Энгийн атлаа эрхэмсэг. Яг л урлагийн бүтээл шиг тэнгэрлэг. Б.Чинбатынх гэдэг өрх гэрээр зочилсон сэтгэгдэл минь энэ.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гэсэн эрмүүн хүсэл мөрөөдөл тээж, хүний нутаг зорьсон тэд эх орондоо эргэн ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа. Хоногийн 24 цаг багаддаг болов уу гэмээр ачаалал ихтэй амьдралын хэмнэлдээ тэд огтхон ч түүртсэн шинжгүй сууна.
Уран бүтээлчдийн гэр бүл болоод ч тэр үү бидний яриа байсгээд л урлаг, хөгжмийн ертөнц рүү хальчихаж байлаа. Энэ байдлаас нь тэднийг урлагт хэрхэн сэтгэлээ бүрэн зориулсныг харж болохуйц. Инээд наргиа, их хайраар хачирласан ярилцлагаа уншигч танд толилуулъя.
-Америкт нэлээн удах шиг боллоо. Яг хэдэн жил болсон бэ?
Ц.Сарнай: Бараг л долоон жил боллоо.
Б.Чинбат: Яг зургаан жил хагас болсон байна.
-Хэзээ эх орондоо бүрмөсөн ирэх вэ?
Б.Чинбат: Бүр ирсэн гэж ойлгож болно. Гэхдээ бидний зорилго, хүсэл мөрөөдөл маань тэнд байгаа болохоор түүнтэйгээ хослуулж амьдарна даа. Тэр тусмаа бид чинь их эх оронч хүмүүс шүү дээ. Тийм болохоор аль болох Монголдоо байхыг хүсдэг.
-Цаг үргэлж хамт байх ямар санагддаг вэ?
Ц.Сарнай: Их сайхан.
Б.Чинбат: Гол нь бидний зорилго нэг болохоор үргэлж хамт байх харин ч амар санагддаг.
Ц.Сарнай: Түүнээс гадна багаасаа л хамт байсан болохоор одоо бие биедээ уусаад дасчихсан.
Б.Чинбат: 15 настайгаасаа нэгнээ мэддэг байсан юм байна шүү.
-Хэрхэн танилцаж байснаа сонирхуулаач.
Б.Чинбат: Хэн хэн нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Т.Цолмон багшид шавь орсон болохоор багаасаа л бие биенээ мэддэг байсан. Тухайн үед би “Никитон” гэж гүйгээд л, үсээ сэгсэлзүүлсэн амьтан явдаг байлаа. Нэг хэсэг хамтлагийнхаа ажлыг хөөж Сарнайтайгаа нэлээд хэдэн жил уулзаагүй. Хожим нь Цолмон багшийн боловсролын салбарт ажилласны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцох гээд очихдоо Сарнайгаа олж харлаа. Тэгээд л тэр даруйдаа “Үерхье” гэдэг үгээ хэлсэн.
-Олон жилийн өмнө тэгж хэлсэн үү?
Б.Чинбат: Тэр чинь… 1995, 1996 онд юм байна.
Ц.Сарнай: Бид хоёр дөрөв, таван насны зөрүүтэй юм. Тухайн үед жоохон байсан болохоор тэр ялгаа их мэдэгддэг. Тийм болохоор аав ээж, танилуудаасаа их нуудаг байж билээ.
Б.Чинбат: Багш нар харин анзаарчихсан шиг байгаа юм.
-Тухайн үеийн залуус яаж болздог байсан бэ?
Б.Чинбат: Улаанбаатарын үдшийг тольдон алхдаг байлаа. Тухайн үед хот намуухан ч байж. Бид ирээд хоёр хонож байгаа ч замын түгжрэл гэдэг зүйлийн зовлонг амсаад байна. 1990-ээд онд бол одоогийнхтой адилгүй. Нам гүм. Тэгээд л тэр сайханд хөтлөлцөөд л алхана. Утас бол шатаастай л хонодог байсан. Бүр өглөөний 06.00 хүртэл ярьдаг байлаа. Одоо эргээд бодоход ярих зүйл нь хаанаас ч ундардаг байсан юм, бүү мэд. Аав ээждээ загнуулаад л яриад хоночихдог байсан гэх мэт дурсамж дүүрэн бидний үерхэл эхэлж байлаа.
-15 жил хамт байсан болохоор одоо бол бодлыг нь уншихуйц ойлголцдог болсон биз?
Ц.Сарнай: Тэгэлгүй яах вэ. Харцаараа л ойлголцдог болсон.
Б.Чинбат: Олон жил хамт байхаар царай хүртэл адилхан болчихдог гэсэн үг байдаг даа. Түүн шиг л олон жил үерхэж, хамт байсан болохоор одоо бол бие биедээ уусаад, нэг хүн шиг л болсон.
Манай гурав “Охид” гэдэг хамтлаг байгуулан, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан юм. Тэгтэл би Залуучуудын соёлын төвд явж байтал бөөн хүн шавчихсан, алга ташиж, “Дахиулъя” гэж орилоод л жигтэйхэн сүртэй юм болж байна. Гайхаад тонмейстерийнх нь өрөөгөөр шагайвал гурван охин дуулж байгаа харагдсан. Тэр нь манай Сарнай, Сүндэрээ, Болороо гурав байсан юм. Тэднийг харсан даруйдаа л Хөгжим бүжгийн коллежийнх гэдгийг нь мэдсэн. Тэр даруй энэ гуравт дуулах хүсэл эрмэлзэл, авьяас чадвар байна гэх дүгнэлт хийсэн.
-Тэгэхээр анх гэргийгээ уран бүтээлч талаас нь олж харсан юм уу?
Б.Чинбат: Анх өөр ямар ч бодол, санаагүй уран бүтээлч талаас нь харсан.
-Хэдийнээс эмэгтэй хүн гэж харж эхэлсэн юм бэ?
Б.Чинбат: Саяхнаас л… (инээв) Манай гурав муухан эр хүнээс дээр санагддаг юм. Залуучуудын соёлын төвд тааралдсаны дараахан бид дахин уулзсан юм. Тухайн үед би “Камертон”-ы “18 нас” дууг гаргахад туслалцаад, хөгжмийн ертөнцөд нэр хүнд олж байсан болохоор манай хэд “Чинбаа ах аа, бид нарт нэг ая хийж өгөөч” гээд л ирсэн. Хөгжим бүжгийн коллежийн гурван давхарт 37 тоотод ороод шалгатал аргагүй л багаасаа урлагаар хичээллэсэн хүүхдүүд гэдэг нь анзаарагдахаар сайхан аккорд дуугарсан. Тэгээд л хамтран ажиллаж эхэлсэн дээ. Эхэндээ Сарнайгийнд бөөнөөрөө амьдарч, тасралтгүй бэлтгэл хийдэг байлаа. Одоогийн охид шиг баар орох ч завгүй сургуулилдаг, бүр өрөөндөө түгжүүлээд 24 цаг бэлддэг байсан. Тиймээс тухайн үед цаг зав, сэтгэл санаа гээд бүхий л зүйлээ уран бүтээлдээ хандуулсан. Хоёр жил болсны эцэст ийм нэгэн шинэ хамтлаг Монголын рок попын ертөнцөд мэндэлж байгаа шүү гэдэг дохиог өгөхөөр “Пентатоник”-ийн алтан тайзан дээр “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ, “Никитон”-ы хөгжимчидтэй хамтран “Санах уу” дууг дуулж байлаа.
-Анхны цомгоо хэрхэн гаргаж байсан юм бэ?
Б.Чинбат: Цомгоо гаргахын тулд “Сонор” студийн захирал Дээгий эгч, хөгжмийн найруулагч Халиун, Дашка гуравт хамтлагийнхаа охидыг танилцуулж, шалгуулах шаардлагатай болсон. Тэр үед манай гурав сам, хоосон саваар микрофон орлуулаад барьчихсан дуулж байсан. Тийм их дуулах гэсэн хүсэлтэй байсан хэрэг.
-Гэрлэлтээ батлуулчихсан уу?
Ц.Сарнай: 2009 оны есдүгээр сард АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд очиж батлуулсан. Тухайн үед бид нар тоглолтоор явж байсан болохоор Холливудын их том продюсер Анита Фрэнклин бидний гэрлэлтээ батлуулах ёслолын гэрч болсон. Тиймээс бид их бэлгэшээдэг юм. Гэхдээ гэрлэх ёслолоо Монголдоо хийнэ ээ.
-Хэзээ хийх вэ?
Б.Чинбат: Энэ жилдээ арай амжихгүй байх. Одоогоор арай төлөвлөөгүй байна. Ажлынхаа зав зайг харж байгаад л нэг өдөр эх орондоо хийнэ дээ.
-Ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
Б.Чинбат: Миний гэргий бол… Хажууд нь ярих ямар эвгүй юм бэ? Ингэж ярьж үзээгүй юм байна. Бид хоёрыг хамт суулгаад ярилцлага авч байгаа анхны хүн нь чи юм байна. (инээв)
Манай хүн их сайхан хоол хийдэг. Ялангуяа Итали, Франц хоол хийхдээ гаргууд сайн. Би ганцаараа магтаж байгаа юм биш шүү. Манайхаар ирсэн зочид үүнийг батална. Миний бодлоор өрхийн тэргүүн хүнд ажлаасаа ирээд л сайхан хоол идэж, эрч хүч авах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байх.
Ц.Сарнай: Өөр та ямар ажил хийдэг билээ?
Б.Чинбат: Гэргий маань намайг ажилдаа бүх анхаарлаа хандуул гэсэндээ ар гэрийн бүхий л ажлыг өөрөө амжуулчихдаг. Мэдээж би цаг зав гаргаж хоол хийж өгөхийг хичээдэг. Хоол хүнсээ цуглуулахдаа хамт явна. Гэхдээ Сарнай маань их эмх цэгцтэй. Гэрийн бүх тавилга, хэрэгсэл, тэр ч байтугай түлхүүр, цаг хүртэл өөрийн гэсэн байртай. Тиймээс манай гэрт аливаа бичиг баримт, жижиг зүйлс олдохгүй байна гэсэн асуудал үүсдэггүй. Тэр ч байтугай хоол хүнсээ цуглуулахаар дэлгүүр гарахын өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг нэгд нэгэнгүй гаргачихдаг. Тийм болохоор бид хоёрт дэлгүүрт очоод авах зүйлээ хайж холхих шаардлага гарахгүй. Цаг ч их хэмнэдэг.
-Харин Та нөхрөө хэрхэн дүгнэх вэ?
Ц.Сарнай: Маш сайн нөхөр гэж дүгнэнэ. Гэр бүлээ, хамтлагаа өдий зэрэгтэй авч явж байгааг нь харсан ч тэр, тэгж дүгнэх нь зүйтэй болов уу. Америкт жижиг хадаас тогтоох төдийд ч хариуцсан байгууллага дуудаж, хэдэн зуун долларын хөлс төлж, түүнийгээ хийлгэдэг. Манай хүн бол тиймэрхүү ахуйн асуудлаа өөрөө л зохицуулчихдаг.
-Тэнд байхдаа Болороо, Сүндэрээ хоёртой хамт амьдарч байв уу?
Б.Чинбат: Америк бол тун шалгуур өндөртэй газар. Гэрээс гараад гишгэлээ л бол мөнгө хэрэгтэй болно. Тиймээс эхэн үед манай эгчийнд бөөнөөрөө амьдарч байсан.
Ц.Сарнай: Тэндээ хоёр, гурван жил болоод тусдаа гарсан.
Б.Чинбат: Биднийг Америк руу явах үед монголчуудын мөрөөдөл нь Америкт хөл тавих байсан гэхэд хилсдэхгүй. Харин бид бүр түүнээс ч өндөр зорилго тавьж, тэр улсад танигдсан уран бүтээлчид болохыг хүссэн. Зорилгынхоо жаахан ч атугай хэсгийг биелүүлээд явж байна. Ер нь ажиглаад байхад манайхан их тууштай, зорьсондоо үнэнч, тэмцэгч атлаа нүүдэлчин ахуйтай болохоор орчиндоо амархан дасан зохицдог давуу талтай. Тийм болохоор хэр баргийн зүйлд шантарч, ухардаггүй. Түүнээс гадна оюуны чадамж өндөр байх. Би тэнд бараг долоон жил амьдрахдаа муу яваа нэг ч монгол хүнийг олж хараагүй. Хамгийн муу яваа нь ч дундаж амьдралтай байгаа харагддаг.
-Та хоёрын ажил хэд хүртэл үргэлжилдэг вэ?
Ц.Сарнай: Монголд байхын л шөнө дунд хүртэл ажилладаг ажлын ачаалал ихтэй байдаг байлаа. Тиймээс эрт орондоо ордог найзууд маань 23.00 цаг бол биднийхээр шөнө, та нарынхаар өглөө гэж шоолдог байсан.
-Чинбаа, Сарнай хоёр хэр романтик вэ. Болзоонд явдаг уу?
Ц.Сарнай: Болзоонд явдаг.
Б.Чинбат: Би нэг гоё юм ярьж өгөх үү. Бид хоёр хамтдаа кино үзэх дуртай. Зүрхэн хэлбэртэй бөгжтэй улаан дарс хундагалан, кино үзэж суудаг. Манай хүний санаа байгаа юм.
Ц.Сарнай: Бас тоглолт үздэг. Чикагод блюз баар их олон байдаг юм. Хамт тийшээ очиж сайхан тоглолт үзээд л болзчихдог.
-Энэ их ажлын хажуугаар болзох зав бас гардаг байх нь ээ?
Б.Чинбат: Хэчнээн их ажилтай байсан ч хөгжилдөж, болзох цаг гаргалгүй яах вэ.
-Хэзээ бүл нэмэхээр төлөвлөж байна вэ?
Б.Чинбат: Хүн болгон л асуудаг болсон байна. Тэгэхээр одоо олны хүсэлтээр бүл нэмэхээс… (инээв) Хүүхдэдээ аль болох их цагийг зарцуулах ёстой байдаг. Тэгэхээр тийм боломж нь бүрдсэн үед л хүүхэдтэй болно доо.
Ц.Сарнай: Хүмүүс тохироо нь бүрдэхийг хүлээвэл хэзээ ч бүтэхгүй гэдэг юм билээ.
Б.Чинбат: Гэхдээ тохироог одоо тохируулъя. Түлхүүр, кодыг нь тааруулъя. Удахгүй аав, ээждээ ачийг нь тэврүүлнэ дээ. Юун түрүүнд зорьсон зорилгодоо хүрье. Тэгээд л ерөөсөө тэтгэвэртээ суугаад нэгмөсөн арван хүүхэдтэй болчихъё (инээв).
No comments:
Post a Comment