Friday, May 25, 2012

Зүүдээ амилуулагчид



Америкт гурван хүн тутмын нэг нь зүүдэндээ явж байсан гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр унтаагаараа явах нь бага наснынхны дунд түгээмэл ажиглагддаг ч, эл судалгаа насанд хүрэгчдийн дунд явуулсан төдийгүй, “Нас бие гүйцсэнээс хойш унтаж байхдаа босож явж байсан уу?” гэсэн асуултанд оролцогчдын гуравны нэг нь “Тийм” хэмээн хариулсан нь эрхгүй анхаарал татаж, нойрны эмгэг гэх бүрэн судлагдаагүй сэдвийг дахин хөндөхөд хүргэж буй. 


Гэр бүлийн бяцхан гишүүн тань сэрээгүй байхдаа хувцаслан босож байвал эмээх хэрэггүй гэнэ. Учир нь 5-12 наснынханд түгээмэл тохиолддог энэ үзэгдлийн нууцыг эрдэмтэд тайлж чадаагүй ч, эмгэг биш гэдэгт санал нэгдэж буй. Унтаагаараа явах хэмээн нэрийддэг ч босож суух, унтаж байгаа хэрнээ сэрүүн мэт нүдээ нээх зэрэг нь ч нойрны зүүдэндээ явах үзэгдлийн шинж тэмдэг мөн. Хэрэв тэднийг цочоож сэрээхгүй бол зүүдээ бодит ертөнцөд хэрэгжүүлэх энэ үйлдэл нь 10-30 минутаас удаан үргэлжлэхгүй бөгөөд, тэд удалгүй буцаад л унтдаг байна.
Зүүдэндээ явах нь ихэвчлэн удам дамждаг гэдэгтэй олонх эрдэмтэд санал нэгдээд буй. Тэр ч байтугай аав ээж хоёрынх нь хэн нэг нь зүүдэндээ явдаг бол хүүхдэд энэ байдал удамших магадлал 45 хувь байдаг бол эцэг эх хоёр хоёул шөнө дунд аялдаг бол магадлал 60 хувь болж өсдөг гэх тооцоо гаргажээ. Бусад тохиолдолд бага насны хүүхдүүдийн шөнийн зугаалга нь ядрах, нойр бүрэн ханаагүйгээс, сэтгэл зовних зэргээс үүдэлтэй байх магадлалтай гэх таамаглах бий. Гэхдээ харанхуйгаас айх айдас, ганцаараа эсвэл хэн нэгэнтэй хамт унтах, унтахын өмнөх бухимдал нөлөөлдөггүй хэмээн нойрны эмгэг судлалын төвийн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний гаргасан бас нэгэн сонирхолтой дүгнэлт бол ихрүүд энгийн хүмүүсээс 10 дахин илүү зүүдэндээ явах магадлалтай байдаг гэнэ.
Харин насанд хүрэгсдийн хувьд энэ үзэгдэл огт өөрөөр эргэнэ. Зүүдэндээ явах нь тэдний хувьд эмгэг болох бөгөөд үүнд хүрээлэн буй орчны таагүй байдал, амьдралын буруу хэв маяг, эм элдэв бодисын хэрэглээ нөлөөлдөг байна.
Согтууруулах ундаа, тайвшруулах эмээс эхлээд нойр багадах, унтлагын цагийн хуваарь замбараагүй байх, унтахын өмнө шингэн их ууж эсвэл хэт их юм идэх, стресс хүртэл шөнө дундын зугаалгын шалтгаан болдог. Түүнчлэн халуурах, астма, сэтгэл зүйн цочролд орох, зүрхний хэм алдагдах зэрэг бусад өвчний үед шинж тэмдэг болох нь бий.
Тиймээс ч Стэнфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа америкчуудыг багагүй цочирдуулжээ. Тэд нэгдсэн улсын иргэдийн 3.6 хувь нь зүүдэндээ явдаг болохыг зарлажээ. Судалгаанд оролцогчдын 8.5 сая нь сүүлийн нэг жилд зүүдэндээ явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол 3.5 сая гаруй хүн сүүлийн нэг долоо хоногт зүүдэндээ явсан хэмээжээ. Энэ талаар судалгааны багийн ахлагч Маурис Охайон “Хэрэв та гэртээ, өөрийн аюулгүй байдлыг хангасан бол айх хэрэггүй. Харин ганцаараа юм уу, айлд хонож байгаа бол унаж бэртэх эрсдэлтэй” хэмээн зөвлөжээ.
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд 15 мужийн иргэдийг судалгаандаа хамруулсан бөгөөд 19.136 тохиолдлыг бүртгэн авч, гэр бүлийнхнийх нь зүүдэндээ явдаг байсан эсэхийг судлан, дүгнэлт хийх маягаар судалгаагаа явуулжээ.
Эрдэмтдийн тогтоосноор суурин иргэншил болон орчин үеийн хүмүүсийн амьдралын хэвшил гайхмаар үр дүн гарахад багагүй нөлөөлсөн байна. Сэтгэл санааны хямрал нь нойрны эмгэгтэй болох магадлалыг 3.5 дахин ихэсгэдэг болохыг тэд баталжээ. Түүнчлэн эмийн хэрэглээ, согтууруулах ундаа нөлөөлдөг болохыг дахин анхааруулсан байна. Энэ талаар эрдэмтэн Охайон
“Дээрх зүйлс шөнийн зугаалгат нөлөөлж буй нь эргэлзээгүй боловч яг хэрхэн нөлөөлж байгааг бид олж чадаагүй л байна. Зүүдэндээ явах нь эмийн сөрөг нөлөө юу эсвэл тайвшруулах нь зүүдэндээ явахад хүргэж байна уу гэдгийг тогтоох шаардлагатай байгаа юм” гэжээ.
Зүүдэндээ явах нь хэдийгээр нойрны эмгэг хэдий ч олонх хүнд эмчилгээ шаардлагагүй байдаг аж. Түүнчлэн зүүдэндээ явж байгаа хүнийг гэнэт сэрээх нь цочролд орох эрсдэлтэй хэмээн уламжлалт ойлголтыг нойрны эмгэг судлалын төвийн эрдэмтэд үгүйсгэжээ. Түүнчлэн нойрны эмгэгийн талаарх бас нэгэн ташаа ойлголт бол унтаж байхдаа явж буй хүн урдаа юу байгааг мэддэг тул, унаж бэртдэггүй гэх бодол. Унтаж байгаа бусад хүмүүсийн нэгэн адил баримжаа зүг чигээ алдсан байдаг тул шөнө дунд зугаалагчид бэртэж, осолдох эрсдэл харин ч их байдаг аж.
Тиймээс зүүдэндээ зугаалагчдыг хамгаалах хамгийн найдвартай арга бол орчныг аюулгүй болгох явдал. Тавилга зэргийг явах замаас нь холдуулж, шатыг жижиг хайсаар хашсан ч болох.

Нойр норм барих энгийн арга уу?

Америкийн эрдэмтэд нойрны талаарх бас нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь бүсгүйчүүдийн анхаарлыг илүүтэй татах болов уу. Уруудахад унтаж идэх гэх уламжлалт ойлголт орчин цагт өрөөсгөл болсныг батлах судалгааг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хийжээ. Тэд нойроо ханатал унтах нь биеийн жингээ барихад тустай болохыг баталжээ.

Мэдрэлийн эмч Натаниэл Ватсоноор ахлуулсан судалгааны багийнхан өдөр 7 хүртэл цаг унтдаг хүмүүс 9 цаг унтдаг хүмүүсээс хүнд жинтэй төдийгүй, анхаарлаа төвлөрүүлэх чадвар бага байгааг тогтоожээ. Түүнчлэн бага цаг унтдаг хүмүүсийн биеийн жингийн индексийн өөрчлөлтөд орсон байхад хангалттай нойрсогчдын 32 хувьд нь л биеийн жингийн индекст нь өөрчлөлт орсон байжээ.
Үүнийг эрдэмтэн Натаниэл Ватсон “Бага унтах тусам хүний бищийн ген жингээ их байх ёстой хэмээн зохицуулж эхэлдэг. Харин сайн унтвал ген биеийн жингийн зохистой хэмжээг зөв тогтоож чаддаг” хэмээн “USA Today”-д өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.
Эрдэмтэд 604 нэг эсийн ихэр, 484 хос эсийн ихрийг судалгаандаа хамруулсан бөгөөд эцэст нь биеийн жингээ зохистой байлгахын тулд хүн өдөрт 7-9 цаг унтах ёстой хэмээн тогтоожээ.
Одоогоор биеийн жингийн индексийн өөрчлөлтийг ямар ген зохицуулж байгааг нарийн тогтоогоогүй ч хангалттай унтсан хоолны дуршил болон өдөр зарцуулах энергийн хэмжээг зөв тооцоолж, хоолны дуршлыг хэвийн байлгадаг хэмээн үзэж байна.

No comments:

Post a Comment