Tuesday, November 16, 2010

Э.Батхүү: Театртаа орсноос хойш үзэгчидтэй зэрэгцэн сууж жүжиг үзэж байсангүй


Улсын драмын эрдмийн театр ердөө таван найруулагчтай. Тэдний нэг нь туслах найруулагч Э.Батхүү. Өнгөрөгч хавар нээлтээ хийсэн “Хүний хөнжлийг битгий сөх” жүжгээр ямархан найруулагч болж төлөвшсөнөө харуулсан түүнийг БСШУЯ-ны сайдын тушаалаар Соёлын тэргүүний ажилтан цом тэмдгээр саяхан шагнасан. Үзэгчдийн сонирхлыг багагүй татсан “Атга нөж”, “Эдип хаан” тэргүүтэй 20 гаруй жүжгийн үйл явдал гэрэлтүүлэг, тайзны чимэглэлтэйгээ бүхэлдээ түүний цээжинд бий гэсэн.
-Анхны жүжгээрээ “Хүний хөнжлийг битгий сөх”-ийг сонгосон яагаад юм бэ? -Манай театр таван найруулагчтай. Ерөнхий найруулагч Ч.Найдандорж, найруулагч Б.Баатар, Н.Наранбаатар, туслах найруулагчаар Ч.Түвшин бид хоёр ажилладаг. Өнгөрөгч хавар манай театр “В.Красногоров 7” төсөл хэрэгжүүлж, долоон жүжиг зэрэг тавихаар ажиллаж эхэлсэн юм. Энэ үеэр найруулагч Ч.Найдандорж “Батхүүдээ бие даан жүжиг найруулах боломж олгоё. Маш олон жүжигт туслах найруулагчаар ажиллалаа” гэсэн юм. Дөрвөн жүжгийг нь найруулагч нар сонгоод авчихсан байсан тул үлдсэн гурваас нь шилж байгаад би энэ “Секс хийцгээе” буюу “Хүний хөнжлийг битгий сөх” жүжгийг сонгож аваад, чадан ядан ажиллаж байгаа минь энэ.
Зохиолыг нь анх уншихад л энэ жүжиг надад их таалагдсан. Жүжгийн өгүүлж буй санаа, үйл явдал нь ч их сонин өвөрмөц шийдэлтэй санагдаад л сонгосон. Гэтэл хамгийн хүнд жүжгийг нь сонгочихсон юм билээ. Вөлентин Красногоровын жүжгийн зохиолуудаас хамгийн их нэр хүндтэй, олон орны томоохон театруудад тавигдсан жүжиг нь юм билээ. “Секс хийцгээе” буюу “Let’s have sex” нэрээрээ дэлхий дахинд алдартай, Москва хотын Роман Виктюкийн театр болон Австрали, Болгарь, Энэтхэг, Румын, Украйнд тавигдаж байсан жүжиг юм билээ.
-Бас сэтгэхүйн жүжиг учир бусад төрлүүдээс илүү хүнд байх, тийм үү?
-Жүжгийн төрлүүдээс хамгийн хүнд нь сэтгэхүйн драмын жүжиг гэдэг. Үзэгчид шууд хүлээн авах боломжгүй, нэлээн тунгааж, бодож байж өгүүлэх гэсэн утга санааг нь ойлгож, үр өгөөжийг нь хүртдэг сюрреалист сэтгэхүйн жүжиг юм. Ажлын ачааллаа тайлан элдэв зүйл бодолгүй зүгээр л инээх гэж ирсэн хүмүүс эсвэл эмгэнэлт жүжиг үзэж сэтгэлээ онгойтол уйлах зорилгоор театрыг зорьсон хүмүүст зориулагдаагүй.
Төслийн нээлтийн үеэр манай жүжиг тав хоног тоглосон юм. Гэтэл нэг үзэгч жүжгээ дуустал нь үзсэн атлаа үүдний жижүүрт очиж, гомдол гаргасан гэсэн. Сонирхолтой нь жүжгээ дуусан дуустал нь үзсэн хэрнээ уурласан байгаа юм.
-Яагаад уурласан юм бэ? -Би тухайн үед байгаагүй юм л даа. Гэтэл манай жүжигчдийг гарч иртэл “Би хоёр ч дээд сургууль төгссөн эмч мэргэжилтэй хүн. Өнөөдөр танай жүжгийг үзэн ажлын ачааллаа тайлах гэж ирсэн биш, бүр стресс орчихлоо. Найруулагчтай чинь уулзмаар байна” гэсэн байсан. Тэгэхэд нь харин Г.Урнаа эгч “Танд таалагдаагүй юм бол яагаад дундаас нь орхиод явчихаж болоогүй юм бэ. Та жүжгээ бүтнээр нь үзээд, стресст орсон бол жүжгээ ойлгосон байна гэсэн үг. Энэ жүжгийн далд санаа нь өнөөгийн нийгэмд буглаад буй муу муухай зүйлс” гэж хэлсэн байна билээ. Тэгэхээр хэрхэн хүлээж авах нь үзэгчийн тухайн сэтгэл санааны байдлаас шалтгаалан өөр өөр байдаг шиг байгаа юм. Анхны барьсан бүтээлээрээ ийм хүнд жүжиг сонгоод авчихсан учир их бодлогошроод л явж байна.
-Дахин тавих гээж бэлтгэл хийгээд сууж байхад алдаа дутагдал хэр их анзаарагдаж байна вэ? -Байлгүй яах вэ. Драмын театр гэдэг үүгээрээ онцлогтой. Дахин дахин бэлтгэл хийж, тайзнаа тавих тусам алдаа оноогоо дүгнэн, засаж сайжруулж, жүжиг нь улам сайжирдаг. Нэг өдөр үзэгчдийн суудлаас урдаас нь харж суугаад, алдаагаа засаж залруулчихаад хэсэг хугацааны дараа харахад дахиад л өөрчлөх зүйл гараад ирэх жишээтэй. Алдаа төдийгүй цаг хугацаа, тухайн нийгмийн байдалд тохируулан өөрчлөх зүйлс ч гарч ирнэ.
-Анхны жүжгийнхээ нээлтийг хийгээд, үзэгчидтэй зэрэгцэн үзэж суухад ямар сэтгэгдэл төрж байв? -Би айгаад үзээгүй. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж бодохоор сэтгэл догдлоод тайзны хажуугаас л жүжгээ үзсэн. Би ер нь театртаа орсноос хойш үзэгчидтэй зэрэгцэн сууж жүжиг үзсэн удаагүй. Туслах жүжигчний ажил тайзны хажууд л өрнөдөг юм. Туслах найруулагчийн коммандаар жүжиг эхэлж, жүжигчид тайзнаа гардаг. Тэндээс л бүхнийг удирддаг гэсэн үг. Найруулагчид жүжгээ найруулан тавьж дуусмагц, үлдсэнийг туслах найруулагчид үлдээдэг. Тэр жүжгийн сургуулилалтын цагийг товлож, бэлдүүлэх, тоглолтын үеэр алдаа гаргахгүй байх бүхий л үүргийг хариуцдаг. Жүжгийн үеэр бүх үйлдлийг туслах найруулагчийн тушаалаар хийдэг. “За одоо гэрэл өг, энэ үзэгдлийн дараа тийм жүжигчин тайзнаа гарна хувцсаа бэлдээрэй, жүжигчнийг үг хэлж дуусмагц тийм ая тавиарай” гээд л тайзны хажууд зогсон, жүжгийг бүхэлд нь зангиддаг.
-Тэгэхээр туслах найруулагч хөшиг нээхээс хаах хүртэл бүхий л үйл явцыг нэг бүрчлэн цээжээр мэддэг байх нь ээ? -Тэгэлгүй яах вэ. Процетур гэдэг юм бичдэг юм. Жүжгийн бэлтгэл тавьж эхлэх уншлагын үеэс эхлээд л найруулагчийн хэлсэн үг бүрийг тэмдэглэн авна. Тэгэхгүй бол найруулагч хэлсэн үгээ мартчихаж болно шүү дээ. Уншлагын үеэр голчлон дүрүүдийн зорилгыг тэмдэглэн авдаг. Тэгээд л тайзнаа бэлтгэл эхэлмэгц жүжигчдэд дүрийнх нь зорилгыг сануулна. Гэрэл, дуу шуум гээд найруулагчийн хэлсэн бүхий л санааг тэмдэглэн авна. Тэнд нэмэх зүйл ч гарна, хасах тохиолдол ч бий. Эцэст нь найруулагч эцсийн тавилт энэ гэж шийдсэн үед жүжгийн үйл хөдлөл, тайз ямар засалтай байхыг нэг бүрчлэн бичсэн партитураа гаргана. Түүнийг нэг бүрчлэн цээжилсэн байх шаардлагатай.
-Тэр бүхнийг цээжилнэ гэдэг амаргүй биз? -Жүжгээ олон дахин сургуулилж давтах үед өөрийн эрхгүй цээжлэгдчихдэг юм.
-Таны толгойд хэдэн жүжгийн партитур байгаа вэ? -Театрт туслах найруулагчаар орсноос хойш хувь, хувьсгалын нийлсэн 20 гаруй жүжгийн туслах найруулагчаар ажилласан.
-Үзэгчид анхны бүтээлийг тань хэрхэн хүлээж авсан бэ? -Найз нөхөд, ойр дотнынхон баяр хүргээд сайхан жүжиг болсон байна л гэж байсан. Гэхдээ тэдний дүгнэлт өрөөсгөл шүү дээ. Харин үзэгчид хэрхэн хүлээн авсныг мэдээгүй. Магадгүй сэтгэхүйн жүжиг биш байсан бол нижигнэтэл алга таших байсан ч байж болно.
-Яагаад найруулагч болох шийдвэр гаргасан юм бэ? -Намайг аравдугаар ангид орох жил манайх Багануур руу нүүсэн юм. Тэнд очоод удаагүй байтал “Ноён” нэртэй телевиз байгуулагдаж, хөтлөгч нэвтрүүлэгч шалгаруулж авна гэхэд нь очоод шалгуултал тэнцчихсэн. Тэндээ хөтлөгч нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад, сүүлд нь туслах найруулагч болсон. Тэндээс л урлагийн хүн, тэр дундаа найруулагч болох хүсэл төрсөн дөө. Сургуулиа төгсмөгц “Мюзик холл” сургуульд жүжигчний ангид элсэн орсон боловч захиргаандаа хүсэлт гаргаж, найруулагчийн мэргэжлийн давхар эзэмшиж билээ.
-Драмын театрыг босго өндөртэй гэдэг шүү дээ. Тус театрт хэрхэн орсон бэ? -2002 оны хавар сургуулиа төгсмөгц театртаа ирж, хоёр жил цалингүй ажилласан. Манай театрын жүжигчин Г.Эрхэмбаяр бид хоёр зэрэг орж ирсэн юм. Жүжиг болгоны олны хэсэгт гарч гүйгээд л, жүжигчин ах эгч нарыг хувцсаа солиход нь гүйж очиж туслаад л явдаг байлаа. Тэгээд 2004 онд шалгалт өгч, тэнцээд жүжигчнээр орсон доо.
-Ямар шалгалт өгсөн бэ?
-Театрт гэрээт жүжигчид авахад хэрхэн шалгадагтай адил шалгалт өгч байсан. Жүжигчний ур чадвараа шалгуулахын зэрэгцээ дуулж, бүжиглэсэн. Тэр үед 30-аад хүн шалгуулж байсан юм. Эрхмээ бид хоёрын хувьд хувийн сургууль төгсөгчдөөс тэнцсэн хамгийн анхны жүжигчид гэдгээрээ онцлог. Эрхмээ маань “Зохиомж” дээд сургууль төгссөн юм. Биднээс өмнө дандаа л СУИС-ийг төгсөгчид тэнцэж, жүжигчнээр ордог байсан юм билээ. Нэг жил жүжигчнээр ажилласны дараа туслах найруулагчийн тушаал гарсан даа.
-Найруулагчийн ажил хүнд биз дээ. Зүгээр л жүжигчнээр ажилладаг байж гэж бодогддог уу?
-Жүжигчний ажил илүү хүнд байж ч мэднэ. Ер нь амархан ажил гэж байдаггүй юм шиг л санагддаг. Ажил, мэргэжил бүхэн өөрийн онцлогтой. Түүнээсээ шалтгаалаад тухайн хүнээс өөр өөр чадвар шаарддаг, хүнд, хэцүү талтай. Харин сайхан байх эсэх нь тухайн хүний ажилдаа хэр дуртайгаас шалтгаалах байх. Ер нь амархан ажил гэж үгүй. Гудамжинд хог шүүрдэх ч хэцүү шүү дээ. Хогоо шүүрдээд дуусав уу үгүй юү нэг хүн ирээд хог хаячихна. Тэгэхээр дахиад л шүүрдэх шаардлагатай болно.
-Найруулагч гэхээр л их ууртай догшин хүний дүр нүдэнд буудаг. Та хэр ууртай найруулагч вэ?
-Бодож төлөвлөж байсан санааг жүжигчид гаргаж өгөхгүй болохоор өөрийн эрхгүй бухимдаж, уурладаг байх гэж бодогддог юм. Түүнээс биш найруулагч хүн гэхээр л ууртай байх ёстой гэж боддоггүй. Тийм байсан бол ууртай хүн бүрийг найруулагч болгочихно биз дээ.
-Залуу хүн тул бүхэл бүтэн жүжгийн багийг удирдан авч явна гэдэг амаргүй биз?
-Туршлага дутах, ахмад жүжигчдээ хүндлэн үг хэлж чадахгүй байх зэрэг бэрхшээл гарах нь бий.

No comments:

Post a Comment