Saturday, May 26, 2012

Тэд Тернер: Мэдээ л жинхэнэ “од” юм


Телевизийн түүхэнд нэгэн шинэ хуудас сөхсөн хүн бол Тэд Тернер. Кабелийн мэдээний сүлжээ телевиз буюу CNN-ийг үндэслэгч тэрбээр “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ. 

-Тэд Тернер бол телевизийн салбарын ахмад пионер төдийгүй хамгийн нээлттэй олны танил эрхмүүдийн нэг. Өнөөгийн телевизийн салбарын хөгжил, Америкчуудын амьдралын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхохоор би түүнийг нэвтрүүлэгтээ урьсан билээ. 
CNN үндэслэгч гэхээс өөрөөр түүний талаар олон зүйлийг нурших нь илүүц биз. Миний болон бусад энд ажиллаж байгаа олон мянган хүний CNN-д хоргодож буй шалтгаан нь тэр байж мэднэ. Эргэн ирсэнд тань баяр хүргэе, Тэд. 
-Энд байх сайхан байна шүү.
-Ажилдаа буцаж ороход ямар санагдаж байна вэ? 
-Сайхан.
-Та CNN-ээр бахархсан хэвээр л байна уу? 
-Гарцаагүй тийм.
-Та телевизээ үздэг үү? 
-Үздэг. Та мөрий тавьсан ч болно шүү.
-Ямар нэвтрүүлгүүдийг нь илүүтэй үздэг вэ? 
-Надад хамгийн их үзэгдэж байгааг нь л үздэг дээ. (инээв)
-Мэдээ л жинхэнэ од гэж та байнга хэлдэг. 
-Бид ийм л зарчмаар ажлаа эхлүүлж байлаа. Гэхдээ энэ зарчим бидний нүдийг нээсэн ганц зүйл. CBS, NBC and ABC гэх бусад мэдээллийн агентлагууд ямар нэгэн одыг өөрсдийн нэвтрүүлэгч болгохыг чухалчлан тэдэнд гол анхаарлаа хандуулдаг байсан бол бидэнд ямар ч од байгаагүй.
-Хэрэв танд дахин эхлэх боломж олдвол та энэ аргаа хэрэглэх үү, эсвэл жаахан өөрчлөх үү. Учир нь өдгөө “FOX News”, MSNBC-ын олон нэвтрүүлэгчид олны танил алдартай эрхмүүд бий.  
-Би юуны өмнө их бодож, судалгаа хийх байх. Учир нь одоохондоо надад хэн ч ийм санал тавиагүй байна. Бас цаг хугацааг илүү чухалчлах болов уу.
-CNN цаашид ч хамгийн шударга мэдээллийн агентлаг байсаар байна гэдэгт та итгэлтэй байна уу? 
-Тийм ээ, итгэлтэй байна. Гэхдээ шударга байна гэдэг нь чухал мэдээ гэдэгт Холливудын талаар эсвэл хүүхэд хулгайлсан тухай дуулиантай мэдээллийг онцлохгүй өнгөрүүлнэ гэсэн үг биш. Онцлох мэдээ ихэвчлэн хэцүү үйл явдлын талаар байдаг.
Би CNN-ыг салбартаа “The Daily News” шиг биш “New York Times” шиг болоосой гэж хүсдэг. Би энэ талаар их удаан бодсон л доо. Рэйтинг хэр байх нь чухал биш. Гол нь байр суурь, бодлогоо баримтлах нь чухал. Хамгийн нэр хүндтэйг нь хүн бүр л шүүмжилдэг. Тэр бол их онцгой хэрнээ эмзэг байр суурь. Ялангуяа мэдээллийн салбарт бол хадгалж үлдэхэд тун хэцүү суудал.
-Америкийн өнөөгийн байдлын талаар та ямар бодолтой байгаа вэ? 
-Мөнгөнөөс хамааралтай шүүх засаглал, улс төр гээд л Америкийн өнөөгийн байдал аймшигтай болсон гэж би дүгнэдэг. Намууд хоорондоо дэндүү их зөрчилдөх юм.
Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэх нь хамгийн оновчтой шийдэл гэдэгт би итгэдэг. Гэтэл намууд эсрэгээр бие бие рүүгээ чичилж байгаа нь илт ажиглагддаг. Улс төрчдөд намын байр суурь, бодлогоос улс орны амар тайван байдал чухал баймаар санагддаг.
-Хэрэв та Америкийн Ерөнхийлөгч болвол Ираны асуудалд ямар бодлого баримтлах вэ? 
-Юуны өмнө цөмийн зэвсэггүй болгох талаар арга хэмжээ авах болов уу. Бид хэдэн мянган цөмийн зэвсэг туршиж байна. Зөвхөн Иран л үүнийг хийж байгаа юм биш л дээ. Израильд цөмийн зэвсэг зуу шахам, харин Иранд хоёр л…
Бид өөрсдөө цөмийн зэвсэг хийхээ, туршихаа зогсоовол Иран ч бас цөмийн зэвсгээс татгалзана гэдэг би итгэлтэй байна. Бусад орнууд ч бас дагах нь гарцаагүй. Цөмийн зэвсэг үгүй бол бид аюулгүй, амар тайван амьдрах болно.
Хэрэв бид туршиж буй цөмийн зэвсгээ хэрэглээд эхэлбэл дэлхий дээр амьдрал үгүй болно. Би нэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн л дээ. Энэ дэлхий дээр их найрсаг, эелдэг хүмүүс амьдардаг гэдгийг харуулах жишээ олон юм билээ. Бид оросуудтай дайсагналцаж, цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээж байсан удаатай. Харин одоо манай хоёр улс хамгийн нөхөрсөг харилцаатай болоод буй.
Японыг хар л даа. Тэд Сувдан эргийг бөмбөгдөж байсан. Харин одоо бид япончуудтай нөхөрлөж байна. Хүйтэн дайны үеэр Хятад улстай мөн л дайсагналцаж байсан бол одоо найрсаг харилцаатай болсон.
-Та CNN-ийг чухам ямар амжилт гаргаасай гэж хүсдэг вэ? 
-Дэлхийг улам сайн сайхан болгож өөрчлөөсэй гэж хүсдэг.
-Тэр хүсэл тань бага ч атугай биелсэн болов уу? 
-Биелсэн байх. Мэдээллийн сүлжээ их олон төрснийг чи мэдэх байх.
-Яг хэд болсон бэ? 
-100 гаруй байгаа байх шүү.
-Тийм гэж үү? 
-Тийм ээ. Улс гүрэн бүрт нэг бий шүү. Одоо бүр өглөө болохыг ч хүлээх шаардлагагүй болсон. Тэдгээр сүлжээнүүд 24 цаг мэдээллээ цацаж байна.
-CNN түүхэнд гурван чухал үйл явдлыг нэвтрүүлсэн гэж бодогддог юм. Нэг нь 1987 онд бяцхан Жессикаг худгаас гаргасан явдал. Харин та энэ түүхийн талаар ярих илүү дуртай гэдэг юм билээ.  
-Үйл явдлууд хэдэн мянгаараа өрнөдөг ч бид тэднээс цөөн хэдийг нь л сонгох хэрэгтэй болдог. Тухайн үед хүн бүр Жессикагийн төлөө залбирч байсан. Миний санаж байгаагаар Жессика худагт бүтэн өдөр болсон.
-Персийн булангийн мөргөлдөөний талаарх мэдээлэл дараагийнх нь байх. 
-Тухайн үед бууны сум исгэрч, бөмбөг дэлбэрч байсан. Тухайн үед хүмүүс CNN ямар сайн болсныг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс миний хамгийн дуртай түүх бол тэр.
-Харин гурав дахь нь есдүгээр сарын 11-ний халдлага. 
-Тухайн үед би албаныхаа өрөөнд байсан. Эхний онгоцыг нь би хальт л харсан даа. Харин байшин шатаж байх үеийг тод харсан. Тэгээд л доошоо мэдээний өрөө рүү гүйж орлоо. Тухайн үед Уолтер Исаксон эфирт ажиллаж байсан юм. Тэр даруй Исаксонд “Дэлхийн худалдааны төвийн талаар мэдээллэвэл гол мэдээг чинь сүйтгэчих болов уу” гэж асуутал тэр ч “Үгүй дээ, харин ч сайхан санаа байна” гэж дэмжсэнээр Дэлхийн худалдааны төвийн цамхагийн шатаж буйг мэдээллэсэн.
-Жейн Фондад өгсөн хайр тань таны амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн нэг байв уу?
-Тийм ээ.
-Та түүнтэй дотносож байв уу? 
-Үгүй.
-Боломж бий болов уу? 
-Байхгүй. Хэн нэгнийг хайрлана гэдэг тэр хүн чамайг хэчнээн зовоож, шаналгаж байсан ч түүнийг үл тоон хайрлахыг хэлэх байх.
-Уг нь та үргэлж л ялдаг хүн. Харин Жейнийг алдсан байх нь. Шалтгаан нь юу байв?
-Би Жейнийг төдийгүй ажлаа, ирээдүйгээ алдсан.
-Алдсан гурван зүйлээс тань хамгийн үнэ цэнэтэй нь юу вэ? 
-Би тэднийг жагсааж чадахгүй нь ээ. Аль алинд нь дэндүү их хайртай юм. Тэд бүгд миний сэтгэлийг шархлуулсан.Замын дундаас буцсан хүн хэзээ ч хождоггүй. Тиймээс л би эргэн ирсэн.

No comments:

Post a Comment