Tuesday, December 21, 2010

С.Алимаа: Төгөлдөр хуургүйгээр би хэн ч биш


“Хэдгэний нислэг”, “Тань руу нүүж явна”, “Канкан” гээд л бидний хэзээний танил аялгуунуудыг цоо шинэхэн өнгө төрх, хэв маягтайгаар хүргэж, залууст сонгодог урлагийн гайхамшгийг сурталчилж яваа эл бүсгүйг Ами нэрээр нь сонсогчид сайн танина. “UBS music awards 2009” наадамд “Шилдэг имиж бүрдүүлэлттэй клип” номинацид тэргүүлж, рок попын ертөнцөд шинэ давалгаа, хөгжмийн шинэ урсгал хүч түрэн орж ирж буйг зарласан төгөлдөр хуурч С.Алимааг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр “Түгжирсээр яваад л ирлээ” хэмээсээр оройн 19.00 цагт редакцид маань зочлохдоо гэрэл зургийн сурвалжлагчийн “Гоёлын хувцсаа өмсөөд студид зургаа авахуулах уу” гэсэн асуултад “Ганцаараа зураг авахуулаад дэмий биз дээ. Надад төгөлдөр хуурынхаа ард суугаад авахуулсан зураг бий. Түүнийгээ интернэтээр явуулчихъя. Төгөлдөр хуургүйгээр би хэн ч биш” хэмээн хариулав.
-Төгөлдөр хуурч хүнтэй ярилцаж байгаа болохоор хаан хууртай амьдралаа холбосон үеэс яриагаа эхлэх нь оновчтой болов уу. -Урлагийн гэр бүлд төрж өссөн минь намайг төгөлдөр хууртай амьдралаа холбоход хүргэсэн. Ээж минь СУИС-ын дэд профессор багш, төгөлдөр хуурч Халиунсүрэн, өвөө минь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, эмээ минь жүжигчин З.Долгорсүрэн гэж хүн бий. Тиймээс хэвлийд байхаасаа л төгөлдөр хуурын аялгууг сонсож өссөн гэж хэлж болно. Түүнчлэн бага байхдаа ДБЭТ-т өнждөг байв. Удалгүй ээж намайг Хөгжим бүжгийн коллежид шалгуулснаар төгөлдөр хуурч болох замнал маань эхэлсэн.
Манай коллежийн 2006 оноос төгсөгчдөдөө бакалавр зэрэг олгодог болсон. Би анхны төгсөгчдийнх нь нэг. Сургуулиа төгсөөд л хувиараа уран бүтээл хийх болсон.
-Одоо хаана ажиллаж байгаа вэ? -Сургуульдаа багшлахын зэрэгцээ ДБЭТ-ын зарим тоглолтод гэрээгээр оролцож байгаа.
-Яагаад бие дааж уран бүтээл хийхээр, тэр дундаа сонгодог хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулахаар шийдсэн юм бэ? -Багаасаа тоглож өссөн хөгжмийн бүтээлүүдийг зөвхөн мэргэжлийн хөгжимчид тоглоод өнгөрөх биш, олон нийтэд хүргэх, нийтийн анхаарлыг сонгодог хөгжим рүү татах зорилгоор бие даан уран бүтээл туурвиж эхэлсэн. Төгөлдөр хуурч гэхээр л даашинз өмсөн тайзнаа гарч ирж, төгөлдөр хуурын ард суун сонгодог аялгуу тоглодог гэх хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүссэн. Тиймээс ч хөгжмийн найруулгаас гадна дүрсжүүлэлт, хэв маягт багагүй анхаарал хандуулж байгаа. Сонсохоос гадна харж, хөгжмийн утга санааг дүрсээр илэрхийлэх нь илүү хүртээмжтэй байдаг. Хөгжим тоглож байгаа хүн ч бас жүжиглэлттэй, клип нь өгүүлэмжтэй байвал илүү сайхан юм шиг санагддаг.
-Одоо хэдэн клип гаргаад байгаа вэ? -Гурав. Анхны бүтээл маань Оросын нэрт хөгжмийн зохиолч Римский Косаковын “Хэдгэний нислэг”. Энэ клипийнхээ зургийг ч уламжлалт байдлаас тэс өөрөөр балгасанд өөрөө рок хэв маягаар хувцаслан авахуулсан. “N entertanment”-ийн залуусын бүтээл эл клип маань 2009 онд болсон “UBS music awards”-аас “Шилдэг имиж бүрдүүлэлттэй клип” гэсэн шагнал авсан нь надад цаашдаа олон сайхан уран бүтээл хийх урам зориг хайрласан.
-Анхны клипээ гаргачихаад хэр айж, догдолж байв? -Олон нийтийн дунд төдийлөн түгээгүй хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвих гэж байгаа тул анхны зохиолоо бодож, олон талаас нь харж байж сонголтоо хийсэн. Мэдээж миний бодож төсөөлж байснаар хүмүүс хүлээж авах уу болов уу гэж их түгшиж байтал сонсогчид харин ч их сайхан хүлээж авсан.
-Амигийн сонсогчид ихэвчлэн хэд орчим насны хүмүүс байна вэ? -Тухайн зохиолоос шалтгаалаад өөр өөр байх шиг санагдсан. “Хэдгэний нислэг”-ийг ихэвчлэн залуус, тэр дундаа 17, 18-тай хүүхдүүд сонсож байгаа нь ажиглагдсан. Энэ нь ч намайг их баярлуулсан. Өмнө би залууст сонгодог хөгжмийг хүргэх нь миний гол зорилго гэж дурдсан шүү дээ. Тиймээс зорилгодоо жаахан ч гэсэн хүрсэн тул надад их таалагдсан. Харин “Тань руу нүүж явна”-ыг бүх насныхан сонсдог юм билээ. Залуус нь “Ийм сайхан хөгжмийн зохиол байдаг юм уу” гэж хүлээж авч байхад, арай нас тогтсон хүмүүс хуучны сайхан аялгуугаа эргэн санаж байх жишээтэй. Тэгэхээр нэг талаараа Монголын хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг залууст сурталчилж байгаа юм. Цаашдаа ч Монголын хөгжмийн зохиолчдын олон сайхан аялгууг тоглох бодолтой байгаа.
-Клипнийхээ санааг өөрөө гаргадаг уу? -Хөгжмийн зохиолоо бичүүлж байх үедээ л ерөнхий санаагаа бодоод олчихдог. Эхний “Хэдгэний нислэг” болон “Тань руу нүүж явна” зохиолын клипийг “N entertainment”-ын залуустай ярилцаж байгаад хийсэн.
-Төгөлдөр хуурчийн клип хийх, дуучдын уран бүтээлийг дүрсжүүлэхээс өөр байх даа? -Дууг дүрсжүүлэхэд ам тааруулаад л болчихдог бол хөгжмийн зохиолыг дүрсжлүүлэх их хэцүү гэж клип бүтээгчид ярьдаг. Зөвхөн гарны хөдөлгөөнийг гэхэд л хэд хэдэн удаа авч, түүнийгээ эвлүүлдэг юм билээ.
-Хүмүүсийн дунд төгөлдөр хуурчийн гарын хуруу урт, нарийн байх ёстой гэсэн ойлголт түгээмэл байдаг шүү дээ. Үнэндээ хөгжимчин хүний тэр дундаа төгөлдөр хуурчийн гар ямар байх ёстой юм бэ? -Яг үнэн. Яагаад ч юм хүмүүс тэр талаар ташаа ойлголтой байдаг. Тиймээс “Төгөлдөр хуурч хүн урт нарийн хуруутай байдаг гэсэн. Алив чиний гарыг харъя” гэх тохиолдол цөөнгүй гардаг. Үнэндээ гарын харьцаа илүү чухал байдаг юм. Хэчнээн урт хуруутай байлаа ч жижигхэн алгатай бол сайн төгөлдөр хуурч болоход хэцүү. Алга том байх ёстой байдаг.
-Бас хумсаа ургуулахгүй байх ёстой юу? -Бүр будахыг ч багш нар маань хориглодог байсан.
-Тэр нь ямар учиртай юм бэ? -Хэдийгээр хөгжим тоглоход саад болохгүй ч сонгодог хөгжим тоглох нарийн дэг ёс байдаг юм. Ямар хувцас өмсөж, тайзнаа хэрхэн ёсолж, суудалдаа суух ёстойг нэг бүрчлэн заасан байдаг. Харин урт хумс даралтын завсар орох гэх мэтээр хөгжим тоглоход саад болдог учир төгөлдөр хуурчид хумсаа ургуулдаггүй. Одоо ч бүр сурчихсан. Хумсаа ургуулъя гэсэн ч чадахгүй юм билээ. Нэг л эвгүй санагдаад.
-Харахад даралт дараад л төгөлдөр хуур тоглох тийм хэцүү биш юм шиг санагддаг. Ер нь төгөлдөр хуурыг хэр удаан давтаж байж сурдаг вэ? -Дор хаяж гурван сар болж байж дөртэй болно. Сонирхогчийн хувьд бол ганц хоёр жил давтаад энгийн аялгуунуудыг тоглож сурна. Харин мэргэжлийн хөгжимчин болохын тулд хэдэн жилээр бэлддэг. Хөгжим бүжгийн коллежид байхдаа өдөрт хамгийн багадаа дөрвөн цаг, цаашилбал найм, есөн цагаар дасгал сургуулилалт хийдэг байлаа. Тэгсэн ч бэлтгэл бага хийж байна гэж багш нартаа зэмлүүлдэг байв. Сонгодог хөгжмүүдийн техникийн эзэмшихийн тулд хэдэн жил бэлддэг юм шүү дээ. Дунд нь завсарлаж болохгүй. Хөгжимчин гэдэг спортын тамирчинтай яг адилхан. Хэдэн сар бэлтгэл хийхгүй бол формоо алдчихдаг.
-Амигийн ажлын өдөр хэр ачаалалтай байдаг вэ? -Янз бүр дээ. Бичлэгийн ажил эхэлчихсэн үед хичээлээ заана, бэлтгэлээ хийнэ гээд л толгой өндийх завгүй болчихдог. Харьцангуй ажил багатай өнжих үе ч гарна. Жишээлбэл өнөөдөр ачаалал харьцангуй бага байна. Өглөө хичээлээ заачихаад өдөр МҮОНТВ-д бичлэгт орчихоод орой 17.00 цагийн үед дуусаад, наашаа ирсэн.
-Хөгжим бүжгийн коллежийн багш нарын хичээлийн цаг ердийн дунд сургуулийн багш нарынхаас харьцангуй их биз дээ? -Концертмейстер багш хичээл заахын зэрэгцээ хөгжим тоглодог. Түүнчлэн манай коллежийн хичээл ихэвчлэн ганцаарчилсан хэлбэрээр ордог тул цаг нь харьцангуй их.
-Тэгээд өөртөө цаг зав гаргаж чадаж байна уу? -Залуу хүн юм чинь өөртөө цаг гаргалгүй яах вэ. Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг л хичээдэг. Цаг зав гарвал найзуудтайгаа уулзана, спортоор хичээллэнэ. Одоогоор усан спорт, фитнесээр хичээллэж байгаа. Байнга төгөлдөр хуурын ард суудаг болохоор хөдөлгөөн их дутагддаг. Тиймээс спортоор хичээллэж түүнийгээ нөхдөг юм. Харамсалтай нь төгөлдөр хуурчдад хичээллэж болох спорт гэж бараг байхгүй.
-Гараа гэмтээчихнэ гээд хориглодог байх нь ээ? -Тийм ээ. Сагсан бөмбөгөөс эхлээд л хориотой спортын төрөл маш олон. Бараг л хөлбөмбөг, усан спортоос бусад нь хориотой. Би уг нь боулинг тоглох дуртай. Даанч гар хурууны ажиллагаа шаарддаг тул боулинг тоглох ч хориотой байдаг юм.

No comments:

Post a Comment