Tuesday, November 30, 2010

“CHANEL”-ийг сурталчилсан анхны МОНГОЛ БҮСГҮЙ

Азийн загварын төв хэмээгддэг Сингапурын гудамжинд дөрвөн бүсгүй “алхана”. Хар, шар, цагаан арьст бүсгүйчүүдийн дунд монголжуу төрх харагдвал та бүү гайхаарай. Энэ бол Сингапурын загварын агентлагт мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаад таван жил болж буй Д.Оюунномин.
Монголын загварын өмсөгчид дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай гэж олонтаа ярьдаг ч өнөө хэр энэ талаарх барим тавим баримт үгүй тул итгэх хүн тоотой хэд. Монгол эмэгтэй “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцсон гэвэл энэ талаарх эргэлзээ бага ч атугай арилах биз.
БНСУ, Сингапур, Хон-Конгт ажиллаж буй загвар өмсөгч нэгээр тогтохгүй гэх ч тэднийг чухам ямар шалгуураар ямар агентлагтай гэрээ байгуулж, харийн оронд хэр нэр хүнд ажил хийж байгаа талаар мэдээлэл үгүй. Тиймээс энэ удаагийн “Шинэ үеийн залуус” буландаа Сингапурт мэргэжлээрээ суурин ажиллаж буй цорын ганц загвар өмсөгч Д.Оюунноминг урилаа. Эх орныхоо нэрийг дэлхийн нэр хүндтэй шоуны тайзнаа өндөрт өргөн яваа түүнтэй цахим сүлжээгээр дамжуулан хөөрөлдсөнөө хүргэе.

-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьсанаас чинь яриагаа эхлэх үү?
-Жаахан хүүхдүүд эмч, багш болно гэж ярих дуртай байдаг. Харин би багадаа загвар өмсөгч эсвэл онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ би бусад загвар өмсөгчид шиг багаасаа загварын агентлагт суралцаагүй. Эгч маань Д.Оюунтуяагийн ууган шавь. Тиймээс эгчээсээ л загвар өмсөх тухай анхан шатны мэдлэг олж авсан.
Удалгүй 2000 онд сургуулийнхаа “Үнсгэлжин” тэмцээнд орж байх үеэр “Донж” төвийн Б.Төгөлдөр, загвар өмсөгч Байгалиа эгчтэй ирээд “Гоёл” наадамд оролцуулахаар охид сонгон шалгаруулсан. Түүнд нь тэнцээнд 2000 онд “Гоёл” наадамд оролцож байлаа. Хожим нь Д.Болормаа багшаар хичээл заалгасан.
-Сингапурын загварын агентлагтай хэрхэн холбогдсон юм бэ?
-2005 онд би Сингапурт ирсэн юм. Эгч маань энд ажиллаж байсан тул би эхлээд аяллын шугамаар энд ирсэн. Гэхдээ загвар өмсөнө гэсэн зорилго тээж байв. Тэгээд л “Carrie model” агентлагт шалгуулж тэнцээд, түүнээс хойш энд загвар өмсөгчөөр ажиллаж байна.
-Азийн загварын төвд ажиллана гэдэг мэдээж өрсөлдөөн ихтэй, Монголд ажилладагтай адилгүй байх. Тийм үү?
-Япон, Сингапур хоёр Азийн загварын төв гэдэг утгаараа өрсөлдөөн их, зах зээл нь ч өргөн цар хүрээтэй. Монголд зөвхөн загвар өмсөөд л амьдарна гэдэг боломжгүй. Өдөр бүр шоу болохгүй тул хийх ажил бага, цаг зав ихтэй байдаг. Харин энд бол орой бүр надад агентлагаас цахим шуудан ирдэг. Түүнд нь маргаашийн ажлын төлөвлөгөөг нэгд нэгэнгүй бичсэн байдаг юм. Нэг ёсондоо миний өдрийн цагийн хуваарийг гаргачихаж байна гэсэн үг. Тэр дагуу л ажиллана даа.
-Тэгэхээр ажлын ачаалал нэлээд их байдаг байх нь ээ?
-Тийм ээ. Энд загвар өмсөгчдийг ажиллуулах зарчим ч их өөр. Нэг шоунд оролцохын тулд гурван ч шалгуур давдаг. Загвар өмсөгч бүр өөрийн ком карт хэмээх танилцуулга номтой байдаг. Агентлагуудад захиалга ирэхэд загварын өмсөгчдийнхөө зургийг тус номоос нь сонгон илгээж, эхний шалгаруулалт болно. Ирсэн зурагнуудаас захиалагч байгууллага загвар өмсөгчөө сонгоод, шалгаруулалтад урьдаг. Тэр шалгаруулалтад тэнцвэл эцсийн шатны шалгаруулалтад орно. Өдөрт дунджаар дөрвөн шалгаруулалт, долоо хоногтоо нэг удаа ямар нэгэн загварын шоунд ордог. Тэгэхээр ажлын ачаалал харьцангуй их шүү. Бас загварын шоунд тэнцсэн бол 19.00 цагт эхлэх ёстой байсан ч 07.00 цагт шоу болох газар очсон байх ёстой байдаг. Тэгээд тэндээсээ гаралгүй өдөржин бэлтгэл хийдэг.
-Шалгаруулалт хэр өрсөлдөөнтэй болдог вэ?
-Австрали, Америк, Орос гээд л дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн загвар өмсөгчид ажилладаг тул энд өрсөлдөөн их. Тиймээс сэтгэлийн тэнхээтэй байж, ганцхан өөртөө л найдахаас аргагүй болдог. Нэг удаагийн шоунд оролцохын тулд 300 бүсгүй шалгаруулалтад орж, тэднээс 10-20 нь л тэнцдэг гэхээр өрсөлдөөн их байгаа биз.
Түүнчлэн сүүлийн үед загварын өмсөгчдийн нас залуужиж ихэвчлэн 17-21 настай охид ажиллах болсон. Би одоо 28 настай. Тэгэхээр миний хувьд өрсөлдөөн бүр ч хатуу гэсэн үг. Яаж ч хичээгээд би 17 настай охинтой адилхан харагдаж чадахгүй. Тиймээс их тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй байх шаардлага гардаг.
-Ажлын өдрийн цагийн хуваарь тань хэр шахуу байдаг вэ?
-Их шахуу. Өдрийн хоолоо алхах зуураа идэх тохиолдол түгээмэл гарна шүү. Манай гэр хотын төвөөс зайдуу байдаг тул өглөө 06.30 гэж босоод л, заримдаа цайгаа ч ууж амжилгүй гэрээсээ гардаг. Шалгаруулалтууд ихэвчлэн 09.00 цаг гэж эхэлдэг юм. Шалгаруулалтаас хоцорвол ямар ч шалтаг, тайлбар сонсолгүй ажлын хөлснөөс торгууль маягаар суутгачихдаг. Загвар өмсөгчид хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Энд цаг баримтлах нь их чухал. Шалгаруулалт захиалагч компанийн байранд болдог тул өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хаяг хайж очих нь энгийн л, бараг өдөр тутам тохиох үзэгдэл. Тэр бүрт гүйхдээ гүйгээд, автобусанд суухдаа суугаад, заримдаа бүр төөрч будилан, уйлаад очих нь бий. Эхэндээ ч их төөрдөг байлаа. Тэр бүртээ агентлаг руугаа утасддаг. Одоо ч Сингапурын булан тохойг андахаа больсон шүү.
-Таксидаад оччихож болдоггүй юм уу?
-Болно л доо. Гэхдээ Сингапурт өртөг их өндөр. Нэг удаад таксидахад 15-25 америк доллар болдог. Тэгээд дор хаяж дөрвөн газар руу очно гэхээр зөвхөн таксинд өдөрт 100 орчим доллар зарцуулна гэсэн үг. Тэгэхээр мөнгөө хэмнэхийн тулд алхаад, эсвэл автобусанд суугаад л очихоос өөр аргагүй.
-Сингапурт загварын агентлаг олон уу?
-Олон улсын загвар өмсөгчид ажилладаг томоохон агентлаг гэвэл 5-6 бий.
-Та одоо ямар агентлагт ажиллаж байна вэ?
-“Divamodels” гээд энд бол нэр хүндээрээ их дээгүүрт жагсдаг агентлаг бий.
-Загвар өмсөгчидтэй гэрээ байгуулахдаа бас өндөр шалгуур тавьдаг уу?
-Биеийн өндөр, царай зүс, биеийн галбир, ур чадвар гээд бүхий л зүйлийг нь шалгуур болгодог. Бас арьс их чухал. Монголд байгаа загвар өмсөгчид энгийн үед ч нүүрээ будаж, үсээ засаад л явдаг шүү дээ. Сингапурын загвар өмсөгчид зураг авахуулах, тайзнаа гарахаас бусад үед огт нүүрээ буддаггүй. Унаган төрхөөрөө л явдаг. Мөн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид нь 175 см-ээс дээш өндөртэй, туранхай байх ёстой гэсэн шалгууртай.
-Мэргэжлийн загвар өмсөгч гэхээр ямар шалгуур хангасан хүмүүс байдаг вэ?
-Монголд жил бүр “Гоёл” наадам зохион байгуулж, нэг загвар өмсөгчдөө топ гэх өргөмжлөл гардуулдаг. Харин энд түүнтэй адил загвар өмсөгчдийн нэгдсэн арга хэмжээ огт болдоггүй. Шалгаруулалтад тэнцэж, хэр олон шоунд оролцож, хэр их мөнгө олж байгаагаар нь л энд загвар өмсөгчдийн чансааг үнэлж, дүгнэдэг. Сингапурт хамгийн их орлого олж байгаа нь тухайн жилийнхээ супермодель болдог.
-Загвар өмсөгчийн мэргэжил Сингапурт их нэр хүндтэй юу?
-Тийм ээ. Монголд загвар өмсөгч гэхээр л нэг хөрөнгө чинээтэй эрхмийн хүүхэн гэсэн ойлголттой, загвар өмсөгчдийг үнэхэл үнэлэмж муу. Харин энд бол хамгийн нэр хүндтэй хүмүүс нь загвар өмсөгчид. Загвар өмсөгчид байгаа газар хүн цуглах нь их тул үйлчилгээний байгууллагууд нээлтийнхээ ажиллагаанд загварын өмсөгчдийг урих дуртай. Бүхий л зардлыг нь гарган, оройн хоол, уух зүйлсээр дайлах маягаар загвар өмсөгчдийг арга хэмжээндээ байлцуулахыг хичээдэг.
-Сингапурт байгаа загвар өмсөгчдөд давхар ажил хийх шаардлага ч гардаггүй байх нь ээ?
-Тийм зав ч байхгүй. Өглөөнөөс үдэш болтол завсар зайгүй ажилтай байдаг. Нэг шалгаруулалтад 200-300 хүн оролцоно. Тэд бүгд дугаарлан зогсож байх тул эхний шалгаруулалтаас дараагийнх руу хамаг хурдаараа гүйхээс өөр аргагүй болдог.
-Та загвар өмсөхийн зэрэгцээ суралцдаг гэсэн байх аа. Энэ бүхнийгээ тэгээд яаж амжуулдаг юм бэ?
-Сингапурын Үндэсний их сургуульд бизнесийн чиглэлээр суралцаж байгаа. Шалгалт, шүүлгийн үеэр агентлагтаа хандаж, завгүй гэдгээ хэлээд цагаа зохицуулчихдаг юм.
-Их сургууль нь ч бас хатуу юу?
-Манай сургууль гурван удаа хичээл тасалбал шууд сургуулиас хөөдөг.
-Та хэр олон загварын шоунд оролцож байсан бэ?
-“Chanel”, “Galiano”, “Мaxmara” гээд цөөнгүй шоунд оролцож байсан. Тэр бүхнийг тоочоод яах вэ дээ. Миний хувьд нэр алдар чухал биш. Хүсэн ажлаа, амжилттай хийгээд, эх орныхоо нэрийг чадах хэрээр сурталчлаад явж байх нь л чухал.
-Монгол загвар өмсөгч гэхээр гадаадынхан хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энд суралцаж байгаа охид Монголынх гэж хэлэхээсээ ичээд Солонгос, Япон гээд өөрийгөө танилцуулдаг юм билээ. Тиймээс намайг Монгол гэхээр их гайхдаг. “Чи гэрт амьдардаг уу, морь унадаг уу? Арьс чинь яагаад ийм цагаан юм бэ?” гээд л шалгаачихдаг. “Би Монголд очихыг мөрөөддөг” гэж хэлэх хүн ч цөөнгүй тааралддаг.
-Сингапурт мэргэжлээрээ ажиллаж буй загвар өмсөгч олон уу?
-Суурин ажилладаг загвар өмсөгч надаас өөр байхгүй байх аа. Би энд тэндэхийн шоунд оролцоод явж байхдаа нэг ч загвар өмсөгчтэй тааралдаж байгаагүй. Гэхдээ манайхан ур чадварын хувьд гологдохгүй гэж боддог. Эндэхийн загвар өмсөгчдийг ажиглаад байхад манайхнаас гойд илүү зүйл үгүй. Харин ч манайхан илүү байж мэднэ. Харин хэрхэн холбогдох талаар мэдээлэл бага байдаг байх. Хэрвээ надад хандвал би дуртайяа загвар өмсөгчдөө өөрийн агентлагтай холбож, чадах хэрээр туслах болно.

No comments:

Post a Comment