“Урлагийн бүтээл бүхэн ариун байх учиртай”. Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдтэй уулзаж ярилцсаны эцэст ийм бодол толгойд гүн суулаа. Эх орныхоо тавцангаас халин Азид үнэлэгдэж, Японы Фукуока хотод байрлах Азийн урлагийн музейн удирдлага хоёр ч зургийг нь өндрөөр үнэлэн сандаа худалдан авч, урландаа урьж ажиллуулж байсан гэдэг өгүүлбэр л түүний ямархан авьяаслаг, ховор уран бүтээлч болохыг батлах биз. Төрд бүтээлээ үнэлүүлж, Азид авьяасаа гайхуулсан зураачийн урлангаар зочиллоо.
-Яагаад заавал дүрслэх урлагийг сонгосон бэ?
-Би дөрвөн настай байхдаа нэг машин зурж л дээ. Түүнийг цэцэрлэгийн багш маань үзээд “Ямар гоё машин зурдаг хүү вэ” гэж магтсанд урамшиж, баярлан хөөрч түүнээс хойш үргэлж л зураг зурах болсон гэсэн. Түүнийг эмээ минь анзаарч намайг дөрөвдүгээр ангид байхад Хүүхдийн ордны зургийн дугуйлангийн Энхболд багшид шавь оруулж билээ. Тэгээд л наймдугаар ангиа төгсгмөгц Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэж, дүүргээд Москва хотноо Цюриковын нэрэмжит Уран зургийн академид орсон.
-Та ямар урсгал чиглэлээр уран бүтээл туурвидаг юм бэ?
-Бэлгэдэл, симболизмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг. Сэдэв, агуулга, дүрс, өнгө, галбир, орон зайн бэлгэдэл зэрэг бүхий л бэлгэдлийг агуулдаг тул төгөлдөр бэлгэдэлтэй урлаг гэж нэрлээд байгаа.
-Монголчууд эрт цагаас бүхий л зан үйл хийхдээ бэлгэдлийг чухалчилж ирсэн. Энэ урсгалыг сонгосон тань ч үүнтэй холбоотой юу?
-Би хадны сүг зураг судалж, сонирхдог. Хадан дээр байгаа сүг зургууд бүгд ямар нэгэн бэлгэдлийг агуулж байдаг. Тиймээс сүг зураг намайг энэ урсгал чиглэлд хөтөлсөн гэж хэлж болно.
-Сүг зураг сонирхохоосоо өмнө ямар арга барилаар зурдаг байсан бэ?
-Сэдвийн бэлгэдлийг уран бүтээлдээ ашигладаг байсан. Бэлгэдлийг онцлох болсон минь Уран зургийн академийг театрын зураач мэргэжлээр төгссөнтэй холбоотой. Тайзны уран бүтээлийн зурагт жүжгийн санааг гаргахын тулд бэлгэдлийг чухалчилдаг. Зохиолчийн санааг баяжуулж, түүнийг зургаар илэрхийлэн гаргадаг тул энэ төрлийн зургийг урлагийн бүтээл биш дизайн, урлал гэж ойлгож болно.
-Урлагийн бүтээл биш гэнэ ээ. Тэгвэл жинхэнэ урлагийн бүтээл ямар байх ёстой юм бэ?
-Зураачид өөрийг нь тойрон хүрээлж байгаа сүнслэг орчин, эрчим хүчний санааг дамжуулж цааснаа буулгадаг. Тэр сүнслэг эрчим хүч зураачийн биед бууж санаагаа дамжуулж байгаа агшинг онгод орох гэж нэрлэдэг. Тэр онгодоор хөглөгдөн зурсан зургийг л уран зураг гэнэ дээ. Урлаг гэдэг бол тэнгэрлэг эрчим хүчний илэрхийлэл юм.
Бөө, удганууд бөөлж байх үед биед нь онгод бууж, огт өөр хүний дүрд хувирчих шиг болдог шүү дээ. Яг л түүн шиг зураачийн онгод орсон үед биед нь огт өөр эрчим хүч бууж, уран бүтээлийнх нь санааг өгдөг гэсэн үг. Харин тэр санааг хэр чадварлаг буулгаж байгаагаас зургийн сайн эсвэл муу болох нь шалтгаалдаг.
-Уран бүтээлчид өөрсдийн үзэл бодлоо, тухайн агшинд төрсөн сэтгэгдлээ цааснаа буулгадаг гэж ярьдаг шүү дээ. Гэтэл таны уран бүтээлүүд санаанаас тань төрөөгүй байх нь ээ?
-Зураачид өөрийн санаа гэж эндүүрдгээс тэгж ярьдаг юм. Тэд толгойд буусан санаа нь сүнслэг эрчим хүчнийх гэдгийг өөрсдөө ч анзаардаггүй. Гэхдээ тэгж ярьж байгаа хүмүүс дунд үнэхээр өөрсдийн санаагаар зурсан уран бүтээлчид ч бий. Харин тэдний зургийг урлаг гэж хэлж болохгүй. Урлал эсвэл дизайн л гэх болов уу. Нэг ёсондоо тэд уран бүтээл туурвиж байхдаа огт сэтгэл гаргахгүй байна гэсэн үг.
Эрдэмтдэд шинэ нээлтийн санаа гэнэтхэн төрсөн тухай түүх олон бий шүү дээ. Тэр чинь л сүнслэг эрчим хүч тэр хүнийг сонгож санаагаа дамжуулж буйн бодит жишээ. Мэдээж аливаа нээлтийг зөвхөн сүнслэг эрчим хүчний үр дүн гэвэл хэт өрөөсгөл болно. Тухайн эрдэмтний мэдлэг оюун ухаан боловсролоос гадна сүнслэг эрчим хүч нээлт хийхэд нь тус болж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр сүнслэг эрчим хүч санаагаа дамжуулах хүнээ эрдэм чадал, мэдлэгийг нь харгалзан сонгодог.
-Тэгвэл уран бүтээлчдийг ч сүнслэг эрчим хүч өөрөө сонгодог байх нь ээ?
-Өөрийнх нь гаргах гэж байгаа санааг илэрхийлэх чадвартай эсэхийг нь харгалзан үзэж байж сонгодог.
-Таны онгод, санаа хэдийд орж ирдэг вэ?
-Санаа хаана ч, хэзээ ч хамаагүй төрж л байдаг юм. Заримдаа бүр төрөхгүй байх нь ч бий.
-Тэр үед нь хүчээр төрүүлэх үү?
-Хүчээр биш ээ. Бийр, будгаа бариад суухад анхаарал төвлөрч, орчны эрчим хүчийг илүүтэй мэдэрдэг юм. Тиймээс санаа төрөхгүй байгаа үед цэг тавих, эсвэл ямар нэгэн амьтан зурах зэргээс сэдэл төрүүлдэг. Энэ үед зөвхөн уран бүтээлд анхаарал төвлөрдөг тул орчноо, сүнслэг эрчим хүчийг илүү сайн мэдэрдэг.
-Сүнслэг эрчим хүчний санааг дэлхий нийтэд хэр хүлээж авдаг юм бэ?
-Тэр бүр хүмүүс энэ тухай ярьдаггүй л дээ. Н.К.Рерихийн бүтээлийг эерэг эрчим хүч ихтэй, анагаах увидастай гэж ярьдаг шүү дээ. Энэ талаарх судалгаа ч бий. Америкийн эрдэмтэд түүний бүтээлийг эмнэлгийн нэг өрөөнд байрлуулж туршиж л дээ. Тэгтэл Н.К.Рерихийн зургийг байрлуулсан өрөөнд хэвтэж эмчлүүлсэн өвчтнүүд бусад өрөөнд хэвтэгсдээс илүү түргэн эдгэж байсан гэдэг. Уран бүтээлд шингэсэн тэр эрчим хүч бол өнөөх сүнслэг эрчим хүч байгаа юм.
-Тэгвэл үзэгчид зургийг ойлгохгүй байна гэдэг тухайн эрчим хүчийг мэдрэхгүй байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ ямар ч хүн зургийг зэрвэсхэн хараад ойлгож, мэдэрч чаддаггүй. Түүнийг анхааралтай удаан харж, харилцаа үүсгэх тусам эрчим хүчийг нь ойлгодог. Тодорхойгүй шалтгаанаар тухайн зурганд татагдаж байна гэдэг эрчим хүчийг нь хүлээн авч байгаа гэсэн үг.
-Зохиолчид голдуу оройн цагаар уран бүтээл туурвидаг. Харин таны хувьд…
-Би бас голдуу оройн цагаар зургаа зурдаг. Тэр үед тайван, анхаарлаа төвлөрүүлэхэд илүү дөхөм байдаг юм. Тэр үед лаагаар л хань хийдэг дээ.
-Яагаад заавал лаагаар хань хийдэг юм бэ?
-Зураг бүхэн өөрийн эрчим хүчтэй байдаг гэж би өмнө нь дурдсан. Хүн бүрийн эргэн тойронд сайн муу элдэв эрчим хүч хүрээлэн байдаг. Тэр эрчим хүч нь зургаа зурж байх үед дамждаг тул сөрөг эрчим хүчийг холдуулах гэж лаа асааж байгаа хэрэг. Гал гэдэг алив бүхнийг ариусгадаг шүү дээ.
-Тэгээд л таны урланд их олон лаа байсан юм байна, тийм үү?
-Их олон ч биш ээ. Том зураг зурах үед хоёр талд нь нэг нэгийг асаадаг юм. Бусад үед голчлон нэг лаа л асаадаг.
-Зураг сонирхогчид бэлэг дурсгалын дэлгүүрт байгаа гоёмсог жаазтай зургаас илүү уран бүтээлчдийн урланд нуугдсан зурагт дурладаг нь ч эрчим хүчтэй холбоотой байх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Тиймээс зураг худалдан авахдаа эрчим хүчийг нь их сайн судалж, мэдэрч байж сонгох хэрэгтэй. Орост зургаас болж олон хүний амь сүйдсэн эмгэнэлтэй явдал болсон байдаг шүү дээ. Сүмд байсан зургийн гоё сайханд нь татагдаж нэгэн хүн худалдан авсан байж л дээ. Худалдан авагч нь өөд болж, дараа нь эзэмшсэн олон хүн өвдөж, зовсон гэдэг. Хожим нь судалтал тэр зургийг өмөн үү өвчтэй зураач өөд болохын өмнөхөн зурсан байсан гэдэг.
-Зарим хүн уйгагүй хичээл зүтгэл гаргавал санй зураач болж чадна гэж үздэг. Сүнслэг энергийн онолоор бол энэ боломжгүй юү?
-Боломжтой. Дахин давтаж зурах тусам тухайн хүний анхаарал төвлөрч орчны энергийг хүлээн авах чадвар нь сайжирдаг. Тиймээс дадлага хийх тусам мэдрэмж нь сайжирна гэсэн үг.
-Та ямар бүтээлээр Төрийн соёрхолт хүртсэн бэ?
-“Мөнх тэнгэрийн эдийн чуулган” зургаараа 1995 онд хүртсэн. Чингис хааны сүнслэг эрчим хүч хүрээлэн байгаагаар зурсан юм.
-Дор нь байгаа сүг зургууд ямар учиртай вэ?
-Сүг зургийн тамга тэмдэгүүд үү. Чингис хааны байлдан дагуулалтад эртний түүх соёлын уламжлалт нөлөө байгаа гэдгийг илэрхийлсэн. Зурж байх явцдаа би юуг ч төлөвлөж чаддаггүй. Тиймээс зурж дууссаныхаа дараа энэ зураг нь тийм учиртай, тийм бэлгэдэлтэй юм байна ухаардаг.
-Тэгэхээр зурж дууссаныхаа дараа харахад огт хүний бүтээлийг дүгнэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байх нь ээ.
-Тийм ээ. Будаг нь ханхалсан зургаа хараад би өөрийн биш, бусдын бүтээлийг харж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
-Та шавь нартаа уран бүтээлч хүн юун түрүүнд ямар байх ёстой гэж сургадаг вэ?
-Уран бүтээлч хүний нэн түрүүнд мөрдөх зарчим бол хөдөлмөрч байдал. Бүтээлч болон илэрхийлэгч чадварыг хоёуланг нь эзэмшиж байж сайн зураач болдог. Бүтээлч чадвар гэдэг нь миний яриад буй эрчим хүчийг хүлээж авах чадвар, нэг ёсондоо авьяас юм. Илэрхийлэх чадвар гэдэг нь тухайн санаагаа илэрхийлэх чадвар, мэдлэг, хөдөлмөр зэргийг хэлж байгаа юм. Бүтээлч чадвар сул бол урлагийн бүтээл биш, урлал төрнө. Түүний адил дан ганц бүтээлч чадвараар уран зураг зурж болохгүй. Илэрхийлэх чадвар сул, зөвхөн бүтээлч чадвараар зурсан зургийн тод жишээ бол бага насны хүүхдүүдийн зураг.
Хэдийгээр тэрбээр “Би ямар нэгэн сэдэв дагнадаггүй. Миний хувьд тодорхойгүй нэг зүйл зурж байгаад тэр нь ямар болохоос шалтгаалан цааш нь хөгжүүлэн зурсаар бүтээлээ туурвидаг” хэмээж байсан ч урлан дахь бүтээлүүдийнх нь олонх нь байгаль, түүхийн сэдэвтэй. Магадгүй энэ нь эх орноо, байгаль дэлхийгээ хайрладгийн нэгэн илэрхийлэл биз ээ.
No comments:
Post a Comment