Monday, July 5, 2010
Т.Сайзмор: Би шоронд байхдаа өөрийгөө хянах чадвараа алдчихгүйг хичээж байсан
Роберт Де Ниро, Аль Пачино, Том Хэнкс зэрэг кино ертөнцийн акулуудтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан түүнийг Холливудын А зэрэглэлд багтах жүжигчин болно гэдэгт хүн бүр итгэж байсан. Харамсалтай нь хар тамхины асуудлаас болоод тэр өөрийн амьдралаа хөмөрч орхисон.
Кокайн, геройн хэрэглэж, танхайрсан хэргээр “аавын” хаалга татаж, арван удаа албадан эмчилгээнд явсан ч нэмэр болоогүйгээр барам тэр Холливудын ертөнцөөс гудамжинд гарсан. Сексийн замбараагүй байдал нь ч үүнд нөлөөлсөн гэдэг.
Энэ бүхний эцэст эрүүл саруул ухаанаар өөртөө дүгнэлт хийж, хорт зуршлаасаа татгалзсан түүнийг Ларри Кинг нэвтрүүлэгтээ урьжээ. “Цэрэг Райныг авар”, “Сувдан эрэг”, “Хар шонхорын уналт” зэрэг үзэгчдийн сэтгэл хоногшсон бүтэлүүдэд дүрээ мөнхөлсөн түүнийг кино урлагийн судлаач, шүүмжлэгчид чадварлаг, ирээдүйтэй жүжигчин хэмээн дүгнэдэг. Шоу бизнесийн ертөнцөд эргэн ирж байгаа түүний чин сэтгэлийг яриаг “Өнөөдөр” уншигчдадаа орчуулан хүргэж байна.
-Хорт зуршлаасаа татгалзаад хэр удаж байна вэ, Том?
-Яг 326 хонож байна.
-Үүнээс өмнө хар тамхинаас хэр удаан хол байж чадсан бэ?
-Хэдхэн минут л.
-Хэр удаан гэнэ ээ?
-Хэдхэн минут гэсэн юм аа. Үнэндээ 1997 оноос хойш би эрүүл амьдралд тэмүүлж, хар тамхи бүхий л муу зуршлаасаа татгалзсан. Таван жил болсон байх.
-Яагаад энэ амьдралд татагдсан юм бэ?
-Эхнэртээ хаягдсан минь надад тун хүнд цохилт болсон. Үнэн шүү. Тэгж явахдаа Хэйдитэй танилцсан юм. Тэр надад хар тамхи санал болгосон. Түүнийг нь хэрэглэсний дараа сэтгэлийн шарх тэр дороо л намжчих шиг санагдаж билээ. Түүнчлэн дахин хэрэглэх дур хүсэл төрүүлдэг. Яг л Эрнест Хэмингуэйн зохиолд гардаг Жэйк Барнс шиг зүйл надад тохиолдсон.
-Тэгэхээр эхнэр тань Таныг орхисон шалтгаан хар тамхи биш байх нь ээ?
-Үгүй дээ. Бидний хэн хэн нь хар тамхийг эрс эсэргүүцдэг байсан. Би гэр бүлтэй байхдаа хорт зуршлуудаас эрс татгалздаг байлаа. Би бусад хүн шиг халамжтай сайн нөхөр байж чадаагүй байх.
-Та хэдийд хар тамхи хэрэглэж үзсэн юм бэ?
-Намайг бусад залуус шиг багаасаа хэрэглэдэг байсан гэж эндүүрүүзэй. Бага залуу байхдаа янжуур, шар айраг гэх мэт зүйлд дурладаг байсан тал бий. Гэхдээ хаа нэг л хэрэглэдэг байсан. Харин спортод хорхойссон, жүжигчин болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө тэмцсэн жаал байсан. Би Детройтынх. Гэхдээ кино урлагт дурлаж Нью-Йорк руу нүүсэн. Илүү сайн ажиллаж, амжилтад хүрэхийн тулд би толгой өндийх завгүй хөдөлмөрлөдөж байлаа. Тэгээд л тэндээсээ Лос-Анжелес руу нүүсэн дээ.
-Хар тамхи хэрэглэдэггүй байсан хэрэг үү?
-Ямар ч наркотик, кокайн хэрэглэдэггүй байсан. Түрүүн хэлсэн шүү дээ. Шар айраг ууж, янжуур татах явдал бол байсан. Гэхдээ асуудалд орохуйц согттолоо уудаг байгаагүй.
-Холливудад хөл тавьсан цагаас тань л Танд сайхан дүрүүд ноогддог байсан гэдэг.
-Тийм шүү. Би хангалттай цалин авч, мөнгөтэй байж үзээгүй. Харин Холливуд намайг хангалуун амьдралтай болгосон. Тэгээд л хар тамхийг анх хэрэглэж үзэж байлаа. Хожим нь яг л бусад хар тамхичдын адилаар өдөр бүр хэрэглэдэг болсон. Эхэндээ өдөр бүр Зул сарын баяр тэмдэглэж байгаа мэт хөгжилтэй санагддаг байлаа. Харин хар тамхинаас болж унтахаас татгалзталаа донтсон найзын минь байдал намайг үүнийг жигшихэд хүргэсэн.
-Хар тамхинд донтсоныхоо дараа Та ажлаа хийдэг байсан уу?
-Тийм ээ. Тамхиа ч хэрэглэж, ажлаа ч хийсээр л байсан. Залуу байсан болохоор өөрийгөө удирдаж, зогсоож чадахгүй байлаа.
-Эргээд харахад хар тамхинд донтсон Томын амьдралын хамгийн таагүй үе хэдийд байв?
-Майкл Манн миний дуудлагад огт хариу өгөхгүй байсан нь хамгийн таагүй санагдсан. Тэр сайн найруулагч. Бас миний сайн найз байлаа. Гэтэл намайг амтдралд хөл алдсаны дараа зайгаа барьж эхэлсэн. Гэхдээ энэ бүхэн төгсгөл болж, би хоёр ч кинонд тоглочихлоо. Майкл хэрвээ чи энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол намайг уучлаарай.
-Та ямар шалтгаанаар баривчлагдаж байсан юм бэ?
-Эхний удаад автын осол гаргасны улмаас баривчлагдсан боловч хожим нь цагаатгасан. Шинжилгээ өгөхөд хар тамхи хэрэглээгүй нь нотлогдсон юм.
-Хоригдож байсан уу?
-Хоригдож байсан, Ларри.
-Хэр удаан хоригдсон бэ?
-Нэг цаг л болсон. Хэдийгээр ганцхан цаг ч надад их удсан юм шиг санагдсан.
-Тэнд хар тамхи хэрэглэх боломж олдсон уу?
-Үгүй дээ. Би тэнд байхдаа өөрийгөө хянах чадвараа алдчихгүйг л хичээж байсан. Гэхдээ өөртэйгөө тэмцэлдэх шаардлага төдийлэн гараагүй. Өөрийгөө ялахыг хүссэн учраас тэр. Гэхдээ “аавынд” байхад өөртэйгөө тэмцэнэ гэдэг наранд байхаас тэс өөр. Магадгүй сүүлчийн тэмцэл ч байж мэднэ. Би Шекспирийн бүтээлийг их уншдаг. Ой тогтоолт сайтай болохоор түүний бүтээлийг бичиж цаг нөхцөөн, нөгөө талаар өөрийгөө хүмүүжүүлж байсан.
-Тархиа амраах гэсэн бас нэг арга уу?
-Амраах биш ажиллуулж, хянах чадвараа алдахгүй гэсэн хэрэг.
-Хорих газрынхан таныг яагаад эмчлээгүй юм бэ?
-Тэдний юу хийж, надад яаж хандах нь надад огтхон ч хамаагүй. Тэд хоригдлуудын үхлийг хүлээж байдаг юм билээ. Шоронгийн тухай миний хэлэх үг ердөө л энэ.
-Тэд яагаад Танд эмнэлгийн тусламж үзүүлээгүй юм бэ?
-Тэр үед би ухаангүй тэнэг болчихсон байсан болохоор л тэр. Харин одоо тэнд дахин орвол надад тэс өөр хандана гэдэгт итгэлтэй байна. Согтуу танихгүй хүнтэй харилцана гэдэг хүмүүсийн хүсээд байх зүйл биш шүү дээ. Түүний адил тэд надаас жигшсэн байх.
-Таныг амьдралд хөл алдаад байх үед тань Роберт Де Ниро тусалж байсан гэдэг юм билээ.
-Тэр ээжтэй минь ярьсан байсан. Гэхдээ надтай яриагүй.
-Найруулагч Стивен Спилберг танд тусалсан уу?
-Тийм ээ. Тэр надтай цөөнгүй удаа уулзсан.
-Тэр үед кино урлагаа үгүйлж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү ажлаа л санаж, үгүйлж байлаа. Зөв замд орсоныхоо дараа жүжиглэнэ гэдэг миний ажил төдийгүй Сайзмор гэдэг хүний нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л энэ салбартаа эргээд хүчин зүтгэх болсон.
-Дахин хар тамхитай холбогдох вий гэхээс эмээж байна уу?
-Заримдаа энэ айдас минь намайг элдэв зүйлийг төсөөлөн бодоход хүргэдэг. Одоо би шөнийн цэнгээний газар лу зүглэхээс ч зүрхшээдэг болсон.
-Тэгэхээр согтууруулах ундаа ч хэрэглэхгүй байгаа байх нь ээ?
-Хэрэглэхгүй байгаа. Архи, согтууруулах ундаатай холбоотой асуудалд дахин орооцолдохыг хүсэхгүй байна. Дрью эмч ч бас үүнийг цээрлэхийг зөвлөсөн.
-Тэр өөр юу зөвлөсөн бэ?
-Би тамхи татах дуртай. Гэхдээ одоо татахгүй байгаа. Дахиж дурлахгүй байхаар шийдсэн. Өөрийн мэдрэхүй, хүсэл сонирхлоо тэр чигт нь өөрчлөх гэсэндээ тэр. Хүмүүс шөнийн цэнгээний газраар орохоороо архи ууж, охидтой танилцан зугаацдаг. Би тэдний л нэг байсан. Гэхдээ одоо охид бүсгүйчүдээс хол байхыг илүүд үзэж байна. Архинаас бол бүр ч хол хөндий байх болсон.
-Та гэр оронгүй болтлоо туйлдаж байв уу?
-Гэр оронгүй болох гэдэг чинь их буруу нэр томъё байна шүү. Би арай ч гудамжинд гараагүй. Өөрийн гэсэн байргүй болсноос биш, гудамжинд хонож байсан удаа байхгүй. Учир нь надад байрны хөлсөө төлөх мөнгө байгаагүй юм. Харин энэ үед нэгэн алдартай жүжигчин надад тусалсан.
-Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач.
-Холбооны мөрдөх товчооны нууц ажилтны тухай өгүүлэх “Ангилал” нэртэй кинонд тоглосон.
-Тэр товчооны ажилтны дүрд Та тоглосон уу?
-Цуврал аллага үйлддэг гэмт этгээдийн араас мөрдөж байгаа залуу. Харамсалтай нь киноны төгсгөлд тэр гэмт хэрэгтнийг барьж чаддаггүй юм.
-Та яагаад жүжиглэх дуртай байдаг юм бэ?
-Энэ бол сэтгэл татам сайхан мэргэжил. Тэгээд л тэр. Ямар ч сайн уран бүтээлч бүрэн төгс жүжиглэнэ гэж байдаггүй юм шиг санагддаг. Бид аль болох бодит үнэнд дөхүүлэхийг хичээдэг. Үзэгчдийг үнэмшүүлэх нь жүжигчдийн гол зорилго.
-Т өөрөө алдаж байсан хүн тул бусдад туслахыг их хичээдэг байх, тийм үү?
-Би насаараа л бусдад туслахыг хичээж ирсэн.
-Жүжигчин Майкл Дугласын хүү Таны хэрэглэж байсантай адилхан хар тамхи худалдсан тул шүүхээс таван жил хорих ял сонссон. Энэ тухай Та мэдсэн үү?
-Таван жилийн ял авсан юм уу. Тэр ч сайн хэрэг шүү. Би багаар бодоход 10 жилийн ял сонсох байх гэж бодож байсан.
-Тогтсон жишиг нь тийм байдаг юм уу?
-Үгүй ээ. Тогтсон тоо байдаггүй. Би Дугласын “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагыг уншсан юм. Түүний ярьснаас дүгнэхэд 10 жил авах юм шиг санагдсан.
-Таван жил хоригдох нь түүнийг хүмүүжихэд хангалттай хугацаа байж чадах уу?
-Сайн мэдэхгүй байна. Хүн бүрийг шоронд хорих тал дээр би санал нэгддэггүй хүн. Хүмүүс яагаад хууль зөрчдгийг би сайн мэдэхгүй. Камеронтой хэд хэдэн удаа уулзаж байсан. Түүний төлөө их харамсаж байна.
-Өнгөрсөн хугацаанд Та их олон хүнийг гомдоож байсан гэсэн. Одоо алдаагаа засах гэж байгаа талаар тань би уншсан. Хэрхэн алдаагаа засах гэж байна вэ?
-Би хэд хэдэн хүнийг их гомдоосон. Алдаагаа засахын тулд цаг хугацаа нэлээд шаардагдах байх.
-Хамгийн их гомдоосон хүн нь хэн бэ?
-Ээж минь. Миний дүү надад зургаан жилийн өмнө сануулж байсан ч би тэр үед ухаангүй явсан болохоор хэлсэн үгнийх нь учрыг ойлгоогүй. Одоо эргээд бодоход “Таныг хар тамхи хэрэглэх бүрт ээж бага багаар үхэж байна” гэдгийг л ойлгуулах гэсэн юм билээ. Тиймээс ээжээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment