Monday, October 18, 2010

Улаан хивсээр халхавч хийсэн улаан булангийн ёслол


“MTV video awards”-ын Монгол хувилбар. Долоон жилийн өмнө “UBS music awards”-ыг зохион байгуулах үед үзэгчид ийм л сэтгэгдлээр хүлээн авч байсан. Үнэндээ ч видео урлагийн ертөнцийнхний ажлыг дүгнэчихдэг өөр наадам байхгүй тул ингээд хэлчихэж болмоор. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд анхдагч, цорын ганц гэсэн сүрлэг гуншингаас цааш гавихгүй болж, энэ удаад “Mongolian music video awards” хэмээн нэрээ өөрчилсөн наадам өнгөрөгч ням гаригт Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.

Үнэ цэнээ алдсан үзвэр, үзэгч нь цөөдсөн ажиллагаа

Угтаа өрнө дахинд улаан хивсний ёслол гэгч сүрлэг арга хэмжээ цар хүрээ, оролцогчид, зохион байгуулалт гээд бүхий л зүйлээрээ үзэгчдийн гайхуулдаг нүсэр арга хэмжээ болохыг монголчууд хэдийнээс мэдэх болсон. Тэр ч байтугай алдартнуудын улаан хивсний ёслолын ажиллагаанд ямар хувцсаар гоёж ирэхээс шалтгаалан ирэх улирлын загварын чиг хандлага тодорхойлогдох нь ч бий.
Харин манайхан “Улаан хивс” гэх нэр томъёоны үнэ цэнийг хэдхэн бор төгрөгөөс өгчихөж байх шиг. Урлагийн үйл ажиллагаа бүхэн л сурталчилгааны бодлого төдийхнөөр “Улаан хивсний ёслол” гэх сүржин нэртэй даржин ажиллагаа хийдэг болсон нь нууц биш. Энэ удаагийн ёслол ч тэр зарчмаас төдийлэн холдож чадсангүй. Нөгөө л улаанаа дэвсэж, нэргүй хэдэн “оддоо” алхуулах төдийхнөөр ёслолын эхлэл болсон ажиллагаа өндөрлөх нь тэр. Увж цувж ирсэн оддын дунд урдаа барьчихдаг томчууд нь ч алга. Рок попын хууччуулаас Б.Сарантуяа, С.Наран, “Никитон” хамтлагийн Б.Батчулуун гээд л жагсаалт дуусчих нь тэр. Аль эртнээс зарласан арга хэмжээнд акулууд оролцоогүй нь нэр хүнд нь унасан ёслолыг тоосонгүйнх үү, үнэхээр үүнээс илүү чухал ажил байсных уу. Ямартай ч рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй “Л гуардс”, “Мотив”, “Hotspot” зэрэг шинэковууд голдуу харагдав.
Үзэгч нь цөөдсөн арга хэмжээ болсон гэвэл зохион байгуулагчид багагүй бухимдаж, мэтгэх биз. Үнэндээ цагаасаа жаахан хожимдоод очиход ч тасалбар нь зарагдаж дуусаагүй байсан нь энэ удаагийн арга эрэлт муутай байсныг гэрчилнэ. Зэрвэсхэн харвал танхим дүүрэн үзэгчтэй харагдах хэдий ч тэдний олонх нь шалгаруулалтад оролцогчид, нэр дэвшигчид болон тэдний ойр дотнынхон байсан учир ийн дүгнэхэд буруудахгүй.

Ивээн тэтгэгчдэд “бурантаглуулсан” наадам

“UFC үзүүлж байна…” гэсэн сурталчилгаа бараг зүүдэнд ортол телевизийн хөтөлбөрүүдийн дундуур цацагдсан. Үнэндээ ч сурталчилгаа, маркетингаасаа эхлээд л зохион байгуулалт тааруухан үйл ажиллагаа болох нь ажиглагдаж байсныг нуух юун. Тиймдээ ч үзэгчдийн суудал дүүрээгүй биз.
Наадмын номинаци бүрээ байгууллагуудад худалдчихсан “Mongolian music awards” эхлэлээс эцсээ хүртэл сурталчилгаа, пиараар үзэгчдийг залхаасан. Шагнал гардуулах хүндтэй үүрэг хүлээсэн хүн бүрт тус номинацийг ивээн тэтгэсэн байгууллагын төлөөлөгчийг дагалдуулах мэргэн санааг “Mongolian music” продакшныхан олчихож. Компанийн менежерүүд ч яах вэ олдсон завшааныг ашиглан бараан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахад дадчихсан хүмүүс. Тэднийг үзэгчдийн үнэт цагаас хумслан хүсээгүй мэдээлэл хүчээр өгч байгааг уучлан хэлтрүүлье гэтэл хөтлөгчид, тэр ч бүү хэл шагнал гардсан уран бүтээлчид ч сурталчилгаа, пиарыг сурамгай гэгч нь хийж байгааг яалтай билээ.

Шоу бизнесийг содноор шинжихүй

Шоу бизнес Монголд эрчээ авч байгаа өнөө цагт үзэгчдийг хэрхэн хөгжөөх, гэнэтийн бэлэг барих аргад найруулагчид мэргэшиж байгаа гэж хэлж болно. Харин энэ удаагийн арга хэмжээ үнэ цэнэ, үзэгчдийг үл хүндэлсэн гээд аль ч талаараа шоубизнес гэх ангилалд багтаж чадахааргүй болов.
“Хар сарнай” хамтлагийн С.Амармандах, “Никитон”-ы Б.Батчулуун гэх үеэ өнгөрөөсөн дуучдын үзэгдэхээ больсон үзүүлбэр, нэрнээс цаашгүй уран бүтээлчдийн нийтэд хүрээгүй дуунууд, тайзны соёл, үзэгчидтэй харилцаа үүсгэх тал дээр туршлага дутмаг хамтлаг, дуучид гээд л сумын улаан буланд л тохирмоор тоглолтуудыг нь рок попын гал тогоо эзгүйрснийг гэж зөвтгөж болох юм.
Үнэндээ үзэж харах зүйл хомс ёслол болсон нь үзэгчдийн алга ташилтаас л анзаарагдаж байлаа.

Энэ үдшийн сор нь бүсгүйчүүд

“Эмоушн”-ы бүсгүйчүүд энэ үдшийн тоглолтуудын сор нь болсон. “Санахын аялгуу” дуугаа ам барилгүй дуулж, хоолойн цараагаа гайхуулсан тэд тайзны соёл гэж ямар зүйл байдгийг залууст заагаад өгчих шиг л болов.
Түүнчлэн “Сонирхогчдын шилдэг клип” номинацийн тэргүүн байрыг н.Цагаадай нэрээр уран бүтээлээ илгээсэн охин эзэлсэн нь энэ үдшийн бас нэгэн чимэг байв. Шагнал хүртсэн клип хийгчид байтугай нэр дэвшигчдийн дунд ч эмэгтэй уран бүтээлч байгаагүйгээр. Үнэхээр ч зураглаач, эвлүүлэгч мэргэжлээр, компьютер графикийн салбарт эмэгтэйчүүд цөөн байдаг тул энэ номинацийн шагналыг гардуулах мөч үзэгчдийн анхаарлыг эрхгүй татаж байв.

Энэ жилийн ололт

2009 оны шагнал гардуулах ажиллагааг “Киви” хамтлагийн бүсгүйчүүдээр хөтлүүлсэн нь үзэгчдийн таашаалд төдийлэн нийцээгүй тул энэ удаад тэд мэргэжлийнхнийг сонгосон байв. Алдаанаасаа суралцаж, мэргэжлийн уран бүтээлчдийн чадварыг илүүд үзэж, үнэлсэн нь энэ жилийн арга хэмжээний бас нэгэн ололт хэмээн дүгнэж болно.
Үнэхээр ч тэднийг нүдээ олсон шийдвэр гаргасан гэсэн шиг хөтлөгчид үзэгчдийг уйдаалгүй, гэнэтийн мэдээнд сандран ээрч будилсан нэгнийг нь эвлэгхэн хөтлөөд явж байсныг энд дурдах нь зүйтэй.

Үнэн үг хэлсэн хүнд ноён, үхэр унасан хүнд нохой өстэй

Өнгөрсөн жилийн ёслол үзэгч, шүүмжлэгчдийн хэлийг загтнуулж, үзгийг амраагаагүй нь “Mongolian music” продакшныханд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулсан бололтой. Хатуухан шүүмжлэлд хариу барих гэсэндээ энэ жил харуул, хамгаалалтдаа илүүтэй анхаарал хандуулсан нь илт. Арваадхан хоногийн өмнө ёслолын ажиллагаагаа сурталчлуулах гэж сэтгүүлчдийн наана, цаана гүйж байсан менежерүүд нь гэнэтхэн л нүүрээ бууруулж, мандат, урилга өгөх нь байтугай гэрэл зургийн сурвалжлагчдыг танхимд оруулахаас татгалзаж, тас хорьж байх юм.




Шилдэг санаа:
“Жонон” хамтлаг - “Тань руу нүүж явна” (“SITSA” продакшн)
Шилдэг продюссер:
Б.Ангирмаа
Шилдэг найруулагч:
Б.Баатар - “Гурван охин” хамтлагийн “Дачих уу”, Д. Болдын “Нам гүм дундаас” (“Херо” энтертайнмент)
Шилдэг зураач:
Т.Аянга - “Парисын дарь эхийн сүм”( “А Плас” студи)
Шилдэг зураглаач:
Н.Болор - “Киви” хамтлаг “Яагаад” (“Лемон” продакшн)
Шилдэг график, эвлүүлэг:
Д.Болд - “Нам гүм дундаас” (“Херо” энтертайнмент)
Шилдэг дебют:
Т.Эгшиглэн, Б.Одбаяр -“Яг одоо яамаар байна” (“Кросс” энимешн)
Шилдэг имиж бүрдүүлэлт:
“Киви” хамтлаг - “Өөрийгөө мэдэх үү”
Шилдэг дүр бүтээлт:
Э.Энхзол, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Уянга - “Би эр хүнд хайртай” (“Хувьсал” продакшн)
Транс, электро уран бүтээлчдийн шилдэг клип:
Астро - “1001 шөнөөр” (“Лизард” студи)
Олны таашаалд нийцсэн шилдэг клип:
“Мотив” хамтлаг - “Чамдаа” (“Лорд” студи)
Сонирхогчдын шилдэг клип:
Цагаадай -“Сүүлчийн захидал”
Поп, RnB хамтлаг дуучдын шилдэг клип:
Д.Болд - “Нам гүм дундаас” (“Херо” энтертайнмент)
Хип хоп, RnB хамтлаг дуучдын шилдэг клип:
Н.Цэцэнбилэг - “Diss to 76” (“ТиЖи” энтертайнмент)
Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип:
“Лемонс” хамтлаг - “Ядаргаа” (“Саспенс трансмишнс” студи)

No comments:

Post a Comment