Wednesday, September 28, 2011

Бьонси: Тайзан дээр дэгжин байх нь чухал биш

“4” нэртэй шинэхэн цомог, Европын хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадмуудын нэг болох “Гластонбюри”-гийн түүхэнд шинэ хуудас сөхсөн, үрийн зулай үнэрлэх гэж байгаа талаарх мэдээлэл гээд түүнд ярих зүйл цөөнгүй бий. Тиймээс ч дуучин Бьонсиг “The Piers Morgan Tonight” нэвтрүүлгийн зочноор урьсан биз.

-Түүний гардсан “Грэмми”-гийн шагналын цомуудад зориулан шүүгээ гаргасан ч багадаж мэднэ. Техасын дунд сургуулийн бяцхан охиноос дэлхий дахиныг донсолгосон уран дуучин болтлоо өсөн дэвжсэн бүсгүйг бид нэвтрүүлгийнээ зочноор урьсан. Сайн байна уу, Бьонси?
-Гайхалтай сайн байна.
-Таныг Лондонд надтай ярилцахаар ирсэнд би тун их баяртай байна. Бид манай цэцэрлэгт ярилцсан ч болох нь байна шүү дээ.
-Тийм ээ.
-Та өчигдөр Гластонбюригээс ирсэн байх аа. “Гластонбюри” хөгжмийн наадамд оролцох гэж тус хотыг зорьсон байх нь ээ?-Үнэндээ уг хөгжмийн наадамд оролцох гэж тус хотыг зориогүй юм.
-Санамсаргүй тохиолдлоор “Гластонбюри”-ийн тайзнаа гарчихсан хэрэг үү. -Бараг тийм гэж хэлж болно.
-Тус наадмыг нээсэн анхны эмэгтэй нь та. -Тийм ээ.
-Тэгээд тоглолт ямар болов доо? -Oдоо ч үүлэн дээгүүр хөвж яваа юм шиг л санагдах юм. Өчигдөр болж өнгөрсөн бүхэн зүүд юм шиг л бодогдож байна. Энэ наадмын талаар олонтаа сонсож, зургийг нь үздэг байсан. Хэдэн жилийн өмнө нөхрийгөө оролцоход нь хамт ирж, уг наадмыг үзэх үед хамгийн гайхалтай хөгжмийн наадам байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай зүйлсийн нэг. Харин тэр үдшээс хойш гурван жилийн дараа надад тус наадмыг нээсэн анхны эмэгтэй уран бүтээлч, бас тус наадамд оролцсон анхны африк гаралтай дуучин болох завшаан олдсон.
-Миний бодлоор энэ жилийн наадмын нээлтийн хэсэг хамгийн шилдэг үзүүлбэр нь болсон. -Тус наадмыг нээсэн анхны эмэгтэй болсондоо би тун баяртай байгаа. Бас надаас өөр ямар ч эмэгтэй энэ жилийн наадам оролцоогүй нь ч таалагдсан. Учир нь эрэгтэй дуучид гоё сайхан харагдъя гэхээсээ илүүтэй дуундаа бүх анхаарлаа хандуулдаг. Энэ нь ч тэднийг нэгтгэж чаддаг юм билээ.
-Та цөөнгүй удаа рок дуучин болохыг хүсдэг хэмээж байсан. Эцэст нь та рок дуучин байхын жаргал зовлонг хэсэгхэн ч гэсэн мэдэрч чадав уу? -Чадсан шүү.
-“Гластонбюри” наадамд оролцох болсон шалтгаан чинь ч бас энэ байх, тийм үү? -Зөвхөн рок дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн энэ наадамд оролцсон юм биш ээ. “Гластонбюри”-гийн юм бүхэн нь надад таалагддаг. Оролцогчид нь бүгд…
-Царай муутай. -Үгүй дээ. Надад харин ч их таалагдсан. Хөгжмийн наадам гэдэг чинь загварын шоу биш. Тайзан дээр дэгжин байх нь чухал биш. Хэн ч гоё харагдах талаар боддоггүй нь надад таалагдсан. Энэ мэт олон бичигдээгүй хууль “Гластонбюри”-д үйлчилдэг. Тайзан дээр гарах хүн хэдэн хит дуу дуулсан нь хэнд ч хүртээлгүй. Зөвхөн сайн уран бүтээлийг л үнэлж, дуучныг нь хүндлэх болно.
Би ч бас өөр юунд ч санаа зоволгүйгээр зөвхөн чин сэтгэлээсээ сайхан дуулж, бүжиглэхийг л хүсдэг.
-Зурагтаар таны тоглолтын бичлэгийг үзэж суутал та бараг хоёр метр өндөр харагдаж байх юм. Гэтэл зэрэгцэж суугаад ярилцаад суухад та тийм томгүй, харин ч бүр жижигхэн биетэй харагдаж байна. Зурагтын маань дэлгэц том болохоор та ч бас тэгж их өндөр харагдсан юм болов уу? -Танилцсан хүн бүр л “Зурагтаар харж байснаас жижиг юм аа” гэж хэлдэг. Гэхдээ тэд энэ үгээ хүн бүрт хэлэх ёстой юм шиг ээ. “Destiny's Child” хамтлагийн охидод ч тэр, нөхөрт маань, бас ээжид ч... Телевизээр гарч байгаа хүн бүр л байгаагаасаа өндөр харагддах байх.
-Хэдийгээр би тоглолтыг тань үзэж байгаагүй ч зурагтаар гарч буй бичлэгийг нь харахад тоглолтын турш өндөр өсгийт өмсчихсөн байгаа харагддаг. Гэхдээ түүндээ огт түүртэж, ядралгүй дуулж, бүжиглээд байгаа нь юутай холбоотой вэ? -Би 13 настай байхаасаа л өндөр өсгийт өмсөж эхэлсэн. Тиймээс биеийн минь нэг хэсэг шиг л болчихсон гэсэн үг. Би бүр тоглолтын бэлтгэл хийж байхдаа ч өндөр өсгийтэй гутал өмсдөг.
-Галзуурсан мэт орилолдон зөвхөн таны дууг сонсон, бүжиглэхийг чинь харах гэж цугласан 175 мянган хүний өмнө дуулах ямар санагддаг вэ? -Үнэндээ тоглолт болохоос өмнө би айдаг. Харин тоглолтын үеэр тэр олон хүн цугласан байгааг мартчих шиг л болдог юм. Би насаараа л тоглолтод оролцож байна шүү дээ. Хэдийгээр бид нэг дэлхий дээр амьдарч, ижилхэн бүгд нэг л зүйлд зорьж, амьсгалж байгаа нь ч адилхан ч “Би энэ бүхнийг хүртэх эрхтэй” гэж өөртөө хэлдэг. Учир нь би бол дива. Би хангалттай хөдөлмөрлөж байгаа. Тоглолтын эхлэхийн өмнө энэ тухай бодож, цугласан олны шуугианыг сонсчихоод л “Хамгийн сайхан зүйл нь одоо л эхлэх нь” гээд л тайз руу гардаг. 
-“Би бол дива” гэж хэлэх тань их таалагдлаа. Та ингэж хэлэхдээ өөртөө тун итгэлтэй байгаа харагдсан. -Тийм ээ.
-Гэтэл ихэнх дуучид дива гэж хэлүүлэхээс ичиж, “Би энэ алдрыг хүртэх эрхгүй” гэсэн байдаг шүү дээ. Харин танд дива байх нь илүү таалагддаг юм аа даа. -Дива хүнд байвал зохих бүхий л зүйлийг өөртөө шингээсэн дуучидтай би уулзаж байсан. Тина Тёрнер, Патти Лабелл гээд л…
-Жинхэнэ дива хүн ямар байх ёстой юм бэ? -Зөвхөн гоё сайхан харагдаад зогсохгүй авьяастай, дайчин, ухаалаг, зоригтой атал энэрэнгүй байх ёстой юм болов уу. Гэхдээ дива болоход тодорхой цаг хугацаа хэрэгтэй.
-Манай нэвтрүүлэгт оролцохоор ирэхдээ хувцсаа хэрхэн сонгосон бэ. Өглөө босмогцоо л CNN телевизийн нэвтрүүлэг тэр дундаа Пирстэй уулзах юм чинь гэж бодож байгаад л сонгов уу? -Анхнаасаа л даашинз өмсье гэж бодож байсан. Би тод өнгөнд дуртай тэгээд л улбар шар даашинз өмсөхөөр шийдсэн.
-Сонголтоо хийхээс өмнө хэдэн даашинз өмсөж үзсэн бэ? -Хоёр удаа хувцас сольсон. Улаан костьюм өмсөж үзсэн. Би тод өнгөнд дуртай гэж хэлсэн шүү дээ. Намайг жаргалтай болгох шиг санагддаг юм.
-Энэ хувцас надад зохино гэдгийг та хэрхэн мэддэг вэ? -Хувцаслалтын хамгийн чухал зүйл нь өнгө.
-Энэ жил та юу суралцав? -Би энэ жил их олон зүйлийг мэдэж авсан шүү. Сурж, мэдсэн зүйлүүдээс минь хамгийн чухал нь дуулж, бүжиглэх дуртайгаа мэдсэн явдал. Би хөгжимд хайртай. Студид дуулж, хөгжим бичин, клипний зураг авахуулж байхдаа энэ ажилдаа ямар их дуртайгаа мэдэрлээ.
Бас нэг сурсан зүйл минь ажил, амралтаа хослуулах. Өнөөдрийг хүртэл өөртөө ч цаг гаргалгүй хөдөлмөрлөж байж л 16 “Грэмми”-гийн шагнал хүртсэн. Гэхдээ яаж тэгж ажиллаж байснаа бодохоор өөрийгөө гайхах шиг л болдог.
-Энгийн хүмүүс загас барьж, аялж амьдралын сайхныг амталдаг. Харин та өөрт гаргасан цаг заваа юунд зарцуулж, амьдралын ямар зүйлс таныг сэтгэл санааг тайвшруулдаг вэ? -Би бусдын л адил бүгдийг хийдэг. Амарч байгаа үедээ аялна, бас музей, балет үздэг. Түүнчлэн дүүгээ сургуульд нь хүргэж өгч, онгоцонд зэргэлдээ суусан хүнтэйгээ хууч хөөрөх ч сайхан шүү дээ.
-Та үнэхээр онгоцонд тааралдсан танихгүй хүнтэй юм ярьж суудаг гэж үү? -Тэгэлгүй яах вэ. Тэгж ярилцахын юу ч хамгийн сайхан гээч. Тэд намайг танихгүй байх явдал. Заримдаа “Уучлаарай. Таныг байх юм гэж төсөөлсөн ч үгүй” гэж хэлж байх нь их хөгжилтэй санагддаг.
-Та супер од болно гэдгээ таамагладаг байсан уу? -Үгүй дээ. Энэ талаар хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ тайзан дээр илүү жаргалтай байна гэдгээ сайн мэддэг байсан. Би багадаа их бүрэг, дуу цөөтэй охин байсан. Ээж маань үсчний газар ажиллуулж, би тэнд нь өнждөг байлаа. Тиймээс өдөржин хүмүүсийн яриаг сонсоно.
Удалгүй ээж минь намайг бүжгийн дугуйланд явуулах үед л би урлагт дурласан. Тайзан дээр гармагцаа би диваажинд байгаа хүн шиг аз жаргалтай болчихдог байв. Түүнийг ч гэр бүлийнхэн маань анзаарсан хэрэг.
-Жей Зитэй ярилцахдаа зөвхөн сайн дуучин, бизнесмен биш сайн хүн гэдгийг нь анзаарсан. Харин та түүнийг хэрхэн дүгнэдэг вэ? -Би ч бас тантай адилхан бодолтой байна. Бидний хэн хэн нь хөгжимд дуртай учир ойлголцоход амар байдаг. Үнэндээ би түүнийг тодорхойлж хэлж чадахгүй юм байна. Зөвхөн гайхалтай сайн хүн гэдгийг нь л хэлье.
-Та галзуурсан мэт дурлалын тухай дуулдаг шүү дээ. Харин өөрөө хэдэн удаа тэгж дурлаж байсан бэ? -Олон биш ээ.
-Тэгээд л Жей Зитэй учирсан хэрэг үү ? -Тийм ээ. Уг нь бид эхэндээ зүгээр л нөхөрлөж байсан юм.
-Таны бодлоор хайр гэж юу вэ? -Хайр гэдэг бүх зүйлийн үндэс суурь. Аав, ээж, нөхөр, эгч дүүсийн минь хайр миний уран бүтээлд багагүй нөлөөлдөг.
-30 нас гэдэг ид цэцэглэн хөгжих нас гэж би боддог. Та үүний тод жишээ юм шиг ээ. -30 нас гэдэг жинхэнэ бүсгүй хүн болсон гэдгээ мэдрэх үе. Магадгүй амьдралын хамгийн сайхан үе ч байж болох юм. Учир нь энэ үед хэн гэдгээ хэдийнэ ухамсарлачихсан, өөрийн баримтлах зарчмыг ч тогтоосон эелдэг байхыг хичээж, бусдад таалагдахгүй байх вий гэхээс үл айн, өөрийнхөөрөө бүхнийг хийхдээ огт эмээдэггүй болчихсон байна.
-Ярьж байгаа тань яг л ээж шигээ сонсогдож байна шүү. -Би ээжтэйгээ улам л адилхан болоод байгаа.
-Үгүй дээ, би тэгж хэлэх гээгүй. -Тэгвэл намайг хүүхэдтэй болох цаг болсон гэх гээд байна уу. 30 хүрэхээрээ хүүхэд гаргана гэж би байнга л ярьдаг байсан шүү дээ.
-Тийм ээ. -Бас 30 хүрэхээрээ тайзаа орхино гэж ярьдаг байсан.
-Энэ жил ч их юм болох нь ээ дээ. -Хэн мэдэх вэ дээ. Гэхдээ тайзаа орхих болоогүй ээ. Орхихоор шийдвэл танд дуулгана.

Tuesday, September 27, 2011

Хөх зангирах

Өнөөдөр ч гэсэн хөх зангирах /эмнэлгийн хэллэгээр сүүний зогсонгишил гэдэг бололтой/ гэдэг айхтар өвчинд дарлуулаад сууж байгаа тул бусад бүсгүйчүүдэд ч бас тус болог гэсэндээ энэ зурвасыг бичиж байна. 
Хөх хатуурч зовиурлаж эхэлмэгч хамгийн түрүүнд ханддаг "Google" ахдаа захисан боловч халуун бигнүүр тавьж, саалтуур эсвэл гараар саадаг гэхээс өөр зөвлөгөө огт олсонгүй. Тэр нь миний л адил энэ өвчинд шаналж, түүнээсээ хэрхэн хагацсанаа бусдад дуулгах нэгэн бүсгүйн хувийн блог.
Гүүгл ахын  зөвлөгөө төдийлэн нэмэр болсонгүй нэлээн хэд хоносны дараа хөх хөндүүрлэн өвдөж, өөрөө халуурч эхэлсэн тул Өрхийн эмнэлэг зорилоо. Үнэндээ манай хотод чинь эмэгтэйчүүдэд зориулсан эмнэлэгт нь төрсний дараах асуудлыг шийдэх чадвар, мэдлэгтэй нь цөөн болохоор хаашаа очихоо мэдэхгүй тээнэгэлзсэний эцэст ийм шийдвэр гаргасан юм. За олныг үл нуршин одоогоор авч хэрэгжүүлээд байгаа арга туршлагаа хуваалцъя.



Юуны өмнө хөх зангирч эхэлмэгц дом, арга ширгэнээс илүү мэргэжлийнхэнд хандсан нь дээр.
Харин та дом, уламжлалт ухаанд илүү итгэдэг бол зангирсан хөх домнох хэд хэдэн арга байдаг юм байна.
-Ихэр хүүхдийн оймс. Ам гэмтэхэд домнодогтой адил ихэр хүүхдийн оймсыг хөх зангирах үед хэрэглэдэг юм байна. Ингэхдээ оймсоо хөхнийхөө зангирч байгаа хэсэгт шүргүүлээд "Эм дом, эм дом" гэж хэлдэг гэнэ.
-Үсний сэв. Үсний сэвээр домнох аргыг бүрэнхийд хийдэг аж. Сэвээр хөхний толгой руу чиглэлтэйгээр хөнгөн илэх маягтай "Бузрыг гарга. Эм дом, эм дом" гэж хэлэх ёстой юм гэсэн.
-Үсний самаар бас домнож болно. Өөрийн байнга хэрэглэдэг самаа цэвэрлээд мөн л хөхний толгой руу чиглэлтэйгээр хөнгөн самнах маягаар "Эм дом эм дом" гэж хэлэн шүргүүлэх юм байна. Ингэхдээ хөхний нөсөөт хэсэгт сам хүргэхгүй. Энэ домоо нэг удаа биш тодорхой давтамжтайгаар ойр ойрхон хийх юм байна.
-Эцэст нь хятад бэх. Хятад бэхээр мөн л хөнгөн шүргүүлж "Дом биш эм бол" гэж хэлдэг гэх юм.


За шинжлэх ухаанч үндэслэлтэй аргууд бас байна аа.
-Нэгдүгээрт массаж хийн, саах арга. Массаж хийхдээ шингэн тос /ургамлын тос, сүүлэн тос байсан ч болно/ ахиухан түрхээд яг л хөх саадаг шиг илнэ. Зангирч хатуурсан хэсэгт хуруугаар дарж, тойрог маягаар илэхэд аяндаа зөөлрөөд ирдэг юм билээ. Түүнийг нь хөхний толгой руу чангавтар илж гаргана. Сувилагчид бол ширүүн л шахаж гаргаж байна лээ. Гэхдээ дараа нь хөх амраад сайхан болдог л доо. Гэхдээ бас хамаагүй хүнээр саалгавал гарын хор ороод хавдаад ирдэг юм гэнэ.
-Уламжлалт эмчилгээнийхэн дөнгөж зангирч эхэлж байх үед нь зүү тавиад буглааг нь гаргадаг гэж байна.
-Харин бариа заслынхан бариа хийдэг юм байна. Энэ нь саахаас өөр юм гэнэ ээ. Хөхөнд хүрэхгүй, хүзүү, дал хэсэгт бариа хийдэг гэж байна.
-Өмхий тос үр дүнтэй. Гэхдээ бугласан хэсгийг эдгээхгүй, зүгээр өвдөлтийг намжаадаг ид шидтэй нөхөр гэнэ. Тосоо түрхээд гадуур нь гялгар уут тавиарай.
-Мөн байцаа тавих арга байна. Бөөрөнхий байцааны хуудас бугларч хатуурсан хэсгийг, хавдаж чинэрсэн мэт хатуу болсныг зөөллөхөөс гадна, өвчин намдаадаг гэнэ ээ. Надад лав үр дүнгээ өгсөн. Хавдар нь буучихсан байна.
-Нимгэн гялгар уутаар тавин хөхүүлж, зангирсан хэсгийг зөөлрүүлдэг гэнэ. Мэдээж зөөлөрсний дараа гараар массаж хийн, бугласан сүүг гадагшлуулна.
-Эсвэл шар будаа нялцайтал чанаад түүгээрээ бигнүүр тавиад хоновол зангирсан хэсэг нь зөөлрөөд, өвчин нь ч намддаг гэнэ. Яг одоо энэ аргыг туршиж байна. Үр дүнг нь маргааш бичнэ ээ.
Жич: Ямар ч үр дүн үзүүлсэнгүй ээ.

-Нэлээн удаад идээлэх шинжтэй болсон үед давхар эмийн эмчилгээ хийдэг юм байна. Ибупрофен гэдэг эм өвчин намдааж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Бас Амоксилиний төрлийн эм. Надад бол Амоксиклав гэдэг эм бичиж өгсөн байна.

Эцэст нь энэ хорвоогийн бүх ээжүүддээ эрүүл энхийг хүсье.

Шинэ ажил

За ингээд урлаг соёлынхонтой уулзан ам хэлийг нь сугалчих шахдаг байсан ажлаа орхиж, өрцнөөс унасан үрээ өсгөх асар их хариуцлагатай, аз жаргалтай шинэ ажилд оров оо.