Wednesday, March 9, 2011

А.ОРХОНТУУЛ: Энэ бол цаашдаа ихийг хийж бүтээх үүрэг оноосон шагнал

Монголын кино ертөнцөд шинэ үе хүч түрэн орж ирж буйн тод жишээ нь энэ сарын 3-нд УДЭТ-т болж өндөрлөсөн дөрөв дэх удаагийн “Улаанбаатар” кино наадам. Тус наадмын онцлох үйлд явдлаар Г.Отгонцэцэг, Ч.Ундрал нарын өрсөлдсөн “Шилдэг эмэгтэй дүр” төрөлд 15 настай охин түрүүлж, “Хангарьд” цом өвөртлөн гэртээ харьсан явдал.
Жүжигчдээс багагүй ур чадвар шаарддаг сэтгэл зүйн драмын бүтээл болох “Орхидос” хэмээх хоёр ангит киноны гол дүрд тоглож, үзэгчдийн сэтгэлд хойд эхдээ ад үзэгдэн, амьдралын хүнд хэцүүг амсаж байгаа Золжаргал гэх охины дүрийг бүтээж чадсан А.Орхонтуулыг “Залуус” буландаа урилаа.
Уулзах цаг товлохоор утас цохих бүрт хичээл, дугуйлан гээд цаг зав багатай байгаагаа дуулгах түүний үдийн цайны цагаас хумслан ярилцлагаа хичээлийн танхимд нь авахаар тохирлоо. А.Орхонтуул “Олонлог” сургуулийн аравдугаар ангид сурдаг бөгөөд сургуулийнх нь хаалгыг татмагц “Нийслэлийн 2009 оны, улсын 2010 оны тэргүүний сурагч А.Орхонтуулдаа “Academy awards” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэнд нь баяр хүргэе” гэх томоос том самбар өөрийн эрхгүй нүдэнд тусах эж.



-Юуны өмнө “Academy awards” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Нэрийг тань дуудах үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-“Academy awards”-т нэр дэвшсэнийг найруулагч Б.Ганболд ах утасдаж дуулгаж, шагнал гардуулах ёслолд ээжтэйгээ очсон юм. Мундаг жүжигчидтэй өрсөлдөж байгаа, тэгээд ч нас бага болохоор ээж бид хоёрын хэн нь ч түрүүлнэ гэж огт бодолгүй очсон. ““Орхидос” киноны гол дүрд тоглосон Орхонтуул” хэмээн нэр дуудахад нь чихэндээ ч итгээгүй. Тухайн үед шоконд орчихсон. Тайзан дээр гартал ардын жүжигчин Г.Мягмарнаран ах тэвэрч угтахад нь өөрийн эрхгүй нулимс асгаруулсан. Тийм том тайзан дээр, мундаг жүжигчнээс тэр том шагналыг авна гэдэг үнэхээр сайхан юм билээ.
-Шагнал гэдэг асар өндөр хариуцлагыг араасаа дагуулдаг. Одоо мэдээж олон арван зорилго өөртөө тавьчихсан байгаа байх, тийм үү?
-Мэдээж энэ бол цаашдаа ихийг хийж бүтээх үүрэг оноосон шагнал. Наадмын хүлээн авалтын үеэр шүүгчид ч “Чамайг цаашдаа Монголын кино урлагт их зүйл хийгээрэй гэж л энэ шагналыг өгсөн. Хичээлдээ ч шамдаж, кинондоо ч тоглон аль алиныг нь амжуулаарай” гэж хэлсэн. Надад ийм их итгэл хүлээлгэсэн ах эгч нарынхаа хэлсэн зөвлөгөөг дагаж, хойшдоо зөвхөн Монголын кино урлагт биш, дэлхийн хэмжээнд өрсөлдөх жүжигчин болохыг хүсдэг.
-Шагнал авахаасаа өмнө мэргэжлээ сонгочихсон байсан уу?
-Тийм ээ. Би Хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаад долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван ч кинонд тоглож жүжигчний мэргэжлийн жаргал, зовлонг жоохон ч гэсэн амслаа. Тэр бүхэн надад их сайхан санагдсан учир мэргэжлээ шагнал авахаасаа ч өмнө сонгочихсон байсан.
-Үүнээс өмнө дэлгэцийн бүтээлд тоглож байсан байх нь ээ?
-“Зүүдэн бошоо” хэмээх хүүхдийн кинонд туслах дүрд, “Нар ойрхон жаргадаг” киноны гол дүрд тоглож байсан.
-Хэрхэн “Орхидос” кинонд тоглохоор болсон юм бэ?
-Би хичээлийнхээ хажуугаар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг юм. Найруулагчид голчлон манай дугуйлангийнхнаас сурталчилгаа, клип, кинонд тоглуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулж авдаг. Тэгээд л “Хамба фильм” студийн найруулагч Б.Ганболд ах намайг шалгаж авсан.
Зохиолыг нь уншихад “Тоглоход их хэцүү кино байна даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Сэтгэл зүйн драмын төрлийн кино учир жүжигчнээс багагүй ур чадвар шаардахаас гадна агуулга, утга санааны хувьд ч их гүн гүнзгий. Түүнчлэн миний дүр яриа багатай, зөвхөн нүүрний хувирал, жүжиглэлтээр бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнийг нь илэрхийлэх байсан учир эхэндээ тоглож чадах болов уу гэж эмээж байсан.
-Яагаад заавал драмын дугуйланг сонгосон бэ?
-Драмын дугуйланд орсон түүх минь их сонин юм билээ. Шагнал авсны дараахан л ээж маань ярьж өгсөн. Манай ээж ОХУ-д мэргэжил эзэмшсэн юм. Тухайн үедээ сургуулийнхаа урлагийн зөвлөлийн дарга байж л дээ. Урлагийн зөвлөлийн дарга учир нэгэн арга хэмжээний үеэр үг хэлүүлэхээр сонгосон байж. Гэтэл ээж индэрийн ард гармагцаа ичээд олигтой ярьж чадаагүй гэсэн. Тэр өөрт нь их хүндээр туссан юм болов уу. Намайг өөрийгөө зөв илэрхийлж, хүнтэй зөв харилцаж сураасай гэсэндээ драмын дугуйланд анх оруулсан гэдэг. Жүжигчин болно, шагнал авна гэж огт бодоогүй гэдэг.
-“Нар ойрхон жаргадаг” кинонд ямар охины дүрд тоглосон бэ?
- Энэ кинонд бас л хөдөө хаягдсан өнчин атлаа их сэргэлэн цовоо эгчтэй охины дүрд тоглосон.
-“Орхидос”-т тоглосны дараа хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?
-Гудамжинд явж байхад “Өө энэ нөгөө “Орхидос” явж байна” гэж чанга ярьсаар зөрж өнгөрөх хүмүүс байхад “Гар чинь зүгээр үү”, “Чи сэтгэл судлаачид хандсан нь дээр юм биш үү” гэж хэлэх хүн ч таарч байсан. Хүмүүсийн хандлага бага зэрэг өөрчлөгдсөнөөс биш, миний амьдралд өөрчлөлт гараагүй. Орхонтуул хичээл, дугуйландаа явдгаараа яваад л байж байна.
-Бүтээсэн дүр чинь үзэгчдийн сэтгэлд хүрсэн болохоор л хүмүүс тэгж ярьж байгаа байх. Золжаргалын дүрд тоглоход бэрхшээлтэй зүйл хэр их байв?
-Хүмүүс ихэвчлэн “Хүнд загнуулж, зодуулж байгаа хэсэгт тоглоход их хэцүү байсан уу” гэж асуудаг юм. Надад бол Золжаргал гэдэг охины дүрийг гаргах нь хамгийн хүнд санагдсан.
Мөн хоёрдугаар ангид би 14 настай атлаа 18 настай эмэгтэйн дүрд тоглоход их хэцүү байсан. Уг нь хоёрдугаар ангид өөр хүн тоглуулахаар төлөвлөж байсан юм билээ. Нас бие гүйцэж байгаа эмэгтэйн дүрд тоглохын тулд гадаад төрх төдийгүй хоолойн өнгө өөрчлөгдөж, харцаа хүртэл тогтвортой болгох гээд бүх зүйлээ анхаарах хэрэгтэй болсон. Тэр тал дээр найруулагч маань нэлээн зөвлөж, тусалсан.
“Орхидос”-ын нэгдүгээр ангийн зургийг 2009 оны өвөл, харин хоёрдугаар ангийнхийг нь тэр зун нь авсан юм. Хэдийгээр бусад кинонуудтай харьцуулахад зураг авах хугацаа богинохон байсан боловч тэр үед үнэхээр л Золжаргалтай адилхан хүнд хэцүү амьдралтай, өнчин охин болчихсон юм шиг санагддаг байлаа.
Тоглосон дүр маань үзэгчдэд хүрсэн нь зөвхөн миний гавьяа биш. С.Болд-Эрдэнэ ах, Г.Отгонцэцэг эгч хоёр тэгж сайн жүжиглээгүй бол би ч бас хиймэл, хуурмаг л тоглох байсан. Хүн аливаад хариу үйлдэл үзүүлдэг гэдэг. Би ч бас Отгонцэцэг эгч намайг ч итгэтэл сайн жүжиглэсэн учир нь би хариуд нь тэгж гомдож, өсөрхсөн охины дүрд тоглож чадсан байх.
Бас найруулагчийн зөвлөгөө ч их тус болсон. Ганболд ах намайг зураг авахуулаагүй явж байх үед ч инээхийг хориглодог байсан.
-Яагаад?
-Золжаргалын амьдралаар хэсэг ч гэсэн амьдруулж, дүрдээ улам гүнзгийн ороосой гэсэндээ тэр. Намайг инээх бүрт уурлаж, “Битгий инээ. Чи одоо Орхонтуул биш Золжаргал. Энэ хугацаанд Золжаргалын амьдралаар амьдар” гэдэг байж билээ. Тийм болохоор зураг авалтын үеэр сэтгэл зүйн хувьд дарамттай хэцүү байсан.
-Хоёр ангийн зураг авалт хэр удаан үргэлжилсэн юм бэ?
-Нэгдүгээр ангийн зургийг Түнхэл тосгонд 16 хоног, хоёрдугаар ангийн зургийг 12 хоног Улаанбаатар хотод авахуулсан.
-Золжаргал Орхонтуул хоёр зан араншингийн хувьд хэр ялгаатай вэ?
-Кино гарсны дараа үзэгчид намайг Золжаргал шиг дуу цөөтэй, бодлогоширсон охин гэж боддог болсон юм шиг байна билээ. Үнэндээ бид хоёр тэс өөр хүмүүс. Орхонтуулын дотроо Золжаргал гэх ээж аавдаа зодуулдаг, хойт эхдээ гадуурхагдсан атал хэнд ч хар муу санаж, өсөрхдөггүй, ээж, аавтайгаа хамт элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдрахсан гэсэн хүсэл мөрөөдөл тээж яваа нэг охиныг бий болгосон юм. Бидний хоорондын ялгаа гэвэл Золжаргал их тэвчээртэй, тэсвэр хатуужилтай охин. Золжаргалын дүрд тоглож байхад “Би л түүний оронд байсан бол аавдаа, үгүй бол өөр хэн нэгэнд хэрхэн зовж зүдэрч байгаагаа хэлэх байсан” гэх бодол цөөнгүй төрдөг байлаа. Харин тэр хэнд ч энэ тухайгаа хэлэлгүй, зовлон шаналлаа зөвхөн дотроо тээж явсан.
-Утсаар ярих бүрт хичээлтэй эсвэл дугуйландаа байна гэж байсан. Сурагч Орхонтуул ачаалал ихтэй байдаг юм аа даа?
-Тийм ээ. Үдээс өмнө хичээлдээ сууж, үдээс хойш драм, морин хуурын дугуйландаа явдаг. Бас манай сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болохоор даваа, пүрэв гаригт математикийн хичээлийн давтлагатай байдаг гээд ачаалал ихтэй. Гэхдээ ачаалал их байх тусам их зүйлийг амжуулж, ажлаа зохицуулж сурдаг. Завтай байвал хүн дээшээ хараад зүгээр суугаад л байдаг. Харин ажил ихтэй байх тусам өдрийн хуваариа зөв гаргаж, ажлаа амжуулж сурдаг юм билээ. Одоо бол ийм ачаалалтай байдалдаа дасчихсан.
Үеийнхнийгээ ч бас өөрсдийн сонирхсон чиглэлээ хөгжүүлж, цаг заваа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлж байгаасай гэж хүсдэг. Зөвхөн урлаг ч биш, математик, гадаад хэл, спорт гээд өөрийн аль дуртай чиглэлээрээ гүнзгий суралцаж болно шүү дээ.
-Морин хуур, драмын дугуйланд зэрэг суралцдгаас чинь харвал цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө юунд авьяас чадвартайг мэдэхийг хүсдэг хүн шиг санагдлаа.
-Би угаасаа ардын хөгжимд их дуртай. Түүнээс биш юм юм руу үсчин, алийг нь ч гүйцэт суралгүй орхихыг хүсдэггүй. Морин хуурыг 2010 оноос сурч эхэлсэн. Одоо Хүүхдийн ордны Энхтуяа багштай “Аялгуу” хамтлагт хуур тоглодог. “Аялгуу” хамтлагт байх хугацаандаа цөөнгүй олон улсын урлагийн наадамд оролцсон шүү. Анх Тяньжинд болсон олон улсын хүүхдийн наадамд оролцсон. Түүний дараа ОХУ-ын Екатеринбург хотноо болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадмаас гран при шагнал хүртсэн. Саяхан бас хамтлагийнхантайгаа хамт Япон улсад тоглоод ирсэн.

No comments:

Post a Comment