25-хан настай хэрнээ тэр хэдийнэ бүсгүйчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр булаадаг ажил болох Холливудын дээд зэрэглэлийн жүжигчин болж, түүнээс ч дур булаам бас нэгэн зүйлийг өөрийн болгосон нь нөхөр Райн Рейнолдс нь. Түүнчлэн тэр шинэ цомгоо ч өлгийдөн авч амжсан. Биднийг хүндлэлийг хүлээсэн эл залуухан хатагтай гэрлэлт, ажил, болон эрчүүдийг харцыг булааж, хүүхнүүдийн атааг хөдөлгөдөг биеийн галбирынхаа тухай “Glamour” сэтгүүлд ярьжээ.
Багаас кино урлагт хөл тавьж, хэрэгт дуртай олны өмнө өсөж торнихын зовлонг хүмүүс сайн мэддэг болсон. Холливуд хэмээх өнгөцхөн харахад сайхан боловч, өрсөлдөөн тэмцэл ихтэй ширүүн, буруу гишгэсэн ганцхан алхам нь амьдралыг нь тэр чигт нь хөмрүүлж мэдэх хатуу ертөнцөд дэндүү эрт хөл тавьсан цөөн жүжигчдийн нэг нь Скарлет Йохансон. Гэхдээ л тэр баргил хоолой, цэвэрхэн арьс, гоолиг бие, авьяас чадвараараа энд хэдийнэ хөлөө олсон.
Кино наадамд хамгийн анх нэр дэвшихдээ тэр 10 настай байсан гэдэг. Үүнээс хойш хэд хэдэн кинонд тоглож, найруулагчдын анхаарлыг татсаны эцэст “Арал” (2003) киноны гол дүрд тоглохдоо мэргэжлийн жүжигчин болж өсөж торнисноо баталсан. Ингээд л ажил ар араасаа хөврөх нь тэр. Жил бүр найруулагч Вуди Аллентай хамтарч ажиллах болсон түүнийг судлаач, шүүмжлэгчид “Энэ бол аз биш. Үзэгчдийн эрэлт хэрэгцээ тэднийг ийн холбож байгаа юм” хэмээн тодорхойлж байсан удаатай.
-Таны гаргасан цомог гайхалтай сайхан болжээ. Пете Йорнтой хамтран ажиллах ямар санагдав?
-Бид эртний танилууд. Би Йорны ах дүүстэй цөөнгүй удаа хамтарч ажиллаж байсан юм. тэд бүгд л энтертайнмент ертөнцөд хүч сорьдгийг та мэдэх байх. Нэг өдөр Пете над руу “Сайн уу? Чи цомог гаргахыг хүсэж байна уу?” гэсэн зурвас илгээх нь тэр. Надад тэр зурвас их хачирхалтай санагдаж, би бүр гайхсандаа “Пөөх” гэж уулга алдаж билээ. Гэхдээ л түүн рүү “Тэгэлгүй яах вэ. Яагаад болохгүй гэж” гэсэн хариу илгээсэн.
-Тэр таны дуулдаг гэдгийг яаж мэддэг байсан юм бэ?
-Тэр мэддэггүй байсан юм.
-Зүгээр л таныг дуулж чадах байх гэж таамагласан хэрэг үү?
-Пете их өвөрмөц зүйл мөрөөддөг залуу. Тэднийх нь нэг нь дуэт цомог гаргах. Намайг дуулж эхэлмэгц Пете “Чамайг сайн дуулж чаддагт чинь би их баяртай байна” гэж билээ.
-Танд мюзикл жүжигт тоглох бодол төрдөг үү?
-Бродвэйд ажиллах боломж олдвол сайхан л байна. Гэхдээ би тайзны уран бүтээлд хүч сорьж чадах эсэхээ мэдэхгүй байна. Би нэг л сандарчихвал бүх зүйлийг баллачихдаг дутагдалтай хүн.
-Тийм гэж үү?
-Жүжиг сүйрүүлчихнэ л гэсэн. Гэхдээ багаасаа тийм сандруу байсан юм биш ээ. Өсвөр насны охин байхдаа л ийм болчихсон.
-Таныг камерын өмнө өссөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хэзээ ч болхи, эв дүйгүй харагддаггүй шүү дээ.
-“Морьтой ярилцагч” кинонд тэгж харагддаг. Одоо тэр киногоо үзэхээр хамаг бие хөндүүр оргих шиг л болдог. Гэхдээ юм туурсан нүүр, сэгсийсэн үснээсээ ичсэндээ тэгж байна уу гэвэл үгүй. Зүгээр л болхи, эв дүйгүй жүжиглэснээсээ санаа зовж байгаа юм.
-Та саяхан нэгэн сонинд өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байдаг тухайгаа өгүүлсэн байсан.
-“Төмөр хүн 2”-т тоглохын тулд би завсар зайгүй бэлтгэл хийх шаардлагатай болсон. Яг л тагнуулч шиг эвлэгхэн хөдөлдөг болохын тулд би өдөр бүр дасгал хийж, хоолныхоо цэсэнд ч багагүй анхаарал тавьсан. Гэхдээ энэ үеэр намайг 7 кг хаясан гэдэг мэдээлэл худал. Ид шид л намайг тийм богино хугацаанд 7 кг тураах биз. Гэхдээ би бусдын биеийн галбирыг сэтгүүлээс хараад атаархаж суугчдын нэг биш. Жүжигчин хүн өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй болдог. Тиймээс би жүжигчин болсон цагаасаа л өөртөө сэтгэл хангалуун байх болсон.
-Тэгээд та биеийн жингээ хэрхэн барьдаг юм бэ?
-Би үзэсгэлэнтэй биш, сайхан харагдахыг л хүсдэг. Арьс минь аймшигтай, би өөрөө ядарч туйлдсан мэт харагдахгүй байхад л болно. Дэлгэцнээ гарч, дүр амилуулдаг тул өөрийн биедээ анхаарал тавих нь бидний ажлын нэг хэсэг. Гэхдээ би гоолиг, дур булаам биетэй болохсон гэж хүсдэггүй.
-Олон жүжигчин хоолны дэглэмдээ ихэд анхаарал хандуулдаг биз дээ?
-Сэтгүүл эргүүлтэл целлюлиттэй, жүрж шиг гуятай бүсгүй зураг байвал хэн ч таашаахгүй. Тэр хүний хэн байх нь хамаагүй. Бүгд л муулан, доромжлох болно. Хүмүүс галзуу юм шиг улангасан дайрч, амаа уралдуулан тэр зургийг шүүмжилвэл хэн ч гайхахгүй. Тиймээс л тэд биедээ анхаарал хандуулах шаардлагатай болдог.
-Харин та энэ галзуурлаас хэрхэн ангид байдаг вэ?
-Эцэг эх минь надад тийм хүмүүжил олгосон.
-Өнгөрсөн хугацаанд та олон кинонд тоглосон. Тэдэн дунд чинь тачаангуй бүсгүйн дүр ч цөөнгүй бий. Хэдийнээс тачаангуй бүсгүйн дүрд тоглох болсон бэ?
-17 бил үү 18 настай байхдаа. Охин биш, бүсгүй хүний дүрд тоглосон минь сэтгэлийг минь их хөдөлгөсөн шүү. Гэхдээ би тачаангуй эмэгтэйн дүр бүтээх гэж огт хичээгээгүй. Харин ч их энгийн байхыг бодсон. Учир нь тачаангуй харагдах гэж хэт их хичээх нь хамгийн тачаангуй бус байдлыг үүсгэдэг.
-Үеийнхнийгээ бодвол та маш олон зүйл амжуулсан бүсгүй. Юу таныг ийм амжилтад хүргэсэн юм бол?
-Би амьдрахын төлөө жүжиглэж мөнгө олж байгаа жирийн л эмэгтэй. Дараагийн ажлаа олохын тулд цаг зуурын ажил эрхэлж байгаа гэдгээ мартахгүй байхыг л хичээдэг. Хүссэн дүрээ авахын тулд цаг үргэлж тэмцэх ёстой.
-Таван жилийн дараа кино ертөнцийг байлдан дагуулна гэсэн бодол төрдөг үү?
-Таамаглах аргагүй шүү дээ. Би өөрийн нарийн боовны газар нээчихсэн зогсож байх ч юм билүү хэн мэдлээ. Яг л кинонд гардаг шиг амьдрал хэрхэн эргэхийг би таашгүй.
-Чухам ямар шалтгаан таныг залуугаараа нөхөрт гарахад хүргэсэн юм бэ?
-Би гэрлэх тухай огт бодож, төлөвлөж байгаагүй. Райн бид хоёрын гэрлэлт бол жамаараа болсон явдал. Тиймээс би өөрийгөө алдсан гэж боддоггүй.
-Гэхдээ л бусдаас өөрөөр амьдарч байгаа юм шиг санагддаггүй юү?
-Миний бусдаас ялгарах ганцхан ялгаа гэвэл өөрийн гэр бүлээ зохиож байгаа явдал. Яг л жижиг омог байгуулж байгаа шиг. Хүмүүс хайр сэтгэлийн харилцаа өөрийг нь засдаг гэж боддог. Тэр үнэн. Өөрийгөө таньж мэдэх боломж олгодог юм билээ.
-Танд улаан хивсний ёслол таалагддаг уу?
-Улаан хивсний ёслолд би хоёр талтай ханддаг. Гэртээ хувцсаа өмсөн бэлэн болчихсон байгаа үед л улаан хивсний ёслол надад хамгийн их их таалагддаг. Харин яг улаан хивсэн дээгүүр алхаж байх үед тун таагүй мэдрэмж төрдөг. Хачирхалтай сонсогдож байгаа биз. Гэхдээ л тэр үед миний ам хатаж, зүрх дэлсэн, байдгаараа сандарчихдаг.
No comments:
Post a Comment