Wednesday, June 23, 2010

Монголын рок попын ертөнц дэх “Эвтэй дөрөв”

Өнөөдөр зургадугаар сарын 24. Жилийн хамгийн урт өдрүүд үргэлжилж байгаа энэ үед залуусын дунд бяцхан хүлээлт үүсчихдэг юм билээ. Залуу насны гэнэн, гэрэл гэгээтэй, нандин дурсамжийг нь сэргээх уран бүтээлийн эзэд энэ өдөр нэгдсэн болохоор тэр.
Одоогоос арван таван жилийн өмнө томдсон хослолтой дөрвөн залуу “18 нас” гэх ахадсан дууг эвлэгхэн дуулж, охидын зүрх сэтгэлийг булгилуулж, шүтэн бишрэгчдийн галзуурал гэдгийг монголчуудад жинхэнэ утгаар нь мэдрүүлж байлаа.
2005 онд арван жилийн ойгоо нүсэр тэмдэглэж, бие даасан цомгоор фэнүүддээ бэлэг барьж байсан “Камертончууд” энэ удаад хэрхэн бол гэх сонсогчдын асуултын хариу болгож тэд ойн арга хэмжээний нээлтээ энэ сарын 30-нд “АПУ” компанийн асарт амьд хөгжимтэй үдэшлэг зохион байгуулахаа мэдэгдэж байна. Харин ойн тоглолт наймдугаар сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Автобус зогсохоос өмнө амжиж харихаар яарч байсан 15 жилийн өмнөх түүх

-“Камертон” хамтлаг анх байгуулагдаж байсан түүхийг сонирхуулаач.
Д.Болд: Тухайн үед хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан “Boyz 2 men”, “Take six” зэрэг акапелла хамтлагийн дууг сонсоод энэ урсгал, хэв маягийг Монголд дэлгэрүүлэхсэн гэсэн хүсэлдээ автаж, хамтлагаа байгуулахаар шийдсэн. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байсан маань ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн биз. Гэхдээ бид олны танил алдартан, од болно гэж огт бодож байгаагүй.
-Акапелла хамтлаг Монголд анх байгуулах санааг хэн гаргасан юм бэ?
Б.Эрдэнэбат: Биднийг долоо, наймдугаар ангид байх үед хөгжим бүжгийн оюутнуудын дунд төгөлдөр хуур, гитар тоглонгоо дэлхий дахинаа хит болсон дуунууд болон дээд үеийн ах нарын дууг дуулдаг моод дэлгэрээд байлаа. Яг л тэр жишгээр манай Болд, Мээдээ хоёр ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй хамтран хамтлаг байгуулчихсан, Ганаа бид хоёр бас нэг хамтлаг дуулахыг оролддог байсан юм. Гэтэл гармоны хичээл дээр хоолойн зохицлын тухай үзээд, эрэгтэй дөрвөл хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л 1995 зургадугаар сарын 24-нд бид дөрөв уулзаад, хамтран дуулбал ямар байх вэ гэдгийг домогт “Битлз” хамтлагийн “Yesterday” дууг дуулан, туршиж үзтэл дөрвөн хоолойн дуугарах ёстой шаардлагад яг л нийцэж байсан.
Г.Мэнд-Амар: Зуны амралт эхэлсэн байсан нь сайхан завшаан болж, бид шууд л маргаашнаас нь бэлтгэлдээ орж, зунжин сургуулилсан. Хэдийгээр бид хөгжмийн анги байсан ч Хөгжим бүжгийн коллежийн бүх сурагчид дууны хичээл ордог юм. Тиймээс дуулах тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан боловч бүрэн гүйцэт сурч хараахан амжаагүй байлаа. Өглөө бүр 09.00 цагт цуглаж, 12 цагийн бэлтгэл хийж, их ачаалалтай байсан учир Ганаа, Эба хоёрын маань хоолой сөөснийг бид даарч, халуунд хүйтэн юм ууснаас боллоо гэж зэмлэж, хүчээр дуулуулж байсан үе ч бий.
Б.Эрдэнэбат: Бидний бэлтгэлийн анхны өрөө бол Хөгжим бүжгийн коллежийн найман тоот танхим. Тухайн үед орос хэлний танхим байсан юм. Тэндээ гэрээсээ кассетний хөгжим болон өсгөгчийг нь ашиглах зорилгоор пянз тоглуулагч авчран бэлтгэл хийдэг байлаа. Гэтэл нэг өдөр сургуульд хулгай орж, бид хамаг техник хэрэгслээ алдчихсан. Азаар “АПУ”-гийн П.Батсайхан ах бидний анхны тоглолтыг ивээн тэтгэхээр болж, хөгжим шаардлагатай техник хэрэгсэл авч өгсөн. Сургуулийнхан маань ч биднийг их дэмждэг байсан учир бид тэр урамшиж, дороо бэлтгэлийнхээ өрөөг томруулан урлагийн заалны хажуугийн 10 номерийн танхим руу шилжсэн. Тэр өөрөөгөө өөрсдийн хөрөнгөөр дрож авч дэвсэн, хаалгыг нь сольж, хэрэндээ л тохижуулсан.
-Тэгэхээр бэлтгэлээ нэлээд шахуу хийдэг байсан байх нь ээ?
Б.Эрдэнэбат: 1995 онд бид нар орой 21.30 цаг хүртэл бэлтгэл хийдэг байлаа. Автобус зогсохоос өмнө амжиж харих гэж байгаа нь тэр. Олны танил болохоосоо өмнө бид дандаа л автобусаар явдаг байлаа.
-Анхны “Камертон” ямар бүрэлдэхүүнтэй байсан юм бэ?
Д.Болд: Мээдээ бид хоёроос гадна “Спайк” хамтлагт дуулдаг байсан Мөнхтуяа, Маралгуа, бас нэгэн манай ангийн охин гээд таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. 1994 онд болсон урлагийн үзлэгт оролцохоор эл хамтлагийг байгуулсан юм. Энэ бүрэлдэхүүнээрээ сурагчдын дунд болсон “Сүүлчийн хонх” нэртэй тэмцээнд оролцож, түрүүлж байсан түүхтэй.


Орчны нөлөөнөөс үл хамааран цэвэр өнгөөр, 440 герц дуугардаг камертон

-“Камертон” гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
Г.Мэнд-Амар: Манай Болдын ээж дуурийн дуучин Ж.Цэцгээ эгч маань энэ нэрийг өгсөн юм.
Б.Эрдэнэбат: Хүмүүс мэдэх байх. Дунд сургуульд байхад физикийн хичээлээр камертоны тухай үздэг шүү дээ. Дэлхийн бүх найрал, бүх хөгжмийг камертоноор хөглөдөг.
Д.Болд: Бас ля өнгөөр дуугардаг. Хамгийн тунгалаг авиа гаргадаг багаж учраас бид түүн шиг хамгийн цэвэр аялгуугаар дуулна хэмээн бэлгэдэж энэ нэрийг өгсөн юм.
Г.Мэнд-Амар: Хэрэв анзаарсан бол камертоныг манай хамтлагийн бэлгэ тэмдэгт дүрсэлсэн байдаг. Сэрээ хэлбэрийн багаж, Түүний хатуу биетэд цохихоор ля өнгөөр, 440 герцээр дуугардаг юм. Сонирхолтой нь ямар ч хүйтэн нөхцөлд, эсвэл бүр галд барьж улайтгаж байгаад дуугаргасан ч энэ өнгөө алддаггүй.
-Камертоны бэлгэ тэмдэг ямар агуулгатай юм бэ?
Д.Болд: Юун түрүүнд бид эв найрамдалтай, нэгдмэл байх ёстой гэж үзсэний үндсэн дээр эв найрамдлын бэлгэдлийг дүрсэлсэн. Нөгөө нь камертон. Хамтдаа, бие биенээ ойлгож, дэмжиж байхаас гадна цэвэр аялгуугаар хамгийн сайхан уран бүтээлийг сонсогчдодоо барина гэсэн бэлгэдлийг агуулж байгаа юм.
Б.Эрдэнэбат: Бид анхны бэлгэ тэмдгээ гуулиар цутгаж хийлгүүлж байсан. Гэтэл тоглолтын үеэр Мээдээ бүжиглэж байтал хүзүүнд нь байсан эл зүүлт ойгоод шүдийг нь эмтэлчихсэн.
-Санааг нь хэн гаргасан бэ?
Б.Эрдэнэбат: Санааг нь манай Болд гаргасан. Манай хүн чинь ер нь тал талын авьяастай.
Д.Болд: Бид дөрөв энэ зүүлтээ их олон янзаар хийлгэж, өөрчилж байсан шүү. Мээдээгийн шүдийг эмтэлмэгц нь түүнээс нь санаа авч, арай хөнгөнөөр хийлгэсэн. Бас алтаар бүрүүлсэн зүүлт хийлгэтэл тоглолтын үеэр хүзүүнээсээ алдчихаж байсан удаатай.
Г.Мэнд-Амар: Манай Болд биднийг бодвол өвөрмөц, гоё бөгж цуглуулж, их зүүдэг байсан. Эв найрамдлын бэлгэдэл бүхий бөгж ч нэлээн олон байсан байх. Тэгээд л тоглолт болоод л дуусахад хүмүүс гар барьж үедээ л хамаг бөгжийг нь мултлаад авчихсан байдаг байсан.
Д.Болд: Тухайн үед туранхай байсныг нь хэлэх үү. Зүүсэн бүх бөгж тоглолтын дараа алга болчихсон байдаг байсан.

Сүнстэй байшин буюу фэнүүдийн цуваа

-Шүтэн бишрэгчдийн хөлд хэр их дарагддаг байв?
Д.Болд: Тухайн үеийн фэнүүд одоогийнхоос их өөр байж. Сэтгэл хөдлөл ихтэй. Тоглолтын эхлэхийн өмнө арын хаалганы гадаа бидний тосчихсон, тоглолт дуусмагц бас л шавчихсан. Машин явах боломж олдоггүй байв. Тэр ч байтугай тоглолтоо тарчихаад “Найрамдал” зусланд амрахаар очиход дагаад ирчихсэн байдаг байлаа.
-Та дөрөв нэг хэсэг хамт амьдарч байсан байх аа?
Г.Мэнд-Амар: 1995 оны намраас хойш онд жил гаруй цуг амьдрахдаа бид “Амин нутаг”, “Уйлахдаа ухаар” гэх хоёр цомог гаргаж, хоёр тоглолт хийсэн байдаг.
Д.Болд: XIII хорооллын ганц арван давхар болох долдугаар байранд амьдардаг байсан. Тэр байрныхныг ч залхаасан даа.
-Өдөржин дуулдаг байсан юм уу?
Д.Болд: Дуулна. Бас фэнүүд байнга ирнэ. Орцны хана туурга дурсгалын дэвтэр шиг л байдаг байлаа. Тухайн үед СӨХ байсан бол бид байрнаасаа хөөгдөх байсан биз.
-Фэнүүд хаалга тогшдог байсан биз?
Д.Болд: Тогшдог байсан. Сүнстэй байшин шиг л байсгээл хаалга тогшино. Очоод онгойлгохоор хэн ч байхгүй. Заримдаа бялуу, чихмэл тоглоом, захиа үлдээчихсэн байдаг байлаа.
-Тэдгээр захидлыг хадгалдаг уу?
Д.Болд: Манай хамтлагийн архивт бий.
-Танай архив хэр том бэ. Дотор нь сонин содон зүйлс их л байгаа байх даа?
Д.Болд: Маш том.
Г.Мэнд-Амар: Үүцээ гучин жилийнхээ ойгоор л задална даа.

Ах нараасаа “хулгайлсан” “18 нас”

-Анхны дууныхаа бүтсэн түүхийг сонирхуулаач.
Д.Болд: Бидний анхны уран бүтээл болох “18 нас” дууны санааг “Никитон” хамтлагийн Батчулуун ах олж, өөрөө аяыг нь зохиосон. Уг нь “Титэм” хамтлагийн ах нараар дуулуулах санаатай байсан юм билээ. Харин бидний дуулсныг тус хамтлагийн ах нар маань сонсоод бидэнд өгөхөөр шийдсэн.
-Тухайн үед хэдэн настай байсан бэ?
Д.Болд: 18 хүрээгүй хүүхдүүд байсан.
-Клип нь хэрхэн бүтсэн бэ?
Д.Болд: Тухайн “Харанга”, “Хөх тэнгэр” хамтлаг, Сараа эгчийн клип болон дуучин Бат-Оргилын “Аж Богдын харуул” гээд цөөн дуу клиптэй болоод байсан үе. “On and Off”, “Freeline” гэх хоёр студиэс өөр клип хийдэг газар байдаггүй байлаа. Харин бид дөрөв ундаа, жигнэмэгхэн барин, гуйж байж тухай үеийн Монгол телевизийн уран бүтээлчдээр хийлгэж байсан.
Г.Мэнд-Амар: “18 нас” дууг дүрсжүүлсэн нь тухайн үед залуучуудад зориулсан нэвтрүүлэг хийдэг Ганзориг, Мөнхбаяр гэдэг хоёр залуугийн болон бидний анхны клип болсон. Харамсалтай нь Мөнхбаяр маань бурхан болж, Ганзориг өөр салбарт хүч сорьж байгаа.

Бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэлгүй 12 жил болж байна

-Та дөрвийн хувьд хамтлагийн төрсөн өдөр илүү чухал байдаг уу?
Д.Болд: Бид жил бүрийн зургадугаар сарын 24-ны өдөр тоглолт хийж чаддаггүй ч хамтлагийнхаа төрсөн өдрийг заавал тэмдэглэдэг. Харин энэ удаагийнх 15 жилийнх, уран бүтээл туурвилгүй завсарлаад таван жил болсон учир томоохон арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн юм.
Бидний амьдрал зорилго, үзэл бодол, хөгжмийг үзэх үзэл гээд амьдралын минь бүхий л чухал зүйлс хамтлагтай холбоотой учир хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэх нь илүү сайхан байдаг.
Г.Мэнд-Амар: Бид дөрөв өөрсдийнхөө төрсөн өдрөөс ч илүү хамтлагийнхаа төрсөн өдөрт л санаа тавьдаг. 1996 онд Болд, 1995 онд Эба, 1998 онд минийхийг тэмдэглэж байснаас хойш дахин нэг ч удаа бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглээгүй.
-Өнгөрсөн 15 жилийн түүхээр чинь баримтат кино хийвэл юуг нь заавал оруулаасай гэж хүсэж байна вэ?
Д.Болд: Гол нь эв найрамдал, зорилго, мэргэжил, хөдөлмөр, хайрыг харуулаасай гэж бодож байна. Кино эхлэхэд “Эвтэй дөрвөн амьтан”-ы зураг гараасай гэж хүсэж байна.
-Хэн нь тагтаа вэ?
Д.Болд: Бид дөрвийн байр байнга солигддог юм. Анх байгуулагдаж байхад Ганаа заан, Мээдээ туулай, Эба сармагчин, би тагтаа байлаа. Гэтэл “Төгсөшгүй” цомог гарах үеэр би заан, Ганаа тагтаа болчихсон. Харин одоо бол гурван заантай болоод байна.
-Хамтлагийнхаа гишүүдийн үүрэг, зан аашийг тодорхойлбол…
Г.Мэнд-Амар: Акапеллаг бүрдүүлэхийн тулд дөрвөн өөр өнгө хэрэгтэй. Миний суурь өнгө болдог юм. Харин Ганаа, Болд хоёрынх дээд өнгө, Эбагийн тэднийг холбодог. Яг л тэр хоолойны өнгө шигээ зан араншинтай гэж дүгнэж болно.

No comments:

Post a Comment