Sunday, June 27, 2010

Б.Баасансүрэн: Үлээвэр хөгжмийг хоёр цаг тоглоход л тамирддаг


Орчин үеийн эвэр бүрээ тавин жилийн түүхтэй гэдэг. Харин сургалт нь гучин жилийн уламжлалтай ч өдгөө гарын арван хуруунд багтахуйц цөөн мэргэжлийн уран бүтээлч бий гэдэг юм билээ.
Сүүлийн үед гадныхны сонирхлыг ихэд татах болсон энэ хөгжимтэй танилцах хүсэлдээ хөтлөгдөн Хөгжим бүжгийн коллежийн Ардын хөгжмийн тэнхмийн эвэр бүрээ хөгжмийн багш, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч Б.Баасансүрэнтэй хөөрөлдлөө.

-Олон жил нөхөрлөсөн хөгжмөө танилцуулаач.
-Юун түрүүнд би чуулгынхаа талаар товч тайлбар хиймээр байна. Урлагийн байгууллага дотроос хамгийн отгон нь болох манай чуулгын үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал хориод хүний бүрэлдэхүүнтэй. Найралд маань үндэсний үлээвэр хөгжим түлхүү орсноороо бусад чуулгаас ялгарах юм. Уншигчид ҮДБЭЧ-ын найрал, Төрийн их найрал, Морин хуурын чуулга зэрэг найрлууд байсаар атал дахин найрал байгуулах нь ямар ч хэрэггүй гэж бодож болох юм. Угтаа урлаг гэдэг өрсөлдөөн дунд хөгжин дэвшиж, шинэчлэгдэж байдаг. ОХУ-ын найрал гэхэд л 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Хагас нь эх орондоо тоглолт хийж байхад, үлдсэн хөгжимчид нь гадаадаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байх жишээтэй. Тиймээс найрал цөөдөхгүй болов уу.
Аль ч улс оронд аж ахуйн онцлогтойгоо холбоотой эврээр хийсэн үндэсний хөгжмийн зэмсэг байдаг. Манайд гэхэд л Чингис хааны үед эвэр бүрээг ашигладаг байсан гэдэг. Мөн Хубилай хааны үед төрийн их найралд эвэр бүрээ хөгжмийн эртний хувилбар багтдаг байсан гэх баримт ч байдаг. Харин орчин үеийн эвэр бүрээ өнгөрсөн гуравдугаар сард 50 нас хүрч, Хөгжим бүжгийн коллежид эвэр бүрээч хэмээх мэргэшсэн хөгжимчин бэлтгэж эхэлсний гучин жилийн ой болсон. Орчин үеийн эвэр бүрээ ҮДБЭЧ байгуулагдах үед үүссэн. Тухайн үед үндэсний хөгжмийн найралд шаардлагатай хөгжмүүдийг Л.Мөрдорж гуай урлаачдад үндэсний хэв шинжийг хадгалсан иймэрхүү дугаралттай хөгжим хийлгэмээр гэж санал тавьж, эвэр бүрээ хөгжмийн анхны загварыг нь гаргуулсан юм билээ. Харин хөгжмийн механизмийг нь төрийн шагналт Д.Индрээ гэдэг хүн сайжруулан гаргасан байдаг.
-Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хэдэн мэргэжлийн уран бүтээлч бэлтгэгдсэн байдаг вэ. Ер нь эвэр бүрээч монголд олон бий юү?
-Жилд хоёр л оюутан элсүүлж авдаг байсан болохоор өнгөрсөн хугацаанд 60 орчим хүн эвэр бүрээчийн ангид элсэн орсон гэсэн үг. Гэхдээ тэднээс мэргэжлээ эзэмшиж, төгссөн нь 20 гаруй л байдаг. Тэднээс арав гаруй нь гадаадад ажиллаж байна.
-Мэргэжлээрээ юу?
-Үгүй ээ. Эвэр бүрээч мэргэжлээр гаднын орнуудад ажиллах боломжгүй байдаг.
-Гадныхан эвэр бүрээг их сонирхох болсон гэдэг. Дээл, хөөмийн араас орчихгүй байгаа гэсэн бодол Танд төрдөг үү?
-ЮНЕСКО-д бүртгүүлэхийн учрыг би хэн нэгний өмч болгон, хав дарж хадгалахдаа биш, харин ч тэгж бусдаас нууж, булж дарж байгаад устгачих вий гэсэндээ хамгаалалтад авч байгаа хэрэг гэж ойлгодог.
Гадныхан эвэр бүрээг сонирхож байгаа нь үнэн. Хэдэн зуун жилийн түүхтэй сонгодог хөгжмийн энд тавин жилийн түүхтэй эвэр бүрээ дөхөж очсон болохоор тэгж байгаа хэрэг. Түүнчлэн өвөрмонголд ч бас манайх шиг хөгжмүүд бий. Тэд найрал тоглох гэхээр нэг хөгжмөөс нөгөөд шилжихэд шаардагддаг эвэр бүрээ шиг жийрэг хөгжим дутагдаад байгаа юм. Тиймээс ийм төрлийн хөгжимд анхаарлаа их хандуулах болсон. Төрөөс нь ч энэ талаар арга хэмжээ их авч байна. Манай яг тэднийх шиг хариуцлага тооцох асуудлыг өндөржүүлэх шаардлагатай байгаа юм. Улсын зардлаар өчнөөн олон жил сурчихаад эх орондоо хийж бүтээлгүй тэндээ үлдчихдэг хүмүүс олон бий.
-Эвэр бүрээг тоглоход хэцүү юу?
-Эвэр бүрээ төдийгүй бүхий л үлээвэр хөгжим бусад хөгжмийн зэмсгийг бодвол тоглоход хүнд. Ердөө хоёр цаг л үлээхэд хоол шингэж өлсөөд, бүр тамирдчихсан байдаг. Тэгэхээр үлээвэр хөгжимчид биеийн хүчний ажил хийж байна гэсэн. Бусад хөгжимчид бол зөвхөн оюуны хөдөлмөр хийдэг байхад үлээвэр хөгжимчид биеийн болон оюуны хүчний ажил давхар хийдэг. Тиймээс ч хөөмийч, үлээвэр хөгжимчид, цохивор хөгжимчид 20 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгодог. Гэхдээ тэглээ гээд бусдаас илүү цалин авдаггүй учир энэ салбарт хөл тавих залуусын зориг мохоод байх шиг санагддаг.
-Бусад үлээвэр хөгжмөөс ямар ялгаатай вэ?
-Суурь өнгөтэй хөгжим. Эвэр бүрээнээс арай өтгөн дуутай нь их бишгүүр. Аливаа хөгжимд дугаралт тэнцүүлэх шаардлага гардаг. Түүнд тохируулан хөгжмөө сонгодог.
Сонгодог үлээвэр хөгжмүүд шулуун байдаг бол эвэр бүрээ тахир учир матах шаардлагатай болдог. Тиймээс бусад хөгжмийг бодвол ур хийц их шаарддаг. Хэлбэрийн хувьд онцлог гэж хэлж болно.
-Үндэсний үлээвэр хөгжимд ямар хөгжмүүд багтдаг юм бэ?
-Хубилай хааны үед байсан төрийн найрал 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд 130-аад хөгжмийн зэмсэг байсан гэх Ж.Бадраа гуайн судалгаа байдаг. Гэхдээ тэрэн дунд эвэр бүрээ нэрээр тэмдэглэгдсэн хөгжим байхгүй ч хэлбэр дүрс, дугаралтын хувьд төстэй. Сонирхуулж хэлэхэд тэр жагсаалтад бишгүүр хөгжим багтсан байдаг юм. Хожим эзэнт гүрэн задарч, бутрахад мартагдсан гэдэг. Хожим нь шарын шашныхан монголчуудын сэтгэлийг татах зорилгоор бишгүүрийн ашигласныг хүмүүс шашны хөгжим гэж ташаа ойлгосон байдаг. Үндэсний хөгжмөө нарийн судалбал энэ мэт сонирхолтой баримтууд олон бий.
-Эвэр бүрээг цаашдаа хэрхэн сурталчлах бодолтой байгаа вэ?
-Энэ хөгжмийн гоцлолд зориулсан аялгууг хөгжмийн зохиолчдоор бичүүлэх нь хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй арга гэж бодоод бид ажилдаа орсон байгаа. Сонгодог бүтээл тоглохоор гаднынхан сонсчихоод барууны хөгжимтэй эндүүрээд байдаг юм билээ. Тиймээс үндэснийхээ хөгжмөөр өөрсдийн зохиолчдын Монгол хэв маяг шингэсэн аялгууг тоглобол илүү үр дүнтэй болов уу.
-Найрал хөгжимчин байх, гоцлооч байхаас юугаараа ялгаатай вэ?
-Гоцлооч хөгжимчин өөрийн сэтгэлийг найрлын дэмжлэгтэйгээр хөгжмөөр илэрхийлдэг. Тиймээс гоцлол хөгжимчинд өнгө цэвэрхэн гаргах ур чадвар, техник зэрэг заавал эзэмших олон зүйл байдаг. Гэхдээ гоцлооч болох авьяас, чадваргүй нь найрал хөгжимчин болдог гэж ойлгож болохгүй. Манайхан тийм ойлголт түгээмэл байдаг юм билээ. Үнэндээ хамгийн чадварлаг хүмүүс нь найрал хөгжимчид байдаг. Гоцлооч удирдаачтайгаа харилцан зөвхөн өөрийн санаа, сэтгэлээ илэрхийлдэг. Харин найрал хөгжимчин гоцлол хөгжимчнийхээ санааг ойлгож, тэр дагуу хөгжмөө тоглох ёстой байдаг тул зарим үед бүр илүү чадвар, мэдрэмж шаардагдах тохиолдол ч гардаг.

No comments:

Post a Comment