Tuesday, October 5, 2010

Д.Батсүх: Амьдралдаа үзээгүйгээ л үзлээ

Хийж бүтээсэн зүйлтэй байж л ярилцлага өгөх нь “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүхийн баримталдаг олон зарчмын нэг. Олон хэмээн тодотгохын учир нь арав гаруй жил урлагийн тогоонд чанагдахдаа хамтлагаа ахалж, уран бүтээлээс гадуурх ажлыг зохицуулж хэвшсэн тэрбээр цаг баримтлах, аливаа асуудалд хариуцлагатайхандах гэх мэт олон зарчимд хүлэгддэгээ өөрөө ч анзаардаггүй аж. Тиймдээ ч товлосон цагаасаа ялимгүй хоцроод очтол хэдийнэ гэрийн зүг хөдөлчихсөн байсан биз. Сандран араас нь утас цохивол “Батсүх алга аа” гэж хэлээд намайг шоглохоо ч мартсангүй.
Хэвлэл мэдээллийнхнээс зай барьдаг түүний араас сар гаруй хөөцөлдөж байх үеэр “Өрнө дорнын уулзалт” олон улсын фестивалийн нээлт таарч би азаар уулзах шалтагтай болсон юм.

-Таны тоглосон анхны кино өнөөдөр олон улсын кино наадмын нээлтийг хийх гэж байна. Сэтгэл хэр их догдолж байна вэ?
-Энэ онд хийсэн миний хамгийн том ажил болохоор үр дүнг нь харахаар сэтгэл их догдолж, бас яарч байна.
-Киногоо бүрэн хэмжээгээр нь үзэж амжсан уу?
-Амжаагүй ээ. Өнөө орой л үзнэ дээ.
-Тэгээд нээлтийн үеэр дахин үзэх үү?
-Тийм ээ. Тэр үед сэтгэл хөдлөл дарагдчихсан байх тул алдаа оноогоо арай илүү бодитой дүгнэх байх.
-Дүрийнхээ тухай сонирхуулаач.
-“Татар ажиллагаа” кинонд би Гялбаа нэртэй залуугийн дүрд тоглосон.
-Гялбаа гэж хоч нь юм уу?
-Үгүй ээ. Угаас тийм нэртэй юм. Их өвөрмөц байгаа биз. Компьютерийн дэлгүүрт ажилладаг болохоор түүнийг банк дээрэмдэх ажиллагааны үеэр компьютер, техник технологитой холбоотой ажлыг даатгахаар багтаа авч байгаа юм. Үнэндээ Гялбаа сүрхий хакер биш. Гэхдээ нөгөө хоёроо бодвол илүү мэдлэгтэй. Зан араншингийн хувьд жаахан бүтэлгүй, муу санаатай нөхөр. Инээдмийн киноны нэг тийм бүтэлгүй баатрууд байдаг даа. Яг тийм хүн.
-Таныг кинонд тоглож байхдаа бэртэж, гоо сайхны хагалгаанд орсон гэх мэдээлэл зарим шар хэвлэлд нийтлэгдсэн байна билээ. Энэ үнэн үү?
-Үнэний хувь ч байна. Бас ташаа зүйл ч бий.
-Монголд адал явдалт, тулаантай кино төдийлэн хөгжөөгүй байгаа. Тиймээс кино багийнханд хүндрэл багагүй гарсан байх. Тийм үү?
-Багийнхан маань их чадварлаг хүмүүс байсан болохоор хүндрэл төдийлэн гараагүй гэж хэлж болно. Гэхдээ бэртэж гэмтэх тохиолдол бол зөндөө гарсан. Би гэхэд л зодолддог хэсэгт газар савж унан, өшиглүүлж, толгойдоо шилэн сумаар буудуулан, тавгаар цохиулах гэх мэт амьдралдаа үзээгүйгээ л киноны зураг авахуулж байхдаа үзлээ.
-Толгойдоо буудуулсан гэнэ ээ?
-Шил хагалдаг буу байдаг юм билээ. Яг тэр буугаар бууддаг хэсэгт би урдуур нь гүйх ёстой байдаг юм. Тэгж гүйж яваад суманд нь оногдчихсон. Азаар малгайтай байсан учир толгой хавдаад л өнгөрсөн. Тэгээгүй бол толгойгоо зад буудуулж мэдэх байсан хэмээн энэ хэрэгслийг хариуцсан герман мэргэжилтэн маань хэлж байна лээ.
-Таны дууны клипүүд богино хэмжээний кино шиг л үйл явдалтай байдаг. Тиймээс жүжиглэх талаар багагүй туршлага хуримтлуулсан байх, тийм үү?
-Камерын өмнө жүжиглэж сурсан болохоор огт мэдэхгүй хүнтэй харьцуулахад туршлатай байсан. Гэхдээ клипний зураг авалт бол дуугүй байдаг тул мэдэхгүй, бэрхшээлтэй зүйл олон гарсан. Кинонд тоглоход дууны өнгө ч жүжигчлэлтийн нэг хэсэг болж, дүрийнхээ сэтгэл санааны байдлыг ярианы өнгөөрөө дамжуулан илэрхийлэх шаардлагатай болдог юм билээ.
-Бүтээсэн дүрүүдээс чинь Батсүхтэй хамгийн адилхан нь аль байв?
-Үерт живж байгаа хүүхдүүдийн тухай өгүүлсэн “Хүсэл” клипэнд тоглосон дүр надтай илүү адилхан.
-Киноны ажил дууссан болохоор одоо уран бүтээлээ хийх үү?
-“Номин талст” хамтлаг байгуулагдахаас өмнө би “Номин” гэдэг хамтлагт дуулдаг байсан юм. Тэр үеийн бүтээлүүдээ бичүүлж, цомог болгон гаргахсан гэж их боддог байсан. Түүнийг хэрэгжүүлсэн. Цомог маань бэлэн болчихоод байгаа. Удахгүй худалдаанд гаргах бодолтой байна. Гэхдээ түүнээс өмнө амжуулах ажил бий. Би “Татар ажиллагаа” кинонд туслах продюссерийн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Манай кино энэ сарын 10-нд нээлтээ хийсний дараа Якут, Буриад, Читэд гарах юм. Тиймээс сурталчилгааны ажлаар хойшоо явах байх. Тэгээд оноос өмнө цомгоо гаргана даа. Хавар бас нэг цомог гаргахаар төлөвлөж байна. Тэгээд дараа нь тоглолтынх ажилд орох бодол бий.
-“Номин талст”-ынхан 15 жилийн ойгоо тэмдэглэх үү?
-Одоогоор ярилцаж тохирсон зүйл байхгүй. Гэхдээ удаан хугацааны туршид нам гүм байчихаад гэнэтхэн тоглолт хийнэ гэдэг утгагүй. Үзэгч, сонсогчдын хүсэлт ирвэл тэр талаар ярилцана аа.

Түүний харц, сэтгэл хөдлөл нь тас хар өнгөтэй толин шилнийх нь цаана нуугдчихаад надад тухтай ярилцах, “довтлох” боломж ер олгосонгүй. Арга ядахдаа шилнийх нь тухай асуултаар яриагаа үргэлжлүүллээ.

-Та яагаад дандаа хар шил зүүдэг юм бэ?
-Нүдний шил их олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт жижигхэн нүдээ нар, салхинаас хамгаалж байгаа юм. (инээв) Нөгөө талаар хэв маягаа бүрдүүлэх бас нэг илэрхийлэл болдог. Би угаас нүдний шил их сонирхож, цуглуулдаг байсан. Олон жил нүдний шил зүүсэн болохоор одоо бол бараг л миний нэг хэсэг, эрхтэн шиг минь болчихсон. Тиймээс шилээ зүүж байх үед их амар байдаг юм.
-Харин надад бол амаргүй байна. Сэтгэл хөдлөл, харц тань ер харагдахгүй юм.
-Миний нүд их эмзэг юм л даа. Хурц гэрэлд удаан суухаар нулимс гарч, улайдаг. Нөгөө дотоод ертөнцөө хамгаалах хэрэгсэл болдог. Харц, сэтгэл хөдлөлөө би шилээрээ нуудаг. Би ер нь нуугдмал байхыг хүсдэг. Тиймдээ ч сонин хэвлэл, телевизэд ярилцлага өгөх дургүй. Ялангуяа юу ч хийж бүтээгээгүй үедээ сэтгүүлчдийн хүсэлтэд эргэлзэлгүй татгалзсан хариу өгдөг.
-Тэгэхээр та олны нүднээсс аль болох нуугдаж амьдрахыг хүсдэг байх нь ээ?
-Үгүй дээ. Угаас Монголд тэгж амьдрах ч аргагүй юм чинь. Хийж байгаа үйлдэл, алхам гишгэм болгон олны нүдний өмнө байдаг учир тэгж нуугдах шаардлага гардаггүй. Тэглээ гээд бас дэлгэсэн ном шиг амьдарч болохгүй. Тиймээс эхнэрээс минь ярилцлага авах гэсэн саналыг хүлээж авдаггүй.
-Клипний зураг авахуулж байхыг тань харахад их наргианч гэж дүгнэмээр санагдсан. Та ер нь хэр шогч хүн бэ?
-Найз нөхдөө ганц нэг хорон үгээр шоглочихдог тохиолдол бий. Түүнээс биш цаг үргэлж марзаганаад байдаггүй.
-Гэхдээ “Үнэн үү” нэвтрүүлэгт оролцож байхдаа Р.Нямбаярт шоглуулчихаж байгаа харагдсан.
-Нямбаяр бид хоёр их сайн найзууд. Тиймээс хоёр дахь дугаартаа намайг хүчээр оруулаад, хөөрхөн шоглочихож байгаа нь тэр юм. Би сөргүүлээд шоглочихвол бие биенийхээ дээр гарах гээд тэр студид бөөн бужигнаан болно шүү дээ. Угаас зочин нь шоглуулж, үзэгчдийг хөгжөөх нь тэр нэвтрүүлгийн зарчим юм чинь.
-Тэгэхээр та буулт хийх дургүй байх нь ээ?
-Үгүй дээ. Ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчөө давах нь миний хувьд дэндүү увайгүй явдал шиг санагддаг.
-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлооч.
-Шударга. Би аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж, ямар ч асуудалд шударгаар хандахыг хүсдэг. Хэрвээ бусдад муу санаж, эсвэл хүний нүд хуурах гээд аргалчихсан муу үйлийн гор нь эргээд заавал ирдэг гэж итгэдэг. Гэхдээ зөвхөн энэ үгээр намайг тодорхойлох аргагүй юм. Харин амьдралдаа баримталдаг зарчим гэж хэлбэл илүү оновчтой болох болов уу.
-Хамтлагийн ахлагч нар ихэвчлэн хамт олон дундаа манлайлагч, нэр хүндтэй хүмүүс байдаг. Та ч бас тэдний нэг үү?
-Тийм байж магадгүй ээ. Бүр бага байхдаа л найзуудыгаа уриалан дууддаг хүүхэд байсан. Гэхдээ би “Номин талст” хамтлагийг байгуулах санааг гаргасан болохоор намайг ахлагчаар тавьсан байх. Нэр томъёоноос нь харахад л энэ алба чинь бусдыгаа ахалж, бүхнийг зохион байгуулах үүрэгтэй. Нэг ёсны ахлагч ч, зарц ч юм даа.
-Зарц гэснээс гэр орны ажилд хэр цаг гаргадаг вэ?
-Оролцдоггүй. Ар гэрийн асуудалд оролцохгүй зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулах боломжийг хань минь олгодог. Би ер нь их гэр амьтай. Цаг зав гарвал гэр лүүгээ л яардаг.
-Гэртээ байгаа үедээ юу хийдэг вэ?
-Уран бүтээлээ. Би цомгийнхоо нэгээс хоёр дууг нь өөрөө хийхийг хичээдэг. Тиймээс дууныхаа хөгжмийг бичих, сонин хэвлэл уншиж, мэдээлэл цуглуулах ажлаа гэртээ амжуулдаг. Мөн кино үзэх дуртай. Нээлтээ хийж, үзэгчдийн анхаарлыг татаж байгаа киног үзнэ.
-Хоол хийдэг үү?
-Ер нь хоол хийдэггүй шүү. Гэхдээ бүр чаддаггүй биш. Гэртээ ганцаараа байгаа үедээ хоолоо хийгээд л идчихдэг. Зарим эрчүүд гэртээ хоол хийж өнжих дуртай байдаг. Харин би яагаад ч юм хоол хийх дургүй.
-Тэгээд юунд дуртай вэ?
-Техник хэрэгсэл, машин, спорт гээд бүх зүйлийг л сонирхдог. Гэхдээ нэг зүйлд улайрдаггүй. Хотод өссөн болохоор ч тэр үү голдуу хурдан морь, ан авын төдийлэн таашаадаггүй юм. Харин байгалийн сайханд аялах дуртай. Орчноо солих сайхан шүү дээ.

No comments:

Post a Comment