Sunday, April 24, 2011
Ферги: Миний дотоод ертөнцөд юунд ч үл няцах агуу хүч оршдог
Гоо сайхан, хувцасны загвар, зөвлөгөө, оддын нууцыг бүсгүйчүүдэд дэлгэдэг “Glamour” сэтгүүл жил бүр оны шилдэг бүсгүйчүүдийг тодруулдаг. Өнгөрөгч оны шилдэг бүсгүйчүүдийн нэгээр “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги тодорсон. Түүний Грэммигээс авсан шагналууд, шинэ цомог, өөрийн нэрийн үнэртэн худалдаанд гаргасан зэрэг нь Холливудын нэгдүгээр ангиллын жүжигчин Жулия Робертс, загвар зохион бүтээгч Донателла Версачи, Йорданы хатан хаан Раниа нартай зэрэгцэн шилдгүүдийн жагсаалтад багтахад нөлөөлсөн гэнэ. Калифорнийн бүсгүйн дотоод ертөнц рүү өнгийхөөр тус сэтгүүлийн сурвалжлагч Кэти Курик ярилцсаныг орчуулан хүргэе.
Та Фергигийн шүтэн бишрэгчдийн нэг юм биш биз. Би ч бас түүнийг хүндэлдэг. Караокед түүний “I Gotta Feeling” дууг нь дуулахад охин минь өөрийн эрхгүй бодогддог юм. Тэр аравхан настай атлаа Фергигээр бараг “өвчилсөн”. Гэхдээ яагаад болохгүй гэж. Цээлхэн хоолойтой атал хамтлагийнхаа гоцлол дуучин болохын төлөө огт тэмцэлддэггүй чанар, ДОХ болон хавдрын эсрэг хүмүүнлэгийн аяны эн тэргүүнд зогсдог нь хүүхдүүдэд үлгэр дуурайл болох учраас тэр. Өнгөрөгч онд хамтлагаараа “Грэмми”-ийн наадмаас зургаан ч шагнал хүртэж, өөрийн нэрийн үнэртнийг худалдаанд гарган, жүжигчин Жорж Дюхамелтэй гэрлэсэн гээд Фергигийн ажил, амьдрал амжилтаар дүүрэн байсан.
-26 долоо хоногийн турш шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж, зургаан “Грэмми” өвөртөлж, аялан тоглолт хийгээд л хамтлагийнхан тань уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Шагнал гардах үед ямар сэтгэгдэл төрж байв? -Яг одоо өмнөөс тань хараад сууж байгаа шиг л хүлээж авсан. Би угаасаа амархан баярлаж догдолдог хүн биш л дээ. Аав ээж хоёр минь бас хойт аав маань тайзан дээр гарах үедээ биеэ барихыг Жош бид хоёрын хэн хэнд нь их захисан юм. Яг шагнал гардах үед тэд ирж чадаагүй л дээ. Тайзан дээр гараад шагнал авах үед “Энэ бүхнийг би л хийсэн” гэж цээжээ дэлдэх хүсэл сонирхол огт төрдөггүй юм билээ. Би их сэтгэл хөдлөл багатай хүн.
-Чухам юунаас болоод сэтгэл хөдлөл багатай хүн болон төлөвшсөн юм бол? -Гэр бүлийн хүмүүжлээс. Гэхдээ би эрс өөрчлөлт хийх бодолтой байгаа. Саяхан хувцасны шүүгээгээ цэвэрлэлээ. Гэтэл бүр зургадугаар ангид байхдаа өмсөж байсан цамц ч байж л байх юм. Их өвөрмөц хүн байгаа биз. Тэгээд “Би яагаад одоо болтол үүнийг хадгалж байгаа юм бол?” гэсэн асуултыг өөртөө тавьсан. Энэ тухайгаа сэтгэл зүйчтэйгээ ярилцаад өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Бага байхад ээж минь миний хувцаснуудыг сүмд хандивладаг байсан юм. Тиймээс олон жилийн өмнөх хувцсаа ч хадгалах зуршил тогтчихож.
-Шоу бизнесийн ертөнц хоёрдмол шинжтэй гэдэг. Нэг нь тухайн тойрогт орсон хэн бүхнийг сэтгэлийн дарамтад оруулж чаддаг байдал. Уран бүтээл нь амжилт олохгүй бол бүр ч хүнд тусдаг гэдэг. Харин та энэ бүхнийг хэрхэн даван туулж байна вэ? -Азаар би бүр жаахан охин байхаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг байсан. Тиймээс сэтгэл гонсойж, урам хугарсан ч би зорилгоосоо буцаж, шантардаггүй. Миний дотоод ертөнцөд юунд ч үл няцах агуу хүч оршдог. Би бол амьдрал, хүсэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч.
-Аяллыг адал явдалтай байх тусам амттай болдог гэж үздэг цөөнгүй хүн бий. Та тэдний нэг мөн үү? -Эргэлзээгүй мөн. Аав минь намайг бүр жаахан байхаас “Амжилт бол аялал” гэж сургадаг байлаа. Харин энэ сургаал нь аялан тоглолтын үеэр ядарч, тамирдсан үед хүч сэлбэдэг байсан.
-Гэхдээ таныг бие муутай гэж сонссон. Гэсэн атал хэрхэн энэ бүхнийг амжуулсан юм бэ? -Зогсолтгүй ажиллаад л…
-Би тоглоогүй байна аа. -Би зүрх муутай, бас биеийн дархлаа их сул. Тиймээс өдөр бүр иог хийдэг. Бас явган аялах дуртай. Аялан тоглолтынхоо үеэр ч би дасгалжуулагчтайгаа хамт явдаг. Үүнийг би өөрийнхөө төлөө хөрөнгө оруулж, өөрийгөө хайрлаж байгаа явдал хэмээн хүмүүст тайлбарладаг юм.
-Аав, ээж хоёр тань багш байх аа. Харин та их сайн сурлагатай оюутан байсан гэдэг. Тэдний мэргэжил танд нөлөөлсөн үү? -Бүр их нөлөөлсөн. Боловсрол гэдэг манай гэр бүлийн хувьд тун чухал зүйл. Би бүр хоёр настай байхдаа л уншиж сурсан. Ээж минь намайг жоохон байхад дэргэдээ суулгачихаад хамт ном уншдаг байлаа.
-Та бас хүүхэд байхдаа л шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Гэхдээ тэдний олонх нь онохоосоо илүүтэй алддаг. Харин гэрийнхэн тань таныг хэрхэн жолооддог байв? -Юуны өмнө гэрийнхэн маань миний хөдөлмөрлөж олсон мөнгөнд огт гар хүрдэггүй байсан. Намайг мөнгөө дэмий зүйлд үрж, буруу зам руу орох вий гэхээсээ итүүтэй тэд надад итгэдэг байсан нь намайг зөв зүгт жолоодох түлхүүр болсон.
Нэг удаа би ээжтэйгээ хамт дэлгүүр хэсэж байлаа л даа. Нэлээд үнэтэй, тансаг хэрэглээний зүйлс зардаг дэлгүүрт ороод хүрэм авах гэтэл “Сүмд хувцсаа хандивладаг жаахан охин минь ийм том болчихсон юм уу” гэж билээ. Тэр үг надад их том сургамж болсон. Хэрхэн энэрэнгүй, өгөөмөр байхыг би ээжээсээ сурсан.
-Биеийн галбирын тухай ярилцъя л даа. Би саяхан нэг аймшигтай тоо баримт сонссон. Эмэгтэйчүүдийн ердөө л хоёр хувь нь гадаад байдалдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. -Биеийн галбир, царай зүсээ голох гэдэг асуудал бараг л энгийн үзэгдэл болж. Их гунигтай байдал шүү. Өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй бүсгүйчүүддээ “Та энэ хорвоо дээр ганцаараа биш шүү” гэж хэлье. Хэрэв та зөв сонголт хийж чадвал өөрийнхөө сайн сайхан, давуу талыг өдрөөс өдөрт илүү мэдрэх болно.
-Нөхрийн тань тухай асуумаар санагдлаа. Та хоёр гэрлээд хоёр жил гаруй болж байна. Эхэндээ хэвлэлийнхэн та хоёрын тухай үнэн, худал мэдээлэл их бичдэг байсныг би тод санаж байна. Энэ үеийг хэрхэн даван туулав даа? -Бид хүмүүсийн бодож байгаагаас ч илүү бат бөх хайр сэтгэлийн харилцаатай гэдгээ сайн мэддэг байсан. Бусдын хазгай гишгэхийг хүлээж байдаг ертөнцөд бид амьдардаг. Энэ бол шоу бизнесийн ертөнцийн нэг тал. Би хэвлэлийнхний анхаарлыг татах дуртай. Заримдаа огт нүүрээ будалгүй гудамжаар явган алхдаг. Явган аялал хийх дуртай ч нөгөө талаас папараццичдын анхаарлыг татах нь бизнест ч тус дөхөм болдог.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment