Ажлын ачаалал нэмэгдэж, амралтын хугацаа дуусах зуны сүүл сард л “Cosmopolitan” сэтгүүл Монгол хувилбартай болох нь гэсэн яриа чих дэлссэн. Намрын налгар өдрүүдэд дуншсаар борлуулалтаараа дэлхийд толгой цохидог уг сэтгүүлийн 61 дэх хувилбарын нээлт уржигдар шоу тоглот, үдэшлэг гэсэн хоёр хэлбэрээр боллоо.
Хүлээлтээр дүүрэн эхлэл
Дэлхийн хэмжээний оддыг Монголын тайзнаа цуглуулж, шинэ спорт цогцолбор дахь анхны шоуг тоглолтыг хийнэ хэмээн амласан тул “Cosmo love” шоу тоглолт багагүй хүлээлт үүсгэчихсэн байсан бололтой. Барууны шоу бизнесийн ертөнцөд чамгүй амжилттай яваа дуучин Николь Шерзингер Монголд ирэх болсон тухай мэдээлэл хагас сарын өмнөөс л цацагдсан цагаас л энэ хүлээлт эхлэлсэн гэж хэлж болно. Эвлэгхэн хөдөлгөөн, чадварлаг хоолойгоороо барууны сонсогчдыг байлдан дагуулсан Николь хэдийд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух бол гэсэн хүлээлт сэтгүүлчид төдийгүй залуусын сонирхлыг ч татаж байв. Түүнийг ирэхгүй болсон талаар шоу зохион байгуулагч “Ирмүүн” агентлагийнхан мэдээлсэн ч үзэгчдийн хүлээлт үүгээр төгсгөл болсонгүй. Дэлхийн хамгийн шилдэг бүжгийн хамтлаг гэгддэг “Тодес”-ийн хараа булаам бүжиг, эмэгтэй дээд өнгөөр дуулах чадвартай контртенор Олег Безинских, Европын үзэгчдийн анхаарлыг татаж буй Ч.Урнаагийн хэрхэн дуулахыг харах гэсэн хүлээлт үзэгчдийн сэтгэлд хадгалаастай хэвээр. Шинэ цогцолбор хүрэх замд уржигдар орой уртаас урт дараалал үүссэн байсан нь үүний нотолгоо.
Өвлийн эхэн сартай уралдан нээлтээ хийсэн спорт цогцолборын хаалгыг татвал цогцолборт хэдийнэ үзэгчид цуглачихаж. Танхимын голд зуны дунд сарын үдшийн тэнгэрийг санагдуулам оддоор чимсэн нүсэр том тайз байрлуулчихаж. Үзэгчдийн талаас илүү хувь нь хэдийн цугласан ч тоглолт цагтаа эхэлсэнгүй. Дахиад л хүлээлт. Бараг цаг орчим чилээсний эцэст танхим ч дүүрч, тоглолт ч эхэлсэн.
“Гайхмаар” эхлэл
“Дэлхийн хэмжээний сэтгүүлийн дэлхийн хэмжээний тоглолт” гэсэн сурталчилгааны үеэр уншиж байсан тоглолтын тодотгол сэтгэлд тод санагдах тул үзэгчид уулга алдан гайхширах үеийг өнгөрүүлчихгүймсэн гэсэн бодол толгойноос үл сална. Хачирхалтай нь ёстой гэнэтийн гэмээр эхлэл болох нь тэр. Бие халаалт гэж эндүүрэм дижей Алисиа Спутникийн тоглосон аялгуугаар үзэгчид бүжиглэх үү, алга таших уу гэдгээ гайхаж ядан “гайхмаар” эхлэлийг хүлээн авах нь тэр.
Тоглолтын баатрууд “Тодес”
Тоглолтын учрыг ойлгож ядан байтал “Тодес”-ийн бүжигчид залгаж гарч ирсэн нь үзэгчдийг анхаарлыг эрхгүй татсан. Шоу тоглолт гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах тэд үзэгчдийг хэрхэн байлдан дагуулах, хэрхэн хөгжөөхөд хэдийнэ дадчихаж. Үзэгчдийг уулга алдтал гүйцэтгэх гоцлол бүжигчдийн үсрэлт төдийгүй хормын дотор хувцсаа сольчих шидийн юм шиг сэргэлэн арга нь ч манайхныг багагүй хөгжөөсөн.
Хилийн чанад дахь уран бүтээлчдээр хичээл заалгасан үдэш
Ингээд л ар араасаа сонирхолтой үзүүлбэрүүд үргэлжлэх нь гэсэн бодол замхраан өнөөх л монгол маягийн шоуны улиг болсон арга барил болох үзэгчдийг алга ташуулж, тоглолтын хормоос хумслах зорилготой хөтлөгчид тайзнаа гарч ирэх нь тэр. Ижилхэн хослолоор гангарч, “Космо”-гийн илэрхийлэл болсон адилхан ягаан цамц өмссөн жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин нарын спортын танхимд сарнин үзэгчдэд үл сонсогдох ярианы төгсгөлд “Киви” гэсэн үг дурдагдсанаар дараагийн номерын баримжааллаа.
“T zone” гэх хөнгөн хэмнэлтэй дуугаар эхэлсэн тэдний тоглолт замхран, чихний үзүүр үл сонсогдох дуугаар өндөрлөх нь тэр. Эсвэл тэд зүгээр л бүжиглэхээр гарч ирсэн юм болов уу хэмээн гайхаш төрүүлэх энэ алдаа Д.Болдыг дуулах үеэр давтагдсан. Дэгжин хувцаслалт, чихэнд хоногшсон танил дуугаа понограммгүй дуулан хөгжмийн ертөнцөд цөөнгүй жил хүчин зүтгэхдээ иймэрхүү эвгүй байдлыг эвтэйхэн залруулчих туршлага суусан хал цэрэг гэдгээ сануулаад амжсан.
Манайхны тоглолт ч тэгэсгээд өнгөрч. Харин Азийн дива хэмээгддэг Ч.Урнаа суугаагаараа дуулж, Олег Безинских танхимын нөгөө захад байгаа үзэгчийн чихэнд ч тодоос тод сонсогдохоор дуулан “онгирчих” шиг болов. Үнэндээ учир үл мэдэх нэгэнд техникийн саатал биш, хилийн чанад дахь уран бүтээлчид хичээл заачихаж байгаа шиг сэтгэгдэл төрөхөөр тоглолт болсныг нуух юун.
Никольтой Никольгүй хийсэн тоглолт боловч…
Дэлхийн нэр хүндтэй оддыг эх орныхоо тайзнаа тоглуулж, үзэгчдэд бэлэг барина гэсэн “Ирмүүн” агентлагийн хамт олны дэврүүн сэтгэлийг дэмжихээс аргагүй. Гэхдээ Ч.Урнаагийн тоглолт залуусыг бухимдуулсан шиг “Тодес”-ын тоглолт, тэднийг дэмжих үзэгчдийн алга ташилт хижээл насны үзэгчдийн дургүйцлийг төрүүлсэн нь энэ тоглолтын бас нэгэн дутагдал болсныг сануулах нь зүйтэй. Энэ шалтгаанаар хоёр цаг үргэлжилсэн “Cosmo love” шоуны талаар таагүй сэтгэгдэлтэй үлдсэн үзэгчдийн тоо хэд дахин нэмэгдсэн нь гарцаагүй.
No comments:
Post a Comment