Saturday, December 4, 2010
Николь Шерзингер: Би тайзны ард энгийн ноомой нэгэн
Дэлхийн өнцөг булан бүрээс “Найз бүсгүй минь түүн шиг дур булаам байсан ч болоосой” хэмээн шүүрс алдах залуус олдоно. Нэгэн цагт өөрийгөө өрөвдөлтэй нэгэн хэмээн бодож байсан Николь өнөөдөр өндөр гоолиг, эрчүүдийн харааг булаасан бүсгүй болсноор барахгүй, шоу бизнесийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй бүсгүйчүүдийн нэг болтлоо алдаршаад буй.
Энэ сарын 6-нд манай улсад ирэх гэж буй “Pussycat Dolls” хамтлагийн ахлагч Николь Шерзингерийн “Космополитан” сэтгүүлийн Их Британи хувилбарын аравдугаар сарын дугаар нийтлэгдсэн ярилцлагыг товчлон хүргэе.
Бага насаа тэр “Кентак мужийн Луйзвил гэх жижигхэн хотод өссөн би бүрэг, дуу цөөтэй охин байсан. Тус хотод хавай-филиппин гаралтай охид цөөн байсан нь өөрийгөө олны дундах шоовдор нэгэн мэт санахад хүргэдэг байлаа. Арьсны өнгө, үс, нүд, нүүрний ерөнхий төрх гээд л гадаад байдал минь хамт олноос тэс өөр тул бид тэдэнд огт хамааралгүй хүн мэт сэтгэгдэл төрдөг байж билээ. Гэхдээ энэ бүхэн намайг улам тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй болгосон. Магадгүй өнөөдрийн Николь бие хүн төлөвшихөд энэ байдал хамгийн их нөлөөлсөн байх. Эв хавгүй өндөр би өрөөндөө ганцаар байж, Уитни Хьюстоны дууг сонсон, даган дуулж, түүн шиг болохсон хэмээн мөрөөдөж байхдаа л амар амгаланг мэдэрдэг байлаа” хэмээн дурссан.
Харин одоо бол тайзнаа гарч хөгжмийн аялгуу сонсохдоо “Амьдрал өөрийн амар амгалан, эрч хүч, тэсвэр тэвчээрийг олохоос ч илүү баялаг зорилгоор дүүрэн юм” гэдгийг мэдэрдэг болж. Мөн “Хүмүүс намайг тайзан дээр гарахаараа огт өөр хүн болчихдог гэдэг. Үнэхээр ч тайзнаас буух надад эрх чөлөөг амтлан нисэж байгаад эх дэлхийд газардаж байх шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тайзны ард бол би энгийн л нэг ноомой эмэгтэй. Аливаа асуудалд хэт ажил хэрэгч хандахыг хүсдэггүй. Түүний оронд тэнэгдүү бүсгүй байсан нь хамаагүй дээр. Дуу алдан чанга инээх дуртай би” хэмээн нэмж өгүүлжээ.
“Pussycat Dolls” хамтлагт элссэнээр түүний амьдралд олон өөрчлөлт гарсны нэг нь биеийн галбиртаа сэтгэл хангалуун болсон явдал. Энэ үеэс л тэр өөрийгөө үнэлэх ухаанд суралцсан бөгөөд богино банзал, гүн ухлаадастай даашинз, цамц өмсөх болсон байна. Энэ тухайд
“Би их хуучинсаг хэв маягаар хувцасладаг байсан. Хамтлагтаа ороод хамгийн түрүүнд хийсэн шинэчлэл бол кабарет театрын жүжигчдийнх шиг хувцасладаг болсон явдал. Үүнээс өмнө гуя, цээжээ, нуруугаа ил гаргасан хувцас өмсөхөөс аль болох татгалздаг байсан. Хэдийгээр би жаахан охин байхаа больсон ч өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байж чаддагүй байсан болохоор тэр. Хамтлагтаа орсноор л өөрийн дотоод гоо сайхнаа илүүтэй хайрлах ухаанд суралцаж, сэтгэлийн тэнхээтэй, өөрийгөө хайрладаг нэгэн болсон” гэв.
Харин өнөөдөр тэр өөртөө төдийгүй гүн ухлаадас бүхий хувцсандаа ч сэтгэл хангалуун байх болсон тухайгаа “Өмссөн хувцас нь өөрт нь таалагдаж байна гэдэг эмэгтэй хүний хувьд маш чухал хүчин зүйл. Одоо бол би гүн ухлаадастай хувцаснаас эмээхээ больсон. Залууст ч тийм хэв маягтай хувцаслалт таалагддаг шүү дээ. Мөн хоолны дэглэм хамгийн оновчтой жингээ барих арга гэдэгт би эргэлздэг. Магадгүй хүн бүр түүнийг дагаж мөрдөх албагүй байх. Зарим хүнд огт зохихгүй байх тохиолдол ч байдаг шүү дээ. Өдөр тутмын амьдралдаа хоолны дэглэм мөрдөхөөс илүү гоо сайхны арчилгаанд үр дүн өгдөг олон зүйл байдаг. Амьдралынхаа тогтсон хэв маягаас нэгийг нь ор үндэсгүй хасахын оронд тэнцвэртэй байдлыг эрхэмлэж, идэвхтэй ажиллах нь илүү үр дүнтэй ч байж мэднэ” хэмээсэн байна.
Мөн энэ удаад тэр “The X Factor” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахад ямар санагдаж байгаа тухайгаа ч сонирхуулахаа мартсангүй. “Би нүд ирмэх зуур алдартай болчихсон юм биш. “Pussycat Dolls” хамтлагийнхантайгаа тэсрэлт хийхээс өмнө маш олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн. Би рок хамтлагт дуулдаг байлаа, “Попстар” нэртэй цуврал нэвтрүүлэгт ч оролцож байв. “The X Factor”-ийг шүүх нь надад гайхалтай сайхан санагддагийн учир энэ. Оролцогчдын үзүүлбэрийг үзэж суухдаа би тэдний юу бодож, мэдэрч байгааг дотор нь орсон юм шиг л мэдэж чаддаг. Би яг л тэдэн шиг л жижигхэн үзүүлбэр үзүүлэхээс эхэлж байлаа”.
Шерил Коултэй хийсэн бяцхан тулааных нь тухай асуултад тэр “Би шар хэвлэл уншихаас аль болох татгалздаг. Учир нь би тэр худал мэдээллүүдийг их эмзгээр хүлээж авдаг юм. Өөрийнхөө тухай нийтлэл уншихад ямар нэгэн сорилтод орж байгаа мэт санагддаг. Би хэзээ ч Шерилтэй нүүр тулан уулзаж үзээгүй. Бидний тухай цуу ярианы тухай асуултад энэ өгүүлбэр хангалттай хариулт болох байх гэж бодож байна” хэмээн хариулжээ.
Льюс Хэмилтонтой үерхэж буй тэрбээр хайр сэтгэлийн тухайд “Хайр сэтгэлийн харилцааг тогтвортой байлгах хамгийн чухал нууц бол хайртай хүнийхээ дуртай хоолыг хэрхэн хийх аргыг мэддэг байх явдал. Ээж минь зааж өгсөн болохоор би лазаныг их сайн хийдэг. Сайхан лазанаас татгалздаг нэг ч эр хүнийг би танихгүй. Тиймээс хоол хийх, хайр сэтгэлийн харилцаагаа тогтвортой авч явах нь багагүй холбоотой байх. Романтик, эгдүүтэй байдлыг хослуулах нь миний арга” хэмээн нууцаа дэлгэжээ. Харин спортын алдартнууд эхнэрээ хуурах болсон тухайд “Би Тайгер Вудс Эшли Коул нарын тухай ямар ч тайлбар өгч чадахгүй нь. Учир нь хэрэг явдал яаж өрнөснийг би мэдэхгүй. Зөвхөн мэхлэлт гэдэг эрэгтэй хүн ч бай, эмэгтэй хүн ч бай муу муухай, бусармаг үйлдэл гэж хэлэх байна. Харилцааны хамгийн чухал зүйл бол итгэл. Би хэзээ ч бусдыг хуурахгүй гэж боддог. Учир нь өөрийгөө хуурахыг хүсэхгүй байгаа юм. Түүнчлэн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа тохиолдол хэзээ ч тийм үйлдэл хийхгүй гэдэг нь эргэлзээгүй” хэмээн ярьжээ.
Тэд 2007 онд “MTV” хөгжмийн сувгийн үдэшлэгийн үеэр танилцсан гэдэг. Тэднийг нэгэн танил нь танилцуулахдаа Хэмилтоны яг юу хийдгийг тодорхой тайлбарлаагүй нь Николийг багагүй гайхашруулсан гэдэг. Энэ тухайд тэр “Formula 1-ийн нисгэгч гэж чухам юу хийдэг хүн байдаг талаар төсөөлөх ч үгүй байлаа. Энэ уулзалтаас хойш тэд нөхөрлөх болж. Дөрвөн сар цахим шуудангаар харилцсаны эцэст “Blackberries”, “Skype”-ийн ачаар илүү дотносжээ.
Харин хоёр жил өнгөрөхөд “Formula 1” талаар ямар ч мэдлэггүй байсан Николь энэ спортын шүтэн бишрэгч болчихсон байв.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment