Wednesday, June 30, 2010

“Луйварчин” Болдвин



Луйварчин гэхээр л хар буруу санаатан сэтгэлд буудаг. Хачирхалтай нь америкчууд хэд хэдэн луйварчны дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Алек Болдвинд илүү хайртай байдаг гэнэ. Нас тавь гарсан ч уран бүтээлийн ургац арвинтай байгаа түүний хамгийн том айдас нь тэтгэвэрт гарах хэмээн “Vanity Fair” сэтгүүлийн сурвалжлагчтай уулзахдаа өгүүлжээ. Түүний тухай нийтлэлийг “Өнөөдөр” орчуулан хүргэж байна.

Түүний сэтгэлийн хаалга дэлгээтэй хэвээр Жүжигчин Алек Болдвин хэрхэн бидний хайр хүндлэлийг хүлээгээд байдаг юм бол гэсэн бодол намайг ээрсээр л... Заримдаа бүр тэр үзэгчдийг сонгосон юм уу, эсвэл үзэгчид түүнийг сонгосон юм уу гэх эргэлзээ төрдөг юм. Тэр тийм л авьяаслаг, бусдын сэтгэлийг соронзон мэт татагч залуу. Тиймдээ ч 2010 оны хамгийн дур булаам цагаан хоолтноор шалгарсан биз.
Түүнээс гадна түүний элгэмсүү, найрсаг зан нь америкчуудын төдийгүй дэлхий дахины олон мянган үзэгчдийн хүндлэл хүлээхэд хүргэдэг биз. Хэрэв та түүний ертөнцөд зочлохоор шийдсэн бол тэр хэзээ ч татгалзахгүй. Цаг үргэлж найр тавих угтах вий. Би ч түүнээс ийм л хандлагыг мэдэрсэн.
Ноён Болдвинтэй уулзахын өмнө түүний тухай материал цуглуулахаар сонин эргүүллээ. Эрж цөхөх зүйл байсангүй. “The New York Times” сонины эхний нүүрэнд л түүний Нью-йоркийн нэгэн их сургуулийн фондод сая доллар хандивлаж байгаа талаарх мэдээлэл томоос том гарчигтай байж байх юм.

Савангийн дууриас Холливуд руу
Цагаан хоолтнуудын эгнээнд нэгдэж, зөв хооллолтын төлөөх “аян дайнд мордож” байсан түүнийг хүдэр эрчүүд шүүмжилж байсан цаг саяхан. Гэхдээ тэрбээр дуучин робин Уилльямс шиг ухарч няцаагүй. Өөрийн байр суурь үзэл бодолдоо үнэнч явсаар өдгөө хүмүүсийн талархлыг хүлээгээд буй. Гэхдээ тэр өөртөө огт барддаггүй юм билээ. Эрдэж бардах шалтаг хэдэн арваараа байсан ч тэр. Савангийн дууриас (Тэрбээр “Эмч нар”, “Бэрхшээл” цувралд тоглож байжээ) Холливудын дээд зэрэглэлийн жүжигчин болтлоо өсөж дэвшинэ гэдэг амаргүй.
Түүнээсээ Бродвэйн театрын тайзнаа заларна гэдэг бүр ч хэцүү.
“The Marrying Man” киноны зургийг авч байх үеэр тэрбээр ирээдүйн эхнэр үзэсгэлэнт бүсгүй Ким Бэсинжертэйгээ учирчээ. Харамсалтай нь тэдний гэрлэлт тийм ч удаан үргэлжилсэнгүй. хатагтай Бэсинжер нөхрөө Жэк Райнтай үнсэлцэхийг хармагцаа шүүхэд өргөдөл гаргаж, гэрлэлтээ цуцлуулснаар барахгүй, тэдний гэр бүлийн хэрүүл хэвлэлийн нүүр дамжсан удаатай.
Идэр залуу цагийн амьдрал ээдрээтэй байснаар барахгүй бага нас нь гунигт дурсамж дүүрэн өнгөрсөн хэмээн тэрбээр дурсдаг.

Кино урлагаар амьсгалсан бага нас
Лонг-Айландад өссөн түүнийг ах нь урлагийн замд хөтөлсөн гэдэг. Судсаар нь урлагийнхны цус гүйж байгааг ойлгосон тэрбээр ах дүү нарынхаа толгойгоо даах ч тэнхэлгүй болтлоо бэлтгэл хийхийг нь харж өссөн нь түүнд багагүй нөлөөлсөн ч байж мэднэ. “Аллага” хэмээх мөрдлөгийн тухай киногоороо үзэгчдийн танил болсон дүү Даниэл Болдвин нь хар тамхины хэргээр баримвчлагдсанаас хойш уран бүтээлээсээ хөндийрсөн бол бага дүү Стефен Болдвин нь “Эргэлзээ” киноны мэргэн буудагчийн дүрээрээ амжилт олсон.
Болдвины уран бүтээлийн замыг залуу Эльвис, дунд эргэм насны Эльвис хэмээн ангилж ч болохуйц. Залуу Эльвис байхдаа Болдвин самнаас салдаггүй, хараа дээгүүр нуруу тэнэгэр залуу байсан хэмээн Холливудын хууччуул ярьдаг.
Харин тэрбээр өөрийгөө дур булаам үнсэлт, яруу найраг уншиж байгаагаараа үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хэмээн баталдаг. “Хорсол” кинонд задлан шинжилгээний өрөөнд бүх үнэнийг илчилж байгаа мэс засалчийн дүрийг гайхалтай бүтээснээр кин судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг.
Элвистэй ижилссэн залуу нас
Идэр Элвисийн үед ирэхдээ тэр зузаарсны зэрэгцээ залуу цагийнхаасаа илүү хашир туршлагатай болж, тэр хэрээр буурь суусан, хашир анжгайн дүрд тоглох болсон. Түүний “Орголт” кинонд цуутай банкны дээрэмчин Док МакКойгийн дүрийг бүтээсэн нь цөөнгүй уран бүтээлчийн сэтгэлийг хөдөлгөж, шүүмжлэгчдээс “Болдвин гайхалтай ухаалаг залуу. Түүний инээдмийн төрөлд илүү амжилт олно гэдэгт би итгэдэг” гэсэн магтаалын үг сонсоход хүргэж байсан нь кино бүтээгчдийн толгойд нэгийг бодуулсан бололтой.
Үнэхээр ч Алек Болдвин ухаалаг залуу байсан, байсаар ч байгаа, байх ч болно гэдэгтэй би санал нэгдэж байна. Түүний “Бямба гаригийн үдэш”, “Уилл Грейс хоёр” харин одоо “Рок 30” гэсэн бүтээлүүд нь амжилт олж байгаа учраас тэр.
Ухааны ураар дүр амилуулагч Болдвин
Болдвины санаанд оромгүй үйлдлүүд нь луйварчдын түүхийг өгүүлэх кинонд гайхалтай нийцдэг. Түүний нүүрний хувирал, биеийн хөдөлгөөний өөрчлөлт нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татдаг нь ч энэ төрлийн кинонд тоглох бас нэгэн шалтгаан болдог аж. Хэрэв та анзаарсан бол Болдвиний тоглосон кино бүрт найруулагч, жүжигчнээс нарийн уран сэтгэмж шаардсан байдаг. Тэр бүрт түргэн сэтгэж, ухаалаг шийдвэр гаргах чадварыг бүрэн эзэмшсэн нь Болдвиныг Холливудад “алт” болох шалтгаан болсон гэдэг.
Харин хөдөлгөөний эв дүй нь “Рок 30” цувралд коктэйлд найруулагч эрийн дүрд тоглох эрхийг олгосон гэнэ. Тэр бүр амарч хэвтэхдээ ч гараараа ямар нэгэн зүйл хийж, зарим үед сэтгэхүйн тоглоом тоглож байдаг хэмээн найруулагчид нь гайхширдаг. Харин би дүрүүдээс нь эрч хүч, эрх мэдэл “ханхалдаг” гэмээр байна. Мэтгэх хүн гарахгүй биз.
Тэтгэвэрт гарахын өмнөх бяцхан гомдол
Энгийн нүдээр харахад тэр хэзээ ч гал цогтой уран бүтээлч шиг харагддаггүй ч гараас гарсан уран бүтээл нь чанартай, сэтгэл татам байдаг нь хачирхалтай. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Миний карьер бүхэлдээ бүтэлгүйтсэн” гээд “Рок 30” цувралын дараа кино урлагаа бүр мөсөн орхиж, тэтгэвэрт гарах гэж байгаа гунигтай мэдээ дуулгасан. Яг л бусдын тусыг чамласан эрх жаал шиг санагдаж байгаа биз. Үнэндээ тэр үзэгч болон шүүмжлэгч,судлаачийн байр сууринаас кинон урлагийн хэтийн төлөвийг хэдийнэ тольдчихсон нь тэр. Өөрийгөө үнэлэхгүйдээ биш, “Хорсол” эсвэл “Орголт” шиг бүтээл кино урлагийн ертөнцөд моодноос гарчихсан гэдгийг анзаарч, зайгаа тавьж байгаа аж. Кино урлагийн түүхийг гуч гаруй жил бичилцсэн тэрбээр тэтгэвэрт гарахын өмнө бяцхан гуниглалаа зүрхэндээ тээгээд намайг үдлээ.

No comments:

Post a Comment