Sunday, April 10, 2011

Жанет Жексон: Үнэндээ би дуучин болохыг огт хүсээгүй


Барууны шоу бизнес тэр дундаа поп хөгжмийн ертөнцөд 25 жилийн турш үнэ цэнээ алдахгүй яваа уран бүтээлч бол Жанет Жескон. “Forbes” сэтгүүлийн судалгаагаар шоу бизнесийн ертөнцөийн хамгийн баян бүсгүйчүүдийн нэгээр тодорч байсан тэрбээр хувийн амьдрал, сүүлийн үеийн уран бүтээл, дотоод ертөнцийнхөө нууцыг дэлгэхээр Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ.
-Беверли Хиллсээс “Piers Morgan Tonight” нэвтрүүлгээ хүргэхэд бэлэн болоод байна. Энэ бол дэлхийн хамгийн сэтгэл булаам газар. Харин би хамгийн сэтгэл булаам хүмүүсийн нэгтэй уулзах гэж байна. Тэр хэдийнэ 100 сая гаруй хувь цомог борлуулж, тоглолт, тоглосон киноных нь тасалбар түүнээс ч олон тоогоор зарагдаж байсан нэгэн. -Сайн байна уу, Пирс? Тантай танилцахыг тэсэж ядан хүлээж байлаа.
-Дэлхийн хамгийн нэр хүндтэй гэр бүлээс гаралтай тэрбээр хувийн амьдрал болон уран бүтээлийнх нь тухай юу хүссэнээ асуух эрхийг надад олгосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх танд ямар санагддаг вэ? -Би ярилцлага өгөх дуртай хүмүүсийн нэг биш л дээ.
-Яагаад? -Би илэн далангуй хүн биш. Хэн нэгэнтэй ярилцах шаардлага гарвал би сонсохын илүүд үздэг. Тухайн хүнд юу тохиолдсон бэ гэдгийг үг дуугүй сонсох нь надад илүү таалагддаг юм.
-Та энэ тухайгаа номондоо дурдсан байсан. Би таныг ямар нууцлаг хүн болохыг номноос тань олж мэдсэн. -Тэгж хэлэхийг тань сонсоход их хөгжилтэй байна шүү. Учир нь хүмүүс бүгд л тэгж хэлдэг юм. Ялангуяа “Velvet Rope” цомгоо гаргасны дараа хүн бүр тэгж ярих болсон. Гэхдээ би номондоо зүгээр л өөрийн амьдралын туршлага, туулж өнгөрүүлсэн бүхнээ бичсэн. Энэ нь надад огт өөр ертөнцөд алхам хийх боломж олгосон.
-Номыг тань уншиж суухад таны дотор огт өөр хоёр ертөнц оршдог юм шиг санагдсан. Нэг нь тайзнаа гялалзсан, авьяаслаг уран бүтээлч байхад нөгөө нь бүрэг, ичимхий, дуу цөөтэй, ганцаардмал Жанет хэмээх залуухан хатагтай. Өнөөдөр хэн нь надтай уулзаж байна вэ? -Мэдэхгүй юм даа. Магадгүй хоёулаа таны өмнө зэрэгцэн сууж байгаа болов уу.
-Тэгэхээр таны дотор хоёр хүн байдаг байх нь ээ? -Тийм ээ. Миний бодлоор хүн бүр л дотоод ертөнцдөө тэс өөр хоёр хүнийг агуудж байдаг. Би үүнийг “Velvet Rope” цомогтоо өгүүлэхийг хичээсэн. Бидний дотор нэгэн зэрэг тэс өөр араншин оршиж байдаг. Харин бид ямар нөхцөлд, хэнтэй уулзаж байгаагаас шалтгаалан тэднийхээ алийг нь ил гаргахаа сонгодог.
-Та их хачирхалтай амьдралтай хүн. Таныг төрмөгц л алдар нэр дагаж, ямар ч сонголт үлдээгүй гэдэг. Бүр гурав дөрөвхөн настай байхдаа тайзнаа гарсан байсан. Хэрэв танд сонголт байсан бол хэний ч мэдэхгүй Жанет болж, энгийн амьдралаар амьдрах байсан уу? -Би амьдралдаа хоёр л зүйлийг маш их хүсэж ирсэн. Нэг нь тав зургаан настай байхаасаа уралдааны морь унадаг хүн болох.
-Тийм гэж үү? -Тийм шүү. Би тоглоогүй байна. Би таван настай байхдаа морь унаж сурсан. Тэр цагаас л уралдааны морь унадаг хүн болохыг хүсэх болсон. 14 настай байхдаа анхны гэрээгээ байгуулсан юм. Үнэндээ би дуучин болохыг огт хүсэхгүй байлаа. Түүний оронд сургуульд сурч, бизнесийн хуульч мэргэжил эзэмшихийг, тэгээд түүнийхээ зэрэгцээ жүжигчин болохыг хүсдэг байлаа.
-Тэгэхээр та гэр бүлийнхнийхээ сонголтоор дуучин болсон байх нь ээ. Энэ бол танай гэр бүлийн бизнес байсан учраас… -Үүнийг аав минь хүсэж байсан юм. Гэхдээ л би түүнд их баярлаж, талархдаг.
-Та бусад хүмүүс шиг энгийн амьдралаар амьдарч чадаагүйдээ харамсаж байсан уу. Хэрэв танд боломж олдвол нэр хүндтэй байхаас татгалзах уу? -Би энэ тухай огт бодож байсангүй. Мэдээж надад “Намайг хэн ч таньдаггүй байсан бол” гэж бодогдох үе байсан л даа. Гэхдээ би энгийн байж чадаагүйдээ их харамсдаг гэж хэлж чадахгүй. Учир нь би тэр энгийн амьдрал үнэндээ ямар жаргал, зовлон дагуулдгийг мэдэхгүй шүү дээ. Үзэж хараагүй, туулаагүй амьдралаа үгүйлнэ гэдэг утгагүй хэрэг. Ах дүү нар минь бүгд алдар хүндтэй байхад би өөрийгөө камерын өмнө ч гарч үзээгүй байхыг зөвшөөрөхгүй. Би бүр жаахн охин байхаасаа л гэр бүлийнхээ асуудалд бүхий л анхаарлаа хандуулж ирсэн.
-Амьдралынхаа ихэнх хугацааг энгийнээр өнгөрүүлэх боломжгүй байна гэдэг их хэцүү. Жирийн хүмүүс үүнийг тэр бүр ойлгодоггүй гэсэн. Тэд шилэн хорго дахь алтан загасны зовлонг ойлгохгүй. Гэтэл танайхан гэр бүлээрээ ийм зовлон эдэлж ирсэн. -Гэхдээ миний хувьд бол энэ энгийн амьдрал шиг болтлоо дасал болчихсон. Намайг хоёр настай байхад ах нар маань хэдийнэ нэр гарчихсан байсан нь намайг энэ бүхэнтэй багаасаа дасан зохицоход хүргэсэн. Харин ч би өөрийгөө азтай хүн гэж боддог. Эцсийн эцэст энэ их алдар нэрийн ачаар л өнөөдрийн сайн муу, сайхан муухай бүрдсэн Жанет гэдэг бие хүн бий болсон шүү дээ.
-Таны бөгж нүдэнд их туслаа. Гавлын хэлбэртэй юм. -Надад гавал таалагддаг.
-Тийм гэж үү? -Их чамин харагддаг юм.
-Таны цуглуулганд жинхэнэ гавал байгаа юм биш биз? -Үгүй дээ.
-Та номондоо цөөнгүй удаа хоол хүнсний асуудлыг хөндсөн байсан. -Би бүр жаахан байхаасаа эл асуудалтай тэмцэж ирсэн болохоор тэр.
-Таныг хоол хүнсний асуудал зовоодог гэхэд итгэмээргүй юм. Мансууруулах бодисноос ч татгалзаж, ямар их сэтгэлийн тэнхээтэй хүн болохоо харуулсан биз дээ. -Гэхдээ хоолгүйгээр амьдрах аргагүй шүү дээ.
-Тэр ч тийм шүү. Хоол хүнсийг бид өдөр тутам хэрэглэдэг. Хүн бүр л амьдрахын төлөө иддэг. -Тиймээс би хоол хүнснээс бүр татгалзах аргагүй. Амттан, дуртай хоолноосоо би татгалзаж огт чаддаггүй нэгэн. Одоо ч тэр зангаа тавьж чадахгүй л байна. Харин энэ зан биеийн галбираа барихад хамгийн аюултай дайсан болдог гэдгийг та мэдэх байх. Тиймээс би ямар үед дуртай хоол хүнсээ идэж, өөрийгөө зовоохгүйгээр биеийн галбираа хадгалахад суралцсан.
-Опра бухимдсан үедээ хоолны дэглэм барьж чаддаггүй гэсэн. Харин та яадаг вэ? -Бухимдсан үедээ дуртай хоол зүйлсээ идэх ямар сайхан гээч.
-Яг юу идвэл уур гардаг юм бэ? -Юу ч байж болно. Шарсан төмс, пицца гээд өөрийн хүссэн зүйлээ л… Харин би чихрээр бүрсэн алим идэх дуртай.
-Бүрсэн алим ч сайхан шүү. -Гол нь аливаа зүйлийн жин банг тааруулах хэрэгтэй. Зөв хооллоно гэдэг их чухал. Гэхдээ түүнийхээ хажуугаар зүй зохистойгоор дуртай зүйлсээ идэж яагаад болохгүй гэж. Би одоо ч бзрсэн алимаа идсээр л байгаа.
-Гэхдээ та хоол хүнсээ хянаж чадахаа больсон үеэ амьдралынхаа хамгийн аймшигтай нь гэж тодорхойлсон байсан. Та өөрийгөө үзэн ядаж, сэтгэлээр унан хямарч эхэлсэн гэсэн байсан. Юу таныг өөрийгөө хянаж чадахаа больж гэж дүгнэхэд хүргэсэн юм бэ? -Толинд харах үед л би биш, огт өөр хэн нэгэн өөдөөс минь хараад зогсож байх шиг болдог. Тэр үед л би өөрийгөө ч хянах чадваргүй идэж байгаагаа ойлгодог. Гэнэтийн энэ ухаарал намайг сэтгэлийн хямралд оруулж байсан хэрэг. Гэхдээ одоо бол энэ бүхэнд хэрхэн хандахаа мэддэг болсон.

No comments:

Post a Comment