Sunday, June 27, 2010
Кристен Стюарт: Роб гайхалтай сайн дуучин. Бүр зүрх шархуулагч Роберт Пэттинсон: Тэр бол онцгой охин. Түүн шиг хүнтэй олон учрахгүй
Кино урлагийн ертөнцөөс өөрсдийгөө олж, мөн чанар, үнэн төрхөө мэдсэн хүмүүс бол яах аргагүй “Twilight” цувралын залуус. Энэ сарын 30-нд нээлтээ хийх “The Twilight Saga: Eclipse” (Бүрийн тууль буюу Сар хиртэлт)-д ямар үйл явдал гарах тухай болон дэлгэцнээ төдийгүй бодит ертөнцөд үерхэх болсон Роберт Пэттинсон, Кристен Стюарт нарын тухай сонирхолтой баримтыг “Harper’s Bazaar” сэтгүүл дэлгэжээ.
“Twilight” киноны гуравдугаар ангийн зураг авалтын турш Роб, Кристен нар Ванкуверийн Шератон нэртэй зочид буудлын зэргэлдээ өрөөнд амьдарсан. Тэд яг л хүүхэлдэйн кинонд гардаг цайзад хоригдсон Рапунзель гүнж шиг амралтынхаа ихэнх цагийг өрөөндөө өнгөрүүлдэг. Аргагүй дээ, тэдэнд өөрийн хүссэнээр гадуур зугаалах эрх чөлөө хомс юм чинь. Тиймээс хэдэн цагаар хаалгаа хаагаад л өөрсдийгөө зугаацуулах элдэв зүйл бодож олон, түүнийгээ хэрэгжүүлдэг аж. “Энэ байшингаас гарах 15 өөр гарц бий” гэсэн ганцхан өгүүлбэрээр Кристен зураг авахуулахаас бусад үед папараццичдаас зугтах гэж аргаа бардаг тухайгаа ойлгуулаад амжлаа. Түүнчлэн “Роб харин тэднээс зугтахдаа надаас хамаагүй дээр. Тэр 23 настай, харин би ердөө л 19 настай болохоор энэ нь аргагүй биз. Тэр надаас илүү олон жил насанд хүрсэн хүний эрх чөлөөг мэдэрсэн. Харин би одоо л дөнгөж өөрийнхөөрөө байх гэдэг үгний үнэ цэнийг ухаарч, өөрөөсөө огт ичилгүй гудамжаар явж чаддаг болоод байна” хэмээснээ хэсэг бодолхийлж, “Гэхдээ энэ бүх тэнэг зүйлийн тухай ярьж байгаа минь ямар гунигтай юм бэ” хэмээн энэ талаар дахин ярилцахыг хүсэхгүй байгаагаа товч бөгөөд тодорхой мэдэгдлээ.
Робертод ч бас энэ тухай ярих зүйл цөөнгүй байгаа бололтой. Зочид буудлын цонхоор харж нэлээд удаан зогссоныхоо дараа “Бид гадаа суугаад ярилцлагаа хийнэ гэхээр танд төсөөлөгдөж байна уу?” хэмээх асуултаар тэр яриагаа эхэлсэн юм. Гэхдээ тэр дотоод ертөнцөө уудлах гэж яарсангүй. “Салхинд гарахсан” гэсэн хоёрхон үгнээс ямар давчуу ертөнцөд залуу насаа үдэж байгааг нь би төвөггүй ойлголоо. Үнэндээ биднийг уулзсан өдөр зэврүүн, бүрхэг байсан юм. Гэхдээ түүний эрх чөлөөг жаахан ч атугай амсах гэсэн хүслийг нь хэрхэн хориглож зүрхлэх билээ. Зочид буудлаас гарч ирэхдээ тэр зөвхөн папараццичидтай нүүр нүүр тулгардаггүй аж. Түүнийг орилж хашгиран, гараа сарвалзуулсан охид ч угтан авдаг. Өнгөрсөн зун болсон “Remember Me” зураг авалтын үеэр түүнийг хэрхэн хатагтай нараас зугтаж байсныг нь Нью-Йоркчууд өдгөө ч мартаагүй биз. Энэ тухайгаа Роб “Хэцүү ч гэлээ энэ бүхэн нэг талаараа надад туршлага болж, цоо шинэ зүйлийг өгч байна. Хүмүүсийн орилолдох нь надад хэвийн зүйл шиг л сонсогддог болоод байна. Заримдаа тэнд эх зах нь олдохгүй замбараагүй байдал үүсэж, яг л дайны талбар шиг болчихдог. Юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй хүмүүсийн дундуур гүйж, араас хөөцөлдөх олноос зугтах сонирхолтой санагдах үе ч тохиолддог шүү” хэмээлээ.
“Сар хиртэлт” хэмээх гуравдугаар ангийн нээлт хаяанд тулсан эдгээр өдрүүдэд хүн бүр ганцхан асуудалд анхаарлаа хандуулаад байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Тэр нь “Белла Эдвард хоёрын хайрын түүх хэрхэн төгсөх бол?” гэсэн асуултын хариу. Харин би энэ удаад цус сорогч болон залуу бүсгүйн хайрын түүхээс илүүтэй тэднээс дутахгүй дотноссон Роб Кристен нарын үерхэлд анхаарлаа хандуулаад байлаа. “Та хоёрын хэн нь илүү романтик вэ?” гэсэн асуултад минь Кирстен “Роб гэж хэлмээр байна. Миний хувьд бол хайр сэтгэлийн харилцаан дахь хамгийн чухал зүйл бол үнэнч байдал. Тухайн хүн хэдий чинээ сэтгэлдээ, хайртай хүндээ үнэнч байна тэр хэрээр өөрийн зэвсгийг хүчирхэгжүүлж байна гэсэн үг” хэмээн хариулсан бол Роб асуултыг минь сонсмогцоо инээмсэглээд “Мэдэхгүй юм даа. Кристен юу гэж хариулж байна вэ?” гэлээ. “Чамайг илүү романтик гэсэн” гэвэл “Үгүй дээ. Би дүр эсгэхдээ л сайн хүн” гэж хариулж дуусмагцаа л инээдэндээ хахаж цацан хэдэн хором суулаа.
Тэд анх 2007 онд болсон “Twilight”-ын зураг авалтын үеэр танилцсан гэдэг. Анхандаа тэдний хэн нь тоглож байгаа киногоо амжилт олж, 380 сая долларын ашиг олно гэж таамаглаагүй гэдэг. Тэр ч байтугай энэ бүтээлийн ачаар тэд өөрсдийн нэрийн “Barbie” хүүхэлдэйтэй болсон. Тэдний унтлагын өрөөнд тэврэлдэн хэвтдэг хэсэг тун гайхалтай болсон хэмээн судлаач, шүүмжлэгчид үнэлдэг. Кристен энэ тухайд “Зүгээр л хамт хэвтэж байсан юм биш. Биднийг үл мэдэгдэх нэгэн зүйл холбоод байгааг би мэдэрсэн” гэв. Харин Роберт “Би тэр үед их тайван болчихсон. Киноны тэр хэсэгт Кристен бид хоёр муугүй бүтээчихсэн шиг байгаа юм. Хожим нь яг тиймэрхүү зураг авахуулсан боловч ер олигтой болоогүй. Кристен миний бодож байсан Беллагаас тэс өөр хүн байсан. Сүүлдээ би түүнээс эмээж эхэлсэн шүү” хэмээлээ.
Зугаа цэнгэлийн хот хэмээгддэг Лос-Анжелест төрж, өссөн болохоор Кристен тун хурц, шийдэмгий бүсгүй. Дуулгаваргүй хар үс нь түүний дотоод ертөнцийн нэгэн илэрхийлэл мэт харагддаг. Үүнийхээ ачаар цус сорогчийн найз бүсгүйн дүрээ сайн гаргасан гэж дүгнэх хүмүүс ч бий. Хайнга зассан үс нь түүний тавгүй , зөрчилтэй дотоод ертөнцийг харуулж байгаа хэрэг. Харин “Сарны хиртэлт” ангид түүнд хиймэл үс зүүлгэсэн нь Беллад бага ч атугай амрах боломж олдсны бэлгэ тэмдэг. Олны анхаарлыг татсан үснийхээ засалтыг тэрбээр “Хачин сонсогдож мэдэх ч би энгийн байдлаараа л гоо сайхныг бүрдүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг хүн. Гэхдээ үс маань урт ургаж, сэгсийсэн нь намайг инээдтэй харагдуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрнө” хэмээн тодорхойлсон. Түүнээс гадна тэр яг л усан цэрэг бүхнийг жин тан, бүр 200 хувь гүйцэтгэхийг эрмэлздэг нэгэн. Харин үүнийг нь Роб тун их таашаадаг бололтой. “Тэр бол онцгой охин. Та түүн шиг хүнтэй олон учрахгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн магтсан юм. Өнөөдөр ч тэр жийнсэн өмд, цагаан майк, энгийн юүдэнтэй цамц өмссөн байсан бөгөөд хувцаслалтынхаа тухай “Би хэзээ ч нүд гялбам тод өнгөтэй цээживч, эсвэл яагаан өнгөтэй ямар нэгэн хувцас өмсөхгүй” хэмээлээ. Харин улаан хивснээ алхахдаа өмсдөг гаж загвартай хувцсаа тэрбээр “Би тэднийг худалдан аваагүй. Хэзээ ч тийм зүйл худалдан авахгүй” гэж тайлбарласан юм. Ихэвчлэн өмд өмсдөг тэрбээр өөрийгөө эмэгтэйлэг гэж тодорхойллоо. Учир нь тэр “Chanel” брэндэд дуртай. Даашинз өмсөхийг хичээх болсон. Үүний тод жишээ нь энэ оны эхээр болсон “Teen Choice Awards” үеэр өмссөн хадаастай даашинз. Гнайхалтай даашинзаа тэрбээр “хүн бүрт л таалагдсан шүү дээ. Хүмүүс бүр “Хараач ээ, хадаастай даашинз байна” гэж байсан” хэмээн магтахаа ч мартсангүй. Бас хүмүүсийн ташаа бодлыг залруулахыг хүсэж, “Хүмүүс намайг дэггүй охины дүр эсгэх гэж хичээдэг гэж боддог юм билээ. Үнэндээ бол тэр бол миний төрөлх араншин. Би олон нийтийн дунд бусдын сэтгэлд нийцтэй харагдахын тулд хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээ их цэнэдэг. Гэхдээ надад байгаа байдал маань таалагддаг” гэх тайлбар хийв.
Үүнийг нь батлах гэсэн мэт Роб “Кристен зүгээр сууж огт чаддаггүй юм. Тэр буудлагын спортод дуртай. Бүр түүнээсээ салддаггүй. Надад бол их хэцүү юм шиг санагддаг” гэж ярилаа. Түүнчлэн тэр Кристенийг өөрөөс нь сайн жүжигчин гэж боддог болохоо “Би хэрхэн жүжиглэх аргаа олдоггүй юм. Би зүгээр л аливаа зүйлийг таамаглаж, тэр дагуугаа хийдэг. Харин тэр надаас тэс өөр. Хийж байгаа үйлдэл бүхэндээ тун итгэлтэй байдаг” хэмээн илэрхийлсэн.
Тэднийг сүй тавьсан тухай шар хэвлэлүүдээр шуугих болсоор нэлээд удлаа. Үнэндээ тэд биш цус сорогч найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, тэд сүй тавьж байгаа тухай гуравдугаар ангид гардаг аж. Гэхдээ энэ нь тэдэнд биенээ эхнэр, нөхөр хэмээн дуудах сайхан боломжийг олгож байгааг тэмдэглэх хэрэгтэй.
-Та хоёрын хэн нь үсэндээ илүү олон цаг зарцуулдаг вэ?
Кристен: Роб.
Роб: Би бие хүний тухайд их өвөрмөц үзэл бодол баримталдаг хүн. Жишээлбэл, миний орон зайд хэн нэгэн зөвшөөрөлгүй нэвтрэхийг төдийлэн таашаадаггүй.
-Өрсөлдөөнд хэн нь илүү дуртай вэ?
Кристен: Бас л Роб. Тэр яг л жаахан хүүхэд шиг аашилдаг юм. Бүр алхам тутамдаа шүү. Би танд нэг нууц задлах уу? Аливаа тэмцэлд ялалт байгуулсан үед Робын хоолойны өнгө тэс өөр, яг л таван настай жаалынх шиг болчихдог юм.
Роб: Би бол энэ асуултад тань бидний хэн хэн нь жаахан шартай, ялалтын төлөө улайрдаг гэж харилумаар байна. Харин Кристен намайг гэж хэлсэн байх нь ээ? Ялалт надад яг л… (Кристенийн зөв бололтой. Түүний хоолой яг л таван настай жаалынх шиг сонсогдож байлаа)
-Хамгийн хөдөлгөөн ихтэй нь хэн бэ?
Кристен: Өөрийгөө л нэр дэвшүүлмээр байна. Роб олсон дээгүүр арай ядан үсэрдэг юм. Тиймээс би түүнийг “Flippy” гэж хочилдог. Түүнийг бэлтгэл хийж байгааг нь харахаар яг л болхи оцон шувуу шиг харагддаг учраас тэр. Гүйж байгаа нь бүр ямар инээдтэй гээч.
Роб: Кристен. Кино үзэхэд л энэ асуултын хариу тодорхой харагдана. Тэр надаас илүү хөдөлгөөнтэй харагддагийг үзэгчид анзаарсан биз.
-Хамгийн аминчхан нь хэн бэ?
Кристен: Би түүнийг гэж хэлнэ ээ. Гэхдээ энэ тухайгаа тэр өөрөө дэлгэрэнгүй ярих биз. Тэр байнга л толины өмнө эргэлдэж, үсээ имэрч, засдаг. Заримдаа түүнийг үсийг новш гэж хараамаар санагддаг шүү. Үүнийг ёж үг гэдэг утгаар нь ойлгоорой.
Роб: Бид бараг л адилхан байх. Бидний хэн хэн нь өөрөөрөө бахархаж болохуйц амжилтад хүрсэн. Гэхдээ түүний биеэ тоох хандлага нь минийхээс ч илүү. Харин миний өөрийгөө үнэлдэг үзэл нь түүнийхээс илүү байх. Гэхдээ би энэ үзэлдээ тууштай хандаж чаддаггүй. зөвхөн харц маань л ямар ч үед бардам, ихэмсэг байж чаддаг. Заримдаа бүр “Сайн уу” гэх өнгө аяс илэрхийлсэн минь “Би ч догь залуу шүү” гэсэн юм шиг харагддаг гэсэн.
-Та хоёрын хэн нь өөрийнхөө тухай мэдээллийг илүү их “Google”-ээс эрдэг вэ?
Кристен: Роб.
Роб: Тэр мэдээж намайг л гэж хэлсэн байх. Гэхдээ би түүнийг гэж бодож байна. Үүнийг мөрдөхөөс нааш тогтоох аргагүй байх аа. Магадгүй гагц бурхан л үнэнийг нь мэдэж байгаа биз. Заримдаа миний тухай материалууд хэр эрэлттэй байгааг харахаар би “Google” хайлтын системд нэвтэрдэг. Түүний үнэлгээ минийхээс байнга өндөр байдаг юм. Тиймээс би түүнийг өөрийнхөө тухай материал хайдаг байх гэж таамагладаг.
-Хэн нь хамгийн сайн дуучин бэ?
Кристен: Роб. Тэр гайхалтай сайн дуучин. Бүр зүрх шархуулагч гэж хэлсэн ч болно.
-Харин хамгийн их гадуур зугаалдаг нь?
Роб: Мэдээж би. Гэхдээ миний гадуур зугаалдаг цаг Кристенийхийг нэг их хол давахгүй байх. Тэр сүүлийн үед их нээлттэй болоод байгаа шүү.
-Спортод хэн нь илүү авьяастай вэ?
Кристен: Хэн нь авирч чаддаг билээ. Мэдээж би шүү дээ. Тэр их эмзэг, өвчлөмтгий залуу.
-Хэн нь илүү мухар сүсэгтэй вэ?
Кристен: Роб.
Роб: Би кармад итгэдэг. Гэхдээ энэ нь ямар ч бодлогогүйгээр сүсэглэхээс огт өөр зүйл гэж боддог.
Ярилцлагаа дуусгаад амьдрал буцалсан өрөөнд нь тэднийг үлдээлээ. Харин эцсийн үг болгож Роб “Би хүмүүс миний тухай юу гэж ярьж байгааг нь тагнуулдаад мэдчихдэг. Тэд энэ бүхнийг сонсоод намайг үзэн ядаж мэдэх юм. Гэхдээ зүгээр ээ” гэсэн бол Кристен шулуухан л “Гудамжаар өөрийнхөөрөө алхахыг хүсэж байна” гэлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment