Tuesday, November 30, 2010

“CHANEL”-ийг сурталчилсан анхны МОНГОЛ БҮСГҮЙ

Азийн загварын төв хэмээгддэг Сингапурын гудамжинд дөрвөн бүсгүй “алхана”. Хар, шар, цагаан арьст бүсгүйчүүдийн дунд монголжуу төрх харагдвал та бүү гайхаарай. Энэ бол Сингапурын загварын агентлагт мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаад таван жил болж буй Д.Оюунномин.
Монголын загварын өмсөгчид дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай гэж олонтаа ярьдаг ч өнөө хэр энэ талаарх барим тавим баримт үгүй тул итгэх хүн тоотой хэд. Монгол эмэгтэй “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцсон гэвэл энэ талаарх эргэлзээ бага ч атугай арилах биз.
БНСУ, Сингапур, Хон-Конгт ажиллаж буй загвар өмсөгч нэгээр тогтохгүй гэх ч тэднийг чухам ямар шалгуураар ямар агентлагтай гэрээ байгуулж, харийн оронд хэр нэр хүнд ажил хийж байгаа талаар мэдээлэл үгүй. Тиймээс энэ удаагийн “Шинэ үеийн залуус” буландаа Сингапурт мэргэжлээрээ суурин ажиллаж буй цорын ганц загвар өмсөгч Д.Оюунноминг урилаа. Эх орныхоо нэрийг дэлхийн нэр хүндтэй шоуны тайзнаа өндөрт өргөн яваа түүнтэй цахим сүлжээгээр дамжуулан хөөрөлдсөнөө хүргэе.

-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсанаас чинь яриагаа эхлэх үү?
-Жаахан хүүхдүүд эмч, багш болно гэж ярих дуртай байдаг. Харин би багадаа загвар өмсөгч эсвэл онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ би бусад загвар өмсөгчид шиг багаасаа загварын агентлагт суралцаагүй. Эгч маань Д.Оюунтуяагийн ууган шавь. Тиймээс эгчээсээ л загвар өмсөх тухай анхан шатны мэдлэг олж авсан.
Удалгүй 2000 онд сургуулийнхаа “Үнсгэлжин” тэмцээнд орж байх үеэр “Донж” төвийн Б.Төгөлдөр, загвар өмсөгч Байгалиа эгчтэй ирээд “Гоёл” наадамд оролцуулахаар охид сонгон шалгаруулсан. Түүнд нь тэнцээнд 2000 онд “Гоёл” наадамд оролцож байлаа. Хожим нь Д.Болормаа багшаар хичээл заалгасан.
-Сингапурын загварын агентлагтай хэрхэн холбогдсон юм бэ?
-2005 онд би Сингапурт ирсэн юм. Эгч маань энд ажиллаж байсан тул би эхлээд аяллын шугамаар энд ирсэн. Гэхдээ загвар өмсөнө гэсэн зорилго тээж байв. Тэгээд л “Carrie model” агентлагт шалгуулж тэнцээд, түүнээс хойш энд загвар өмсөгчөөр ажиллаж байна.
-Азийн загварын төвд ажиллана гэдэг мэдээж өрсөлдөөн ихтэй, Монголд ажилладагтай адилгүй байх. Тийм үү?
-Япон, Сингапур хоёр Азийн загварын төв гэдэг утгаараа өрсөлдөөн их, зах зээл нь ч өргөн цар хүрээтэй. Монголд зөвхөн загвар өмсөөд л амьдарна гэдэг боломжгүй. Өдөр бүр шоу болохгүй тул хийх ажил бага, цаг зав ихтэй байдаг. Харин энд бол орой бүр надад агентлагаас цахим шуудан ирдэг. Түүнд нь маргаашийн ажлын төлөвлөгөөг нэгд нэгэнгүй бичсэн байдаг юм. Нэг ёсондоо миний өдрийн цагийн хуваарийг гаргачихаж байна гэсэн үг. Тэр дагуу л ажиллана даа.
-Тэгэхээр ажлын ачаалал нэлээд их байдаг байх нь ээ?
-Тийм ээ. Энд загвар өмсөгчдийг ажиллуулах зарчим ч их өөр. Нэг шоунд оролцохын тулд гурван ч шалгуур давдаг. Загвар өмсөгч бүр өөрийн ком карт хэмээх танилцуулга номтой байдаг. Агентлагуудад захиалга ирэхэд загварын өмсөгчдийнхөө зургийг тус номоос нь сонгон илгээж, эхний шалгаруулалт болно. Ирсэн зурагнуудаас захиалагч байгууллага загвар өмсөгчөө сонгоод, шалгаруулалтад урьдаг. Тэр шалгаруулалтад тэнцвэл эцсийн шатны шалгаруулалтад орно. Өдөрт дунджаар дөрвөн шалгаруулалт, долоо хоногтоо нэг удаа ямар нэгэн загварын шоунд ордог. Тэгэхээр ажлын ачаалал харьцангуй их шүү. Бас загварын шоунд тэнцсэн бол 19.00 цагт эхлэх ёстой байсан ч 07.00 цагт шоу болох газар очсон байх ёстой байдаг. Тэгээд тэндээсээ гаралгүй өдөржин бэлтгэл хийдэг.
-Шалгаруулалт хэр өрсөлдөөнтэй болдог вэ?
-Австрали, Америк, Орос гээд л дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн загвар өмсөгчид ажилладаг тул энд өрсөлдөөн их. Тиймээс сэтгэлийн тэнхээтэй байж, ганцхан өөртөө л найдахаас аргагүй болдог. Нэг удаагийн шоунд оролцохын тулд 300 бүсгүй шалгаруулалтад орж, тэднээс 10-20 нь л тэнцдэг гэхээр өрсөлдөөн их байгаа биз.
Түүнчлэн сүүлийн үед загварын өмсөгчдийн нас залуужиж ихэвчлэн 17-21 настай охид ажиллах болсон. Би одоо 28 настай. Тэгэхээр миний хувьд өрсөлдөөн бүр ч хатуу гэсэн үг. Яаж ч хичээгээд би 17 настай охинтой адилхан харагдаж чадахгүй. Тиймээс их тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй байх шаардлага гардаг.
-Ажлын өдрийн цагийн хуваарь тань хэр шахуу байдаг вэ?
-Их шахуу. Өдрийн хоолоо алхах зуураа идэх тохиолдол түгээмэл гарна шүү. Манай гэр хотын төвөөс зайдуу байдаг тул өглөө 06.30 гэж босоод л, заримдаа цайгаа ч ууж амжилгүй гэрээсээ гардаг. Шалгаруулалтууд ихэвчлэн 09.00 цаг гэж эхэлдэг юм. Шалгаруулалтаас хоцорвол ямар ч шалтаг, тайлбар сонсолгүй ажлын хөлснөөс торгууль маягаар суутгачихдаг. Загвар өмсөгчид хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Энд цаг баримтлах нь их чухал. Шалгаруулалт захиалагч компанийн байранд болдог тул өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хаяг хайж очих нь энгийн л, бараг өдөр тутам тохиох үзэгдэл. Тэр бүрт гүйхдээ гүйгээд, автобусанд суухдаа суугаад, заримдаа бүр төөрч будилан, уйлаад очих нь бий. Эхэндээ ч их төөрдөг байлаа. Тэр бүртээ агентлаг руугаа утасддаг. Одоо ч Сингапурын булан тохойг андахаа больсон шүү.
-Таксидаад оччихож болдоггүй юм уу?
-Болно л доо. Гэхдээ Сингапурт өртөг их өндөр. Нэг удаад таксидахад 15-25 америк доллар болдог. Тэгээд дор хаяж дөрвөн газар руу очно гэхээр зөвхөн таксинд өдөрт 100 орчим доллар зарцуулна гэсэн үг. Тэгэхээр мөнгөө хэмнэхийн тулд алхаад, эсвэл автобусанд суугаад л очихоос өөр аргагүй.
-Сингапурт загварын агентлаг олон уу?
-Олон улсын загвар өмсөгчид ажилладаг томоохон агентлаг гэвэл 5-6 бий.
-Та одоо ямар агентлагт ажиллаж байна вэ?
-“Divamodels” гээд энд бол нэр хүндээрээ их дээгүүрт жагсдаг агентлаг бий.
-Загвар өмсөгчидтэй гэрээ байгуулахдаа бас өндөр шалгуур тавьдаг уу?
-Биеийн өндөр, царай зүс, биеийн галбир, ур чадвар гээд бүхий л зүйлийг нь шалгуур болгодог. Бас арьс их чухал. Монголд байгаа загвар өмсөгчид энгийн үед ч нүүрээ будаж, үсээ засаад л явдаг шүү дээ. Сингапурын загвар өмсөгчид зураг авахуулах, тайзнаа гарахаас бусад үед огт нүүрээ буддаггүй. Унаган төрхөөрөө л явдаг. Мөн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид нь 175 см-ээс дээш өндөртэй, туранхай байх ёстой гэсэн шалгууртай.
-Мэргэжлийн загвар өмсөгч гэхээр ямар шалгуур хангасан хүмүүс байдаг вэ?
-Монголд жил бүр “Гоёл” наадам зохион байгуулж, нэг загвар өмсөгчдөө топ гэх өргөмжлөл гардуулдаг. Харин энд түүнтэй адил загвар өмсөгчдийн нэгдсэн арга хэмжээ огт болдоггүй. Шалгаруулалтад тэнцэж, хэр олон шоунд оролцож, хэр их мөнгө олж байгаагаар нь л энд загвар өмсөгчдийн чансааг үнэлж, дүгнэдэг. Сингапурт хамгийн их орлого олж байгаа нь тухайн жилийнхээ супермодель болдог.
-Загвар өмсөгчийн мэргэжил Сингапурт их нэр хүндтэй юу?
-Тийм ээ. Монголд загвар өмсөгч гэхээр л нэг хөрөнгө чинээтэй эрхмийн хүүхэн гэсэн ойлголттой, загвар өмсөгчдийг үнэхэл үнэлэмж муу. Харин энд бол хамгийн нэр хүндтэй хүмүүс нь загвар өмсөгчид. Загвар өмсөгчид байгаа газар хүн цуглах нь их тул үйлчилгээний байгууллагууд нээлтийнхээ ажиллагаанд загварын өмсөгчдийг урих дуртай. Бүхий л зардлыг нь гарган, оройн хоол, уух зүйлсээр дайлах маягаар загвар өмсөгчдийг арга хэмжээндээ байлцуулахыг хичээдэг.
-Сингапурт байгаа загвар өмсөгчдөд давхар ажил хийх шаардлага ч гардаггүй байх нь ээ?
-Тийм зав ч байхгүй. Өглөөнөөс үдэш болтол завсар зайгүй ажилтай байдаг. Нэг шалгаруулалтад 200-300 хүн оролцоно. Тэд бүгд дугаарлан зогсож байх тул эхний шалгаруулалтаас дараагийнх руу хамаг хурдаараа гүйхээс өөр аргагүй болдог.
-Та загвар өмсөхийн зэрэгцээ суралцдаг гэсэн байх аа. Энэ бүхнийгээ тэгээд яаж амжуулдаг юм бэ?
-Сингапурын Үндэсний их сургуульд бизнесийн чиглэлээр суралцаж байгаа. Шалгалт, шүүлгийн үеэр агентлагтаа хандаж, завгүй гэдгээ хэлээд цагаа зохицуулчихдаг юм.
-Их сургууль нь ч бас хатуу юу?
-Манай сургууль гурван удаа хичээл тасалбал шууд сургуулиас хөөдөг.
-Та хэр олон загварын шоунд оролцож байсан бэ?
-“Chanel”, “Galiano”, “Мaxmara” гээд цөөнгүй шоунд оролцож байсан. Тэр бүхнийг тоочоод яах вэ дээ. Миний хувьд нэр алдар чухал биш. Хүсэн ажлаа, амжилттай хийгээд, эх орныхоо нэрийг чадах хэрээр сурталчлаад явж байх нь л чухал.
-Монгол загвар өмсөгч гэхээр гадаадынхан хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энд суралцаж байгаа охид Монголынх гэж хэлэхээсээ ичээд Солонгос, Япон гээд өөрийгөө танилцуулдаг юм билээ. Тиймээс намайг Монгол гэхээр их гайхдаг. “Чи гэрт амьдардаг уу, морь унадаг уу? Арьс чинь яагаад ийм цагаан юм бэ?” гээд л шалгаачихдаг. “Би Монголд очихыг мөрөөддөг” гэж хэлэх хүн ч цөөнгүй тааралддаг.
-Сингапурт мэргэжлээрээ ажиллаж буй загвар өмсөгч олон уу?
-Суурин ажилладаг загвар өмсөгч надаас өөр байхгүй байх аа. Би энд тэндэхийн шоунд оролцоод явж байхдаа нэг ч загвар өмсөгчтэй тааралдаж байгаагүй. Гэхдээ манайхан ур чадварын хувьд гологдохгүй гэж боддог. Эндэхийн загвар өмсөгчдийг ажиглаад байхад манайхнаас гойд илүү зүйл үгүй. Харин ч манайхан илүү байж мэднэ. Харин хэрхэн холбогдох талаар мэдээлэл бага байдаг байх. Хэрвээ надад хандвал би дуртайяа загвар өмсөгчдөө өөрийн агентлагтай холбож, чадах хэрээр туслах болно.

Monday, November 29, 2010

Т.Ган-Эрдэнэ: Босго өндөр “Science” сэтгүүлд өгүүллээ нийтлүүлсэн эрдэмтэн ч манайд бий

Америк, Япон, Солонгос гээд л байгалийн баялгийн нөөцгүй атал хөгжлөөрөө тэргүүлж буй орныг уртаас урт жагсаалтыг ямар ч их сургуудийн оюутан, мэдээллээс хоцордоггүй дунд сургуулийн сурагч ч гаргах байх. Өнөөх монголчууд оюуны чадамж сайтай гэх гадаадын оронд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуусын дүгнэлтийг санахад бид яагаад тэдэнтэй өрсөлдөж болохгүй гэх гэнэн бодол өөрийн эрхгүй төрнө. Үүнд өнөөх л хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого үгүйлэгддэг аж. Монгол хүн зарим төрлийн хорт хавдрын эсрэг болон цус харвалтын дараахь тархин дахь цусны шимэгдэлтийг багасгах эрэлт хэрэгцээтэй атал ховор эм гарган авчихаад байгаа өнөө цагт бидэнд хангалттай нөөц бололцоо байна гээд хэлчихвэл бодит байдлаас хол зөрөхгүй болов уу. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8-1 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулбал улс оронд мэдэгдэхүйц ашгаа өгдөг гэх судалгаа байдаг юм билээ. Тиймээс шинжлэх ухааны салбарын хөрөнгө, санхүүгийн асуудлыг хариуцдаг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Т.Ган-Эрдэнэтэй уулзаж, манай улсад шинжлэх ухааны салбар ямар байдалтай байгаа талаар ярилцлаа.

-Шинжлэх ухааны хөгжлөөс улсын хөгжил хамаардаг гэдэг. Манай оронд энэ салбар хэр хөгжиж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд харьцангуй хөгжиж байгаа гэж хэлж болно. Мэдээж барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах аргагүй л даа. Манай лаборатори, эрдэм шинжилгээний ажилтнуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл ойрын хэдэн арван жилд хийгээгүй учир тэдэнтэй харьцуулах ч аргагүй юм. Зүйрлэвэл хотын төвөөс Баянзүрхийн товчоо хүртэл нэг хүн нь явган, нөгөө нь машинтай уралдсанаас өөрцгүй. Гэхдээ л манай залуус гар хоосон гээд зүгээр суухгүй байна. “Science” гэх олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн залуус бий. Бас International Foundation for Science олон улсын байгууллагаас төслийн тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтэн ч байна. “Science” сэтгүүлд өгүүллээ нийтлүүлнэ гэдэг амаргүй шүү. Энэ сэтгүүлийн босго өндөр, шүүлтүүр хатуу.
-Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8-1 хувийг шинжлэх ухааны салбартаа зориулбал мэдэгдэхүйц хөгждөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Харин манай оронд энэ тоо ямар хувьтай байдаг вэ?
-Хуулинд 0.4 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулах ёстой гэсэн заалт байдаг ч одоогоор 0.17 хувийг л зориулж байна.
-Бусад орнууд хэр их хөрөнгө зарцуулдаг юм бол?
-АНУ гэхэд ДНБ-ийхээ 2.6 хувийг, Япон 3, Израйль бараг 4.5 хувийг зориулж байна. БНСУ, Израйль зэрэг улс шинжлэх ухаандаа түшиглэж хөгжинө гэсэн зорилтг тавиад энэ салбарт их хөрөнгө зарцуулж байна. БНСУ гэхэд л зөвхөн ДНБ биш мөнгөн дүнгээрээ Японы зарцуулж байгаа хөрөнгөтэй дүйцэх мөнгө гаргана гэсэн зорилт тавиад байгаа юм билээ. Израйлийн төр засаг ДНБ-ийхээ 4.5 хувийг зарцуулсны үр дүн гарч Нобелийн шагналтантай боллоо. Мэдэж өмнө нь Америк юм уу, ОХУ-д ажиллаж амьдардаг израйльчуудаас энэ шагнал хүртэж байсан л даа. Харин энэ удаагийнх эх орондоо амьдарч байгаа Израйль эрдэмтэн хүртсэнээрээ их ач холбогдолтой.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах боломж байдаггүй юм уу?
-Байлгүй яах вэ. Шинжлэх ухаанд хил хязгаар гэж байхгүй. ОХУ, БНХАУ, Белорусь, Тайвань зэрэг оронтой хамтран ажиллаж байна. Албаны шугамаар ийм харилцаа тогтоон, хөрөнгө оруулахаас гадна эрдэмтэн, судлаачид хувиараа ч гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож байна. Жишээлбэл Физик техникийн хүрээлэнгийн эрдэмтэн Алтанцог удирдсан газрын ховор элемент бүхий малын тэжээлийн олон улсын төсөл бий. ӨМӨЗО, ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтарч байгаа. Энэ төрлийн малын тэжээл нь малыг таргалуулах, өвөлдөө тарга тэвээрэг алдагдуулдаггүй ач холбогдолтой. Мөн ӨМӨЗО-ы эрдэмтэдтэй хамтран ХААИС-ын мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Рэнцэнханд сайн үүлдрийн малын үр хөврөлийг монгол ямаанд суулгах төсөл хэрэгжүүлж, энэ жил сүүний үүлдрийн хэд хэдэн ямааг хээлтүүлсэн. Ирэх хавар эхний төлөө хүлээн авах юм.
Түүнчлэн өмнө дурдсанчлан Мал эмнэлгийн хүрээлэнгийн доктор Оюунцэцэг International Foundation for Science сангаас 12 мянган долларын тэтгэлэг авсан. Энэ мэтчилэн найман хүн энэ сангаас тэтгэлэг хүртчихээд байгаа. National Science Foundation, National Institute of Healths, JSPS, International Foundation for Science гэх гадаадын шинжлэх ухаан технологийн сан бий. Эдгээр сангуудаас тэтгэлэг өгөх шалгуур их өндөр. Тэр шалгуурт тэнцэхүйц төсөл бичих чадвартай болгон судлаач, эрдэмтдээ бэлдэхийг бид сүүлийн үед зорилго болгон ажиллаж байна. Тиймээс өмнө олон улсын сангаас тэтгэлэг авсан туршлагатай эрдэм шинжилгээний ажилтнуудаараа хэрхэн төсөл бичих талаар лекц уншуулах ажлыг зохион байгуулж байна.
-Хувийн байгууллагууд шинжлэх ухааны салбарт хэр их хөрөнгө оруулалт хийдэг вэ?
-Хувийн компани хоршоо, үйлдвэрүүдэд технологийн дэвшил хийх шаардлагатай болж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны эрэлт хэрэгцээ ихэсч байгаатай холбоотойгоор тэд энэ салбарт анхаарал хандуулах болсон. Тиймээс “Монос”, “Монихмо”, “Тайж” групп гэх гурван ч газар дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори байгуулаад байна. Үүнийг мөнгөн дүнгээр хэмжээгүй болохоос багагүй хөрөнгө оруулалт гэж хэлж болно.
Надад нэг ийм бодол төрдөг юм. Энэ нутгийн зөвлөлүүд улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүддээ үнэтэй машин бэлэглээд байдаг юм билээ. Тэд ийм хэмжээний мөнгө цуглуулж чадаж байгаа юм чинь тэр хөрөнгөө аймаг, сумандаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх эрдэм шинжилгээний ажил, төсөл, судалгаанд зориулчихмаар санагддаг юм. Бүр зөвхөн нутгийн эрдэмтнийхээ төслийг дэмжсэн ч болох шүү дээ.

Оксана Григорьева: Нэг мэдэхэд л Мелийн хараат болчихсон


Нийтэд хэзээ ч дэлгэж байгаагүй хайр сэтгэлийнхээ харилцааны тухай жүжигчин Мел Гибсоны экс найз бүсгүй Оксана Григорьева дэлгэж байна. Тэд хүүхэд асран хүмүүжүүлэх эрхийн төлөө хүчтэй тулаан өрнүүлж, багагүй шуугиан дэгдээгээд амжсан. Урьд ньүүн шиг ширүүн маргаан өрнөж байгаагүй ч байж мэднэ. Мелийн өнөө хэр тайлбар хийхээс татгалздаг харилцааны тухай, яагаад Мелийг хайрлах болсноо ярихаар хатагтай Григорьева Ларри Кингийн нэвтрүүлэгт оролцжээ.
-Та хэрхэн Мел Гибсонтой танилцсан юм бэ? -Биднийг нэгэн найз маань танилцуулсан. Тэр ширээн дээр байсан нэрийн хуудсыг минь харж байгаад Мелийн утсан дээр миний утасны дугаарыг хадгалчихсан юм билээ. Түүнээс хэдэн долоо хоногийн дараа Мел залгасан.
-Та төгөлдөр хуурч байх аа? -Тийм ээ.
-Түүнтэй танилцаж байх үед та төгөлдөр хуур тоглож байсан юм уу? -Үгүй дээ. Бид хамтдаа хооллож байсан юм.
-Та түүний гэр бүлтэй гэдгийг нь мэдэж байсан уу? -Мэдэж байсан. Гэхдээ түүнийг утсаар ярьснаас хойш бид бараг есөн сар зүгээр тааралдаад л өнгөрдөг байсан. Тэгж тааралдах нь ч тоотой хэдхэн удаа байв. Энгийн танилын харилцаатай байсан гэж ойлгож болно.
-Тэгэхээр ямар ч янаг амрагийн харилцаа байгаагүй гэсэн үг үү? -Байгаагүй. Хожим нь тэр надад гэрлэлт нь аз жаргалтай байхаа больсоор олон жил болж байна гэж тайлбарласан. Бас надад дурласан гэдгээ ч хэлсэн.
-Танаас болоод нэгэн гэр бүл сарниж байгаа гэх сэтгэгдэл төрөөгүй юү? -Үгүй дээ. Тэдний харилцаа бүр хөндийрсөн байсан гэж Мел хэлсэн. Миний ойлгосноор бүр 2006 оноос хойш л тэд гэрлэлтээ цуцлуулахаар төлөвлөж байсан юм билээ.
-Тэгэхээр танд буруу зүйл хийсэн юм шиг санагдаагүй байх нь ээ? -Тэдний салалтад өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Учир нь тэдний харилцаанд олон жилийн өмнө сэв суусан гэдгийг Мел надад дахин дахин тайлбарласан. Тэр бүр есөн сарын турш уйгагүй сэнхрүүлсэн шүү дээ.
-Та хүүтэй байх аа? -Тийм ээ. Хүү минь одоо 13 настай.
-Бас Мел та хоёр охинтой. -Охин минь ой хүрч байна.
-Та хоёрын дунд өрнөөд байгаа маргаан охиноо хэн нь асран халамжлах вэ гэдгээс үүдэлтэй гэж ойлгож байгаа. Зөв үү? -Охиноо асран хамгаалах эрхийн төлөө харагдах мэт боловч үнэндээ гэр бүлийн хүчирхийллээс болоод ингэтлээ ширүүн тэмцсэн юм. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлын тухайд ам хумхин өнгөрөх аргагүй шүү дээ. Хэрэв би энэ талаарх асуудлаар шүүхэд хандаагүй бол юу болох байсныг төсөөлөхийн аргагүй. Дэлхий дээр хэдэн зуун мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон зовж тарчилж байгаа хэр нь энэ тухайгаа бусдад хэлж, эрхээ хамгаалуулах боломж олдохгүй байгаа.
-Тэгэхээр өнөөдөр таны энд ирсэн шалтгаан тань ч энэ байх нь ээ? -Тийм ээ. Гэмт хэргийн шинжтэй энэ асуудлыг зүгээр л оддын хов жив мэт дурсаад өнгөрөхийнг би хүсээгүй юм. Үнэндээ бидний дунд түүнээс ч хэцүү асуудлаар маргаан үүсчихээд байгаа юм.
-Та Мел Гибсоны утсаар хашгичиж, заналхийлж байгааг дуу хураагчид хураан авсан байсан. Нөхцөл байдал яг ямар байсныг бидэнд яриач. -Энэ оны нэгдүгээр сарын 6-нд энэ явдал эхэлсэн юм. Охиноо тэврэн зогсож байтал Мел над руу уурлаж, хашгичиж эхэлсэн.
-Та хоёр хаана байсан юм бэ? -Түүний гэрт. Түүнийг галзуу хүн шиг л над руу дайрч эхлэхэд нь би хүүгийнхээ өрөө рүү очиж, хүүгээ орны цаагуур нуугаад өөрөө өрөөний голд зогссон. Гэтэл Мел араас ирээд…
-Таныг цохисон. -Хоёр удаа цохисон.
-Хүүгийн тань өмнө үү? -Тийм ээ. Хүүгийн минь өмнө. -Тэр согтуу байсан юм уу?
-Үгүй ээ. Тэр эрүүл байсан.
-Тэгээд та цагдаагийн газар руу залгаад л энэ тухай хэлчихэж болоогүй юм уу? -Тэр намайг цохиж, хоолойг минь боож, сүүлд нь бүр буу тулгасан. Тиймээс би тэр даруй хүүхдүүдээ аваад зугтсан юм. Харин маргааш нь тэр уучлал гуйн, дахин ганцхан боломж олгооч гээд араас ирсэн. Үнэхээр буруугаа ойлгож, чин сэтгэлээсээ уучлалт гуйж байсан тул ганцхан удаа уучилж, бүхнийг нуугаад өнгөрөөе гэж шийдсэн юм.
-Тэгэхээр та гомдол гаргаагүй байх нь ээ? -Гаргаагүй. Түүнд итгэж байсан учир нуухаар шийдсэн юм. Ганцхан удаа боломж олгооч гэж гуйхад хэн ч үгүй гэж хэлж чаддаггүй шүү дээ.
-Тэгээд яагаад утсаар заналхийлсэн юм бэ? -Тэр над руу хоёрдугаар сарын 18-ны орой залгасан.
-Уурласан шалтгаан нь юу байсан бэ? -Би түүнийг орхиод явсан юм. Түүнд л уурласан байсан.
-Эхний удаад уурлаж, гар хүрэхэд нь та уучилж, буцаад очсон гэсэн байх аа. -Түүнийг хоёр ч удаа цохиж, миний хоолойг боосон хэдий ч би өршөөж, гэрт нь буцаж очсон юм. Тэр үед би тэмцэх нь байтугай өөрийгөө хамгаалах гэж ч оролдоогүй. Зөвхөн охин Лусиягаа л хамгаалахыг хичээж байсан. Энэ бүхнийг хүү маань гэрчилнэ. Тэгээд биднийг дээврийн өрөө рүү зугттал тэр буу гаргаж ирээд над руу тулган, орилж хашгачиж эхэлсэн. Харин тэр үед нь би хүүгээ машинд сууж бай гэж хэлээд нэгдүгээр сарын 6-нд зугтсан юм. Тэр явдлын дараа Мел өдөр бүр л уучлалт гуйдаг болсон.
-Тэгээд юу дахин салахад хүргэсэн юм бэ? -Тэр хоёрдугаар сарын 18-нд дахиад л өөрийгөө хянаж чадахаа больсон. Хардалтаас л болсон байх.
-Тэр таны өөр хүнтэй уулздаг гэж сэжиглэж байсан юм уу? -Үгүй ээ. Тэр Лусияд зориулсан баярын сүлд мод авчирсан залуустай намайг хардсан байх.
-Баярын сүлд мод гэнэ ээ? -Тийм ээ. Тэр өдөр бид Лусиядаа зориулан баяр тэмдэглэхээр төлөвлөж байсан юм.
-Орос заншил юм уу? -Үгүй ээ. Тэр бол Мелийн бодож олсон санаа.
-Түүний заналхийлсэн яриаг та хэрхэн хальсанд буулган авсан юм бэ? -Хоёрдугаар сарын 18-нд яг л өмнөхтэй адил явдал давтагдсан учир бид дахиад л гэрээсээ зугтаасан. Тийм аюултай орчинд хүүхдүүдээ байлгах нь хэтэрхий эрсдэлтэй санагдсан юм. тэр зөвхөн намайг зовоох биш, охиноо ч гэмтээчих гээд байсан. Тиймээс би ээж рүүгээ утасдан сэрээж, түүнээс салах бодолтой байгаагаа хэлсэн. Тэр даруй л ээж минь намайг дэмжсэн. Учир нь тэр ч бас гэр бүлийн хүчирхийлэл ямар байдгийг биеэр амссан юм.
-Тэгээд л Мел тань руу залгаж эхэлсэн үү? -Намайг явсан даруйд л тэр араас залган, элдвээр харааж намайг зовоох болсон.
-Тэгээд та яриаг нь дуу хураагчид буулгахаар шийдсэн байх нь. -Үгүй дээ. Тэр бүр 08.00 цагаас эхлээд л над руу залгасан. Харин би яриаг нь 11.00 цагт бичсэн. Эхлээд би түүний туслах руу залгаж, Мелийг тайвшруулахыг хүссэн. Сэтгэл зүйчид хандаж, түүнийг тайвшруулахыг ч зөвлөсөн. Учир нь миний дурлаж, хайрласан хүн тэр биш байсан. Сэтгэл санааны хямрал ч юм уу, сэтгэл зүйн ямар нэг өвчнөөс болоод л энэ бүх уур бухимдал үүссэн гэдэг нь эргэлзээгүй.
-Оксана та яагаад түүний яриаг бичих болсон юм бэ? -Тэр мөчөөс эхлэн дахин түүнтэй амьдрахгүй гэж шийдсэн учир хэдхэн хором яриаг нь бичсэн. Тэгээд ч энэ бүхний дараа…
-Тэр таныг ална хэмээн сүрдүүлсэн. -Тийм ээ. Тэр тэгж хэлсэн. Энэ бичлэгт ямар ч засвар ороогүй.
-Хэрэв таныг хороочихсон бол дэлхий нийтээр таны үхэлд хэн буруутайг мэдээсэй гэж хүссэн юм уу? -Ээж минь л охиныг нь хороосон гэмтэн хэн болохыг мэдээсэй гэж хүссэн. Учир нь тэр ч бас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Түүнээс гадна бас нэгэн хачирхалтай гэмээр шалтгаан бий. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн дийлэнх хувь нь хэрэгтний үйлдлийг нуун дарагдуулахыг хичээдэг. Би ч бас түүний үйлдлийг нийтэд зарлалгүй, зөвхөн өөрт нь ойлгуулъя гэж бодсон. Хожим бичлэгийг нь сонсгоод уурласан үедээ ямар аймшигтай авир гаргадгийг нь ойлгуулъя гэж бодсон юм.
-Тэгээд бичлэг хэрхэн бусдын гарт очсон юм бэ? -Энэ талаар надад ямар нэгэ санаа байгаагүй ээ.
-Гэхдээ хуурцаг танд байгаа биз дээ? -Үгүй ээ, хуульчид минь бий.
-Мел тан руу дахин дахин залгасан юм уу? -Тэр 20.00 цагаас 03.00 хүртэл тав, арван минут тутамд л залгаж байсан.
-Бичлэг нь их сайн юм аа? -Тийм ч сайн биш шүү дээ.
-Надад бол сайн юм шиг л санагдлаа. Та гэртээ дуу хураадаг утасны аппараттай юм уу? -Үгүй ээ. “iPhone”-оор бичсэн юм.
-Бичлэг нийтэд цацагдсан талаар та хэдийд мэдсэн бэ? -Би сайн санахгүй байна. Хэн нэгэн над руу залгаж хэлсэн шиг санагдаж байна.
-Энэ мэдээ таныг цочирдуулсан уу? -Тэгэлгүй яах вэ.
-Энэ талаар телевизүүдийн мэдээллийн нэвтрүүлгээр хангалттай олон удаа гарсан. Та зурагтаар үзээгүй юм уу? -Хуульч маань над руу залгаж хэлсэн юм байна. Тэр тухай сонсоод би их гайхсан.
-Харин энэ талаар би огт өөр яриа сонссон. Ноён Гибсоны араншинг та тун сайн мэддэгээр барахгүй шүүх танхимд ашиглахаар зориуд бичлэг хийсэн гэх яриа байдаг юм билээ. Танд энэ яриаг цаасанд буулгасан хувилбар бий юү? -Та надаар тоглоод байна уу?
-Үгүй дээ. Хүмүүсийн тэгж ярьж байсныг л дамжуулж байна. -Байхгүй ээ.
-Та яагаад тэднийд буцаж очсон юм бэ? -Тэр миний алдаа байсан. Би түүнд итгэж, сүүлчийн боломж олгосон минь буруудсан. Тэр уйлаад л, өвдөг дээрээ сөхрөн сууж байгаад уучлалт гуйсан учир би зөвшөөрөхгүй байж чадаагүй юм.

Sunday, November 21, 2010

Жанет Жексон: Миний анхны хайр бол кино урлаг



Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалаад байсан хатагтай Жексон шоу бизнесийн ертөнцөд эргэн иржээ. Тэгэхдээ бүр хоёр ч бэлэгтэй. “Грэмми”-гийн шагналт дуучин түүний “Таны жинхэнэ төрх” нэртэй ном тун удахгүй худалдаанд гарах гэж байгаа бол энэ сарын 5-нд түүний тоглосон “Өнгөт охидод зориулав” кино нээлтээ хийсэн.
-Хэрхэн “Өнгөт охидод зориулав” кинонд тоглох болсон тухайгаа сонирхуулаач. -“Би яагаад гэрлэх ёстой гэж 2” киноны зураг авахуулж байхад энэ киног хийх санааг Атланта дахь продакшн гаргасан юм билээ. Тэгээд л Тайлер надад хамт тоглох санал тавьсан. Бидэнд санаа нь их таалагдсан л даа. Тус продашкныхан намайг кинондоо тоглуулах төдийгүй найруулагчаар ажиллуулах хүсэлтэй байгаа тухай Тайлер дамжуулсан юм. Тэгээд л бид хамт тоглохоор шийдсэн.
-Та энэ кинонд өөрийгөө “улаан” хэмээн тодорхойлсон байсан. “Улаан” гэдгийг ямар утгаар хэлсэн юм бэ? -Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн өнгөтэй. Угтаа энэ киноны нэр “Солонгын долоогоос өөр өнгө үгүй гэдэгт итгэж, амьдралаас уйдсан өнгөт охидод зориулав”. Бүсгүй хүн бүрийн зан чанар, араншинг өнгөөр тодорхойлж, илэрхийлж болдог.
Харин намайг илэрхийлэх өнгө нь улаан. Энэ өнгө миний дотоод ертөнц, таашаадаг бүхнийг минь илэрхийлдэг гэж хэлж болно.
Энэ кинонд Лоретта Дивайн гэх ногоон бүсгүй гардаг юм. Түүний дүрд Аника Нони Рөүз тоглодог. Ер нь энэ кинонд гардаг дүр бүхэн гайхалтай.
-Зэрвэсхэн хараад л утга санааг нь ойлгочихоор кино биш шиг санагдсан. -Тийм ээ. Их хурц кино байгаа юм. Омари Хардвик нөхрийн минь дүрд тоглосон.
-Бас Керри Вашингтон, Вупи Голдберг нар тоглосон байсан. -Гайхалтай кино болсон.
-Тийм шүү. Хэн ч үгүйсгэхгүй байх. -Тэр дүрээрээ амьдарчихмаар л санагддаг байлаа.
-Тийм гэж үү? -Зургаа эвлүүлж байх үед ч надад үргэлжлүүлэн жүжиглээд л баймаар санагдаж байсан.
-Холливудын акулууд надад ийм үг цөөнгүй хэлж байсан. Харин та гэртээ жүжиглэж байв уу? -Гэнэтхэн л тэр бүсгүйн ертөнцөөс гарч өөрийнх рүүгээ шилжиж болдоггүй юм билээ. Тиймээс гэртээ, найз нөхөдтэйгөө уулзаж байхдаа ч жүжиглэсэн тохиолдол цөөнгүй бий. Заримдаа найзууд минь “Чи огт өөр болчихжээ. Дууны чинь өнгө хүртэл нэг л өөр” гэдэг байсан. Харин хоолойн өнгөө өөрчлөх аргыг Тайлер надад зааж өгсөн юм.
-Та жүжиглэх дуртай юу? -Бүр хайртай гэж хэлсэн ч болно.
-Яагаад? -Миний анхны хайр бол кино урлаг.
-Дуунаас ч илүү хайртай гэж үү? -Кино ертөнцөд би бүр жаахан охин байхдаа хөл тавьсан юм шүү дээ. Тиймээс амьдралдаа хийсэн анхны ажил минь жүжиглэх. Тэр үед би арван настай байсан. Харин дуулах бол хоёр дахь нь.
-Тэгвэл бүжиг гурав дахь байх. Тийм үү? -Тэгэлгүй яах вэ.
-Гэхдээ жүжиглэх анхны тань ажил байсан гэдгийг огт сонсоогүй юм байна. -Тийм шүү. Гарцаагүй үнэн. Тиймээс би бага байхаасаа л эхлээд бизнесийн хуульч мэргэжил эзэмшээд дараа нь соёл урлагийн сургуульд суралцаж, жүжигчин болно гэж боддог байлаа.
-Харин тэр төлөвлөгөөг тань хэн өөрчилчихсөн юм бэ. Та яагаад дуучин болсон бэ? -Аав минь. Хөгжим бол манай гэр бүлийн бизнес байсан гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Аав минь намайг дуучин болгох хүсэлтэй байгаагаа хэлсэн.
-Түүний хүсэлтийг биелүүлж дуучин болсон байх нь ээ? -Бараг л тийм. Гэхдээ би үүнийх төлөө хэзээ ч гомдоллож байгаагүй. Хөгжмийн ертөнцөд ч би хүссэнээрээ амьдарч чаддаг. Би тоглолтод оролцох дуртай.
-Тиймээс ч өнөө хэр дуулсаар л байгаа. -Тийм ээ. Мах, цусанд минь дуучны ур чадвар, хүсэл мөрөөдөл байгаа учир тэр. Гэхдээ эцсийн дүнд би багаасаа хүссэн зүйлээ хийж байна.
-Тэгэхээр та цаашдаа ч кино урлагаас хөндийрөхгүй нь ээ? -Тэгэлгүй яах вэ. Би цаашдаа ч кино урлагт хүч сорьсоор байх болно.
-Тайзнаа жүжиглэх нь танд ямар санагддаг вэ? -Би тайзны урлагт бас хайртай. Миний бас нэгэн мөрөөдөл бол Бродвэйн театрт тоглох. Академийн шагналт Бродвэйн жүжигт.
-Таны аялан тоглолт үргэлжилсээр байгаа юу? -Одоохондоо түр завсарласан. Хувийн ажлаа амжуулаад л явна даа.
-Ах дүү нараас чинь урлагаа орхихгүй явна гэсэн хүн бий юү? -Байхгүй.
-Тэгэхээр Жанет л ганцаараа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр зүтгэж байгаа байх нь ээ? -Тийм л юм шиг байна.
-“Jet” сэтгүүлийнхэн таныг найз нөхөд цөөтэй гэсэн байсан. Энэ үнэн үү? -Тийм ээ. Надад олон найз байхгүй.
-Яагаад? -Шоу бизнесийн ертөнцөд ажилладаг хүн олон найзтай байх боломж бараг л байхгүй. Тиймээс ч би одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байдаг.
-Итгэлцэлтэй холбоотой юу? -Тийм ээ. Миний итгэлийг даасан цөөн хэдэн хүн л намайг тойрон хүрээлдэг. Түүндээ ч баяртай байна. Бүр жаахан охин байхаас минь нөхөрлөж, олон жилийн турш намайг дэмжиж, түшиж тулж яваа хүмүүс бий.
-Тэгэхээр Жанетийн ертөнцөд шинэ хүн нэвтэрнэ гэдэг амаргүй байж таарах нь. -Яг ч тийм биш. Итгэл хэр даахаас л шалтгаална.
-Шалгуур өндөр, өрсөлдөөн ихтэй энэ ертөнцөд цөөн хэдэн хүнээр хүрээлүүлэн амьдарна гэдэг хэцүү биш үү. Та өөрийгөө дэндүү хашир хүн гэж бодож байсангүй юу? -Та “All For You” гэдэг дууг сонсож байсан уу? Энэ дуунд таны ярьж байгаа айдсын тухай өгүүлдэг юм. Би залуустай болзохдоо ч орон зайд минь хэт дөхөхөөс болгоомжилдог. Харин тэднийг өөрсдийн орон зайдаа намайг урих хүртэл нь хүлээдэг юм.
-Та одоо хэн нэгэнтэй болзож байгаа юу? -Нэг хүнийг хүлээж л байна.
-Тэр хүнийхээ тухай яриач. -Үгүй ээ.
-Яагаад? -Тэр нууцлаг байдалд дуртай, хувийн амьдралаа бусдад дэлгэх дургүй нэгэн. Харин би түүнийг нь хүндэлдэг.
-Тэгвэл би ч бас хүндэлье. Харин нэг л зүйлийг тодруулъя. Тэр бизнес эрхэлдэг үү? -Үгүй.
-Таны нэгэн шүтэн бишрэгч тань хөгжмийн ертөнцөө орхих гэж байгаа гэж мэдээлсэн. -Үгүй дээ. Тэр худал мэдээлэл байна.
-Тэгэхээр дуулсаар байх нь. -Дараалан хоёр кинонд тоглож, “Кино урлаг бол насан туршийн минь мөрөөдөл байсан” гэж хэлснээс үндэслэн тэгж бодсон байх. Би цаашдаа кинонд тоглох бодолтой байгаа боловч дуугаа бүрмөсөн орхиж чадахгүй. Хөгжимд дурлах хүсэл цусанд минь бий шүү дээ. Би тоглолт хийх дуртай. Тиймээс дуулсаар байх болно. Ирэх жил би студид өнжиж, сайхан уран бүтээлээр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих болно.
-Хөгжимт киноны тухайд ямар бодолтой байдаг вэ? -Сайхан санаа байна.
-Таны дуртай зүйлсийн хоршил шүү дээ. -Тийм учраас би бүр ч дуртай тоглох болов уу. Надад хийхийг хүсэж буй, хийхээр төлөвлөсөн олон ажил бий.
-“Мөрөөдлийн охид” киног үзчихээд би тоглох ёстой байсан юм гэсэн бодол танд төрсөн гэж мөрийцөхөд ч бэлэн байна. -Тэр кино надад их таалагдсан шүү. Хэдийгээр би жүжгийг нь үзэж амжаагүй ч, киног нь үзсэн.
-“Таны жинхэнэ төрх” ном тань ирэх оны эхээр худалдаанд гарах гэж байгаа байх аа? -Тийм.
-Нэрийг нь тайлбарлаач. -Хүмүүс надаас “Та хэрхэн жингээ барьдаг вэ. Биеийн галбираа хадгалахын тулд ямар арга хэрэглэдэг вэ” гэж их асуудаг. Харин тэдний асуулт намайг өсвөр насны охин байсан үе рүү минь хүргэчих шиг болдог. Гадаад байдалдаа санаа зовоод л, өдөр шөнөгүй тэр тухай бодоод л…
Мөрөөдөл минь насанд хүрэгчдийг бус өсвөр насны охид, хүүхдүүдийг уриалан дуудаж, тэдэнд үлгэр дуурайл болох байсан. Тиймээс би гадаад үзэмж биш дотоод ертөнцөө хайрлах ухаанд тэднийг сургах гэсэндээ энэ номыг бичсэн.
-Та бага байхдаа махлаг охин байсан байх аа? -Тийм ээ. Миний биеийн галбир гол бэрхшээл минь байсан. Тиймээс жингийн тухай асуудалд би их эмзэг ханддаг байсан.
-Өөрийгөө толинд хараад голдог байв уу? -Толинд харах бүртээ би “Тэрэн шиг болох ёстой, ийм болох ёстой” гэж өөртөө тушаал өгдөг байсан. Өөрийгөө үнэлэх биш өрөөл бусдыг л дээгүүрт тавьдаг байв. Гэхдээ тэгэхэд би их жаахан байсан. “Good Times” кинонд тоглож байх үед би 10 настай байсан. Гэтэл хувцас хариуцаж байсан эмэгтэй цээж рүү минь алгадаж билээ. Энэ нь намайг сайн биш, насанда ахадсан махлаг гэсний дохио мэт санагдсан юм. Өчүүхэн жаахан зүйл ч хүүхдэд нөлөөлдөг юм билээ.
-Харин одоо биеийн галбираа хэрхэн дүгнэдэг болсон бэ. Өөртөө сэтгэл хангалуун байж чадаж байна уу? -Өнөөдрийнх шиг сэтгэл хангалуун байсан удаагүй.
-Жексонынхноос хамгийн хэцүү хүүхэд нь таныг байсан гэлцдэг. -Хамгийн дэггүй нь Рэнди бид хоёр байсан.
-Бас хамгийн бяцхан нь. -Тийм ээ..
-Энэ байдлыг тань танай аав ээж хэрхэн хүлээж авдаг байсан бэ? -Тэд их ядарсан байх даа.
-Юу? -Та есөн хүүхэдтэй, тэдний хоёр нь нялх, тэгээд бас их дэггүй гээд төсөөлөөд үз л дээ.
-Та энэ тухайгаа дурсамж номдоо их дэлгэрэнгүй бичсэн байх аа? -Тэгсэн.
-Амьдралынхаа ямар үеийг дурсаж бичихэд их хэцүү байсан бэ? -Их олон зүйл байсан.
-Заримыг нь сонирхуулаач. -Ингээд ярихад хэцүү гэдэг нь мэдрэгдэхгүй л дээ. Номоо бичиж эхэлж байх үед бүх зүйл амархан хялбар юм шиг санагдаж байлаа. Тухайн үед болсон бүхнийг дурсаж, цааснаа буулгах үед цаг хугацаагаар аялж, тухайн үед төрсөн сэтгэгдэл эргэн сэргэдэг юм билээ. Нэг талаар эмчилгээ болох шиг санагдсан.
-Та өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? -Үгүй. Гэрэл зургийн цомог минь өдрийн тэмдэглэлийг орлочихдог юм.

Tuesday, November 16, 2010

Э.Батхүү: Театртаа орсноос хойш үзэгчидтэй зэрэгцэн сууж жүжиг үзэж байсангүй


Улсын драмын эрдмийн театр ердөө таван найруулагчтай. Тэдний нэг нь туслах найруулагч Э.Батхүү. Өнгөрөгч хавар нээлтээ хийсэн “Хүний хөнжлийг битгий сөх” жүжгээр ямархан найруулагч болж төлөвшсөнөө харуулсан түүнийг БСШУЯ-ны сайдын тушаалаар Соёлын тэргүүний ажилтан цом тэмдгээр саяхан шагнасан. Үзэгчдийн сонирхлыг багагүй татсан “Атга нөж”, “Эдип хаан” тэргүүтэй 20 гаруй жүжгийн үйл явдал гэрэлтүүлэг, тайзны чимэглэлтэйгээ бүхэлдээ түүний цээжинд бий гэсэн.
-Анхны жүжгээрээ “Хүний хөнжлийг битгий сөх”-ийг сонгосон яагаад юм бэ? -Манай театр таван найруулагчтай. Ерөнхий найруулагч Ч.Найдандорж, найруулагч Б.Баатар, Н.Наранбаатар, туслах найруулагчаар Ч.Түвшин бид хоёр ажилладаг. Өнгөрөгч хавар манай театр “В.Красногоров 7” төсөл хэрэгжүүлж, долоон жүжиг зэрэг тавихаар ажиллаж эхэлсэн юм. Энэ үеэр найруулагч Ч.Найдандорж “Батхүүдээ бие даан жүжиг найруулах боломж олгоё. Маш олон жүжигт туслах найруулагчаар ажиллалаа” гэсэн юм. Дөрвөн жүжгийг нь найруулагч нар сонгоод авчихсан байсан тул үлдсэн гурваас нь шилж байгаад би энэ “Секс хийцгээе” буюу “Хүний хөнжлийг битгий сөх” жүжгийг сонгож аваад, чадан ядан ажиллаж байгаа минь энэ.
Зохиолыг нь анх уншихад л энэ жүжиг надад их таалагдсан. Жүжгийн өгүүлж буй санаа, үйл явдал нь ч их сонин өвөрмөц шийдэлтэй санагдаад л сонгосон. Гэтэл хамгийн хүнд жүжгийг нь сонгочихсон юм билээ. Вөлентин Красногоровын жүжгийн зохиолуудаас хамгийн их нэр хүндтэй, олон орны томоохон театруудад тавигдсан жүжиг нь юм билээ. “Секс хийцгээе” буюу “Let’s have sex” нэрээрээ дэлхий дахинд алдартай, Москва хотын Роман Виктюкийн театр болон Австрали, Болгарь, Энэтхэг, Румын, Украйнд тавигдаж байсан жүжиг юм билээ.
-Бас сэтгэхүйн жүжиг учир бусад төрлүүдээс илүү хүнд байх, тийм үү?
-Жүжгийн төрлүүдээс хамгийн хүнд нь сэтгэхүйн драмын жүжиг гэдэг. Үзэгчид шууд хүлээн авах боломжгүй, нэлээн тунгааж, бодож байж өгүүлэх гэсэн утга санааг нь ойлгож, үр өгөөжийг нь хүртдэг сюрреалист сэтгэхүйн жүжиг юм. Ажлын ачааллаа тайлан элдэв зүйл бодолгүй зүгээр л инээх гэж ирсэн хүмүүс эсвэл эмгэнэлт жүжиг үзэж сэтгэлээ онгойтол уйлах зорилгоор театрыг зорьсон хүмүүст зориулагдаагүй.
Төслийн нээлтийн үеэр манай жүжиг тав хоног тоглосон юм. Гэтэл нэг үзэгч жүжгээ дуустал нь үзсэн атлаа үүдний жижүүрт очиж, гомдол гаргасан гэсэн. Сонирхолтой нь жүжгээ дуусан дуустал нь үзсэн хэрнээ уурласан байгаа юм.
-Яагаад уурласан юм бэ? -Би тухайн үед байгаагүй юм л даа. Гэтэл манай жүжигчдийг гарч иртэл “Би хоёр ч дээд сургууль төгссөн эмч мэргэжилтэй хүн. Өнөөдөр танай жүжгийг үзэн ажлын ачааллаа тайлах гэж ирсэн биш, бүр стресс орчихлоо. Найруулагчтай чинь уулзмаар байна” гэсэн байсан. Тэгэхэд нь харин Г.Урнаа эгч “Танд таалагдаагүй юм бол яагаад дундаас нь орхиод явчихаж болоогүй юм бэ. Та жүжгээ бүтнээр нь үзээд, стресст орсон бол жүжгээ ойлгосон байна гэсэн үг. Энэ жүжгийн далд санаа нь өнөөгийн нийгэмд буглаад буй муу муухай зүйлс” гэж хэлсэн байна билээ. Тэгэхээр хэрхэн хүлээж авах нь үзэгчийн тухайн сэтгэл санааны байдлаас шалтгаалан өөр өөр байдаг шиг байгаа юм. Анхны барьсан бүтээлээрээ ийм хүнд жүжиг сонгоод авчихсан учир их бодлогошроод л явж байна.
-Дахин тавих гээж бэлтгэл хийгээд сууж байхад алдаа дутагдал хэр их анзаарагдаж байна вэ? -Байлгүй яах вэ. Драмын театр гэдэг үүгээрээ онцлогтой. Дахин дахин бэлтгэл хийж, тайзнаа тавих тусам алдаа оноогоо дүгнэн, засаж сайжруулж, жүжиг нь улам сайжирдаг. Нэг өдөр үзэгчдийн суудлаас урдаас нь харж суугаад, алдаагаа засаж залруулчихаад хэсэг хугацааны дараа харахад дахиад л өөрчлөх зүйл гараад ирэх жишээтэй. Алдаа төдийгүй цаг хугацаа, тухайн нийгмийн байдалд тохируулан өөрчлөх зүйлс ч гарч ирнэ.
-Анхны жүжгийнхээ нээлтийг хийгээд, үзэгчидтэй зэрэгцэн үзэж суухад ямар сэтгэгдэл төрж байв? -Би айгаад үзээгүй. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж бодохоор сэтгэл догдлоод тайзны хажуугаас л жүжгээ үзсэн. Би ер нь театртаа орсноос хойш үзэгчидтэй зэрэгцэн сууж жүжиг үзсэн удаагүй. Туслах жүжигчний ажил тайзны хажууд л өрнөдөг юм. Туслах найруулагчийн коммандаар жүжиг эхэлж, жүжигчид тайзнаа гардаг. Тэндээс л бүхнийг удирддаг гэсэн үг. Найруулагчид жүжгээ найруулан тавьж дуусмагц, үлдсэнийг туслах найруулагчид үлдээдэг. Тэр жүжгийн сургуулилалтын цагийг товлож, бэлдүүлэх, тоглолтын үеэр алдаа гаргахгүй байх бүхий л үүргийг хариуцдаг. Жүжгийн үеэр бүх үйлдлийг туслах найруулагчийн тушаалаар хийдэг. “За одоо гэрэл өг, энэ үзэгдлийн дараа тийм жүжигчин тайзнаа гарна хувцсаа бэлдээрэй, жүжигчнийг үг хэлж дуусмагц тийм ая тавиарай” гээд л тайзны хажууд зогсон, жүжгийг бүхэлд нь зангиддаг.
-Тэгэхээр туслах найруулагч хөшиг нээхээс хаах хүртэл бүхий л үйл явцыг нэг бүрчлэн цээжээр мэддэг байх нь ээ? -Тэгэлгүй яах вэ. Процетур гэдэг юм бичдэг юм. Жүжгийн бэлтгэл тавьж эхлэх уншлагын үеэс эхлээд л найруулагчийн хэлсэн үг бүрийг тэмдэглэн авна. Тэгэхгүй бол найруулагч хэлсэн үгээ мартчихаж болно шүү дээ. Уншлагын үеэр голчлон дүрүүдийн зорилгыг тэмдэглэн авдаг. Тэгээд л тайзнаа бэлтгэл эхэлмэгц жүжигчдэд дүрийнх нь зорилгыг сануулна. Гэрэл, дуу шуум гээд найруулагчийн хэлсэн бүхий л санааг тэмдэглэн авна. Тэнд нэмэх зүйл ч гарна, хасах тохиолдол ч бий. Эцэст нь найруулагч эцсийн тавилт энэ гэж шийдсэн үед жүжгийн үйл хөдлөл, тайз ямар засалтай байхыг нэг бүрчлэн бичсэн партитураа гаргана. Түүнийг нэг бүрчлэн цээжилсэн байх шаардлагатай.
-Тэр бүхнийг цээжилнэ гэдэг амаргүй биз? -Жүжгээ олон дахин сургуулилж давтах үед өөрийн эрхгүй цээжлэгдчихдэг юм.
-Таны толгойд хэдэн жүжгийн партитур байгаа вэ? -Театрт туслах найруулагчаар орсноос хойш хувь, хувьсгалын нийлсэн 20 гаруй жүжгийн туслах найруулагчаар ажилласан.
-Үзэгчид анхны бүтээлийг тань хэрхэн хүлээж авсан бэ? -Найз нөхөд, ойр дотнынхон баяр хүргээд сайхан жүжиг болсон байна л гэж байсан. Гэхдээ тэдний дүгнэлт өрөөсгөл шүү дээ. Харин үзэгчид хэрхэн хүлээн авсныг мэдээгүй. Магадгүй сэтгэхүйн жүжиг биш байсан бол нижигнэтэл алга таших байсан ч байж болно.
-Яагаад найруулагч болох шийдвэр гаргасан юм бэ? -Намайг аравдугаар ангид орох жил манайх Багануур руу нүүсэн юм. Тэнд очоод удаагүй байтал “Ноён” нэртэй телевиз байгуулагдаж, хөтлөгч нэвтрүүлэгч шалгаруулж авна гэхэд нь очоод шалгуултал тэнцчихсэн. Тэндээ хөтлөгч нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад, сүүлд нь туслах найруулагч болсон. Тэндээс л урлагийн хүн, тэр дундаа найруулагч болох хүсэл төрсөн дөө. Сургуулиа төгсмөгц “Мюзик холл” сургуульд жүжигчний ангид элсэн орсон боловч захиргаандаа хүсэлт гаргаж, найруулагчийн мэргэжлийн давхар эзэмшиж билээ.
-Драмын театрыг босго өндөртэй гэдэг шүү дээ. Тус театрт хэрхэн орсон бэ? -2002 оны хавар сургуулиа төгсмөгц театртаа ирж, хоёр жил цалингүй ажилласан. Манай театрын жүжигчин Г.Эрхэмбаяр бид хоёр зэрэг орж ирсэн юм. Жүжиг болгоны олны хэсэгт гарч гүйгээд л, жүжигчин ах эгч нарыг хувцсаа солиход нь гүйж очиж туслаад л явдаг байлаа. Тэгээд 2004 онд шалгалт өгч, тэнцээд жүжигчнээр орсон доо.
-Ямар шалгалт өгсөн бэ?
-Театрт гэрээт жүжигчид авахад хэрхэн шалгадагтай адил шалгалт өгч байсан. Жүжигчний ур чадвараа шалгуулахын зэрэгцээ дуулж, бүжиглэсэн. Тэр үед 30-аад хүн шалгуулж байсан юм. Эрхмээ бид хоёрын хувьд хувийн сургууль төгсөгчдөөс тэнцсэн хамгийн анхны жүжигчид гэдгээрээ онцлог. Эрхмээ маань “Зохиомж” дээд сургууль төгссөн юм. Биднээс өмнө дандаа л СУИС-ийг төгсөгчид тэнцэж, жүжигчнээр ордог байсан юм билээ. Нэг жил жүжигчнээр ажилласны дараа туслах найруулагчийн тушаал гарсан даа.
-Найруулагчийн ажил хүнд биз дээ. Зүгээр л жүжигчнээр ажилладаг байж гэж бодогддог уу?
-Жүжигчний ажил илүү хүнд байж ч мэднэ. Ер нь амархан ажил гэж байдаггүй юм шиг л санагддаг. Ажил, мэргэжил бүхэн өөрийн онцлогтой. Түүнээсээ шалтгаалаад тухайн хүнээс өөр өөр чадвар шаарддаг, хүнд, хэцүү талтай. Харин сайхан байх эсэх нь тухайн хүний ажилдаа хэр дуртайгаас шалтгаалах байх. Ер нь амархан ажил гэж үгүй. Гудамжинд хог шүүрдэх ч хэцүү шүү дээ. Хогоо шүүрдээд дуусав уу үгүй юү нэг хүн ирээд хог хаячихна. Тэгэхээр дахиад л шүүрдэх шаардлагатай болно.
-Найруулагч гэхээр л их ууртай догшин хүний дүр нүдэнд буудаг. Та хэр ууртай найруулагч вэ?
-Бодож төлөвлөж байсан санааг жүжигчид гаргаж өгөхгүй болохоор өөрийн эрхгүй бухимдаж, уурладаг байх гэж бодогддог юм. Түүнээс биш найруулагч хүн гэхээр л ууртай байх ёстой гэж боддоггүй. Тийм байсан бол ууртай хүн бүрийг найруулагч болгочихно биз дээ.
-Залуу хүн тул бүхэл бүтэн жүжгийн багийг удирдан авч явна гэдэг амаргүй биз?
-Туршлага дутах, ахмад жүжигчдээ хүндлэн үг хэлж чадахгүй байх зэрэг бэрхшээл гарах нь бий.

Monday, November 15, 2010

Рики Мартины үнэн төрх


Тэр бүр 12 настай байхаасаа л эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, харцыг нь булаадаг байж. Нэгэн үе Латин Америкийн хамтлаг “Менудо”-гийн гишүүн Рики Мартин өсвөр насны охидыг зүрхийг шархлуулж байсан бол нас ахих тусам дэлхийн өнцөг булан бүрт суугаа бүсгүйчүүдийг тачаангуй хоолой, эвлэгхэн бүжгийн хөдөлгөөнөөрөө соронзон мэт татаж, олон улсад соло уран бүтээлээрээ шуугиан тарьсан байдаг.
Нэр хүндтэй томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүд түүний шүтэн бишрэгчдийн хөлд дарагдаж, 1999 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр Рики Мартин гоолиг бүсгүйчүүдээр хөтлүүлэн тайзнаас бууж, тус бичлэг телевизийн түүхэнд тэсрэлт хийж байсан цаг саяхан.
Биеэ авч яваа байдал, хийж буй уран бүтээлээс нь харахад яг л дуу шигээ “la vida loca” буюу зугаа цэнгэл хөөн амьдрагч гэх сэтгэгдэл төрдөг ч бодит амьдралд түүний байдал тэс өөр болохыг хэвлэлийнхэн олоод мэдчихэж. Цөөнгүй жил хувийн амьдралаа бусдаас нууцалж, цуу яриаг үгүйсгэж байсан нэг л өдөр бүх үнэнээ дэлгэсэн. 2010 оны тавдугаар сарын 29-нд тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Би ижил хүйстнээ сонирхогч нэгэн. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг” хэмээн бичсэн юм.
Харин энэ удаад өөрийн дурдатгалын “Me” гэх ном бичсэн тухайгаа болон гэнэтхэн аав болох шийдвэр гаргасныхаа шалтгааныг тайлбарлахаар Опрагийн нэвтрүүлэгт оролцжээ.

Өдгөө хоёр настай ихрүүд нь л түүнд ижил хүйстнээ сонирхогч гэдгээ нүүр бардам дэлхий дахинд зарлах урам зориг хайрласан гэнэ. Энэ тухайгаа тэр “Би энэ нууцыг удаан хадгалж тэсэхгүй болоод байсан юм. Яг тэр үед хүүхдүүд минь надад зориг хайрласан. Би бусдад ижил хүйстнээ сонирхогч гэдгээ зарлахгүй юм бол хүүхдүүдээсээ ч нуух шаардлагатай болно. Тэднээс бодит байдлаа нууна гэдэг худлаа ярихад хүргэнэ. Би тэдэндээ худал хэлж байж хэрхэн хүмүүжүүлэх билээ. Худал хуурмаг зүйлсээр дүүрэн гэр бүлд тэднийгээ өсөж торниосой гэж хүсээгүй юм. Би тэднийхээ дэргэд ямар ч нууцгүй, цэвэр ариун байхыг хүссэн. Хүүхдүүд минь ааваараа бахархаж яваасай гэж бодсон. Бас өөрсдөөрөө, гэр бүлээрээ барахаж, хэний ч өмнө нүүр бардам зогсоосой гэсэндээ энэ шийдвэрийг гаргасан юм” гэв.
Өөрийнхөө үнэн төрхийг илчилсэн зурвасаа цахим хуудсандаа байршуулсныхаа дараа тэр бүр балмагдаж орхисон аж. Сэтгэл хөдлөл, айдас нь дээд цэгтээ хүрч, удалгүй алмайран хөшиж, дараа нь бага багаар тайвширсан байна. Рики Мартин “Тэр үед би студидээ байсан юм. Туслах маань нааш цааш холхихтой зэрэгцэн би яг л жаахан хүүхэд шиг цурхиран уйлсан. Харин тэр гараас минь бариад, “Зүгээр дээ. Энэ бүхний ингээд зүгээр л орхичих. Эцсийн эцэст чи эрх чөлөөтэй боллоо шүү дээ” гэж билээ. Тэгж хэлэхэд нь л надад мөрнөөсөө хүнд ачаа аваад хаячихсан мэт сэтгэгдэл төрсөн. Тэр үед “Би өөртөө хайртай” гэж хэлмээр санагдаж байлаа. Өөрөөсөө огт өөр хэн нэгний дүрд тоглож, олон жилийн турш жүжигчин мэт амьдрах ямар хэцүү гээч” гэсэн юм.
Рики бүр жаахан хөвгүүн байхдаа л бэлгийн сонирхол нь бусдынхтай адилгүй гэдгийг анзаарсан тухайгаа “Би дөрөв юм уу таван настай байхдаа л өөрийнхөө гей гэдгийг мэдсэн. Сургуульд орсон анхны өдөр л хүмүүс надаас “Олон охидтой танилцав уу? хэдэн найз охинтой болсон бэ?” гэж асууж билээ. Би тэр даруй “Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна” гэж ширүүхэн хариулж билээ. Тэр үед би ижил хүйстнээ сонирхогч гэдгээ хэдийнэ ойлгочихсон байсан” гэлээ.
Гэхдээ л тэр жинхэнэ өөрөөрөө амьдарч байсан удаа бараг л үгүй гэнэ. Үүнийгээ “Олон жилийн турш алдаа хийчихсэн мэт сэтгэгдэл төрдөг байлаа. Өөрт төрж буй сэтгэгдлээ бодох тусам ад чөтгөрийн бодол мэт санагддаг байсан. Тэр өөрийн эрхгүй төрөх сэтгэлийг чадах хэрээрэ эсэргүүцсэн ч нэмэргүй. Тиймээс би их муу хүн юм даа гэсэн бодол байнга төрдөг байлаа” хэмээн тайлбарласан.
Азаар аав ээж нь түүнийг ойлгож, бүхий л үед нь түшиж тулдаг байсан аж.
Рики анхны хайртайгаа 20 настай байхдаа учирсан боловч төсөөлж байсан шиг нь сайхан төсгөл ирсэнгүй. Зүрх нь шархалж, сэтгэл нь шаналж үлдсэн тэрбээр анхны хайраа “Би хайртынхаа төлөө урлагаа орхиход ч бэлэн байсан. Харин тэр надад “Чиний амьдралын зорилго тодорхой бөгөөд их гэгээлэг. Чи бусдын төлөө л амьдарч, хөдөлмөрлөх ёстой. Харин би тэр ажилд чинь түвэг удмааргүй байна. Бидний харилцаа ямар нэгэн байдлаар бүтэлгүйтвэл чи намайг л буруутгах болно. Би мэдэж байна” гээд л намайг орхин одсон” хэмээн дурслаа.
Энэ явдал Рикид хүнд цохилт болж, тэр хэдэн хоногоор шаналсан байна. Энэ үед л ээж нь түүнд халамж, хайраа харуулжээ. Рики Мартин: “Намайг уйтгарлан суутал ээж “Миний хүү, дурлаа юу даа?” гэж асуусан. Намайг “Тийм ээ” хэмээн хариулахад “Эрэгтэй хүнд үү?” гэж асуухад нь би ч “Тийм ээ. Эрэгтэй хүнд” гэв. Бидний дунд өрнөсөн товчхон боловч олон арван асуудлыг шийдсэн энэ ярианы төгсгөлд ээж минь намайг тэвэрч “Битгий санаа зов доо, хүү минь. Ээж нь хүүдээ хайртай. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй” гэж билээ. Гэхдээ л миний энэ байдал ээжид минь хүлээн авахад тийм ч хялбар байгаагүй. Тэр нулимс асгаруулан “Бурхан минь, хүүг минь яачих нь энэ вэ. Түүний ажил, уран бүтээл яах болж байна вэ. Хэдийгээр бид үүнийг хүлээн зөвшөөрсөн ч хүмүүс үүнийг хүлээн авахад бэлэн биш байгаа шүү дээ” гэж байсан”.
Рикигийн аав ч түүний ижил хүйстнээ сонирхогч гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Хэдийгээр гэр бүлийнхэн нь түүний эр хүнтэй дотно харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн ч дахин зүрхээ шархлуулахаас эмээсэн Рики бүсгүйчүүдтэй болзохоор эрс шийдсэн байна. “Магадгүй энэ болзоо гей биш гэдгээ мэдрэх боломж олгох ч юм билүү”. Түүний сүүлчийн горьдлого.
Шийдвэрийнхээ дагуу тэр хэд хэдэн бүсгүйтэй дотноссон байна. Бүр заримд нь дурласан ч удаатай гэнэ. Энэ тухайгаа тэр “Бүсгүйчүүдийг мэдрэх сайхан, бүр гайхалтай байсан. Тэдэнтэй байхад санаа зовох зүйлгүй, тухтай байдаг. Тэднийг энхрийлэхэд ч сайхан. Би бүсгүйчүүдтэй олон жил холбогдсон. Заримтай нь одоо ч найз нөхдийн харилцаатай байгаа” гэж ярилаа.
Гэхдээ энэ нь нөгөө л дүр эсгэж, баг зүүх Рикигийн бүтээсэн хуурамч ертөнц байв. Тэр энэ сонирхлоо камерын өмнө, тайзнаа гээд л зугаа цэнгэл хөөсөн залуугийн дүр бүтээхдээ сурмаг ашиглаж, бие сэтгэлээрээ дуундаа уусаж, заримдаа бүр өөрөө ч итгэх дөхдөг байж.
Хэдийгээр тэр эрчүүдтэй ч дотносож, бүсгүйчүүдтэй амрагласан ч өөрийгөө гей хэмээн тодорхойллоо. Ярилцлагын үеэр “Би бисексуал биш, гей залуу” хэмээн онцолсон юм.
2000 оны гуравдугаар сарын 26-нд түүний Барбара Уолтерстэй хийсэн ярилцлага цацагдаж байж. Энэ ярилцлагын үеэр Барбара “Та ганцхан өгүүлбэрээр энэ бүх цуу яриаг зогсоочихож болно шүү дээ. Бусдын адил “Тийм ээ, би ижил хүйстнээ сонирхогч” эсвэл “Үгүй ээ, би гей биш” гэчихвэл болох юм шиг санагдах юм” гэж шууд л тулган асуусан. Хариуд нь Рики “Би хэлж үнэхээр мэдэхгүй байна” хэмээн амыг таглаж байв.
Барбаратай хийсэн ярилцлагынхаа тухай ч тэр энэ удаад дурсан ярьсан юм. “Би ийм асуулт асууна гэдгийг нь таамаглаж байсан. Гэхдээ л түүний ямар ч гарах гарцгүй болтол минь асуусан нь намагй балмагдуулж орхиж билээ. Би түүнээс одоо ч уучлал гуймаар санагддаг. Барбара их сайн сэтгүүлч. Ажлаа ч сайн мэддэг. Тэр үед өөрийнхөө хэн бэ гэдгийг хэлчихмээр санагдаж байсан. Гэхдээ үнэндээ өөрөө ч яг нарийн мэдэхгүй байсан болохоор хэлэх үг олдоогүй юм” гэв.

-Та “Me” гэх дурсамж номоороо бэлгийн чиг хандлагатай тань холбоотой бүхий л асуудалд хариу өгч байгаа хэрэг үү?
-Би гей гэдгээсээ болоод их гутамшигтай байдалд орж байсан. Хүмүүс намайг элэглэн шоолж, хариуд нь би “Би үүнийг хүсээгүй юм. Би одоо ч өөрийгөө үгүйсгэсээр яваа. Та түүнийг минь мэдэх юм уу? Би бүр өөрийгөө үзэн яддаг” гээд хашгирчихмаар санагддаг байж билээ. Гей хүн бүр олон нийтийн өмнө гараад энэ үгийг чангаас чанга хэлмээр санагддаг байх. Ийм учраас л бид тэмцэх биш, тэдэнд ойлгуулах хэрэгтэй гэдгийг зовлон нэгтнүүддээ хэлэх гэсэн юм.

Эцэст нь тэр хүмүүсийн анхаарлын төвөөс жаахан ч атугай холдох ёстой гэж бодож, уран бүтээлээ орхисон байна. Ингээд л өөрийн хүмүүнлэгийн сангаа Энэтхэгт байгуулж, хүний наймаа, бага насны хүүхдийн бэлгийн дарамтын эсрэг үйл ажиллагаа явуулах болжээ. 2004 онд Тайландад болсон цунамигийн дараа ч тэр өөрийн багийнхны хамт аврах ажиллагаанд сайн дураар оролцсон байна. Тэнд байхдаа тэр амьдралыг нь үндсээр нь өөрчилсөн жаалтай таарчээ. Хожим нь Бэби Уэйв хэмээн нэрлэсэн жаал бол Пукетийн орон нутгийн эмнэлгийн хамгийн сүүлийн өвчтөн байсан юм. Түүнийг цэцэрлэгт хүрээлэнд ноосон бүтээлгээр өлгийдөн, завсар нь “Эцэг эх нь цунамид өртөж өөд болсон энэ бяцхан хүүг өргөн авна уу. Харамсалтай нь түүнийг асарч, хамгаалах боломж надад алга. Хэрэв танд ч түүнийг өсгөх бололцоо байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хүргэн өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн бичиг хавчуулсан байсан гэнэ. Рики бяцхан Бэби Уэйвтэй хэрхэн танилцсанаа ч дурдатгал номондоо өгүүлжээ. Тэрбээр “Би түүнийг хараад хамгийн анх төрсөн сэтгэгдэл бол өргөн авахсан гэсэн хүсэл. Энэ үеэс л аав болох цаг болжээ гэсэн бодол толгой ээрэх болсон. Гэхдээ би гэнэтхэн ухаарсан юм биш. Аав бид хоёр их дотно харилцаатай байсан тул хүүхэдтэй болохыг олон жилийн өмнөөс хүсдэг байсан ч боломж нь бүрдэхгүй л байв” хэмээн бичсэн байна.
Рики тээгч эх хөлслөн авахаар шийджээ. Өөрийн эр бэлгийн эсээ үл таних донорын өндгөн эсэнд суулгаж, үр хөврөлийг тээгч эхэд суулгуулах санаа төрж. Тиймээс донор бүсгүй өнөө хэр Рики Мартины ихрүүдийн ээж болсон гэдгээ мэдэхгүй яваа гэнэ. Харин тэр “Яагаад хүүхэд үрчлэн аваагүй юм бэ” гэсэн асуултад “Хүүхэд үрчлэн авах эрх хэдийгээр бий ч тээгч эх хөлслөх нь түүнээс төдийлэн ялгаагүй шүү дээ. Хүүхдүүд ч хүнд өргүүлснээс тээгч эхийн хэвлийд бойжихыг илүүд үзэх байх. Би тэгж бодож л ийм шийдвэр гаргасан” хэмээн хариуллаа.
2008 оны наймдугаар сарын 6-нд Рики Мартины ихрүүд мэндэлжээ. Тэр хүүхдүүддээ Валентино, Маттео гэдэг нэр хайрласан байна. Хөвгүүдийнхээ тухайд тэр “Валентино их сүрлэг, язгууртан гэмээр хүү. Өөрийгөө хүндэтгүүлж, бүхний түрүүнд явах дуртай. Харин Маттео их нээлттэй. Тэр дүүгээ асарч, аливаа зүйл их санаачилгатай ханддаг. Сониуч бас их номонд дуртай” хэмээн ярилаа.
Ихрүүдийгээ эмнэлгээс гармагц тэр асарч, сувиллах бүх ажлыг өөрөө хийсэн гэнэ. Зургаан долоо хоногийн турш хөвгүүдээ ганцаар асарснаа тэр “Би тэднийгээ 15, 16 хүртэл нь гардаж өсгөмөөр байна. Тэд том болсон хойноо “Аав аа, та үргэлж бидэнтэй хамт байсан” гэж хэлээсэй гэж хүссэн юм” хэмээн тайлбарлалаа.
Тэр хоёр хоногоос илүү хугацаагаар хөвгүүдээсээ холдож үзээгүй тул аялан тоглолтын үеэр ч авч явах бодолтой байгаа гэсэн. Мөн тэр “Бид гурав бие биенээ маш их хайрладаг. Тэр л хамгийн чухал гэж боддогддог юм. Би хөвгүүдийнхээ хувьд аав гэсэн үүргээ л хариуцлагатайгаар биелүүлмээр байна” гэж нэмж өгүүлэв.
-Ихрүүд өсөж торниод ээжийнхээ тухай асуух байх даа.
-Би тэдэндээ “Юу гээч. Би бурхнаас гуйж, түүний туслалцаатай ийм сайхан хөвгүүдтэй болсон. Миний бодлоор гэр бүлийн хамгийн гол тулгуур бол хайр. Би та нартаа хайртай. Та нар минь ч намайг хайрладаг байх. Энэ бол хамгийн чухал зүйл. Гэр бүл болгон адилгүй шүү дээ” гэж хэлнэ.
-Та хэн нэгэнтэй болзож байгаа юу?
-Би хайраа хэдийнэ олчихсон. Харилцаа маань гайхалтай сайхан байгаа шүү. Одоогийн байдалдаа би тун сэтгэл хангалуун байгаа. Миний хэлж чадах ганц зүйл бол тэр хүүхдүүдийг минь хайрлаж, хөвгүүд маань ч түүнд дасаж байгаа. Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй шүү дээ.

Saturday, November 13, 2010

Мэрилин ба түүний “мангасууд”



Үе үеийн сэтгүүлчид, хов живэнд дурлагчид домогт жүжигчин Мэрилин Монрог байж болох бүхий л сайхан үгээр магтаж, бас хамгийн муухай үгсээр булаад амжсан тул энд нурших нь илүүц биз. Гэхдээ л түүний адал явдлаар дүүрэн амьдралын нууц өнөө хэр дэлгэгдээгүй, үхлийн нь шалтгаан ч үнэн мөнөөр тогтоогдоогүй байгаа нь ар араасаа хөвөрсөн таамаг яриа, бараг зуун жил өнгөрсөн ч түүний тухай мэдээлэл олны анхаарал татсаар байгаагийн гол шалтгаан биз. Тиймдээ ч “Vanity Fair” сэтгүүл түүний өдрийн тэмдэглэл, өөрийнх нь зохиосон шүлэг, захидал бүхий дэвтрийг анх удаа олон нийтэд дэлгэж байна. Түүний секст хэт донтохоос эмээж, сэтгэл зүйн дарамт хэрхэн шаналгадаг байсан төдийгүй нөхөр Артур Миллерээсээ хэрхэн урвасан тухайгаа, удам дамжсан сэтгэл мэдрэлийн өвчин, шийдэмгий байдал амжилтынх түлхүүр байсан зэрэг олон арван нууцыг тус сэтгүүл дэлгэжээ.
Тэр үргэлж л хичээлээсээ хоцордог, бүр хаалга барихтай уралдан очдог оюутан байж. Тиймээс бусдын анхаарлыг ялангуяа самбарын өмнө лекц уншин зогсох багшийнхаа анхаарлыг татахгүйн тулд нүүрээ будалгүй, гэрэлтсэн шаргал үсээ ороолтоороо нуун гэтсээр хичээлийн танхимд ордог байсан аж. Тэгээд л “театрын дүүргийн” голын 46 дугаар гудамжинд байрлах Малин студийн хичээлийн танхимын хамгийн арын эгнээ рүү зүтгэнэ. Тэр асуугдахаар гараа өргөснийхөө дараа туниа муутай аядуухан хоолойгоор уншсанаа тайлагнадаг байжээ. Олны анхааралд өртөхгүй гэсэндээ тэр. Тиймээс л ангийнхан нь дэлхийн хамгийн алдартай жүжигчинтэй хамт нэг ангид суралцаж буйгаа мэдээгүй гэдэг.
Малин студийн байрнаас хэдхэн гудмын цаана Лоуй хотын төв театр байрлана. Харин тэнд огт өөр Мэрилин ажиллана. Билли Уайлдерийн “Долоон жилийн явдал” кинонд цагаахан даашинзаа дэрвүүлэн зогсох шаргал үст бүсгүйн дүрд тоглосон алдарт жүжигчин гэдгийг нь тэнд хүн бүр мэднэ.

Жүжиглэх ур чадварын хичээл түүний өнгөрсөн цаг хугацаагаар аялах боломж олгодог байж. Ганцаардал гэсэн сэдвийн дагуу уншлага хийх үед Мэрилин ангийнхныхаа өмнө зогсон олон жилийн өмнө гав ганцаар суухад төрсөн сэтгэгдэл, тэр үед өмсөж байсан хувцас, хаа нэгтээгээс ханхлах үнэр гээд л бүхнийг тайлагнана. Энэ байдалд нь бухимдсан багш нь “Ингэх хэрэггүй ээ. Бидэнд юу мэдэрч байгаагаа биш, юу сонсож байгаагаа л ярь” хэмээн уцаарлахад нь тэр тэсэлгүй уйлж орхидог байж. 29 настай бүсгүйн гаргах ааш араншин энэ мөн гэж үү?
Харин одоо түүний энэ хачирхалтай үйлдлийн тайлбарыг хийхээр ховор шүлэг, тэмдэглэл, захидлыг нь тээсэн өдрийн тэмдэглэл нь Мэрилиний хувийн амьдрал, сэтгэхүйн үнэн төрхийг илэрхийлэхээр хуудсаа дэлгэж байна.
Мэрилин өөрийн хувийн эд зүйлсийн олонхийг багш Ли Страсбергтээ үлдээсэн байдаг. Олон арван жил домогт жүжигчний нууцыг хадгалсан ноён Страсбергийг 1982 оны хоёрдугаар сард өөд болоход эхнэр Анна Мизрахь нь Мэрилиний эд зүйлсийг Кристигийн дуудлага худалдааны компаниар дамжуулан зарсан байна. Үүнээс хэдэн жилийн дараа тэр өвлөж авсан цуглуулган дундаасаа эл тэмдэглэлийн дэвтрийг олсон аж.

“Би сандал аван толь руу шидэж орхилоо. Тэгээд дуу чимээн хадаан хэдэн хэсэг бутарсан шилний үйрмэгийг гараараа далдалж, дараа нь дээр нь суучихсан юм”

1955 оны гуравдугаар сараас эхлэн Мэрилин Ли Страсбергээр хичээл заалгах болжээ. Угтаа тэднийг амраг Элиа Казан нь холбосон байна. Театр болон киноны найруулагч Казаныхаа тухайд тэр “Казан намайг хамгийн хөгжилтэй бүсгүй гэж хэлсэн. Тэр намайг хайрлаж, бас нэг шөнө балмагдаж, сандартал гэнэтхэн л дотно харилцаанд орох хүсэлтэй байгаагаа хэлж билээ. Бас Ли Страсбергээр жүжиглэх урлагийн тухай хичээл заалгахыг зөвлөсөн” хэмээн бичсэн байна.
Түүний тэмдэглэлийн завсар таван хуудас гаруй анхны нөхөр Жэймс Доуертигийн тухай тэмдэглэл байна. Ухаалаг энэ залууд тэр амьдралынхаа таван жилийг зориулсан тухайгаа бичжээ. Тэд 1942 оны зургадугаар сарын 19-нд буюу ердөө 16 настай байхдаа гэрлэсэн тухайгаа ч дурджээ.
Хаягдмал гэх ташаа ойлголт Мэрилиний сэтгэлийг эмзэглүүлж, олон шөнө нойроо хугаслахад хүргэдэг байж. Үнэндээ тэр хаягдсан бус ээж Глэдис Монро Бэйкер нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан тул дотнын найз Грейс Годдардынх нь гэрт өссөн аж. Улмаар асрах газарт очиж, хоёр ч жил тэнд амьдарсан нь хүмүүст буруу ойлголт төрүүлсэн байна.
Царайлаг, бүрэг охин дунд сургуулиа хаян өөртэй нь гэрлэх шийдвэр гаргасан нь Доуртид ихэд таалагдсан боловч салах шийдвэр нь түүний сэтгэлийг огт хөдөлгөөгүй гэнэ. Анхны гэрлэлтийнхээ тухайд 17 настай Норма Жин Мэрилин “Бид хамт хоносон өдрөөс эхлээд л харилцаа маань найдваргүй, эргэлзээтэй гэдгийг би ойлгосон” хэмээн бичсэн байна.
Сэтгэл догдлог яаран гэрлэсэн тухайгаа тэр эргэн дурсаж, дүгнэхдээ
Эр нөхөртөө үл тоогдон зогсохдоо би уурладаггүй байв. Гэхдээ гомдол цөхрөл хуримтлагдсаар нэг л мэдэхэд энэ бол жинхэнэ хайр биш гэх бодолд хүргэсэн. Хайрын тухай миний анхны төсөөлөл доромжлол, ганцаардлаар дүүрэн байсан.

Түүний өдрийн тэмдэглэлүүдийн дунд нарийн арьсан хавтас бүхий “хар” дэвтэр харагдана. “Ганцаардал. Би үргэлж л ганцаараа байх юм. Амьдрал яаж ч өөрлөгдсөн тэр намайг сүүдэр шиг дагасаар…” хэмээн эхлэх эл дэвтрийг 1951 онд бичсэн байна.
Үүнээс хоёр жилийн өмнө тэр аргаа баран цөхөрч, нүцгэн зургаа том Келлигээр авахуулж байсан үе. “Fox”-той гэрээ байгуулаад удаагүй байтал Мэрилиний нүцгэн зургара чимсэн хуанли худалдаанд гарчээ. Тэр даруй л шүүмжлэлд өртөж, харин тэр “Би өлсөж байна шүү дээ” гэсмэн товчхон өгүүлбэрээр шүүмжлэгчдийн амыг таглаж, иргэд ч түүнийг “уучилж” байж.
Үүний араас түүний асрамжийн газар өссөн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан тул эдгээр жилийг түүний амьдралын хүнд бэрх үе гэж болно.
Гэхдээ энэ үе тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1954 оны зул сарын баярын үеэр тэр хэдийнэ “Ниагра”, “Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай” болон шуугиан тарьсан “Саятантай хэрхэн гэрлэх вэ” кинонд тоглосон байв. Ингээд л түүний нэр хүнд гэрлийн хурдаар өсөх нь тэр. “Fox” кино компани түүнд хамгийн том хувцасны өрөө гарган өгч, харин Мэрилин Жое Димаггиотой дараа оных нь нэгдүгээр сард гэрлэв. Тэдний гэрлэлт ч удаан үргэлжилсэнгүй. Ердөө л есөн сарын дараа салах өргөдөлд гарын үсэг зурсан байдаг.
Харин энэ үеэс Страсберг түүнийг сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх болсон гэдэг. Маргарет эмч долоо хоногт таван удаа Мэрилиний байрладаг “Гладстоун” зочид буудалд ирж, түүнтэй ярилцдаг болов.
Түүний хамгийн их айдаг зүйлсийн нэг нь Артурын тухай үнэнийг ярих. Үнэндээ тэр Артур Миллертэй Холливудад хөл тавиад удаагүй байхдаа Казанаар дамжуулан танилцсан байна. Хожим нь продюсер Чарльз Фелдмэний гэрт уулзсан гэдэг. Харин энэ үед Артур эхнэр Мэригээс салаагүй байж. Мэрилиний харилцаа холбоогоо илчлэхээс айсны учир үүнд л байв. Гэхдээ л тэр санасандаа хүрч 1956 оны зургадугаар сарын 29-нд Артур Миллертэй еврей уламжлалын дагуу гэрлэсэн байна. Энэ үеэр багш Ли Страсберг нь түүний эцгийг орлон, сүмд хөтлөн оржээ.
Тэр нөхрийгөө даган Нью-Йоркийг зорихоос ч татгалзсангүй. Энэ тухайгаа итали маягийн ногоон дэвтэртээ
Би Артурын хайр халамжинд амьдрахыг илүүд үзэж байна. Би түүнд хайртай. Тэр бол миний мэдэх хүмүүсээс хайрлаж болох цорын ганц итгэлийг минь хүлээсэн эр хүн.
хэмээн бичсэн байна.
Тэр бүр Миллерийг яг л жаахан хөвгүүн шиг санаж, хайрладаг тухайгаа өгүүлсэн шүлэг хүртэл зохиогоод амжиж.
Гэхдээ тэдний амьдрал бүхэлдээ сайхан байсангүй. Англи руу дөрвөн сар аялсны дараа Миллерийн ааш зан огцом өөрлөгдөх нь тэр. Хамгийн их итгэж, найдаж байсан нөхөр нь гэнэтхэн л Мэрлинийг үл ойшоох болж, бүр найзуудынхаа дэргэд доромжлохыг ч юман чинээ тоохоо болив.
Сая л жинхэнэ хайр дурлал бий гэдэгт итгэж ядан байсан Мэрилин уй гашууд автав. Удалгүй Миллер өөр бүсгүйтэй амраглах болж, харин Мэрилин дахиад л сэтгэл зүйчид хандав.
Страсбергээр дамжуулан таницлсан Мариан Крисээр тэр 1961 он хүртэл үйлчлүүлсэн байдаг. Дагавар охин Жэйнийхээ төрсөн өдрийн дараахан тэр ээжийгээ дурсан ийн бичсэн байна.

Есдүгээр сарын 9. Крист зориулав. —Цаг хугацаа хэрхэн өнгөрснийг дурсахуй— Ээж минь намайг хэтэрхий бүрэн охин хэмээн үздэг байсан тул гадуур зугаалахыг байнга санал болгодог байлаа. Тэр бүр надад харгис хэрцгий эмэгтэй хүн ямар байдгийг ч үзүүлэхийг хүсдэг байв. Миний өсвөр нас ингэж л өнгөрсөн. Цаг хугацааг ухрааж болдогсон бол би түүнд ямар үнэнч байснаа харуулахсан.

Үнэн төрхөө нуусан аймшигтай мангастай амьдралаа холбосондоо харамсах хэдий ч Мэрилин удаан хугацааны турш тэвчсээр, бас нуусаар л байж. Эцэст нь 1960 оны арваннэгдүгээр сард тэдний тусдаа амьдарч байгаа тухай мэдээлэл хэвлэлд нийтлэгджээ.
Үүнээс гурван сарын дараа Мэрилин Нью-Йоркт ирсэн бөгөөд Уэйл Корнелийн эмчилгээний төвд хэвтэх хүртлээ ядарсан байсан гэнэ.
Эмчилгээний төвд сэтгэл зүйчид дасгал хийлгэн, өнгөрснийг нь яриулж, улмаар утсаар ярихыг нь хориглох болсон нь түүнийг бүр ч галзууруулах дөхөв. Шоронд байгаа мэт сэтгэгдэл төрж Мэрилин төд удалгүй Гринсон эмчид хандан захидал бичжээ.

“Би сандал аван толь руу шидэж орхилоо. Тэгээд дуу чимээн хадаан хэдэн хэсэг бутарсан шилний үйрмэгийг гараараа далдалж, дараа нь дээр нь суучихсан юм. Тэгээд тэдний ирэхийг хүлээлээ. Төлөвлөж байсны минь дагуу тэд ч удалгүй ирсэн. Харин би тэдэнд “Хэрэв та нар намайг самар шиг л бяцлахыг хүсэж байгаа бол би самарны дүрд тоглож чадна” гэж хэллээ”

Хожим нь тэр өөрийгөө гэмтээсэн тухайгаа Гринсон эмчид “Тантай уулзсанаас хойш би нэг зүйлийг ой тойндоо шингэтэл ойлгосон. Би бол жүжигчин хүн. Тиймээс өөрийгөө гэмтээж болохгүй. Тиймээс тэр бол эрх чөлөөг хүссэн жирийн л бүтэлгүй оролдлого байсан гэж хэлж болно. Эм уун амиа хорлох гэж байсан минь ч жүжиг. Би яг хэдэн эм уухаа нарийн тоолсон байсан” гэжээ.
Эцсийн эцэст түүнийг шорон шиг энэ ертөнцөөс Крис эмч, Ли Страсберг нарын хэн нь ч гаргаж чадаагүй. Харин нөхөр Жое Димаггио нь гаргасан байна.
1961 онд Мэрилин Жон Кэннедитэй жүжигчин Петер Лауфордын Санта Моника дахь гэрт учирчээ. Дараа жилийнх нь хоёрдугаар сард Мэрилин анх удаа өөртөө зориулсан байшин худалдан авав.
Брэнтвуд дэх хараа будаам байшиндаа амьдарч байхдаа тэр сүүлийн кино болох найруулагч Жорж Цукорын “Something’s Got to Give” бүтээлд тогложээ. Гэхдээ тэр киногоо дуусмгаж амжаагүй. Ажлын цаг барьдаггүй архаг хууч нь найруулагчийг гэрээгээ цуцлахад хүргэсэн байдаг.
Киногоо дуусгаж амжаагүй ч алдарт жүжигчний усан санд нүцгэн байгаа төрхийг гаргадаг гэдгээрээ уг кино багагүй нэр хүнд олсон.
Үүнээс дөрвөн сарын дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд тэр Брэнтвуд дэх гэртээ өөд болов.

Э.Баатаржав: Цоор бол хүн төрөлхтний ууган хөгжим

О.УНДАРМАА

Тэр нүдээ анин, Алтайн өндөр уулсын хавцлаар улин шуугих салхины исгэрээ, усны харгиа мэт дугарах цоор хөгжмөө аялгуулан дарна. Урианхайн туульч, хөөмийч, цоорч Э.Баатаржавынд зочлохдоо өнөөх ЮНЕСКО-гоос дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад хүндэтгэлтэйгээр багтаасан цоор хөгжимтэй ийн танилцлаа.
Хамаг анхаарлаа хөгжим, дарж буй аялгуундаа хандуулах тэрбээр “Их Хөгсүү” наадмын үеэр зохиогдсон ардын авьяастнуудын нэгдсэн тоглолтын салхийг хагалах үзүүлбэрээ бэлдэж байгаа нь энэ. Замын түгжрэл, хотын гудмаар хором мөч бүртэй уралдан шогших иргэдийн алхаа гээд л яарч адгасан их хотын амьдралаас түр ч атугай ангижрах боломжийг олгож, өндөр уулсын цаанаас наран мандаж, өглөөний жаврыг үргээн хөхөө донгодох мэт байгалийн сайханд аялуулах цоор хөгжмийн тухай түүнтэй хөөрөлдлөө.

-Цоор гэхээр хүмүүс ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан гэдгээс өөр зүйлийг төдийлэн мэдэхгүй. Та цоор хөгжмийн тухай товч танилцуулаач.
-Монголын язгуур хөгжмийн төрлүүдээс хамгийн эртний түүхтэй хөгжмийн зэмсэг бол цоор юм. Одоогоор түүхийн сурвалж бичгээс харахад Хүннүгийн үед уг хөгжмийг ашиглаж байсан гэх баримт бий. Тиймээс багаар бодоход 2000 жилийн настай хөгжим байгаа юм. Гэхдээ эртний индианчууд ч эл хөгжмийг хэрэглэдэг байсан гэх ул мөр олдсон байдаг юм билээ. Америкийн эрдэмтэд индианчуудыг 25 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж таамагладаг. Тэгэхээр их зузаан намтартай хөгжим болж таарч байгаа биз.
-Тэгэхээр хамгийн эртний үлээвэр хөгжим гэж ойлгож болох уу?
-Үлээвэр хөгжим гээд гадаадын лимбэ, бишгүүр гэх мэт сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй зүйрлэж болохгүй. Тэдний үүсэл гарал нь саяхных шүү дээ. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт эдгээр хөгжмөөр тоглож байна. Харин цоор бол хэдэн мянган жилийн түүхтэй атал өнөө хэр өнгө төрхөө хувилгалгүй, эртний хэв маяг, шинж чанараа хадгалсаар ирсэн хөгжмийн зэмсэг.
Тиймээс цоор бол Монголын төдийгүй хүн төрөлхтний ууган хөгжим гэж хэлж болно.
-Тиймээс л дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан байх нь ээ?
-Тийм ээ. Цоорын талаарх баримт эртний хятадын сурвалж бичигт ч, Оросын Тувагийн түүхэн баримтад ч бичээстэй бий. Тиймээс л цоорыг дэлхийн соёлын өвд багтаах саналыг тэр даруй зөвшөөрсөн хэрэг.
-Зарим хүн цуур, зарим нь цоор гэх юм. Ер нь эл хөгжмийн зэмсгийн нэр ямар учиртай юм бэ?
-Балчиргана буюу цооргон гэх ургамлаар хийдэг учир цооргэж нэрлэсэн байдаг. Үүнийг нутгийн аялгаас хамааран зарим газар цоор, зарим нутагт цуур гэдэг. Цоор нь дотроо гуурсан, модон, тасын шөрмөсөн гээд хийцээсээ шалтгаалан олон янз. Модон цоорыг дотор нь өвсөн, модлог, зөөгөн гэж ялгадаг.
-Туг, икэл гэх товшуур хөгжимтэй адил цоор ч бас байдаг гэх юм билээ.
-Үгүй дээ. Тэр бол хүний юмыг өөртөө нааж авах гэсэн зарим хүмүүсийн увайгүй үйлдлийн үр дүн. Шинжаны орчим ургадаг хөндий модлог ургамлыг тайрч нүхлэн өвсөн цоор хийдэг юм. Тиймээс Хятадын харьяат болсон өвөрмонголчуудад ч цоор хөгжмийн уламжлал бий гэсэн үг. Харин үүнийг нь далимдуулан хятад эрдэмтэд үүнийг далимдуулан цоорыг өөрсдийн язгуур урлаг мэт ойлголт төрүүлэх гэсэндээ ийн бичиж, ном товхимол болгон гаргасан байдаг юм билээ. Бүр өвөрмонголын зарим нутагт хуур татахыг цоор тоглох гэж нэрлэх нь ч бий.

“Манайхан уртын дууг дэлхийн соёлын өвөөр бүртгэхэд улс даяараа баяр тэмдэглэх шахуу хөөрч, баярлаж байсан. Харин тууль, бий биелгээ, цоорыг тэгсгээд л мэдээллээд өнгөрлөө. Энэ талаарх мэдээлэл ч сонины арын нүүрэнд жаахан мэдээний дайтай л гарах юм. Угтаа энэ цоор чинь дэлхийн ууган хөгжим юм шүү дээ” хэмээн халаглан суух тэрбээр дэлхийн олон оронд язгуур урлагаа сурталчлан яваа нэгэн.

-ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтаахаас гадна хамгаалж, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ авахад тусалдаг уу?
-Энэ талаарх төсөл хэрэгжүүлсэн. Гэхдээ нэр төдий л үйл ажиллагаа болоод өнгөрсөн дөө.
-Манайхан цоорыг хадгалж, хойч үедээ өвлүүлэх ажилд хэр анхаарал хандуулж байна вэ?
-Юу ч хийхгүй гар хумхин сууцгаах юм. Амьтны авиа байгалийн дуу чимээг дуурайлган гаргах ийм энгийн бүтэцтэй хөгжим дэлхий дахинд тун цөөн. Тиймээс энэ байгальд ойр чанар нь хөгжингүй орны иргэдийн анхаарлыг их татдаг. Эртний уламжлал, их түүхийг өөртөө хадгалан үлдсэн хөгжмөө устгачихалгүй хойч үедээ өвлүүлэхсэн гэсэн бодол тээж, үүний төлөө ажиллаж байгаа хүмүүс цөөн юм.
Би ч бас энэ хөгжим, урлагийнхаа төлөө өөрийгөө бүрэн зориулж чадахгүй л байна. Ахуй амьдралаа авч явах гээд л ажил ар араасаа л ундрах юм. Энэ зах зээлийн нийгэм биднийг ийм болгочихлоо л доо. Тиймгүйсэн бол би хөдөө нутагт тууль хайлан, цоороо үлээн, айл саахалтын хүүхдүүдэд зааж өгсөн шиг сууж байхсан.
-Цоор тоглодог хүн манайд олон бий юү?
-Хоёр гурван жилийн өмнө гуравхан хүн байсан. Одооноос л дэлгэрч, цөөнгүй цоорчтой болж эхэлж байна.
-Та хэдийнээс энэ хөгжимтэй нөхөрлөсөн юм бэ?
-Би таван настайгаасаа эхэлж тухайн үеийн нэрт туульч С.Чойсүрэн, аав туульч Ж.Эрдэнэцогт нараар “Алтайн магтаал” заалгасан. Тууль хайлах урлаг гэдэг олон өдөр, шөнө үргэлжлэх их туулийн шүлэг, дууллыг цээжлэн тогтоох, туулийн аялгууг цогцлуулагч цоор, товшуур, хэл хуур зэрэг хөгжмийг бүрэн эзэмшиж, хөөмийг сайн сурахыг шаарддаг цогц урлаг. Тиймээс би найман настайгаас цоор хөгжим тоглох болсон. Тэгэхээр гуч гаруй жил энэ хөгжимтэй нөхөрлөсөн байна.
-Цоор сурах хэцүү юү. Хөгжмийн зэмсгүүдээс үлээвэр хөгжмийн төрлийг хамгийн хүнд гэдэг шүү дээ. Тиймээс ч энэ төрлийн хөгжимчид эрт тэтгэвэрт гардаг.
-Цоор тоглох амаргүй. Лимбийг сурахын тулд таван минут сургуулилахад эхний авиаг дугаргадаг. Хажуунаас л үлээдэг тул исгэрэх авиа дорхноо гардаг хэрэг. Харин цоорыг дээрээс нь доош шулуун үлээдэг тул авиа гаргаж сурахад л хэдэн өдөр шаардагдана. Түүнийхээ дараа тэр авиагаа аялгуу болгоно гэхээр ямар их хөдөлмөр, тэвчээр, авьяас шаарддаг нь илэрхий байгаа биз.
Лимбэ, бүрээ, бишгүүр гээд л үлээвэр хөгжмийг тоглоход хүнд хэцүү гэдэг. Тэднийг зүгээр л үлээж тоглодог бол цоорыг тоглоход хагас хөөмийн арга техник хэрэглэгддэг тул тэднээс ч хэцүү. Өвөрмонголчууд хөөмийг хоолойн цоор гэж нэрлэх нь ч бий. Хүний өгүүлэхүйн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хөгжмийн зэмсэгтэй хавсран аялгуу тоглодог нь цоорын гол онцлог.
-Морин хуур анхны төрх байдлаа өөрчлөн хийл, морин хийл гэх мэт сонгодог хөгжмийн зэмсэгтэй төстэй болж эхэлсэн. Харин цоор ингэж өөрчлөгдсөн үү?
-Монголчууд өөрсдийн нүүдлийн ахуй амьдралд зохицуулан бага зэрэг хувиргаж, бүтэц хэлбэрийн хувьд энгийн, гарын доорх материалаар хийж болохуйц болгосон нь бүх нийтээр хэрэглэж, үе дамжуулан өнөө цагт авч ирэх гол түлхүүр нь болсон хэмээн хөгжим судлаачид үздэг. Өдгөө миний энэ тоглож байгаа цоор яг л тэр хэлбэрээ хадгалсан хөгжим. Гурван нүхтэй учир гаргах авиа, өнгөний хувьд цөөн. Харин үүнийг нь тувачууд өөрчлөн дөрөв нүхэлсэн байдаг. Гэхдээ энгийн, байгальд ойр чанараараа л дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гэдгийг бид бодолцох хэрэгтэй.

Тэр ийн “ууган хөгжмийн зэмсгээ” танилцуулаад бэлтгэлдээ шамдлаа. Тоглолт эхлэхэд хоёрхон цаг дутуу байгаа учир түүнийг өөр асуултаар саатуулж зүрхэлсэнгүй. Харин Алтайн уулсын чөлөөнд амсхийн суух боломж олгох цоорын аялгууг сонсож хэсэг саатлаа. Хөнгөн хэмнэлтэй хөгжмөө хэдхэн хором тоглосныхоо дараа тэр холын зайд гүйсэн тамирчин шиг л амьсгаадсан харагдана. Үлээвэр хөгжим тэр дундаа хөгжимчнөөс хамгийн их хүч хөдөлмөр, тэвчээр шаарддаг цоор хөгжим тоглосны дараа хэсэгтээ л үг дугарах аргагүй болчихдог аж.

Monday, November 8, 2010

Баяртай “Murcielago”



Хурд, хүчийг эрхэмлэгч залуус төдийгүй шоу бизнесийн ертөнцийн алдартнуудын сонирхлыг татдаг алдарт “Lamborghini” сүүлийн “Murcielago” загвараа үйлдвэрлэлээ. Музейн шилэн хоргонд тавих бэлгэдлийн чанартай эл бүтээгдэхүүнээ тус үйлдвэр эрсдэлд дуртай хэрэглэгчдэд зориулсан тухайгаа мэдээлжээ. Италийн Сант Агата хотод байрлах үйлдвэрт хийсэн уг машин V12 хөдөлгүүртэй, “LP 670-4 SuperVeloce” нэртэй гэнэ.
Түүнчлэн цайвар улбар өнгөтэй уг Lamborghini-той яг ижил машиныг цөөн тоогоор үйлдвэрлэж, 4099 дугаартайгаар Шведийн хэрэглэгчдэд худалдахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Lamborghini шаантаг хэлбэрийн өвөрмөц загвар, хурц содон өнгөөрөө ижил төрлийн спорт загварын машинуудаас ялгарч, автомашины ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзлээд байсан бөгөөд хоёр ч удаа шинэчлэгдсэн байдаг.
“Murcielago”-гий анхны хувилбар 6.2 литрийн багтаамжтай, 580 морины хүчтэй хөдөлгүүртэй үйлдвэрлэгдэж байсан бөгөөд 90 хэм хазайж онгойдог хаалга нь машин сонирхогчдын анхаарлыг багагүй татсан гэдэг.
Загвар зохион бүтээгч Лук Донкеруолкийн санаачилгаар 2005 онд загварын хувьд шинэчлэгд Murcielagoэн хоёр дахь үеийн Murcielago-гийн хүч 640 мориныхтой тэнцүү болж, хөдөлгүүр нь 6.5 литрийн багтаамжтай V12 болон сайжирсан байдаг.
Харин 2009 онд дахин сайжруулахдаа үйлдвэрлэгчид нь “хурдан шар”-ын жинг 100 орчим кг-аар хөнгөн болгож, хүчийг 670 мориныхтой тэнцүүлэн, ердөө 3.2 хоромд 100 км/цаг хурдлах чадвартай болгосноор барахгүй дээд хурдыг нь 340 км/цаг болгожээ.
Хэдийгээр хэрэглэгчид “Murcielago”-д баяртай гэж хэлэхээс аргагүй болсон ч үйлдвэрлэгчид нь түүнээс илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ амлаад байна.

“Арын гудамжны хөвгүүд” ахин нэгдлээ


“Арын гудамжны хөвгүүд” ахин тайзнаа гарчээ. Өнгөрөгч онд нэгдэж аялан тоглолт эхлүүлээд амжсан тус хамтлагийнхан энэ удаад бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 2006 онд хамтлагаа орхисон Кевин Ричардсоны хамт Опрагийн шоу нэвтрүүлгийн тайзнаа гарч, дуулсан байна. 1990-ээд онд залуусыг байлдан дагуулж уянгын дуунуудаараа охидын зүрхийг шархлуулж байсан хөвгүүд өдгөө амьдрал нь төлөвшиж, буурь суусан залуус болж. Тэд дэлхийн шоу бизнесийн ертөнцөд цахиур хагалж байсан үеэ дурсаж, Опрагийн нэвтрүүлэгт товчхон ярилцлага өгсөнийг “Өнөөдөр” орчуулан хүргэж байна.
-Ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаагаа сонирхуулаач. Хови Дороу: Өнгөрөгч онд эхлүүлсэн аялан тоглолт маань ирэх оны эхээр Өмнөд Африкт тоглосноор дуусах юм. Одоогоор төлөвлөгөөнийхөө 75 хувийг биелүүлчихээд байна. Мөн энэ хугацаанд “This is us” нэртэй цомог бичүүлсэн. Гэхдээ цомгийн ажил, аялан тоглолтын алинд нь ч Кевин оролцож чадаагүй тул ирэх оны дундуур “New Kids on the Block” хамтлагтай хамтран Америк, Европын холбооны улсуудаар аялан тоглохоор ярилцаж байгаа.
Кевин Ричардсон: Өнгөрсөн хугацаанд би их олон үр тарьсан. 2006 онд хамтлагаа орхисноос хойш Мэйсон нэртэй хөөрхөн хүүтэй болж, жүжигчний мэргэжил эзэмшихээр сургуульд сурлаа. Харин одоо эдгээр үрээ хэрхэн боловсорч жимс болохыг нь харах л үлдлээ. Ирэх онд миний тоглосон хоёр ч кино дэлгэцнээ гарах болов уу. Тэндээс та бүхэн ч бас намайг хэр сайн үр тарьсныг харж, дүгнэж болох шүү дээ.
-Хамгийн анх тайзнаа гарсан үеэ одоо санадаг уу? Эй.Жи МакЛин: Бид хамгийн анх 1993 онд “Sea World” арга хэмжээний үеэр тайзнаа гарч байлаа. Тэгэхэд их хөгжилтэй байсан шүү. Бид мотоцикльчнийх шиг хүрмээр ижилссэн байсан. Тэр үед хамгийн өндөр нь Ник байсан юм. Дуугаа ч бичүүлж амжаагүй хэрнээ тайзнаа гарч байснаа бодохоор их хөгжилтэй, бас дурсамжтай санагддаг.
Брайн Литтрел: Гайхалтай сайхан дурсамж.
Эй.Жи МакЛин: Тэр явдлаас хойш бараг л 18 жил өнгөрсөн байна.
-Анхны тоглолтоо дүгнэж, алдаагаа оноогоо шүүж л байсан биз. Тэр алдаандпаа тулгуурлан тайзнаа анх гарах гэж буй залуу уран бүтээлчдэд юу гэж зөвлөмөөр санагддаг вэ?
Эй.Жи МакЛин: Флоридад савхин хүрэмтэй тайзнаа битгий гараарай. (инээв) Гэхдээ наргиа болголгүй чин сэтгэлээсээ зөвлөхөд мотоцикльчний хүрэм тайзтай огт зохицдоггүй юм шүү гэж зөвлөмөөр байна.
Ник Картер: Бид алдсан ч бай, оносон ч бай энэ хүртэл явсандаа их баяртай байдаг. Бидэнд боломж олгосон ч өнгөрсөн болсон алдаагаа засахгүй, тэр чигт нь үлдээхийг илүүд үзэх байсан болов уу.
-Аялан тоглолтын үеэр тавуулаа нэг автобусанд явдаг уу?
Ник Картер: Тийм ээ. Гэхдээ зарим үед тус тусын автобусаар явах тохиолдол ч гардаг. Сүүлийн аялан тоглолтын үеэр Хови Эй Жи бид гурав нэг автобусаар, харин Брайныг гэр бүлийнхэн нь дагаж явсан тул тусдаа автобус хөлөглөсөн.
-Автобусаар аялахдаа гэртээ байгаа юм шиг тав тухтай явж чаддаг уу?
Брайн Литтрел: Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг өнгөрөх юм. Хүү маань энэ сард найман нас хүрнэ. Шоу бизнесийн ертөнцийнхөн аялан тоглолт, клип киноны зураг авахуулах гээд л ажлын шаардлагаар их аялдаг. Тиймээс хүүгийнхээ өсөж торнихыг харж, хамт байхын тулд би ихэвчлэн гэр бүлийнхнээ дагуулж явдаг юм. Зөвхөн би ч биш бидний хэн хэн нь гэр бүлээ дагуулж аялахыг илүүд үздэг. Хови маань гэхэд л саяхан гэрлэж, жил гаруйн өмнө Жэймс гэдэг хүүтэй болсон. Тиймээс бид очсон газраа л гэрээ гэж үздэг. Эхнэртээ ч “Бид хамтдаа байгаа газраа л гэрээ гэж үзэх хэрэгтэй” гэж захидаг юм.
-Хэрэв “Backstreet boys”-ын залуус гарын хуруунд багтахаар цөөн үзэгчтэй, хувийн тоглолт хийвэл үзэгчдийнх нь дунд хэн хэн байх бол?
Ник Картер: Би Кевиний хэрхэн хариулахыг л сонсмоор байна.
Брайн Литтрел: Би Ник, Хови, Эй Жи, Кевин нартаа зориулж тоглолт хийх болно.
Ник Картер: Харин би зөвхөн Опраг л үзэгчдийн суудалд суулгана.
Кевин Ричардсон: Би аав, ээж, эмээдээ зориулж тоглохыг хүсэж байна. Аав минь миний тоглолтыг огт үзэж байгаагүй шүү дээ. Тиймээс тун гайхалтай тоглолт болох болов уу.
Хови Дороу: Ромын пап. Бидэнд түүнтэй уулзах завшаан тохиож байсан ч өглөө эрт уулзсан тул тоглолтоо сонирхуулах боломж олдоогүй. Тиймээс түүнд л тоглолтоо сонирхуулахыг хүсэж байна.

Жэйн Фонда: Би кино урлагт эргэн ирлээ


1982 он. Америкийн муж бүрийн бүсгүйчүүд зурагтын өмнө хөлөө жийн хэвтэж, 45 настай Жэйн Фондагийн дасгалыг хийж байсан үе. VCR болон VHS форматаар хийсэн түүний хөлний дасгал бүхий бичлэг бүсгүйчүүдийг байлдан дагуулж, “Оскар”-ын шагналт жүжигчин тэрбээр “Дасгалын хатан хаан” хэмээн өргөмжлүүлээд байсан үе. Хэдийгээр тэр цагаас хойш хэдэн арван өнгөрсөн ч Жэйн тэр цагийн сайхан төрхөө гээгээгүй л байна. Өдгөө 72 настай ч үзэсгэлэнтэй, гоолиг, эрч хүчээр дүүрэн төрхөө хадгалсаар буй хатагтай Фондаг Опра нэвтрүүлгийнхээ зочноор урьжээ.
-Та өөрийгөө сайхан харагдаж байгаа гэж боддог уу? -Тийм ээ. Өдөр ирэх тусам улам ч сайхан болж байгаа гэж бодогддог.
Хөдөө орон нутгийн бүсгүй ч бай, хөгжилтэй орны од ч бай хүүхнүүдийг айлгадаг ганцхан зүйл бол хөгшрөлт. Харин насны нар хэвийсэн хатагтай Фонда “Эмэгтэй хүн 50 нас хүрэхээрээ улам жаргалтай, амьдралын амтыг илүүтэй мэдэрдэг болж, элдэв түгшүүр сэтгэлийн дарамтаас ангижирдаг. Амьдрал улам амттай, амархан санагдах вий” гэв.
Арван жилийн өмнө Опрагийн нэвтрүүлэгт оролцож байхдаа тэр нөхөр Тед Тюрнерээс салаад удаагүй байсан бөгөөд хувцасны шүүгээ ч үгүй байшинд амьдарч байгаа тухайгаа “Насанд хүрснээс хойш хоёр дахь удаагаа амьдрал зохиож, бүхнийг шинээр эхэлж байна” гэж хэлж байсан. Харин энэ удаад тэр амьдралынхаа гурав дахь шатыг эхлүүлсэн тул ийн нэвтрүүлэгт оролцож байгаа юм. Тэр 15 жил завсарласны эцэст дэлгэцнээ дахин дүрээ гаргахаар кино урлагтаа эргэн ирж байгаагаа мөн өөрийн дурдатгалаа бичсэн тухайгаа ярихаар студид хүрэлцэн иржээ.
“Би дахиж дурлаж, кино урлагтаа дахин зүтгэхээр шийдсэн. Би Бродвэйд тоглох болно. Товчхондоо би эргэн ирлээ” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.
1960-аад оны эхээр тэрбээр загвар өмсөж, амьдралынхаа анхны алхмыг хийсэн байдаг. Тухайн үед Фонда нэрт жүжигчин Мэрилин Монрогийн хамт жүжигчний сургуульд суралцаж, удалгүй “Barbarella” кинонд дур булаам хатагтайн дүр бүтээсэн нь Холливудад хөл тавих виз олгосон гэдэг. Жэйн тэр даруйдаа “секс бэлгэ тэмдэг” хэмээгдэх болсон байна.
-“Секс бэлгэ тэмдэг” гэх гуншинтай болох нь танд чухал байсан уу?
-Үгүй дээ.
-Та 72 настай атал гайхалтай сайхан харагдаж байна. Өөрийгөө ийм болно гэж төсөөлж байв уу? -Үгүй. Хэзээ ч төсөөлж байгаагүй. Өөрийгөө дурлалдаа шатан, Лос-Анжелес руу эргэн ирж, энд ингээд сууж байх юм гэж төсөөлсөн ч үгүй. Гэхдээ амьдралд минь хэзээ ч төсөөлж байгаагүй олон зүйл тохиолдсон шүү.
Нөхөр Тед Тюрнертэйгээ учирсан нь түүний амьдралын хоёр дахь шат болсон гэдэг. Жэйн анхны нөхөр Том Хэйденээс салаад удаагүй байхад буюу 1990 онд тэд танилцсан байна. Хэдхэн сар болзсоны эцэст гэрлэсэн хосын хэн хэн нь салбартаа тэргүүлэгч, завгүй хүн байсан хэдий ч тэд ажил, амьдралаа эн тэнцүүхэн авч явсаар арван жилийг ардаа орхижээ. Харамсалтай нь ажлын шаардлагаар тус тусдаа байх болсон нь харилцааг нь хөндийрүүлж, улмаар салах шийдвэр гаргасан байна. Энэ тухайгаа Жэйн “Хэдийгээр бид мөр мөрөө хөөсөн ч амьдралынхаа 10 жилийг түүнтэй хамт өнгөрүүлсэндээ би огт харамсдаггүй. Бид одоо ч най нөхдийн харилцаатай байгаа” гэлээ.
Тэрбээр Тед Тюрнерээс салснаас хойш анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байгаа нь энэ бөгөөд амьдралд нь тохиосон хамгийн аймшигтай зүйл болон, амьдралыг нь өөрчилсөн амлалтын тухай сонирхуулж байна.

-Би үргэлж л “Би сонирхол татахаар хүн мөн үү. Би бусдад таалагддаг болов уу. Би хөөрхөн гэж үү?” гэсэн бодолд автдаг байлаа. Харин одоо бол “Би энд байх нь зөв үү. Би энэ хүмүүстэй хамт байхыг үнэхээр хүсэж байна уу” гэж боддог болсон. Энэ бол том өөрчлөлт шүү.
-Юу таныг ингэж өөрчилсөн юм бэ? -Ар араасаа ундарсан ажил бас ухаарал. Амьдралаас суралцаж байгаа минь.
-Та одоо ч суралцсаар л байна уу? -Алхам тутамдаа суралцаж байна. Хүн үхэх хүртлээ суралцах юм шиг санагддаг. Магадгүй сониуч зан минь үүнтэй холбоотой биз. Үхэхийн өмнө “Бурхан минь би ямар ч байсан чадлаа” гэж хэлэхийг л хүсэх юм даа.
-Та санасандаа хүрч чадсан уу? -Тедтэй сууснаас гурав билүү дөрвөн жилийн дараа би амьдралаас хүссэн бүхнээ авч чадсан гэж бодогддог байлаа. Гэхдээ одоо тэр бодол минь өөрчлөгсдөн.
Гэхдээ би хайр сэтгэлийн харилцаанд хэрхэн хандах тухайд суралцсан. Бас хэрхэн өөрийгөө аз жаргалтай болгох вэ гэдгийг ч мэддэг болсон. Хүн бүрт амьдралын сайхныг мэдрэх арга барил бий. Миний хувьд бол сорилт гэдэг амьдралыг сайхан болгодог хамгийн шилдэг арга зүйл.
-50 настай атал дахин дурлах сайхан байна уу? -Тэгэлгүй яах вэ.
-Тэр танд их олон зүйл зааж сургасан гэж та ярьсан байдаг. -Тэр амьдралыг минь өөрчилсөн. “Би чамайг дэргэд минь байгаасай, чамтай илүү дотно болохыг хүсдэг” гэж хэлдэг байсан. Аз жаргалтай байх ухаанд тэр л намайн сургасан.
-Тэгэхээр танд аз жаргалын нууцыг заах нь таныг аз жаргалтай болгохоос өөр байх нь ээ? -Тийм ээ. Тэр надад аз жаргалын нууцыг тайлж өгсөн юм. Тэр яг л аав шиг минь ханддаг байлаа. Гэхдээ хэзээ ч хатуу ширүүн зан гаргаж байгаагүй. Тэр амьдралын баяр баясгаланг хэрхэн олохыг мэддэг нэгэн байлаа.
-Тэгээд яагаад түүнээс салсан юм бэ? -Бидний хэн хэн нь өөрчлөгдсөн. Гэхдээ би түүнээс ч илүү их өөрчлөгдсөн байх. Бид тусдаа байхдаа хамтдаа байхаасаа илүүтэй жаргалтай байх болсон. Гэхдээ шалтгаан нь юунд байсныг би өнөө хэр ойлгодоггүй юм.
-Таны театрт дахин тоглох гэж байгаа тухай яриа гарсан байна билээ. Энэ үнэн үү? -Хэрэв театрт намайг хүлээж авахыг зөвшөөрвөл дахин очихоос татгалзах шалтгаан нэг ч байхгүй.
-Энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслолд очих уу? -Очих бодолгүй байна.
-Тайзнаа гарахдаа та өөрийгөө дур булаам харагдаж байгаа гэдэгтээ итгэл дүүрэн байдаг уу? -Би тайзыг өөрийн нэгэн хэсэг мэт хүлээж авдаг. Бие маань тайван дээр гараад зогсохгүй сэтгэл зүрх ч бүрэн автчихдаг. Өндөр өсгийт өмсчихөөд эргээд алхахдаа л сэтгэл бага зэрэг түгшдэг юм. Би Холливудад эргэн ирвэл хүмүүс намайг хэрхэн хүлээж авах бол гэсэн сониучхан бодол толгойноос минь салдаггүй. Хүмүүс эелдгээр хүлээн авч, элдэв үдэшлэг арга хэмжээнд урьж байгаа нь нүдэнд харагдах шиг л болдог шүү. Тиймээс одооноос эхлэн надад мөнгө төлсөн ч кино урлагт эргэн ирэх шийдвэрээсээ буцахгүй.
-Маш их хэмжээний мөнгө байсан ч хамаагүй юу? -Хамаагүй. Зүрх минь зөвхөн түүний төлөө л цохилж байгаа мэт санагдаж байна.
-Жэйн та нэгэн цагт бекс бэлгэ тэмдэг байсан. Харин одоо хэн болсон бол? -Би хэн бэ гэж үү. Би амьд үлдсэн азтан. Сэтгэл зүрх минь агуу баялаг хийгээд уян хатан энгийн л нэг эмэгтэй. “Бусдад тус хүргэвэл хариу нь заавал ирнэ” гэдэгт би итгэдэг. Тиймээс аль болох бусдад туслахыг хичээдэг. Энэ л зарчмаар амьдрадаг нэгэн. Би бас их азтай хүн.
-Аз аяндаа ирдэггүй. Хүн түүнийг өөрөө дууддаг гэдэгт та итгэдэг үү? -Үгүй дээ. Харин хувь заяанд итгэдэг. Бурхан намайг илүүтэй харж, хамгаалдаг гэдэгт итгэдэг.
-Жэйн та юунаас айдаг вэ? -Надад айдаг зүйл байхгүй ээ.
-Үхлээс ч айдаггүй гэж үү? -Айдаггүй. Тед “Чиний үеийн хүмүүс өөрчлөлтөөс эмээдэг юм” гэдэг. Хариуд нь би “Тийм гэж үү” гээд л өнгөрдөг. Харин би “Дэлхий бүхэлдээ өмнө минь байна, түүнийг хэрхэн өөрчлөх нь чиний л сонголтоос шалтгаална” гэж үздэг.

Д.Болд


Поп урлагаар бизнес хийж болдгийн тод жишээг тэр үлгэрлэсэн. Тиймдээ ч өнөөгийн залуус рок, попын ертөнц рүү хошуурах боллоо. Харамсалтай нь түүнтэй дүйцэхүйц амжилт олж байгаа нь өнөө хэр гараагүй л байгаа. Уран бүтээл туурвихаас гадна уран бүтээлчдийг нь төрүүлснээрээ авьяаслаг, хөдөлмөрч, мэдрэмжтэй нэгэн гэдгээ баталсан юм. Рок попын залуу үеийн төлөөлөл болсон дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо, Т.Эгшиглэн нар түүний “бүтээгдэхүүн”. Түүний үүсгэн байгуулж, удирдан авч явж байсан “B” продакшн нэгэн үе Монголын рок попыг хөдөлгөөнд оруулж байсан гэдэгтэй сонсогчид санал нэгдэх биз.
Рок попоор зогсохгүй загварын ертөнцөд ч өөрчлөлт хийж чадсан тул түүнийг шилдэг залуусын нэгээр “Үндэстний тойм” сэтгүүл нэрлэж байна. Үсний засалт, хувцаслалт гээд Д.Болдоор овоглосон брэнд хүртэл гарч амжсан тул түүнийг ийн загварын ертөнцийн хувьсгалч хэмээн тодорхойллоо. Саяхан нээлтээ хийсэн “Be Bold” брэндийн сургийг сонссон хүмүүс “Д.Болдгүй салбар үгүй болжээ” хэмээн ам уралдах нь бий. Гэхдээ энэ бүхэн түүний хөдөлмөрч гэдгийг илэрхийлэх биз.
Салбарт бүрт амжилт гарган, залууст байр сууриа олж, хийж бүтээхийн сайхныг сурталчилсан тул түүний манлайлагч залуу хэмээн өргөмжлөхөөс аргагүй.

Saturday, November 6, 2010

Г.ЭРДЭНЭБИЛЭГ: БИ ШИРҮҮН ДОГШИН ХҮН БИШ ШҮҮ ДЭЭ

Ширүүн харц, бадриун бие нь түүнийг хурц араншин, догшин авиртай гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлдэг. Бас болоогүй баргил хоолой нь хүч нэмнэ. Хүмүүсийн төөрөгдлийг батлах гэсэн мэт “Би чамд хайртай 2”-ын Хангай, “Татар ажиллагаа” киноны Тулга гээд дэлгэцийн бүтээлд амлан авсан дүрүүд нь ч догшин, хурц араншинтай. Нэвт ширтэх харцных нь цаана ямар бодол нуугдаж буйг сонирхохоор түүнтэй уулзах цаг товлолоо.
Бид Соёлын төв өргөөнөө байрлах “Инээмсэглэл fm”-д уулзсан юм. Тэрбээр киноныхоо сурталчилгааны бичлэгийг хийлгэх гэж байгаа нь энэ аж.

-Намайг залгах үед “Тавантолгойд байна” гэсэн. Ямар ажлаар явсан юм бэ?
-Хотоос 50 орчим км-ын зайтай байдаг цэргийн ангид очиж буудлага хийсэн юм.
-Та буудлагын спортоор хичээллэдэг юм уу?
-Үгүй ээ. Кинонд ашиглахаар тус ангиас буу зэвсэг авч хэрэглэсэн юм. Биднийг очсоны маргааш бэлтгэлд гарах байсан юм билээ. Тэгээд л тус цэргийн ангийн залуус буудлага хийгээч гэж урьсан юм л даа.
-Ойрд ажил ихтэй байна уу?
-Багагүй л байна. Киноны ажил дууссаны дараа манай театрын өвөл цагийн үзвэрийн нээлт боллоо. Ирэх онд тохиох театрынхаа 80 жилийн ойг угтаж урын сан дахь түүхэн жүжгүүдээр нээлтээ хийж, дууслаа. Энэ сард Краснагоровын жүжгүүдийг дахин тоглох гэж байгаа. Миний хувьд “Атга нөж” жүжгийн Зүчи, “Саран хөхөө”-гийн Номунбаясгалан буюу Саранхөхөө , “Сарны цагаан цус” жүжгийн Халгуй нэртэй ханхүү, “Тамгагүй төр”-ийн олны хэсэгт тоглолоо.
-Театрын ажлаас өөр уран бүтээл хийж байна уу?
-Одоогоор өөр зүйл хийгээгүй байна.
-Намайг залгах бүрт л завгүй, ажил ихтэй байна гэсэн шүү дээ. Тэгсэн атлаа буудлага хийхээр хөдөө яваад л… Харин ч завтай байсан юм биш үү?
-Арай гэж өөртөө чөлөө олгоод салхинд гарчихаад иртэл хүн болгон л загнаад байх юм. Үнэндээ энэ жил ажлын ачаалал их байсан болохоор ядарч байна. Долоо хоногийн чөлөө авч жаахан амрахсан гэж бодоод л явна. Зунжин киноны зураг авахуулаад хонож, өнжин явсан. Түүнийгээ дуусмагц аялан тоглолтоор орон нутгаар яваад ирлээ. Аяны тоосоо гүвж амжаагүй байхад театрын нээлт болоод л… Ачаалал ихтэй байна шүү дээ.
-Гэхдээ шинэ бүтээл биш, уран сан дахь түүхэн жүжгүүдээ дахин тоглосон болохоор ганц хоёр удаа сургуулилалт хийгээд л болчихдоггүй юм уу?
-Дөрөв таван жилийн өмнө тайзаа тавигдаж байсан жүжгүүд болохоор яг л шинэ жүжиг тоглох гэж байгаа юм шиг сургуулилалт хийх шаардлагатай болдог юм. Жүжиг гэдэг зөвхөн жүжигчид найруулагчид биш гэрэлтүүлэгч, тайзны ажилтан гээд л олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Дөрвөн жилийн өмнө тоглож байсан жүжгийнхээ үгийг жүжигчид мартчихсан байхад гэрэлтүүлгийнхэн бүр ч төсөөрчихсөн байгаа. Тиймээс дахин дахин сургуулилахаас өөр аргагүй болдог.
-Яагаад жүжигчин болсон юм бэ?
-Би уг нь дүрслэх урлагийн дээд сургуульд орох бодолтой байсан юм. Гэтэл зургийн ангийн элсэлтийн шалгалт болохын өмнө СУИС-ийн кино, драммын ангийн шалгалт товлогдсон байсан. Тэгээд л юу ч гэсэн өгөөд үзье гэж бодоод шалгуултал тэнцчихсэн. Тэгээд л жүжигчин болсон доо.
-Тэгээд дүрслэх урлагийн сургуульдаа шалгалт өгсөн үү?
-Өгөөгүй ээ.
-Зургаа бүр орхисон хэрэг үү?
-Би ч ямар мэргэжлийн зураач биш. Зүгээр л жаахан сонирхдог юм.
-Та өөрийнхөө зан араншинг тодорхойлж байв уу?
-Оюутан байхдаа нэг асуулгад хариулахад сангвиник зан төлөвтэй гэж гарч байсан. Одоо ямар болж өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна.

Сэтгэл судлалын сурах бичгээс харвал “Сангвиник зан төлөвтэй хүмүүс сэргэлэн, юм юмыг сонирхдог, орчиндоо хандах хандлага нь идэвхитэй, хэнэггүй занд дургуй, сэтгэл санаагаар унах, бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, дутагдлаа ил тод ярьж, шүүмжлэлийг хүлээж авч чаддаг. Нөхөрлөлд хариуцлагатай хандах ба ойр орчныхоо хүмүүсийг хөгжөөх нь цөөнгүй” гэсэн байх юм. Үнэхээр ч түүний сурталчилгааны бичлэг хийлгэж байгаагаас харахад бусдыг уриалан, ажлаа хурдан, чанартай гүйцэтгэхийг эрмэлздэгийг нь анзаарч болохуйц.
Тэднийг банк дээрэмдэх ажиллагаагаа нийслэл хот даяар зарлахад бэлэн болсных нь дараа бид машинд нь яриагаа үргэлжлүүллээ.

-Та хэр ууртай вэ?
-Уурлах үедээ уурладаг ч бухимдсан үедээ бусад руу үсчиж, уураа гаргаад байдаг хүмүүсийн нэг биш. Уг нь харьцангуй тайван хүн боловч зарим үед орчин маань бухимдахаас аргагүй байдалд оруулчих юм.

Биднийг ийн ярилцаж байх зуур нэгэн замын цагдаа уулзварт тээврийн хэрэгсэл зогсоож, хөдөлгөөн хааж, түжгрэл үүсгэсэн хэрнээ Эбиг “Урагшлаач” хэмээн уцаарлалаа.

-Энэ мэтчилэн л бухимдах шалтгаан гараад ирэх юм байна шүү дээ. Түүнээс биш ч уурлахыг урьтал болгодоггүй.
-Таныг ширүүн харц, баргил хоолойтой болохоор хүмүүс ихэвчлэн догшин, хурц араншинтай гэж боддог. Би ч бас тэгж л дүгнэдэг байлаа.
-Хүмүүс дандаа л тэгж ярих юм. Уг нь би ширүүн, догшин хүн биш шүү дээ. Миний харц тийм ширүүн байна уу?
-Зурагт тэгж л гарсан байдаг.
-Ялангуяа “Би чамд хайртай 2” киноны Хангайгийн дүрд тоглосноос хойш хүмүүс тэгж ярьдаг болсон. Жүжигчин хүн гэдэг өөрийгөө эвдэж, огт өөр хүний дүрд тоглож байж л мэргэжлийн ур чадвараа гаргадаг. Түүнээс биш тайзан дээр, эсвэл дэлгэцнээ өнөөх л Эрдэнэбилэг хувцсаа сольчихоод явж байвал утгагүй биз дээ. Киноны санаа, тухайн дүрийнхээ зорилгод нийцүүлж өөрийгөө эвдэх шаардлагатай байдаг юм.
-Ер нь бүтээж байсан дүрүүдээс чинь аль нь жүжигчин Эрдэнэбилэгтэй илүү адилхан бэ. Тулгаагийн шийдэмгий зан танд бий юү?
-Ажиглаад байхад хүмүүс их буруу ойлголттой байдаг. Манай дүү нар хүртэл “Та Хангайтай юугаараа адилхан бэ” гээд л асуугаад байдаг юм. Миний хувьд өөрөөсөө аль болох хол, огт өөр араншинтай хүний дүрд тоглохыг илүүд үздэг. Тиймээс надтай адилхан дүр бараг байхгүй гэж ойлгож болно.
Би Тулгаа шиг тийм шийдэмгий хүн биш. Шийрэгнэх үе бишгүй л гардаг. Бүх асуудалд Тулгаа шиг хандвал нэг бол шоронд ороод, нэг бол мундаг том хүн болох байх. Америкийн визаны эрх авахаар есөн удаа ярилцлаганд ороод хар тамга даруулж байсан, юунаас ч буцдаггүй эр. Тулгаагийн дүр бол ерөөсөө л тэр. “Юунаасаа айгаад байгаа юм бэ” гээд л бусдыгаа уриалан дууддаг шүү дээ.
-Таны туйлын зорилго юу вэ?
-Сайн жүжигчин болох. Монголын зах зээл их жижигхэн юм даа. Түүнээс биш өөр ямар ч салбар, ажилд оролцолгүй, олон зүйл рүү үсчилгүй зөвхөн жүжигчин тэр дундаа тайзны урлагтаа л туршлагажиж, чадварлаг уран бүтээлч болохыг хүсдэг.
-Ямар дутагдалтай вэ?
-Зөндөө дутагдал бий. Хайнгадуу байж магадгүй.
-Баримталдаг зарчим бий юү?
-Үнэнч, амласан л бол түүндээ заавал хүрдэг. Зарчим гэхээсээ м иний араншингийн онцлог гэх байх.
-Аав, ээж хоёрынхоо хэнтэй нь илүү адилхан бэ?
-Зан чанарын хувьд ч, гадаад байдлын тухайд ч ээжтэйгээ илүү адилхан гэж хүмүүс ярьдаг. Ээж минь цэргийн байгууллагат олон жил ажилласан хүн.
-“Гэгээн муза”-гаас хоёр ч удаа шагнал хүртэж, өнгөрсөн жил БСШУЯ-наас оны шилдэг уран бүтээлчдэд олгодог “Мөнгөн мод”-ын эзэн болсон. Залуу хүний хувьд үеийнхнийгээ бодвол чамлахааргүй амжилттай яваа нэгэн. Юу таныг ийм амжилтад хүргэв?
-Амжилттай яваа ч гэж дээ. Ер нь ямар ч хүн амжилтад хүрэхийн төлөө л зүтгэдэг. Ялангуяа урлагийн салбар бол биднээс хөдөлмөрч, цаг нартай уралдан ажиллахыг шаарддаг. Бүх зүйл нь үзэгчдийн өмнө ил, тэднээр шүүлгэдэг тул шүүлт хатуу бөгөөд шударга. Тиймээс энэ салбарт хэн түрүүлж юм хийсэн, хэн түрүүлж сэтгэсэн нь л амжилтад хүрдэг.
-Гэр бүлээ танилцуулаач.
-Эхнэртэй.
-Хүүхэдтэй юу?
-Байхгүй ээ. Би ер нь хувийн амьдралаа бусдад дэлгэх дургүй. Миний хүүхэдтэй байна уу, үгүй юу, эхнэртэйгээ танилцаад хэдэн жил болж байгаа нь үзэгчдэд сонин биш шүү дээ. Уран бүтээлээ чанартай хийж байгаа эсэх нь л чухал. Би угаасаа шар мэдээ ч уншдаггүй. Тийм зүйлээс хол хөндий хүн.
-Та их сандруу юм аа даа. Яарч, адгаад л асуултанд минь ч товчхон хариулах юм.
-Тийм байна уу? (инээв) Сандруудаа л биш л дээ. Цаг нартай уралдаж ажлаа амжуулдаг болохоор өөрийн эрхгүй ийм болчих юм. Би түрүүн хэлж байсан шүү дээ. Урлаг бол бусдаас өрсөж л амжуулж байж амжилт олдог салбар.
-Та хэр шартай вэ?
-Шартай үедээ шартай.
-Хийж байгаа ажил санасанд хүрэхгүй байвал шаралхаад заавал ард нь гарна гэж зүтгэсээр амжилтад хүрдэг хүн цөөнгүй байдаг. Харин та яаж бэрхшээлээ давдаг вэ?
-Эргэцүүлэн бодно. Дүрээ сэтгэлд хүртэл гаргаж чадахгүй байгаа үедээ юунд алдаад байна вэ гэдгээ эргэцүүлэн боддог. Залуус бие хаа, царай зүс сайтай бол олны танил болчихдог амархан мэргэжил гэж боддог шиг байгаа юм. Гэтэл махаа идэж, маяагаа зулгааж байж арай гэж ганц дүрд толгодог шүү дээ. Дүр гэж хэлэхэд ч ахадна. Би гэхэд л одоо ч ямар нэгэн дүр амилуулж чадаагүй л явна.


…Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь алтан үеүд…
…Москвагийн бороо зүүдэнд гунигтай шивэрнэ… гээд л “Харанга” хамтлагийн дуунууд түүний машинд намуухан эгшиглэнэ. Тэр яг л энэ дуунуудын хөг аялгуу шиг эгэл атлаа сэтгэлд дотно нэгэн.