Sunday, December 5, 2010
Майк Тайсон: Толинд харах бүртээ “Яачих нь энэ вэ” гэж өөрөөсөө асуудаг байлаа
Боксын хүнд жингийн аварга болж, дэлхий дахиныг шуугиулж явсан түүх түүнд бий. Бас зохисгүй үйлдэл нь шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалж явсан үе ч байв. Охиноо алдаж, эрхээ хасуулсан Майк Тайсон одоо л өнгөрсөн бүхнээ дүгнэж, алдаагаа ухаарч байгаа тухайгаа мөн хүүхэд ахуй насны дурсамжаа Ларри Кингтэй хуваалцахаар нэвтрүүлэгт нь зочилжээ. -Сайн байна уу? -Бүх зүйл сайн. Баярлалаа, найз минь.
-Өнгөрсөн хугацаанд бид их олон удаа уулзаж ярилцсан. Харин та энэ хугацаанд өнгөрсөн амьдралаа эргэн хараад “Би ийм хүн болохыг хүсээгүй шүү дээ” хэмээн дүгнэлт хийж байв уу? -Өдөр бүр, цаг мөч тутам тэр тухай бодож байлаа. Толинд харах бүртээ “Яачих нь энэ вэ. Чамд юу тохиолдоод байна вэ” гэж өөрөөсөө асуудаг байлаа.
-Таныг ингэж өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн юм бэ? -Мэдэхгүй юм даа. Магадгүй нас ахих тусам би томоожиж, ухаан суусан байх. Охиноо алдсан минь их том цохилт болсон. Тиймээс би одоо томоожих, сэрэх цаг болсон гэдгийг ухаарсан даа.
-Мэдээж энэ явдал таны амьдралд тохиолдсон хамгийн том гарз хохирол байх. -Тийм ээ.
-Яг юу болсон юм бэ? -Гүйлтийн зам дээр тоглож байгаад осолдчихсон.
-Охин тань хэдэн настай байсан бэ? -Дөрөв.
-Тэр үед та гэртээ байсан уу? -Үгүй ээ. Тэр үед бид тусдаа амьдарч байсан юм. Би Лас Вегаст, харин тэд Финикст амьдардаг байсан. Тиймээс осол болсон тухай ээж нь утсаар хэлэхэд л би энэ тухай анх мэдсэн.
-Энэ явдлаас хойш нэг жил өнгөрөөд байгаа хэдий ч та өнөө хэр цочролоос гараагүй л байх шиг байна. -Магадгүй хэзээ ч гарахгүй ч байж мэднэ.
-Та үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт итгэдэг үү. Охин тань хаа нэгтээ байгаа гэх бодол төрдөг үү? -Би бүхнийг мэдэгч биш шүү дээ. Зөвхөн үхсэнийг дагаад үхдэггүй тул, үлдсэн хүмүүс нь үргэлжлүүлэн амьдрах ёстой гэдгийг л мэдэж байна.
-Сонирхолтой үзэл байна шүү. Та одоо боксоор хичээллэж байгаа юу? -Бэлтгэлээ хийж байгаа.
-Холифилдийг бэртээсэн тухайгаа та нэхэн боддог уу? -Үгүй ээ. Энэ талаар дахин хэзээ ч бодоогүй. Харин түүний хийж бүтээж, амжилт гаргаж байгааг хараад жаахан атаархах сэтгэл төрдөг. Гэхдээ би ч гэсэн энэ бүхний хийж чадах байсан гэсэн бодол төрдөг юм.
-Та хэдэн настай байхдаа дэлхийн аварга болсон бэ? -20 настайдаа.
-Хэтэрхий эрт энэ нэр хүндтэй цолыг хүртсэн гэх бодол төрдөг үү. “25 настай байхдаа дэлхийн аварга болсон бол амьдрал минь арай өөрөөр эргэх байсан” гэх ч юм уу. -Үгүй дээ, тийм бодол огт төрж байгаагүй. 20 нас гэдэг боксын спортын хувьд залуудахгүй.
-Тэгэхээр та энэ хүндтэй алдрыг хамгийн залуугаараа хүртсэндээ баяртай байдаг байх нь ээ? -Тийм ээ.
-Та Бруклиний ойролцоо өссөн байх аа? -Та ч бас тэнд өссөн биз дээ.
-Одоо ч тэндээ амьдарч байна уу? -Тэнд насан өөд болтлоо амьдрах бодолтой байна.
-Би ч бас. -Гэхдээ Бруклинд амьдрах нь хүн бүрт өөр сэтгэгдэл төрүүлдэг шиг байгаа юм. Тиймгүйсэн бол тэндэхийн оршин суугчид бүгд өөрсдийгөө шилдэг ч гэж бодох болно.
-Тийм ч байж мэдэх юм. Тэндээс их олон алдартан төрсөн шүү дээ. -Тийм ээ.
-Бруклин дэх хөршүүдтэйгээ найзалсан хэвээр үү? -Хэвээрээ. Танд л гэж сонирхуулахад тагтааны тухай нэгэн баримтат кинонд би оролцож байгаа. Уг кинонд тагтааны амьдрал, шувууд хоорондоо хэрхэн уралддаг тухай өгүүлэх юм билээ. Тэгэхээр та миний найзуудыг уг киноноос харах боломжтой. Би 11 настай байхаасаа л тагтаатай нөхөрлөсөн.
-Брандогийн нэгэн кинонд тагтаа нисгэж байгаа хэсэг гардаг санаанд орчихлоо. -Далайн эрэг дээр үү?
-Тийм ээ. Юу таныг тагтаатай нөхөрлөхөд хүргэсэн юм бэ? -Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч 10 билүү 11 настай байхаасаа л би тагтаа тэжээдэг болсон. Зарим тагтаагаа сул тавин нисгэчихдэг байв. Тэр үед би сургуулиа ч хаясан. Ахлах ангийнхан намайг дээрэлхээд байсан нь сургуульд явахгүй хүсэл болгосон юм.
Нэгэн удаа сургууль руугаа явж байтал хэсэг хөвгүүд хүрч ирээд “Мөнгө байна уу” гэж асуулаа. Би айсандаа үг ч дугарч чадахгүй зогсож, харин тэд халаасыг минь нэгжив. Тэгээд нэгжлэгээ дуусмагц “Нисэхийг хүсэж байна уу” гэж асуухад нь “Нисэх” гэдэг үгийнх нь утгыг олж ядан зогсох намайг чирэн эзгүй байшингийн дээвэр рүү дагуулж очсон. Тэр үеэс л би тагтаатай нөхөрлөх болсон юм. Байшингийн дээвэр дээр олон арван өвчтэй тагтаа хэвтэж байхыг тэгэхэд анх харсан. Хэдхэн метр газар ч нисэж чадахгүй хэрнээ тэд цаг үргэлж нисэх гэж оролдоно.
-Та одоо шувуу тэжээж байгаа юу? -Гэртээ тэжээж байгаа. Явсан газар бүртээ би шувуудаа дагуулж явдаг. Тэдэнтэйгээ хамт амьдарч, хамт аялж байна. Одоо надад 2500 орчим шувуу бий.
-Тагтаагаа суллаж нисгэсний дараа эргэн ирж байсан тохиолдол бий юү? -Байлгүй яах вэ.
-Тэднийг сургачихсан байдаг юм уу? -Үгүй дээ. Тэд хэдэн арван км холдсон ч эргээд л ирдэг. Магадгүй энэ тагтааны ертөнцийн нэгэн үл ойлгогдох нууц байх. Үүнийг хүмүүст тайлбарлах амаргүй л дээ.
-Таны тухай маш олон дүгнэлт хийж болмоор. Та нэгэн цагт дэлхийн аварга болж амжилт, алдар цуугаараа мянга мянган хүний шүтээн болж явсан атал удалгй хар тамхи, санхүүгийн асуудалд орооцолдсон. Эсвэл таны дотор хоёр өөр Майк Тайсон оршдог юм уу? -Миний дотор хоёр өөр хүн байсан ч хэнд хамаатай юм бэ. Дэлхийн хамгийн баян хүнд ч тэр, хамгийн ядууд нь ч тэр бэрхшээл, уналтын үе тохиож л байдаг. Түүнчлэн христ, муслим, буддын шүтлэгтэй байхаас үл хамааран гэмшиж, харамсах алдаа хүн бүр л гаргадаг.
-Гэхдээ итгэл найдвар тань таныг бэрхшээлээс гаргахгүй биз дээ? -Тийм л дээ. Түүнийг би ч мэднэ. Гэсэн ч надад өөрийгөө аврах арга зам хэрэгтэй. Бурхан бүгдэд тусалдаггүй юм. Тиймээс би өөртөө туслах хэрэгтэй.
-Хэдийгээр өөрийгөө ялж чадсаныг тань мэдэж байгаа ч чухам юу таныг хар тамхинд татсан бэ гэдгийг мэдмээр санагдлаа. -Би аливаа зүйлд шунан дурладаг хүн. Гэхдээ өөрийнхөө энэ байдалд сэтгэл хангалуун байдаг. Ээж минь ч тийм араншинтай хүн. Би ер нь өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө сэтгэл хангалуун явдаг.
-Рингэн дээр байхад танд эл араншин тань нөлөөлдөг үү? -Сэтгэл минь үргэлж хүсэл тэмүүлэл, шуналаар бялхаж байдаг. Гэхдээ би рингэн дээр гарахын өмнө хар тамхи хэрэглэж байгаагүй. Үнэндээ би хэвлэлүүдэд бичсэн шиг 14 жил хар тамхинд донтсон юм биш. Хар тамхи, согтууруулах ундааг хамтад нь хэрэглэж байсан удаа ч үгүй. Угтаа би хар тамхи хэрэглэхээ болиод 14 жил болж байна гэж хэлсэн юм. Түүнийг минь гуйвуулсан шиг байна билээ. Харин тулаан болгоны дараа 100 грамм татдаг нь үнэн.
-Хэн нэгнийг хүчтэй цохих үед ямар сэтгэгдэл төрдөг вэ? -Дэвжээн дээр тулалдаж байх үед… Та рингэн дээрх цохилтын тухай асуусан биз дээ?
-Аль нь ч байж болно. Гэхдээ би рингэн дээрх цохилтын тухай асуусан. -Амьдралынхаа ихэнх хугацааг бэлтгэл сургуулилалтад зарцуулчихаар дэвжээн дээр зөвхөн ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Дэвжээн дээр байх үед түрүүлж цохих оновчтой цагийг л хүлээж байдаг юм. Гэхдээ цохилт амжилттай болсон гээд баярлаж, догдлох нь юу л бол.
Үүнийг урьдчилан таамаглаж байсан болохоор төдийлэн сэтгэл хөдөлдөггүй. Харин төлөвлөж байсан цохилт амжилтгүй болох үед урам хугарч, сэтгэл жаахан гонсойдог.
-Өрсөлдөгчийнхөө өмнө буруутай юм шиг санагдаж байсан удаа бий юү? -Байгаа гэж бодохгүй байна. Ер нь ямар ч тамирчин ялалт байгуулсныхаа төлөө гэмшиж, хэрэг хийсэн мэт сэтгэгдэлтэй үлддэггүй байх.
-Та бэлтгэл хийсээр байгаа гэсэн. Биеийн галбираа хадгалах зорилгоор уу? -Тийм ээ. Өдөрт хоёр цаг тогтмол бэлтгэл хийж байгаа. Гүйж, эсвэл дугуй унан нэг цаг болно. Заримдаа бүтэн хоёр цагийн турш алхана гээд янз бүр дээ.
-Тулалдаж байна уу? -Хааяа нэг тулалдддаг.
-Та боксын тэмцээн үзэх дуртай юу? -Заримдаа л үздэг.
-Дурладаггүй байх нь ээ? -Би сонирхолтой, зугаатай зүйлд л дуртай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment