Tuesday, April 19, 2011

Ева Лонгория: Миний хамгийн чухал брэнд бол хайр



“Яахаас ч буцахгүй эзэгтэй” Еваг Лонгорияг кино сонирхогчид төдийгүй спортын хорхойтнууд ч андахгүй. Сагсан бөмбөгч Тони Паркертай дотносон, 2007 оны долдугаар сарын 7-нд шоу бизнесийн ертөнцийн хамгийн сүр дуулиантай хурим хийсэн учраас тэр. Өнгөрөгч долоо хоногт гэр бүлээ цуцлуулж, шар хэвлэлүүдэд түүний тухай мэдээлэл багагүй хэвлэгдэх болсон. Тиймээс хатагтай Лонгория хувийн амьдрал болон сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сониноо дуулгахаар “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ.

-Ева Лонгориягийн тухай тайлбар хийх нь илүүц биз. Хэрэв та түүний тухай сонин хэвлэл, зурагтын нэвтрүүлгүүдээс хангалттай мэдээлэл гэж бодож байгаа бол түр азнаарай. Бид таныг гайхашруулах олон арван нууцыг дэлгэх болно. -Сэтгэл зүрхэндээ юу тээж явдаг болон Ева Лонгория гэгч үнэндээ ямар хүн болохыг энэ ярилцлагаас мэдэх болно.
Пирс, та энэ ярилцлагыг шимтэн үзэхүйц болно гэдэгт надаас ч илүү итгэлтэй байгаа байх аа?
-Бид өнөөдөр шоубизнес болон улс төр болон түүний хайр дурлал, хувийн амьдралын тухай ярилцах юм. -Магадгүй нэг цаг бидэнд хангалтгүй байх.
-Тантай ярилцахын өмнө өөрийн чадах хэрээр Ева Лонгорияг тодорхойлохыг оролдлоо. Гэтэл сайн продюссер, жүжигчин, найруулагч, бизнес эрхлэгч, загвар өмсөгч гэх дүр зураг бууж байна. Та хувийн зоогийн газар, шөнийн цэнгээний газартай, бас улс төрд сонирхолтой, нигүүлсэнгүй нэгэн. Тэгээд л эцэст нь бурхан минь түүний авьяас гэж шавхагдашгүй юм аа хэмээн дуу алдсан. -Тийм ээ, яг тан шиг жагсаалт гаргавал миний цөөнгүй зүйл хийдэг болохыг анзаарах болно.
-Гэхдээ пасспорт дээр чинь таны мэргэжлийг хэрхэн бичсэн байдаг вэ? -Мэдээж жүжигчин.
-Амралт бол агуу үйлсийг бүтээхэд нөлөөлөх чухал зүйл. -Гэхдээ миний хувьд бол амралт гэдэг сонирхон дурладаг зүйлээ хийх явдал.
-Өнгөрсөн хугацаанд юу таны завийг ийм хүчтэй түрж байв аа? -Сургууль маань. Одоогоор би магистрийн зэрэг хамгаалахаар сурч байгаа. Сурахын сайхныг илүү их мэдэрч байгаа болохоор арай залуу байхдаа сурсан ч болоосой гэж бодогдох болсон. Хүн нас ахих тусам мэдлэг, боловсролын үнэ цэнийг мэдрэх юм. Сониуч зан маань ч үүнд түлхэц болж байна.
-Та ямар мэргэжлээр сурч байна вэ? -Чикано судлал болон улс төр судлаач.
-Чикано судлал гэдэг нь юу гэсэн үг вэ? -Америк, Мексикийн улс төр, түүхийн тухай судалдаг.
-Тэгэхээр Испани хэл сурах шаардлага гарч байна уу? -Тийм ээ. Үүнээс өмнө бас франц хэл сурсан.
-Шал дэмий зүйлд цаг гарздаж байгаа юм шиг санагдахгүй байна уу? -Үгүй дээ. Гадаад хэл сурна гэдэг их чухал зүйл. Миний бодлоор АНУ бол даяаршлыг дэмжиж буй цорын ганц улс. Тиймээс энэ орны иргэд олон хэл сурсан байх хэрэгтэй биз дээ.
-Та цагаачлалын тухай ямар бодолтой байдаг вэ? -Энэ их том асуудал л даа. Хангалттай мэдлэг мэдээлэлгүйгээс болоод хүмүүс энэ асуудалд хэт өрөөсгөл хандах гээд байдаг. Латин Америкчуудыг гэхэд л зөвхөн мексикчүүдээр төлөөлүүлж, Мексик гаралтай хүн бүр хууль бусаар цагаачилж ирсэн гэсэн ойлголттой байх жишээтэй. Гэтэл үнэндээ бодит байдал үүнээс тэс өөр шүү дээ. Хэн ч хууль бусаар цагаачлахыг хүсдэггүй.
-Та Холливудын бусад жүжигчнээс их өөр. Дийлэнх жүжигчин өөрсдийнхөө рейтингийг өсгөх гэж л хүмүүнлэгийн ажилд оролцдог. -Хүмүүнлэгийн ажилд оролцох, нийгэмд идэвхтэй байх эсвэл нигүүлсэнгүй байх гэдэг хоорондоо тэс өөр зүйлс. Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл сонирхол бий. Тиймээс би өөрийгөө дөвийлгөх ч юм уу, бусдын хийж буй ажлыг дорд үзэхийг хүсэхгүй байна.
-Суусан сандал нь тухгүй байна хэмээн гомдоллож байсан хүнийг би л хувьдаа мэдэхгүй юм. -Яагаад гэдгийг нь та мэдэх үү? Үнэндээ би юм бүхэнд гомдол гаргадаг ямбатай хүн биш. Энэ сандал дээр суухаар заавал нуруугаа цэх болгон суух хэрэгтэй болчихоод байна. Харин би бөгтийж суугаад тантай тухтай, илэн далангуй ярилцмаар байна.
-Та яг л Опрагийн жижиг хувилбар шиг харагдаж байна. -Тийм үү. Үнэндээ би түүнийг биширч, үлгэр дууриал болгодог. Тиймээс ч түүний хийсэн бүхнийг нь дагахыг хичээдэг. Би өөрийн продакшнтай, буяны үйлс хийдэг. Бас өөрийн нэрийн үнэртэй ус, хоолны жор бүхий ном гаргасныг та мэдэх байх. Энэ мэтчилэн маш олон зүйлийг би түүнээс суралцсан. Гэхдээ түүний хийсэн зүйлсээс надад юу нь илүү таалагддаг гээч. Түүний брэндүүд.
-Тэр брэндийн тухай хэнээс ч илүү мэдэх байх. -Тийм шүү.
-Опрагийн брэндүүдийг хүн бүр мэднэ. Харин Ева ямар брэндтэй вэ? -Магадгүй Опрагийнхтай адилхан байх. Хэдийгээр би өөрийн нэрийн үнэртэй ус гаргаж, зоогийн газар, шөнийн цэнгээний газар ажиллуулдаг ч Опрагийн адил миний хамгийн чухал брэнд бол хайр. Мэдээж бас шударга ёс, итгэл найдвар, хүсэл сонирхол.
Би өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээр энэ бүхнийг илэрхийлэхийг л чухалчилдаг. Продюсерлэж, найруулсан кинондоо, эсвэл хийсэн хоол, тоглосон дүрдээ ч энэ үзлээ нэвт шингээхийг хичээдэг.
-Та аливаа асуудлыг бөөрөнхийлж тойруулах дургүй нэгэн юм шиг ээ. -Тийм ээ. Би элдэв замбараагүй асуудалд дургүй нэгэн.
-Тийм байна. Та аливаа асуудлыг шулуухан хэлчихдэг, харцаараа л өөрийгөө илэрхийлчих юм. -Яг үнэн.
-Сэтгэл хөдлөлөө ч ний нуугүй илэрхийлэх юм. Хүмүүс тэр бүр тан шиг байж чаддаггүй. -Дийлэнх хүн аливаа асуудлыг шулуухан ярьж, сэтгэл хөдлөл, бодол санаагаа шууд илэрхийлж чаддаггүй. Харин би ийм байдлыг үзэн яддаг. Зөөлөн гар атган мэндчилдэг хүмүүст би дургүй. Муухан гар барихаас илүү таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйл гэж үгүй.
-Хэн танд үүнийг сургасан юм бэ? -Гэр бүлийнхэн маань. Хүүхнүүдийн ертөнцөд өсөж хүмүүжсэн гэдгийг минь та мэдэх байх. Би есөн авга эгчтэй. Бас эгч дүү дөрвүүлээ.
-Тэд бүгд их тэсвэр тэвчээртэй, төмөр шиг л хатуу бүсгүйчүүд байх, тийм үү? -Тийм ээ. Тэсвэр тэвчээртэй, чанга хүүхнүүд бий. Би ахлах сургуулиа төгсчихөөд коллежид сураагүй. Хэдийгээр маш их хүсэж байсан боловч коллежид орж чадаагүй. Гэхдээ гэртээ байхдаа их зүйлийг сурч мэдсэн. Аав минь их чанга, хатуу хүн. Харин ээж минь өрөвч, зөөлөн нэгэн.
-Танд алдар хүндтэй байх таалагддаг уу? -Сайхан асуулт байна. Алдар нэр надад ажлаа сайн хийх боломж олгодог. Ялангуяа нийгмийн ажил хийхэд энэ зүйл их тус болдог шүү. Үүний ачаар олон мянган хүн миний дуу хоолойг сонсож, ажилд минь анхаарал хандуулдаг.
-Өөрийнхөө тухай мэдээллийг шар хэвлэлээс уншихад ямар сэтгэгдэл төрдөг вэ? -Хөгжилтэй санагддаг.
-Шар сонинд арав, хорь дахин гарсан мэдээлэл үнэн хэрэгтээ ор үндэсгүй худал гүтгэлэг байх нь ч бий. -Тийм шүү. Би өмнө нь их нээлттэй, илэн далангуй ярилцлага өгдөг байсан. Хувийн араншин минь болохоор тэр. Гэрлэлт, хайр дурлалын асуудал гээд бшх зүйлээ дэлгэдэг байсан. Харин худал мэдээлэл нийтлэгдэх болсон нь намайг улам нууцлаг, хаалттай хүн болгож хувиргасан. Магадгүй шоу бизнесийн ертөнц дэх хүн бүр тэгж өөрчлөгддөг байх.
-Та Тони Паркерийг амьдралыг хамт туулах цорын ганц хүн гэж итгэж байсан шиг санагдсан. -Тийм ээ, би итгэж байсан. Гэрлэлт гэдэг ариун нандин зүйл. Ялангуяа манай гэр бүлийнхэн гэрлэлтийг их үнэ цэнэтэй гэж үзэж, ач холбогдол өгдөг. Биднийг хүмүүжүүлэхдээ салалт бол сонголт биш гэж заадаг байсан. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулахаас өмнө “Хэрвээ салахаас аргагүй болвол эхлээд түүнийг ална” гэж хошигнодог байлаа.
Гэхдээ хайр сэтгэлийн харилцааг хатуу чанд барьж, хянаж болдоггүй юм байна. Олон хүн түүнийг үзэж ядаж, амьдралыг нь сүйтгээсэй гэж хүсдэг байсан. Харин би үүнийг хүсээгүй. Би түүнд зөвхөн сайн сайхныг л хүсэж байсан. Хайр сэтгэл минь хөрөөгүй байсан болохоор тэр. Түүнийг хайрлахад, түүнтэй гэрлэхэд, долоон жил хамт байхад шалтгаан байсан. Тэр шалтгаан үгүй болоогүй тул би түүнийг үзэн ядахыг урьтал болгоогүй.
-Энэ бүхэн дуусахад танд ямар сэтгэгдэл төрж байв? -Сэтгэл өвдсөн. (уйлав) Би анх удаагаа олон нийтэл энэ тухай ярьж байгаа болохоор биеэ барьж чадахгүй байна. Уучлаарай.
Үүнээс хойш хатагтай Паркер гэж дуудуулахгүй болсондоо зүрх минь их шаналж байсан. Түүнгүйгээр би хэн юм бэ гэсэн бодол толгой ээрч байлаа.

No comments:

Post a Comment