Friday, May 18, 2012

“Намайг хайрлаж, надад итгэсэнд баярлалаа, Том”


Америкчуудын хүндэтгэлийг хүлээсэн жүжигчний шагналыг хүртэж байсан жүжигчин Том Хэнкс олон талаараа Холливудын оддод үлгэр жишээ болсон хүн. Шоу бизнесийн ертөнцийнхний хувийн амьдрал тогтворгүй гэсэн ойлголтыг үгүйсгэж тэрбээр дуучин, жүжигчин, продюсер Рита Уилсонтой (Үнэндээ түүнийг Маргарита Ибрахимов гэдэг аж) гэрлээд 20 гаруй жил болж буй. Нэрт жүжигчний эхнэр болгар гаралтай жүжигчин энэ удаад шинэ цомог болон хэвлэлийн хуудаснаа тэр бүр гардаггүй гэр бүлийн амьдралынхаа тухай өгүүлэхээр “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролжээ. 

-Нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочны ажил хөдөлмөр төдийгүй ар гэрийн амьдрал нь олны анхаарлыг татдаг. Рита Уилсон нэгэн нэр хүндтэй жүжигчний гэргий юм. Холливудын язгууртан гэр бүлийн эзэгтэйг үзэгчидтэйгээ уулзуулъя. 
-Тэгж хэлэхэд арай ахдах байх.
-Харин ч багадах байх. Би таныг хатагтай Том Хэнкс гэж дуудахыг хүсэхгүй байна. Харин бүр эсрэгээр нөхрийг тань ноён Рита Уилсон гэж дуудмаар санагдаж байна. Нэвтрүүлэгт маань тавтай морил. 
-Баярлалаа.
-Юуны өмнө таны цомгийн талаар ярилцъя. Цомгийн тань зурагт хуудас үнэхээр гайхалтай юм. Энд таны аав ээж, анхны машин гээд л бага залуу насны тань хамгийн дурсамжтай түүхийг хадгалсан зургууд харагдана. Гэхдээ энэ зургууд дунд Том Хэнксийн зураг байхгүй хэрнээ танихгүй гурван ч залуугийн зураг харагдсан. Та тэдэнтэй далайн эрэг дээр танилцсан гэсэн байсан. Энэ үнэн үү? 
-Тийм ээ, үнэн. Бид байсхийгээд л машинтайгаа аялалд гардаг байлаа. Аав минь бармен хүн байсан. Тэгээд л зун бүр машинтай аялалд явж, долоо хоног зугаалдаг байлаа. Ихэвслэн Лас Вегас, Тахое нуур гээд л зугаа цэнгэлийн төв хэмээгддэг газруудаар аялдаг байв. Аав минь мөрийтэй тоглох дуртай байсан юм л даа. Гэхдээ донтохгүй, чөлөөт цагаараа л тоглодог байсан. Тэгээд л нэгэн аяллын үеэр Тахое нуурын эрэг дээр гурван залуутай танилцаж байлаа.
-Нутгийн сурфингчид байсан уу? 
-Тийм ээ.
-Нөхөр тань өөрийнх нь зургийг цомгийнхоо хавтсанд оруулаагүйд дургүйцээгүй юу? 
-Үгүй дээ. Гэрт байгаа гэрэл зураг бүрт түүнийх бий.
-Танай аав Грект төрсөн хүн. Хожим нь Болгарт нүүж, тэндээ ажиллаж байсан байдаг. Тэндээсээ Турк руу явж,  удалгүй Америкт ирсэн гэсэн.  Харамсалтайгаар нас барсан ч тэр охиноо америкчуудын мөрөөдлийн ертөнц болсон Холливудад  хөл тавихад нь тусалж бүр Холливудын язгууртан гэр бүл болгосон байх юм. Энэ гайхалтай түүх биш гэж үү? 
-Юуны өмнө Холливудын язгууртан гэр бүл нэр томъёо тань намайг их айлгаж байна шүү. Британид бол язгууртнууд өдгөө ч бий. Харин Америкт бол…
-Уильям, Кэйтүүд Америкт олон бий шүү дээ. 
-Харин би тэгж бодохгүй байна. Брэд Анжелина хоёрыг тэдэнтэй зүйрлэе л дээ.
-Аавынхаа тухай яриач. Тэр таны өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд тань багагүй нөлөөлсөн үү? 
-Тийм ээ. Тэгсэн.
-Түүний  тухай яриач. Америкт ирээд анх юу хийдэг байв? 
-Аав минь Америкт ирэхээсээ өмнө их зовлон амссан. Та түүний ажилчдын хуаранд байсныг нь мэднэ. Тэр хоёр ч удаа оргохыг завдаж байсан юм билээ. Гэтэл тэр хуарангийн харгалзагчид хоригдож буй хүмүүсийн толгойд оргох тухай бодол төрснийг мэдэх л юм бол буудан алахад бэлэн байсан үе шүү дээ.
Тиймээс аав минь 26 нас хүртлээ их хүнд хэцүү зам туулсан. Америкт ирсэн хойно л мөрөөдөл нь биелж, өөрийн хувь зохиолоо олсон хэмээн дурсдаг. Би аавыг яг хэдэн онд Америкт ирснийг нь нарийн сайн мэддэггүй. Тухайн үед нөхцөл байдал ямар байсныг, бас аавд минь тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсныг ч мэдэхгүй. Аавын авга ахад бичсэн захидлыг хожим уншихад тухайн үед эрх чөлөөг жинхэнэ ёсоор амссан гэж л бичсэн байсан. Амьд сэрүүн ахуйдаа аав минь өдөр бүр л Америкийг бурхан өршөөг хэмээн залбирдаг байсан. Тэгэхээр энд ирсэндээ чин сэтгэлээсээ талархаж явдаг байсан байж таарна. Тэр нь ч аргагүй биз. Аав минь энд ирээд л гэр бүлтэй болж, амьдрал нь цэцэглэж эхэлсэн.
Бармен байсан учир бямба гариг бүрт тооцоогоо хийдэг байлаа. Тэгэхдээ мөнгөн дэвсгэртүүдийг нарийн ялгана. Миний бодлоор аав минь л биднийг ажилд дуртай, тэсвэр хатуужилтэй болгон хүмүүжүүлсэн байх.
-Та цомгийнхоо хавтсан дээр “Онцгой бэлэг болгохын тулд энэ цомгийг бүтээлээ. Дуунуудыг минь сонсчихоод “Нэг нь гарцаагүй хит болно” хэмээн урам хайрласан ээждээ баярлалаа. Аав аа, та сэтгэл зүрхэнд минь үүрд байх болно. Бурхны авралаар учирсан нөхөр минь хуримын өмнөхөн “Надтай хамт байгаа цагт юуг чинь ч өөрчлөхгүй” хэмээн амлаж байсан. Намайг хайрлаж, надад итгэсэнд баярлалаа, Том” гэж бичсэн байсан. Надад их  таалагдсан шүү. 
-Баярлалаа.
-Миний бодлоор дурлалт хосууд нэг гэрт ормогцоо л бие биенээ үгүйсгэж өөрийнхөөрөө өөрчлөх гэж хичээж, байж яддаг. 
-Тийм шүү. Ээж минь энэ талаар надад сургадаг байлаа. Ээж минь грек хүн. Одоо ч аялгатай ярьдаг. Тэр надад “Хайрын гал асаж эхэлмэгц хүмүүс бие биедээ хүчтэй татагддаг. Гэхдээ хэдий удаан цаг хугацаа өнгөрсөн ч тэр таталцал хэвээрээ байх учиртай” гэж хэлдэг байлаа.
-Тэр ч үнэн шүү. 
-Чин үнэн. Хүн хэн нэгэнд сэтгэл алдарч эхлэхдээ бүх зүйлийг нь сайхан болгож хардаг. Бүр муу зуршлийг нь ч хайрладаг. Тэгээд л тун удалгүй муу зуршлыг нь ад үзэж, түвэгшээж эхэлдэг.
-Таны нөхөр яг ямархуу хүн бэ? Би түүнтэй хоёр гурван удаа тааралдаж байсан удаатай ч, нүүр тулан ярилцаж үзээгүй. 
-Тэгвэл би түүнд энэ талаар дамжуулна аа.
-Баярлалаа. Би түүнийг их сэтгэл татам хэрнээ хөгжилтэй, ухаалаг хүн байх гэж боддог. 
-Яг л таны хэлсэн шиг хүн. Би түүнтэй хөтлөлцөн 57 дугаар гудамжны буланд зогсож байснаа хэзээ ч мартахгүй учир түүний зургийг цомгийнхоо хавтасныхаа зурагт оруулаагүй. Бид гэрлэн дохио солигдохыг хүлээж зогсох зуур тэр над руу харснаа “Надтай байхдаа чи өөрийнхөө юуг ч өөрчлөх гэсний хэрэггүй гэж боддогийг минь мэдээсэй гэж хүссэн юм” гэж хэлснийг нь би өчигдөр болсон юм шиг л тод санадаг. Тэр минь тийм л хүн.
-Сайхан сонсогдож байна. 
-Тэр минь их сайхан хүн.
-Цомгийн тань талаар ярилцъя. Таныг сайн жүжигчин гэдгийг бид мэднэ. Бас продюсерээр ажилладаг гээд л таны хийсэн гайхалтай бүтээлүүдийг бид сайн мэднэ. Гэхдээ энэ удаад цомог гаргасан тань хэтэрхий эрсдэлтэй алхам байсан гэж бодогдохгүй байна уу? 
-Мэдээж эрсдэлтэй байсан. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх гэсэн бодол минь намайг ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Миний хамгийн нууцлаг авьяас дуулах байж ч мэднэ. Учир нь би бүр багаасаа дуулдаг, дуулах дуртай байсан. Тиймээс ч хөгжмийн салбарын их олон уран бүтээлчидтэй дотно нөхөрлөдөг. Түүгээр барахгүй манай гэрт төрөл бүрийн хөгжмийн зэмсэг бий. Хүүхдүүд маань ч хөгжим тоглодог.
Хүмүүс “Өнөөх чинь бас цомог гаргаа юу” гээд дурамжхан хүлээж авч болохыг би тооцоолсон. Хорвоо дэлхий дээр хүссэнээ хийдэг хүмүүс олон байхад хүссэнээ зориглож хийж чадахгүй байсаар өнгөрдөг хүн ч цөөнгүй бий. Тиймээс ч би цомог гаргахаар шийдсэн. Өөрийн хүссэн зүйлийг хийж, жаргалыг нь амтлахыг л хүссэнээс өөр зүйлгүй.
-Гэр бүлийнхээ хамгийн авьяаслаг хүн гэдгээ баталчих шиг л боллоо. Уучлаарай Том. Гэхдээ эхнэр тань сайн жүжигчин төдийгүй чадварлаг дуучин юм. Бас тун хөгжилтэй бүсгүй. Цомог тань гайхалтай болжээ. Сонсогчдод гэнэтийн бэлэг болж чадна гэдэгт итгэлтэй байна. 
-Баярлалаа.

No comments:

Post a Comment