Saturday, July 17, 2010

К.Латифа: Амьдралдаа олон арван удаа хатан хааны титэм зүүж байсан

Шоу бизнесийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг болох Күин Латифа Ларри Кингийн нэвтрүүлгийн зочноор уригджээ. Цөөнгүй инээдмийн киноны дүрээрээ үзэгчдэд хэдийнэ танил болсон ч тэрбээр Холливудын ертөнцөд олон талын авьяастай гэдгээрээ хүндлэгдсэн байдаг. Тэрбээр “Титэм зүүхүй: Амьдралын өөрчлөлтийн мөчлөг хэрхэн Хатан хаант улсад хүргэдэг вэ" гэсэн номоо өлгийдөн аваад байгаа аж.

-“Титэм зүүхүй” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Юун түрүүнд нэвтүүлэгтээ урьсанд тань талархлаа илэрхийлмээр байна, Ларри. Бүсгүй хүн бүр хатан хаан. Бусад хүмүүс ч бүсгүйчүүдтэй хатан хаантай харилцаж буй мэт хүндэтгэлтэй харилцах ёстой гэж надад бодогддог. Тиймээс би эмэгтэй хүн бүр өөрийнхөө эрхэмсэг, дахин давтагдашгүйбайдлыг үнэлж, өөрийгөө хатан хаан мэт өргөмжлөөсэй гэсэндээ номондоо ийм нэр өгсөн. Бид бүр заримдаа өөрсдийгөө ч мартан амьдралын төлөө зүтгэдэг. Тэдгээр эмэгтэйчүүдэд ямар агуу болохыг нь санхуулах гэсэндээ эл номыг бичсэн юм.
-Номонд тань юун тухай өгүүлэх вэ?
-Ном гэхээсээ илүүтэй уншигчидтай хийж байгаа миний ярилцлага шиг л хэлбэртэй бүтээл болсон. Би тэдэнтэй туршлагаа солилцож, хэрхэн амьдралын өөрчлөлтийн үеүдээ даван туулсан тухайгаа хүүрнэсэн. Миний өнгөрүүлсэн амьдрал алдаа оноогоор дүүрэн байгаа хэдий ч бүсгүйчүүдэд урагшаа урам зоригтой алхах эрч хүч өгнө байх гэж бодож байна.
-Та ямар насныханд уг номоо зориулан бичсэн юм бэ?
-Ямар ч насны ангилал байхгүй ээ. Өсвөр насны охидоос 65 гарсан буурал ч уншиж болохуйц. Би одоо 40 настай. Тэгэхээр дунд эргэм насны эмэгтэй гэсэн ангилалд хамаарна. Гэхдээ өнгөрүүлсөн 40 жилийн туршлагаас харахад бидний амьдралын аль ч үед урам зориг, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг юм билээ. Харин би таныг ямар гайхалтай хүмүүс хүрээлж, хэчнээн сайхан орчинд амьдарч байгааг нь сануулах гэсэн юм.
-Таныг Фрэнк Синатрагийн “I'm Going to Live Until I Die” хэмээх гайхалтай дууг зохиосон гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Тийм ээ.
-Эл дуугаараа Та амьдралдаа баримталдаг зарчмаа өгүүлсэн юм уу?
-Тийм ээ. Амьдрахын тулд нь бид энэ орчлонд хүн болж төрсөн. Тиймээс энд байгаа хором мөч бүхнээ сэтгэл хангалуун, өөрийн чадах хэрээр үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй гэсэн санааг хэлэх гэсэн юм.
-Гэвч тэгж амьдрах ч амаргүй шүү. Тийм биз?
-Заримдаа ч үнэхээр амаргүй байдаг шүү. Гэхдээ би гаргасан амжилтаараа өөрийгөө цэнэглэж амьдрагч нэгэн. Түүнийгээ эргэн дурсаж, сэтгэлдээ сайн сайхныг бодон явсаар амьдралын сайн сайхныг хангалттай амсдаг гэж хэлж болно.
-Таны амьдралын анхны өөрчлөлт хэзээ болсон бэ?
-Намайг 5 настай байхад.
-Тэр цагаас хойш хатан хаан болно хэмээн боддог болсон байх нь ээ?
-Би их азтай хүн. Аав, ээж маань өөрсдөө ч мэдэлгүй намайг өөртөө итгэлтэй, хатан хаан болох хүсэлтэй охин болгоод хүмүүжүүлчихсэн. Харин би үүнийг нь ахыгаа алдсаны дараа тэдэнд хэлж билээ.
-Тэр хэдэн настай байсан юм бэ?
-Тэр 24, би 22 настай байсан.
-Тухайн үед яг болсон юм бэ?
-Мотоциклийн осол. Бид мотоцикльтэй явж байсан юм. Тэр явдлаас хойш би ээж, аав хоёртойгоо их дотно болсон.
-Таныг ч бас алдах нь гэсэн айдас хүмүүст төрсөн гэдэг байх аа. Та өөрийн титмээ хэрхэн зүүсэн бэ?
-Би амьдралдаа олон арван удаа хатан хааны титэм зүүж байсан гэж өөрийгөө дүгнэдэг. Амьдралд юу ч тохиолдож болно. Гол нь түүнийг хэрхэн хүлээж авахаас зовлон, жаргалын алин болох гэдгийг тодорхойлдог юм шиг санагддаг. Өвдөг сөхрөх, хагацал тохиох мөчтэй нүүр тулгарах үедээ уй гашууд автан шаналах хүн байхад тэр хүнд байдлаас бэрхшээлтэй тэмцэх эрч хүчээ олж авдаг хүмүүс ч бий.
-Та дүр эсгэдэг үү?
-Үгүй дээ. Гэхдээ шоу бизнесийн ертөнцөд олны анхаарлын төвд аж төрж байгаа хүмүүст ямар нэгэн байдлаар дүр эсгэх шаардлага зайлшгүй гардаг юм билээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө олон нийтэд харуулахгүйн тулд дүр эсгэх тохиолдол цөөнгүй гардаг.
-Шүүхийн танхимд дуудагдаж байсан уу?
-Үгүй дээ. Би сэтгэл хөдлөл болон, согтууруулах ундаа уух хэмжээгээ тогтоож, өөртөө хяналт тавьж чаддаг нэгэн. Үүндээ ч бурханд талархдаг юм. Хэн нэгэн хүний согтууруулах ундааны улмаас осолд орж, амиа алдсан гэх мэдээлэл өглөө бүр зурагтаар гардаг.
-Таны насны хүмүүс их илэн далангуй болчихдог. Харин та хувийн амьдралаа ер дэлгэхгүй юм.
-Тэр талаар ярих хэрэггүй биз дээ, Ларри.
-Би тэр тухай ярих гэсэнгүй. Харин Та энэ олон жилийн турш хэрхэн хувийн амьдралаа олны нүднээс нууцалж ирснийг тань гайхах юм.
-Үнэндээ би хувийн амьдралаа бусдаас нууж чаддаггүй.
-Таныг гэрээсээ гармагц л папарацциуд шавж, зураг дардаг. Энэ ямар зорилготой юм бол?
-Хэрэглэгчид, сонирхогчид байгаа болохоор л папараццичид тэгж улангасдаг биз. Та хэвлэлийн мэдээллийн ертөнцийн дотоод амьдралыг надаас илүү мэдэх биз. Шар хэвлэлүүдийн мэдээлэл миний сонирхлыг огтхон ч татдаггүй. Өөрийнхөө тухай мэдээллийг интернэтээс шүүдэг хүн би биш. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг. Харин та намайг дүгнэж нийтлэл бичиж байгаа бол өөр хэрэг. Та юу харсанаа бусадтай хуваалцах гэж байна гэсэн үг. Би ч бас өөрийн мэдсэн, сонссон зүйлсээ бусадтай хуваалцахын тулд хөгжмийн ертөнцөд уран бүтээл туурвидаг. Хөгжмөөрөө дамжуулан өөрийн мэдрэмжийг бусад хүмүүстэй хуваалцаж байгаа хэрэг.
-Харин Таны хувийн амьдрал хэнд ч хамаагүй гэсэн үг үү?
-Үнэндээ би хөгжмөөр дамжуулан дотоод ертөнцөө хуваалцаж болно. Мөн кино гэх мэт эерэг, гэгээлэг зүйлсийг бусадтай хуваалцахыг хүсдэг. Харин миний хувийн амьдрал гэдэг хувийн л зүйл шүү дээ. Тэндээс бусадтай хуваалцаад байх зүйл нэг ч үгүй.
-Олон нийт энэ үзэл бодлыг чинь хүлээн зөвшөөрнө гэж үү?
-Зөвшөөрөх байх аа. Энэ бол ердөө л хэвлэлийнхний солиорол. Хүмүүсийн хувийн амьдралыг үрж, зарж цөөнгүй хүн хоолоо олж идэж байна.
-Та хэрхэн Күин Латифа гэдэг нэрийг бодож олсон юм бэ?
-Тэнэг сонсогдож магадгүй. Үеэлтэйгээ лалын шашинтнуудын нэрний утгыг тайлбарласан номноос Латифа гэдэг нэрийг анх олсон юм. Латифа гэдэг нь чамин, сайхан гэсэн утгатай юм билээ. Тэр үед би 8 настай байсан. Ангидаа шилдэг нь байх гэсэн хүсэлтэй жаахан, хэвлүүхэн охин байсан шиг байгаа юм. Латифа гэдэг нэрийг хочоо болгон сонгоно гэдэг 8 настай охиноос гарахааргүй ухаан биз.
Хожим нь дуулдаг болсныхоо дараахан уран бүтээлийн нэр сонгох хэрэгцээ гарсан. Өмгөөлөгчийгөө “Та уран бүтээлийн нэрээр олонд танигдахыг хүсэж байна уу?” гэж билээ. Би тэр дороо л “Күин” буюу “Хатан хаан” гэдэг нэрийг сонгосон. Учир нь ээж минь намайг хатан хаан шиг эрхэмсэг, омголон эмэгтэй болгохыг хүссэн. Тэгээд л Күин Латифа гэдэг нэрийг сонгосон.
-Та нэг хэсэг нэлээд турж байснаа гэнэтхэн нэмчихсэн харагддаг. Тэр бүртээ хувцсаа сольдог уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэвтрүүлэг бэлтгэж байх үеэр би нэлээд турсан. Тэгээд л хувцасны шүүгээн дэхээ тэр чигт нь өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Тэр үед би их ядарсан шүү. Мэдээж газуур зугаалж, явган аялал хийх хөгжилтэй байсан. Нөгөө талаар тарган байна гэдэг тийм ч муухай санагддаггүй.
-Гэхдээ Та багадаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан гэсэн биз дээ?
-Бүр сайн тамирчин байсан шүү. Мэдээж супер од болох хэмжээний чадвартай байгаагүй ч, муугүй тоглогч байсан гэвэл мэтгэх хүн үгүй биз.
-Танд Күин Латифа гэдэг нэр брэнд болчихсон юм шиг санагдах үе гардаг уу. Яг л Кока-Кола шиг.
-Үгүй дээ. Би 24 насандаа “Living Single” цомгоо бичүүлж байлаа. Цомгийн нүүр зураг, хэлбэр маяг гээд бүхий л зүйл нь миний хэн бэ гэдгийг илэрхийлэх ёстой учир би тэр цомгоо гаргахын тулд маш олон зүйлтэй нүүр тулгарсан. Харин тэр цаг ард хоцорч, би нэг шат ахисан байна. Тухай үед би мөрөөдлийн эмэгтэйнхээ ертөнцөөр бүх зүйлээ илэрхийлж байсан бол одоо өөрөөрөө байж, түүгээрээ бахархахын учрыг ухаарсан. Түүнийхээ ачаар 20 жилийн өмнө шоу бизнесийн ертөнцөд хөл тавьж байснаасаа илүү эрч хүчийг олж авч байна.
-Та хэний ч танихгүй бүсгүй байх үеэ үгүйлдэг үү?
-Би хэн ч биш байсан үеэ маш тод санаж байна. Би Нью-Йорк, Нью Жэрсид өссөн. Ихэвчлэн Нью-Йорк хотноо байдаг байлаа. Энэ хотод хүн бүр бусдаас онцгойрохын тулд чадах бүхнээ хийдэг гэдгийг та мэдэх үү? 8 сая оршин суугчтай хотын жирийн нэг иргэн болчихгүйн тулд хүмүүс өмсөж зүүх, нэрээ өөрчлөх гээд чадах бүхнээ хийдэг.
-Тэдний заримыг нь ч атугай үгүйлэхгүй байна уу?
-Үгүйлдэг. Гэхдээ би тэр амьдралыг хангалттай удаан туулсан. Тиймээс л би “Хэзээ хаана карьерээ дуусгах нь тун чухал. Үүнээс л олны анхаарлын төвөөс гарч, амар амгалан амьдарч чадах эсэх шууд хамаарна” гэдэг үгийг цохон тэмдэглэдэг юм. Би ийм амьдралын тэгтлээ их хүсдэггүй.
-Би жүжигчин, дуучин, бизнес эрхлэгч гэхээсээ өмнө ямар үүргээ урьтал болгодог вэ?
-Би Рита, Ланс нарын охин гэдгээ юун түрүүнд боддог. Би гэдэг хүн дүү нарынхаа эгч, дотнын найз гэдэ ажил мэргэжлээсээ өмнө тавих зүйл надад олон бий.
-Та гэр бүлийнхэнтэйгээ хэр дотно вэ?
-Нэг их наалдаад байдаггүй ч, хүйтэн хөндий биш. Бид хэрэгтэй цагт гэр бүлийнхэндээ гараа сунгахад хэзээд бэлэн байдаг.

No comments:

Post a Comment