Monday, July 19, 2010

С.Баллок: Мөнгө зайлшгүй хэрэг болсон цагт л “People” сэтгүүлийнхнийг хуримандаа урина


Энэ онд “Оскар”-ын шагнал гардаж, гэр бүлийн асуудал нь сонин хэвлэлийнхний нийтлэлийн гол сэдэв болсон гээд сүүлийн үед олны анхаарлын төвд байх болсон Холливудын жүжигчин Сандра Баллоктой “Glamour” сэтгүүлийн сурвалжлагч ярилцжээ.

Түүнтэй ярилцаж суухад ч яагаад ч юм хэн нэгэн одтой уулзаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөнгүй. Миний уулзсан хүн Сандра Баллок болохоор л тэр.
Калифорнийн Кюлвер хотод, түүний заасан газарт ирэхэд тэр гэрийнхээ гадаа нохдоо салхилуулан, тэдэнтэйгээ тоглож байлаа. Эрч хүч, аз жаргал гэрэлтүүлсэн хатагтай Баллок харсан даруйдаа л намайг тосож, “Сайн уу? Намайг Санди гэж дуудаарай. Дотогш ор л доо” хэмээн гэртээ урилаа. “100 гаруй жил нөхөрлөсөн дотны анд минь”. Сандитай уулзахад төрсөн анхны минь сэтгэгдэл энэ.
Харин ажилдаа тэр тун нямбай няхуур ханддаг нэгэн аж. Зураг авалт эхэлсэн л бол тэр амрахаа умартан зүтгэдэг. Зураг авахуулаагүй үедээ ч дүрийнхээ судалгааг хийж, хэдэн өдрөөр суучихдаг тухай хамтран ажилласан найруулагчид нь надад сонирхуулсан юм.
Тэр ажилдаа дуртай ч, олны чанга хатуу “хяналтан” дорх амьдралыг тэсвэрлэдэггүй. Тиймээс ч хувийн амьдралаа Холливудын ертөнцөөс хол байлгах аргаа ч олчихож. Хэрэв түүнийг дүгнэж, тодорхойлох даалгавар өгвөл би даруухан, өөрийнхөөрөө гэдгийг нь онцолно. Шоубизнесийн ертөнцийнхний үсгийн сангаас “Өөрийнхөөрөө байх” гэдэг үг бараг л арчигдчихдаг болохоор тэр.

-Та “Гэрлэх санал” киноны зохиолыг уншиж байхдаа л төгсгөлийг нь таамагласан гэдэг. Бодит амьдралд хосуудын ирээдүйг ингэж харж чаддаг уу?
-Үгүй дээ би ирээдүйг харах нь байтугай таамагладаг ч үгүй. Харин нэг удаа зураг авахуулахаар студид хүлээж зогссон бүсгүй, залуу хоёрт “Та хоёр гайхалтай сайхан хосууд болно” гэж хэлж билээ. Тэд бие биенээ таньдаггүй байсан юм. Гэхдээ л би бүсгүй рүү залгаж “Надад өмнө нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байсангүй. Гэхдээ та хоёрыг гайхалтай сайхан хос болно гэдлгийг би мэдэрч байна” гэж хэлж билээ. Хэдийгээр тэр бүсгүйтэй уулзана гэдгээ зургийн студид танилцсан хархүү надад амласан боловч очоогүй гэсэн. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэр шийдвэрээ өөрчилнө гэдэгт би итгэлтэй байна.
-Харин та өөрийнхөө ирээдүйг ингэж харж байсан уу?
-Үгүй дээ.
-Жэсс та хоёр хэрхэн танилцаж байсан юм бэ?
-Та хувийн амьдрал руу минь дэндүү өнгийж байна шүү. Би мөрөөдлийн ханхүүгээ хайж, “West Coast Choppers” хэмээх түүний компанийг зорьсон юм. Тэгэхдээ булчинлаг, хүдэр залуу намайг хүлээж байгаа гэж төсөөлж байлаа. (инээв)
-Холливудын ертөнц дэх бүсгүйчүүдээс тан шиг биеийнхээ хөдөлгөөн, нүүрний хувирлаараа үзэгчдийг хөгжөөдөг хүн ховор шүү. Харин та үүнийг гайхалтай сайн чаддаг.
-Мэдэхгүй юм даа. Би Кэрол Бюрнетт, Жэрри Льюис нарын киног үзэж өссөн. Тэр бол кино урлагийн түүхэн дэх амьд бурханууд л гэсэн үг. Гэхдээ охид бүгд л хөлөө зөрүүлэн зогсоод, хормойгоо барин ёслон, гүнж болохыг мөрөөддөг. Би тэдний л нэг байсан.
-Өөр хэнээс суралцдаг байв?
-Аав, ээж минь дуурийн дуучид байсан. Тиймээс надад хоолойн хичээл заадаг байв. Тиймээс миний бага нас дуучид, бүжигчид гээд урлагийнхан дунд өнгөрсөн гэж хэлж болно. Өрөөний минь хананд Оросын нэрт балетчин Рудольф Нуреевийн зураг өлгөөтэй байдаг байлаа.
-Тэгэхээр та бүжигт дуртай байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ би хувийн амьдралаа энд дэлгэмээргүй байна. Би үдэш бүр ярилцаж, хамт хонодог байсан дотны хүндээ ч хийх хамгийн дуртай зүйлээ харуулж байгаагүй.
-Тэгэхээр Жэсс таны бүжиглэж байхыг харж байгаагүй байх нь ээ?
-Би Жэсс гэж хэлээгүй шүү дээ.
-Олонх хүн ажил, амьдрал хоёроо тэнцүүхэн авч явж чаддаггүй. Би ч тэдний нэг.
-Би ажил, амьдралаа тэнцүүхэн авч явахыг хичээдэг. Гэхдээ би “Нэг л өдөр би цасан цагаан даашинз өмсөөд, хуримаа хийж, сайхан гэр бүлтэй болон” гэж төлөвлөж байгаагүй. Би ажлаа хийж, өөрийгөө хөжгүүлж, аав ээж минь надаар бахархах зүйл хийхийг л илүүд үздэг. Өнгөрсөн хугацааг эргээд дүгнэхэд би ажилдаа өөрийгөө тэр чигт нь зориулсан юм билээ. Би жилд гурван ч кинонд тоглоод амждаг байсан. Эцэст нь “Энэ бүхэн надад сонирхолтой санагдахгүй байна” гэж хэлээд л ажлаасаа бүтэн жил хөндийрч байсан.
-Та шүтэн бишрэгчдээсээ хөндийрөхгүйгээр хувийн амьдралаа хэрхэн нууцлаад байдаг юм бэ?
-Найз минь надад нэгэнтээ “Хэрэв чи хуримандаа “People” сэтгүүлийнхнийг уривал гэрлэлт чинь тун удахгүй салалтаар дуусна” гэж хэлж билээ. Бид мөнгө зайлшгүй хэрэгтэй болсон цагтаа л тийм шийдвэр гаргах байх.
-Таны хүсэж байсан шиг ярилцлага нийтлэгдэж байсан удаа бий юү. Та ер нь сэтгүүлчдээс ямар асуулт хүлээдэг вэ.
-Би зөвхөн киногоо сурталчлахын тулд л ярилцлага өгдөг. Гэхдээ ажил маань намайг долоон булчирхайгаа дэлгэхийг шаарддаггүй.
-“Гэрлэх санал” кинонд таны нүцгэн гүйж яваа хэсэг гардаг.
-Анх удаа дэлгэцнээ нүцгэлсэн нь тэр.
-Райн та хоёр мөргөлдөх үед танд юу бодогдож байсан бэ гэдгийг л мэдэх гэсэн юм.
-Гимнастикийн дугуйланд яаралтай бүртгүүлэх хэрэгтэй юм байна даа гэх бодол хамгийн түрүүнд төрсөн.
-Та тэгэхээр өөрийнхөө галбирт сэтгэл дундуур байгаа байх нь ээ. Надад бол сайхан л харагдсан.
-Би яагаад дур булаам харагдсан гээч. Учир нь хүн бүр намайг биш Райнд илүүтэй анхаарал хандуулсан юм.

No comments:

Post a Comment