Шар буурцаг гэдэг үг саяхнаас Монголчуудын танил болж байгаа. Эрүүл, зөв хооллолт гэдэг үг эрчимтэй тархахтай зэрэгцэн бидний хүнсний хэрэглээнд хүч түрэн орж ирсэн болохоор тэр. Өмнөд азиас гаралтай эл ургамлыг одоогоос 3000 гаруй жилийн өмнө хятадууд хүнсэндээ хэрэглэх болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Удалгүй урд хөршөөс хүрээгээ тэлж Японоор дамжин Америкт хүрсэн эл идээний нууцыг химич Жорж Вашингтон Карвер тайлсан гэдэг. Түүгээр барахгүй алдард “Ford Motors” компанийг үндэслэгч Форд шар буурцгийг боловсруулан хуванцар хийж, түүгээрээ машин бүтээсэн түүх ч бий. Эл элдэвтэй буурцагны махны үйлдвэр Монголд цорын ганц бий. Тиймээс бидний зөв хооллолтын манаанд зогссон “Бразас” үйлдвэрээр зочлохоор шийдлээ.
Цагаан хоол, зөв хооллолт гэдэг ашигтай моод Монголд хүчтэй дэлгэрч байгаа энэ цагт нэгэн шинэ үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ бол махыг орлох шидтэй шар буурцагны махны үйлдвэр.
Хаалгаар нь шагаймагц халуун уур нүүр өөд цоргих эл үйлдвэр нэг цагт 125 кг шар буурцгийн мах үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мэдээж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас эрүүл мэнд, ариун цэврийг чанд сахих шаардлагатай тул үйлдвэрт нэвтрэхийн өмнө цагаан халаат нөмөрч, гутлынхаа гадуур даавуун углааг углахыг үйлдвэрийн дарга үүрэгдлээ. Ингээд л аялал эхлэх нь тэр. Юун түрүүнд түүхий эд боловсруулах агуулахаар орлоо. Энд шалаас тааз хүртэл өрсөн савтай шар буурцгийн шаарыг урд хөршөөс авчирдаг гэнэ. Хэлбэр, хэмжээний хувьд вандуйтай адилхан шар буурцгийн тосыг урд хөршид шахдаг бөгөөд үлдэгдлийг нь шар буурцгийн шаар гэдэг аж. Эл шаарыг “Бразас” үйлдвэрийн агуулахад тээрэмдэж, гурил шиг нарийн ширхэгтэй болсон буурцгаа холигч машинд хийдэг. Эндээс ширхэг томтой болсон түүхий эдийг зуурч, хэвлэх машинд, дараа нь таван дамжлага бүхий хатаах төхөөрөмжид хийснээр үйлдвэрлэлийн явц дуусдаг. Хүнсний амт, үнэр орлуулагч, будагч бодис нэмдэггүй тул үйлдвэрийн ажиллагаа тун энгийн. 180 хэмийн халуунд хатаадгийг нь эс тооцвол ажиллагаа багатай аж. Үйлдвэрлэл дууслаа гээд санаа амарч болохгүй. Шинжилгээ, савалгааны ажил өрнөнө. Дэвтэх чанарыг нь тусгайлан бэлтгэсэн өрөөнд шалгасны дараа үйлдвэрийн ажилчид хүнсний бүтээгдэхүүн зориулсан уут, хайрцганд “махаа” савладаг.
Үнэндээ би махыг илүүд үзэгч. Тиймээс үйлдвэрлэлтийн явцтай танилцмагц, үйлдвэрийн дарга намайг цагаан хоолонд уруу татах ухуулгаа эхэллээ. Мэдээж би үйлдвэртэй танилцахын өмнө шар буурцагны талаар багагүй судалгаа хийж, чихрийн шижинтэй хүмүүст хамгийн тохиромжтойгоос гадна хүүхдийн өсөлтөд эергээр нөлөөлдөг зэрэг олон давуу талыг нь мэдсэн. Гэхдээ үйлдвэрийн даргын ухуулга үр дүнгээ өгч эдийн засагт хэмнэлттэйгээс гадна шар буурцагны махан дахь уургийн хэмжээ 50-аас багагүй хувьтай байх ёстой гэдэг шинэ мэдээллийг олж авлаа. Түүний өгүүлж байгаагаар 250 грамм шар буурцгийн махаар 9-12 хүний хоол хийдэг бол энэ хэмжээний малын мах 2-3 хүний хоолонд хүрэлцдэг гэнэ. Мэдээж махны үнэ тэнгэрт хадсан энэ цагт оновчтой хэрэглээ болж таарах нь. Харин уургийн агууламж 50-аас дээш хувьтай байх тухай мэдээлэл юунд хэрэгтэй болохыг танд одоо сонирхуулъя. Монголд худалдаалж байгаа бусад бүтээгдэхүүнүүд урд хөршид үйлдвэрлэж, энд савладаг тул уургийн агууламж бага, тэр хэрээр хүний биед шаардлагатай эрдэс бодис, уураг, амин дэмийн хэмжээг нөхөх чадвар дутмаг байдаг аж. Түүнчлэн эл үйлдвэр тээвэрлэхэд бяцарч, үйрэхгүй, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бодолцон бүтээгдэхүүнээ хүнсний цаасан хайрцагт савладаг давуу талтай.
Уургийн агууламжаар үхрийн махнаас 1.6, хониныхоос 2 дахин их шар буурцгийн махыг үйлдвэрлэгч эл компани зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй эх орон нэгтнүүдээ зөв хооллолтод уриалахаар хэрхэн шар буурцагны махаар хоол хийх сургалтыг зохион байгуулдаг юм билээ. Албан байгууллагын хүсэлтээр цагаан хоолны өдөр нь мэргэжлийн тогооч нар очиж, шар буурцагны ид шидийг гайхуулдаг гэнэ.
100 грамм шар буурцаг дахь илчлэг, амин дэм, эрдэс бодисын хэмжээ:
• A амин дэм: 110 I.U.
• B амин дэм: 1.07 мг
• Ниацин: 2.3 мг.
• C амин дэм: Бага хэмжээгээр
• Кальци : Бага хэмжээгээр
• Төмөр : 8.0 мг.
• Фосфор : 586 мг.
• Калий : 540 мг.
• Өөх тос : 18.1 гр.
• Нүүрс-Ус : 34.8 гр.
• Уураг: 34.0 гм.
• Калори : 331
No comments:
Post a Comment