Түргэн хэмнэлтэй, бас бага зэрэг гуншсан дуугаар нь хип хоп сонирхогчид түүнийг андахгүй. “Мистер догс” хамтлаг уянгалаг дуунуудаараа сонсогчдыг байлдан дагуулж байх үеэс л урлагт хөл тавьсан тэрбээр “Опозит”, “Ванкүиш” зэрэг залуу уран бүтээлчидтэй харьцуулахад хип хоп хөгжмийн ертөнцөд арваад жил хүчин зүтгэж буй хал цэрэг. Гэхдээ л түүнийг залуус Н.Цэлмэг гэхээсээ илүүтэй TJ нэрээр нь анддаггүй. “Хакуна Матата”, “Let’s dance” зэрэг залуусыг байлдан дагуулсан уран бүтээлээр Монголын хип хоп урлагт шинэ өнгө аясыг нэвтрүүлээд буй түүнтэй уулзаж, ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-“Ванкүиш”, “Опозит”, Тижи гэсэн уран бүтээлчид хамтарч дуулах болсныг сонсогчид анзаарсан л байх. Бид цаашдаа ч хамтран ажиллах болно. Түүний зэрэгцээ тус тусын уран бүтээлээ ч эрхлэн гаргаж байгаа. Миний бие дааж дуулсан уран бүтээлүүд тун удахгүй сонсогчдын хүртээл болно.
-Тижиг цөөнгүй жил дуулж байгаа гэдгийг сонсогчид мэднэ. Гэхдээ бие даасан уран бүтээл гаргаж байсан нь тоотой хэдхэн байх. Энэ ямар учиртай вэ?
-Тийм ээ. “Мистер догс” хамтлагт албан ёсоор хоёр жил дуулсан. Түүнээс хойш “Татар” хамтлагийнхантай хамтран уран бүтээл туурвиж байв. Тус хамтлагийн анхны цомог болон хамгийн сүүлд гаргасан “Freedom” цомогт ч надтай хамтран дуулсан дуу багтсан байгаа. Гэхдээ би цомог гаргаж, тоглолт хийнэ гэсэн зорилго өвөртөлж дуулж байгаагүй. Сонирхлоороо л дуулж байсан. Хэдийгээр fm-ээр цацаж, дүрсжүүлээгүй ч ганцаараа дуулсан нэлээд хэдэн дуу бий. Гэхдээ 40, 50-иараа бол байхгүй. Аливаа зүйл элбэг байх тусмаа үнэ цэнээ алдчихдаг талтай.
-Тижи ямар арга барилаар бусад репперүүдээс ялгардаг вэ?
-Би ер нь oldschool урсгалаар түлхүү дуулдаг. Гэхдээ нэг урсгал чиглэл бариад дууны аяндаа зохицуулж, эсвэл үгэндээ тохируулан ая зохиосон тохиолдол байхгүй. Сүүлийн үед өөрийн хоолойнд тохирсон ая сонгон дуулж, аль болох өөрийгөө эвдэхгүй байхыг илүүд үзэх болсон.
-Өөрийг чинь их хурдан хэмнэлтэй үглэдэг байсныг мэдэх юм. Одоо харин бага зэрэг өөрчлөгдсөн шиг санагдсан.
-Хурдан хэмнэлтэй дуулахад цаг хугацаа их шаарддаг. Тэгээд ч ийм техниктэй дууг манай сонсогчид хүлээж авах болоогүй байх шиг байна. Нэг танил маань “Чиний юу дуулаад байгааг ойлгохгүй болохоор нь бичлэгийг нь удаашруулж ч үзлээ” гэсэн удаатай. Яг техинкийн дагуу дуулах үед зарим үгний өргөлт алдагдах, хоёр үг нийлж сонсогдох гэх мэт ойлгомжгүй өөрчлөлт гардаг. Хип хоп дууны хувьд шүлгийн агуулга нь их чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс сүүлийн үед арай удаан хэмнэлтэй дуулах болсон.
-Цаашид ямар урсгалаар дуулах бодолтой байна вэ?
-Бүхий л урсгал чиглэлээр уран бүтээл хийнэ гэсэн бодолтой байгаа. Мэдээж баруунд энэ төрлийн урлаг ямар хандлагатай байгааг ажиглаж, уран бүтээлийнхээ хэв маягийг түүнтэй нийцүүлнэ. Баруунд хит болж байгаа гээд тэр чигт нь хуулчихвал амьгүй, хиймэл болох юм шиг санагддаг. Монгол хүний сэтгэхүй, уламжлалд нийцүүлэн бага зэрэг өөрчлөх нь зүйтэй болов уу. Гэхдээ ийм уран бүтээл хийнэ гэдэг амаргүй. Их авьяас, туршлага, мэдрэмж шаардагдана.
-Шинэ зуунд барууны хөгжмийн ертөнцөд репперүүд хүч түрэх болсон. Гэтэл манай хип хоп урлагт бие даасан уран бүтээлч амжилт гаргах нь ховор юм.
-Манайд энэ төрлийн урлаг хөгжөөд арав гаруй жил болж байна. Гэтэл баруунд хип хоп урлаг 60, 70 жилийн өмнө үүссэн. Тэгэхээр энэ нь туршлагатай шууд холбоотой. Манай сонсогчид нэг реппер дуулбал хоёрдугаар бадгаас нь эхлээд л залхчихдаг. Тэгэхээр хоёр гурван дуу дуулаад эхэлбэл улиг болоод бүр дургүйцнэ. Олон хүнээс олон санаа гардаг тул түүнийг нь сонсогчид анхаарч, хамтлагуудын уран бүтээл сонсогчдын сэтгэлд илүү нийцдэг. Харин барууныхан сонсогчдын хэрхэн уйдаахгүй байх арга барил, ямар сэдэв сонгон авах вэ гэдгээ олон арван жилийн туршлагадаа үндэслэн ойлгочихсон байдаг.
-Хип хоп хөгжим бусад урсгалуудаас юугаараа ялгаатай вэ?
-Поп хөгжим сэдвийн хувьд хумигдмал байдаг бол рок хэт туйлширдаг. Гэхдээ туйлширч байгаагийнхаа ачаар гайхалтай уран бүтээл гаргаж байгаа тул тэднийг үгүйсгэх аргагүй. Харин хип хоп урлаг бол бүхий л сэдвээр чөлөөтэй дуулах боломж олгодгоороо онцлог. Тиймээс хамгийн эрх чөлөөтэй хөгжмийн урсгал гэж нэрлэсэн ч болох. Үүний тод жишээ ньүүсэн хөгжиж байхдаа хаагдмал байсан хип хоп урлаг өдгөө даяаршлагдаж, дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Ардчилал байгаа газар л хип хоп урлаг хүчээ авч, Монголд ч энэ жишгээр хөгжиж байгаа. Хэдхэн жилийн өмнө эрх мэдэлтнүүдийн өмнө хүн бүр л толгой бөхөлздөг байсан бол одоо нийтээрээ эрх мэдэлтэн гэдэг муу муухай хүний тоонд оруулан бодох болсон. Эрх мэдэлтнүүдийн нэр хүндийг унатал нь дуулж байна гэдэг урлаг ямар хүчтэй болохыг харуулж буйн бодит жишээ. Энэ сэдвийг хөндөөгүй хип хопчид Монголд үгүй байх.
Түүнээс гадна дуучдад шүлгээ зохиодог нь уран бүтээлдээ өөрсдийн ертөнцийг үзэх үзэл, бодлоо шингээдгээрээ бусад урсгалаас давуу. Дууг нь сонсоод л тухайн репперийн зан араншин, үзэл бодол гээд л дотоод ертөнцийг ойлгочихож болдог. Бас бусад урсгалыг бодвол хамгийн өрсөлдөөн ихтэй нь. Авьяас чадвар, мэдлэгээрээ шүүгдэж ард түмний дундаас энэ урсгалын уран бүтээлчид төрдөг тул репперүүд их хүчтэй. Жинхэнэ репперийг урлагийн талаар мэдлэгтэй цөөн хэдэн хүн тойрон сууж ярилцаж байгаад шүүж, авьяастай эсэхийг нь тодорхойлох боломжгүй байдаг.
-Арваад жилийн өмнө борооны дараах мөөг шиг олон байсан хип хопчдын тоо одоо тун цөөхөн болсон шиг санагдана. Энэ юутай холбоотой вэ?
-Би нэг зүйлд их харамсдаг юм. Хип хоп урсгалыг буруу тийш зүглүүлсэн эзэд нь “Flash”, “Noname”, “H2” гэх хамтлагууд. Хайр дурлалын сэдэвтэй дуу хийж болно л доо. Гэхдээ тэр үнэ цэнэтэй үгийг дуу бүрээрээ хэдэн янзаар илэрхийлэх шаардлагагүй. Бидний хувьд тэдгээр дууг нь сонсоход утга санаа, шүлэг, ая гээд уран бүтээл гэж нэрлэхэд ч хэцүү. Уран бүтээл гэдэг оюунлаг, сонсогчдыг сайн сайхан зүйл сэнхрүүлэх чадвартай байх ёстой.
Монголын нийгэмд хайраас өөр дуулах сэдэв асуудал олон байна шүү дээ. Хэдийгээр улс хөгжиж байгаа ч нийгэм тэр чигтээ сайхан болчихоогүй байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л ямар ч боловсролтой сайн залуу байлаа гээд зөвхөн цалингаараа байр, унаатай болж, элбэг хангалуун биш юмаа гэхэд дутагдаж гачигдах зовлонгүй амьдарч чадахгүй байна. Заавал бусдыг залилж, хууль бус зүйл хийж байж л өөрийн наад захын хэрэгцээгээ хангаж байна. Нийслэлээр дүүрэн дээд боловсролтой залуус лааз өшиглөөд явж байхад гаднын иргэдийг авчирч хэдэн саяар цалинжуулж ажиллуулах шаардлага байгаа ч уу, үгүй ч үү. Хэрэв монгол залуус тэр ажлын байрны шаардлагыг нь хангахгүй байвал гадаадад сурч боловсрох боломжийг нь бүрдүүл л дээ.
Хамтлаг дуучид цөөрсөн гэдгийг хувьд би санал нийлдэггүй. Харагдаж байгаа нь тоотой хэдхэн мэт боловч цөөнгүй дуучид, хамтлагууд уран бүтээл гаргаж л байна. Гэхдээ манай сонсогчдын шалгуур их өндөр болсон байна. Ямар дууг сонсож, ямрыг нь сонсохгүй байх вэ гэдгээ мэддэг болсон. Тиймээс тэр шалгуурт нийцэхгүй нэг нь огт анзаарагдалгүй тоглоомоос гарч байгаа хэрэг. Арав гаруй жилийн өмнө хип хоп гэдэг урлаг монголчуудын хувьд цоо шинэ зүйл байлаа. Шинэ бүхэн хүмүүсийн анхаарлыг татдаг. Тиймээс тухайн үед хип хоп гэсэн топотголтой бүхэнд хошуурч, ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр гаргасан дуу бүхнийг хүлээн авдаг байснаас тийм олон хамтлаг, дуучид оршин тогтносоор байсан хэрэг. Өнөө цагт дуулж байхдаа ганц л буруу үг хэлчихвэл рейтинг нь унаж, цаашид уран бүтээл хийвэл амжилт олох эсэх нь эргэлзээтэй болсон. Тэр хэрээр хип хоп урлагийн босго өндөрссөн.
-Саяхнаас бие биенээ муулсан дуу бүтээдэг моод дэлгэрээд байна. Энэ хэр ач холбогдолтой юм бэ?
-Баруунд diss гэх мэт төрөлд байдаг л даа. Манайд нөгөө монгол хүний атаач зантай холбоотой энэ урсгал их хавтгайраад байна. Уг нь diss нь бусдын шүүмжлэлээс алдаа дутагдлаа олж харан, өөртөө дүгнэлт хийх боломж олгох ач холбогдолтой.
-Гэхдээ баруунд бусдыг харааж зүхэн, царай зүс, биеийн галбираар нь доромжлох тохиолдол гардаг уу?
-Тэр бол чөлөөтэй. Гагцхүү тухайн шүүмжлүүлсэн хүн хэрхэн хүлээж авахаас л шалтгаалдаг.
-Сүүлийн үед нэрд гарч яваа нэгнээ шүүмжилсэн дуу гаргаж бусдын анхаарлыг татан, амжилт олох гэсэн башир аргатай залуус олширсон байх юм.
-Бусдыг шүүмжлэх үед шүүмжлэгчийн зүг олны анхаарал сарнидаг бичигдээгүй хууль бий л дээ. Манайд ч саяхныг хүртэл тийм л байсан шүү дээ. Хаана хэрүүл зодоон болж байна тэр газар хүмүүс бөөнөөр цугладаг байсан. Харин өнөө цагт залуусын сэтгэлгээ отг өөр болсон байна. Муу муухай зүйлийн үр дагаврыг ухамсарладаг болж. “Залуусын олонх нь хоёр солонгосыг найрамдаасай” гэж бодож суугаа. “Дайтаасай” гэж бодож, ярьж яваа хүмүүс ч бий байх. Гэхдээ тун цөөн. Монголчуудын оюуны түвшин их өндөр болсон тул ийм аргаар амжилт олох гэсэн үйлдэл тун удахгүй урлагаас шахагдах байх.
-10 жилийн өмнөхөөс Монголын хип хоп хөгжиж чадсан уу?
-10 жилийн өмнөх дууг өнөөгийн бидний гаргаж байгаа дуутай харьцуулан сонсоход л энэ асуултынхаа хариуг олно. Тухайн үед барууны чадварлаг хөгжмийн зохиолчид, найруулагчдын дууг хуулбарладаг байсан тул зарим хүнд хөгжихгүй байгаа юм шиг санагддаг байх л даа. Гэхдээ одоо бол манай уран бүтээлчид өөрсдөө аяаа зохиож, дуугаа дуулж байна.
Тухайн үед уран бүтээлээр цангасан байсан учир гаргасан бүхнийг нь сонсдог байсан бол одоо интернэт, MTV-ээр сонссон уран бүтээлтэйгээ харьцуулан жишиж, дүгнэлт хийдэг болчихож. Гэхдээ манай уран бүтээлчид чадварлаг. Барууны хип хопчидтой өрсөлдөхүйц өсөж хөгжсөн. “Тэгвэл яагаад Монголын хип хоп MTV-гээр гарахгүй байгаа юм бэ” гэж хүмүүс гайхах байх. Өөрсдийн гэсэн зах зээлийг хэдийнэ олчихсон барууны уран бүтээлчид Монголын хип хопчдод байраа тийм амархан тавиад өгчихгүй. Манай Монголд MTV шиг кабелийн хөгжмийн суваг байсан бол бид хэдийнэ олон улсад танигдчих байсан гэдгийг би бардам хэлнэ.
No comments:
Post a Comment