Saturday, May 26, 2012

Тэд Тернер: Мэдээ л жинхэнэ “од” юм


Телевизийн түүхэнд нэгэн шинэ хуудас сөхсөн хүн бол Тэд Тернер. Кабелийн мэдээний сүлжээ телевиз буюу CNN-ийг үндэслэгч тэрбээр “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ. 

-Тэд Тернер бол телевизийн салбарын ахмад пионер төдийгүй хамгийн нээлттэй олны танил эрхмүүдийн нэг. Өнөөгийн телевизийн салбарын хөгжил, Америкчуудын амьдралын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхохоор би түүнийг нэвтрүүлэгтээ урьсан билээ. 
CNN үндэслэгч гэхээс өөрөөр түүний талаар олон зүйлийг нурших нь илүүц биз. Миний болон бусад энд ажиллаж байгаа олон мянган хүний CNN-д хоргодож буй шалтгаан нь тэр байж мэднэ. Эргэн ирсэнд тань баяр хүргэе, Тэд. 
-Энд байх сайхан байна шүү.
-Ажилдаа буцаж ороход ямар санагдаж байна вэ? 
-Сайхан.
-Та CNN-ээр бахархсан хэвээр л байна уу? 
-Гарцаагүй тийм.
-Та телевизээ үздэг үү? 
-Үздэг. Та мөрий тавьсан ч болно шүү.
-Ямар нэвтрүүлгүүдийг нь илүүтэй үздэг вэ? 
-Надад хамгийн их үзэгдэж байгааг нь л үздэг дээ. (инээв)
-Мэдээ л жинхэнэ од гэж та байнга хэлдэг. 
-Бид ийм л зарчмаар ажлаа эхлүүлж байлаа. Гэхдээ энэ зарчим бидний нүдийг нээсэн ганц зүйл. CBS, NBC and ABC гэх бусад мэдээллийн агентлагууд ямар нэгэн одыг өөрсдийн нэвтрүүлэгч болгохыг чухалчлан тэдэнд гол анхаарлаа хандуулдаг байсан бол бидэнд ямар ч од байгаагүй.
-Хэрэв танд дахин эхлэх боломж олдвол та энэ аргаа хэрэглэх үү, эсвэл жаахан өөрчлөх үү. Учир нь өдгөө “FOX News”, MSNBC-ын олон нэвтрүүлэгчид олны танил алдартай эрхмүүд бий.  
-Би юуны өмнө их бодож, судалгаа хийх байх. Учир нь одоохондоо надад хэн ч ийм санал тавиагүй байна. Бас цаг хугацааг илүү чухалчлах болов уу.
-CNN цаашид ч хамгийн шударга мэдээллийн агентлаг байсаар байна гэдэгт та итгэлтэй байна уу? 
-Тийм ээ, итгэлтэй байна. Гэхдээ шударга байна гэдэг нь чухал мэдээ гэдэгт Холливудын талаар эсвэл хүүхэд хулгайлсан тухай дуулиантай мэдээллийг онцлохгүй өнгөрүүлнэ гэсэн үг биш. Онцлох мэдээ ихэвчлэн хэцүү үйл явдлын талаар байдаг.
Би CNN-ыг салбартаа “The Daily News” шиг биш “New York Times” шиг болоосой гэж хүсдэг. Би энэ талаар их удаан бодсон л доо. Рэйтинг хэр байх нь чухал биш. Гол нь байр суурь, бодлогоо баримтлах нь чухал. Хамгийн нэр хүндтэйг нь хүн бүр л шүүмжилдэг. Тэр бол их онцгой хэрнээ эмзэг байр суурь. Ялангуяа мэдээллийн салбарт бол хадгалж үлдэхэд тун хэцүү суудал.
-Америкийн өнөөгийн байдлын талаар та ямар бодолтой байгаа вэ? 
-Мөнгөнөөс хамааралтай шүүх засаглал, улс төр гээд л Америкийн өнөөгийн байдал аймшигтай болсон гэж би дүгнэдэг. Намууд хоорондоо дэндүү их зөрчилдөх юм.
Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэх нь хамгийн оновчтой шийдэл гэдэгт би итгэдэг. Гэтэл намууд эсрэгээр бие бие рүүгээ чичилж байгаа нь илт ажиглагддаг. Улс төрчдөд намын байр суурь, бодлогоос улс орны амар тайван байдал чухал баймаар санагддаг.
-Хэрэв та Америкийн Ерөнхийлөгч болвол Ираны асуудалд ямар бодлого баримтлах вэ? 
-Юуны өмнө цөмийн зэвсэггүй болгох талаар арга хэмжээ авах болов уу. Бид хэдэн мянган цөмийн зэвсэг туршиж байна. Зөвхөн Иран л үүнийг хийж байгаа юм биш л дээ. Израильд цөмийн зэвсэг зуу шахам, харин Иранд хоёр л…
Бид өөрсдөө цөмийн зэвсэг хийхээ, туршихаа зогсоовол Иран ч бас цөмийн зэвсгээс татгалзана гэдэг би итгэлтэй байна. Бусад орнууд ч бас дагах нь гарцаагүй. Цөмийн зэвсэг үгүй бол бид аюулгүй, амар тайван амьдрах болно.
Хэрэв бид туршиж буй цөмийн зэвсгээ хэрэглээд эхэлбэл дэлхий дээр амьдрал үгүй болно. Би нэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн л дээ. Энэ дэлхий дээр их найрсаг, эелдэг хүмүүс амьдардаг гэдгийг харуулах жишээ олон юм билээ. Бид оросуудтай дайсагналцаж, цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээж байсан удаатай. Харин одоо манай хоёр улс хамгийн нөхөрсөг харилцаатай болоод буй.
Японыг хар л даа. Тэд Сувдан эргийг бөмбөгдөж байсан. Харин одоо бид япончуудтай нөхөрлөж байна. Хүйтэн дайны үеэр Хятад улстай мөн л дайсагналцаж байсан бол одоо найрсаг харилцаатай болсон.
-Та CNN-ийг чухам ямар амжилт гаргаасай гэж хүсдэг вэ? 
-Дэлхийг улам сайн сайхан болгож өөрчлөөсэй гэж хүсдэг.
-Тэр хүсэл тань бага ч атугай биелсэн болов уу? 
-Биелсэн байх. Мэдээллийн сүлжээ их олон төрснийг чи мэдэх байх.
-Яг хэд болсон бэ? 
-100 гаруй байгаа байх шүү.
-Тийм гэж үү? 
-Тийм ээ. Улс гүрэн бүрт нэг бий шүү. Одоо бүр өглөө болохыг ч хүлээх шаардлагагүй болсон. Тэдгээр сүлжээнүүд 24 цаг мэдээллээ цацаж байна.
-CNN түүхэнд гурван чухал үйл явдлыг нэвтрүүлсэн гэж бодогддог юм. Нэг нь 1987 онд бяцхан Жессикаг худгаас гаргасан явдал. Харин та энэ түүхийн талаар ярих илүү дуртай гэдэг юм билээ.  
-Үйл явдлууд хэдэн мянгаараа өрнөдөг ч бид тэднээс цөөн хэдийг нь л сонгох хэрэгтэй болдог. Тухайн үед хүн бүр Жессикагийн төлөө залбирч байсан. Миний санаж байгаагаар Жессика худагт бүтэн өдөр болсон.
-Персийн булангийн мөргөлдөөний талаарх мэдээлэл дараагийнх нь байх. 
-Тухайн үед бууны сум исгэрч, бөмбөг дэлбэрч байсан. Тухайн үед хүмүүс CNN ямар сайн болсныг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс миний хамгийн дуртай түүх бол тэр.
-Харин гурав дахь нь есдүгээр сарын 11-ний халдлага. 
-Тухайн үед би албаныхаа өрөөнд байсан. Эхний онгоцыг нь би хальт л харсан даа. Харин байшин шатаж байх үеийг тод харсан. Тэгээд л доошоо мэдээний өрөө рүү гүйж орлоо. Тухайн үед Уолтер Исаксон эфирт ажиллаж байсан юм. Тэр даруй Исаксонд “Дэлхийн худалдааны төвийн талаар мэдээллэвэл гол мэдээг чинь сүйтгэчих болов уу” гэж асуутал тэр ч “Үгүй дээ, харин ч сайхан санаа байна” гэж дэмжсэнээр Дэлхийн худалдааны төвийн цамхагийн шатаж буйг мэдээллэсэн.
-Жейн Фондад өгсөн хайр тань таны амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн нэг байв уу?
-Тийм ээ.
-Та түүнтэй дотносож байв уу? 
-Үгүй.
-Боломж бий болов уу? 
-Байхгүй. Хэн нэгнийг хайрлана гэдэг тэр хүн чамайг хэчнээн зовоож, шаналгаж байсан ч түүнийг үл тоон хайрлахыг хэлэх байх.
-Уг нь та үргэлж л ялдаг хүн. Харин Жейнийг алдсан байх нь. Шалтгаан нь юу байв?
-Би Жейнийг төдийгүй ажлаа, ирээдүйгээ алдсан.
-Алдсан гурван зүйлээс тань хамгийн үнэ цэнэтэй нь юу вэ? 
-Би тэднийг жагсааж чадахгүй нь ээ. Аль алинд нь дэндүү их хайртай юм. Тэд бүгд миний сэтгэлийг шархлуулсан.Замын дундаас буцсан хүн хэзээ ч хождоггүй. Тиймээс л би эргэн ирсэн.

Friday, May 25, 2012

Зүүдээ амилуулагчид



Америкт гурван хүн тутмын нэг нь зүүдэндээ явж байсан гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр унтаагаараа явах нь бага наснынхны дунд түгээмэл ажиглагддаг ч, эл судалгаа насанд хүрэгчдийн дунд явуулсан төдийгүй, “Нас бие гүйцсэнээс хойш унтаж байхдаа босож явж байсан уу?” гэсэн асуултанд оролцогчдын гуравны нэг нь “Тийм” хэмээн хариулсан нь эрхгүй анхаарал татаж, нойрны эмгэг гэх бүрэн судлагдаагүй сэдвийг дахин хөндөхөд хүргэж буй. 


Гэр бүлийн бяцхан гишүүн тань сэрээгүй байхдаа хувцаслан босож байвал эмээх хэрэггүй гэнэ. Учир нь 5-12 наснынханд түгээмэл тохиолддог энэ үзэгдлийн нууцыг эрдэмтэд тайлж чадаагүй ч, эмгэг биш гэдэгт санал нэгдэж буй. Унтаагаараа явах хэмээн нэрийддэг ч босож суух, унтаж байгаа хэрнээ сэрүүн мэт нүдээ нээх зэрэг нь ч нойрны зүүдэндээ явах үзэгдлийн шинж тэмдэг мөн. Хэрэв тэднийг цочоож сэрээхгүй бол зүүдээ бодит ертөнцөд хэрэгжүүлэх энэ үйлдэл нь 10-30 минутаас удаан үргэлжлэхгүй бөгөөд, тэд удалгүй буцаад л унтдаг байна.
Зүүдэндээ явах нь ихэвчлэн удам дамждаг гэдэгтэй олонх эрдэмтэд санал нэгдээд буй. Тэр ч байтугай аав ээж хоёрынх нь хэн нэг нь зүүдэндээ явдаг бол хүүхдэд энэ байдал удамших магадлал 45 хувь байдаг бол эцэг эх хоёр хоёул шөнө дунд аялдаг бол магадлал 60 хувь болж өсдөг гэх тооцоо гаргажээ. Бусад тохиолдолд бага насны хүүхдүүдийн шөнийн зугаалга нь ядрах, нойр бүрэн ханаагүйгээс, сэтгэл зовних зэргээс үүдэлтэй байх магадлалтай гэх таамаглах бий. Гэхдээ харанхуйгаас айх айдас, ганцаараа эсвэл хэн нэгэнтэй хамт унтах, унтахын өмнөх бухимдал нөлөөлдөггүй хэмээн нойрны эмгэг судлалын төвийн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний гаргасан бас нэгэн сонирхолтой дүгнэлт бол ихрүүд энгийн хүмүүсээс 10 дахин илүү зүүдэндээ явах магадлалтай байдаг гэнэ.
Харин насанд хүрэгсдийн хувьд энэ үзэгдэл огт өөрөөр эргэнэ. Зүүдэндээ явах нь тэдний хувьд эмгэг болох бөгөөд үүнд хүрээлэн буй орчны таагүй байдал, амьдралын буруу хэв маяг, эм элдэв бодисын хэрэглээ нөлөөлдөг байна.
Согтууруулах ундаа, тайвшруулах эмээс эхлээд нойр багадах, унтлагын цагийн хуваарь замбараагүй байх, унтахын өмнө шингэн их ууж эсвэл хэт их юм идэх, стресс хүртэл шөнө дундын зугаалгын шалтгаан болдог. Түүнчлэн халуурах, астма, сэтгэл зүйн цочролд орох, зүрхний хэм алдагдах зэрэг бусад өвчний үед шинж тэмдэг болох нь бий.
Тиймээс ч Стэнфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа америкчуудыг багагүй цочирдуулжээ. Тэд нэгдсэн улсын иргэдийн 3.6 хувь нь зүүдэндээ явдаг болохыг зарлажээ. Судалгаанд оролцогчдын 8.5 сая нь сүүлийн нэг жилд зүүдэндээ явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол 3.5 сая гаруй хүн сүүлийн нэг долоо хоногт зүүдэндээ явсан хэмээжээ. Энэ талаар судалгааны багийн ахлагч Маурис Охайон “Хэрэв та гэртээ, өөрийн аюулгүй байдлыг хангасан бол айх хэрэггүй. Харин ганцаараа юм уу, айлд хонож байгаа бол унаж бэртэх эрсдэлтэй” хэмээн зөвлөжээ.
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд 15 мужийн иргэдийг судалгаандаа хамруулсан бөгөөд 19.136 тохиолдлыг бүртгэн авч, гэр бүлийнхнийх нь зүүдэндээ явдаг байсан эсэхийг судлан, дүгнэлт хийх маягаар судалгаагаа явуулжээ.
Эрдэмтдийн тогтоосноор суурин иргэншил болон орчин үеийн хүмүүсийн амьдралын хэвшил гайхмаар үр дүн гарахад багагүй нөлөөлсөн байна. Сэтгэл санааны хямрал нь нойрны эмгэгтэй болох магадлалыг 3.5 дахин ихэсгэдэг болохыг тэд баталжээ. Түүнчлэн эмийн хэрэглээ, согтууруулах ундаа нөлөөлдөг болохыг дахин анхааруулсан байна. Энэ талаар эрдэмтэн Охайон
“Дээрх зүйлс шөнийн зугаалгат нөлөөлж буй нь эргэлзээгүй боловч яг хэрхэн нөлөөлж байгааг бид олж чадаагүй л байна. Зүүдэндээ явах нь эмийн сөрөг нөлөө юу эсвэл тайвшруулах нь зүүдэндээ явахад хүргэж байна уу гэдгийг тогтоох шаардлагатай байгаа юм” гэжээ.
Зүүдэндээ явах нь хэдийгээр нойрны эмгэг хэдий ч олонх хүнд эмчилгээ шаардлагагүй байдаг аж. Түүнчлэн зүүдэндээ явж байгаа хүнийг гэнэт сэрээх нь цочролд орох эрсдэлтэй хэмээн уламжлалт ойлголтыг нойрны эмгэг судлалын төвийн эрдэмтэд үгүйсгэжээ. Түүнчлэн нойрны эмгэгийн талаарх бас нэгэн ташаа ойлголт бол унтаж байхдаа явж буй хүн урдаа юу байгааг мэддэг тул, унаж бэртдэггүй гэх бодол. Унтаж байгаа бусад хүмүүсийн нэгэн адил баримжаа зүг чигээ алдсан байдаг тул шөнө дунд зугаалагчид бэртэж, осолдох эрсдэл харин ч их байдаг аж.
Тиймээс зүүдэндээ зугаалагчдыг хамгаалах хамгийн найдвартай арга бол орчныг аюулгүй болгох явдал. Тавилга зэргийг явах замаас нь холдуулж, шатыг жижиг хайсаар хашсан ч болох.

Нойр норм барих энгийн арга уу?

Америкийн эрдэмтэд нойрны талаарх бас нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь бүсгүйчүүдийн анхаарлыг илүүтэй татах болов уу. Уруудахад унтаж идэх гэх уламжлалт ойлголт орчин цагт өрөөсгөл болсныг батлах судалгааг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хийжээ. Тэд нойроо ханатал унтах нь биеийн жингээ барихад тустай болохыг баталжээ.

Мэдрэлийн эмч Натаниэл Ватсоноор ахлуулсан судалгааны багийнхан өдөр 7 хүртэл цаг унтдаг хүмүүс 9 цаг унтдаг хүмүүсээс хүнд жинтэй төдийгүй, анхаарлаа төвлөрүүлэх чадвар бага байгааг тогтоожээ. Түүнчлэн бага цаг унтдаг хүмүүсийн биеийн жингийн индексийн өөрчлөлтөд орсон байхад хангалттай нойрсогчдын 32 хувьд нь л биеийн жингийн индекст нь өөрчлөлт орсон байжээ.
Үүнийг эрдэмтэн Натаниэл Ватсон “Бага унтах тусам хүний бищийн ген жингээ их байх ёстой хэмээн зохицуулж эхэлдэг. Харин сайн унтвал ген биеийн жингийн зохистой хэмжээг зөв тогтоож чаддаг” хэмээн “USA Today”-д өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.
Эрдэмтэд 604 нэг эсийн ихэр, 484 хос эсийн ихрийг судалгаандаа хамруулсан бөгөөд эцэст нь биеийн жингээ зохистой байлгахын тулд хүн өдөрт 7-9 цаг унтах ёстой хэмээн тогтоожээ.
Одоогоор биеийн жингийн индексийн өөрчлөлтийг ямар ген зохицуулж байгааг нарийн тогтоогоогүй ч хангалттай унтсан хоолны дуршил болон өдөр зарцуулах энергийн хэмжээг зөв тооцоолж, хоолны дуршлыг хэвийн байлгадаг хэмээн үзэж байна.

Friday, May 18, 2012

Аспиринаас үр дүнтэй арга - Бариа


Бариа хийх нь өвчин намдаахдаа аспиринаас илүү үр дүнтэй хэмээн эрдэмтэд зөвлөж байна.
Массаж гэх үг стерсс тайлах, амраахаар хийдэг бариа заслыг илэрхийлдэг байсан бол эрдэмтийн саяхны судалгаа анагаах гэсэн бас нэгэн үүргийг хавсаргаж мэдэх нь. Ялангуяа хэт их дасгал  хөдөлгөөн хийсний дараа булчин хөндүүрлэж өвдөх үед эм уухаас илүү үр дүнтэй арга гэнэ.
Канадын МакМастер их сургуулийн судалгааны баг массажны нөлөө, хийсний дараах үр дүнг аспирин, ибупрофен гэх өвчин намдаах эмтэй харьцуулан судалжээ. Тэд 11 залууг судалгаандаа оролцуулж, аеробик хийлгэж, цэнгэлдэх хүрээлэнг дугуйгаар тойруулах гэх мэт дасгал хийлгэжээ. Эрчимтэй бэлтгэлийн дараа Швед бариа засалч залуусын нэг хөлөнд 10 минутын турш массаж хийж туршжээ. Ингэхдээ дасгалын өмнө болон дараа, массаж хийлгэхээс өмнө болон дараа сорил хийж үзэж байсан аж. Судлаачид туршилтын явцад массаж хийлгэсний дараа эмх замбараагүй болсон булчингийн молекулуудад массаж эерэг нөлөөлж буйг тогтоожээ.
Өвчин болон үрэвслийг үүсгэдэг цитокайныг үйл ажиллагааг массаж зогсоосноор ийн үр нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн булчингуудыг хэт ачааллын дараа молекулын хэвийн байдлыг тэнцвэржүүлдэг эрчим хүч ихээр шаарддаг эсийн дотор байх митохондрийг нэмэгдүүлэх дохиог өгдөг байна.
Миамигийн анагаах ухааны их сургуулийн Хүрэхүйн ухааны институтийн захирал Тиффани Файлд судалгааны үр дүн ингэж эргэнэ хэмээн огт таамаглаагүй явсан бөгөөд “Цитокайныг багасгана гэдэг өвчнийг намдааж байна гэсэн үг” хэмээн ярьсан байна.
Нэгэн цагт ноёрхож байсан уламжлалт анагаах ухаан шинжлэх ухааны шинэ нээлтээс шалтгаалан шахагдаад байсан сүүлийн үеийн судалгаанууд сөрөг нөлөө багатай уламжлалт анагаах ухааны нууцыг тайлж эхлээд байна хэмээн судалгааны багийнхан “Анагаах ухааны тайлбар шинжлэх ухаан” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ дурджээ.

Усны талаарх ташаа ойлголтууд


Савласан цэвэр ус гоожуурын уснаас сайн уу? Эсвэл эрдэсжүүлсэн рашаан хүний биед илүү тустай юм болов уу? Эдгээр асуултад хариу эрсэний хэрэггүй аж. Учир нь тэдний аль нь ч эмийн увидасгүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. 
Усны талаарх олон ташаа ойлголт ус хангалттай уухыг зөвлөсөн элдэв зөвлөгөөнүүд хэдийнээс ч юм хүн төрөлхтний дунд бий болчихож. Эмч нарын зөвлөж буйгаар хэрэв таны ам цангаагүй л бол таны биеийн шингэний хэмжээ хэвийн байна гэсэн үг аж. 

Ойлголт No. 1: Өдөр бүр найман аяга ус уух

Сонирхолтой нь одоогоор ямар ч эрдэмтдийн баг өдөрт хэдэн аяга ус уух талаар дүгнэлт хийгээгүй байгаа аж. Тэгвэл өдөр бүр найман аяга ууж хэвш гэсэн түгээмэл зөвлөгөөг хэн өгсөн байж таарах нь вэ? Энэ асуултад Пенсилванийн их сургуулийн бөөрний эмч Стэнли Гольфарб “Энэ зөвлөгөө хаанаас гарч ирсэнийг эрдэмтдийн хэн нь мэддэггүй” хэмээн хариулсан байна.

Ойлголт No. 2: Их ус ууснаар бие дэх хорт бодисыг шимэгдүүлдэг

Бидний цусан дахь хорт бодисыг шүүж гадагшлуулдаг эрхтэн бол бөөр. Тиймээс бие дэх хорт бодисууд шээсээр биеэс гадагшилдаг байна. Тэгэхээр их ус уух нь бие дэх хорт бодисыг хөөхөд тустай юу хэмээн та асуух гэж байна уу? Хариултыг нь бөөрний эмч Гольфарб “Үгүй” хэмээн товчхон хариулсан байдаг. Тэрбээр “Баримтаас харахад ус их уух нь харин ч бөөрний үйл ажиллагааг сулруулдаг. Хэдийгээр туршилтаас харахад хорт бодисыг шүүх чадварыг багахан хэмжээгээр багасгадаг гэх дүн үзүүлсэн боловч, эргэлзээгүй батлагдсан үр дүн юм шүү” хэмээн тайлбарласан.

Ойлголт No. 3: Ус их уух нь арьсыг эрүүлжүүлдэг

Хүний биеийн 60 гаруй хувийг ус эзэлдэг. Тэгэхээр 90 кг жинтэй хүний биеийн жингийн 54 гаруй кг нь ус байх нь.
Уух усныхаа хэмжээг хэдэн аягаар нэмэх нь бараг л ач холбогдолгүй гэнэ. Эмч Гольфарбын өгүүлж буйгаар “Ус нь хүний бие олон арван бодисын өчүүхэн нэг л хэсэг тул уух усны хэмжээг нэмсэнээр ямар нэг нөлөө үзүүлэхгүй”  аж. Тэрбээр энэ талаар Америкийн бөөр судлалын нийгэмлэгийн сэтгүүлд дэлгэрэнгүй өгүүлэл хэвлүүлсэн нь ч бий.
Харин 2007 онд хэсэг эрдэмтэд туршилт хийж өдөрт 500 мл ус уух нь хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулж, энэ нь арьсны эрүүл байдалд эерэг нөлөө үзүүлдэг хэмээн баталсан байдаг. Гэсэн хэдий ч туршилтаар харуулсан энэ өөрчлөлт нь клиник туршилтын үеэр ямар ч үр дүн харуулаагүй учир эцсийн дүгнэлт биш болохыг ч эрдэмтэн Гольфарб дурджээ.

Ойлголт No. 4: Жингээ барихад ус тустай

“Хоолны дэглэм барьж байх үед танд хамгийн их тус болох зүйл нь ус” гэх утгатай өгүүлбэрийг та олонтаа уншиж байсан уу?  Харин үүнийг Питцбургийн их сургуулийн эрдэмтэн Мадлин Фернсторм “Ус ямар ч калоригүй болохоор л хоолны дэглэм барьж буй хүмүүст чухал ач холбогдолтой байгаа юм” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрбээр “Амаа завгүй байлгахын тулд та элдэв калоритой хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахын тулд усаар орлуулж болно. Гэхдээ энэ нь ус тураах, калори багасгах шидтэй гэсэн үг биш” гэдгийг сануулжээ.  

Ойлголт No. 5: Дасгал сургуулилтын үед шингэнээ алддаг

Усгүйжилт, шингэнээ алдана гэдэг нь хүн биеийн жингийнхээ 2 хувийг алдахыг хэлдэг. Тэгэхээр өнөөх 90 кг жинтэй эрийг дахин жишээ болговол тэр хүн хамгийн багадаа 1.8 кг хаясан тохиолдолд шингэний дутагдалд орж байна гэсэн үг.
Холын зайн гүйлтийн тамирчин, ууланд авирагч, дугуйчдад шингэний дутагдалд орох шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг. Ялангуяа халуун, хуурай нөхцөлд бэлтгэл хийсэн тамирчид усаа нөхөх шаардлагатай болдог аж.
Америкийн биеийн тамирын анагаах ухааны коллежийн эрдэмтэд гэхэд л бэлтгэлийнхээ өмнө 500 мл ус уухыг зөвлөдөг.
Харин эрдэмтэн Гольфарб усны савтай ус барьж яваад зөвхөн цангасан үедээ л уухыг зөвлөж байна.



ТАВАН ДОЛЛАРЫН ТАСАЛБАРТАЙ “ОСКАР”


“Оскар”-ын төрсөн өдөр. 1929 оны тавдугаар сар 16-нд Лос-Анжелес хотноо Академийн шагнал гардуулах ёслолын анх зохион байгуулж, шагнал гардуулж байсан болохоор авга Оскараар овоглосон эл шагналын төрсөн өдөр яах аргагүй эл өдөр байх болов уу. 

Тасалбар нь таван долларын үнэтэй шагнал гардуулах ёслол Холливуд Рузвелт зочил буудалд анх зохион байгуулагдаж байснаас хойш хэдийнэ 83 жил өнгөрчихөж. Анхны үдэшлэгт нь ердөө л 2070 хүн оролцож байсан бол өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд болсон “Оскар”-ыг зөвхөн Хойд Америкт гэхэд л 39 сая хүн гэртээ тухлан сууж байгаад телевизийн нэвтрүүлгээр шууд хүлээн авч үзсэн байх юм. Харин зохион байгуулалт нь өнөөдрийнхөөс огт өөр байж. Анхны Академийн шагналтнуудын нэрсийг наадам болохоос гурван сарын өмнө нийтэд зарлаж байсан бол дараа жил нь уг байдал багахан өөрчлөгдөж, Академи ялагчдын нэрсийг шагнал гардуулах хүртэл нууцлахаар тогтжээ. Гэхдээ наадам болох өдрийн үдшийн 11 цаг хүртэл хэвлэхгүй байхыг хатуу сануулан, ялагчдын нэрсийн жагсаалтыг зөвхөн хэвлэлийнхэнд тарааж байсан аж. Эл уламжлал “The Los Angeles Times” сонинынхон ялагчдын нэрсийг үдэд хэвлэгдсэн сониндоо нийтэлж, шагнал гардуулах ёслолд оролцогчид суудлаа эзлэхээс өмнө тараасан 1940 он хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ алдаанаас сургамж авсан Академи 1941 оноос ялагчдын нэрсийг дугтуйд хийн нууцалдаг болсон аж.
“Канн”, “Алтан бөмбөрцөг” гээд л кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг олон арван наадам байгаа атал “Оскар” олны сонирхлыг илүүтэй татсаны нууцыг шүүмжлэгчид телевизтэй салшгүй холбоотой байсных хэмээн дүгнэдэг. Анхны телевизээр шууд цацагдсан шагнал гардуулах ёслол болсон төдийгүй хоёр дахь “Оскар”-ыг Лос-Анжелес радио нэг цагийн турш шууд нэвтрүүлсэн нь уг наадмын нэр хүндийг багагүй өсгөжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл радиогоор шууд цацагддаг болсон тул үзэгчид Академийн шагнал гардуулах ёслолыг илүүтэй сонирхон үздэг болж. 1966 онд үзэгчид нэвтрүүлгүүдийг өнгөтөөр хүлээн авдаг болсон нь “Оскар”-ын үзэгчдэд ч бас нэг шинэчлэл болж. Тэд Холливудын оддын гангарааны сэтгэл хөдөлгөм өнгийг харах боломжтой болсон болохоор тэр. Үүнээс гурван жилийн дараа дэлхий дахины цацагддаг болсноор өдгөө дэлхийн 200 гаруй оронд ялагчдын нэр дуудах мөчийг кино сонирхогчид гэртээ сэтгэл догдлуулан сонсож суудаг болжээ.
Ихэвчлэн зочид буудлуудад зохион байгуулагддаг байсан наадам 1942 онд Грауманы Хятад театр өрнөснөөс хойш театрт хийх нь уламжлал болон тогтсон байдаг.
Бараг нэг зууны түүхтэй наадмын талаар кино сонирхогчид сайн мэддэг хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтууд ч цөөнгүй бий. Тэднээс хамгийн сонирхолтой арван баримтыг дэлгэе.
1. Энэ жилийн “Оскар”-ын “Шилдэг зураг” төрөлд найман өрсөлдөгч нэр дэвшсэн нь уг наадмын 84 жилийн түүхэнд гарч байгаагүй зүйл юм. Үүнээс өмнө ихэвчлэн тав юм уу арван уран бүтээл нэр дэвшиж байжээ.
2. Хамгийн эрэлттэй хөтлөгч хэмээгддэг Билли Кристал Академийн наадмыг хөтлөхөөр есөн удаа гэрээ байгуулсан хүн. Гэхдээ л “Оскар”-ын хувьд Боб Хоп илүү нэр хүндтэй нэгэн. Тэрбээр энэ наадмыг 18 удаа хөтөлсөн байдаг.
3. Бараг нэг зуун жилийн түүхтэй эл наадамд ердөө ганц л удаа насанд хүрэгчдэд зориулсан кино нэр дэвшиж байжээ. 1969 оны наадмын шилдэг зураг төрөлд өрсөлдөн эл бүтээл “Шөнө дундын ковбой” нэртэй.
4. “Оскар”-ын шагналтнуудыг насны байдлаар онцолбол:
Хамгийн залуу шилдэг эрэгтэй жүжигчин: Адриэн Броди (29 насандаа) “Төгөлдөр хуурч” киногоор 2002 онд хүртсэн.
Хамгийн залуу шилдэг эмэгтэй жүжигчин: Марли Матлин (21 насандаа) “Бурхны хүүхдүүд” киногоор 1986 онд хүртсэн.  Lesser God in 1986
Хамгийн ахмад шилдэг эрэгтэй жүжигчин: Хэнри Фонда (76 насандаа) “Алтан цөөрөм” киногоор 1981 онд хүртсэн.
Хамгийн ахмад шилдэг эмэгтэй жүжигчин: Жэссика Танди (80 насандаа) “Хатагтай Дэйси” киногоор 1980 онд хүртсэн.
5. Академийн анхны шагнал гардуулах ёслолын үдэшлэгийн тасалбар ердөө таван долларын үнэтэй байж. Анх 1953 онд зурагтаар цацагдаж, 1966 онд өнгөтөөр үзэгчдэд хүрсэн байдаг.
6. 84 жил зохион байгуулагдахдаа “Оскар” товлосон хугацаанаасаа ердөө гурван удаа л хойшлогдож байжээ. 1939 онд болсон их үерээс болоод хойшлогдож байсан бол 1968 онд Мартин Лютер Кингийг оршуулах ёслол давхацсанаас болоод хойшлогджээ. Мөн 1981 онд Ерөнхийлөгч Рональд Риган руу халдсаны улмаас уг арга хэмжээг түр цуцалсан байна.
7. “Шуурганд туугдагсад” кино Шилдэг зураг төрөлд магнайдсан хамгийн урт уран бүтээл юм. Уг кино 234 минут үргэлжилдэг бол хамгийн богино Шилдэг зурагтай кино нь “Марти” (94 минут).
8. 2012 Академийн бүх гишүүн буюу 5783 хүн өрсөлдөгчдөд санал өгчээ.
9. “Оскар”-ын түүхэнд ердөө гурван хүн шагналаасаа татгалзсан байдаг.
Генерал Паттоны дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн Жорж Скот 1971 онд шагналаасаа татгалзаж байжээ. Тэрбээр уг наадмыг дэндүү улс төржсөн хэмээн үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна.
“Загалмайлсан эцэг” Марлон Брандо 1972 онд шилдэг жүжигчнээр тодорсон боловч Холливудынхан америкчуудын төрхийг дэндүү ядмаг болгож байна гэсэн үндэслэлээр шагналаасаа татгалзжээ.
Зохиолчид кино бүтээгчидтэй дайн зарлаад байсан 1935 онд Академийн шагнал хүртсэн зохиолч Дюдли Николс 1935 онд шагналаасаа татгалзсан анхны уран бүтээлч болсон байна.
10. Жүжигчин Мариса Томей 1992 онд шилдэг туслах жүжигчний шагнал хүртсэн боловч өнөө хэр уг шагналыг эргэлзээтэй хэмээн шүүмжлэгчид үздэг. Тухайн үед хүчтэй өрсөлдөгчтэй байсан тул кино урлагт “Мариса Томейгийн хүчин зүйл” гэх нэр томъёо хүртэл  гараад амжжээ.

Бетти Уайт: Оюун бодолдоо би ирвэс


Дал гаруй жилийн турш идэвхтэй амьдарч байгаа хүн түүнээс өөр үгүй биз. Өнгөрөгч нэгдүгээр сард 90 насны ойн баяраа тэмдэглэсэн жүжигчин Бетти Уайт 1939 онд телевизийн салбарт хөл тавьсан аж. Өдгөө ч Холливудын хит бүтээлүүдэд тоглосоор буй түүнтэй Пирс Морган ярилжээ. 

-“Мэри Тайлор Мур” цуврал дэлгэцнээ гарсан үе бол дэлгэцийн цувралын алтан үе. Тэр цагаас хойш биднийг инээлгэж байгаа хүн бол Бетти Уайт. Тэр биднийг зогсолтгүй инээлгэснээс хойш хэчнээн урт хугацаа өнгөрсөн юм бэ? 
-Та 90 гэж хэлэх гээд л байна аа даа?
-Өөрийгөө 90 настай гэж хэлэх гэсний хэрэггүй. Ид шидийг үгүй хийчих шиг л болж байна. Та яг л 30 настан шиг харагдаж байна. 
-Энд л тэгж байгаа байх аа даа. (инээв)
-Та яагаад өнөө хэр ийм завгүй ажилладаг юм бэ? 
-Чамд таалагдахын тулд л тэр. (инээв) Сүүлд тоглосон киноны минь тухай яриад байна уу? Тэр бол миний буруу. Бид сайн кино хийхийг хичээсэн. Ямар ч байсан зорилгодоо хүрсэн.
-Үгүйд ээ. Таны цагийн хуваарийн талаар яриад байгаа юм. 90 настнуудаас та хамгийн завгүй нь байх. 
-Хэрвээ өөрөө л сэтгэл хангалуун байгаа бол түүнд буруу зүйл гэж байхгүй байх.
-Студи руу гарахын өмнө эхнэр минь надад таны талаар анхаарууллаа л даа. Тэр бүр “Болгоомжтой байгаарай. Бэтти бол ирвэс л гэсэн үг” гэж хэлсэн шүү. 
-Тийм шүү. Өөрөө өөртөө бол би ирвэс. Гэхдээ зөвхөн оюун бодолдоо л. Миний биширдэг амьтдын нэг юм.
-Тэрийг би сайн мэднэ. Та 90 настай атлаа яагаад ингэж их ажилладаг юм бэ? Та кинонд тоглож, “Saturday Night Live” нэвтрүүлгийн хийж байна. Ийм их эрч хүчийг тэр хаанаас авдаг юм бол гэж хүмүүс их гайхдаг. 
-Энэ бүхэн л намайг амьд байлгаж байгаа юм шүү дээ. Харин хүмүүс энэ асуултаа үргэлжлүүлэн тавьсаар л байх вий. Хэрэв миний төлөө үнэхээр л санаа зовж байгаа юм бол энэ талаар дахин асуухаа л больчих. Үгүй гэж хэлэх миний хувьд их хэцүү байдаг.
Бүр жаахан байхаасаа л би бусдад татгалзсан хариу өгч зүрхэлддэггүй байлаа. Тэр зан минь тодорхой хэмжээнээр нөлөөлдөг биз. Гол нь би ажилдаа дуртай.
-Америкчууд танд яагаад ийм их хайртай байдаг юм бол. Жар далан жил тасралтгүй хөдөлмөрлөсөн учраас тэгж байгаа юм болов уу. Таны нууц юу вэ? 
-Надад ямар ч нууц байхгүй. Хүмүүс намайг сайн мэддэг учраас л надад тэгж ханддаг юм болов уу. Өнөөдөр өсөж томорсон их олон залуус жаахан хүүхэд байхаасаа л миний тоглосон цувралуудыг үзэж өссөн. Тэдний өвөө эмээ нь ч миний тоглосон киног үздэг. Бүхий л цаг үед би байсан болохоор тэр байх.
-Би гурван хүүтэй. Тэдний хоёр нь өсвөр насны хөвгүүд л дээ. Тэд маань тантай уулзаж ярилцах гэж байгааг сонсоод Британиас энд ирсэн. Тэд бүр “Аав аа, тэр ёстой догь хатагтай” гэж уулга алдсан. 
-Тийм гэж үү? Тэднийг бурхан ивээг. Миний мэндийг тэдэнд дамжуулаарай.
-Тэгье ээ. Хувийн амьдралынхаа тухай сонирхуулаач. Би амралтын өдрүүдээр Лас Вегас хотноо өнждөг. Та ч бас тэнд амардаг юм билээ. 
-Бид тэгвэл Нүгэлт хотод амардаг байх нь.
-Та өглөө 06.00 цагт босдог гэж байсан. Тэгээд нохойгоо салхилуулж, дараа нь өдөржин ажлаа хийгээд, заримдаа бүр 01.30 цагт орондоо ордог гэсэн. 
-Учрыг нь сайн мэдэхгүй ч би унтах гэж дурлаад байдаггүй хүн. Хоногт 4-5 цаг унтах нь надад хангалттай байдаг. Унтах гэдэг дэндүү уйтгартай үйлдэл. Орон дээр хэвтээд нүдээ анин өнгөрүүлэх цагт бид хэчнээн их зүйлийг амжуулж болдог гээч.
-Та гайхалтай эрч хүчтэй хүн юм. Хүмүүсийн олонх нь 70 хүрэхээр өвдөг сөхөрч, шантарч эхэлдэг байх гэж би боддог юм. Таны насны хүн ийм их эрч хүчтэй байгаагийн нууц нь юу вэ? 
-Хөгширнө гэдэг чинь ердөө л сэтгэл санааных юм болов уу гэж би боддог. Би хийж байгаа зүйлдээ дуртай. Өмнө хэлж байсанчлан түүнийхээ ачаар л амьдарч байна. Ийм настай байгаа хэрнээ би ажлаа хийж чадаж л байгаа нь үүний нотолгоо юм.
-Эрчүүдээс танд элдэв санал ирсэн хэвээр үү? Эсвэл та тэдгээр саналыг зохисгүй гэж үзэхээ больсон уу? 
-Гол нь тухайн хүн зүй зохистой байдал гэж юуг хэлдгийг үнэлэхээс шалтгаална.
-Тантай уулзах үед надад “Түүний өмссөн цамц надаас ахмад байж ч мэднэ” гэсэн бодол төрсөн. Таны цамц хэдэн настай вэ? 
-Их эртний цамц. Магадгүй чөнөөлөндөө гарах болсон байх. Надад бүр “Мэри Тайлор Мур” цувралд тоглож байхдаа өмсдөг байсан хувцас ч бий. Гэхдээ надад энэ цамцны өнгө нь таалагддаг юм.
-Жаахан завсарлага аваад нэгэн бичлэг үзье. 
(Бичлэг)
Жүжигчин Морган Фриймэн: Беттидээ би их хайртай. Тэр гайхалтай эмэгтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: Хонгор Бетти, та эрч хүчээр дүүрэн харагдаж байна. Хэдийнэ 90 нас хүрсэн гэдэгт чинь итгэж ч чадахгүй юм. Яг үнэндээ таныг 90 настай гэдэгт би итгэхгүй байгаа шүү. Тиймээс төрсний гэрчилгээгээнийхээ хуулбарыг харуулж, түүнийгээ батлаарай.
Хэдэн настайг чинь үл хамааран танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

-Ерөнхийлөгч Обама төрсөн өдрийн баяраар тань хошигноод амжжээ. Ерөнхийлөгч танд хошигносон мэндчилгээ илгээнэ гэдэг гайхалтай биш гэж үү. Та энэ талаар таамаглаж байв уу?
-Бид огт мэдээгүй. Гайхалтай сайхан бэлэг болсон шүү. Би анх хүлээж авчихаад нүдэндээ ч итгээгүй.
-Та хоёр настай байхдаа Лос Анжелест нүүж ирж байсан гэсэн. 
-Ой гарантай байхдаа.
-Амьдрал тань яг кино зохиол шиг өнгөрснийг бодохоор заримдаа гайхдаг уу? 
-Тэднээс хамгийн гайхалтай нь Алан Луннтай хамт өнгөрүүлсэн 18 жил.
-Тантай 18 жил хамт амьдарсан хэрэг үү? 
-Тийм ээ.
-Богинохон насалсан нь харамсалтай. Тэр үеэ дурсаач. 
-Элизабет Тэйлорт хүмүүс яагаад хайртай байдгийг мэдэх үү. Тэр их олон удаа нөхөрт гарсан хэдий ч гэрлэхээсээ өмнө охин биеэ гээгээгүй юм.
-Та ч бас нөхөрт гарахаасаа өмнө хайртай залуутайгаа дотно харилцаанд ороогүй байх нь ээ? 
-Тийм ээ. Гэхдээ та миний тухай олон цуу яриа сонссон л байх. Гэхдээ би үүгээрээ өнөөгийн охидыг шүүмжлэх гээгүй юм шүү. Тухайн үед хүмүүс энэ талаар их өөр ойлголттой байж л дээ. Хүмүүс эмэгтэй хүний гэрлэсэн эсэхийг л их сонирхдог байсан. Нэг ёсондоо нөхөртэй эмэгтэйг үнэлж хүндэтгэдэг байлаа. Эцэст нь “Би юу хийчихэв ээ” гэж харамсах өдөр ирдэг юм. Өө бурхан минь би юу яриад эхлэв ээ. Энэ талаар ярина гэж огт төлөвлөөгүй байсан юм шүү дээ.
-Алан таны амьдралд ирснээр та жинхэнэ хайраа олсон байх нь. 
-Тийм ээ. Миний нэг насны хайрын эзэн. Гэхдээ би болздог болсон даруйдаа түүнийг дагаж Нью-Йорк руу нүүхээс татгалзсан. Тэр үед би өөрийгөө их ухаалаг алхам хийсэн гэж боддог юм. Учир нь тэр надаас гэрлээч гэж биш хамт Нью-Йорк руу нүүе гэж асуудаг байв.
Намайг татгалзсан болохоор үдэш бүр над руу утсаар ярьдаг байлаа. Нэг өдөр тэр цагаан туулайн хэлбэртэй чихмэл тоглоом барьчихсан ирлээ. Чихэнд нь очир эрдэнийн шигтгээтэй бөгж зүүж, ил захидал дээр “Зөвшөөрсөн гэдэг хариу өгөөч” гэж бичээд хамт авчирсан. Тэр шөнө би утас дугарахад нь “Байна уу” гэж биш, “Зөвшөөрч байна” гэж хариулсан даа.

Дуугүй ч, дуулиант “Уран бүтээлч”


Дуугүй кино хэдийнэ түүх болон үлдчихсэн XXI зуунд “Оскар”-ын шагналыг хамсан хачирхалтай кино бол “Уран бүтээлч”. 83 жилийн тэртээ л тус наадамд дуугүй кино шагнал хүртэж байж. Зөвхөн “Оскар” төдийгүй кино урлагийн нэр хүнд гурван ч наадамд торгон жолоо өргүүлээд буй кино багийнхныг Пирс Морган нэвтрүүлэгтээ урижээ. 

-Дуугүй кино “Оскар”-ын наадмын 10 төрөлд нэр дэвшин, тавд нь шалгарч, “Алтан бөмбөрцөг”, “Шүүмжлэгчдийн сонголт” тэргүүтэй хэд хэдэн наадамд  амжилттай оролцсон гэх мэдээллийг хэдийнэ дуулсан биз. Таны сонссон бүгд үнэн гэдгийг батлахаар “Уран бүтээлч”  кинонд тоглосон жүжигчин Береника Бейог студидээ уриад байна. Та Парист төрж өссөн байх аа? 
-Тийм ээ.
-Таны тоглосон кино олны анхаарлыг татаж, кино сонирхогчдын ярианы гол сэдэв болоод буй. Энэ байдал танд хэрхэн нөлөөлж байна вэ. Гэнэтийн энэ өөрчлөлт танд ямар санагдаж байна вэ? 
-Би одоогоор сайн байгаа шүү. Асуусанд тань баярлалаа.
-Холливудын ертөнцийн үймээн таныг сандаргаж байна уу? 
-Үгүй дээ. Хүмүүс намайг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байгаа. Надад цөөнгүй кинонд тоглох санал ирж, би олон арван гайхалтай хүнтэй уулзаж байна. Энэ бүх боломжийг олгосон болохоор би харин ч их баяртай байгаа.
-Та яг одоо Холливудын хамгийн анхаарал татсан кино болоод буй “Уран бүтээлч”-ийн гол дүрд тоглосон шүү дээ. 
-Миний бүх зүйл хэвийн байгаа. Хэн ч надад түвэг удаагүй байна. Харин ч эсрэгээр хүн бүр эелдэг, найрсаг харилцаж байгаа. Тэгээд ч “Уран бүтээлч”-д тоглосноос хойш амьдрал минь бүхэлдээ өөрчлөгдсөн гэж дүгнэрх аргагүй.
-Та “Оскар”-ын шагнал хүртвэл индэрийн ард зогсоод хэлэх үгээ бэлдсэн байсан уу? 
-Үгүй дээ.
-Үнэнээ хэлчих л дээ. Таныг бага залуудаа шагнал авна хэмээн мөрөөдөж, тэр мөчийг сэтгэлдээ ургуулан боддог байсан хэмээн мөрийцөхөд ч бэлэн байна. 
-Үгүй дээ. Би тэр талаар огт бодоогүй явна.
-Бүр жаахан охин байхдаа ч тэгж тоглож байгаагүй гэж үү? 
-Үгүй ээ. Хэрэв би индрээс үг хэлэх байсан бол Мишельд, бас аав ээж хоёртоо, мэдээж кино багийнхан болон менежертээ талархлаа илэрхийлэх байсан.
-Танд англи хэлийг хэн заасан юм бэ? Их сайн ярьж байна шүү. 
-Би нэг шинэ зеланд залуутай болздог байлаа. Нэг ч франц үг мэдэхгүй учир бид англиар ярилцаж, ойлголцдог байлаа.
-Тоглосон кино тань үзэгчдийн сонирхлыг татаж, хит болох үед “Оскар”-ын шагнал хүртэж магадгүй гэсэн итгэл төрж байв уу? 
-Үгүй дээ. Энэ бол ялах ялагдахын төлөө хийсэн ажил биш. Бид бол франц хүмүүс…
-Гэхдээ та ялахыг хүсэж байсан биз дээ? 
-Мэдээж хүсэж байсан. (инээв) Гэхдээ Жон Мишель хоёр ялна гэдэг чинь манай кино багийнхны хувьд их том амжилт. Би ч бас тэр киноны нэг хэсэг. Миний шагнал авах эсэх нь чухал биш. Кино маань “Оскар”-ын наадмын ямар нэгэн төрөлд ялалт байгуулна гэдэг энэ кинонд гар бие оролцсон хүн бүрийн шагнал юм.
-Мишель дуугүй кино хийх гэж байгаа тухай анх сонсоход ямар бодол төрж байв? 
-Чин үнэнийг хэлэхэд надад түүний санаа таалагдсан. Мишель гайхалтай хүн, бас гайхамшигтай сайн найруулагч. Ухаалаг хүнлэг, мэдрэмж сайтай болохоор түүний гаргасан санаа бүрийг би дэмждэг. Түүнийг хар цагаан бас дуугүй кино хийхээр шийдсэн тухай сонсоод би түүний бүтээлийг гайхалтай болно гэдэгт итгэлтэй байсан.
Хэдийгээр ийм амжилтад хүрнэ гэдгийг төсөөлөхгүй байсан ч бусдыг гайхашруулж, өөрийгөө бахархуулах кино хийж чадна гэдгийг нь би сайн мэдэж байсан.
-Нэвтрүүлгийнхээ оролцогчдод тавих дуртай асуултуудын минь нэг л дээ. Хайрын тухай сайхан кинонд тоглосон бүсгүйгээс асуумаар санагдлаа та хэдэн удаа жинхэнэ хайр дурлалтай учирч байв?
-Нэг л удаа гэж бодож байна.
-Тэр хайрын эзэн нь Мишель үү? 
-Тийм ээ.
-Таны амьдралын цорын ганц хайрын эзэн байх нь ээ? 
-Тэр миний амьдралдаа учирсан цорын ганц эр хүн.
-Түүний юу нь тийм онцгой юм бэ? 
-Тэр их ухаалаг, гэхдээ өөртөө барддаггүй. Түүний бүх зүйл нь миний хайрыг татдаг.
-Тэр бас гайхалтай найруулагч. Түүний тухай бидэнд яриач. 
-Мишель гайхалтай найруулагч төдийгүй, халамжтай хань, сайн эцэг, сайн найз байж чаддаг.
-Нөхрийг тань студидээ урихын өмнө танаас нэг зөвлөгөө авах гэсэн юм. Нөхрөөс тань юуны тухай асуугаасай гэж хүсэж байна вэ?
-Нохойны тухай асуусан нь дээр байх гэж бодож байна.
-Яагаад заавал нохойны тухай гэж? 
-Тэр нохойнд их хайртай.
-Та гурван ч удаа “Оскар”-т нэр дэвшиж байсан юм байна. 
Найруулагч Мишель Хазанавичус: Тийм ээ.
-Харин эхнэр тань анх удаа нэр дэвшлээ. 
-Тэгсэн.
-Гайхалтай гэр бүл юм аа. Тийм биш гэж үү? 
-Тийм байна. Нийтдээ дөрвөн удаа нэр дэвшсэн байна шүү дээ.
-Дуугүй кино хийхээр зориглоно гэдэг өнөө цагт цаазын тавцан дээр сайн дураар хүзүүгээ тавьж байгаагаас ялгаагүй. (инээв) 
-Ийм кино хийх санаа их эрт төрсөн боловч, зориглохгүй удсан л даа. Эцэст нь өөрийгөө зоригжуулж, сайн кино болно хэмээн урам зориг өгч байж шийдвэр гаргасан.
-Дуугүй кинонд уйлж буй хэсгийг хэрхэн гаргадаг юм бэ? 
-Хүн ямар үед уйлдгийг үзэгчид бүгд мэднэ. Тиймэрхүү сэтгэлийн хөдөлгөөн илэрсэн үед үзэгчид бүр дуугүй кино үзэж байгаа гэдгээ ч мартах нь бий.
Бейо: Миний бодлоор дуугүй кино ийм сэтгэлийн хөдөлгөөнийг дуу чимээгээр дамжуулахгүйгээр шууд оюун ухаанд хүргэдгээрээ онцлог.
-Мишель би таныг студид орж ирэхээс өмнө эхнэрээс тань бяцхан зөвлөгөө авсан юм аа. Харин тэр таны тухай нэг нууц дэлгэсэн. Хэдийгээр та кино зураг авах үеэр нохойнд хайртай мэт харагддаг ч, бусад үед ялангуяа гэртээ нохойноос аль болох хол байдаг, нохойг үзэн яддаг гэж тэр хэлсэн. Энэ үнэн үү? 
-Үгүй дээ. Би тэгдэггүй.
-Та нохойнд дургүй гэдгээ нууцалдаг юм биш үү?
-Миний хэлж чадах цорын ганц зүйл бол Береника худал хэлсэн байна.
-Мишель…
-Би нохойг үзэн яддаг юм биш ээ. Хэдийгээр би Береникагийн жижиг нохойг хайрлаад байдаггүй ч, энэ нь нохойд дургүй гэсэн үг биш.
-Би ойлголооо. Та амьдралдаа хэдэн удаа жинхэнэ хайртай учирч байсан бэ?
-Би, би…
Бейо: Тэр хариулж чадахгүй байх аа. (инээв)
-Миний бодлоор франц эрчүүд долоо хоног бүр дурладаг байх аа. 
-Береника бол миний амьдралын цорын ганц гол дүр.

“Намайг хайрлаж, надад итгэсэнд баярлалаа, Том”


Америкчуудын хүндэтгэлийг хүлээсэн жүжигчний шагналыг хүртэж байсан жүжигчин Том Хэнкс олон талаараа Холливудын оддод үлгэр жишээ болсон хүн. Шоу бизнесийн ертөнцийнхний хувийн амьдрал тогтворгүй гэсэн ойлголтыг үгүйсгэж тэрбээр дуучин, жүжигчин, продюсер Рита Уилсонтой (Үнэндээ түүнийг Маргарита Ибрахимов гэдэг аж) гэрлээд 20 гаруй жил болж буй. Нэрт жүжигчний эхнэр болгар гаралтай жүжигчин энэ удаад шинэ цомог болон хэвлэлийн хуудаснаа тэр бүр гардаггүй гэр бүлийн амьдралынхаа тухай өгүүлэхээр “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролжээ. 

-Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочны ажил хөдөлмөр төдийгүй ар гэрийн амьдрал нь олны анхаарлыг татдаг. Рита Уилсон нэгэн нэр хүндтэй жүжигчний гэргий юм. Холливудын язгууртан гэр бүлийн эзэгтэйг үзэгчидтэйгээ уулзуулъя. 
-Тэгж хэлэхэд арай ахдах байх.
-Харин ч багадах байх. Би таныг хатагтай Том Хэнкс гэж дуудахыг хүсэхгүй байна. Харин бүр эсрэгээр нөхрийг тань ноён Рита Уилсон гэж дуудмаар санагдаж байна. Нэвтрүүлэгт маань тавтай морил. 
-Баярлалаа.
-Юуны өмнө таны цомгийн талаар ярилцъя. Цомгийн тань зурагт хуудас үнэхээр гайхалтай юм. Энд таны аав ээж, анхны машин гээд л бага залуу насны тань хамгийн дурсамжтай түүхийг хадгалсан зургууд харагдана. Гэхдээ энэ зургууд дунд Том Хэнксийн зураг байхгүй хэрнээ танихгүй гурван ч залуугийн зураг харагдсан. Та тэдэнтэй далайн эрэг дээр танилцсан гэсэн байсан. Энэ үнэн үү? 
-Тийм ээ, үнэн. Бид байсхийгээд л машинтайгаа аялалд гардаг байлаа. Аав минь бармен хүн байсан. Тэгээд л зун бүр машинтай аялалд явж, долоо хоног зугаалдаг байлаа. Ихэвслэн Лас Вегас, Тахое нуур гээд л зугаа цэнгэлийн төв хэмээгддэг газруудаар аялдаг байв. Аав минь мөрийтэй тоглох дуртай байсан юм л даа. Гэхдээ донтохгүй, чөлөөт цагаараа л тоглодог байсан. Тэгээд л нэгэн аяллын үеэр Тахое нуурын эрэг дээр гурван залуутай танилцаж байлаа.
-Нутгийн сурфингчид байсан уу? 
-Тийм ээ.
-Нөхөр тань өөрийнх нь зургийг цомгийнхоо хавтсанд оруулаагүйд дургүйцээгүй юу? 
-Үгүй дээ. Гэрт байгаа гэрэл зураг бүрт түүнийх бий.
-Танай аав Грект төрсөн хүн. Хожим нь Болгарт нүүж, тэндээ ажиллаж байсан байдаг. Тэндээсээ Турк руу явж,  удалгүй Америкт ирсэн гэсэн.  Харамсалтайгаар нас барсан ч тэр охиноо америкчуудын мөрөөдлийн ертөнц болсон Холливудад  хөл тавихад нь тусалж бүр Холливудын язгууртан гэр бүл болгосон байх юм. Энэ гайхалтай түүх биш гэж үү? 
-Юуны өмнө Холливудын язгууртан гэр бүл нэр томъёо тань намайг их айлгаж байна шүү. Британид бол язгууртнууд өдгөө ч бий. Харин Америкт бол…
-Уильям, Кэйтүүд Америкт олон бий шүү дээ. 
-Харин би тэгж бодохгүй байна. Брэд Анжелина хоёрыг тэдэнтэй зүйрлэе л дээ.
-Аавынхаа тухай яриач. Тэр таны өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд тань багагүй нөлөөлсөн үү? 
-Тийм ээ. Тэгсэн.
-Түүний  тухай яриач. Америкт ирээд анх юу хийдэг байв? 
-Аав минь Америкт ирэхээсээ өмнө их зовлон амссан. Та түүний ажилчдын хуаранд байсныг нь мэднэ. Тэр хоёр ч удаа оргохыг завдаж байсан юм билээ. Гэтэл тэр хуарангийн харгалзагчид хоригдож буй хүмүүсийн толгойд оргох тухай бодол төрснийг мэдэх л юм бол буудан алахад бэлэн байсан үе шүү дээ.
Тиймээс аав минь 26 нас хүртлээ их хүнд хэцүү зам туулсан. Америкт ирсэн хойно л мөрөөдөл нь биелж, өөрийн хувь зохиолоо олсон хэмээн дурсдаг. Би аавыг яг хэдэн онд Америкт ирснийг нь нарийн сайн мэддэггүй. Тухайн үед нөхцөл байдал ямар байсныг, бас аавд минь тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсныг ч мэдэхгүй. Аавын авга ахад бичсэн захидлыг хожим уншихад тухайн үед эрх чөлөөг жинхэнэ ёсоор амссан гэж л бичсэн байсан. Амьд сэрүүн ахуйдаа аав минь өдөр бүр л Америкийг бурхан өршөөг хэмээн залбирдаг байсан. Тэгэхээр энд ирсэндээ чин сэтгэлээсээ талархаж явдаг байсан байж таарна. Тэр нь ч аргагүй биз. Аав минь энд ирээд л гэр бүлтэй болж, амьдрал нь цэцэглэж эхэлсэн.
Бармен байсан учир бямба гариг бүрт тооцоогоо хийдэг байлаа. Тэгэхдээ мөнгөн дэвсгэртүүдийг нарийн ялгана. Миний бодлоор аав минь л биднийг ажилд дуртай, тэсвэр хатуужилтэй болгон хүмүүжүүлсэн байх.
-Та цомгийнхоо хавтсан дээр “Онцгой бэлэг болгохын тулд энэ цомгийг бүтээлээ. Дуунуудыг минь сонсчихоод “Нэг нь гарцаагүй хит болно” хэмээн урам хайрласан ээждээ баярлалаа. Аав аа, та сэтгэл зүрхэнд минь үүрд байх болно. Бурхны авралаар учирсан нөхөр минь хуримын өмнөхөн “Надтай хамт байгаа цагт юуг чинь ч өөрчлөхгүй” хэмээн амлаж байсан. Намайг хайрлаж, надад итгэсэнд баярлалаа, Том” гэж бичсэн байсан. Надад их  таалагдсан шүү. 
-Баярлалаа.
-Миний бодлоор дурлалт хосууд нэг гэрт ормогцоо л бие биенээ үгүйсгэж өөрийнхөөрөө өөрчлөх гэж хичээж, байж яддаг. 
-Тийм шүү. Ээж минь энэ талаар надад сургадаг байлаа. Ээж минь грек хүн. Одоо ч аялгатай ярьдаг. Тэр надад “Хайрын гал асаж эхэлмэгц хүмүүс бие биедээ хүчтэй татагддаг. Гэхдээ хэдий удаан цаг хугацаа өнгөрсөн ч тэр таталцал хэвээрээ байх учиртай” гэж хэлдэг байлаа.
-Тэр ч үнэн шүү. 
-Чин үнэн. Хүн хэн нэгэнд сэтгэл алдарч эхлэхдээ бүх зүйлийг нь сайхан болгож хардаг. Бүр муу зуршлийг нь ч хайрладаг. Тэгээд л тун удалгүй муу зуршлыг нь ад үзэж, түвэгшээж эхэлдэг.
-Таны нөхөр яг ямархуу хүн бэ? Би түүнтэй хоёр гурван удаа тааралдаж байсан удаатай ч, нүүр тулан ярилцаж үзээгүй. 
-Тэгвэл би түүнд энэ талаар дамжуулна аа.
-Баярлалаа. Би түүнийг их сэтгэл татам хэрнээ хөгжилтэй, ухаалаг хүн байх гэж боддог. 
-Яг л таны хэлсэн шиг хүн. Би түүнтэй хөтлөлцөн 57 дугаар гудамжны буланд зогсож байснаа хэзээ ч мартахгүй учир түүний зургийг цомгийнхоо хавтасныхаа зурагт оруулаагүй. Бид гэрлэн дохио солигдохыг хүлээж зогсох зуур тэр над руу харснаа “Надтай байхдаа чи өөрийнхөө юуг ч өөрчлөх гэсний хэрэггүй гэж боддогийг минь мэдээсэй гэж хүссэн юм” гэж хэлснийг нь би өчигдөр болсон юм шиг л тод санадаг. Тэр минь тийм л хүн.
-Сайхан сонсогдож байна. 
-Тэр минь их сайхан хүн.
-Цомгийн тань талаар ярилцъя. Таныг сайн жүжигчин гэдгийг бид мэднэ. Бас продюсерээр ажилладаг гээд л таны хийсэн гайхалтай бүтээлүүдийг бид сайн мэднэ. Гэхдээ энэ удаад цомог гаргасан тань хэтэрхий эрсдэлтэй алхам байсан гэж бодогдохгүй байна уу? 
-Мэдээж эрсдэлтэй байсан. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх гэсэн бодол минь намайг ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Миний хамгийн нууцлаг авьяас дуулах байж ч мэднэ. Учир нь би бүр багаасаа дуулдаг, дуулах дуртай байсан. Тиймээс ч хөгжмийн салбарын их олон уран бүтээлчидтэй дотно нөхөрлөдөг. Түүгээр барахгүй манай гэрт төрөл бүрийн хөгжмийн зэмсэг бий. Хүүхдүүд маань ч хөгжим тоглодог.
Хүмүүс “Өнөөх чинь бас цомог гаргаа юу” гээд дурамжхан хүлээж авч болохыг би тооцоолсон. Хорвоо дэлхий дээр хүссэнээ хийдэг хүмүүс олон байхад хүссэнээ зориглож хийж чадахгүй байсаар өнгөрдөг хүн ч цөөнгүй бий. Тиймээс ч би цомог гаргахаар шийдсэн. Өөрийн хүссэн зүйлийг хийж, жаргалыг нь амтлахыг л хүссэнээс өөр зүйлгүй.
-Гэр бүлийнхээ хамгийн авьяаслаг хүн гэдгээ баталчих шиг л боллоо. Уучлаарай Том. Гэхдээ эхнэр тань сайн жүжигчин төдийгүй чадварлаг дуучин юм. Бас тун хөгжилтэй бүсгүй. Цомог тань гайхалтай болжээ. Сонсогчдод гэнэтийн бэлэг болж чадна гэдэгт итгэлтэй байна. 
-Баярлалаа.

Жэннифер Лав Хьюитт: Огт байдаггүй төгс эрийг хайгаад байна гэж бодогдох болсон



“Дисней” сувгийн киногоор олонд танигдсан жүжигчдийн нэг бол Женнифер Лав Хьюитт. Дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийн байлдан дагуулж байсан “Үйлчлүүлэгчдийн жагсаалт” кино өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн дахин дэлгэцнээ гарч эхэлсэн. Тиймээс ч цуврал сонирхогчдыг дэлгэцийнх нь ард уяж дөнгөдөг эл киноны гол дүрд тоглосон жүжигчин Женнифер Лав Хьюиттийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ. 

-“Дисней” сувгийн цувралд тоглосноосоо хойш жүжигчин Женнифер олон арван кино, телевизийн цувралд тоглосон. Гэхдээ би “Үйлчлүүлэгчдийн бүртгэл”-д хэрхэн ажилласныг нь хараад л түүнийг их үнэлсэн. Женнифер студид маань тавтай морил. 
-Баярлалаа.
-“Дисней” сувгийн жаахан охин шиг төрхтэй бүсгүйг хэн “Үйлчлүүлэгчдийн бүртгэл”-д тоглож, миний хүндэтгэлийг хүлээсэн хүн болоно хэмээн хэн санах билээ. 
-Таны хүндэтгэлийг хүлээсэндээ баяртай байна. (инээв)
-Би “Үйлчлүүлэгчийн бүртгэл” цувралын үнэнч үзэгч болоод байгаа. Та уг цувралд тоглосон төдийгүй продюсерээр ажиллаж, их өөр болгосон байна билээ. 
-Тийм ээ. “Үйлчилүүлэгчийн бүртгэл”-ийн өмнөх хэсэг дууссанаас хойш бараг зургаан жил өнгөрсөн байна. Тэгээд л надад нэг санаа төрж, менежертэйгээ хамтран уг цувралын хэв маягийг жаахан өөрчлөхөөр шийдсэн. Санаа маань амжилттай хэрэгжсэнд их баяртай байна.
-Хүйсийн хувьд танай цувралыг ямар хүмүүс ихэвчлэн үзэж байна вэ. Эрчүүд үү, бүсгүйчүүд үү? 
-Аль аль нь үзэж байгаа. Залуус сонирхон үздэг нь нь намайг гайхашруулсан шүү. Мэдээж бүсгүйчүүдийн дотоод хүч чадлын тухай өгүүлдэг болохоор эмэгтэйчүүд ч их үздэг.
-Надад цувралын тань хоёр ч сурталчилгааны зураг хуудас байна. Хүмүүс энэ зурагт хуудсын талаар их шуугиж байна. Харин би юуг нь буруу хийснийг огт олохгүй байгаа юм. 
-Лос-Анжелест хүмүүсийн ойлголт ямар байдгийг та сайн мэднэ. Хүмүүс хөхийг минь томруулснаас болоод л тэгж их маргаан дэгдээсэн байх гэж би бодож байна. Гэхдээ энэ зурагт хуудас намайг ч цочирдуулсан. Энэ санааг хэн гаргаж, зургийг минь ингэж өөрчилснийг ч би мэдээгүй явсан.
-Тэгээд хэн ингэж өөрчилсөн байна вэ? 
-Шийдвэр гаргасан хүн нь өөрөө. Харин би бол багасгуулахаар…
-Тэгэхээр Холливудын түүхэн дэх хөхөө багасгуулахыг хүссэн цорын ганц эмэгтэй нь та байх нь. 
-Хачин гэдгийг нь би мэднэ. (инээв) Гэхдээ би зурагт хуудсыг хүлээн аваагүй.
-Үнэн үү?
-Тийм ээ. Тэд гэрт минь авчирч өгсөн юм.
-Би таныг их том байшинтай байх гэж бодож байна. 
-Ерөнхийдөө том.
-Та тэгээд тэр зургаа байшингийнхаа хаана байрлуулсан бэ? 
-Би бүр тэр зургийг авах эсэхээ ч шийдэж чадахгүй байгаа.
-Таны нэр үнэхээр Лав (орчуулбал хайр гэсэн утгатай) юм уу? 
-Тийм ээ.
-Гэр бүл ойр дотнынхон тань таныг Лав гэж дууддаг уу? 
-Тэгэлгүй яах вэ.
-Жинхэнэ хайр байдаг гэдэгт та итгэдэг үү? 
-Байдаг л гэж боддог.
-Таныг ч бас хүлээж байгаа болов уу? 
-Найдаж л байна.
-Таны хувийн амьдралын талаар ярилцъя. Учир нь та Холливудын ертөнцөд хөл тавиад хэдийнэ гурван арваныг ардаа үдсэн байна. 
-Тэгье ээ.
-Гэхдээ та гучин ажилласан гэж харагддаггүй шүү. 
-Баярлалаа.
-Холливуд чухам ямар газар вэ? 
-Миний хувьд гайхалтай сайхан ертөнц. Би энд л мөрөөдлөө биелүүлж, гайхалтай сайхан хүмүүстэй танилцаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөсөн учраас тэр.
Бусад хүмүүсийн хувьд энэ ертөнц огт өөр санагддаг байж болох юм. Миний хувьд бол сайхан. Би Холливудаас сайн сайхан, аз жаргалыг амталж чаддаг. Энд байгаагаа ч аз гэж боддог.
-Гэхдээ Холливудыг өрсөлдөөн атаа жөтөө ихтэй гэлцдэг. Танд атаархал, өрсөлдөөнөөс болсон будлианд оролцож байсан удаа бий юү? 
-Ажил ихтэй, бас их нойртой болохоор надад тэгж элдэв асуудалд орооцолдох зав гардаггүй. (инээв)
Би ажлаа тараад хурдан харьж унтахыг л илүүд үздэг. Магадгүй азтай учраас тэр бүх хэл ам, хэрүүл тэмцлээс холуур байсаар ирсэн байх. Би ээжтэйгээ бас гэр бүлийнхэнтэйгээ их дотно харилцаатай байдаг. Тиймээс тийм асуудалд орооцолдох завдал ч болдоггүй.
-Та гадаад байдалдаа сэтгэл их зовнидог уу? Ажиглаад байхад нэг мэдэхэд таны жин их нэмэгдчихсэн, дахин нэг уулзахад бүр турчихсан байгаа харагддаг. Бүсгүйчүүдийн хувьд жингээ барина, богино хугацаанд турна гэдэг амаргүй ажил байх. 
-Тийм ч амархан биш шүү. Өдөр бүр бэлтгэл хийж л тэсвэр тэвчээр гаргаж, хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Тэгэхдээ бас өөрт тохирох дасгалыг зөв сонгох хэрэгтэй байх. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Бие махбодийн онцлог, эсвэл цэнгээний газрын дэргэд унасан зурагнаасаа болоод энэ бизнесээс гарсан хүн цөөнгүй байдаг.
Үдэшлэг арга хэмжээнд очсон үед тэд намайг тахиа шиг л хооллож орхидог. Өгсөн бүгдийг нь идэхгүй байх хэцүү. Нэг ширээнд хамт сууж байгаа бүсгүйчүүд ялангуяа “Тэр тахиагаа идсэн байна уу, үгүй юу” хэмээн байн байн шалгана. (инээв)
-Гэхдээ л та сайхан галбиртай байна. 
-Баярлалаа.
-Жинхэнэ хайрыг олох зам их бартаатай байдаг гэж би боддог. Харин таны зам хэр их бартаатай байсан бэ? 
-Их бартаатай байсан гэж боддог шүү.
-Яагаад тэр вэ? 
-Мэдэхгүй юм даа. Миний тархи зөв хүнийг сонгох асуудалд их буруу үйлдэл хийгээд байдаг ч юм шиг санагдах үе бий. Өнгөрсөн хугацаанд би хүн өөрийгөө хэрхэн үнэлдэгээс хосоо сонгох сонголт нь их хамаардаг гэдгийг би ойлгож авсан.
Би гайхалтай сайхан хүмүүстэй болзож байсан л даа.
-Тэгсэн шүү. 
-Тэднээр хүндлүүлж…
-Би таны “үйлчлүүлэгчдийн жагсаалт”-ыг уншиж байсан юм байна. Карсон Дали, Жон Мэйер нарын нэр харагдсан. 
-Тийм ээ. Тэд бүгдээрээ гайхалтай сайхан хүмүүс. Тэд миний хувьд сайн найзууд гэдгийг би ойлгосон. Харин би жинхэнэ хайраа л олох ёстой байгаа юм.
-Төгс эр хүн гэж ямар хүн бэ? 
-Мэдэхгүй. Энэ тал дээр би бүр төөрөлдөчихөөд байгаа. Би төгс хүнийг хайж, харин тэр нь огт байдаггүй юм шиг л санагдах болсон.
-Нэвтрүүлгийг маань үзэж суугаа залуус энэ ярианаас тань таныг ганц бие юм байна гэж ойлгохоор байна. 
-Тийм ээ, би ганц бие. Гэхдээ үүндээ гутрахгүй, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чадаж байгаа.
-Гайхалтай хурим, хүүхдүүд, аз жаргалтай гэр бүлийн амьдралын талаар мөрөөддөг үү? 
-Хүүхдүүдтэй болчихсон байгаагаар мөрөөддөг. Харин хуримын тухайд сайн мэдэхгүй юм. Мэдээж хэн нэгэнтэй амьдралаа холбож, үр хүүхэдтэй болно. Харин гэрлэлтээ батлуулахаар талаар бол одоохондоо огт бодоогүй явна.

Saturday, May 5, 2012

Далай лам: Амьдралдаа үзсэн цорын ганц кино минь “Дайн ба энх”


Нобелийн энх тайвны шагналтан XIV Далай лам “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ. 

-Хамгийн нэр хүндтэй шашны тэргүүн болох Далай ламыг бид нэвтрүүлэгтээ уриад байна. Таны бие сайн уу? 
-Сайн.
-Бид Майо эмнэлэгт байна. Та энд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон байх аа. Эмч нар юу гэж байна вэ?
-Муудаагүй бас сайжраагүй байна гэсэн.
-Тэр ч сайн хэрэг шүү. Миний ярилцаж байсан хүмүүсээс хамгийн алдартай нь та. Танд алдар хүндтэй байх таалагддаг уу? 
-Үгүй дээ. Би өөрийгөө энгийн л буддын лам гэж тодорхойлно. Илүү ч үгүй, дутуу ч үгүйгээр. Та британи хүн байх аа.
-Тийм ээ. 
-Харин би түвд хүн. Тиймээс сэтгэл хөдлөл, үзэл бодол болон махбодийн хувьд хамрын хэмжээгээр л өөр юм. (инээв)
-Үндсэндээ ижилхэн байх нь. Нэр хүнд гэх үг орчин цагт үнэ цэнэгүй, жинхэнэ утгаа алдсан юм гэх бодол танд төрдөг үү? 
-Энэ бүхэн хүмүүсийн алдар хүндийн талаарх ойлголт болон ямар хүнийг нэр хүндтэй гэж үзэх хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой болов уу. Эхэндээ  чин сэтгэлээсээ бусдын төлөө зүтгэж байгаад удалгүй бардам, биеэ тоосон болох хандлага ажиглагдах юм. Энэ талаар мянган жилийн өмнө Түвдийн нэгэн лам “Хүмүүс таныг хүндлэх тусам өөрийгөө хамгийн дорой хүн болж байна хэмээн үзэх хэрэгтэй” хэмээн сургаж байсан. Энэ их чухал юм шүү.
Хүмүүс намайг олон янзаар хэлдэг ч би огт хэрэгсдэггүй. Зарим нь намайг амьд бурхан, амилсан будда хэмээдэг. Ад чөтгөр гэж хэлэх хүн ч бий. (инээв) Угтаа би жирийн л хүн.
-Би бага байхдаа сансрын нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Харин өнөөгийн хүүхдүүд цаад мөн чанарыг нь ойлгохгүй атал од болно гэж хүсэх болж. Энэ бүхэн нийгмийг үгүй хийж байна гэж үзэх хүн цөөнгүй. 
-Ямар хүн гэнэ ээ?
-Од. 
-Алдартан гэсэн үг байх нь. Ихэнх тохиолдолд урлаг, спортод амжилт гаргаж байгаа хүмүүсийн ийн нэрлэдэг болсон. Харин би юмны угийг ухан гаргаж ирж буй эрдэмтдийг л алдартан гэж үздэг.
-Тэгэхээр таны бодлоор алдартай хүн гэдэг илүү бодитой, үр дүнтэй зүйл хийсэн хүмүүсийг хэлэх нь ээ? 
-Тийм ээ.
-Таныг анх Далай ламаар өргөмжлөгдөж байснаас хойш дэлхий илүү амар тайван болсон уу? 
-Тийм ээ. Үндсэндээ эх дэлхий маань өнөөдөр илүү амар жимэр болоод байна. Цуст дайн үгүй болж, томоохон өөрчлөлт их гарлаа. Цөмийн пуужин харваж, нэг нь нөгөөдөө аюул заналхийлдэг байсан цаг ард хоцорчээ.
-Хятадын талаар ярилцъя л даа. Таны Далай лам болсноос хойш энэ улс хэр их өөрчлөгдсөн бэ? 
-Их өөрчлөгдсөн. Хятад бол агуу түүх, соёлтой ард түмэн. Өнөө цагийн Хятадад алдаж оносон зүйл их бий. Гэхдээ би Хятадын ард түмэнд итгэдэг. Тэд 50 жилийн турш шаргуу хөдөлмөрлөлөө. Одоо хувьсгал, их эргэлт хийх цаг болсон гэдгийг тэд ойлгож байгаа.
Хувьсгал тэдний нүдийг нээж, их зүйлийг өөрчлөх болно. Хятадын төрийн тэргүүн ч энэ талаар үг цухуйлгасан нь бий.
-Гэхдээ Хятадын төрд эргэлт гарах нь Түвдэд ашигтай байж чадах уу? 
-Зарим талаар ашигтай байж чадна. Тэд зөвхөн Түвдийн ард түмэн төдийгүй өөр олон арван асуудлыг цэргийн хүчээр шийдэх гэж тэмцэж байна.
-Өнгөрөгч онд 30 гаруй түвд хүн өөрийгөө зулын гол болгон золиосолсон. Тэдний шашны тэргүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ? 
-Эмгэнэлтэй үйл явдал болсон. Энэ явдал Хятадад ямар ч нөлөө үзүүлээгүй нь бүр харамсалтай. Тэдний араас Хятадын нэгэн сүмийн хамба амиа золиосолсон. Вьетнамд юу болсныг та сонссон байх. Тэд өөрийгөө золиослох нь хүчирхийллийг таслан зогсоох үр дүнтэй арга хэмээн итгэж байсан. Цөхрөнгөө барсан болохоор амиа золиослох нь энгийн зүйл мэт санагдаж байгаа юм. Тиймээс одоо яаралтай зөв шийдлийг олох хэрэгтэй.
-Зөв шийдэл нь юу юм бэ? 
-Илхэн байна шүү дээ. Хятадын засгийн газар асуудалд илүү анхаарал хандуулж, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэд жижиг үндэстнүүдийг хүндэтгэх улс төрийн бодлого баримталж эхлэх нь зүйтэй.
-Хятадын шинэ удирдлагууд Түвдэд ашигтай бодлого баримтална гэдэгт та итгэлтэй байна уу? 
-Энэ талаар дүгнэлт хийхэд дэндүү эрт байна. Гол нь Хятадын удирдагчид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр Түвд төдийгүй Хятадын автономид буй Монголын асуудлыг ч хялбар шийдэх боломжтой.
Хятадын 1.3 тэрбум хүн ч юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ойлгож байгаа. Тэд үнэнийг мэдэх ёстой. Гэтэл хяналт шалгалт нь булхайтай байдаг.
-Америкчууд мөнгөнд дэндүү их шунаад байх шиг санагдах юм. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? 
-Зөвхөн Америк ч биш Европ, Азид ч мөнгөний сонирхол их байна. Хамгийн чухал үнэлэмж бол мөнгө гэсэн ойлголт хаа сайгүй бий. Энэ их буруу юм. Материаллаг хэрэгцээ бол зөвхөн махбодийн хэрэгцээ, тав тухтай байдлыг л хангана. Харин оюун санааны амар амгаланг мөнгө бий болгож чадахгүй.
-Таны уулзаж байсан удирдагчдаас хамгийн сэтгэл хөдөлгөм сайхан хүн нь хэн бэ? 
-Нелсон Мандела. Мөн Ерөнхийлөгч Буш.
-Аль нь вэ?
-Бага Буш. Америкийн Ерөнхийлөгчийн хувиар биш хувь хүнийхээ хувьд их сайн хүн.
-Таны хувийн амьдралын талаар ярилцъя. Учир нь их олон зүйлээр бусдыг гайхашруулсан хүн. Таныг цагаан хоолтон байж байгаад эргээд мах иддэг болсон гэж сонссон. Энэ үнэн үү? 
-Тийм ээ. Би Түвд хүн. Бага залуу нас минь энгийн түвд хүмүүсийн адилаар өнгөрсөн. Бидний гол хүнс мах гэдгийг та мэдэх байх. Бүр хожим нь 65 насандаа Энэтхэгт ирснийхээ хойно би цэвэр цагаан хоолтон болсон л доо. 20 сарын турш мах огт хэрэглээгүй. Харин гэнэтийн энэ өөрчлөлтөөс болоод шар өвчин туссан. Нүд, хумс нүүр хүртэл шар өнгөтэй болчихсон. Би хожим нь энэ тухай “Жинхнээсээ амилсан Будда болох дөхсөн  шүү” хэмээн хошигнон ярьсан. (инээв)
-Та эр эмийн явдлаас ангид байна хэмээн сахил хүртсэн хүн. 
-Тийм ээ.
-Сахил хүртэх хэцүү юу? 
-Үгүй дээ. Хэрэв тэр талаар ямар нэгэн туршлагатай бол хэцүү байж мэдэх юм. Англид байдаг буддын сүмийн лам нарт гэр бүлтэй болохыг зөвшөөрдөг юм билээ. Намайг очиход эхнэрээ сольчихсон байгаа харагддаг.
-Эмэгтэй хүнийг харахаар сэтгэл татагдах тохиолдол гарч б айв уу? 
-Зарим үед. Тухайн үед сайхан санагдах хэдий ч дараа нь тэр нь бэрхшээл болж хувирдаг. (инээв)
-Тийм гэж үү? 
-Би тэднийш шөнө нь зүүдэлдэг. Би өөрийгөө хэзээ ч Далай лам байгаагаар нь зүүдэлж байгаагүй. Энгийн лам гэдгээр л зүүдэлдэг.
-Та архи ууж үзсэн үү? 
-Огт үзээгүй.
-Тэгвэл тамхи татаж үзсэн үү? 
-Үгүй ээ. Буддын ёсонд бол…
-Тэгвэл хар тамхины талаар яриад ч хэрэггүй байх нь. Танд бүр хэрэглэе гэсэн бодол ч төрдөггүй хэрэг үү? 
-Нэг удаа тэр тухай бодож байсан. Би тэр үед долоо найман настай жаал байлаа. Намайг тоглож байтал нэг хүн хоёр лонхтой зүйл авч яваа харагдсан юм. Тэр нь дарс байсан. Би нэг лонхтойд хуруугаа дүрэн амстал чихэрлэг сайхан байсан. (инээв) Тэгээд нэг лонхтойг өрөөнд минь аваачихыг хүссэн.
-Та тэгээд дарснаас уусан уу? 
-Тоглож дуусаад өрөөндөө очтол лонхыг тавьсан байлаа. Гэтэл миний хуруугаараа заасан лонхтой нь ус байсан юм билээ. (инээв)
-Та зурагт үздэг үү? 
-Үздэг. Гэхдээ хоёр жил үзсэнгүй.
-Ихэвчлэн ямар нэвтрүүлэг үздэг байсан бэ? 
-“Discovery” сувгийг ихэвчлэн үздэг. Тэр дундаа баримтат кино.
-Цэнгээнт нэвтрүүлэг үзэж байсан уу? 
-Огт үзэж байгаагүй.
-“Америкийн шүтээн”-ийг үзэж байгаагүй хэрэг үү? Саймон Коуэллийг мэдэх үү? 
-Мэдэхгүй. (инээв)
-Та кино үзэж байв уу? 
-“Дайн ба энх” гэдэг киноноос өөр кино үзээгүй.
-Ричад Гир таны дотно найз. Гэтэл та түүний тоглосон нэг ч киног үзээгүй байх нь ээ? 
-Тийм ээ.

Жессика Альба: Чекэн дээрх мөнгөний тоог чухалчилдаг байлаа



Үрийн зулай үнэрлэснээсээ хойш жүжигчин Жессика Альба кино урлагааса илүүтэй хүмүүнлэгийн ажил, хувийн бизнест анхаарал хандуулах болсон. Тиймдээ ч “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт энэ тухайгаа ярихаар оролцжээ. 

-Холливудын гурван ажил зэрэг амжуулдаг дайчин бүсгүйчүүдийн нэг бол Жессика Альба. Тэр хүүхдүүд болон гэр орны асуудалдаа анхаарал хандуулж, кинонд тоглохын зэрэгцээ хүмүүнлэгийн ажилд идэвхитэй оролцдог нэгэн. 
Та хүүхдийн живх үйлдвэрлэдэг компани байгуулан захирлаар нь ажиллаж байгаа байх аа? 
-Тийм ээ. Гэхдээ би захирлаар нь ажиллаж байгаа юм биш. Компанийг үндэслэгчийн хувьд зөвлөхөөр нь ажиллаж байгаа.
-Гайхалтай албан тушаал байна. 
-Тийм шүү. Би өөрийн ширээ, нэрийн хуудастай болсон. Тун гайхалтай санагдаж байгаа.
-Компанийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулаач. Та одоо эх хүн болсон. Тиймээс аливаа асуудалд илүү нухацтай ханддаг болсон байх. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа хэдийнээс төрж эхэлсэн бэ? 
-Жирэмсэн байх үед л. Би гэр бүлийнхээ шинэ гишүүнд хамгийн чанартай, эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн хайж байлаа. Би өөрөө угаалгын нунтагны харшилтай юм л даа. Тиймээс юм бүхнийг энэ хүүхдэд минь ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөх болов уу гэж сайтар нягталдаг байлаа.
Гэтэл найрлаганд нь миний хэзээ ч сонсож байгаагүй, бүр сонсоод ч ойлгохооргүй олон зүйлс орсон байдага. Тиймээс л доктор Кристофер Гавиганы “Эрүүл хүүхэд, эрүүл дэлхий” номыг уншсана. Энэ номноос би бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг зүйлс ямар их хор хөнөөлтэй болохыг мэдэж авсан юм. Тэр ч байтугай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнд ч сөрөг нөлөө маш их байдаг нь намайг гайхашруулсан.
-Уг номноос л эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй орчин бүрдүүлэхийн тулд их хөрөнгө мөнгөтэй болох шаардлагатай гэдгийг ойлгож авсан байх, тийм үү? 
-Тийм ээ. Гэрийнхээ бүх зүйлийг гаргаж шидэхээс зайлсхийж байлаа. Гэсэн ч эрүүл мэндэд хор нөлөөгүй чанартай зүйл хэрэглэх гэж байгаа бол ихэнхийг нь хаяхаас өөр аргагүй. Харин нөгөө сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнүүд нь их өндөр үнэтэй байдаг. Би Европ, Австралиас хэрэглэх зүйлсээ захиж авчруулдаг байлаа. Учир нь дээрх орнуудын бараа бүтээгдэхүүндээ тавих стандарт чанга, тиймээс ч хамгийн чанартай бүтээгдэхүүнийг тэнд л үйлдвэрлэдэг.
Гэхдээ энэ нь иргэдийн хувьд шударга бус явдал юм. Эрүүл аюулгүй орчинд амьдарч, сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд баян байх шаардлагатай гэсэн үг. Тиймээс л өртөг бага, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хийхээр шийдсэн.
-Танай бүтээгдэхүүн надад таалагдсан. Гэхдээ таны өдөр тутам хийдэг ажил сонирхлыг минь илүүтэй татаж байна. Та цахим сүлжээ болон утсаар холбогдсон хэрэглэгчдийн санал хүсэлтийг авч, ажилтнуудад хүргэдэг гэсэн. Энэ үнэн үү? 
-Ширээнийхээ ард суугаад өдөрт хэд хэдэн хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авдаг шүү.
-Энэ бол бизнесийн хамгийн чухал зүйл гэж би сонссон. Нэвтрүүлгийг маань үзэж буй хүмүүс танай компанийн санал хүсэлт хүлээн авах утас руу залган тантай холбогдох боломжтой юу? 
-Боломжтой. Би байж л байх болно.
-Үйлчлүүлэгчдийнхээ дуу хоолойг сонсох нь чухал бизнес эрхлэгчдийн хувьд чухал ажил шүү. 
-Угтаа би зөвхөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг тандахын тулд биш, огт өөр зорилгоор энэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Залуу эцэг эхчүүдийн асуултад хариулж, тус болох зорилготой юм. Миний үндсэн зорилго бол ердөө л тэр.
-Ээж болсноор та хэр өөрчлөгдсөн бэ. 2000-аад оны эхээр кино сонирхогчид таныг бурхан мэт л шүтдэгш байсан. Сэтгүүл бүрийн нүүр хуудсанд таны зураг гарч, санал асуулга бүрт та тэргүүлдэг байсан. Та сайн жүжигчин төдийгүй тун сайн ээж. Гэхдээ хоёр дахь хүүхдээ тээж буйгаа мэдээд эргэлзэх явдал гарч байв уу? 
-Би огт эргэлзээгүй. Харин ч бурхан надад ийм сайхан боломж өгч байгаад нь өөрийгөө тун азтай хүн юм гэж бодсон. Гэхдээ гэр бүлтэй, хувийн компанитай боллоо гээд ажлаа хойш тавихгүй. Хэрэв би ажилдаа тэгж амжилт олоогүй бол компани байгуулах асуудал маань тийм ч амархан шийдэгдчихгүй байсан.
Ээж болсноор би илүү томоожиж, ухаан суусан. Ажилдаа ч огт өөрөөр хандах болсон. Өмнө нь дүрийн сонголт хийхдээ чекэн дээрх мөнгөний тоог чухалчилдаг байсан бол одоо больсон. Кино урлаг гэдэг ашгаас илүү зүйл юм гэдгийг илүү сайн ухаарсан.
Одоо бол хамт ажиллахад таатай, эсвэл хүндэлдэг хүмүүстэйгээ л нэг баг болж ажиллахыг илүүд үзэж байгаа. Ажилдаа илүү бүтээлчээр хандаж, том жижиг кино байхаас үл шалтгаалан сонголтоо хийдэг болсон.
-“Нүгэлт хот”-оос хойш 20 гаруй кинонд тоглож, тэдний зарим нь бүр тэрбум долларын орлого олсон байх юм. 
-Би их азтай, зол заяатай хүн юм даа.
-Юу таны энэ азыг чинь хариулчихав аа. Та их шаргуу хөдөлмөрлөдөг байсан шүү дээ. Аав, ээжийн тань олгосон хүмүүжил нөлөөлдөг байв уу? 
-Тэд надад их урам зориг өгдөг байсан. Бүтэхгүй зүйлийг ч хийж чадах юм шиг л өөртөө итгэлтэй болгож чаддаг гайхалтай хүмүүс. Бас эхэлсэн зүйлийнхээ эцсийг заавал үзэх ёстой гэж сургадаг байв. Харин цаг наргүй ажилладаг минь миний хувийн зан чанартай холбоотой байх.
-Хүүхдүүд тань жүжигчин болно гэж шийдвэл та хэрхэн хүлээж авах вэ? 
-Хүүхдүүдээ сургуулиа төгсөн мэргэжлээ сонгох үед нь хүссэн мэргэжлээ эзэмшихийг нь зөвшөөрнө өө. Харин ч бүр дэмжих болно. Хүн хүссэн зүйлээ хийж байж л амьдралаас илүү их сайхныг мэдэрдэг. Жүжигчний мэргэжил ч тэдний л адил хүссэн хүнд сайхнаа харуулах болно.
Мэдээж хүнд хэцүү асуудал бий. Хэдэн цагаар ажилладаг атал хүмүүст үлгэр жишээ байхын тулд бүх зүйлээ төгс байлгах гэж мэрийх хэрэгтэй гээд л жүжигчдэд тулгардаг бэрхшээл олон.
Хүмүүсийн мөрөөдлийн, бүтээлч…
-Бас хэцүү…
-Тийм ээ, бас хэцүү ажил.