Monday, December 6, 2010

Олег Безинксих: Азийн орнуудаас зочилж байгаа анхны улс нь Монгол

Баритоноос эмэгтэй дуучдын сопрано, альт хүртэл бүхий л өнгөөр дуулж чаддаг авьяастнуудыг контртенор хэмээн нэрийддэг. Санкт-Петербургийн консерваторийг төгссөн цорын ганц контртенор Олег Безинских-Безинский өнгөрөгч бямба гаригийн өглөө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буулаа.
Америк, Европын бүхий л орнуудаар аялж, нэр хүндтэй томоохон театруудад урилгаар тоглодог тэрбээр энэ удаад Монголын үзэгчдийн сонорыг мялаахаар ирж байгаа юм. “Оросын гайхамшиг” хэмээгддэг түүнийг онгоцноос буумагц зөөлөн цас хаялж, хэвлэлийнхэн бүчин авсан. Сэтгүүлчдийн тавьсан цөөн асуултад хэрхэн хариулсныг болон монголд ирсэн сэтгэгдлийнхээ тухай цөөн хором хөөрөлдсөнийг уншингч танд хүргэе.


-Монголд болох тоглолтод оролцоно уу гэсэн саналыг тавихад танд хамгийн түрүүнд ямар бодол төрсөн бэ?
-Хамгийн түрүүнд очиж үзээгүй улсад очих нь гэж бодогдсон. Учир нь би Америк болон Европ тивийн бүхий л орнуудад очиж байсан. Гэхдээ Азид огт хөл тавьж үзээгүй. Тиймээс Азийн орнуудаас зочилж байгаа анхны улс нь Монгол. Юуны өмнө Монгол Улс, монголчуудтай танилцах нь миний сонирхлыг татаж байв. Тиймээс намайг энд хоёр зорилгоор ирсэн гэж хэлж болно. Нэгт өөрийгөө харуулах, хоёрт өөрийнхөө хувьд цоо шинэ ертөнцтэй танилцах.
-Азидаа Монгол Улс сонгодог урлагаар нэлээд дээгүүрт ордог. Тиймээс Монголын сонгодог урлагтай танилцах бодол төрж байв уу?
-Би энэ төрлөөр гурван ч сургууль дүүргэсэн хүн. Хоёр ч сургуульд театрын найруулагч мэргэжлээр суралцаж, эцэст нь Санк-Петербургийн консерваторийг төгссөн. Тэгэхээр багагүй хугацааг сонгодог урлагийн мэргэжлээр суралцахад зориулсан гэсэн үг. Тиймээс Монголын сонгодог урлаг ямар түвшинд хөгжиж байгааг харахсан гэхээс тэсэн ядаж байлаа. Бас эстрад дуулдаг болохоор Монголын дуурийг ч тэр, эстрадыг ч тэр үзэхийг хүсэж байна.
-Цаг зав гарвал Монголын сонгодог урлагийн уран бүтээлчидтэй уулзах уу?
-Уулзана аа. Монголын сонгодог урлаг миний сонирхлыг их татаж байгаа. Тиймээс боломж гарвал уран бүтээлчид, дуучидтай уулзахыг хичээнэ. Би монголын сонгодог урлагийг сонирхохын тулд л Марийнский театр дахь тоглолтоо цуцалсан. Би Москва, Санк-Петербургт амьдардаг. Тиймээс тэнд тоглолт хийх боломж надад хожим олдож л таарна. Харин Монголд болох шоунд оролцох боломж олон тохиохгүй. Монголд ирэхийн өмнө бэлтгэл хийх цаг хугацаа хэрэгтэй байсан тул би Марийнский хэмээх нэр хүндтэй театрт дахь тоглолтоо цуцлахаар шийдсэн. Монголд болох шоунд оролцсоныхоо дараа Францад болох нэгэн тоглолтод оролцох урилгатай. Түүндээ бэлдэхээр эхлээд Санкт-Петербург руу явна. Францад тоглосныхоо дараа буюу энэ сарын 15-нд Орост эстрад дууны тоглолттой. Түүний дараа Америкт дуурийн тоглолт хийнэ гэх мэт ар араасаа хөвөрсөн олон ажил байна. Гэхдээ л Монголын сонгодог урлаг миний сонирхлыг илүүтэй татсан. Учир нь Санкт-Петербургийн консерватори сонгодог урлагийн мэргэжилтэн бэлтгэдгээрээ дэлхий дахинд нэр хүндтэй. Энэ сургуулийг төгссөнөөрөө би бахархдаг. Манай сургуулийг төгссөн монгол дуучин байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Азийн орнуудаас солонгос, хятад хүн ирж суралцаж байсныг би мэднэ.
-Энд ирэхээсээ өмнө манай орны тухай ямар мэдлэгтэй байсан бэ?
-Наашаа ирэхийн өмнө эхнэр маань Монгол Улсын тухай судалж, надад мэдээлэл өгсөн. Тэгээд нийслэл нь 800 мянган хүн амтай гэдгийг хэлсэн. Гэхдээ одоо хэд болсныг сайн мэдэхгүй байна. Бас гурван ч Чингис хааны хөшөөтэй, тэдний нэг нь их том, дотроо зоогийн газар, музей гэдгийг мэдсэн. Тиймээс дэлхийн хамгийн том Чингис хааны хөшөөг буцахаасаа өмнө үзнэ гэж төлөвлөж байгаа. Учир нь би улс үндэстнийг номноос уншсан мэдээллээрээ дүгнэх боломжгүй, зөвхөн нүдээр харж байж дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн бодолтой явдаг хүн.
-Шоунд ямар дуу дуулахаар төлөвлөж байна вэ?
-Шоуг зохион байгуулагчид намайг дуучин Б.Баярцэцэгтэй хамтарч дуулах санал тавьсан. Түүнээс гадна нэг испани дуу, попера урсгалын дуу дуулахыг зөвлөсөн. Гэхдээ эцсийн шийдвэрийг зохион байгуулагчидтай ярилцаж байгаад гаргана. Би ч бас хэд хэдэн дуу дуулах бодолтой бэлдэж ирсэн байгаа. Хэрэв үзэгчид сонгодог уран бүтээл сонсохыг хүсэж байгаа бол би татгалзахгүй.
-Онгоцны цонхоор Улаанбаатарыг харахад ямар сэтгэгдэл төрөв?
-Би газардахын өмнө онгоцны цонхоор хараад продюссертээ “Их том хот юм аа” гэж хэлж байлаа. Москвад буухын өмнө харахад энд тэндгүй гэрэл гялалзаад л их том харагддаг шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт буухад ч бас гэрэлтсэн барилгууд хаа сайгүй харагдсан. Тэгээд их том хот байна даа гэсэн сэтгэгдэл төрлөө.
Одоо бид жаахан амарсны дараа хоттой танилцана. Тэр үед л сэтгэгдлээ хэлж болох байх. Улаанбаатар хоттой танилцаж амжаагүй байгаа яаран дүгнэлт хийх аргагүй юм. Яг одоо төрж байгаа сэтгэгдэл гэвэл их утаатай газар байна даа гэж бодогдож байна.
-Таныг Монголд тоглох урилгыг их уриалгахан хүлээж авсан гэсэн. Монголд орныг яагаад тэгж их сонирхсон юм бэ?
-Монголд ажиллаж байсан консерваторийн багшдаа Монгол руу явах гэж байгаа тухайгаа дуулгатал “Чи ямар азтай юм бэ. Би Монголд очихыг их хүсэж байна” гэсэн. Тэр Монголд ирэлгүй 20 жил болж байгаа гэсэн. Танай улсад төгөлдөр хуурчаар, харин нөхөр нь балетмейстерээр ажиллаж байсан юм билээ. “Би түүнд эхлээд очиж үзье” гэтэл “Монгол Улс чамд таалагдана аа. Би мэдэж байна” гэсэн. Тэгэхэд нь би тэгвэл “Дараа нь хоёулаа хамт явъя” гэж хэлсэн. Энэ удаагийн шоунд оролцохоос гадна надад Монголд ирж дуурь болон попера тоглолт хийе гэсэн бодол бий.
Энд олон жил ирээгүй багшийгаа дагуулан дараа дахин ирнэ. Багш маань хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахсан гэж хүсэж явдаг гэсэн. Түүнчлэн багш маань “Монголчууд их найрсаг, зочломтой хүмүүс. Яг л жаахан хүүхэд. Тэд үргэлж инээмсэглэж явдаг” гэсэн. Багшийн үг үнэн бололтой. Энд сууж байгаа монголчууд бүгд л инээмсэглэж байна шүү дээ. Энэ сайн хэрэг. Дэлхий дээр ингэж инээмсэглэж явдаггүй олон мянган хүн байдаг.
-Та их шахуу цагийн хуваарьтай байдаг уу?
-Тийм ээ. Өмнө хэлсэнчлэн би энд тоглосны дараа Францад, дараа нь эх орондоо тоглож, тэгээд Америк руу ниснэ. Түүний дараа төрөлх хотдоо тоглолттой, бас Францад цомог гаргана. Нэг ажлаас нөгөө гүйж явдаг хүн. “Ойр ойрхон олон гишгэснээс оновчтой ганц том алх” гэсэн зүйр үг байдаг юм. Гэхдээ миний ажил тэгэх боломжгүй юм даа. Амьдрал гэдэг ямар ч хүнээс хурд шаардах юм байна шүү дээ.
-Та өмнө нь Монгол хүнтэй уулзаж байсан уу?
-Үгүй ээ. (Энэ үеэр продюссер нь түүнийг нэг монгол охинтой уулзаж байсныг сануулав) Өө нээрээ тийм л дээ. Өнгөрсөн 30-нд бид их яриа, сэргэлэн монгол охинтой тааралдсан. Удахгүй Монгол руу явж тоглолтод оролцох гэж байгаа тухайгаа хэлтэл тэр “Монголд уулзъя” гэж хэлсэн.

Биднийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлын танхимд ийн ярилцаж дуусмагц тэр зочид буудал руугаа хөдлөхөөр гадагш гарлаа. Түүнийг хэд хэдэн телевиз болон мэдээллийн цахим хуудасны сурвалжлагчид тосон авч цөөн асуултад хариулт авсан юм.

-Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Нийслэл нь их том юм. Би монголчуудад дуулж сонирхуулах гэж ирсэн. Гэхдээ цаашид Монголын ард түмнийг ирээдүйн итгэлт найз нөхөр минь болно гэж найдаж байгаа.
-Өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Яг одоо Москвад шөнө дунд болж байгаа. Долоон цаг ниссэн тул багагүй ядарч байна. Тэгэхээр юуны өмнө унтаж амрах байх. Харин дараа нь Улаанбаатар хоттой танилцана. Юуны өмнө Чингис хааны хөшөөг л үзмээр байна.
-Цас хаялаад таныг их сайхан угтаж байна. Монгол улс таны зочилж буй хэд дэх орон болж байна вэ?
-Энэ цасыг бид Москвагаас авчирсан юм. Монголчуудад авчирсан бидний бэлэг. (инээв.) Би сайн мэдэхгүй байна. Аялж байсан орнуудаа тоолж байсангүй. Ямар ч байсан Европын орнууд болон Америкийн бүхий л улсад очиж байсан.
-Шоуны үеэр та үзэгчдэд ямар бэлэг барих вэ?
-Миний өгөх бэлэг гэвэл дуунуудаа дуулах. Оросын дуурийн дуучин Галина Вишневская намайг “Оросын гайхамшиг” хэмээн нэрийдсэн. Харин би гайхамшиг гэж юу болохыг харуулахыг л хичээх болно.

No comments:

Post a Comment