Friday, May 18, 2012

ТАВАН ДОЛЛАРЫН ТАСАЛБАРТАЙ “ОСКАР”


“Оскар”-ын төрсөн өдөр. 1929 оны тавдугаар сар 16-нд Лос-Анжелес хотноо Академийн шагнал гардуулах ёслолын анх зохион байгуулж, шагнал гардуулж байсан болохоор авга Оскараар овоглосон эл шагналын төрсөн өдөр яах аргагүй эл өдөр байх болов уу. 

Тасалбар нь таван долларын үнэтэй шагнал гардуулах ёслол Холливуд Рузвелт зочил буудалд анх зохион байгуулагдаж байснаас хойш хэдийнэ 83 жил өнгөрчихөж. Анхны үдэшлэгт нь ердөө л 2070 хүн оролцож байсан бол өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд болсон “Оскар”-ыг зөвхөн Хойд Америкт гэхэд л 39 сая хүн гэртээ тухлан сууж байгаад телевизийн нэвтрүүлгээр шууд хүлээн авч үзсэн байх юм. Харин зохион байгуулалт нь өнөөдрийнхөөс огт өөр байж. Анхны Академийн шагналтнуудын нэрсийг наадам болохоос гурван сарын өмнө нийтэд зарлаж байсан бол дараа жил нь уг байдал багахан өөрчлөгдөж, Академи ялагчдын нэрсийг шагнал гардуулах хүртэл нууцлахаар тогтжээ. Гэхдээ наадам болох өдрийн үдшийн 11 цаг хүртэл хэвлэхгүй байхыг хатуу сануулан, ялагчдын нэрсийн жагсаалтыг зөвхөн хэвлэлийнхэнд тарааж байсан аж. Эл уламжлал “The Los Angeles Times” сонинынхон ялагчдын нэрсийг үдэд хэвлэгдсэн сониндоо нийтэлж, шагнал гардуулах ёслолд оролцогчид суудлаа эзлэхээс өмнө тараасан 1940 он хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ алдаанаас сургамж авсан Академи 1941 оноос ялагчдын нэрсийг дугтуйд хийн нууцалдаг болсон аж.
“Канн”, “Алтан бөмбөрцөг” гээд л кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг олон арван наадам байгаа атал “Оскар” олны сонирхлыг илүүтэй татсаны нууцыг шүүмжлэгчид телевизтэй салшгүй холбоотой байсных хэмээн дүгнэдэг. Анхны телевизээр шууд цацагдсан шагнал гардуулах ёслол болсон төдийгүй хоёр дахь “Оскар”-ыг Лос-Анжелес радио нэг цагийн турш шууд нэвтрүүлсэн нь уг наадмын нэр хүндийг багагүй өсгөжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл радиогоор шууд цацагддаг болсон тул үзэгчид Академийн шагнал гардуулах ёслолыг илүүтэй сонирхон үздэг болж. 1966 онд үзэгчид нэвтрүүлгүүдийг өнгөтөөр хүлээн авдаг болсон нь “Оскар”-ын үзэгчдэд ч бас нэг шинэчлэл болж. Тэд Холливудын оддын гангарааны сэтгэл хөдөлгөм өнгийг харах боломжтой болсон болохоор тэр. Үүнээс гурван жилийн дараа дэлхий дахины цацагддаг болсноор өдгөө дэлхийн 200 гаруй оронд ялагчдын нэр дуудах мөчийг кино сонирхогчид гэртээ сэтгэл догдлуулан сонсож суудаг болжээ.
Ихэвчлэн зочид буудлуудад зохион байгуулагддаг байсан наадам 1942 онд Грауманы Хятад театр өрнөснөөс хойш театрт хийх нь уламжлал болон тогтсон байдаг.
Бараг нэг зууны түүхтэй наадмын талаар кино сонирхогчид сайн мэддэг хүмүүсийн тэр бүр мэддэггүй баримтууд ч цөөнгүй бий. Тэднээс хамгийн сонирхолтой арван баримтыг дэлгэе.
1. Энэ жилийн “Оскар”-ын “Шилдэг зураг” төрөлд найман өрсөлдөгч нэр дэвшсэн нь уг наадмын 84 жилийн түүхэнд гарч байгаагүй зүйл юм. Үүнээс өмнө ихэвчлэн тав юм уу арван уран бүтээл нэр дэвшиж байжээ.
2. Хамгийн эрэлттэй хөтлөгч хэмээгддэг Билли Кристал Академийн наадмыг хөтлөхөөр есөн удаа гэрээ байгуулсан хүн. Гэхдээ л “Оскар”-ын хувьд Боб Хоп илүү нэр хүндтэй нэгэн. Тэрбээр энэ наадмыг 18 удаа хөтөлсөн байдаг.
3. Бараг нэг зуун жилийн түүхтэй эл наадамд ердөө ганц л удаа насанд хүрэгчдэд зориулсан кино нэр дэвшиж байжээ. 1969 оны наадмын шилдэг зураг төрөлд өрсөлдөн эл бүтээл “Шөнө дундын ковбой” нэртэй.
4. “Оскар”-ын шагналтнуудыг насны байдлаар онцолбол:
Хамгийн залуу шилдэг эрэгтэй жүжигчин: Адриэн Броди (29 насандаа) “Төгөлдөр хуурч” киногоор 2002 онд хүртсэн.
Хамгийн залуу шилдэг эмэгтэй жүжигчин: Марли Матлин (21 насандаа) “Бурхны хүүхдүүд” киногоор 1986 онд хүртсэн.  Lesser God in 1986
Хамгийн ахмад шилдэг эрэгтэй жүжигчин: Хэнри Фонда (76 насандаа) “Алтан цөөрөм” киногоор 1981 онд хүртсэн.
Хамгийн ахмад шилдэг эмэгтэй жүжигчин: Жэссика Танди (80 насандаа) “Хатагтай Дэйси” киногоор 1980 онд хүртсэн.
5. Академийн анхны шагнал гардуулах ёслолын үдэшлэгийн тасалбар ердөө таван долларын үнэтэй байж. Анх 1953 онд зурагтаар цацагдаж, 1966 онд өнгөтөөр үзэгчдэд хүрсэн байдаг.
6. 84 жил зохион байгуулагдахдаа “Оскар” товлосон хугацаанаасаа ердөө гурван удаа л хойшлогдож байжээ. 1939 онд болсон их үерээс болоод хойшлогдож байсан бол 1968 онд Мартин Лютер Кингийг оршуулах ёслол давхацсанаас болоод хойшлогджээ. Мөн 1981 онд Ерөнхийлөгч Рональд Риган руу халдсаны улмаас уг арга хэмжээг түр цуцалсан байна.
7. “Шуурганд туугдагсад” кино Шилдэг зураг төрөлд магнайдсан хамгийн урт уран бүтээл юм. Уг кино 234 минут үргэлжилдэг бол хамгийн богино Шилдэг зурагтай кино нь “Марти” (94 минут).
8. 2012 Академийн бүх гишүүн буюу 5783 хүн өрсөлдөгчдөд санал өгчээ.
9. “Оскар”-ын түүхэнд ердөө гурван хүн шагналаасаа татгалзсан байдаг.
Генерал Паттоны дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн Жорж Скот 1971 онд шагналаасаа татгалзаж байжээ. Тэрбээр уг наадмыг дэндүү улс төржсөн хэмээн үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна.
“Загалмайлсан эцэг” Марлон Брандо 1972 онд шилдэг жүжигчнээр тодорсон боловч Холливудынхан америкчуудын төрхийг дэндүү ядмаг болгож байна гэсэн үндэслэлээр шагналаасаа татгалзжээ.
Зохиолчид кино бүтээгчидтэй дайн зарлаад байсан 1935 онд Академийн шагнал хүртсэн зохиолч Дюдли Николс 1935 онд шагналаасаа татгалзсан анхны уран бүтээлч болсон байна.
10. Жүжигчин Мариса Томей 1992 онд шилдэг туслах жүжигчний шагнал хүртсэн боловч өнөө хэр уг шагналыг эргэлзээтэй хэмээн шүүмжлэгчид үздэг. Тухайн үед хүчтэй өрсөлдөгчтэй байсан тул кино урлагт “Мариса Томейгийн хүчин зүйл” гэх нэр томъёо хүртэл  гараад амжжээ.

No comments:

Post a Comment