Стив Уондер гэж чухам хэн бэ гэдгийг тайлбарлах нь илүүц биз. 25 удаа “Грэмми”-гийн шагнал хүртсэн гэх ганцхан өгүүлбэр түүний ямархан суу билигтэй авьяаслаг уран бүтээлч болохыг батална. Энэ цаг үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч, нийгмийн идэвхтэн тэрбээр Барак Обамагийн Ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцсоныхоо дараахан Ларри Кингийн шоунд уригдаж байжээ. Харин энэ удаад бага нас, урлагт хэрхэн хөл тавьсан тухайгаа хуучлахаар зочилжээ.
-Та Ерөнхийлөгч Барак Обамаг ажлаа хүлээн авч байх үед баяр хүргэн, үдэшлэгт нь оролцон, дуулж байсан. Одоо түүнийг хэр сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна вэ?
-Би түүнийг муугүй ажиллаж байгаа гэж боддог шүү. Түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнөх найман жилд Америкийн нийгэм итгэл найдвараа алдаж, юм бүхэн замбараагүй, эмх цэгцгүй болчихоод байсан.
-Та нийгмийн идэвхтэн байсаар ирсэн. Харин одоо улс төрийн идэвхтэн болох бодол төрөхгүй байна уу?
-Би энэ тухай жилийн өмнө ярьсан санагдана. Би бүр жаахан байхаасаа л нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Ээж минь бусдын тусын тулд хөдөлмөрлөвөл Зул сарын баяраар томоос том бэлэг авна гэж сургадаг байсан учир л тэгж нийгэмд тустай хөдөлмөрт өөрийгөө дайчилдаг байсан. Хожим нь энэ байдал минь бүр зуршил болчихсон.
Гэхдээ улс төрд хүч сорих бодол байхгүй. Миний үзэл бодол, аливаа асуудалд хандах хандлага улс төрчдийнхөөс тэс өөр шүү дээ.
-За тэгвэл хоёулаа таны гайхалтай уран бүтээлүүдийн талаар хуучилъя. Та хаана өссөн билээ?
-Детройтод.
-Детройтын жаал байх нь ээ. Та төрөлхийн хараагүй юм уу?
-Тийм ээ, Детройтын унаган жаал. Үнэндээ би хараагүй төрөөгүй юм гэсэн. Гэвч тун удалгүй юм харж чадахаа больсон тухай гэрийнхэн минь тайлбарлаж өгсөн. Дутуу төрсөн учир инкубаторт бойжиж, амьд үлдэх эсэх минь ч эргэлзээтэй байсан гэдэг.
-Та жаахан ч атугай гэрэл мэдэрдэг үү?
-Заримдаа гэрэл мэдрэгддэг. Би өөрийнхөө өвчнийг нүдний торлог бүрхэвчийн эмгэг гэж оношилдог юм. Агаарын хэм, хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй энэ өвчин 1950-иад онд төрсөн хүүхдүүдэд их илэрдэг байсан гэх судалгаа бий. Эмч нарыг мэдэх үед нүдийг минь аврах аргагүй болчихсон байсан гэсэн.
-Та ах, эгчтэй юу?
-Би эцэг, эхээс долуул. Гэхдээ саяхан нэг ах маань өөд болсон.
-Тэд ч бас хараагүй юу?
-Тийм ээ.
-Аав, ээж хоёр тань энэ байдлыг хэрхэн хүлээн авсан бол. Аав тань тухайн үед юу хийдэг байсан юм бэ?
-Үнэндээ аав маань манай гэр бүлд тийм ч ач холбогдолтой хүн байгаагүй. Ээж минь л биднийг өсгөсөн. Тэр загасны үйлдвэрт ажиллаж, олсон орлогоороо биднийг тэжээдэг байлаа. Азаар намайг есөн настай байхад авьяасыг минь нээж, удалгүй “Motown” студитэй гэрээ байгуулсан. Түүнээс нэг жилийн дараа миний анхны уран бүтээл цацагдаж байлаа.
-Тэгээд гэрийнхнээ тэжээдэг болсон уу?
-Боломжийн орлого олдсог болсон.
-Урлагийн хүн болоход ээжийн тань нөлөө багагүй байсан байх даа. Та хэдийнээс төгөлдөр хуур тоглож эхэлсэн бэ?
-Тийм ээ. Би таван настай байхаасаа л төгөлдөр хуур тоглох болсон. Орчин тойрноо харах чадваргүй тул дуу хөгжим, авиа гэдэг миний хувьд их чухал зүйл байлаа. Тиймээс төгөлдөр хуурын даралтат хүрч авиа гарахыг нь сонсмогцоо л дурласан. Миний хамгийн анх тоглож сурсан аялгуу бол…
-“Three Blind Mice.”
-Яг тийм.
-Домогт хөгжимчин Жорж Шерингтэй ярилцаж байх үед хараагүй хүмүүсийн нэг давуу тал нь тэд хэзээ ч төгөлдөр хуурын даралтуудыг харах гэж хичээдэггүй тул энэ нь хөгжмөө мэдрэхэд илүү тус болдог гэсэн.
-Тийм шүү. Энгийн хүмүүс төгөлдөр хуур тоглох нь хараагүй хүн тоглохоос хэцүү байдаг. Учир нь тэд даралтаа хайж, хөгжмийн нотоо эргэн санах гээд нэг дор олон үйлдэл төлөвлөж, хийх шаардлагатай болдог. Тиймээс хараагүй хүмүүс төгөлдөр хуур тоглохдоо илүү сайн.
-Үүнийг батлагчдын нэг нь та. Та хамгийн анх ямар хөгжим зохиож байснаа санадаг уу?
-“Elephant Della” гэдэг нэртэй дуу зохиож байсан.
-“Elephant Della” гэнэ ээ?
-Энэ нэрийг би сэтгэлийнхээ гүнээс эрж олсон юм.
-Энэ дуу тань хит болсон уу?
-Хит болсон гэж бодохгүй байна. Одоо тэр дууг мэдэх хүн бараг үгүй шүү дээ. Тухайн үеийн сонсогчид ч бараг гадарладаггүй байсан.
-Тэгвэл таны анхны хит уран бүтээл тань юу байв?
-“Fingertips” нэртэй дуу.
-Гурав дахь цомогт тань багтсан дуу байх аа?
-Тийм ээ. Гурав дахь цомогт минь багтсан дуу. Миний сэтгэлээс урган гарсан жааз дуу байгаа юм. Анх “Motown”-д энэ дуугаа бичүүлж байхад аман хуур, төгөлдөр хуур, бөмбөртэй хоршиж байлаа. Удалгүй “Tribute to Uncle Ray” төрөн гарсан. Харин үүний дараагаар Калренс Пол хөгжмийн найруулгыг нь өөрчилж, “Fingertips”-ийг дахин бичүүлж байлаа.
-Та нэгэн цагт “Бяцхан Стив Уондер” гэсэн нэртэй байсан байх аа?
-Бие нь жижиг боловч хэзээ ч би жижигхэн байгаагүйм шүү. Зүрх сэтгэлдээ агуу зорилго тээсэн бяцхан жаал байсан. Тэр том зорилго өсөж томрох тусам бүр л том болж байлаа.
-Амар хуурыг танд л зориулан бүтээсэн юм шиг санагддаг.
-Хэрэв та Детройтод өссөн бол хөгжмөө олон янзын өнгөөр дугаргах олон аман хуурчтай таарна. Гудамжаар алхаж байхад л блюз аялгуу эгшиглүүлэх аман хуурч тааралддаг юм. Харин би нэгэн зул сарын баярын үеэр аман хууртай анх танилцаж байлаа. Авга маань надад аман хуур бэлэглэж билээ. Харин би товчлуур нь хааччихсаныг хайж, их л гайхаж байлаа. Удалгүй аман хуураа тоглож сурсан. Одоо бол миний хувьд саксафоны дараа орох чухал хөгжим. Аман хуур тоглож байх үед…
-Таны суу билигтэн хэмээдэг. Энэ эрхэм алдрыг их залуудаа хүртсэн шиг санагдана.
-Бусдаар суу билигт хөгжимчин гэж дуудуудлна гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Гэхдээ би үүнд төдийлэн ач холбогдол өгч байгаагүй. Их залуудаа ингэж дуудуулах болсноо би мэднэ. Үүнийг харин бурхны надад илгээсэн бэлэг, би ердөө л бурхны хүн төрөлхтөнд хэлэх гэсэн бүхнийг хөгжмөөр дамжуулан хүргэж буй элч гэж өөрийгөө боддог.
Хэдийгээр би 13 настайгаа алдартай болж, олон арван ярилцлага өгч, хэвлэлийнхний анхаарлыг татах болсон ч хүүхэлдэйн кино үзэж, үеийнхэнтэй тоглохыг л туйлын их хүсдэг байв. Үнэндээ би бяцхан жаал байсан юм чинь.
-Энэ олон арван хит бүтээл хаанаас ундран гардаг юм бэ. Та хэзээ ч хүмүүсийг харж байгаагүй. Өнгө гэж юу байдгийг мэдэхгүй. Тэр ч байтугай хамгийн сайн тоглож чаддаг төгөлдөр хуураа ч үнэндээ ямар дүрстэйг нь харж байгаагүй шүү дээ.
-Үнэнийг хэлэхэд төгөлдөр хуур, болон бусад хүмүүс гээд таны дурдсан болгоныг харсан байсан бол тэднийг сэтгэлдээ төсөөлөн бодоход илүү дөхөм байх байсан. Гэхдээ би төсөөлөн бодох чадвар сайтай нэгэн. Түүнчлэн хараагүй хүмүүс аливааг харахаасаа өмнө өөрийн гэсэн төсөөлөл, сэтгэгдэлтэй болчихдог нь энэ талын чадварыг илүүтэй хөгжүүлдэг. Бид гаргаж буй дуу авиаг нь сонсдог.
-Та брайлиэр уншиж чаддаг уу?
-Брайль гэж юу юм бэ?
-Та уншиж чаддаггүй юм уу?
-Би наргисан юм аа. Мэдээж би брайль үсгээр бүтээсэн ном уншдаг.
-Та 1972 онд “Rolling Stones” хамтлагийнхантай хамт тоглож байсан байх аа.
-Тийм ээ.
-Тэдний тайзны ар дахь амьдрал хэрхэн өрнөдөг байсан бэ?
-Сонирхолтой. Бид их хөгжилтэй байсан. Би энэ аялан тоглолтын үеэр бүтэн нэг цомог гаргахуйц хөгжим бичсэн. Түүнийгээ “Talking Book” гэж нэрлээд хэвлүүлсэн. Тэдэнтэй хамт байсан цаг хугацаа надад тийм л гүн сэтгэгдэл үлдээсэн.
-Та тэдний дуунуудад дуртай юу?
-Бид “Playboy” руу хамт явж…
-“Playboy” клуб уу?
-Үгүй ээ. “Playboy”-ийн харш. Чикаго дахь харшид бид би яг л тэнэг хүн шиг байдалтай байж билээ. Учир нь би найз бүсгүйгээ дагуулаад оччихсон юм.
-Танд тэдний уран бүтээлүүд таалагддаг уу?
-Таалагддаг.
-Танд уран бүтээл туурвиж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Жишээлбэл “My Cheri Amour” дууг хэрхэн төрсөн бэ?
-Үнэндээ энэ дуу
-“My Marsha” гэдэг нэртэй байсан гэж үү?
-Тийм ээ. “My Marsha” гэдэг нэртэй байсан. Түүнийг насан туршдаа минийх байгаасай гэж хүссэндээ ийн нэрлэсэн юм.
-Тэгээд яагаад дууныхаа нэрийг өөрчилчихсөн юм бэ?
-Марша бид хоёр салчихсан юм. Тэгээд ч шүлгийг нь зохиосон Силвиа Мой “My Cheri Amour” гэж нэрлэхийг хүсдэг байсан. Уучлаарай Марша. Гэхдээ…
-Таныг дуулж байх үед хэн нэгэн нотолдог уу?
-Техник технологи хөгжсөн өнөө цагт тэгэх шаардлагагүй болсон шүү дээ. Намайг тоглож байх үед компьютер бусад бүх ажлыг амжуулчихдаг болсон.
-Техник нотолж чаддаг гэж үү?
-Тийм ээ. Хөгжим тоглож байх үед тухайн тоглож буй аялгууг нь нотолчихдог программ хэдийнэ зохиочихсон.
-Та цаг үргэлж хөгжмийн тухай боддог уу?
-Тийм гэж бардам хэлж чадахгүй. Хоногийн 24 цагийн олонхид нь миний толгойд шинэ уран бүтээлийн санаа эргэлддэг. Гэхдээ би “Бурхан минь шинэ дууны санаа өгөөч” хэмээн гуйгчдын нэг биш. Миний уран бүтээлүүд өөрсдөө л оргилон гарч байдаг.
No comments:
Post a Comment