Яагаад ч юм найруулагч гэхээр л хөмсөг зангидсан, ширүүн харцтай хүний дүр нүдэнд буудаг. Тэр ч яах вэ мэргэжлийн онцлогтой нь холбоотой биз. Харин Б.Баатар найруулагч төсөөлж байснаас минь тэс өөр хүн байсан. Би түүнтэй Д.Батсүх, Б.Амархүү нарын “Би чамд итгэдэг”
дууны клипний зургийг авч байх үеэр танилцаж байлаа. Дуучин Б.Амархүүгээс яриа авахаар очтол Б.Баатар найруулагч “Цаадах чинь их ааш муутай шүү. Таалагдахгүй асуулт тавьбал тасхийтэл алгадаад авчихаж ч мэднэ” хэмээн хошигнож билээ. Яг л анх төрүүлсэн сэтгэгдэл шигээ энгийн, эртний танил шиг дотно гэртээ тэр биднийг урьсан юм.
Харамсалтай нь гэрийн эзэгтэй Ч.Ундрал биднийг очиход байсангүй. УДЭТ-ын маркетингийн албыг хариуцан аваад удаагүй байгаа тэрбээр “Саран хөхөө” жүжгийн нээлтэд оролцох гээд зав зай муутай явсан аж.
-Хэдийнээс клип хийж эхэлсэн бэ?
-Уг нь би хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй хүн. Хүүхэлдэйн киноны “Боролдой” студид зураачаар ажилладаг байлаа. Хүмүүс загалмайлсан эцэг гэж ярьдаг даа. Намайг урлагт хөтөлж, загалмайлсан хүн бол “Боролдой”-н С.Мягмар ах. Хамгийн анх дуучин Э.Минжинсорын “Хүүхэлдэй” дууны клипийг хийж байлаа. Мөн “Хар тас” хамтлагийн “Бүрхэг тэнгэр” клипийг хийхэд оролцож байв. Тухайн үед видео хэмээх урлаг манайд дөнгөж л хөгжиж байсан.
-Боролдой студид байхдаа ямар хүүхэлдэйн киноны зураачаар ажилласан бэ?
-“32 модон хүний үлгэр”, “Барын хүү бамбар” зэрэг цуврал хүүхэлдэйн киноны зургийг зурсан.
-Тэгэхээр та анх зураач байснаа удалгүй зураглаач болж, одоо найруулагчийн ажил хийж байгаа байх нь ээ?
-Ерөнхийдөө энэ гурван ажил хоорондоо их төстэй. Дүрслэх урлаг гэдэг сэтгэлгээний урлаг учир найруулагчийн ажилд их дөхөм. Өөрийгөө бүтээлээрээ илэрхийлэх техник нь адилхан учир нэр хүндтэй найруулагчдын олонх нь зураач, эсвэл жүжигчин мэргэжилтэй байдаг.
Гэхдээ би өөрийгөө найруулагч болчихсон гэж боддоггүй. Энэ ажлыг чадан ядан хийж л сууна. Найруулагч гэдэг агуу үг. Найруулагч гэж дуудуулах түвшинд хүрсэн үү, үгүй юү гэдэг ч хялбар шийдэх асуудал биш.
-Найруулагч хүн тал бүрийн мэдлэгтэй байх ёстой юу?
-Үгүй, би тэгж бодохгүй байна. Мэдлэгтэй биш, мэдрэмж сайтай байх ёстой. Гайхмаар авьяастай байх ч албагүй болов уу. Харин гайхамшигтай авьяастай хүмүүсийг нэгтгэж чаддаг байх ёстой. Сайн зураач, сайн зураглаач, сайн эвлүүлэгч гээд энэ салбарын бүхий л сайчуулыг олж, нэгтгэж, нэг баг болгож байж л сайн бүтээл төрнө. Нөгөөтэйгүүр найруулагчийн гүн ухаан кинонд тусгагддаг тул тун хариуцлагатай ажил. Гэхдээ гүн ухаан гэхээр л сюрреализм гэх мэт бодит амьдралаас ангид зүйл өгүүлээд байж болохгүй л дээ. Амьдралаас хол хөндий, далд агуулгатай байх тусам үзэгчид бүтээлийг нь хүлээн авахдаа их ядардаг. Тиймээс уран бүтээл нь их энгийн байх хэрэгтэй. Аливаа зүйл энгийн байх тусмаа сонирхолтой болдог. Би энгийн зүйлийг урнаар өгүүлэх нь их том урлаг гэж боддог.
-Таны зургийн цомогт гадаадын орнуудаар аялсан зураг их олон юм. Аялал таны хообий юу?
-“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Аялал гэдэг их том сургууль. Сониноос уншихад төрөх мэдрэмж очиж үзэхэд төрдөгөөс тэс өөр байдаг. Мөн аялал олон хүнтэй уулзаж, тэднээс эрч хүч, шинэ уран бүтээл хийх урам авах боломж олгодог.
Хэдийгээр дэлхий их уудам, том юм шиг боловч Холливуд тийм хол биш л байхгүй юу. Хэрэв бид хийе, бүтээе гэж хүсвэл Холливудад өрсөлдөх боломж байна. Харин манайхан хэзээ ч бүтэхгүй зүйл юм шиг санаж хичээх нь байтугай оролддог ч үгүй. Тэр л бидний алдаа юм.
-Загас барихад юунд нь дурладаг юм бэ? (Тэр зургийн цомгоо үзүүлж байхдаа нэгэн цагт загас барих хообийтой байснаа сонирхуулсан юм)
-Урлагийн хүн тэр дундаа найруулагч юм юм үзэх ёстой юм шиг санагддаг. Тэгээд нэг хэсэг Чука ахтай хамт загасчлахаар явдаг байлаа. Загас барихын тулд хоёр ч амьтны амийг таслах нь энэрэнгүй бус санагдсан учир энэ хообийгоо орхисон. Гэхдээ яг дэгээнд загас орох үеийн мэдрэмжл хамгийн сайхан нь. “Чи үлдэх үү, би ялах уу” гээд уургаа татаж байх үед юун нөгөө энэрэнгүй үзэл, амьтны амь тасалж болохгүй гэж бодохтой манатай болдог юм билээ. Ан хийхэд ч мөн ялгаагүй.
“Амьтны амь тасалчих вий дээ” гэж ярьж явсан атал амьтан гараад ирэх үед эр хүн шууд л буугаа шүүрч, гохоо дарсан даруйд өөрийн эрхгүй оносон байгаасай гэж бодогддог. Гэхдээ буудчихсаныхаа дараа амь тавьж байгаа амьтны хараад “Би юу хийчих вэ” гэх бодол төрнө. Надад цөөнгүй удаа тэгж бодогдсон учир дахин ан хийнэ гэж бодохгүй байна.
-Спортоор хичээллэдэг үү?
-Хүндийг өргөлт, боксоор хичээллэдэг байсан. Гэхдээ би спортод хөл тавьсан цагаасаа л өөрийнхөө авьяасгүй гэдгийг мэдэрдэг байлаа. Спортын авьяас гэдэг генээр удамшдаг шиг байгаа юм. Гэтэл манай удамд ч спортод гарамгай хүн байхгүй. Үеийн хүүхдүүд боксын тэмцээнд ороод алт, мөнгө, хүрэл медаль авч байхад би эхний тойрогт толгойгоо хөдөлгөж байх жишээтэй.
Гэхдээ тэвчээр, хатуужлыг суралцдаг болохоор эрэгтэй хүн спортоор хичээллэх хэрэгтэй. Намайг хүндийг өргөлтийн спортод хөтөлж, анх дасгалжуулсан хүргэн ах Ундрах, мөн Бокс цааж байсан Цацаа ахдаа их баярладаг. Намайг хатуужуулж, спортоор хүмүүжүүлсэн нь миний өдий зэрэгтэй яваад их тус нэмэр болсон. Ер нь эр хүн бүр хат суусан байх ёстой. Тиймээс ч надад эр хүн бүр цэрэгт явах ёстой гэсэн Солонгосын хууль зүгээр санагддаг юм. Цэрэгт явснаар эх оронч сэтгэлгээ төлөвшиж, хатуужилтай, тэсвэр тэвчээртэй жинхэнэ эр хүн болдог.
-Спорт, зураг, клип, кино гээд бүхий л салбарт хүч сориод амжсан байх нь ээ?
-Үгүй дээ. Спортоор хичээллэж байхдаа би авьяасгүй гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг байсан. Тиймээс амжилт гаргаж тамирчин болох гэж спортоор хичээллэдэг байгаагүй. Харин зураг зурахад авьяастай гэдгээ мэдэрдэг байсан. Түүнээс биш салбар салбарт хүч сорьсон хэрэг биш.
Гэхдээ багш маань бидэнд “Хүнд эвсэл, хөдөлмөр, хувь заяа гэсэн гурван зүйл зэрэг байсан тохиолдолд амжилтад хүрдэг” гэж сургадаг байсан. Эвсэл гэдэг зүйлийг аав, ээж маань надад жаахан ч гэсэн заяасанд би их баярладаг. Гэхдээ эвсэлтэй мөртлөө аз завшаан тохиолдоогүй бол бас хэцүү. Өмнөговьд малчин айлд төрчихсөн бол миний энэ эвсэл хэнд ч хэрэггүй болно. Надад урлагт хөл тавих завшаан “Тахиа” гэдэг нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Долгорсүрэн эгчийн нэвтрүүлэгт оролцох үеэр тохиосон юм. Тухайн үед намайг Мөрөн гэдэг эгч олж хараад, тэндээс улбаалаад би хүүхэлдэйн киноны салбарт орсон юм. Тэгээгүй байсан бол би өдийд урт үстэй зураач л байх байсан биз. Тиймээс Долгорсүрэн, Мөрөн эгч нартаа их баярлаж явдаг.
“Боролдой” студид зураачаар ажиллаж байх үед С.Мягмар ах намайг “Энэ залууг найруулагч болгоно оо” гэдэг байж билээ. Тухайн үед өөрийгөө их гайгүй зураач гэж тоодог байсан би тэр үгэнд нь их гомдоно. Саяхнаас л найруулагч гэдэг үнэхээр миний хийх ажил байж дээ гэдгийг ойлгож Мягмар ахад их баярлах болсон.
Мөн Балжинням найруулагчид их баярладаг. “Би чамд хайртай” гэх агуу киноны II ангийг хийх боломж олдоно гэдэг их аз. “Татар ажиллагаа” кинонд “Аз бол амьдрал гэдэг тестийг зөв бөглөсний бонус” гэж хэлдэг. Энэ текстийг манай дүү зохиосон л доо. Бодоод байхад их зөв үг шиг байгаа юм. Зөв явж, зөв амьдарвал түүний чинь бонус нь аз байх болно. Харин бусдыг гомдоож, муу зүйл хийвэл аз харина. Манай киноны ерөнхий санаа ч энэ.
-Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Уран бүтээл хийж байгаад л… Дуучин Оюунбилэгийн клипэнд Ундраа тоглох үед бид анх танилцаж байлаа. Анх хараад ямар муухай их зантай охин бэ гэж бодож билээ. Энэ хүний нөхөр болох тухай бодол огт төрөөгүй. Гэхдээ бас таалагдсан л даа. Удалгүй татагдаж, үерхээд, тэгээд л суусан даа.
-Үерхэж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн байна вэ?
-Арваад жил болж байна. Саяхан амьдралын минь утга учир болсон хөөрхөн хүүтэй боллоо. Миний амьдралдаа туурвисан хамгийн гайхамшигтай уран бүтээл.
-Хүүгээ төрж байх үед юу бодогдож байв?
-Би дэргэд нь хамт байсан. Хэдийгээр өмнө нь ажлын шаардлагаар, уран бүтээл хийхээр төрөх үйл явцыг харж байсан боловч өөрийн эхнэр амаржиж, хүүхэд төрнө гэдэг амаргүй юм билээ. Уйлмаар санагдаж байсан. Хожим нь ч гэсэн хүүгээ жаахан уйлагнаад л бие нь өвдчихөөр орилмоор санагдаад л шуугиан дэгдээнэ шүү дээ.
Хүүгээ төрөх үед л эмч нарын зовлон жаргалыг ойлгосон. Хүү маань жаахан хүндрэлтэй төрсөн юм. Тэр үед эмч шиг муухай хүн байхгүй, цохиод авмаар санагдаж байсан хэрнээ хүүгээ төрсний дараа эмч шиг сайхан бурханлиг хүн байхгүй мэт бодогдсон. Эмээ маань эмч хүн байсан. Надад ч эмч болно гэж бодогддог байсан үе бий.
“Аз бол амьдрал гэдэг тестийг зөв бөглөсний бонус юм”. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулаад байгаа “Татар ажиллагаа” киноны гол дүрүүдийн нэг болох Тулгын хэлсэн эл өгүүлбэрээр ярилцлагаа гарчигламаар санагдсан. Хэдийгээр энэ дүүгийнх нь бодож олсон мэргэн үг боловч Б.Баатар найруулагчийн баримталдаг зарчим, үзэл бодлын нэг гэдэг бодол ярилцлагын үеэр төрж байлаа.
No comments:
Post a Comment