Sunday, June 27, 2010
МИК ЖАГГЕР: Татварын дарамт биднийг эх орноосоо урвахад хүргэсэн
Хар шуурга мэт шоу бизнесийн ертөнцөд дөчин жилийн турш хөл алдалгүй явсан хамтлаг бол “Rolling Stones”. Тэд “Exile on Main Street” цомгоо дахинхэвлүүлж, худалдаанд гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэрхэн олны анхаарлын төвд байсаар ирсэн нууцаа дэлгэхээр дуучин Мик Жаггер Ларри Кингийн ярилцлагын нэвртүүлэгт зочилжээ.
-Өнөөдөр манай нэвтрүүлгийн 25 жилийн ой тохиож байна.
-Гайхалтай юм аа.
-Энэ хугацаанд “Нэвтрүүлгийн зочноор уриач” хэмээн үзэгчдээс хамгийн олон хүний санал авсан хүн бол Мик Жаггер. Эцэст нь бид үзэгчдийнхээ хүсэлтийг биелүүлж, түүнийг нэвтрүүлэгтээ оролцуулж байна. Тэд үзэгчдийн сэтгэлд хэдийнэ хүрсэн хуучин дуунуудаа сонсогчдын хүртээл болж байгаагүй шинэ хувилбараар дуулж, “Exile on Main Street” цомог гаргаж байгаа. Түүнчлэн дөчин жилийн түүхээрээ “Stones in Exile” нэртэй баримтат кино бүтээж байгаа. Энэ удаад тэд гайхалтай, бас нэлээд том нээлт хийх байх.
-Тийм ээ. Их том.
-Фрэнк Синатра нэгэнтээ мөнхийн бүтээлийн талаар надад хэлж байсан юм.
-Үнэн хэрэгтээ бидэнд сонголт гэж үгүй гэж үү?
-Тийм ээ.
-Таны амьд эсвэл өөд болсон эсэхийг үл харгалзан сонголт үлддэггүй.
-Харин та “Stones”-ийн мөнхийн амжилтыг юу гэж дүгнэх вэ?
-Миний бодлоор бид их азтай хүмүүс. Ер нь хүнд байнга л аз хэрэг болдог шиг байгаа юм. Бид зөв цагтаа, зөв газраа байсан учраас л ингэж амжилт олсон гэж надад бодогддог. Мөн бидний уйгагүй, шантралгүй хөдөлмөрлөсөн нь үүнд нөлөөлсөн биз.
Гэхдээ энэ бүхэн цогцоороо байж чадаж байж амжилтад хүрнэ. Учир нь энэ хорвоо дээр алжааж ядрахыг ч умартан хөдөлмөрлөж байгаа хэдэн мянган хүн байгаа. Гэхдээ зөвхөн уйгагүй хөдөлмөрлөснөөр тоглож байгаа салбартаа амжилт олохгүй. Энд аз гэдэг зүйл чухал шаардлагатай.
-Харин энэ хатуу ширүүн талбарт удаан хугацааны турш хөлөө олон байгаагаа хэрхэн тайлбарлах вэ?
-Мэдээж үүний тулд арга ухаан, урьдчилж нарийн төлөвлөсөн тактик хэрэгтэй. Энэ салбарт хөлөө олно гэдэг хөлбөмбөг, эсвэл өөр ямар нэгэн спорт тоглоомтой адилгүй. Хэрэв түргэн сэтгэж чадахгүй л бол энэ тоглоомонд хэзээ ч амжилт олохгүй. Тиймээс ухаалаг байх хэрэгтэй.
Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнадаг энэ салбарт нас ахих тусам аливаад ухаалаг, илүү хэрсүү хандах шаардлагатай болдог. Тиймээс би тактикаа байнга өөрчилдөг.
-Энэ ертөнцийн амьдрал байнга л буцалж, оргилж байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Ажил байнга л ундарч байдаг газар. Хэрэв аялан тоглолт эхэлбэл ажилд дарагдчихна л гэсэн үг. Та мэдэх байлгүй дээ. Энэ салбарт хүч сорьж байгаа бол анхаарал, мэдрэмж хамгийн чухал нь. Яг л уран зураг үзэж байгаа хүн шиг. Тэр зургийг ямар ч хазайж, хэлбийлгэлгүй зөв өнцгөөс, өөрийн хүссэнээр биш зураачийн сэтгэлийг олж харах ёстой болдог.
-Энэ их ажлыг амжуулах эрч хүч хаанаас гардаг юм бэ?
-Урам зориг. Хэрэв уран бүтээлчид урам зориг, мэдрэмж, байгаа бол сонсогчдод илүү ихийг өгч чадна. Мөн энд нөгөө л арга барил, тактикынхаа тухай ярих хэрэгтэй болно.
Ер нь уран бүтээл гэлтгүй амьдралын бүхий л зүйлд биднийг урам зориг хөглөдөг. Танд үеийнхнээсээ хэт хоцорч, час өдөр тань тохиосон юм шиг санагдаж, эсвэл ганцаардаж байгаа бол уйтгарлах хэрэггүй. Урам зоригоор дүүрэн байвал тун удахгүй энэ бүхний ард гарна.
-Хөгжмийн ертөнцөд хөл тавьж байх үед хүнд байв уу? Энэ үед “Stones”-ийнхэн ганц ч сонсогчгүй байсан байх.
-Үгүй дээ. Бидэнд цөөн тооны сонсогчид байсан.
-Шөнийн цэнгээний газруудад уу?
-Жижиг клубүүдэд. Гэхдээ бид жижиг газах тоглодог ч байсан ч тун гайхалтай сонсогчидтой болсон байсан. Тэд бидний хэрхэн биеэ авч явааг хүртэл дуурайдаг байлаа.
-Шинэчлэгдэн сонсогчдын гарт очиж байгаа “Exile on Main Street” цомгийнхоо түүхийг сонирхуулаач.
-Манай цомгуудыг хэвлүүлж, худалдах эрх “Universal Records”-т бий. Тиймээс тэд эл цомгийг цоо шинэ хувилбараар гаргаж, хэвлүүлэхийг хүссэн юм. Тэд "Exile"-ийг манай хамтлагийн хамгийн сайн уран бүтээл гэж үздэг юм билээ. Тэгээд л сонголтоо хийсэн. Би цомгийнхоо дууны аяыг гурван жил хайсан. Дараа нь гурван жил бичүүлсэн.
-Та бүхнийг төгс байлгахыг хүсэгч мөн үү?
-Магадгүй ээ. Би өөрийн чадах хэрээр урагш тэмүүл гэсэн зарчмыг баримтлагч. Үүний төлөө хичээл, зүтгэл их хэрэгтэй. Амьсгал хураахын өмнө би ямар ч байсан чадах бүхнээ хийсэн гэж ам бардам байхыг хүсдэг.
-Танайхан татварын асуудалд холбогдож байсан. Гэхдээ энэ түүхийг хүмүүс бараг мартчихсан байна билээ.
-Тийм зүйл болж байсан. Гэхдээ тийм ч сонирхолтой ярианы сэдэв биш байх. Ялангуяа манай хамтлагийнхны хувьд.
-Тэр үед “Stones”-ийнхэнтэй адилхан шалтгаанаар нэлээн олон хамтлаг урлагаа орхисон байх аа?
-Бидэнд зөвлөгөө өгөх хүн байгаагүй болохоор алдсан явдал тохиолдол бий. Гэхдээ бид урлагт бүхий л анхаарлаа хандуулаад байснаас биш, хэзээ ч ашиг хонжоо харж байгаагүй.
-Мөнгө зорилго тань байгаагүй гэж үү?
-Байгаагүй. Бид зүгээр л амжилтад хүрэхийг хүссэн. Тэр дагуу нэлээд амжилт олсон ч, менежмент муутай байсны уршигаар татварын асуудалд орооцолдсон хэрэг. Английн татвар их өндөр учраас бид тэндээс явсан юм. Тэд бидний орлогын 90 хувийг нь авдаг.
-Та 100 фунтын орлого олбол тэд 90-ийг нь авдаг байсан байх нь ээ?
-Яг зөв. Ийм байдалд бид урагшлах аргагүй болсон. Нэг ёсондоо татварын дарамт биднийг эх орноосоо урвахад хүргэсэн. Хэрэв тэд 50 хувийг нь авдаг байсан бол бид өнөөдөр ч Англид уран бүтээлээ туурвиж байх байсан гэдэгтээ итгэлтэй байна.
-Францад амьдрах ямар байсан бэ?
-Бид энэ түүхийг баримтат кинондоо гаргах гэж байгаа. Франц орон их сайхан. Цөөнгүй англичууд Франц руу дүрвэсэн байдаг гэдгийг та мэдэх байлгүй.
-Тэнд муугүй байсан хэрэг үү?
-Муугүй байсан шүү. Хүмүүсийн олонх нь Франц улсад очиж амьдрах хүсэлтэй байдаг шүү дээ. “Хууль зөрчсөн хүмүүсийн хувьд нарлаг сайхан газар бол Франц” хэмээн Сомерсет Моэм нэгэнтээ хэлсэн байдаг.
-Эх орноо орхих хэцүү байгаагүй гэж үү?
-Хэцүү байлгүй яах вэ. Гэхдээ залуу хүний овиргон бодлоор шийдсэн болохоор анхандаа тийм ч хэцүү санагдаагүй. Гэтэл хэсэг хугацааны дараа эх орноо, англи хоолоо санаж эхэлсэн.
-Мик Жаггерийг хар тамхины хэргээс болж баривчлагдаж байсныг мэдэхгүй хүн үгүй. урлагийнхны олонх нь ийм асуудалд орооцолдож байх юм аа.
-Энэ чинь цөөнгүй хүнийг хамарсан том салбар шүү дээ. Тэд амжилт олохын тулд машины хөдөлгүүр шиг л ажилладаг. Амжилт олж эхэлмэгц зугаа цэнгэл хүссэн хүсээгүй үр дагавар нь болдог сөрөг талтай. Энэ чухал мөчийг алдахгүйн тулд сонголтгүйгээр элдэв арга хэмжээнд оролцсоор байх болно. Харин энэ явцад өөрийгөө жолоодож чадахгүй бол хөл алддаг юм. Нэг ёсондоо урлагийн амьдралын хэмнэлээ сонгох биш, амьдралын хэмнэл нь уран бүтээлчдийг сонгодог гэсэн үг. Хамгийн гунигтай нь энэ.
-Та зүгээр л сэжиглэгдэж байсан уу?
-Марихуаны хэргээр байцаагдаж байсан.
-Тэгээд ямар нэгэн ял шийтгэл сонсож байсан уу?
-Цагаачдын хуулиар тодорхой газруудаар явах эрхээ хасуулсан.
-Хуульч Лэнни Брюс нэгэнтээ “Хар тамхийг хуулиар зөвшөөрөх цаг ирнэ. Учир нь хуулийн сургуулийн оюутан бүр үүнийг хэрэглэдэг юм” гэсэн байдаг.
-Миний бодлоор энэ бүтэшгүй зүйл.
-Хар тамхи татах нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Хэдэн мянган жилийн өмнөөс л хүн төрөлхтөн архи, мансууруулах бодис, тамхи гэх хорт зуршлыгн хэрэглэх болсон. Яг хэдэн мянган жилийн өмнө гэдгийг нь мэдэхгүй ч би маш олон жилийн өмнө гэдгийг нь таамаглаж байна. Хүмүүс энэ зүйлсийг хүссээр ирсэн. Сайхан мэдрэмж төрүүлдэг болохоор нь тэр. Надад ч бас тийм л мэдрэмж төрүүлдэг.
Гэхдээ хар тамхи гэдэг хүчирхийлэл дагуулж, хүмүүсийн амьдралыг сүйрүүлдэг болохоор өнөөг хэр хуулиар хориглосоор байгаа юм. Тиймээс хуулиар зөвшөөрдөг болно гэдэг бүтэшгүй зүйл.
-Таныг санаанд оромгүй газар бичлэгээ хийлгэдэг гэж сонссо.
-Байнга биш л дээ.
-Шатны доорх хөндийд дуугаа бичүүлж байсан гэдэг байх аа?
-Францад нэгэн байшин хөлсөлж байхдаа тэгж бичүүлж байсан.
-Тэнд дуугаа бичүүлэх ямар байсан бэ?
-Гайхалтай. Их олон талаараа шүү. Мэдээж студийн дуу бичлэгийн өрөөтэй адилгүй л дээ. Гэхдээ л сайхан санагдсан.
-Та тэгээд акустикаа хэрхэн зохицуулсан бэ?
-Мэдээж зориулалтын бус газар болохоор акустик муутай байсан.
-Яагаад студид бичүүлээгүй юм бэ?
-Тухайн үед өмнөд Францад студи байдаггүй байлаа. Тэгээд л бид өөрсдөө студи байгуулсан. Бид өөрсдийн ачааны машиндаа жижигхэн бичлэгийн студи байгуулж байлаа.
-Гурван жил гэдэг урт хугацаа шүү.
-Бид Францад гурван жил байгаагүй шүү дээ. Зургаа, долоон сар л болсон байх.
-Орчин үед техник хэрэгсэл үсрэнгүй хөгжжээ. Одоо бол шатны хөндийд дуугаа бичүүлэх шаардлагагүй болсон биз?
-Тийм ээ. Бас бүхээгт тэрэгний ч хэрэг үгүй болсон.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment