Saturday, October 30, 2010

Т.Хангэрэл: Хэнд ч хэрэггүй ярилцлага нийтлүүлж, сонины хуудас бөглөхийг хүсдэггүй


“Намрын налгар өдрүүдийн сүүл мушгих эл гэгээн өдөр эрхэм уншигч авхай таны амар мэндийг эрье”. “Номин талст” хамтлагаар овоглосон дөрвөн залуугийн нэг болох Хаазаа буюу Т.Хангэрэл сэтгүүлч байсан бол ийм өгүүлбэрээр нийтлэлээ эхлүүлэх байсан даа. Тэр багагүй цааргалж, сар гаруй “гуйлгасны” эцэст арайхийн ярилцлага өгөхийг зөвшөөрөхдөө “Одоохондоо ярьж сонирхуулах зүйл хийж бүтээгээгүй байгаа тул юугаа ч ярихав дээ. Нэгэнт уулзахаар тохирч байгаа юм чинь их сайхан, уншигчдад өгөөжтэй ярилцлага хийе” гэж хэлснээс үндэслэн тийм бодол төрсөн юм. Тэрбээр уулзангуутаа л өөрийгөө “Хангэрэл” хэмээн танилцуулж, “Хүмүүс нэрийг минь тэр бүр мэддэггүй юм. Хаазаа гэдгээр нь илүү сайн таньдаг” хэмээн тайлбарлалаа.
-Хэдийнээс Хаазаа гэдэг нэртэй болсон юм бэ?
-Яг хэдийд гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л ийм нэртэй болчихсон байсан.
-Гэрийнхэн тань тэгж авгайлдаг байсан юм уу? -Үгүй ээ. Хамтлагтаа орсны дараа л ийм нэртэй болсон. Нэг ёсондоо тайзны нэр юм.
-Хаазаа сүүлийн үед ямар ажил хийгээд явна вэ? -Хувиараа бизнес эрхэлж байна. Яг одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй байгаа тул дэлгэрэнгүй тоочоод яах вэ. Хийж бүтээснийхээ дараа түүнийгээ тайлагнах сайхан шүү дээ. Ингэхэд бид хоёрын ярилцлага ямар буланд орох бол, хоёулаа яг юун тухай ярих вэ?
-Амралтын өдрийн дугаарт “Бямбын ярилцлага” буланд орох тул хоёулаа элдэв сэдэвт баригдалтай чөлөөтэй ярилцвал болох уу? -Амралтын өдрийн өглөө тайван унтаж амарчихаад, 09.00 цагийн үед босоод цай ууж суух зуураа бидний ярилцлагыг унших юм байна. Тэгвэл хоёулаа гэгээлэг зүйлийн тухай ярилцъя. Манайхан хотын утаа, машины түгжрэл гэх мэт таагүй мэдээ, нийтлэл хангалттай уншиж байгаа. Амралтын өдрөөр нь харин нэг ч гэсэн гэрэл гэгээтэй нийтлэл хүргэсэн нь дээр болов уу.
-Өнөөдөр ямар ажил амжуулав даа? -Би ойрд спортоор хичээллээд байгаа юм. Тэгээд өглөө дасгалаа хийчихээд хоёр гурван хүнтэй уулзаж, ажлаа амжуулчихсан.

Би уг нь түүнийг үд өнгөртөл гэрээс гарахгүй дээ гэж таамаглаж байсан юм. Биднийг уулзахын өмнөх орой Багануурт ажлаар явж байсан бөгөөд үүрээр наашаа гарсан байсан юм. Гэтэл өглөөний хурал дуусахтай зэрэгцэн утас хангинаж, тэрбээр товлосон цаг хэдийнэ болчихсоныг сануулсан юм.
-Ер нь ажлын ачаалал хэр их байна вэ? -Харьцангуй бага. Өдөрт товлосон ганц хоёр ажлаа амжуулаад л болчихдог.
-Ажлаа дуусгачихаад ихэвчлэн юу хийдэг вэ? -Гэртээ харина. Гэртээ хариад сайхан хоол унд хийж иддэг. Би сүүлийн үед хоол хийх их дуртай болоод байгаа. Телевизийн сувгуудаар ч хоолны тухай нэвтрүүлэг их гардаг болж. Тэднийг харж байгаад л гэрийнхээ хоолны онцлогт тохируулан жорыг нь жаахан өөрчлөөд туршиж үзнэ дээ. Заримдаа ч зутан шиг заваан юм болох нь бий.
Нэг хэсэг би коктейль хийхийг их сонирхсон. Тэгээд л таамаглаж байгаад л хэдэн уух юм хольж, хутгаад л сэгсэрч үзээд байв. Нэг их амжилт олохгүй болохоор нь коктейльний тухай ном аваад унштал хийх арга барил, жор гээд л миний туршиж байснаас тэс өөр зүйл байдаг байгаа. Мэргэжлийн барменууд миний коктейль хийж байхыг харсан бол элэг нь хөших байсан биз. Одоо бол ойр зуурын коктейль хийчихдэг болсон.

Тэр бодож байснаас, миний уулзаж, ярилцаж байсан урлагийнхнаас ч энгийн хүн. Тиймдээ ч хоол хийх дуртайгаа хуучлангаа “Чи дараа зав гарвал манайхаар ирээрэй. Хоол унд хийлгэж идээд сайхан зочуулаарай” хэмээн хэзээний танил шиг урьсан юм. -“Номин талст”-ынханд дахин уран бүтээл хийх төлөвлөгөө бий юү? -Нэлээд дээхнэ бид “Номин талст”-ын хэв маяг шингэсэн дор хаяж хоёр, гурван уран бүтээл хийе гэж ярилцсан. Гэхдээ яг хэдийд хийх талаар цаг хугацаа товлоогүй байна.
Эргээд бодоход өнгөрсөн 13 жилийн хугацаанд бид зүгээр суугаагүй, бас ч гэж бусдад чамлагдахаар бага зүйл хийгээгүй юм уу даа гэсэн бодол төрдөг. “Номин талст” хамтлагийн сонсогчид бид дөрөвтэй зэрэгцээд л нас ахиж байгаа боловч уран бүтээл огт хөгширдөггүй юм шиг санагдсан. Бидний 17 настай хөвгүүний хоолойгоор дуулж байсан бүтээл тэр хэвээр сонсогчдын сэтгэлд хоногшиж, тухайн үеийн дурсамжийг нь шингээж үлддэг. Дуу гэдэг тийм агуу зүйл. Миний бодлоор “Номин талст” хамтлагийн хувьд хийх зүйлсээ хийсэн. Тиймээс одоо зөвхөн сонирхлоороо ганц нэг дуу гаргах болов уу. Зарим хүн хамтлаг гэхээр л насаараа хамт байж, урлагт зүтгэх юм шиг санадаг. Харин би энэ ойлголттой санал нийлдэггүй.
-Та яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ? -Би тэгж шийдээгүй шүү дээ.
-Тэгвэл санамсаргүй урлагт хөл тавьсан хэрэг үү? -Санамсаргүй ч биш л дээ. Одоо ч би урлагийн хүн болно гэсэн шийдвэр гаргаагүй байгаа. Би чинь тэс өөр мэргэжилтэй хүн шүү дээ. Манай гурав харин мэргэжлийн уран бүтээлчид.
-Тэгээд яаж “Номин талст” хамтлагт гишүүнээр орчихсон юм бэ? -Тэр тухай ярина гэвэл “Хүүхдийн зусланд хамтлагийнхантайгаа танилцаж байлаа” гээд нөгөө л улиг болсон түүхээ эргэн сөхнө шүү дээ. Тухайн үед “New Kids On The Block”, “Backstreet boys”, “Take That” гээд л хөвгүүдийн хамтлаг ид моодонд орж байлаа. Тэдний хараад л гэгэлзэж, хамтлаг байгуулахаар шийдсэн хэрэг. Хүүхдийн оргилуун үе байдаг даа. 16, 17 настай бид яг л тийм байсан үе. Элдвийг мөрөөдөөд л, тэдэн шиг болж, амжилтад хүрэхсэн гэсэндээ дуулж эхэлсэн юм. Тэр мөрөөдлөө ч биелүүлсэн.
Би тавдугаар арван жилийг төгссөн. Манай ангийнхан дуу хөгжимд их сонирхолтой хүүхдүүд байлаа. Анги даасан багш Батцэнгэл маань залуу хүн байсан болохоор бидэнд их нөлөөлсөн байх. Сургуулийнхаа цахилгаан хөгжмийг тоглож, урлагийн элдэв арга хэмжээнд оролцож, явсаар хамтлагийнхаа гуравтай танилцаж, гишүүнээр орсон доо.
-Та ямар мэргэжил эзэмшсэн юм бэ? -Хамтлаг байгуулах үед би төгсөх ангид байсан. Сургууль төгссөн эхний жилүүдэд мэргэжил эзэмших талаар огт боддоггүй байв. Удалгүй хүн ямар нэгэн мэргэжил зайлшгүй эзэмших шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеэр манай хамтлагийнхан Санхүү эдийн засгийн дээд сургуулиас урилга ирж, бидний зарим нь банк, санхүүгийн мэргэжлээр тус сургуулийг төгсөж байлаа.
Гэхдээ мэргэжил эзэмшинэ гэдэг түүнийгээ бусдад гайхуулахын тулд, эсвэл диплом өвөрлөхийн тулд биш гэдгийг залуус маань ойлгоосой гэсэн бодол төрдөг. Санхүүгийн хувьд гэхэд л айл өрх бүр л өөрийн гэсэн төсөвтэй. Түүнийг барьж, зарцуулан, хянаж байдаг нэг санхүүч айл бүрт байдаг шүү дээ. Түүний адил ямар ч уран бүтээлчид санхүүгийн анхан шатны мэдлэгтэй байх шаардлага тулгардаг. Цомог гаргах боллоо гэхэд л түүнд зарцуулах хөрөнгө мөнгө, болон олсон орлогоо тооцох гээд л санхүүгийн асуудалд өөрийн эрхгүй оролцох болдог. Тиймээс бидэнд багагүй туршлага байсан учир сурахад илүү дөхөм байлаа. Эрдмийн зэрэг горилох ажлаа ч тэр туршлагатаа үндэслэн бичиж байлаа.

Цонхоор ширтэн бодлогоширч, үгээ зөөн ярьж суусан Хаазаа гэнэтхэн “Би их азтай хүн” гэх нь тэр. Гэнэтийн энэ яриа нь анхаарлыг минь татаж би “Яагаад?” гэсэн асуултаар ярилцлага үргэлжлүүллээ.
-Бодоод байх нь ээ би өөрийгөө их азтай хүн гэж дүгнэдэг. Аз хэмээн хэвлэлээр дамжуулан зарлах гэсэндээ биш л дээ. Надад тийм л бодол төрдөг. Би 11 настай байхдаа Япон руу тэмцээнд оролцохоор явж байлаа.
-Юуны тэмцээнд? -Бейсболлын. Би бейсболлоор хичээллэдэг байсан. Гэтэл аз таарч Японд болох тэмцээнд оролцох боломж олдсон юм. Тэгээд хожим нь “Номин талст” хамтлагтаа орсон. Одоо сайхан ханьтай, үр хүүхэдтэй болчихоод, аав, ээж минь эсэн мэнд элэг бүтэн сайхан амьдарч байна.
-Та хувь заяанд итгэдэг юм аа даа? -Итгэдэг. Хүн бүр тэр байтугай аливаа биет хувь заяатай гэж бодогддог. Хэдийгээр чи араас дахин дахин залгаж, бид хоёр уулзан, ингээд ярилцаж суугаа боловч энэ ч бас хувь заяаных болов уу. Би сүүлийн үед шашин шүтдэг болоод байгаа.
-Яагаад тэр вэ? -Тэр талаар их судалж, унших болсон. Тэгээд л тэр.
-Үр хүүхэд гэснээс охин тань хэдэн настай вэ? -Охин маань ой дөрвөн сартай. Нэг их ажилтай хүн бий дээ. Өдөр, шөнөгүй л элдэв ажил хийгээд л нааш цааш гүйгээд байна. Орой болохоор эхнэр бид хоёр унтуулах гээд бүх гэрлээ унтрааж, “шөнө болгоод”, дуугаа хураан суудаг юм. Охиноо унтуулах гэж байгаа байдал нь тэр.
-Охид аавтайгаа илүү дотно байдаг. Танай ажилсаг охин бас тийм үү? -Тийм шүү. Өглөө дагаад л сүйд болдог.
-Таны ярилцлага сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн байх нь ховор. Та яагаад сэтгүүлчдээс тэгж их дөлдөг юм бэ? -Ярих зүйл байхгүй болохоор ярилцлага өгөхөөс цааргалдаг юм. Хийсэн ажилтай, ярих зүйлтай бол гуйлгахгүй, харин ч өөрөө ярилцлага аваач гээд гуйгаад очно. Хэнд ч хэрэггүй ярилцлага нийтлүүлж, сонины хуудас бөглөхийг хүсдэггүй. Хэдийгээр би мундаг амьтан биш ч ярилцлага минь уншигчдад нэг ч гэсэн зүйлээр өгөөжтэй наалдацтай байгаасай л гэж боддог юм.
-Таныг тэр бүр ярилцлага өгдөггүй болохоор Хангэрэл гэдэг ямар хүн бэ гэдгийг уншигчид төдийлэн мэддэггүй. Та өөрийгөө нэг тодорхойлооч. -Би олиггүй хүн. (инээв) Би өөрийгөө яаж дүгнэх вэ дээ. Чамтай ярилцаад суухад ямар хүн болох нь зах зухаасаа мэдрэгдэж байгаа биз дээ.
Би завгүй байх дуртай. Өдөржин хийх юмгүй суувал тэр хамгийн аймшигтай зүйл гэж боддог хүн. Тиймээс залуусыгаа ч өөртөө зорилго тавин цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөсэй гэж боддог. Энэ долоо хоногт би ийм зүйл хийх ёстой гэж өөртөө зорилт тавин өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хүн бүр л дор бүрнээ хичээгээд байвал улс хөгжиж, хөгжингүй орнуудтай зэрэгцэхэд хэцүү зүйл байхгүй. Манай хамтлагийнхан анх байгуулагдчихаад ямар ч хийх ажил байхгүй байсан ч бүжгийн бэлтгэл зарлан гишүүдээ цуглуулж, өөрсдөдөө ажил нэмдэг байлаа. “Номин талст” гэхээр Батсүх, Хаянаа, Дээгий, Хаазаа дөрвөөр төсөөлж болохгүй л дээ. Бид чинь бүжигчидтэй, эмэгтэй гишүүдтэй, биднээс гадна хоёр ч дуучинтай байсан. Зайлшгүй шалтгааны улмаас дөрвүүлээ болсон хэрэг.
-Хамтлагтаа та ямар ажлыг хариуцан хийдэг байв? -Тоглолт, цомгийн ажил ундармагц л хуваарилчихдаг байсан. Тиймээс янз бүрийн л ажил хийдэг байлаа. Би өөрийгөө аливаа ажлыг хагас сар хийгээд л сурчихдаг, эв дүйтэй хүн гэж үнэлээд байдаг юм.
-Коктейль хийсэн ч номыг нь уншаад, шашин шүтэхдээ ч судалгаа хийгээд л… Та аливааг их судалж, цааш нь ухах дуртай хүн юм аа даа? -Тийм байж мэднэ.
-Багадаа хэр дүрсгүй байсан бэ? -Дүрсгүй хүүхэд байсан. Элдэв зүйл ургуулан бодчихоод түүнийгээ заавал биелүүлж байж санаа амарна. Үр дагаврыг нь ер нь анзаарахгүй. Тэгээд л багш нартаа загнуулна.
-Хичээлийн эрхлэгчийн өрөөнд дуудагдаж байв уу? -Олон дуудагдаж байсан. Сургуулиас хөөнө гэж айлгадаг байсан шүү дээ, намайг.

Ярилцаж суух зуур Хаазааг их сониуч, аливааг ажиглах дуртай хүн юм гэж дүгнэмээр санагдлаа. Тэр цонхоор ширтэн, гудамжаар алхах хүмүүсийг ажиглаж, хажуугийн ширээнд суух залуусын ярианд ч чих тавина. Гэхдээ түүний эл зан, бусдад сайн сайхныг хүссэнийх гээд хэлчихвэл өрөөсгөл болохгүй болов уу. Түүний хамгийн их санаа зовдог асуудал нь өдрөөс өдөрт холдож, хөндийрч байгаа хүмүүсийн харилцаа. Энэ талаар “Хүмүүс энгийн харилцаанд хүртэл ашиг хонжоо хардаг болж. Хэдхэн жилийн дараа бид өнөө маргаашийн талхны мөнгөнд санаа зовохгүй, материаллаг хэрэгцээгээ хангачихаж сурна. Тэр цагт хүнд харилцаа гэдэг ямар чухал зүйл гэдгийг ухаарах боловч алдаагаа засах аргагүй болчихсон байх вий дээ” хэмээн халаглаж суусан. Элдэв маяг, хуурамч төрхгүй, энгийн нэгэн залуутай ярилцсан минь энэ.

1 comment:

  1. Haazaa ahiig neeree sn meddeggui yum bn. Gehdee ih taalagddag. Engiin baihdaa l surteishdee =D Haazaa ahiin ajild n amjilt husie

    ReplyDelete