Monday, May 16, 2011

Тэнгэр баганадсан барилгын “тусгай салааныхан”

Үдийн цайны цагаар, эсвэл уулзалт товлох үеэр гээд зоогийн газрыг зорих шаардлага бидэнд бишгүйдээ л гардаг. Гэхдээ хоолны амт чанарыг голох, үйлчилгээний болхи удааныг гайхахаас өөрөөр арын албаныхны ажилд анхаарал хандуулдаг хүн тэр бүр үгүй. Зоогийн газрын амин сүнс нь хэмээгддэг ч хүмүүсийн тэр бүр мэдэхгүй энэ ертөнцийнхний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар шийдлээ.
Нийслэл хотын зүрхэн тольтод байрлах тэнгэр баганадсан барилга хэдхэн жилийн өмнө сүр дуулиантай ашиглалтад орсон. Брэндүүдийн цуглуулга гэмээр энэ байшингийн нэгдүгээр давхарт “LV”, “Emperio Armani” гээд дэлхийд нэр хүндтэй дэлгүүрүүдийн салбар байрладаг бол зулайд нь “Monet” зоогийн газар, “Sky lounge”, “City Club” гэх гурван үйлчилгээний газар бий. Хоолны амт чанар, үйлчилгээгээ дэлхийн стандартад нийцүүлж, дээд зэрэглэлийн гэх ангиллаар хэрэглэгчдийн анхаарлыг багагүй татаж буй тус хамт олны, тэр дундаа ерөнхий тогооч Ц.Батдаваагийн ажилтай танилцах хүсэлтэд минь тус байгууллагын маркентигийн менежер нааштай хариу өглөө.

08.30 Цас бударч, хацар жиндүүлсэн хаврын сүүл сарын нэгэн өдөр “Central tower”-ыг зорилоо. Үйлчилгээний газрууд хэдийгээр үдийн хоолны цагтай уралдан үүд хаалгаа нээдэг ч дотоод ажил нь 08.30 цагт эхэлдэг аж. Тэр дундаа ерөнхий тогооч хамгийн эртэч нь. Хөргөгч, хөлдөөгч, плитка, шарах шүүгээ гээд бүхий л техник хэрэгслээ шалгах үүрэгтэй тул тэр ийн тогооч, бэлтгэгч нараас ч өмнө цасан цагаан халат, малгайгаа өмсөөд ажилдаа гарлаа.
Америкийн алдарт реалити нэвтрүүлэг болох “Тамын гал тогоо”-г санагдуулам галын өрөө бол тус байгууллагын бахархал. Яг л барууны кинонд гардаг шиг өрөө гэж эндүүрэм томоос том хөлдөөгч, хөргөгч, хальтирдаггүй шал, салат, хөнгөн зуушинд зориулан хэрчиж, бэлдсэн ногоо, мах хадгалах шургуулган хөргөгч гээд л эрүүл чанартай бүтээгдэхүүн тэдний гол зорилго гэдэг нь илт.
09.00 Гал тогооны эзэд хэдийнэ цуглачихаж. 30 орчим ажилтантай ч хоёр ээлжээр ажилладаг тул энэ удаагийн өглөөний хуралд 14 хүн ирсэн харагдана. Хурлын үеэр өмнөх өдрийн алдаа дутагдлыг шүүн хэлэлцэж, хэн юу хийхдээ алдсаныг анхааруулахын зэрэгцээ шинэ өдрийн захиалгыг танилцуулж, өнөөдрийн цэсний онцлогт тохируулан “алба” тус бүрийн ажлыг хуваарилдаг аж. Тус байгууллагын гал тогоо хэд хэдэн албатай. Үндсэн галын өрөөний үүдний хэсэгт шөл бэлтгэж, цаашилбал салат хөнгөн зууш, түүний цаана десертний тогооч нарын ажлын байр бий. Харин баруун хэсэгт далайн хоол, мах шарах хэсэг, хачир бэлтгэх газрууд хаяа дэрлэнэ.
09.20 Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр. Албан хаагчдын хувьд бол амралтын өдрөөс ялгаагүй хөл хөдөлгөөн багатай эл өдөр үйлчилгээний байгууллага, тэр дундаа зоогийн болон уушийн газруудын ачаалал эрс нэмэгддэг гэнэ. Тиймээс ч эхний захиалга бүр өмнөх өдөр л тодорхой болчихож. “City Club”-ын “Алтай” хэмээх VIP өрөөнд 12.00 цагт 14 зочин үйлчлүүлэх захиалга өгчээ. Тэдний захиалгыг танилцуулаад өглөөний хурал дуусаж, бүгд бэлтгэх ажилдаа шамдлаа.
09.40 Өглөөгүүр бэлтгэх тогоочдын ажил ид ундарна. Загас цэвэрлэж, мах шулж, машиндах, ногоо цэвэрлэх гээд л… Бас ажилчдын хоолыг бэлтгэх даалгавар ч оногдоно. Тэднээс ялгаагүй ачаалал ихтэй алба бол десертний тогоочид. Бялуу, амттан төдийгүй хоолны хачирт өгөх талхыг энэ “урладаг” тул өглөөгүүр үндсэн өрөөнөөс төрөл бүрийн кекс, бялууны арааны шүлс асгаруулам үнэр сэнхийнэ.
10.00 Үүнтэй зэрэгцэн бэлэн болдог уран бүтээл бол өдрийн онцлох шөл. Цайны цагаар үйлчлүүлэгчдийн цаг, хэтэвчин дэх хэдийг нь хэмнэдэг олон давуу талтай ланч меню буюу өдрийн хоолны цэсний шөлийг ерөнхий тогооч бэлтгэнэ. Өнөөдрийн онцлох шөл бол “Тахианы мах, наргил модны жимстэй шөл”. Өдрийн онцлох шөл хэд хэдэн онцлогтой. Мэдээж бүх хүнсэнд тавигддаг “эрүүл зөв хоол” гэсэн шалгуураас гадна цайны цагаараа ирсэн үйлчлүүлэгчдэд л зориулсан “Хэзээд бэлхэн” гэсэн шаардлагад бүрэн нийцэх ёстой. Тиймээс ч ачаалал ихтэй 11.00-14.00 цагт бага хэмээр үргэлжлүүлэн буцалгахад өтгөрч, амт чанараа алдахгүй байх нь чухал.
11.00 Албан газруудын цайны цаг 13.00-т эхэлдэг бол гал тогооны өрөөний эздийнх 11.00-11.30 цагт амжих ёстой. 12.00 цагт үйлчилгээний танхим үүд хаалгаа нээж, арын албанд ачаалал эрс нэмэгддэгээс тэр.
Үйлчлүүлэгчдээс захиалга ирээгүй үед өдөржин зүгээр суудаг болов уу гэсэн төсөөллийг минь үгүйсгэх шиг гал тогооны өрөөнд нэг ч сандал харагдсангүй. Үдийн цайны цаг болоход өрөөний голд тогооч нар орлуулж болох зүйлсээр сандал хийж, босон суун хоолоо идэж харагдах. Өдрийн их ачаалалдаа бэлдэж, хүч сэлбэж байгаа нь тэр.
11.40 Өрөөний голд байрлуулсан ширээн дээр өглөөнөөс хойш чимээгүй хэвтэж байсан утас гэнэтхэн хангинах нь тэр. 17 дугаар давхарт байрлах гурван ч үйлчилгээний газрын хоолыг бэлтгэдэг тул цаг хугацаа хэмнэхийн тулд дотуур утас суурилуулсан гэнэ. “Алтай” өрөөнд захиалга өгсөн зочид хэдийнэ ирснийг зөөгчид сануулж, ерөнхий тогоочид үүрэгдлээ. Түүнчлэн гурван тусгай өрөө гурвуулаа захиалгатай бөгөөд “Алтай”-гаас бусад өрөөнд захиалга өгсөн зочид хоолоо сонгож амжаагүйг сануулсан аж.
Өглөөхөн бөөрөнхий байцаа, бөндгөр сонгино байсан хүнсний бүтээгдэхүүнүүд “Monet” зоогийн газрын нэрийн салат болон тавагнаа заларч, “Алтай” өрөөг зорилоо.
12.00 Амттан урлаачдын дэргэд амирлангуй байсан принтер жингэнэн дугарлаа. Яг л ерөнхий тогоочийн хэлсэнчлэн зоогийн газраар үйлчлүүлэгчдийн эхний захиалга үд дунд ирж буй нь энэ.
Эхний захиалга ирмэгц ерөнхий тогооч чихэнд дасал болоогүй хэлээр хоолны нэрс ар араас нь уншиж дуусмагц бүх албадын тогооч нар нэгэн дуугаар “Yes, Chef” буюу “Гүйцэтгэе, ерөнхий тогооч оо” хэмээн хариу өгөх нь тэр. Тогооч ажилд авах зарын тодорхойлолтод “Англи хэлний зохих мэдлэгтэй” гэсэн өгүүлбэр байвал битгий гайхаарай.
“Алтай” өрөөний захиалгыг амжуулах үеэр өнөөх жижигхэн хар принтер хэдэнтээ дугарч, галын өрөөний тайван намдуу байдлыг орвонгоор нь эргүүлчихэв. Ар араасаа ирсэн олон захиалга арын албаныхныг хурдны галт тэрэг мэт хөдөлгөөнд оруулчихлаа. Баруун хэсэгт мах шарж, зүүн эгнээнийхэн зууш бэлдэн, галын өрөөний өнцөг булан бүрт ажил ундарна. Яг л “Тамын гал тогоо”-ных шиг. Гэхдээ энд хэн ч хэнийг ч загнаж, хараахгүй. Үе үехэн “Хөвсгөлийн цагаан загас хоёр минутын дараа. Хачир” гэсэн битүү дохио өгч, хариуд нь хачрын тогооч “Yes” хэмээнэ. Төдөлгүй төв хэсэгт байрлуулсан таваглах тавцан дээр газрын гаваас гараад ирэв үү гэлтэй жижигхэн хайруулын тавагтай шарсан мах, ногоо цуглалаа. Түүний ерөнхий тогооч урьдаас бэлдсэн тавган дээр тавиад, чимэглэж дуусмагц хонх жингэнүүлэн дарна. Захиалсан хоол бэлэн болсныг мэдэгдэж байгаа нь тэр.
Өглөө хаалгыг нь татахад багахан спортын талбай гэлтэй том харагдаж байсан үндсэн өрөө үдийн хэрд хөл гишгэх зайгүй болон ажилтнууд нь бужигналдаж эхлэв. Хаанаас хэн авчирсныг нь ч анзаарч амжимгүй хоолны хачир, үндсэн мах, шөл нэг л мэдэхэд таваглах тавцан дээр бэлэн болно. Арын албаныхны ажлыг сурвалжлахаар зогсох ганц хүнд ч гишгэх зайгүй болсон галын өрөөг дээрээс нь харсан бол эвдүүлсэн шоргоолжны үүр шиг л харагдаж байсан биз.
Ганцхан хоолны захиалга ирсэн ч хачир, мах, десертний гээд бүх л тогоочид оролцдог тул зоогийн газар тэр дундаа дээд зэрэглэлийн зоогийн газрын хамгийн чухал зүйл нь хамтын ажиллагаа. Тийм ч учраас тогооч нар байсхийгээд л бие биенээсээ “ам асууна”. Тэр бүрт хоёр эсвэл гурван минут гэсэн хариулт өгч, таваглах тавцанд “цаг болзоно”.
14.00 Арайхийн амсхийх боломж гарч байгаа нь үдийн цайны цаг дууссаны дохио. Энэ хугацаанд 20 гаруй захиалга ирсэн байна. Их ажлын ард гарсан тогооч нар энэ зуур ажлын үр дүнгээ сонслоо. Үйлчлүүлэгчдээс ирсэн санал гомдлыг зөөгч нар ерөнхий тогоочид уламжилж, тэдэнд хэн ямар дүн тавьсныг анхааруулав.
14.20 Үйлчилгээний танхим эзгүйрч, захиалга дууссан ч галын өрөөнийхний ажил завсарласангүй. Алба бүр оройн хоолны хүнсээ базаан бэлтгэл ажилдаа ахиад л орлоо. Гурван цагийн турш үг солих завгүй нааш цааш холхисон ерөнхий тогоочоос асуулт асуух цаг арайхийн гарах нь гэж бодтол түүний бичиг хэргийн ажил эхэлж байгааг зарлан, цагаан халааттай бүсгүй өрөөний хаалга татан орж ирлээ. Гэсэн ч Ц.Батдаваа тайлан бичих, шинэ хоолны цэс гаргах гэх мэт ажлаа энэ удаа түр хойш тавьж, ажлаа танилцуулахаар боллоо.

-Одоо 18.00 цаг хүртэл ерөнхийдөө ачаалал бага, захиалга бараг өгдөггүй. Ажил тарах үеэр дахиад л оволзчихдог юм. Гэхдээ өдрийнх шиг шахуу хугацаанд олон захиалга ирэхгүй. Тиймээс өдрийн хамгийн ачаалалтай үе нь дуусчихсан гэж ойлгож болно. Гэхдээ өглөө хэрчиж бэлдсэн хүнс өдрийн хоолны үеэр дуусчихдаг болохоор оройн хоолонд хэрэглэх зүйлсээ одоо хэрчиж, болгоно. Бас амралтын өдрүүдээр хэрэглэх хүнсээ ч урьдчилан зэхнэ.
-Танай гал тогооныхон хоорондоо яагаад англиар ярьдаг юм бэ?
-Манай зоогийн газар европ стандартыг мөрддөг. Тиймээс түүнд дасгах гэж англиар заавар өгч байгаа юм.
-Европ стандарт мөрддөг гэхээр хоолны цэсэнд дандаа европ хоол бий гэсэн үг үү?
-Сүүлийн үед контемпорари буюу холимог урсгал нэлээд моодонд ороод байгаа. Тэр нь ази болон европ бүхий л үндэстний онцлогийг шингээсэн цогц зүйл гэсэн үг. Энэ урсгал хоолны урлагт ч эрчээ аваад буй. Манай зоогийн газар ч бас энэ зарчмыг баримталж байгаа.
-Хоолны захиалгыг танилцуулах үед тогооч нар нэгэн дуугаар хариу өгөх юм. Тэр нь ямар учиртай юм бэ?
-Гал тогоо гэдэг хагас цэргийн зохион байгуулалттай газар. Хүнс гэдэг их чухал зүйл. Түүгээр дамжуулан хүнийг анагааж бас хордуулж болох тул хоол тогооч нар тун хариуцлагатай байх ёстой. Тиймээс бүр олон жилийн өмнөөс гал тогооныхон хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн.
-Та яагаад энэ мэргэжлийг эзэмшсэн юм бэ?
-Англид би зоогийн газар ажилладаг байсан юм. Тус зоогийн газрын эзэд нь намайг Англид нэлээд нэр хүндтэй тогоочийн коллежид суралцуулах санал тавьсан. Тэр дагуу долоо хоногт нэг удаа хичээлдээ суугаад бусад өдөр нь гал тогоондоо ажилладаг байлаа.
-Английн ямар зоогийн газар ажиллаж байсан юм бэ?
-“Тамын гал тогоо” нэвтрүүлгийн тогооч Гордон Рамсигийн сүлжээ зоогийн газрууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Англид гэхэд л хоёр ч салбар бий. Тэнд ажилладаг байсан.
-Рамси өөрийн зоогийн газрын гал тогоондоо хоол хийдэг үү?
-Их том сүлжээ зоогийн газар болохоор тэр бүр өдөр тутмын ажилд өөрөө хутгалдахгүй. Тухайн салбарыг нь хариуцаж байгаа тогооч нар өөрөөс нь дутахгүй ур чадвартай хүмүүс байдаг. Тэдэндээ л даатгачихдаг юм билээ. Сардаа нэгээс хоёр удаа ирж, үйл ажиллагааг нь шалгадаг байсан.
-Гордон Рамси нэвтрүүлгээр гардаг шигээ их ууртай, ширүүн хүн үү?
-Мэдээж шоу нэвтрүүлэг болохоор нэмж хачирласан зүйл их бий. Гэхдээ уг зан төлөв нь их ширүүн. Түүнээс гадна 1980-аад онд тогооч нар их ууртай, догшин байх моод дэлгэрсэн юм билээ. Түүнтэй ч холбоотой биз.

Биднийг ийн ярилцах зуур үндсэн гал тогоонд банш чимхэж, ногоо хэрчих, төмсний нухаш бэлтгэх ажил өрнөсөөр л… Ажилчдын цагийн бүртгэлээ бичиж дуусмагцаа ерөнхий тогооч цэргүүдийнхээ ажлыг шалгаж, зааж зөвлөх үүргээ биелүүлэхээр гал тогоо руу орлоо. Загас хэрхэн цэвэрлэхийг, ногооны шанзтай баншийг хэрхэн чимхэхийг, шоколадаар бүрсэн бялууг хэрхэн зүсэхийг зааж, түүний хажуугаар өөрөө ногоо шарж, сүмс бэлдэж зогсоо харагдав. Удалгүй тогтмол хэмд халуунаа барьдаг таваглах тавцан дээр таваг тавьж, хоол аягалав. Үүрэгдэх дуртай принтерээс дохио ирээгүй атал хэнд юу бэлдэж байгаа юм бол хэмээн гайхширч зогстол маркетингийн менежер ирж тавагласан хоолноос амсан, дүн тавьсны дараа л тэр шинэ цэсэнд санал болгож буй хоол хийсэн гэдгээ тайлбарлалаа. Үг хэлээр бус үйл хөдөлгөөн, үр дүнгээр ажлаа тайлагнаж сурсан нь галын өрөөний тусгай салааныхны дадсан зан бололтой.
16.00 Дахиад л хоол. Гэхдээ энэ удаа бусдад биш өөрсдөдөө зориулсан хоолоо дүгнэнэ. Үдийн өмнөх хоолтой харьцуулахад энэ удаагийн харьцангуй тайван. Өдрийн хамгийн их ачаалалтай үеэ давж, үнэлгээгээ авчихсаны дараа л хоолоо сэтгэл амар идэж болохуйц. Гэхдээ бүрэн тайвшрах болоогүй. Оройн ээлжний ажил эхлэхэд хоёр цаг дутуу.
16.20 Оройн ажил өрнөхөөс өмнө нэмэгдэл хүч ирлээ. Энэ үеэр ээлж солигдож, хоёр ч ахлах тогооч ирсэн тул ерөнхий тогоочийн ажил харьцангуй хөнгөрдөг гэнэ. Үдээс өмнө ажиллаж байсан урчуудаас амттаны болон хачрын тогооч солигдсоноос өөрөөр төдийлэн өөрчлөлт гарсангүй. Бэлтгэл тогоочид л бүгд амрахаар харьж харагдсан.
17.30 Өдрийнх шиг уулзалт, тэмдэглэлт үйл явдлын захиалга үгүй тул оройн ажил харьцангуй тайван эхлэв. Зоогийн газраар үйлчлүүлэхээр ирсэн зочдын захиалга санасныг бодвол цөөн ирж, хоол удсан тохиолдолд байн байн жингэнэж, банга хүртээдэг хар утас ч нам жим.
18.40 Олон боловч захиалгууд харьцангуй хол зайтай ирж байгаа тул оройн ээлжний ажил өдрийнх шиг үймсэнгүй. Гэхдээ гэрлэх санал тавихаар захиалга өгсөн залуугийн болзоо арын албанд ажиллаж байсан хүн бүхний сэтгэлийг үймүүлээд амжсан. Өдөр хөл хөдөлгөөн бага байсан амттаны хэсэгт энэ өдөр урьд урьдынхаас илүү олон хүн цуглаж, оройн онцлох үйл явдлын эздийг ямар бялуу чимэхийг хүн бүхэн сонирхоно. Нэгдүгээр хоолыг нь хүргэж өгөх үед л “Will you marry me” гэсэн бичигтэй бялуу бэлэн болж, сүйт бүсгүйн бөгжийг оройд нь шигтгэв.
20.00 Уг нь ерөнхий тогоочийн ажлын цаг албан хаагчдынхтай адилхан байдаг ч тэр орхиод явчихаж зүрхэлдэггүй. Ахлах тогооч нарт ажлаа хүлээлгэчихээд амрах эрхээсээ татгалзан орой 21.00 хүргэх тохиолдол ч цөөнгүй гардаг гэсэн. Гадаа хэдийнэ гэгээ тасарсан хойно л гараа угаан хувцсаа солилоо. Өдрийн турш хоол урлахдаа үйлдэл бүрийнхээ дараа гараа угааж байсан тэрбээр энэ ажилд их цаг алддаг хэмээн сонирхуулж байсан.

Дэлхийн стандартад нийцсэн гэх нэр томъёо бараг л моод болоод буй өнөө цагт зоогийн газруудад стандарт гэх үг хэвшихгүй хэвээр л… Харин тус хамт олон дээд зэрэглэлийн гэх барууны киноноос л олж хардаг үйлчилгээг хэвшүүлснээрээ төрийн өндөрлөгүүд төдийгүй элчин сайдуудад үйлчилж, Монголын үйлчилгээний байгууллагуудын нүүр царай болж буй.
“Эрүүл хүнс” гэх үгийг уриа болгож, шинэ, чанартай гэсэн бүхнээр үйлчилж, хадгалалтын горимыг чанд сахин, хоол бүрээсээ дээж аван хадгалж, түүний мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлдэг гээд олон талаараа үйлчилгээний газруудад үлгэр дуурайл үзүүлж байгаа цөөн газруудын нэг нь “Monet”.

No comments:

Post a Comment