А.Ганчимэг гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Зулаа гэвэл хүмүүс түүнийг андахгүй. Өнгөрөгч хавар СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч түүний тоглосон цөөнгүй үзэгчдийн хүртээл болоод амжсан. Кино урлагт шинэ үе хүч түрэн гарч ирж байгааг баталсан залуусын давалгаанд уухай нэмэх УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг шинэ зууны Жульеттагаар сонгогдоод байгаа билээ.
Уулзах цаг товлохоор утас цохих бүрт тэр дуугаа намсган шивнэж “Би завгүй байна аа” гэнэ. Жүжгийн бэлтгэл, киноны зураг авахуулаад завгүй байгаа нь тэр. Маргааш нээлтээ хийх “Домогт Ану хатан” жүжгийн олны хэсэгт тоглож байгаа түүнтэй завсарлагааных нь үеэр уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо дуулгаач.
-Хоёр ч киноны зураг авахуулаад саяхан дууслаа. Нэг нь “Wizard” продакшны “Нэг хоёрын гурав аа” нэртэй инээдмийн кино, нөгөө нь “Рашаантын 18” нэртэй бүтээл. Тун удахгүй нээлтээ хийх болов уу.
-Бас “Домогт Ану хатан” маргааш нээлтээ хийх гэж байгаа болохоор нэлээд завгүй байгаа байх нь ээ. Энэ бүхнийг яаж амжуулж байна даа?
-Залуу байхдаа л их зүйл хийж амжуулахгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй шүү дээ. Хийх юмгүй гиюүрч явсанаас ачаалал ихтэй байх нь надад илүү сайхан байдаг. Хүн ачаалал ихтэй байх тусам ажлаа илүү амжуулдаг гэдэг шүү дээ.
-Ер нь Ганчимэгийн нэг өдрийн ажил хэд хүртэл үргэлжилдэг вэ?
-“Нэг хоёрын гурав аа” киноны үеэр бол өдөр нь ажлаа хийчихээд, шөнө нь киноны зургаа авахуулдаг байсан. Гэхдээ хэдэн өдөр нойргүй явахаар сүүлдээ бүр нойр хүрэхээ больчихдог юм шиг байна лээ. Зураг авахуулж байх үеэр нүдний ханиад нэлээд тархсан байсан. Нойргүй хонож байсны дээр нүдний ханиад тусчихаад нүд улайгаад хавдчихсан байсан ч хүйтэн усаар шавшчихаад л шөнөжин зургаа авахуулна. Унтах ч завгүй ажилласан хийх юмгүй сууснаас тэр нь илүү амттай байсан. Тухайн үед юу ч хийгээгүй зүгээр суусан бол эргээд дурсах юу ч үлдэхгүй шүү дээ. Хэдий ядарч, нойр алдсан ч эргээд санахад дурсамж, хийж бүтээсэн зүйлсээр дүүрэн, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлсэн гэж бодохоор сэтгэлд илүү өег байдаг.
-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүр л драмын театрт орохыг хүсдэг. Урлагийнхан “Ариун сүм” хэмээн хүндэтгэдэг энэ байгууллагын босгыг өндөр гэдэг. Харин Ганчимэг сургууль төгсмөгцөө орчихсоныг бодоход ахмадууд ирээдүйтэй жүжигчин гэж дүгнэсэн байх нь ээ?
-Драмын урлагийн алдартнууд бүгд л энэ театраар дамжиж, хоёр дахь гэрээ болгосон байдаг. Тиймээс ч жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүр энэ ариун сүмийн босгоор алхахыг хүсдэг байх. Драмын театрын үндсэн жүжигчин болохын тулд хоёр ч шалгалт өгдөг. Эхний шалгалтад тэнцсэн хүмүүс жил сонсогч жүжигчнээр ажиллаад, дахин шалгалт өгөөд тэнцвэл үндсэн жүжигчин болдог журамтай. Тиймээс босгыг нь өндөр гэдэг болов уу. Миний хувьд одоохондоо сонсогч жүжигчнээр ажиллаж байгаа тул урлагийн ариун сүмийн босгыг давж амжаагүй л байна. Ирэх сард дараагийн шалгалтаа өгөх байх.
-Одоохондоо түүнийг сайн мэдэхгүй л байна. Өөрийнхөө дүрийг хальсанд мөнхлөх хамгийн том боломж бол дэлгэцийн бүтээл гэж бодогддог. Харин тайзны урлаг бол хэдэн арван кинонд тоглосноос илүү нэр хүндтэй болов уу.
-Ганчимэгийн ойрын зорилт, хэтийн зорилгыг сонирхвол…
-Хүн бүрт олон арван зорилго, хүсэл мөрөөдөл байдаг. Би ч бас их олон зүйлийг мөрөөдөж, түүнийгээ хэтийн зорилго болгосон. Харин ойрын зорилтын гэвэл театрынхаа хоёр дахь шалгалтад тэнцэж, үндсэн жүжигчин болохыг л хичээж, өөрийгөө дайчлан ажиллаж байна.
-Тоглосон дүрүүдээс үзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн нь аль нь вэ?
-“Хэцүү анги” киноны Зулаа л байх. Гадуур явж байхад хүмүүс “Зулаа явж байна. Билгүүн хааччихсан юм бэ” гэж их асуудаг.
-Зулаа Ганчимэг хоёрт ижил төстэй зан араншин бий юү?
-Ер нь бид хоёр их олон талаараа адилхан.
-Зулаа бол илэн далангуй, шулуун, нүүрэмгий охин. Ганчимэг ч бас тийм гэсэн үг үү?
-Үе үехэн ямар ч бодлогогүй худал хэлчихдгээс бусдаараа бол адилхан байх шүү. Магадгүй Зулаа намайг бодвол арай л нүүрэмгий охин байх.
-Олны танил болохын хэрээр элдэв цуу үг, худал яриа их гардаг. Ганчимэг энэ бүхэнд хэрхэн ханддаг вэ?
-Анх өөрийнхөө тухай элдэв цуу яриа сонсоод их гомдож байсан. Одоо ч гэсэн “Яагаад намайг ингэж хэлж байгаа юм бол” гэх бодол төрөхүйц зүйлс хүмүүс бичсэн л байдаг. Ер нь би бусдын алдаа дутагдал, өө сэвийг биш амжилт, давуу талыг нь урьтаж харахыг хичээдэг. Хүмүүсийг ч бас тийм байгаасай, хөдөлмөрлөж, ихийг хийж бүтээх гэж зүтгэж байгаа нэгэндээ дэм болж, өөлж гоочилдоггүй байгаасай гэж боддог. Хэрэв өө дутагдал ажиглагдвал хов жив болгох биш өөрт нь хандаад хэлчихэж болно шүү дээ.
-Ганчимэг бусдын дутагдлыг шулуухан хэлж чаддаг уу?
-Хэлэх ёстой хүндээ бол хэлж чаддаг. Түүнээс биш надаас олон оймс элээж, туршлага суусан нэгэнд би дутагдлыг нь хэлэх утгагүй шүү дээ. Тэгэх эрх ч надад байхгүй.
-Өнөөгийн залуусын талаарх бодол хоёр хуваагдаад байх шиг. Нэг хэсэг нь юм уншдаггүй, хэт их зугаа цэнгэл хөөсөн гэж буруутгадаг бол зарим нь боловсролтой, мэдлэгтэй болсон гэдэг. Ганчимэг харин энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Би үеийнхээ залуусыг өмөөрөх дуртай. Юм бүхэнд залуусыг буруутгадаг үзэл байсаар л байна. Мэдээж зугаа цэнгэл хөөсөн, идэвх, санаачлагагүй залуус бий л дээ. Гэхдээ тэднээс илүүтэй боловсрол, мэдлэгтэй, эх орондоо ихийг хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй залуус олон болсон байна. Хориод жилийн өмнө гэхэд л гуравдагч оронд гарч мэргэжил эзэмшдэг, эзэмшихийг хүсдэг залуус өнөөдрийнх шиг ийм олон байгаагүй. Нөхцөл боломж хомс байсан байж болох л доо. Гэхдээ өнөөдөр дунд сургуулийн сурагчид ч хөгжингүй орнуудад мэргэжил эзэмшиж, түүнийхээ үр шимийг эх орондоо гаргахсан гэж ярьдаг, хүсдэг болсон байна. Тэгэхээр Монголын залуус хөгжөөд, дэвшээд л байна гэж би хувьдаа боддог.
Их хотын завгүй амьдралын хэмнэл түүний ярианы өнгөнд ч нөлөөлчихсөн гэмээр. Зогсолт, сул үггүй түүний сэтгэлийн үгс ар араасаа ундарна. Товчхон бөгөөд тодорхой. Ачаалал ихтэй, бага цагт ихийг амжуулагчдын нийтлэг дүр төрх шингэсэн бүсгүйтэй уулзсан минь энэ.
Сайхан ярилцлага болсон байна.
ReplyDelete