“Зогсолтгүй”, “Зэвсэгтэн” гээд л нэрнээс сүр хүч мэдрэгдэх хит дуунууд 2000-аад оны залуус, охид хөвгүүдийг байлдан дагуулж байсан гэвэл эсэргүүцэх хүн үгүй биз. Өргөн өмд сурагчийн дүрэмт хувцас болох шахаж, эцэг эхчүүдийн үглэх шалтаг нэгээр нэмэгдэж байсан цаг саяхан. Залууст хип хоп гэдэг зөвхөн дуу биш бүхэл бүтэн урлаг гэдгийг мэдрүүлж, ойлгуулсан анхдагчдын нэг нь яах аргагүй “Дайн ба энх”. Шүтэн бишрэгчдийнх нь чихэнд “ДБЭ” гэх товчилсон нэр нь хэдийнэ хоногшсон тус хамтлагийн үүх түүхийг эргэн сөхье.
Хамтлагийн гишүүд: Мсит, MC Аав, Бизи, Эзи, Экс эр, Хорон
Хамтлаг байгуулах санааг: Мсит гаргасан.
Анхны уран бүтээл: 1997 онд сонсогчдын хүртээл болсон “Хэрээ мэд” (Шүлгийг Р.Чойном, аяыг Мсит) дуу тэдний анхны уран бүтээл.
Гаргасан цомог:
“Өдөр Тутам”
Монголын урлагийн ертөнцөд хөл тавьснаас гурван жилийн дараа тэдний анхны цомог сонсогчдын гар дээр очсон байдаг. “Өдөр тутам” нэртэй цомгийн бүхий л дууны аяыг Мсит бичиж, найруулжээ. Fm 107.5-ын студид бичүүлсэн эл цомогт Р.Чойном агсны “Амьдралд ам гарч болдоггүй юм”, “Хэрээ мэд” зэрэг цөөнгүй шүлэгт дуу оруулан амилуулсан бүтээл багтсан байдаг.
“Нэг Чигт”
“Ритм” студид 2002 онд бичүүлсэн “Нэгэн чигт” бол тэдний хоёр дахь буюу хамгийн сүүлийн цомог.
Анхны тоглолт: Дархан хотноо “Зогсолтгүй” нэртэй тоглолтоо 1999 оны аравдугаар сард толилуулсан.
Анхдагчаар дүүрэн арван хэдэн жилийн өмнөх түүх
“Хар сарнай”, “Хар тас”-ын “ах нарын” суурийг нь тавьсан Монголын хип хопыг барууны хэв маяг, жишгээр хөгжүүлэх гэсэн эрмүүн хүсэл мөрөөдөлтэй зургаан залуу 1997 онд нэгдсэн нь “Дайн ба энх”-ийнхэн. Амьдралын үнэн худлыг ялгаж, түүнийгээ уран бүтээлээрээ илэрхийлэх нь тэдний гол зорилго байв. Тиймдээ ч тэд эсрэг тэсрэгийн тууль болсон үгсээр хамтлагаа овоглосон гэдэг. сонгосон хэв маяг, сэдэв гээд бүхий л зүйл нь Монголын рок попын урлагт шинэлэг зүйл байсан хэмээн нэгэн цагт өрсөлдөгчид нь байсан уран бүтээлчид тодорхойлдог юм билээ.
“ДБЭ”-гийнхнийг урлагт хөл тавьж байх үед сонсогчид хэдийнэ рэп, хип хоп урлагийн элемент бүхий уран бүтээлүүдийг сонсчихоод байсан ч эл урсгалыг хараахан бүрэн ойлгож амжаагүй байсан. Энэ тухайд “Анхны дууныхаа аяыг хөгжимчин Отгоо ахаар бичүүлж байтал студид нь байсан хүмүүс “Энэ тэгээд дууны хөгжим юм уу” гээд гайхаад, шоолон инээж байсан. Гэхдээ л багагүй урт хугацаанд төлөвлөж, бэлтгэж байж хийсэн ая дууныхаа үгтэй гайхалтай сайхан зохицож, анхны бүтээл маань төрж билээ” хэмээн тус хамтлагийнхан дурссан байдаг.
Эл дуу төдийлэн амжилт олоогүй ч зориг мохсонгүй. Дайчин залуус Англи уран бүтээлч Жейсон Готфрейд /Gulluva/-тэй хамтран 1998 оны тавдугаар сард “Зэвсэгтэн” дууг хийсэн нь сонсогчдын анхаарлыг багагүй татсан. Үүний араас “Зогсолтгүй”, “Залуу насанд /Амьдралд ам гарч болдоггүй юм/” гэх дуунуудыг сонсогчдын хүртээл болгосон нь хит болж, залуус ч шинэ урсгал, шинэ хэв маягт дасаж эхлэв.
“Зогсолтгүй” дуугаараа тэд FM 107.5-ээс зохион байгуулсан “New stars” тэмцээний ялагчаар тодорсон байдаг. Ингээд л хип хоп хамтлагууд ар араасаа төрөн гарах нь тэр. Залуусыг байлдан дагуулах болсон “ДБЭ”-гийнхнээс санаа авч удалгүй “Эрх чөлөө”, “Хоёр хүү”, “МонТа Рэп”, “Люмино” зэрэг хип хоп хамтлагууд ар араасаа төрөн гарах нь тэр. Тиймдээ ч зарим нэг хип хоп сонирхогчид “Дайн ба энх”-ийнхнийг “Хип хопын загалмайлсан эцэг” хэмээн өргөмжлөх болсон биз.
“ДБЭ”-гийнхэн зөвхөн хэв маяг, уран бүтээлийн сэдвээрээ анхдагчид байгаагүй. Тэд “Байлдан дагуулагч” нэртэй бүлгийг байгуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулж, мөн олон хамтлагууд хамтарсан анхны хип хоп дууг дуулсан.
2000 оныг тус хамтлагийн уран бүтээлийн оргил үе байсан гэж тодорхойлж болно. Дархан хотноо хийсэн анхны тоглолтоо тэд 2000 оны нэгдүгээр сард нийслэлийн үзэгчдэд сонирхуулж, “Өдөр тутам” нэртэй анхны цомгоо ч худалдаанд гаргаж амжив. Эл цомог тус хамтлагийн анхны цомог байгаад зогссонгүй Монголын хип хоп урлагийн түүхэнд ч анхдагч болсон. “Нэгэн чигт” цомгоо 2002 онд бичүүлсэн “ДБЭ”-гийнхэн Мситийг уран бүтээл хийхээ больсноор урлагаас түр хөндийрсөн гэдэг.
Одоо зөвхөн “Энх”-ийн төлөө
Арваад жил нам гүм байсан “ДБЭ”-гийнхэн саяхнаас уран бүтээлдээ шамдсан. Үзэл бодол, зорилгоо эрс өөрчилсөн залуус энэ оны зургадугаар сарын 5-нд эргэн уулзаж, дахин уран бүтээл хийх талаар ярилцаж, шийдсэн байна.
Даяаршлийн эрин зуунд бага буурай үндэстнүүдэд мөхлийн аюул нүүрлэж, түүнтэй зэрэгцэн харийнхан мөдийгүй монголчууд ч эх орноо дорд үзэх ухамсар нийгмийн нэлээд хэсэгт төрөөд байгаа тул энэ бүхний эсрэг уран бүтээл туурвиж, залуусыг уриалан дуудахаар “ДБЭ”-гийнхэн нэгджээ. Гэхдээ тэд энэ удаад өөрчлөлтийг өөрсдөөсөө гэсэн жишгээр хамтлагийнхаа нэрийг “Энх” болгон өөрчилж, “Үнэн”, “Уухын Эрдэм”, “Ялагдал”, “Хожим” зэрэг дөрвөн ч дуу бэлэн болгоод байна.
Түүнчлэн энэ онд 13 нас хүрч байгаа тус хамтлагийнхан аравдугаар сарын 13-нд ойн тоглолтоо хийх гэж байна.
No comments:
Post a Comment