Wednesday, October 20, 2010

А.ХАЯНХЯРВАА: Тавилга дамжин үсчдэг сахилгагүй хүүхэд байлаа



Хамтлагийнхнаасаа хамгийн түрүүнд бизнест хүч сорьсон болохоор А.Хаянааг сэргэлэн, овсгоотой нөхөр гэсэн бодол эрхгүй төрдөг. Цөөнгүй сурталчилгаанд гэр бүлийн хамт тоглоод амжсан нь хүмүүсийн эл бодлыг улам л лавшруулсан биз. Гэхдээ түүний уянгалаг хоолой, намбалаг төрх энэ байдалтай нь зөрчилдөнө. Сүүлийн үед хувийн бизнестээ анхаарал хандуулж, уран бүтээлээсээ түр хөндийрсөн түүнтэй уулзаж ярилцлаа. Гэхдээ уран бүтээлч Хаянаа биш, гэрийн эзэн, бизнесмэн А.Хаянхярваагийн дотоод ертөнц рүү өнгийх гэж хичээв. Бид нам гүм, бусад хүмүүс саад болохгүйг нь бодолцож түүний машинд яриа өрнүүлсэн юм. Авсаархан, энгийн загвартай түүний төмөр хөлгийн гадар ч, салон нь ч тун цэвэрхэн. Усны хоосон сав эсвэл хөглөрсөн бичиг цаас, ядаж шүдэнзний хайрцаг, асаагуур гэх дэл сул зүйлс юу ч байсангүй. Цаг наргүй ажилтай урлагийн хүн тул хэрэгцээт бүхэн нь гарт ойрхон байхаар замбараагүй гэмээр орчинд амьдардаг болов уу гэж төсөөлж байсан тул энэ байдал тун содон санагдав. Бүртийх ч тоос үзэгдэхгүй хянах самбарын хэсэг, эрээд ч толбо олохооргүй суудлын бүрээс нь түүний ямархан чамбай, зарчимч хүн болохыг бүрэн илэрхийлэх биз.
-Хаянаа сүүлийн ямар ажил хийгээд явна вэ? -Хувийн ажлаа хийгээд л явж байна даа.
-Уран бүтээлээсээ түр хөндийрөөд байна уу? -Хөндийрөөгүй ээ. Саяхан Халиун ахын “Up” мюзик продакшнд шинэ уран бүтээлүүдийнхээ бичлэгийг хийлгэлээ. “Анхны захидал” нэртэй цомог 2008 оны эхээр гаргаснаас хойш дуулсан хэдэн дуу байдаг юм байна. Тэдгээр дуунаас гадна шинэ 5, 6 дуу бичүүлж шинэ цомог гаргах бодолтой байна.
-Сүүлийн үед урлагийнхан тэр дундаа рок попынхон бүгд л бизнес эрхлэх болжээ. Та тэр жишгийг дагаж байгаа хэрэг үү. Эсвэл манай шоубизнесийн зах зээл хумигдах болов уу? -Залуу байхад уран бүтээлээс олсон орлого дажгүй хүрэлцчихдэг л байлаа. Тухайн үед ганц бие байсан болохоор тэр. Одоо бол зөвхөн өөрийгөө биш, ар гэрийнхэн, эхнэр хүүхдээ авч яваа болохоор хангалттай хүрэлцэж чадахгүй болж байна. Түүнээс биш шоу бизнесийн зах зээл хумигдсан гэж хэлж болохгүй.

Ийн хуучилж суутал дэргэд зогссон машин хөдлөн явахтай зэрэгцэн А.Хаянаа ч машинаа асаангаа “Шахаад зогсчихъё. Жолооч нарын хөдөлгөөнд саад болж, уур уцаарыг нь бараад яах вэ” гэв. Үнэндээ тэр зогсоолд машинаа байрлуулсан байсан тул энэ үйлдэл нь гайхаш төрүүлэв. Магадгүй өнөөх л нямбай зан чанартай нь холбоотой биз.
-Хамтлагийнхаа ямар ажлыг хариуцдаг байсан бэ? -Гадуур явж, мөнгө санхүү цуглуулах, ивээн тэтгэгч олох гэх мэт ажлыг л голдуу хариуцдаг байсан.
-Тэгээд л харьцангуй эрт бизнест хөл тавьсан байх нь ээ? -Эрт биш ээ. (хэсэг бодолхийлэв) Бизнес гэдэг хамарч байгаа цар хүрээ, үйл ажиллагаанаасаа хамаараад том, жижиг янз бүр бий. Хувцасны дэлгүүр ажиллуулах гэх мэт жижиг бизнес эрхэлж эхэлсэн гэвэл 2000 оноос юм байна. Тэгэхээр бас эрт гэж хэлж болох юм аа.
-Таны сургуульд сурч байгаа гэсэн. Үнэн үү? -Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистрт суралцаж байна.
-Суралцахын зэрэгцээ бизнес эрхэлж, уран бүтээл туурвиад багагүй ачаалалтай байгаа юм байна даа. Хэдэн цагт харьж байгаа вэ? -Ойрд ачаалал их л байна. Оройдоо 20.00 цагийн үед заримдаа 23.00 цаг хүргэж харих нь ч бий.
-Хариад ихэвчлэн юу хийдэг вэ? -Заримдаа төгөлдөр хуурынхаа ард сууж, ая зохиох гэж үзнэ. Хоолоо идэж, хүүхдүүдийнхээ хичээлийг шалгана. Гэхдээ манай охин ч тэр бүр хэлүүлж, үглүүлээд байдаггүй. Өөрөө л хичээлээ давтчихдаг юм. Би сургуульд орохоос нь өмнө мэдлэг олох, сурах арга барилыг нь заагаад өгчихсөн юм. Тиймээс хичээлээ ойлгосон л бол даалгавраа хийхгүй ч байсан болно гэж хэлдэг.
-Хаянаа гэр орныхоо ажилд хэр их оролцдог вэ? -Боломжоороо оролцохыг л хичээдэг. Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ хоол хийж өгнө.
-Хүмүүс аав нь ерөнхийлөгч, ээж нь ерөнхий сайд, хүүхдүүд нь ард түмэн гэж хошигнодог шүү дээ. Хаянхярваагийнх хэр ардчилсан гэр бүл вэ? -Ардчилсан гэр бүл гэж л тодорхойлох байх даа. Манай гэрийн ерөнхийлөгч нь хүү маань, ерөнхий сайд нь би, сангийн сайд нь хатагтай Уранзаяа, охин бол бүхий л салбарт хүч соригч. (инээв)
-Танай “ерөнхийлөгч” хэдэн настай вэ? -Таван настай, охин аравтай.
-Танай хүү, охин хоёрын хэн нь илүү аавтайгаа адилхан бэ? -Хоёулаа л царай зүсээрээ ч тэр, ааш зангаараа ч тэр надтай их адилхан. Ойр дотнынхон, хамаатнууд маань манай хоёрыг харчихаад “Хаянаа багадаа яг ийм сахилгагүй хүүхэд байсан даа” гэлцдэг юм. Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Хөргөгч, шүүгээ, шкаф гээд л тавилга дамжиж дүүлдэг байсан гэсэн. Шкафнаас ор руу үсэрч цөмлөнө, мебель тавилгынхаа нүүрэн хэсэгт элдэв юм нааж, хадаас хадаад л гэрийнхээ тавилгыг тэсгээдэггүй хүүхэд байж.
-Тэр үед мебель тавилга их үнэтэй байсан биз дээ? -Тийм л байх. Гэхдээ гэрийн тавилгаа аав маань өөрөө хийчихдэг байсан. Манай аав их ажилсаг, зүгээр сууж чаддаггүй хүн.
-Тэр зан чанар танд өвлөгдсөн үү? -Мэдээж бага хэмжээгээр ч болтугай байлгүй яах вэ. Гэрийнхээ жижиг сажиг зүйлсийг засаж янзалчихдаг.
-Хаянаа дуулахаас өөр ямар авьяастай вэ? -Өөрийгөө юм юманд адтай юм болов уу л гэж тоодог шүү дээ. Спорт, нийгмийн харилцаа гээд л…
-Урлагийнхан баярлаж гомдох нь амархан гэж хүмүүс ярьдаг. Та ч тийм зан араншинтай юу? -Хүмүүс тэгж ярьцгаадаг ч тухайн хүнээсээ л шалтгаалах болов уу гэж би боддог юм. Би өөрийгөө харьцангуй тайван, тэвчээртэй гэж дүгнэдэг.
-Амьдралдаа голчлон ямар зарчим баримталдаг вэ? -Бизнес эрхэлдэг болохоор ч тэр юм уу хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж их хичээдэг.
-Та ер нь хэр олон захиа авч байсан бэ? -Бараг захиа авч үзээгүй гэж хэлж болно.
-Уран бүтээлчдэд фэнүүдээс нь цөөнгүй захидал илгээдэг биз дээ? -Хамтлагийн захидал бол бий бий. Хайр дурлалын захидал гэж ойлгоод байлаа. (инээв)
-Хайр дурлалын захидал тэгээд авч байгаа хэрэг үү? -Ганц хоёр бий. Гуравдугаар ангид байхдаа анх захидал аваад их л балмагдаж билээ.
-Та ер нь хэр романтик хүн бэ. Эхнэрээ яаж баярлуулдаг вэ? -Тэр талаар бол их маруухан хүн шүү, би. Бид хоёр гэрлээд 15 жил болж байна. Тийм ч бага хугацаа биш байгаа биз. Сүүлийн үед ажил ихтэй байх болсон учир эхнэр минь ч тэр байдлыг сайн ойлгодог юм.
-Дуу цөөтэй хүмүүс ганцаараа сууж, элдэв зүйлийг эргэцүүлэн бодох дуртай байдаг. Та ч бас тийм хүн үү? -Дандаа гадуур явж ажил хөөцөлдөх биш. Ажлынхаа өрөөнд ганцаараа суух үедээ элдэв зүйлийг эргэцүүлэн боддог. Ажлаа төлөвлөнө, ар гэрийн асуудлаа ч бодно.
-Бас дүгнэлт гаргадаг байх. -Аливаа ажлаа дүгнэж бодохдоо тусгайлан цаг гаргадаггүй. Тухайн үед нь л дүгнээд, юунд алдаж, оносноо тунгаачихдаг. Түүнээс биш өнгөрсөн алдаагаа дахин дахин бодоод л суухыг хүсдэггүй.
-Уурлахаараа яаж тайвширдаг вэ? -Тухайн нөхцөл байдлаас л шалтгаалдаг. Ихэвчлэн дуугаа хуураачихдаг. Угаасаа ч дуу цөөтэй хүн юм. Би их яриа хүн биш. Хаана, юу ярихаа мэддэг л болохоос биш хамт явахад ханьтай, зугаатай хүмүүс шиг биш. Мэдээж холын замд явахдаа дүлий дүмбэ оргиод, хар цагаан дуугүй суугаад байхгүй л дээ. Гэхдээ хэтрүүлэгтэй ярьдаг хүн биш.
-Тиймээс асуултад маань товч бөгөөд тодорхой хариулж байгаа юм уу? -Тийм. Угаас дэл сул ярианд дургүй гэх үү дээ. Гэхдээ “ер нь” гэдэг сул үг их хэрэглэдэг юм байна билээ.
-Бас хэлэх үгээ цэнэдэг, “Долоо хэмжиж нэг огтлох” гэсэн зарчим баримталдаг уу? -Эсвэл нэг хэмжээд нэг огтолж ч болно. Юм бүхэн хоёр талтай. Хүн бүхэн л хэлэх үг, хийх үйлдлээ цэнэдэг байх.
-Гэхдээ ямар ч бодолгүй ярьчихдаг хүмүүс бий шүү дээ. -Тэгээд сүүлд нь харамсдаг уу. Бас бодолгүй ярьчихаад сүүлд нь амаа барьдаггүй хүн ч байна. (инээв)
-Та хэр шүтлэгтэй вэ. Хойд насандаа ямар амьтан болохыг хүсэх вэ? -Шүтлэгтэй. Хойд нас байдаг гэдэгт ч итгэдэг. Гэхдээ хойд насандаа хүн болж төрөхийг, тэр дундаа дахин Монголдоо төрөхийг хүсэж байна. Заавал амьтан болох шаардлагатай бол арслан л болох байсан болов уу. Би арслангийн орд, зан араншингийн хувьд ч төстэй байж мэдэх юм.
-Яагаад заавал Монголд төрнө гэж боддог юм бэ? -Эх орон минь сайхан байна шүү дээ. Залхууралгүй хөдөлмөрлөж чадвал ажлын байр хангалттай байна. Наанадаж л нэг байгууллагын гаднах талбайг цэвэрлэе, хөлсийг нь өгөөч гээд удирдлагад нь хандвал дургүйцэх хүн гарахгүй л байх. Тиймээс эх орондоо л дахин төрнө дөө.


Түүнийг ганцхан үгээр тодорхойл гэвэл би удаан бодолгүй “Хашир” гэж хэлнэ. Цаг гаруй ярилцаж суухад төрсөн сэтгэгдэл минь энэ. Гэхдээ тэр яриа өрнүүлж суухдаа хаширлаж, цааргалсан юм биш. Харин ч төсөөлж байснаас ч энгийнээр яриа өрнүүлсэн. Дурсамж, дотоод ертөнцөө нээсэн сонирхолтой ярианаас нь би тэгж дүгнэсэн юм.

No comments:

Post a Comment