Friday, May 18, 2012

Бетти Уайт: Оюун бодолдоо би ирвэс


Дал гаруй жилийн турш идэвхтэй амьдарч байгаа хүн түүнээс өөр үгүй биз. Өнгөрөгч нэгдүгээр сард 90 насны ойн баяраа тэмдэглэсэн жүжигчин Бетти Уайт 1939 онд телевизийн салбарт хөл тавьсан аж. Өдгөө ч Холливудын хит бүтээлүүдэд тоглосоор буй түүнтэй Пирс Морган ярилжээ. 

-“Мэри Тайлор Мур” цуврал дэлгэцнээ гарсан үе бол дэлгэцийн цувралын алтан үе. Тэр цагаас хойш биднийг инээлгэж байгаа хүн бол Бетти Уайт. Тэр биднийг зогсолтгүй инээлгэснээс хойш хэчнээн урт хугацаа өнгөрсөн юм бэ? 
-Та 90 гэж хэлэх гээд л байна аа даа?
-Өөрийгөө 90 настай гэж хэлэх гэсний хэрэггүй. Ид шидийг үгүй хийчих шиг л болж байна. Та яг л 30 настан шиг харагдаж байна. 
-Энд л тэгж байгаа байх аа даа. (инээв)
-Та яагаад өнөө хэр ийм завгүй ажилладаг юм бэ? 
-Чамд таалагдахын тулд л тэр. (инээв) Сүүлд тоглосон киноны минь тухай яриад байна уу? Тэр бол миний буруу. Бид сайн кино хийхийг хичээсэн. Ямар ч байсан зорилгодоо хүрсэн.
-Үгүйд ээ. Таны цагийн хуваарийн талаар яриад байгаа юм. 90 настнуудаас та хамгийн завгүй нь байх. 
-Хэрвээ өөрөө л сэтгэл хангалуун байгаа бол түүнд буруу зүйл гэж байхгүй байх.
-Студи руу гарахын өмнө эхнэр минь надад таны талаар анхаарууллаа л даа. Тэр бүр “Болгоомжтой байгаарай. Бэтти бол ирвэс л гэсэн үг” гэж хэлсэн шүү. 
-Тийм шүү. Өөрөө өөртөө бол би ирвэс. Гэхдээ зөвхөн оюун бодолдоо л. Миний биширдэг амьтдын нэг юм.
-Тэрийг би сайн мэднэ. Та 90 настай атлаа яагаад ингэж их ажилладаг юм бэ? Та кинонд тоглож, “Saturday Night Live” нэвтрүүлгийн хийж байна. Ийм их эрч хүчийг тэр хаанаас авдаг юм бол гэж хүмүүс их гайхдаг. 
-Энэ бүхэн л намайг амьд байлгаж байгаа юм шүү дээ. Харин хүмүүс энэ асуултаа үргэлжлүүлэн тавьсаар л байх вий. Хэрэв миний төлөө үнэхээр л санаа зовж байгаа юм бол энэ талаар дахин асуухаа л больчих. Үгүй гэж хэлэх миний хувьд их хэцүү байдаг.
Бүр жаахан байхаасаа л би бусдад татгалзсан хариу өгч зүрхэлддэггүй байлаа. Тэр зан минь тодорхой хэмжээнээр нөлөөлдөг биз. Гол нь би ажилдаа дуртай.
-Америкчууд танд яагаад ийм их хайртай байдаг юм бол. Жар далан жил тасралтгүй хөдөлмөрлөсөн учраас тэгж байгаа юм болов уу. Таны нууц юу вэ? 
-Надад ямар ч нууц байхгүй. Хүмүүс намайг сайн мэддэг учраас л надад тэгж ханддаг юм болов уу. Өнөөдөр өсөж томорсон их олон залуус жаахан хүүхэд байхаасаа л миний тоглосон цувралуудыг үзэж өссөн. Тэдний өвөө эмээ нь ч миний тоглосон киног үздэг. Бүхий л цаг үед би байсан болохоор тэр байх.
-Би гурван хүүтэй. Тэдний хоёр нь өсвөр насны хөвгүүд л дээ. Тэд маань тантай уулзаж ярилцах гэж байгааг сонсоод Британиас энд ирсэн. Тэд бүр “Аав аа, тэр ёстой догь хатагтай” гэж уулга алдсан. 
-Тийм гэж үү? Тэднийг бурхан ивээг. Миний мэндийг тэдэнд дамжуулаарай.
-Тэгье ээ. Хувийн амьдралынхаа тухай сонирхуулаач. Би амралтын өдрүүдээр Лас Вегас хотноо өнждөг. Та ч бас тэнд амардаг юм билээ. 
-Бид тэгвэл Нүгэлт хотод амардаг байх нь.
-Та өглөө 06.00 цагт босдог гэж байсан. Тэгээд нохойгоо салхилуулж, дараа нь өдөржин ажлаа хийгээд, заримдаа бүр 01.30 цагт орондоо ордог гэсэн. 
-Учрыг нь сайн мэдэхгүй ч би унтах гэж дурлаад байдаггүй хүн. Хоногт 4-5 цаг унтах нь надад хангалттай байдаг. Унтах гэдэг дэндүү уйтгартай үйлдэл. Орон дээр хэвтээд нүдээ анин өнгөрүүлэх цагт бид хэчнээн их зүйлийг амжуулж болдог гээч.
-Та гайхалтай эрч хүчтэй хүн юм. Хүмүүсийн олонх нь 70 хүрэхээр өвдөг сөхөрч, шантарч эхэлдэг байх гэж би боддог юм. Таны насны хүн ийм их эрч хүчтэй байгаагийн нууц нь юу вэ? 
-Хөгширнө гэдэг чинь ердөө л сэтгэл санааных юм болов уу гэж би боддог. Би хийж байгаа зүйлдээ дуртай. Өмнө хэлж байсанчлан түүнийхээ ачаар л амьдарч байна. Ийм настай байгаа хэрнээ би ажлаа хийж чадаж л байгаа нь үүний нотолгоо юм.
-Эрчүүдээс танд элдэв санал ирсэн хэвээр үү? Эсвэл та тэдгээр саналыг зохисгүй гэж үзэхээ больсон уу? 
-Гол нь тухайн хүн зүй зохистой байдал гэж юуг хэлдгийг үнэлэхээс шалтгаална.
-Тантай уулзах үед надад “Түүний өмссөн цамц надаас ахмад байж ч мэднэ” гэсэн бодол төрсөн. Таны цамц хэдэн настай вэ? 
-Их эртний цамц. Магадгүй чөнөөлөндөө гарах болсон байх. Надад бүр “Мэри Тайлор Мур” цувралд тоглож байхдаа өмсдөг байсан хувцас ч бий. Гэхдээ надад энэ цамцны өнгө нь таалагддаг юм.
-Жаахан завсарлага аваад нэгэн бичлэг үзье. 
(Бичлэг)
Жүжигчин Морган Фриймэн: Беттидээ би их хайртай. Тэр гайхалтай эмэгтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: Хонгор Бетти, та эрч хүчээр дүүрэн харагдаж байна. Хэдийнэ 90 нас хүрсэн гэдэгт чинь итгэж ч чадахгүй юм. Яг үнэндээ таныг 90 настай гэдэгт би итгэхгүй байгаа шүү. Тиймээс төрсний гэрчилгээгээнийхээ хуулбарыг харуулж, түүнийгээ батлаарай.
Хэдэн настайг чинь үл хамааран танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

-Ерөнхийлөгч Обама төрсөн өдрийн баяраар тань хошигноод амжжээ. Ерөнхийлөгч танд хошигносон мэндчилгээ илгээнэ гэдэг гайхалтай биш гэж үү. Та энэ талаар таамаглаж байв уу?
-Бид огт мэдээгүй. Гайхалтай сайхан бэлэг болсон шүү. Би анх хүлээж авчихаад нүдэндээ ч итгээгүй.
-Та хоёр настай байхдаа Лос Анжелест нүүж ирж байсан гэсэн. 
-Ой гарантай байхдаа.
-Амьдрал тань яг кино зохиол шиг өнгөрснийг бодохоор заримдаа гайхдаг уу? 
-Тэднээс хамгийн гайхалтай нь Алан Луннтай хамт өнгөрүүлсэн 18 жил.
-Тантай 18 жил хамт амьдарсан хэрэг үү? 
-Тийм ээ.
-Богинохон насалсан нь харамсалтай. Тэр үеэ дурсаач. 
-Элизабет Тэйлорт хүмүүс яагаад хайртай байдгийг мэдэх үү. Тэр их олон удаа нөхөрт гарсан хэдий ч гэрлэхээсээ өмнө охин биеэ гээгээгүй юм.
-Та ч бас нөхөрт гарахаасаа өмнө хайртай залуутайгаа дотно харилцаанд ороогүй байх нь ээ? 
-Тийм ээ. Гэхдээ та миний тухай олон цуу яриа сонссон л байх. Гэхдээ би үүгээрээ өнөөгийн охидыг шүүмжлэх гээгүй юм шүү. Тухайн үед хүмүүс энэ талаар их өөр ойлголттой байж л дээ. Хүмүүс эмэгтэй хүний гэрлэсэн эсэхийг л их сонирхдог байсан. Нэг ёсондоо нөхөртэй эмэгтэйг үнэлж хүндэтгэдэг байлаа. Эцэст нь “Би юу хийчихэв ээ” гэж харамсах өдөр ирдэг юм. Өө бурхан минь би юу яриад эхлэв ээ. Энэ талаар ярина гэж огт төлөвлөөгүй байсан юм шүү дээ.
-Алан таны амьдралд ирснээр та жинхэнэ хайраа олсон байх нь. 
-Тийм ээ. Миний нэг насны хайрын эзэн. Гэхдээ би болздог болсон даруйдаа түүнийг дагаж Нью-Йорк руу нүүхээс татгалзсан. Тэр үед би өөрийгөө их ухаалаг алхам хийсэн гэж боддог юм. Учир нь тэр надаас гэрлээч гэж биш хамт Нью-Йорк руу нүүе гэж асуудаг байв.
Намайг татгалзсан болохоор үдэш бүр над руу утсаар ярьдаг байлаа. Нэг өдөр тэр цагаан туулайн хэлбэртэй чихмэл тоглоом барьчихсан ирлээ. Чихэнд нь очир эрдэнийн шигтгээтэй бөгж зүүж, ил захидал дээр “Зөвшөөрсөн гэдэг хариу өгөөч” гэж бичээд хамт авчирсан. Тэр шөнө би утас дугарахад нь “Байна уу” гэж биш, “Зөвшөөрч байна” гэж хариулсан даа.

No comments:

Post a Comment