээр дүүрэн ажлын хуваарь манайхаас өөр оронд үгүй. Тэр ч байтугай дэлхийн тавцанд өрсөлдөж буй эрхмүүдийн ажлын хуваарь жилийн өмнө гарчихдаг талаар мэдээлэл, мэдлэг сайтай үзэгч, хөгжим сонирхогчид хэдийнэ мэдчихээд өнөөх ирнэ гэж амлаад байсан эрхмүүдийн цахим хуудсаар зочилж, үзлэг шалгалт хийгээд үнэн мөнийг олоод амжчихсан байгаа юм.
Үймээн дэгдээсэн ирэх, ирэхгүйн талаарх мэдээллүүд үзэгчдийг талцуулж, нэг хэсэг нь Николь Шерзингерийн ямба маягийг гайхан шагшиж, нөгөө хэсэг нь “Ирмүүн”-ийнхний овсгоо самбааг гайхаад, хэл амаа билүүдээд өнгөрснөөс цаашгүй. Тоглолт ч болдгоороо болж, сэтгүүл ч хэвлэгддэгээрээ хэвлэгдэж, үр дүнд нь үзэгчид сэтгэл санаа, эдийн засгаар, дуучин нэр хүндээрээ хохироод үлдсэнээс зохион байгуулагчид томоохон сурталчилгааг багахан өртгөөр хийж, оносон уу гэхээс алдсан зүйл багатай үлдсэн. Ингээд л ямар ч хариуцлага тооцдоггүй, алдагдалгүй, асар том далайцтай сурталчилгаа болсон эл шинэлэг арга бизнес эрхлэгчдийн тархинд оч харвуулан дараагийн хувилбаруудын талаарх төсөөлөл, төлөвлөгөө гаргуулсан байхыг үгүйсгэх аргагүй.
Ингэж хардах шалтгаан ч бий. Учир нь өнгөрөгч өвлийн бас нэгэн дуулиан залуусыг цөсийг хөөргөж, бяцхан хүлээлт үүсгэж дөнгөсөн. Солонгос залуусын “Big bang” хамтлагийг Монголд урьсан, хамтлагийн гишүүн T.O.P Монголд ирэх талаар мэдээлэл хэвлэл, цахим хуудсуудад цөөнгүй гарсан боловч тэдний бараа сураг ч үзэгдээгүй. Түүний араас бас нэгэн дуулиан шуугиан. Сүүлийн үед уран бүтээлүүд нь хит болж, хип хоп сонирхогчдын анхаарлыг татах болсон рэппер Pitbull Монголд тоглох нь. Энэ удаад мөн л тоглолтын тов гарч, тасалбар нь ч худалдаалагдаад эхэлсэн. Үндэсний баяр наадмын дараахан хөгжим сонирхогчдыг Төв цэнгэлдэх хүрээлэнд цуглуулах тоглолт үндсэндээ залуусын энэ ярианы гол сэдэв болж, өнөөх жил бүр л болдог үндэсний барилдаанаас илүү донжтой хувцасладаг куба гаралтай дуучныг дэргэдээс нь харах ганц удаагийн боломж 20-иод наснынхны анхаарлыг татаад байв. Тоглолт болох өдөр ойртсоор л... Гэтэл зохион байгуулагчид алдартныг ирэх хугацаагаа хойшлуулсан хэмээн зарлах нь тэр. Тоглолтын шинэ тов гаралгүй алдарт маргаашийг ардаа гээсээр “Байгууллагаа сурталчлах гэсэн башир арга” гэх үзэгчдийн бухимдал аажимдаа дарагдаж, хичээлийн шинэ жил, ажлын ачааллын үе ихсээд асуудалдаа түүртсэн олон амлалтаа биелүүл хэмээн шаардахаа ч умартсан. Цаг хугацаа бүхнийг анагаадгийн үлгэр тэр.
Гэхдээ бас зохион байгуулагчид бүгд л үзэгчдийг даллуураар даллаж, эгээ тарвага адил хошгоруулсан юм гэвэл өрөөсгөл болох биз. Энэ сарын 20-нд Спортын ордонд тоглолтоо хийсэн “Onyx“ дэлхийн тавцанд өрсөлдөж буй уран бүтээлчид Монголын тайзыг гололгүй ирж болохыг биечлэн харуулсан. Өнгөрөгч зууны сүүлчээр хип хопчдыг байлдан дагуулж байсан алдарт рэпперүүд энэ төрлийн эрхэмлэн хүндэлж, үүх түүхийг нь судалж, үзэл суртлыг нь дэмждэг залуусын цөсийг хөөргөхөөр товлосон хугацаанд ирж, амласан тоглолтоо ч үзүүлсэн. Харамсалтай нь шинэ зуун гарсаар шинэ уран бүтээл тоотой хэд гаргаж, нэг ёсондоо үеэ өнгөрөөсөн хамтлагийн үнэ цэнэгүй хамтлагийнхныг голсноос ч тэр үү, ул болж мартагдсан хуучин хэв маягийг үл ойшоосноос болоод ч уу үзэгчид хип хопын домог хэмээгдэгчдийн сэтгэлд хүртэл цуглаж чадсангүй. Үзэгчдээ голсон рэпперүүд үг хэлээ хурцлаад, буудал руугаа буцаж мордсон талаар ч сэтгүүлчид ам булаалдан бичсэн. Тэр ч байтугай сэтгэл хөөрсөн залуусын дахиулах гэсэн алга ташилтаас залхсаных уу, зах зээл багатай оронд зам зуур буудалласандаа бухимдсанаас ч тэр үү ууж байсан усны саваа үзэгчид руу өшиглөж зүггүйтсэн талаар ч цахим хуудас, хэвлэлүүдэд гарсан сурвалжлагаас олоод уншчих боломжтой. Товчхондоо тоож ирсэн нь үеэ өнгөрөөж өнөө цагийн шоу бизнесээс шахагдсан хэрнээ хэрээ мэдэхгүй биеэ тоосон хэдэр зантай хэдэн (үнэндээ хоёрхон) рэппер байж л таарч.
Олны танил эрхмүүдийг, дэлхийд данстай оддыг тэр дундаа урлагийнхныг хэлмэгдүүлсэн энэ шинэ давалгаа бүр эртнээс эхэлсэн гэж үзэж ч болох. Гудамжнаа хаа сайгүй таарах хэзээний танил дотно зурагт хуудсууд баримт нотолгоо нь. Тэр ч байтугай алдарт жүжигчин Жет Лиг авчраад кинондоо тоглуулчихсан адтай хүмүүс, бид. Энэ мэт жишээг эрэн сурвалжлаад байх ч шаардлагагүй. Та ч бас танил дотно дүр төрхтэй таарч л явсан байх. Эцэст нь бид эзэн Чингисийнхээ нэрийг худалдаж иддэг байсан үеэ ардаа орхисон гээд давуу талыг нь бас дурдаад өнгөрөх нь зүйтэй. Түүнийхээ оронд дэлхийд данстай оддыг маркетинг, сурталчилгаандаа ашиглан, даяаршлагдах моодыг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлж буй мэдрэмжтэй иргэд гээд хөөрөгдүүлсэн ч болох.