Thursday, June 7, 2012

Босгогүй айл



“XXI зуун бол мэдээллийг шууд л үйлдвэрлэл болгодог зуун” хэмээн Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Түдэв нэгэнтээ ийн онцолжээ. Энэ зууныг мэдээллийн хэмээн тодотгохын учир тэр. Мэдээж эл шинэ зууны гол зэвсэг нь мэдээллийн хэрэгсэл. Эрин зууны их зэвсэг босгогүй айл, шүүлтүүргүй савнаас өөрцгүй болж хувирсныг бид огт анзааралгүй өнөөдрийг хүрчээ. 

Багачуудад гологдсон их айл

Айл бүрийн хойморт залардаг цэнхэр дэлгэцийнхэн хэдхэн арваны өмнө л үзэгчдийн хайрыг татаж, хүндэтгэлийг хүлээж, үлгэр дуурайл болсон хүмүүс байлаа. Байлаа хэмээн өнгөрсөн цагт хамаатуулахын учир нь өнөө цагийн багачуудын өдөр тутмын амьдралын хэмнэлээс хойморт заларсан цэнхэр дэлгэц хойш тавигдах болсон байх юм. Хэдхэн жилийн өмнө үлгэрийн цагаа үзэхээр үймэлддэг байсан багачуул өдгөө зурагт гэх дөрвөлжин харыг компьютерээр сольчихоод дэлхий ертөнцтэй холбодог шидэт хайрцагтаа уягдах болсныг та хэдийнэ анзаарсан байх.
Өнөөх пянз, кассетыг хэрэглээнээс гаргачихсан технологийн дэвшил, хүн төрөлтхтний хөгжил гэх айхавтар хүчин зүйлийг гол шалтгаан хэмээн үзэж болох ч босго, шалгуургүй болсон арилжааны телевизүүдийн бодлого зурагтыг пянз, кассетны араас илгээх бас нэгэн хүчин зүйл болох шахаж буйг үзэгчид хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд буй.
Сонирхолтой нь зурагтыг кино үзэхдээ л ашигладаг дэлгэц болгон хувиргасан эл дүр зураг хөгжингүй орнуудад ажиглагдахгүй байгааг дэлхий хэмжээнд нэр хүндтэй болсон телевизийн нэвтрүүлгүүд батална. Тэгэхээр телевиз гэх их айл багачуудад гологдох болсон шалтгаан чухам юу байв?

Хашир уу, хаширсан уу?

Үзэгчдийн итгэл алдарсан нь л энэ салбарын нэр хүнд эрс унасан гол шалтгаан гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй л болов уу. Харин хар бараан нийгмийн байдалд түүртсэн үзэгчид нь дэндүү хашир болчихсон хэрэг үү, эсвэл өөрсдийгөө дөрөвдэгч засаглал хэмээн тунхагладаг телевизийнхэн хашраачихсан юм уу?
Сэтгүүлч гэх мэргэжил хамгийн нэр хүндтэй нь байлаа. Мэргэжлүүдийг эрсдэл, аюултайгаар нь жагсаавал сэтгүүлч аман хүзүүддэг хэмээн шагшиж байсан цаг саяхан. Энэ салбарын боловсон хүчин болон бэлтгэгдэхийн тулд өрсөлдөх залуусын тоо ч үүнийг батлах биз. Энэ салбарт өрсөлдөгчдийн тоо буураагүй, харин нэр хүнд нь хэд дахин буурсан.
Арилжааны гэх тодотгол урлаг төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй нөлөөлсөн. Шуугиан дуулианаараа Олимптой өрсөлдөх сонгуулийн хар бараан сүүдэр, арилжааны ашиг сонирхолтой хавсран телевизийг дэгээдчихсан явдал ч бий. Тэгэхээр мөнгөний ашиг сонирхол, сонгуулийн луйвартай хавсран энэ салбарынхныг төөрөгдүүлэх болсноор л Монголын телевизийн салбарын уналтын үе эхэлсэн байх нь. Арилжааны анхны телевиз төрөн гарснаас хойш ар араасаа мэндэлсэн сувгуудын ард улс төрч, бизнес эрхлэгчид ухуулга сурталчилгаа хийх болсноор уг гулгалтыг улам даамжруулсан. Нууц ноёнтон гэх үг моодонд орж байх үед нуугдаж суудаг байсан улс төрчид удалгүй цайрч, “олон нийтийн” гэх тодотголтой “осолтой” хэрэгслийг зэвсэг болгосноо эмээлгүйгээр илт дэлгэх болжээ.

 “Зурагтаар их гараад байвал гишүүн болохын шинж” гэх үзэгчдийн ам дамжих үндэслэлтэй явган шог ч үүний нэг баталгаа. Түүнчлэн энэ жилийн сонгуулийн үеэр уналтын шалтгааныг соргогоор мэдэрсэн телевизийн сувгууд ч “Ямар ч төрлийн сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхгүй” гэсэн ганцхан өгүүлбэрээр нэр хүндээ өсгөх мэргэн бодлого баримталж байх юм.

Босго өндөр айл

Нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлөх чадвартай учир хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хоточ нохойтой зүйрлэсэн нь бий. Үзэл суртлын өөрчлөлтөөр юуг ч бүтээн байгуулж, эсвэл эвдэж сүйтгэж, эзлэн түрэмгийлж, өөрчлөн шинэчлэх боломжтой тул мэдээллийн эринд хамгийн хүчтэй зэвсэг бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Тиймдээ ч энэ их айлын босго өндөр байх учиртай.
Хөгжингүй орнуудын телевизийн салбарын хөгжлийг харахад арилжааны сувгууд шоу бизнес чиглэл рүү хэлбийж, уг зарчмаар орлого олдог байхад мэдээллийн сувгууд хурдан шуурхай, үнэн бодитой гэх өнөөх үндсэн зарчмаасаа огт хэлбийгээгүй л байх юм. Босго өндөр байхын учир тэр.
“CNN” телевизийн хөтөлбөрт ярилцлагын цаг байдаг ч дэлхийд нэр хүндтэй CNN телевизээр цацагдах тул оролцогчдод өндөр шалгуур тавьдаг. Тиймдээ ч ярилцлагын хаан хэмээгддэг Ларри Кинг болон түүний залгамжлагч Пирс Морган нар “Энэ чинь CNN шүү дээ” хэмээн үе үехэн онцгой гэдгийг нь сануулчихдаг биз.
Сэтгүүл зүйн ухааны дэд доктор Б.Болд-Эрдэнэ “Монголд сурталчилгаа пи ар сэтгүүл зүй гурав нэгэн цэгт дэвхцэж байна” хэмээн тодорхойлсон. Баримтыг нь та одоо зурагтаа асаагаад л харчихаж болно. Таныг хүсээгүй сурталчилгаа, ухуулгаар бөмбөгдөх арилжааны мэдээллүүд оройн мэдээллийн хөтөлбөрийн дундуур ч “Зочны цаг”, “Бизнес мэдээ” гэх эвлэгхэн нэртэйгээр хүч түрэн орж ирсээр удлаа. Тэр ч байтугай дотоод мэдээний дундуур ч үзэл суртлын ухуулга үнэ хөлсгүй тэнэж явдаг болж. Шүүлтүүр, хяналтгүй болсон телевизийн хөтөлбөрүүдийн мэдээлэлд хяналт тавих цаг хэдийнэ болжээ. Олон нийтэд хамаарах байгууллага нэг хүний төлөө үйлчлэх бус олонхийн эрх ашигт нийцэх ёстой.

Өдөр бүр үзэх хошин шог

Хошин шогийн продакшнууд олширч, хөтөлбөр тоглолтууд нь шил даран хөвөрч, үзэгчдийн хөлд дарагддаг байхаа больжээ. Учир нь үдэш бүр гэртээ тухалж суугаад үнэгүй хошин шог үзчихдэг болсон үзэгчдэд гэрээс гарч, төлбөр төлж илүү зардал гаргахын ч хэрэг алга.
Үгүйсгэх гэж яарах хэрэггүй. Үзэгчдийн ярианы сэдэв болсон телевизийн нэвтрүүлгүүдийн элэглэлийг нэг санаарай. Олон нийтийн цахим хуудсуудад байршуулсан эвлүүлэг зургийг нэг үзээрэй. Багш хэмээн өргөмжлөгдсөн Аргогийн талаарх онигоог нэг уншаарай. Батлах баримт дэндүү олон байгаа биз.

No comments:

Post a Comment