Thursday, June 24, 2010

Оппозит: Хип хоп аль хэдийнэ моодноос гарчихсан

Хачин өвөрмөц өнгө аяс дуунуудаас нь мэдрэгддэг “Оппозит”-ын уран бүтээл бусдаас тэс өөр. Тиймээс ч залуусын дунд “Эзэд нь ямар хүн бол?” гэсэн асуултын хариуг эрэгчид цөөнгүй байдаг юм билээ. Би ч бас тэдний нэг. Харамсалтай нь тэд яг л уран бүтээл шигээ нууцлагдмал. “В” продакшнд харьяалалтай байхдаа шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулж байсныг нь эс тооцвол нэгэн сонин, хэвлэл, телевизэд ярилцлага өгч байгаагүй. Гэхдээ л цахим хуудсуудаар шагайвал чамлахааргүй нэр хүндтэйг нь төвөггүй олоод мэдчихэж болно. Өөрийн дотоод ертөнцөө өвөрмөц хөг хэмнэл, шүлгээр илэрхийлдэг Г.Энэрэл, А.Гантулга нартай хип хоп сонирхогчдоо уулзуулъя.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач.
-Анхны цомгоо бэлэн болгочихсон. Ирэх сард хэвлүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Харамсалтай нь санхүүгийн бэрхшээлээс болоод цомог хэвлүүлэх ажил жаахан саатсан.
-Цомог ямар онцлогтой вэ?
-Дууных нь аяыг миний дүү зохиож, бид өөрсдөө шүлгийг нь бичсэн. Тиймээс ямар ч дуурайж, хуулбарлаж, хулгайлсан дуу багтаагүй гэдгээрээ ялгарна. Түүгээрээ ч бахархаж байгаа. Хэв маягийн хувьд ч бусдаас огт өөр. “Оппозит”-ийн чиг хандлагыг мэдрүүлнэ.
-Хулгайн дууны асуудал хип хопчдын дунд их байдаг юм шиг ээ?
-Ер нь аль ч төрөлд бий л дээ. Хип хоп урлагийг монголчуудад таниулсан ууган хамтлагууд хулгайн ая ашигладаг байсан нь ийм ойлголт төрүүлсэн байх. Тухайн үед биттэй хип хоп дууны аяыг зохиох чадвар, мэдлэгтэй хүн байгаагүй учраас тэгэхээс ч аргагүй. Ер нь нийтийн дуунаас өөр хулгайн биш аятай уран бүтээл Монголд ховор.
-Та хоёрыг дууныхаа санааг хулгайд алдсанаас болоод “B” продакшнаас гарсан гэх яриа байдаг. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Бидний санааг Quiza хулгайлаад “Амьдралын гол дүр” дууг зохиочихсон. Ер нь Quiza-гийн бүх дуунууд хулгайнх. Тэгсэн хэрнээ л монголчууд түүнийг нь өмөөрөөд “Чадаж байгаа юманд арга байхгүй. Та нар битгий атаарх” гэсэн байдлаар ханддаг. Гэтэл дэлхийн ямар ч буурай оронд огт хулгай хийддэггүй уран бүтээлчид байна шүү дээ. Энэтхэгчүүд гэхэд л өөрсдийн хэв маягаар дэлхий дахинд танигдчихаад байна. Тэд бусдын аяыг хулгайлдаггүй атал баруунынхан одоо энэтхэг дууг дуурайх боллоо.
-Танай хамтлагийн дуу бусдаас их өвөрмөц агуулга, хэв маягтай байдаг. Ялангуяа нийгмийн дутагдал, хар бараан амьдралын сүүдэр илүү туссан санагдсан. Энэ нь үзэл бодолтой холбоотой юу?
-Нийгмийн тэр хар барааныг хараад л тийм дуу хийх санаа төрдөг. Сэтгэл өвтгөсөн, зовоосон зүйлүүд хараад тэр тухайгаа хэнд ч хэлэхгүй дуугүй суугаад байхаар хүн багтардаг. Яг тийм сэтгэгдэл төрсөн үедээ л бид хоёр дуугаа зохиож, тайвшралыг олдог.
-Та хоёрын хувьд дуу гэж юу вэ?
-Дуу бол сэтгэл. Бид дотоод сэтгэлээ дуугаар илэрхийлж, бас дуугаар дамжуулан сэтгэлээ хүмүүст хүргэж байгаа хэрэг.
-Олонх хип хопчид дууг “Үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг” гэж тодорхойлдог байх аа?
-Дайчин, эрэлхэг хүмүүсийн хувьд тийм байдаг байх. /инээв/
-Хип хопчид ер нь ихэвчлэн ямар зан араншинтай байдаг вэ?
-Шогч.
-Яагаад?
-Рэпперүүд аливаа зүйлийг хошноор, ёгтлон өгүүлж байж сонсогчдыг татдаг.
-Хип хопчдыг өргөн өмд, гинж, юүдэнтэй цамцаар л гоёдог гэж бодож байлаа. Та хоёрыг гаднаас чинь хараад рэпперүүд гэж хэлэх аргагүй юм.
-Хип хопчид гэхээр л өргөн хувцас өмсдөг гэж ойлгож болохгүй. Өөрийн хүсэл, сонирхлоор юуг ч өмссөн болно. Өргөн хувцас 1990-ээд оны үед л хип хоп сонирхогчдыг байлдан дагуулж байсан. Хип хоп хөгжиж байх үед бол рэпперүүд нарийн өмд л өмсдөг байсан шүү дээ.
-Хувцаслалтаас гадна биеэ авч яваа байдал, үг яриа чинь ч энгийн. Ийм байдал хип хоптой хосолж болно гэж үү?
-Яг тийм. Бид энгийн байхыг л илүүд үздэг. Тиймээс манай цомог ч тун энгийн. Миний бодлоор зөвхөн хип хоп гэлтгүй урлаг бүхэлдээ ямар нэгэн хүлээсэнд баригдах ёсгүй. Уран бүтээлч хүн өөрийн сэтгэлийг дуу, уран зураг гээд сонирхсон төрлөөр илэрхийлж байгаа болохоор түүнд ямар ч тогтсон зүйл байхгүй.
Ер нь хип хопыг юутай ч хослуулж болно. Гэхдээ хэлбэр хөөх хэрэггүй. Сүүлийн үед хип хопчид хар арьстнуудыг хэтэрхий дуурайх болсон нь утгагүй санагддаг. Хувцаслалт төдийгүй үг яриаг нь ч хуулбарлаж, бие биенээ “Хөөе хар аа” гэж дууддаг болсон байна билээ.
-“Айс топ”, “Дижитал” зэрэг хуучны хамтлагуудыг уран бүтээл туурвихаа больчихоор Монголын хип хоп урлаг зогсонги байдалд орчихсон гэж дүгнэх болжээ. Та хоёр үүнтэй санал нийлэх үү?
-Тэд хип хопыг Монголд анх үүсгэн байгуулсан болохоор үнэлдэг хүмүүс олон. Ер нь ямар ч хүн өөрийнхөө үеийг л илүү сайн, сайхан байсан гэж дүгнэдэг. Угтаа бол Монголын хип хоп урлагийг 2000 онтой харьцуулахад эрс хөгжиж, шат ахисан.
-Магадгүй энэ нь хип хоп дуу телевиз, fm-ийн шилдгүүдэд багтаж чадахгүй байгаатай холбоотой байх. Гэсэн ч цахим хуудсуудад танай хамтлагийн дуу их эрэлттэй байдаг.
-2000 онд бүх нийтээрээ fm сонсдог байсан бол одоо түүнийг интернэт орлож байна. Fm-үүдийг сонсогчгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс телевиз, fm-ийн санал асуулга бодит үр дүнг харуулдаггүй. Олонх нь найз нөхдийнхөө дууг рекламдах хэрэгсэл болчихсон.
-“Universe best song”-д хип хопчид төдийлэн амжилт үзүүлсэнгүй. Энэ нь нөгөө л рэпперүүдийг гадуурхах үзэл үү?
-Рэпперүүд хэзээ ч ямар нэгэн тэмцээн уралдаанаар гарч ирж байгаагүй. Тэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр, өөр хэн нэгний дууг дуурайж дуулах биш, өөрсдийн дотоод сэтгэлээ дуугаар илэрхийлэн олонд танигддаг. Тиймээс энэ тэмцээнд жинхэнэ рэпперүүдийг өрсөлдөөгүй байх. Гэхдээ өнөөдөр монголд үглэж, рэппер болохын төлөө төрсөн хүн алга. Магадгүй өнөөдрийн арван настнуудын дунд тийм хүн бэлтгэгдэж байгаа биз.
-Жинхэнэ рэппер хүн тэгээд ямар байх ёстой гэж?
-Үгээ хурдан бөгөөд цэвэр тод хэлдэг. Гэхдээ зөвхөн үглэх ур чадвартай байлаа гээд хол явахгүй. Толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Ухаалаг, мэдрэмжтэй байж л амжилтад хүрнэ. Түүнээс гадна залуусыг бид ном зохиол сайн уншиж, үгийн баялагтай болоосой гэж боддог. Өнөөдөр сүүл холболт гэдэг зүйл бараг л нэг хэвд цутгасан мэт болчихож. Боллоо, оллоо, голлоо гээд л хамтлаг, дуучид бүр дуулж байна. Үүнийг эвдэх хэрэгтэй байгаа юм.
-Баруунд хип хопын хөгжил ямар түвшинд хүрээд байгаа вэ. Монголчууд тэр түвшинд нь хэзээ хүрэх бол?
-Баруунд урлагийн бүхий л төрөл хөгжлийнхөө дээд цэгт хүрчихсэн байх. Тиймээс ч хип хоп аль хэдийнэ моодноос гарчихсан. Түүний оронд транс, дэнс урсгалын дуу сонсогчдыг байлдан дагуулж байна. Харин монголын хип хоп урлагийн хөгжил Америкийн 1990-ээд оныхтой л дүйх байх.
-Харин манайд хэзээ моодноос гарах вэ?
-Ямарч байсан ойрын арван жилдээ моодноос гарахгүй.
-Тэр үед та хоёр юу хийх вэ?
-Бид хоёр гадаад руу явна. Тэнд уран бүтээлээ туурвиж, чадвараа сорино.
-Монголд хавчигдаж байна гэж үү?
-Үгүй ээ. Бидний хүсэл мөрөөдөл болсон зүйл тэнд байгаа.

Тэд дахин давтагдашгүй байхыг хүсдэг. Тиймээс ямар ч уран бүтээлчийг давтахгүй гэсэндээ “Эсрэг” буюу “Оппозит” гэдэг нэрийн дор нэгдэх болсон гэдэг.

No comments:

Post a Comment